Thursday, January 20, 2011

УЛС ТӨРИЙН АНТРОПОЛОГИ

Улс төрийн антропологи гэдэг нь нийгмийн бүтэцээр дамжуулан улс төрийн системыг сонирхон судлахыг хэлнэ. Энгийн үгээр бол нийгмийн улс төрийн харилцааны хамгийн бичил, хүний нүдэнд тэр бүр өртдөггүй харилцаа, бүтцийг судлах гэсэн санаа юм. Тэгвэл энэ хүний нүдэнд өртдөггүй харилцаа гэж юу вэ. Хүмүүсийн бодлоор улс төр гэдэг нь төр иргэний хоорондын харилцаа, захирах захирагдах байдлаас өгсүүлээд Оюу толгойн гэрээ, шинэ ерөнхий сайд, Барак Обама гэх мэт зүйлс байдаг. Улс төрийн шинжлэх ухаан ч энэ бүх томоохон харилцааг судалж дүн шинжилгээ хийж байдаг юм болов уу. Үнэхээр ч улс төр гэдэг нь хэн нэгэн, өөр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар захирах болон захирагдах харилцаанд орж байгааг хэлж байдаг. Тэгвэл хүмүүс зөвхөн улсынхаа ерөнхийлөгч, ерөнхий сайдад захирагдаад байдаг бус цаашлаад аав ээж, байгууллагын захирал, ахмад настан гээд алхам тутамдаа хэн нэгэн хүнийг өөрөөсөө дээгүүр тавьж хүндэлж “захирагдаж” байх хэрэг гардаг. Гэтэл дээр хэлсэн ерөнхийлөгч, ерөнхий сайд гэх мэт хүний нүдэнд ил томоохон асуудлын гадна талд жирийн цагдаа, “Өргөө” орчмоор гар дээрээс бараа зардаг хүн хоёрын хоорондох улс төрийн харилцаа, аль нэг албан байгууллагын цэвэрлэгч, түүний цэвэрлэсэн шалан дээгүүр алхагч хүн хоёрын хоорондох улс төрийн харилцаа орхигдоод байдаг нь нууц биш юм. Улс төрийн антропологи яг л ийм “орхигдсон, хүний нүдэнд ил бус” асуудлуудыг судлахыг зорьдог билээ.
Улс төрийн антропологийн олонд танигдан хөгжиж болсон үе нь 1940-1950-аад он бөгөөд Радклифф-Брауны хувьсалын болон түүхчлэх онолын эсрэг хүчтэй дэлгэрүүлж байсан Английн функционалист сургуультай холбоотой. Арга зүйн хувьд нэлээд эмпирик баримт материал дээр суурьлаж байсан нь тэр үеийн Африк дэх Европчуудын колонийг судалж байснаас нь харагддаг. Энэ мэт сонирхолтой судалгаа, санааны дотор Э.Причард, М.Фортес нарын хамтран найруулсан Африкийн улс төрийн тогтолцоо (African Political System) бүтээл нэлээд сонирхол татахуйц байжээ. Тэд улс төрийн бүтэц болон түүний гадаад дотоод хүчин зүйлсээс болсон өөрчлөлт, зөрчил мөргөлдөөнийг голчлон сонирхож байсан бол Макс Глүкманы бий болгосон “Манчестерийн дэг сургууль” нь дээрхийн эсрэг нийгмийн үйл явц, систем дээр нь суурьласан бүтцийн задлан шинжилгээ буюу тэдний харьцангуй тогтвортой байдлыг судлахыг зорьж байлаа. Гэхдээ тэрээр зөрчил нь зайлшгүй байдаг, улмаар нийгмийн болон улс төрийн дэг журмыг бий болгодог гэж үзэж байсан болно.
1960-аад оноос улс төрийн антропологийн судалгаанд “үйл явцын хандлага” гэсэн чиг хүчтэй болж төлөөлөгчийн үүргийг чухалчлах болов. Энэ үед дэлхий дахинд колонийн систем задарч байсан тул антропологичид тэр нөхцөл байдалд ажиллах шаардлага гарч ирсэн байна. Магадгүй энэ үеийн Францын онолын сургуулийн нөлөөгөөр судлаачид Марксист хандлага, арга зүйд автаж аливаа үзэгдэлийг түүхчлэх, үйл явцыг чухалчлах хандлагтай болсон байна.
ТӨРГҮЙ АНТРОПОЛОГИОС ТӨРТЭЙ АНТРОПОЛОГИ
Ерөнхийдөө 1860-1960-аад оныг хүртлэх зуун жилд антропологичид эгэл нийгмүүдийг судлан улс төргүй, улмаар төр байхгүй нийгмүүд гэж тодорхойлж байсан байдаг. Энэ нь нэг талаар судлаачид Европын юм уу эсвэл өөрсдийн ойлгодог төрийн хэмжүүрээр тэдгээр нийгмүүдийг хэмжиж байсантай нэлээд холбогддог. Гэтэл 1960-аад оноос антропологичид илүү няхуур судалгаа хийх болж гэнэтийн гэмээр “нээлт” хийсэн нь төргүй гээд байгаа нийгмүүд чинь төртэй юм байна буюу тэд чинь бидний, барууныханы мэддэггүй өөрийн гэсэн зохион байгуулалт, өөр дэг журамтай улс төрийн тогтолцоотой юм байна гэсэн санаа байлаа. 1970-аад оноос антропологийн шинжилгээнд шинэ үе гарсан гэж болно. Энэ үеийн судлаачид зөвхөн Европын бус соёлуудыг судалж байсан уламжлалыг өөрчлөн, олон соёлуудыг харьцуулан судлах болсон аж. Тухайлбал Өмнөд Европын тосгод болон арлууд, өөр нийтлэгүүдийг судлан нэлээд нээлттэй шүүмжлэл өрнүүлэх болж улс төрийн болон нийгмийн шинжлэх ухаанаас өөрөөр эдийн засаг, улс төр төдийгүй нийгмийн бүтцийг дүрслэх болсон байна. Мэдээж энэ бүхний гол нуруу нь орон нутгийн үзэгдлийг нарийнвчлан тоочсон угсаатны зүй байсан билээ. Дээрх судалгаанууд нь ерөнхийдөө хоёр түвшинд хийгдэж байсан гэж болно. Нэгдүгээрт, антропологичид төрөөс зохицуулж байдаг хүрээний гадуурх улс төрийн бүтэц, улс төрийн үзэгдэлд анхаарч байв. Хоёрдугаарт, антропологичид улс төрийн байгууллагуудын албан болон албан бусын хоорондох харилцааг гол сурвалжаа болгож байсан юм. Үүний тодорхой бас алдартай жишээ бол К.Геерцийн Бали аралд хийсэн харьцуулсан судалгаа билээ.
1980-аад оноос улс төрийн антропологи угсаатны ухамсар, үндсэрхэг үзэлд хүчтэй анхаарах болсон. Өмнө нь анхааран судалж агсан ураг төрөл болон нийгмийн зохион байгуулалт дээрээ тулгуурлан “ижилсэл” болон “ижилсэлийн улс төрийг” сонирхон судлаж болсон нь энэ үеийн онцлог юм. Мөн төрөөс бий болгосон үндсэрхэг үзлийн хүрээ, соёлын ялгааны улс төрийн зохион байгуулалт дэх угсаатны ухамсар зэрэг нь нэлээд сонин сэдэв байжээ. Төр-үндэстэний хүрээнээс гадуур бий болдог соёл болон улс төрийн ижилсэл дээрхтэй мөн адил юм. Жишээ нь, олон улсын байгууллагуудын судалгаа болон хувцас, харилцааны дэг жаяг нь үүнд багтана. Нэлээд олон антропологичид аливаа нэг компанийн брюкрат бүтэц, бодлого боловсруулах үйл явцыг сонирхож байна. Хөгжлийн антропологичид сүүлийн арван жилд улс орон шиг улс төрийн тоглогчтой болсон засгийн газрын байгууллагууд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон бизнес корпорацийг судлан анализ хийх болжээ. Тэд мөн орон нутгийн соёл болон хөгжлийн байгууллагуудын хоорондын харилцааг хүртэл судлан үзсэн байдаг аж.
Энэ мэтээс гадна өөр олон судалгааны чиг хандлага улс төрийн антрополит байна. Тухайлбал, пост-колонизм, пост-коммунизм, жендер, олон соёлын уулзвар, шилжих хөдөлгөөн даяарчлалын нөлөө гэх мэт. Мэдээж энэ бүхэнд улс төрийн өргөн хүрээ, тодорхой жишээ баримт багтаж байдаг нь ойлгомжтой.

Wednesday, January 12, 2011

Jonathan Watts in Ogoomor, Oct 2007 The Guardian


Хэдэн жилийн өмнө Британийн Гардиан сонин дээр гарч байсан мэдээллийг орчуулсан байснаа блог дээрээ байршуулъя гэж бодлоо. Зохиогчийн зөвшөөрөл энэ тэрийг нь аваагүй тул хулгай ч болсон байж магадгүйг бас хэлэх хэрэгтэй.

Энхмаа бол дух нь гэмтсэн сэтгэлийн хөдөлгөөн багатай, хууль бусаар алт олборлогч дунд эргэм насны ээж, тэрээр яагаад ногоон хуванцар түмпэнтэй гадуур явахаасаа айдаг талаараа тайлбарлаж байна. Гурван өдрийн өмнө түүнийг гадаад эзэдтэй уурхайтай хэтэрхий ойрхон тэнэж явсан хэмээн Монголын цагдаа нар баривчлан, зодон шоронд хийсэн аж. Тэр хэлэхдээ “цагдаа нар миний араас машинаар хөөж барьж аван машин луугаа чихэн, нүүр лүү минь цохиж, үснээс зулгааж бороохойгоороо хөл рүү цохисон” хэмээж байв.
Өгөөмөр энэ бол Энхмаагийн амьдардаг газар. Магадгүй энэ газар түмпэн хурааж авахын тулд цагдаа чамайг баривчлах, зодох дэлхий дээрх цорын ганц газар байх. Энэ бол нүүдэлчин уурхайчид болон гадаад эзэдтэй компани хоёрын хоорондох зөрчил хүний эрхийн ноцтой асуудал үүсгэж байгаа Монголын алтны халууралын гаж нөлөөтэй тал юм.
Өгөөмөр бол Монголын баруун хэсгийн тоос шороо эрчилсэн уурхайчид, нүүдэлчдийн хотхон. Тэнд майханууд, модон овоохойнууд, караоке дисконууд, интернет кафе, цагдаагийн саатуулах байр байдаг. Улаанбаатараас цөөхөн нүүдэлчин хонь ямаан сүргээ адгуулах өргөн тал дундуур долоон цаг машинаар явж тэнд хүрнэ. Орон нутгийнханы хэлж байгаагаар энд 20 жилийн өмнө ямар нэг хотхон байгаагүй аж. Саяханаас л ийм нэртэй болжээ. Эндэхийн ойролцоох толгодоос аварга том шижир алт олдсоноор энэ газар хэдэн мянган хууль ёсны болон хууль бус хайгуулчдыг өөртөө татах болсон байна.
Өгөөмөр орчимын газрыг одоо Монголын Эл Дорадо гэж нэрлэх болж. Энэ хотхон Заамарын хөндийд байрладаг. Геологийн үнэлгээгээр алтны нөөц нь 100 тонноос багагүй гэж тогтоогджээ. Өнөөгийн байдлаар нэг килограмм алтны үнэ 23 000 америк доллар (11,315 фаунд) байгаагаас бодож үзвэл энэ газарт 2,3 тэрбум доллар байгаа нь Монгол улсын өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч илүү гарах мөнгөн дүн юм. Оросын болон орон нутгийн компаниуд энэ хавийн уурхайн газрийг худалдан авч маш их дуу чимээтэй, голын ёроол цэвэрлэн алт ялгах төхөөрөмж ашиглан шороог шууд угааж аварга том хаягдал үүсгэж байна.
Саяханыг хүртэл Монголын олон мянган хууль бус алт ухагчид энэ мэт том машин төхөөрөмжийн үлдээсэн алттай шороог угааж байв. Тэд шавартай ногоон хуванцар түмпэнгээ ар нуруундаа хуяг мэт үүрч явна. Энэ байдал нь тэд нарыг Өсвөр насны мутант яст мэлхий хүүхэлдэйн киноны баатруудын нэрээр “нинжа” гэж хочлоход хүргэжээ.
Өмнө нь нүүдэлчин байсан маш олон хүмүүс, оюутнууд таксины жолоочид, тэр бүү хэл малын эмч хүртэл Улаанбаатараас нинжа болохоор Өгөөмөр гэлтгүй улс орон даяарх бусад алтны газар луу явдаг. Өнөөгийн байдлаар тэд нарын тоо 30 000-100 000 хүрээд байгаа аж. Энэ тоо нь Монгол Хятад хоёр улсын 3000 миль үргэлжилсэн урт хилийг дамнасан алт хулгайгаар хил давуулах маш том хар зах зээлийг бий болгож байгаа юм.
2,9 сая хүн амынх нь дөрөвний гурав нь өдөрт 2 доллараас бага орлоготой энэ улсад бичил уурхай ажилгүйдэл, ядууралыг шийдэх хамгийн хялбар зам байсан тул нинжа нарыг төр засаг нь өдий олон жил хүлээн зөвшөөрсөөр иржээ.
Гэвч өнгөрсөн жил Оросын нэгэн компанийн уурхайн талбай руу мянга мянган нинжа нар дайрч хамгаалагчдыг нь зодон, тоног төхөөрөмжийг нь эвдэн алтыг нь хулгайлсанаас хойш тус компани хамгаалалтын шинэ арга хэрэгсэл эрэлхийлэх болж өөрийн уурхайн сууринг тойруулан том суваг ухаж, цэрэг цагдаагийн хамгаалалтыг нэмэн байнгын бэлэн байдалд оруулан зам дээр шалгах цэг байгуулжээ.
Иргэдийг ч дур зоргоороо баривчлах болсон талаар орон нутгийн иргэд ярьж байлаа. “Бид байнгын айдас дунд амьдарч байна, бид ногоон түмпэн бариад гудмаар алхаж болохгүй тэгвэл баригдана, хэрвээ бохир хувцас, шавартай гуталтай байвал баригдаж, хоригдож ч мэднэ гэж энд таван жил амьдарсан Амаржаргал хэмээх эмэгтэй хэлж байлаа.
Өнгөрсөн жилээс орон нутгийханыг хөөж туух болжээ. Тэдний таамгаар бол орон нутгийн 3000 оршин суугчдын бараг 500 нь баригдаж, хоригдож байсан байна. “Хэн нэгэн нь баривчлагдаагүй гэр бүл олно гэвэл их л хэцүү дээ” гэж өөрийгөө Сүнжээ гэж танилцуулсан ахимаг эмэгтэй хэлэв (ихэнх Монголчууд нэг л нэртэй байдаг). “Цагдаа нар 16-аас бага 60-аас их настай хүмүүсийг ч барьдаг, нэгэн баригдсан эмэгтэй 66 настай байсан”.
Баригдсан хүмүүсийн зарим нь ном журмын дагуу овоолсон шороонууд дунд газар ухаж, голын усанд алт ялгадаг байна. Уг газар нь Оросын компанийн эзэмшил бөгөөд нинжа нар нууцаар нэвтрэн шороо хулгайлдаг ажээ. Цагдаагийн хөөж туух нь тус нутагт эмх замбраагүй байдлыг бий болгодог бөгөөд нутгийнханы хэлж байгаагаар иргэдийг шөнө орноос нь баривчилах, гудамжинд явж байхад хөөх, шалгах цэгийн хажуугаас барьж авдаг байна.
Өгөөмөрт ирсэн зочид гүн цочролд ордог. Монгол бол Төв Азийн хамгийн ардчилсан орон төдийгүй уламжлалт нүүдлийн соёлтой гэх мэтээс эрс өөр байдал энд байдаг. Эдгээр зочидынхоор бол Өгөөмөр нь дэлхийн анхдагч ухамсарын (original sense) цугларалт болсон хотхон юм. Энэ нутагт 20 гаруй удаа ирсэн геологич Робин Грэйсон “энэ бие даасан мэт хаалт хориг, орон нутгийн хүн амыг хянаж байгаа байдал нь Британийн Боярын дайнтай адил байна” хэмээн өгүүлэв.
Гэвч энэ бол эд баялгийн тэгш бус байдал болон хүний эрхийг зөрчиж байгаа талаарх хар цагаан түүхийн аль нь биш. Олонх нинжа нар өдрийн 10-20 долларын орлого олдог нь цэрэг цагдаагийн ажилчдынхаас ч их хэмжээтэй юм. Зарим нинжа бүр ч баян байдаг. Мөн хэн нэг нь олон арван мянган долларын том алт олсон талаарх яриа суурин даяар дүүрэн байдаг.
Оросын компани болох Алтан Дорнод Монголынхоны хэлж байгаагаар бол нинжа нарыг гэмт хэргийн эзэд зохион байгуулж, хянаж байдаг гэнэ. “Нинжа нар бол Монголын нийгмийн асуудал, тэдний сууринд баар, биеэ үнэлэгчид бүгд байгаа, хүүхдүүд алт ухаж байгаа нь үнэхээр аймшигтай. Бид хүний эрхийг зөрчихийг хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрийн уурхай, ажилчидаа хамгаалах ёстой” гэж төлөөлөгч эмэгтэй хэлж байв.
Орон нутгийн зодоон
Төлөөлөгч эмэгтэйн хэлж байгаагаар цагдаа нар шөнөөр орон нутгийн дэн буудлууд, зодоон хийсэн газруудыг шалгадаг байна. Гэхдээ эдгээр цагдаа нар нь уурхайн цагдаа биш аж. “Нинжа нар архи ууж, бидний нэрийг ашиглан муу зүйл хийдэг, энэ чинь хөдөө нутаг шүү дээ” хэмээв.
Хүний Эрх Хөгжлийн Төв хэмээх Монголын төрийн бус байгууллага цэрэг цагдаа ашиглан гадны компанийн сонирхолыг хамгаалж байгааг эсэргүүцэж байгаа юм. Тэд уг компани Өгөөмөрт хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй орон нутгийн хөгжилд ямарч нөлөө үзүүлдэггүй, байгаль орчин бохирдуулж, орон нутгийн иргэдийн амьжиргаанд муу нөлөө үзүүлж байна хэмээн бидэнд өгүүлэв.
Энэхүү мөргөлдөөн бол Азийн ядуу улсуудын нэгэнд өрнөж байгаа өөрчлөлтийн үр дүн юм. 800 жилийн тэртээ Чингис хаан болон Хубилай хааны арми Төв Ази, Ойрхи Дорнод даяар тэлсэн, Зүүн Европ орох бүх замыг хяналтандаа авсан эзэнт улсын байгуулсан билээ. Гэвч одоо хоёр хүчирхэг хөрш болон Орос, Хятадын сүүдэрт дарагдаад нүүдлийн соёл, 1 миль талбайд ноогдох 2 хүний тоогоороо энэ агуу, хоосон орон эмзэг харагдаж гадныханы шахалт дарамтанд байна.
Нинжа нар засгийн газраа өөрсдөөс нь илүү гадны хөрөнгө оруулагч нарт анхааралаа хандуулан ашигтай ихтэй тусгай зөвшөөрөлүүдийг өгч байна хэмээн гомдол мэдүүлдэг төдийгүй ерөнхий сайд М.Энхболдыг хатуу хяналт бий болгоход ихээхэн хүч тавьж байна хэмээн буруушааж байгаа аж.
Ц.Оюунгэрэл хэмээх ардчиллын дараах идэвхитэн хэлэхдээ өнгөрсөн жилийн хөөж туух ажиллагааны үеэр нэгэн ноорхой майханаас тусламж ирэн чарлаж байгаа дуу гарч байсан байна. Улаанбаатараас хол орон нутгийн маш олон хүмүүсийн эрх зөрчигдөж байна, Монгол улс эдийн засгаа хөгжүүлэх сонирхолоо орон нутгийн иргэдийн эрхээр сольж авах ёсгүй хэмээн АНУ-д боловсрол эзэмшсэн тэрээр мөн өгүүлж байв.
Монгол тэсэрч байна. Эрдэс баялгийн хэрэгцээ ялангуяа Хятадын эдийн засаг жилд бараг 7 хувь өсөж байгаа нь баярламаар үйл явц юм. Оюу толгойд Канадын Авэнхо удалгүй дэлхийд томоохонд тооцогдох алт зэсийн уурхай нээх гэж байгаа нь бараг 38 тэрбум доллар болж байгаа аж. Өмнөд говьд ч өөр олон уурхай нээгдэх болов уу. Энэ их баялаг аль хэдийн Улаанбаатарт илрэлээ олж байгаа нь тэнгэр лүү тэмүүлсэн өргөгч цамхагууд, зам түгжрээсэн том машинууд, Хилтон болон өөр таван одтой гурван ч зочид буудлын барилгаар тодорхой байгаа билээ.
Даяаршилийн нөлөөнд орсон хуучны коммунист хяналттай оронд энэ хурдан хөгжил хэр удах болоо. Хуучны Зөвлөлтын хөшөөнүүд капиталист соёлд зохицон дахин сэргээгдэж байгаа нь сонин. Лениний музей биллярдны заал болж, Сталины хөшөө шөнийн клубт бүжгийн шал чимж байх юм.
Гэвч энэхүү уул уурхайн тэсрэлт баялагийн хараалыг дагуулж магадгүй. Чулуунаас алтыг ялгаж авах нь маш олон гол мөрнийг бохирдуулж сүйрлийн үр дүн авчирдаг.
Үндэсний үзэлтэнүүд гудманд жагсаал цуглаан зохион байгуулж, засгийн газраа улс орноо гадны компаниудад зарж байна, улсын нийт газар нутгийн бараг 40 хувь буюу Францын нутаг дэвсгэрээс гурав дахин том хэмжээний талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж буруутгаж байна.
Дэлхийн банкны зовинол
Дэлхийн банк уул уурхайн орлого шударга бус хуваарьлагдах вий хэмээн айж байна. Суурин төлөөлөгч Аршад Саед хэлэхдээ хэтэрхий их экспортод найдсан бусад улсуудын алдааг давтах байдалд Монгол улс уул уурхайн тэсрэлтийн төгсгөлд хүрч болзошгүй байна. Өнөөгийн мөнгөний үнэ цэнэ, түүнийг дахин байршуулж байгаа байдал улс орны авилгал нь ихээхэн санаа зовоосон асуудал болоод байна.
Монгол аль хэдийн Африкийн замааар замначихаад байна. Бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад Монгол засаглалын ил тод байдал өндөртэй. Даанч Заамараас ирж буй мэдээлэл сэтгэл зовоож байгаа юм.
Нинжа нарын олонх нь Өгөөмөрийн хөөлгөнөөс зугтсаар байна. Цөөхөн нь тэр дундаа эмэгтэйчүүд үлдэж байна гэж болно. Тэд Оросын уурхайд хууль ёсоор ажилахыг гуйжээ. Даанч энэ боломжгүй зүйл юм. Тэд дахин ногоон түмпэнгээ ашиглахыг хүсэж байна.
“Өрх толгойлсон эмэгтэйчүүд энд их байна. Бид хаягдал шороо угааж алт хайж байгаа нь хүүхдүүдээ өсгөх л гэсэн санаа шүү дээ. Бид зүгээр л хүнд хэцүү нөхцөлд амьдрах гэж хичээж байна” хэмээн тав зургаан удаа баригдаж байсан Цэцэгээ хэллээ.

Monday, January 10, 2011

ХӨГЖЛИЙН АНТРОПОЛОГИ

Нийгэм-соёлын антропологиос урган гарсан олон салбар судалгаа байдаг. Тэдгээрийн нэг болох хөгжлийн антропологи нь ерөнхий антропологи болон өөр салбар ухаанууд болох хөгжлийн судалгаануудын зааг хил дээр ажиллаж, дүгнэлт гаргадаг гэж болно. Тэгвэл хөгжлийн судалгаа гэж юу вэ, энэ бол нийгмийн олон салбарт байх байгууллагууд, хувь хүмүүс, бусад институцийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх, цаашдын хөгжилд нь гарц шийдэл бий болгодог судалгаанууд байдаг. Харин бид ерөнхий антропологийн талаар бага зэрэг гадарлах болсон. Энэ хоёр ухааны хил зааг дээр хөгжлийн антропологи бий болж, судалгаагаа хийдэг гэхээр эл салбар ухаан нь олон улсын байгууллагууд, засгийн газрийн агентлагууд, хувийн компаниуд, бизнесийн бүлэглэлүүд гээд цаашаа улам урт хөвөрч болох нийгмийн хүрээнүүдийн ямар нэг үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж энэ нь зөв тэр нь алдаатай гэх мэт бодлогын зөвлөгөө хийдэг болж таарч байгаа юм. Мөн энд тодорхой нэг улс орон тэр дундаа хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудалууд ч орох нь ойлгомжтой гэдгийн ухаарч байгаа байх.

Энэ судалгаа антропологийн бүх зүйлийг бүхэллэг, цогц байдлаар хардаг чадвар болон хөгжлийн судалгаануудын дүн шинжилгээ, зөвлөх шинжийг өөртөө шингээсэн гэж болно. Энгийн үгээр бол ямар нэг асуудал байна. Түүнийг бүх талаас нь судаллаа, үр дүнг гаргалаа, эцэст нь тэр байдлаа ингэж засаж янзал, энэ байдлаа тэгж өөрчил гэсэн бодлогын зөвлөгөө өгнө гэсэн үг юм. Судалгааны объект нь дээр дурьдсан нийгмийн байгууламжуудаас гадна олон улсын болон өөр бусад байгууллагуудын хэрэгжүүлж байдаг төсөл хөтөлбөр, тусламж түүний хэрэгжилт, үр дүн төдийгүй бүхэл бүтэн улс орны хөгжлийн асуудал ч байж болно.

Зарим судаалчдын үздэгээр хөгжлийн антропологит ямар нэг зорилго, үзэл санаа тэр байтугай бүтэлгүйдэл ч байхгүй гэдэг. Учир нь эл судалгаа бодит судалгаа байдаг. Оршин байгаа бодит асуудлыг судалдаг, үр дүн нь гарч зөвлөмж хэлдэг, үйл ажиллагаа энэ хүрээд төгсдөг гэж болох үүднээс үүнийг хэлсэн байна. Гэтэл ерөнхий антропологи нь цуглуулсан мэдээ, этнографи дээрээ тулгуурлан хүмүүний амьдрал, соёл нийгмийн тайлбарласан онол бүтээхийг зорьж байдаг гэж энэ санаагаа улам тодотгосон байдаг. Бүр зарим судлаачид хөгжлийн антропологи бол антропологи биш гэж шууд үздэг. Тэдний хэлж байгаагаар бол антропологи анх үүсэн бий болохдоо төдийгүй одоо ч ямар нэг соёлыг аль болох хөндөж нөлөө үзүүлэхгүйгээр судлах гэж хичэж ирсэн байдаг бол хөгжлийн антропологи судалсан соёл, судлагдахуундаа тэр чинь зөв энэ чинь буруу гэх мэтээр зөвлөгөө өгч уг судлагдахуунаа өөрчлөн хувиргаж байдаг гэсэн байна. Тэгвэл энэ үзэл санааны эсрэг хөгжлийн антропологичид антропологийн бүтээсэн мэдлэгийг ямар нэгэн байдлаар ашиглаж, эргэлтэнд оруулж байх ёстой. Гэтэл антропологийн бүтээлүүд, мэдлэгүүд антропологийг сонирходог хүмүүсийн хүрээнд л эргэлдээд байна. Энэ мэдлэгийг бодит амьдралд ашиглах, хэрэглэх нь зүй ёсны хэрэг болоод байгаа төдийгүй энэ л үйлсэд хөгжлийн антропологи хувь нэмэрээ оруулах гэж байна хэмээн мэтгэдэг. Энэ утгаараа хөгжлийн антропологи бол антропологийн салшгүй нэг хэсэг хэмээн тэд баталдаг байна. Өөрөөр хэлбэл уламжлалт ч гэмээр юм уу эсвэл ерөнхий антропологичид антропологи бол цэвэр соёлыг тайлбарладаг ухаан болохоос биш түүнд ингэ тэг гэж заавар өгдөг ухаан биш гэж үзсээр байгаа бол хөгжлийн антропологичид тэр соёлуудыг тайлбарласан олон мэдлэгүүдийг амьдралд, ямар нэг асуудалд ашиглах хэрэгтэй байна гэж үзэж байгаа гэсэн үг.

Мөн хөгжлийн антропологит хамаарах нэг шүүмж бол хөгжлийн антропологи нь хөгжил нэрийн дор барууны амьдралын хэв маягийг хөгжиж буй орнуудад түгээж байна гэсэн санаа. Бүр зарим судлаачид энэ үйл явцыг нь шинэ колончлол гэж ёгөөдсөн байдаг. Тэдний үзэж байгаагаар бол соёл бүр өөр өөрийн хүрээндээ хамгийн төгс зөв шийдэл, хөгжлийн чиг хандлага байдаг. Харин хөгжлийн антропологичдын хувьд бол барууны бус, “хөгжөөгүй” соёлуудыг хурдан хөгжилд хүргэхийн тулж барууны ололттой арга загварыг шууд ашиглах хэрэгтэй болдог байна. Энгийн үгээр бол өнөөгийн манай Монголд тулгарсан асуудал гэсэн үг. Нэг хэсэг хүмүүс барууны шинж загварыг үгчлэн дуурайхыг хүсэж байхад нөгөө хэсэг нь уламжлалт соёлынхоо үнэ цэнийг алдахгүйг хичээж байгаатай адил.

Ямартаа ч хөгжлийн антропологи нь антропологийн олон арван жилийн хуримтлагдсан мэдлэг, мэдээллийг бодит амьдралд ашиглах гэсэн олон оролдлогуудын нэг төдийгүй сүүлийн үед ихээхэн хөгжиж буй салбар судалгаа болоод байна. Маш олон антропологичид ч энэхүү салбар судалгаанд сэтгэл татагдаж, асуудалд уг өнцөгөөс хандах болжээ. Мөн эл судалгаа бусад нийгмийн шинжлэх ухаануудын бодлогын судалгаатай өрсөлдөн, нэлээд том зах зээлийг эзлэх болоод байгаа юм.

Wednesday, January 5, 2011

ХЭРЭГЛЭЭНИЙ АНТРОПОЛОГИ

Хэрэглээний антропологи гэдэг нь практик асуудлуудыг шийдэхэд антропологийн онол, арга зүйг ашиглаж байгаа салбар юм. Мэдээж үүний тулд антропологийн уламжлалт салбарууд болох биологийн, соёлын, хэлний, археологийн гэх дэд судалгаануудын мэдлэг арга зүйг мөн ашиглахыг хичээж байдаг. Жишээлбэл, Уугуул америкчууд буюу индианчуудын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт, археологийн судалгаа тэдний өнөөгийн түүх, соёлын байдлыг тодорхойлоход угсаатны зүй хийх, оршин суугчдын хоорондох хэлийг сэргээхэд хэл шинжлэлийн, хүнс тэжээлийн дутагдалын шалтгааныг тодорхойлоход эмнэлэгийн болон биологийн антропологийн мэдлэг шаардлагатай болдог.
Ерөнхийдөө хэрэглээний антропологичид академик бус захиалагч, үйлчлүүлэгч нарт ажилладаг. Тэдний тоонд засгийн газрийнхан, хөгжлийн байгууллагууд, төрийн бус байгууллага, овог аймаг угсаатны холбоо, сонирхолын бүлгүүд, нийгмийн хмагаалал үйлчилгээ, боловсролын болон бизнесийн байгууллага гэх мэтийг оруулж болно. Угсаатны зүй болон оролцон ажиглах арга зүйг хэрэглээний антропологичид судалгаандаа хамгийн анхдагч хэрэгсэл болгон ашигладаг. Мөн тэд текстийн задлан шинжилгээ, судалгаа, болон бусад эмпирик арга зүйг ашиглан мэдээллээ боловсруулдаг.
Энэ байдал нь ч хэрэглээний антропологичдийг нийгэм соёлын антропологийн цэвэр академик хүрээнийхэнтэй маргаан өрнүүлэхэд хүргэдэг. Нэг нь хэрэглээний антропологичдийг антропологийн соёлыг хөндөхгүй байх зарчмаас урван, гажуу зүйл хийж байна гэдэг бол үүний эсрэг нөгөөх нь антропологийн мэдлэгийн амьдралд ашиглаж байна гэдэг. Мэдээж энэ маргаанд аль нэгийг нь зөв буруу гэж ялгахад төвөгтэй нь ойлгомжтой.
Хэрэглээний антропологичид өөрсдийн гэсэн “Хэрэглээний антропологичдийн нийгэмлэг”, “Хүмүүний зохион байгуулалт” гэсэн сэтгүүл, “Хэрэглээний антропологичдийн медальтай” аж.

Tuesday, January 4, 2011

ДӨРВӨД ДӨВЧИН, БАЯД БАЯНАА

Бараг гучаад алхмын цаанаас л “Бүжин туулай хярсан бутыг харахад нэг л зөөлөн байдаг... Бүүвэй аялсан бүсгүй хүний харц нь нэг л зөөлөн байдаг... Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...” гэсэн дуу чихэнд хадаж байлаа. Бөхийн өргөөний хажууханд байх Батбайгаль бэкэригийн өөдөөс харан сууж мөнгө гуйдаг нөгөө л хүүгийн дуулах дуу. Дороо цаас дэлгэн сууж, өмнөө жижигхэн дөрвөлжин хайрцаг тавьжээ. Надаас олон удаа 10 төгрөг гуйж байсан нөгөө л хүү. Энэ удаа яагаад ч юм би гуйлгалгүй мөнгө өгчихмөөр санагдлаа. Хармаанд байсан 500 төгрөгөө гарган сарвайтал “баярлалаа ахаа хайрцаг уруу хийчих ээ! гараараа авч болдоггүй юм” гэдэг байгаа. “Гуйлгачинд гараараа юм өгч болдоггүй! буянаа хамт өгчихдөг...” гэсэн яриа хөөрхий хүүгийн чихэнд бас хүрчихэж л дээ. Хаанаасаа, хэнээсээ сонсоо юм бол доо.
Баруун аймгуудаас хотод ирж сургууль соёлд сурсан хэдэн залуучууд байх. Тэр хэдэн залуу нийлээд нэг хурал хийсэн юм. Жангар тууль хэвлэгдсэний 100 жилийн ой билүү дээ. Тэгсэн тэр хурал дээр нь хүмүүс хоорондоо Дөрвөд Дөвчин, Баяд Баянаа, Торгууд Товуу... гээд л нэрээ хэлээд гар барилцаад байх юм гэнэ. Танилцаж байгаа нь тэр юм байх аа. Удам соёл, зан үйлээ дээдэлдэг сайхан л хүмүүс юм. Гэхдээ заавал ингэж дээдэлдэг нь хэр зохимжтой юм бол. Энэ байдал хэнд ашигтай хэнд хортой бол. Нийтийн унаад сууж яваад нэг ийм давлиун залуутай таарч байснаа гэнэт санав. “Баяд гэж мэдэх үү? Баядын хүүхдийн цус халуун ч билүү, цөс нь өтгөн ч билүү! нэг юм хэлээд саагаж байсныг санаад, эргэцүүлээд, гайхав. Дөрвөдүүд мундаг, Баядууд лаг, үгүй Халхууд аймаар... цаашаа Монголчууд тэнгэрийн тамгатай дийлдэхгүй сүрхий улс... Хятадууд зэвүүн. Тэд нар тийм... Хүн алж болохгүй, Хятадыг алж болно. Эцэстээ ийм л байдал юм биш үү.
Гудманд гуйлга гуйдаг өөдсийн чинээ хүүхдээсээ эхлээд цаашаа аль хүртэл юм мэдэхгүй манай нийгэмд ийм сонин тогтсон ойлголтууд (stereotype) бий болчихож, хаа сайгүй түгчихэж. Мухар сүсэг ч гэмээр юм шиг. Солиорол ч гэмээр ч юм шиг.
Мөнгөө хайрцагт нь хийчихээд цаашаа явахад нөгөө дуу дуулдахаа байчихаар нь гайхаад хартал өнөөх хүү цаашаа гүйж яваа харагдлаа. Бодвол ганц аяга халуун цай эсвэл нэг хуушуур л авч идэх гэж яарсан байх. Савхин бээлийтэй гараа хармаандаа лав шургуулаад биеэ байдгаар нь хураасан, миний гар тасарчих гээд дааран алхаж явахад, хөөрхий муу тэр хүү ганц халуун цайны мөнгө бусдаас авахын тулд юу гэж ч хэлсэн яадаг юм. Харин Дөрвөд Дөвчин, Баяд Баянаа нарын хувьд ямар зорилготой юм бол. Яагаад тэд ийн ярих нь ихсээд байна. Хэн тэднийг санхүүжүүлж байгаа юм бол. Юунд хүрэх гэж адгаад байгаа юм бол. Ямар түүхийг давтах бол тэд.

Saturday, January 1, 2011

НИЙГЭМ СОЁЛЫН АНТРОПОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: ОРОЛЦОН АЖИГЛАЛТ

www.wikipedia.com нээлттэй нэвтэрхий толийн зарим мэдээллийг ашигласан болно.
Оролцон ажиглах (participant observation) арга зүй нь нийгэм, соёлын антропологийн ухааны судалгааны гол арга зүй гэж болно. Тус арга зүйг энгийн үгээр тайлбарлах гэж оролдвол судлаач судалж буй тухайн судлагдахууныхаа дунд хамгийн багадаа арван хоёр сар суурин сууж, хамт амьдран, тэр нийгэмд уусан орсоны үндсэн дээр мэдээлэл цуглуулах юм. Яагаад заавал тийм урт хугацаагаар суух хэрэгтэй гэж, судалгааг анкет бэлтгээд номын санд сууж байгаа оюутануудаар бөглүүлээд үр дүнг нь гаргаж болох биш үү гэж хүмүүс асууж болох юм. Мэдээж зүгээр бодож үзэхэд тийм ч байх. Гэхдээ антропологит хүний соёл амьдрал гэдэг зүйл ямар нэгэн “тойрог” (манай соёлд бол 2 сард цагаан сар, хавар мал төллөх, сургууль төгсөх, зун бол хүмүүсийн амрах улирал, намар хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөл бол дулаан хувцас, ес эхлэх, зулын хорин таван гэх мэт) байдаг тул тэр тойргийг бүрэн таньж мэдэх, уг соёлын мөн чанарт нэвтрэхийн тулд их хугацаа хэрэгтэй гэж үздэг. Мөн уг соёлд анх очиж судлах хүн эхэн үедээ ямар нэгэн байдлаар “зочин” байж тухайн соёл түүнээс өөрийн үнэн бодит амьдралын хэвшилийг далдалж байдаг байна. Харин энэ мэт удаан хугацаа зарцуулснаараа судлаач уг соёлын гүнд орж тэр соёлын “нэг хэсэг” болдог аж. Ийнхүү бий болсон мэдээлэл нь илүү үнэнд ойр байж, бусад өнгөц оюун дүгнэлтээс ялгардаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Оролцон ажиглах арга зүйг Польш гаралт Английн антропологич Бронислав Малиновский (Bronisław Malinowski) түүний шавь нар, АНУ-ын Франц Боас (Franz Boas) болон түүний шавь нарын антропологийн судалгаанд үр хөврөл нь байсан гэж үздэг. Зарим судлаачид эдгээр алдартай антропологичдоос өмнө уг арга зүйн эх сурвалж XIX зууны үед Франк Хамилтон Кашинг (Frank Hamilton Cushing) Зуни (Zuni) индианчуудыг судлах судалгаанд байсан ч гэдэг. Гэвч Бронислав Малиновский (Bronisław Malinowski), Эдвард Эванс-Притчард (Edward Evans-Pritchard), Маргарет Мийд (Margaret Mead) нарын судалгааны дараагаар тус арга зүйг илүү өргөн дэлгэр ашиглах болсон бололтой. Энэ нь судалж буй хүмүүсийнхээ дунд удаан хугацаагаар суух, тэдний ахуй амьдралыг хажуугаас нь бодитоор харах, амьдралд нь өөрийн биеэр оролцох, бүхий л мэдээлэлээ анхдагч эх сурвалжаас авах арга зүй болсон юм. Өөрөөр хэлбэл антропологийн тулгуурь зарчимуудын нэг болох “ямар нэгэн онол бодож олоод, тэр онолдоо таарсан нийгэм соёлыг хайх бус, харин ч аливаа нийгэм соёлыг ул суурьтай судлаад тэрхүү судалгаанаасаа онол гарган ирэх” гэсэн санаа энэ үеэс биелэлээ олсон юм. Антропологит судлаач хүн амьдрал дундаас амьдралыг тайлбарласан онол гаргах ёстой гэж үздэгээс бус, алив нэгэн сэтгэгчийн хэлсэн, бодит амьдралд төдий л таарахгүй байх нь олонтаа, жирийн хүний арьс маханд мэдрэгдэхгүй “сансарын” гэмээр үзэл санаанд таарсан амьдрал хайж явдаггүй билээ. 
1970-аад оны Барууны нийгмийн шинжлэх ухаанд шинэ онол үзэл санаа ихээхэн хүчтэй тархаж байлаа. Тэдгээр шинэ онолууд болох постмодернизм, дисконстракшин зэрэг нь оролцон ажиглах арга зүйн дутуу талуудыг шүүмжлэн өөрийгөө хянан засварлах сануулга өгсөн гэж болно. Тухайлбал судлаачид оролцон ажиглах арга зүйг ашиглан судалгаа хийхдээ үнэхээр хөндлөнгийн хоёрдогч байдлаас хандаж чадаж байна уу. Цуглуулсан баримт сэлт нь үнэхээр үнэн үү, аль эсвэл судлаачийн харсан л өнцөг үү, судлагдсан соёлын дуу хоолой хэр зэрэг түвшинд байна гэх мэтээр асуудал өрнүүлж байжээ. Үнэхээр ч антропологийн шинэ шинэ судалгааны талбарт судалгаа хийхэд оролцон ажиглах арга зүй дутагдалтай тал гаргаж байлаа. Жишээ нь: эхэн үеийн хүн судлаачид судалж буй хүмүүсийнхээ хэл, ёс заншлын мэдэхгүй, тэр бүхэнд суралцахад их цаг зарцуулж байжээ.
Олон нийт судалгаа хийх гэдгийг ямар нэг анкет бөглүүлэх мэтээр хялбарчлан ойлгох гээд байдаг талтай. Гэтэл антропологи дахь оролцон ажиглах арга зүйг ашиглан судалгаа хийнэ гэдэг энгийн үгээр бол судалж байгаа хүмүүстэйгээ удаан хугацаанд хамт амьдрах хэрэгтэй болдог. Ийм маягаар олж авсан мэдээлэл илүү анхдагч шинж чанартай, судлаачийн өөрийн мэдлэг болдог. Судлаачийн хамгийн гол үүргүүдийн нэг бол тухайн соёлыг хөндөхгүй байх юм. Судлаач урт хугацаагаар уг соёлд сууна гэхдээ гадны нүдээр тухайн соёлоо харж байхаа хэзээ ч мартаж болохгүй. Мөн өөрийн соёлын хэмжүүрээр судалж буй соёлоо шүүж болохгүй. Энэ мэт байдлаас тус соёлдоо бүрэн оролцох гэж хичээх хэрэгтэй. Энэ бүхний дараа цуглуулсан мэдээлэл дээрээ аль болох уян хатан дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. Хэтэрхий тууштай дүгнэлт нь тэр бүр үнэнд ойр байдаггүй учир нь хүний амьдрал гэдэг өөрөө ихээхэн хөдөлгөөнтэй хаанаас нь харж байгаагаараа дүгнэлт хэлж болдог зүйл. Уг арга зүйг ашиглан судалгаа хийх явцад хамгийн том ажил бол магадгүй хээрийн шинжилгээний тэмдэглэл хөтлөх болох байх. Тэмдэглэл нь хоёр янз байж болно. Нэг нь илүү өөрийн хувийн дүгнэлт сэтгэл хөдлөл орсон, нөгөө нь илүү эрдэм шинжилгээний байж болох юм. Гэхдээ хувь хүний онцлогоосоо болоод нэг дэвтрийг хоёр хуваагаад бичиж ч болох байх. Мэдээж гол зарчим бол аль болох дэлгэрэнгүй тэмдэглэл хийх, учир нь хүний оюун ухаан мартдагийнхаа хүчинд л санаж байдаг юм. Мэдээж онцгой содон санагдсан санаагаа бусад онол саналтай харьцуулж үзэх хэрэгтэй. Мөн өөрийн тэрхүү санаагаа судалж буй соёлд чинь хамаатай байна уу, аль эсвэл соёл бүхэнд хамаатай түгээмэл шинжтэй байна уу гэдгийг анхаарч болно. Тэгээд бүх мэдээллийнхээ уялдаа холбоог сайтар нягтлах хэрэгтэй болов уу.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...