Monday, January 23, 2012

Даяаршил шинэ колонизм биш: Монгол дахь олон талт байдал

Г.Мөнх-Эрдэнэ. 2012. Даяаршил шинэ колончлол биш: Монгол дахь олон талт байдал. Миграци олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Улаанбаатар: ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр. Хуудас 143-146.


ХУРААНГУЙ

Энэхүү өгүүлэлд даяаршлын тухай судалгаа хийж буй монгол эрдэмтдийн бүтээлүүдийг товч шинжлэн үзсэн болно. Судлаачид тус үйл явцын эерэг хийгээд сөрөг талд анхааралаа хандуулан даяаршил бол нэг ноёрхох соёл нөгөө соёлоо дарангуйлан уусгах аюултай тухай цөөнгүй өгүүлжээ. Харин Нью Йорк Их Сургуулийн профессор А.Аппадурай даяаршил гэдэг нь америкшил дангаараа явагдаад буй бус бас өөр тухайлбал Шриланкын хувьд Энэтхэгшил, Балтийн улсуудын хувьд Оросшил гэх мэтээр олоншил  явагдаж буй тухай хэлжээ. Түүнчлэн зүгээр ч нэг олоншил бус жишээ нь Шриланкийн соёл уламжлал, нийгэм шууд Энэтхэг маягийн болчихгүй харин ч Шриланк маягтай Энэтхэг болно гэж үзэж байна. Харин миний өгүүлж буй санаа бол даяаршил нь монгол улсын хувьд дурдан буй судлаачдынхаас арай өөрөөр өрнөж буй юм. Тухайлбал монголын үйлчилгээний салбар, залуусын амьдралын хэв маяг, загварт Солонгос соёлын нөлөө их бол өргөн хэрэглээний бараа, дэд бүтцийн салбарт Хятадын нөлөө гүнзгий байна. Боловсрол, уул уурхай, төрийн удирдлагын хэв маягт Өрнийн юм уу Америкийн нөлөө их бол хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн тусламж зэрэгт Япон нөлөөгөө хадгалсаар байна. Мөн Оросын нөлөө ч манай улсад тодорхой хэмжээнд байсаар байгаатай адил Европын улсуудын нөлөө өсч байна. Өөрөөр хэлбэл монгол улсын хувьд даяарших гэдэг нэг соёлын давамгайлалд орно гэсэн үг биш юм. Монголд байр сууриа олж авах гэсэн дээрх өрсөлдөгч соёлуудын өрсөлдөөн дунд харин ч аль нэг соёл нь монголд ноёрхож чадахгүй. Тиймээс даяаршил нь монголчуудын хувьд шинэ колонизм бус харин ч нэг соёлын нөлөөнд орохгүй байх давуу тал болно. Нөгөө талаар нийгмийн салбар бүрт нөлөөтэй байгаа дээрх соёлууд тэрхүү салбар бүрт нөлөөлж болох ч монгол улсын хувьд тус салбарууд нь А.Аппадурайн хэлж буй шиг өөрийн онцлогийг хадгалан даяарших шинжтэй байна гэж болно.   



Даяаршлын тухай янз бүрийн яриа таамаг бидний дунд байж зарим судлаачид ч энэхүү сэдвийг эрдэм шинжилгээний хүрээнд оруулж ирэн судлахыг санал болгож байна. Гэвч тус сэдвийн талаар хийгдсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бүтээл цөөвтөр байгаа гэж болно. Тэрхүү судалгаануудад үндсэн хэдэн санаа туссан буйг тоочвол:                                    
·         XIII зууны Монголчуудын тэнгэризм бол орчин цагийн даяаршлын эхлэл байсан юм (Бира    2003)
·       Даяаршил нь улс орныг дэлхийн зах зээлтэй холбож өгч бусад улстай хөгжлөөрөө хөл нийлэх боломж өгдөг сайн талтай ч цөөнхийн соёлыг уусгаж, дэлхий даяар нэг соёл давамгайлах бололцоог бий болгодог сул талтай (Баясгалан 2004, Гомбосүрэн 2006)  
·    Даяаршин дангааршиж, дангааршин даяарших нь чухал байна (Багабанди 2009, Түдэв 2004)
·  Даяаршил нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна (Давааням, Сумьяабаатар 2006, Түвшинтөгс 2004) зэрэг болно.

  Энэ бүхнээс үзвэл даяаршлын тухай судалж буй судлаачид уг үйл явцын хэд хэдэн шинжид хэт анхаарсан байгааг харж болно. Тэрхүү хэт анхаарал татаж буй шинжид Монгол мэт жижиг үндэстэний хувьд даяаршил нь уламжлалт зан заншил соёлоо алдах айдас болж байна гэсэн санаа юм. Даяаршил нь Монгол гэлтгүй жижиг үндэстэний соёл өв уламжлал магадгүй зарим хүний саналаар бол үндэс угсаад нь аюултай эд аж. Мөн даяарших гэдэг Америкших, эсвэл Өрнөших үйл явц болж таарч байна (Давааням, Сумьяабаатар 2006: 8). Энгийн үгээр бол судлаачдын үзэж буйгаар даяаршил гэдэг нь нэг соёл дэлхий нийтээр ноёрхох үйл явц бололтой гэж ерөнхийлж болно.
Харин Нью Йорк Их Сургуулийн профессор Аржун Аппадурай дээр судлаачдаас арай өөр санал хэлж буй. Түүний үзэж буйгаар бол өнөөгийн даяаршлын харилцаа холбоонд тулгамдаад байгаа гол асуудал бол нэг талаас соёлын нэгдшил (homogenization) нөгөө талаас олоншил (heterogenization) хоёр болно. Ялангуяа нэгдшилийн тухай асуудал түгээмэл болж байгаа бөгөөд голдуу мэдээллийн хэрэгсэлийн судалгаанд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологи өндөр хөгжсөн нь дэлхий нийтийг нэгдсэн мэдлэг мэдээллээр хангасны дүнд нэгдшилийн үйл явц бий болоод байгааг хэлж байна. Нэгдшил гэдэг цаашлаад америкчилал болон өргөн хэрэглээний барааны нэгдшил мэтээр ойлгогддог. Эхнийх нь Америкийн соёлын нөлөө дэлхийд тархаж байгаа тухай асуудал байхад харин удаах нь өргөн хэрэглээний бараа дэлхий нийтэд адил болсон нь соёлуудыг нэгдших гол шалтгаан болж байгааг хэлж байна. Ийнхүү зарим утгаараа нэгдшил явагдаж байхад харин ондоо утгаараа бас олоншил бас давхар явагдаж байгаа тухай сүүлийн үед анхаарах боллоо (Appadurai 1996: 32). Тухайлбал, америкшил гэсэн ерөнхий үйл явцын цаанаа үнэндээ зөвлөлтийн Армен болон Балтийн тэнгисийн улсуудын хувьд Оросшилт, Камбожийн хувьд Вьетнамшил, Шри-Ланкийн хувьд Энэтхэгшил, Солонгосын хувьд Японшилын тухай асуудал болж байгаа бөгөөд энэ үнэндээ нэгдшил биш нэгэн төрлийн олоншил явагдаад байгаа хэрэг юм байна. Ийнхүү нэгдшил бий болоход үнэндээ ав адилхан болчихгүй өөр өөрийн өвөрмөц чанараа хадгалан төстэй мөртлөө бас ондоо олоншилийг бий болгоно. Тухайлбал, Солонгос хэдий Японшиж байвч яг Япон болчихгүй харин Солонгос маягийн Япон болох нь олоншил явагдаад байгаагийн үндэслэл болно. Түүнчлэн үндэстэн улс түүнд багтах бусад угсаатны цөөнхөө нэгдшилд оруулж байгаа зэрэг олон түвшингийн төстэй боловч ондоо олон зүйл байгааг өнөө үед хялбарчилж (simplification) даяаршил гэж нэрлээд байгаа (Appadurai 1996: 32) тухай өгүүлсэн байна. Мөн тэрбээр харагдах байдал, хувцаслалт, бие биенийхээ хэлийг мэддэг болох зэргээр нэгдшил явуулж байгаа боловч энэ нэгдшил аль нэг улс оронд очихлоороо тухай улсын улс төрийн болон соёлын эдийн засагт идэгдэж ондооших үйл явцад орж үр дүнд нь нэгдшил биш харин олоншил бий болон үл авалцах, үл зохицох үл нийцэх байдал бий болдог байна. Ийм үл холбогдох байдлыг, ондоошлыг гол үүсгэгч нь төр байдаг. Улс орнууд бие биендээ машид нээлттэй харилцаатай болсон нь нэгдшилийг эхлүүлж байгаа бөгөөд энэ нэгдшил нь эргээд тэд өөрсдийн өвөрмөц байдлаа хадгалах сэдлийг бий болгож уран сэтгэмжийн нийгмээ (imagined community) үргэлжлүүлэн байгуулах уран сэтгэмжийг нь өдөөж энэ олоншилийг бий болгодог (Appadurai 1996: 38-39) гэжээ.
Өөрөөр хэлбэл судлаачид даяаршил гэсэн нэрийн дор дан ганц америкшил эсвэл өрнөшил явагдаж байна гэж бодоод байгаа нь асуудалд ул суурьтай хандаагүй дүгнэлт болсон гэсэн үг. Бидний дунд ч гэсэн даяаршлыг дээр дурдсан дан ганцхан утгаар нь ойлгох хандлага түгээмэл бий бөгөөд Япон маягтай даяарших тухай асуудал ч хөндөгдөж байдаг нь хэн бүхэнд тодорхой санагдаж буй байх. Япон улс нь хэдий орчин үежиж, даяаршсан ч өөрийн уламжлалт соёлтойгоо уг үйл явцыг гайхалтай зохицуулсан гэж шагшигддаг билээ. Гэтэл үнэндээ энэ байдал нь Японы чадвар, гайхалтай тал гэхээсээ илүү аливаа соёл бүхэнд ийм өөрийн дархлаа чадвар байдгийн нотолгоо болно гэж үзэж байна. Тухайлбал манайхан Coca Cola ундааг яг Coca Cola гэж хэлэхээс гадна MCS, Бидний ундаа, Түмний ундаа гэх юм уу еще гэсэн үгийг өшөө цааш нь  болгож хэрэглэдэг гэх мэт олон зүйлийг өөрийн соёлын шинжтэй болгохоо их ерөнхийд нь монголчлох гэдэг билээ. Мөн монголд буй Хятад, Солонгос, Япон эсвэл Өрнө зүгийн хоолнууд нь яг тэр жинхэнэ хэлбэр, амт чанартай бус “монгол маягтай” байдаг түүнчлэн Хөх хотод байдаг гэр хэлбэрийн байшингууд эсвэл бидний сайн мэдэж байгаачлан Дашчойлин хийдийн дуганууд нь байшин гэдэг зүйлийг монгол маягтай болгож буй бидний “онцлогтой” даяаршил юм.

Гэвч би энд Аппадурайн санааг монгол жишээгээр батлах гэсэнгүй. Миний бодлоор монголд ганц соёлын нөлөө ихсэж улс орон маань өөрийн онцлогтой тус соёлын даяаршилд ороод байгаа биш юм. Тухайлбал 2010 оны байдлаар монгол улсад оруулсан гадны хөрөнгө оруулалтын тооцож үзвэл:                            











байгаа болно. Дээрх хүснэгтүүд нь хэдийгээр гадны хөрөнгө оруулалтыг харуулсан боловч монгол улсын нийгмийн олон салбарт нөлөөтэй болж буй улсуудын талаарх тоон баримт болно. Аль ч улсын хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн эдийн засгийн утгатай байдаггүйг хүн бүр мэдэх болов уу. Хүснэгт: 01-т дурдсанаар бол нийт гадны хөрөнгө оруулалтын 20,3 хувь нь худалдаа, нийтийн үйлчилгээний салбарт зориулагдсан байна. Энэхүү салбарт БНСУ, БНХАУ зэрэг улсууд түлхүү үйл ажиллагаа явуулж буй билээ. Зөвхөн БНХАУ гэхэд л нийт хөрөнгө оруулалтынхаа 24,2 хувийг энэ салбарт оруулсан бол 68,6 хувийг уул уурхайн салбарт оруулсан (http://internationallaw.blogmn.net/30364/) байдаг. Харин АНУ-ын хөрөнгө оруулалт нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, худалдаа, нийтийн хоол, аялал жуучлал, малын гаралтай түүхий эд боловсруулах салбар, банк санхүүгийн үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл, харилцаа, холбоо, тээвэр зэрэг салбарт хийгдэж байна (http://www.mongolianembassy.us). Канад улсын хувьд нийт хөрөнгө оруулалтын 98.18 хувийг геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 1.13 хувийг худалдаа, нийтийн хоолны салбарт, 0.69 хувийг бусад салбарт хийжээ. 2010 онд Канадын хөрөнгө оруулалттай 14 компани шинээр бүртгүүлж, нийт 147 сая 811 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 146 сая 787 мянган ам.долларыг геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 824 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг худалдаа, нийтийн хоолны салбарт, 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг бусад салбарт оруулжээ (http://www.mfat.gov.mn). Япон Улсын Засгийн газраас 1991-2003 онд Монголд үзүүлсэн зээл, тусламж 1,2 тэрбум  ам.доллар байгаа нь манай улсад үзүүлсэн гадаадын зээл тусламжийн 70 орчин хувийг эзэлж байна. Жилд дундажаар 45-50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 30-35 сая ам.долларын буцалтгүй тусламж, 10 гаруй сая ам.долларын техникийн хамтын ажиллагааны тусламж олгож байна (http://www.mfat.gov.mn). Харин 2004 оны байдлаар БНСУ-ын Засгийн газар нийт 10 сая вонын буцалтгүй тусламж, 43 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 85.4 сая ам.доллар болов. Хөрөнгө оруулалт нь худалдаа, үйлчилгээ, харилцаа холбоо, оёдол, боловсролын салбарт зонхилж байна (http://www.mfat.gov.mn).
            Дээрх хэсэгт дурдсан тоо баримт маань эдгээр улсууд нь монгол улсын нийгмийн салбаруудад зохих хэмжээний байр суурьтайг харуулах гэсэн санаа юм. Тус улсууд нь хөрөнгө оруулалтаас гадна соёлын харилцаа тэр дундаа тухайн улсад суралцаж буй оюутны тоо, бусад соёлын хөтөлбөрүүд, нэрэмжит хот, гудамж, талбай, монголчуудын амьдралын хэвшилд хүртэл тодорхой хэмжээний нөлөөтэйг дэлгэрүүлэн судалж болно. Тухайлбал нийтийн хоолны газар, худалдаа, караоке, бар саун зэрэг нийтийн үйлчилгээнд Солонгосчуудын нөлөө, оролцоо их бол дээрх нийтийн үйлчилгээнээс гадна зам, барилгын салбарт Хятад хөрөнгө оруулагчдын болон ажилчдын оролцоо их байна. Уул уурхайн салбарт Канад, Америкчууд анхааралаа хандуулж буй бол газрын тосны салбар 100 шахам хувь, эрчим хүчний салбарын тодорхой хувь нь Оросоос хараат буй нь хэн бүхэнд ил. Япончууд хөдөө аж ахуй, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ихэд анхаарч хөрөнгө оруулсаар байдаг билээ. Энэ бүхнийг энгийнээр хэлбэл солонгосын олон ангит киног үздэггүй хүн эсвэл хятад улсын өргөн хэрэглээний бараа хэрэглэдэггүй нэгэн, солонгос, хятад хоолонд орж, караокед дуулдаггүй, дэлхийн зах зээлийн ханштай төдий л хамаатай бус үнэтэй байдаг “Оросын” шатахуун хэрэглэдэггүй, Ланд круйзер унамаар санагддаггүй, Америкийн визтэй болох юм уу эсвэл өрнөдөд сургуульд сурах тухай боддоггүй хэн нэгнийг олно гэдэг нэлээд бэрхшээлтэй асуудал байна байх.
Энэ бүх жишээ бидэнд монголд дан ганц бус олон, наад зах нь 5-6 улсын нөлөөлөл тун их байгааг харуулж буй юм. Тэрхүү нөлөөтэй улсууд уг нөлөөлөлөө улам л идэвхижүүлнэ үү гэхээс бууруулах сонирхол бага байх шиг байна. Өөрөөр хэлбэл монголд дан ганц улсын даяаршил явагдаж буй бус харин хэн хэнтэйгээ өрсөлдсөн олон улс орны даяаршил явагдаж байна гэсэн үг. Ингэж үзвэл монгол улс даяаршаад үнэт зүйлсээ гээгээд эсвэл зарим судлаачдын хэлж буй шиг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулж очоод  байгаа (Давааням, Сумьяабаатар 2006: 41) хэрэг биш юм. Учир юу хэмээвээс дээрх өрсөлдөгч соёлууд өөрийн нөлөөгөө нэмэгдүүлэх, даяаршлаа хөгжүүлэхдээ монголын бус бусад өрсөлдөгч соёлуудынхаа хүрээ цараатай тулгарах магадлал их юм. Бие биентэйгээ мөргөлдсөн, нэг нэгнээ хязгаарласан соёлуудын дунд харин монгол улс дан ганц нэг соёлын даяаршилд орохгүй, харин ч өөрийн онцлогтой мөн олон сонголттой талбарт гарч ирж байна. Хэрэв ингэж үзвэл даяаршил гэдэг нь монголчуудын хувьд шинэ колонизм, шинэ колончлол эсвэл соёлоо алдах ганцхан сонголтыг бус боломж, олон сонголт өгсөн үйл явц болж байгаа мэт харагдана.
Ийнхүү олон улс орон монголыг сонирхох болсон нь гадаад бодлогын үзэл баримтлалд туссан “гуравдагч хөршийг” хайх бодлого болон өнөө цагийн уул уурхайн их тэсрэлттэй холбоотой болов уу. Энэхүү нөхцөл байдал монголд нэг соёлын юм уу нэг улсын даяаршилд орох замыг хаан өгч “олон талт даяаршилд” орох гарцыг нээж өгсөн гэж болмоор байгаа юм.
Ийн үзвэл даяаршил гэдэг нь зөвхөн “их, хүчирхэг гүрнүүд” л буурай, хөгжил сул улсуудад нөлөөгөө хүртээж буй юм уу эсвэл эерэг сөрөг хоёрхон талтай явдал бус өмнө дурдсан Вьетнамын нөлөө Камбожид их буй шиг хөгжиж буй орон ч нөгөө хөгжиж буй орондоо нөлөөлж, даяаршилуулж болдог эсвэл Монгол улсын нөхцөл шиг олон талтай байж болох юм үзэгдэл гэж үзэж байна.

НОМ ЗҮЙ

Appadurai, Arjun. 1996. Modernity at Large. University of Minnesota Press.

Bira Sh. 2003. Mongolian tenggerism and Modern Globalism: A Retrospective Outlook on
Globalisation. Inner Asia. Vol 5, number 2, 2003. Cambridge: White Horse Press.


Багабанди Н. 2009. Титэм үг. Улаанбаатар: Admon Press.


Баясгалан Г. 2004. Даяаршилийн нөхцөл дэх төр, эрхзүйн зарим асуудал. Манай Монгол сэтгүүл № 2 (20). Улаанбатар: Хаанпринт ХХК.


Гомбосүрэн Ц. 2006. Дэлхийн монгол угсаатан: Даяаршил ба хамтын ажиллагаа. Дэлхийн Монголчуудын чуулганд тавьсан илтгэл. Улаанбаатар.

Давааням Р., Сумьяабаатар Ө. 2003. Даяаршил ба Монгол улс. Улаанбаатар: Бемби сан.

Түдэв Л. 2004. Үл даяаршихуй. Манай Монгол сэтгүүл № 2 (20). Улаанбатар: Хаанпринт ХХК.

Түвшинтөгс А. 2004. Даяаршил ба үндэсний аюулгүй байдал. Манай Монгол сэтгүүл № 2 (20). Улаанбатар: Хаанпринт ХХК.








ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...