Tuesday, January 4, 2011

ДӨРВӨД ДӨВЧИН, БАЯД БАЯНАА

Бараг гучаад алхмын цаанаас л “Бүжин туулай хярсан бутыг харахад нэг л зөөлөн байдаг... Бүүвэй аялсан бүсгүй хүний харц нь нэг л зөөлөн байдаг... Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...” гэсэн дуу чихэнд хадаж байлаа. Бөхийн өргөөний хажууханд байх Батбайгаль бэкэригийн өөдөөс харан сууж мөнгө гуйдаг нөгөө л хүүгийн дуулах дуу. Дороо цаас дэлгэн сууж, өмнөө жижигхэн дөрвөлжин хайрцаг тавьжээ. Надаас олон удаа 10 төгрөг гуйж байсан нөгөө л хүү. Энэ удаа яагаад ч юм би гуйлгалгүй мөнгө өгчихмөөр санагдлаа. Хармаанд байсан 500 төгрөгөө гарган сарвайтал “баярлалаа ахаа хайрцаг уруу хийчих ээ! гараараа авч болдоггүй юм” гэдэг байгаа. “Гуйлгачинд гараараа юм өгч болдоггүй! буянаа хамт өгчихдөг...” гэсэн яриа хөөрхий хүүгийн чихэнд бас хүрчихэж л дээ. Хаанаасаа, хэнээсээ сонсоо юм бол доо.
Баруун аймгуудаас хотод ирж сургууль соёлд сурсан хэдэн залуучууд байх. Тэр хэдэн залуу нийлээд нэг хурал хийсэн юм. Жангар тууль хэвлэгдсэний 100 жилийн ой билүү дээ. Тэгсэн тэр хурал дээр нь хүмүүс хоорондоо Дөрвөд Дөвчин, Баяд Баянаа, Торгууд Товуу... гээд л нэрээ хэлээд гар барилцаад байх юм гэнэ. Танилцаж байгаа нь тэр юм байх аа. Удам соёл, зан үйлээ дээдэлдэг сайхан л хүмүүс юм. Гэхдээ заавал ингэж дээдэлдэг нь хэр зохимжтой юм бол. Энэ байдал хэнд ашигтай хэнд хортой бол. Нийтийн унаад сууж яваад нэг ийм давлиун залуутай таарч байснаа гэнэт санав. “Баяд гэж мэдэх үү? Баядын хүүхдийн цус халуун ч билүү, цөс нь өтгөн ч билүү! нэг юм хэлээд саагаж байсныг санаад, эргэцүүлээд, гайхав. Дөрвөдүүд мундаг, Баядууд лаг, үгүй Халхууд аймаар... цаашаа Монголчууд тэнгэрийн тамгатай дийлдэхгүй сүрхий улс... Хятадууд зэвүүн. Тэд нар тийм... Хүн алж болохгүй, Хятадыг алж болно. Эцэстээ ийм л байдал юм биш үү.
Гудманд гуйлга гуйдаг өөдсийн чинээ хүүхдээсээ эхлээд цаашаа аль хүртэл юм мэдэхгүй манай нийгэмд ийм сонин тогтсон ойлголтууд (stereotype) бий болчихож, хаа сайгүй түгчихэж. Мухар сүсэг ч гэмээр юм шиг. Солиорол ч гэмээр ч юм шиг.
Мөнгөө хайрцагт нь хийчихээд цаашаа явахад нөгөө дуу дуулдахаа байчихаар нь гайхаад хартал өнөөх хүү цаашаа гүйж яваа харагдлаа. Бодвол ганц аяга халуун цай эсвэл нэг хуушуур л авч идэх гэж яарсан байх. Савхин бээлийтэй гараа хармаандаа лав шургуулаад биеэ байдгаар нь хураасан, миний гар тасарчих гээд дааран алхаж явахад, хөөрхий муу тэр хүү ганц халуун цайны мөнгө бусдаас авахын тулд юу гэж ч хэлсэн яадаг юм. Харин Дөрвөд Дөвчин, Баяд Баянаа нарын хувьд ямар зорилготой юм бол. Яагаад тэд ийн ярих нь ихсээд байна. Хэн тэднийг санхүүжүүлж байгаа юм бол. Юунд хүрэх гэж адгаад байгаа юм бол. Ямар түүхийг давтах бол тэд.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...