Tuesday, March 29, 2011

Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл

III ангийн оюутан байхдаа бичиж байсан өгүүллээ нийтлэв. Тухайн цагтаа цөөнгүй уралдаанд орж, нэлээд шагнал хүртэж байсансан. Монголоо гэсэн заримдаа хэт үндсэрхэг хүмүүсийн ярианы сэдэв болж ч явлаа.
Удиртгал
Та Монгол угсаатныхаа талаар хэр сайн мэдэх вэ? Тэгвэл...
Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр арав сая гаруй Монгол угсаатан амьдарч байна хэмээсэн албан бус мэдээ бий. Бидний төрөл садангууд маань бүлэг цөлгөөрөө БНХАУ, ОХУ, АНУ, Франц, Афганистан, бүр Киргизстан улсад ч утаагаа боргилуулсаар явна. Эдгээр улсын дотроос хамгийн олон тооны Монгол угсаатан аж төрдөг улс бол БНХАУ.
Дундад улс дахь Монголчуудаас манайхны хамгийн сайн мэддэг нь Өвөрмонголчууд. Гэтэл бидний мэддэггүй Монголчууд дундад улсад олон байдгийн нэг нь Хөх нуурын Монголчууд. Мөн цаашлаад Шинжааны Монгол, Юнаны, Ганьсугийн, Сычуаны Монгол гэх мэтээр хөвөрч өгнө. Монгол улс дахь Монголчууд энэ олон Монгол угсаатны талаар бараг юу ч мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Мэддэг хэд нь Эрээн, Хөх хотын хэдэн “дамчдаас” ялгаж хардаггүй. Магадгүй ялгахыг ч хүсдэггүй байх. Энэ нь бидний ихэрхүү, биеэ тоосон зантай холбоотой. Тусгаар тогтносон Монгол улсын хилийн доторх хүмүүсийг л Монгол гээд хилийн гаднахыг нь эрлийз хурлийз гэдэг нь манайхны итгэл үнэмшил. Гэвч энэ ялгамжийг өгч буй ёс суртахуун, оюун ухаандаа хүмүүс тэр бүр эргэлзэж байгаагүй нь сонин.



Энэ удаад би БНХАУ-ын доторх Монголчуудын нэг хэсэг болох Хөх нуурийн Монголчууд, тэр дундаа Дээд Монголчуудын талаар товчхон өгүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн зун буюу 2007 оны 6-7 сард МУИС-ын Нийгэм-Соёлын антропологийн тэнхимийн оюутан болох бид хэдэд БНХАУ-ын Хөх нуур мужид хээрийн судалгаа хийх болoмж тохиосон юм. Энэ нь угтаа Дээд Монголчуудыг товчхон боловч судлана гэсэн үг. Учир нь Хөх нуур мужид гурван өөр түүх, угсаатай Монголчууд аж төрдөг. Эдгээрийн дундаас бид Дээд Монголчуудтай нь хэл нэвтрэлцэж чадсанд байгаа юм. Нөгөө хоёр болох Цагаан Монгол болон Баоаньчуудын аялга нь арай өөр. Гэвч тэдний дунд хэсэг хугацаагаар сууж хамт амьдарвал аяндаа ойлголцоно. Харин Дээд Монголчуудын хэл яриа бидэнтэй төвөггүй нэвтрэлцэнэ. Дээд Монгол хэмээх нэрийн учир нь тэд дэлхийн сээр нуруу Хөх нуур Төвдийн өндөрлөгт далайн төвшинөөс дээш 2500-5000 метрийн өндөрт аж төрдөгтэй нь нэлээд холбоотой гэж Дээд Монголчууд тайлбарладаг.
Тэдний түүхийн хувьд гэвэл Монголчуудын мэдлэгт хамгийн ойр буух мэдээлэл бол Цогт тайж уран сайханы кино. Энэ түүхэн кино яг л Дээд Монголчуудыг Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. XYII зууны дунд үед Төвдийн бурханы шашин болон бидний хэлж заншсанаар шарын шашин, мөн бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч, халхын Цогт хунтайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөхнуурт ирэн шарын шашинтануудыг алж талан шахан гадуурхаж тэр үеийн шарын шашины тэргүүн Y далай ламын байр суурийг ганхуулж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид ойрад Монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотороо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядаж байх тэр мөчид, Y далай лам дөрвөн ойрадыын нэг Хошуудын хан Төрбайхыг залан туслан тэтгэж, Цогтын халдлагаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь бэлчээр хүрэлцэхгүй байсан ойрадуудад аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шиг Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол Төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Үүнээс хойш Төрбайх хан далай ламын шарын шашныг мандуулж, далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хан цол шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд Төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш хан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан далаад жил оршин тогтноод 1723 онд Гүш ханы ач Лувсанданзан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт Монголчуудаасаа алслагдан салсан үндэстэний мөхөлийн эрмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй (Хөх нуурын Монголчуудын түүхийн дэлгэрэнгүйг “Ч.Пүрэвбаярын хөрвүүлсэн “Хөх нуурын Монголчуудын товч түүх”-ээс харна уу).
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Хайши жэүгийн Улаан шэйн, Дэлхий хот, Давсанговь хошуу, Зүүн Көкөт хошуу, Хуудсан болон Бугатын малчид зэрэг болно. Дээд монголчуудын нийгэм, соёл, аж амьдралын олон сонирхолтой үзэгдэлүүдээс би тэдний үндсэрхэг үзлийн тухай асуудлыг сонгон авсан юм. Тэдний үндсэрхэг үзэл нь илэрч байгаа жишээ болгон газар бэлчээрийн маргаан, түүнчлэн тэдний түүх утга зохиол, болон хүүхдийн хүмүүжилд үндсэрхэг үзэл хэрхэн туссан тухай угсаатны зүйг танилцуулна. Энэ судалгааны ажлыг бичихийн тулд онолын баримжаа болгож антропологи дахь үндэсний үзлийн судалгааг иш болгон үзлээ. Антропологид үндсэрхэг үзэлийг хэрхэн томъёолсоныг Б.Андерсоны “Imagined Communities” бүтээлээс нь харвал “Үндэстэн гэдэг нь бодитой зүйл биш харин хийсвэр ойлголт юм. Яагаад гэвэл ямар ч жижиг угсаатаны бүлэгт хүмүүс бие биенээ мэддэгүй, нэг ч удаа уулзаагүй мөртлөө толгойдоо бид нэг, нэгдмэл гэж болдог. Энэ нь үнэндээ дүрслэл санаандаа төсөөлсөн нэгдэл байдаг” гэжээ. Үүнтэй төстэйгөөр Эрнэст Гелнер (Gellner) “үндсэрхэг үзэл үндэстэнг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл үндэстэн байхгүй газар үндэстэн гэсэн нэрийг бий болгогч нь үндсэрхэг үзэл юм. Үндсэрхэг үзэл нь санаанаасаа зохиосон зохион бүтээл, зохиомол, дүр үзүүлсэн show, төсөөлөлийн бүтээл байдаг” гэсэн байна.
Энэ бүхнээс харахад үндсэрхэг үзэл нь хийсвэр сэтгэхүйн ойлголт болж байна. Мэдээж бодитой илэрч гарч байгаа элемент байхыг үгүйсгэх аргагүй. Дээрх онолын ойлголтоос гадна бодитой практик ойлголтыг энд дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Дээд Монголчуудын үндэсний үзлийг мөн л тэдний хэлсэнээр тодорхойлбол “өөрийн ёс заншил хэл бичгээ мэддэг, түүнийгээ хайрладаг, мөн түүнийгээ бусдад түгээдэг сурталчилдаг, хамгаалдаг байхыг хэлнэ”. Энэ бол ганц хүний үг биш харин Дээд монголчуудын дунд өргөн тархсан сэтгэлгээ гэдэг нь олон баримтаас тодорхой байдаг. Ингээд Дээд Монголчуудын талаарх яриандаа орцгооё.
Газрын төлөөх тулаан
Хөх нуур муж нь Төвдийн өөртөө засах орон, Шинжаан, Гансу, Сычиуан гэсэн дөрвөн мужийн дунд оршдог. Дундад улс тавин зургаан үндэстэнтэй (хятадаар зү) тэдгээрийн хятад, хотон, төвд, салар, ёгор гэх мэт арваад үндэстэнтэй нь Дээд Монголчууд хаяа залган амьдардаг. Хөх нуур мужид Дээд Монголчууд 80.000, Төвдүүд 800.000, Хотонгууд мөн төдий тооны, Хятадууд (хэд билээ?) зэргээс болж тэд энэ бүс нутагтаа цөөнхийн нэг болдог. Энэ олон угсаатны бүрдэл нь газар, бэлчээрийн маргааны үндэс болдог. Бэлчээрийг нь байн байн булаах төвд, хятадуудтай тэд зодолддог. Тухайлбал, 1999 онд Хэнан шэйнд орчин үеийн автомат буугаар зэвсгэлэн хоёр талаас тавиад хүний аминд хүрсэн тохиолдолыг оюутан Ж.Цуутайхүүд нутгийнхан өгүүлсэн байсан нь үүний нэгэн жишээ. Энэ мэт мөргөлдөөн үе үе гардаг. 1991 оны 5 сард болсон нэгэн мөргөлдөөнийг уг зодоонд биеэр оролцсон хүмүүсийн ярьж өгсөнөөр сийрүүлье.
Зүүн Көкөт хошууны “Их булаг” хэмээх газар хэсэг Төвд айлууд Монгол айлын бэлчээрт орж ирээд буцаж нүүлгүй нэлээд уджээ. Ингээд л чулуу, мод, дүүгүүр, буугаар зэвсэглэн зодоон болсон. Төвдийн талаас 160-н Монголоос 40-н хэдэн хүн оролцсон гэдэг. Төвдүүд олон байсан тул Монголчууд нэгэн толгойн орой дээр гарсанд, Төвдүүд бүслэн дайрчээ. Монголын талаас 17-н хүн хүнд хөнгөн гэмтсэнээс нэгнийх нь зүүн гар таслагджээ. Гурван хүн толгойдоо сүхээр цохиулсан ч амьд гарсан аж. Төвдийн талаас гурван хүн амь насаа алджээ. Дэлхий хотоос 20 цэрэг ирж Төвд Монгол хоёрын бэлчээрийн зааг дээр арваад хоносон байна. Мужийн төвөөс шийд гарч зодоон үүссэн нутаг дээрх Монгол хийдийг нүүлгэн 3000 га газрыг Төвдүүдэд өгсөн гэнэ. Гурван хүний амийг нөхөн төлүүлэхдээ нэгийг нь хоёр түмэн зоосоор (юань) тооцжээ. Уг нөхөн төлбөрийг Зүүн Көкөт хошууны бүх иргэдээр гаргуулсанд нэг хүнд 70 зоос ноогдсон гэнэ. Монголчуудаас гурван хүнийг баривчилсан (Хунчиг г.м) ба одоо болтол сураг гардаггүй аж. Энэ зодооноос хойш Төвдүүд өс санан гурван жил дараалан Монголын талаас 300-аад бод, 900-аад бог мал хулгайлсан гэнэ.
Төвдүүд арай өөр аргаар Монголчуудын бэлчээрийг булаан авсан тохиолдолыг Улаан шэйн дээр Соёлт хэмээх залуу надад хэлж өгсөн. “Улаан шэйнээс хойш 5 км зайд Анхан дарийн хийд гэж байдаг. Энэ хийд байгаа газар угтаа Монголын бэлчээр байжээ. Гэтэл уг газар дээр хэсэг төвд лам нар сүм барьсанд, төвд айлууд уг сүмийг бараадан нүүн ирсэн байна. Улмаар Монголчууд зугуухан бэлчээрээсээ шахагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн Дээд Монголчууд бэлчээрээ алддаг нь тэдний үндсэрхэг үзлийг өдөөх шалтгаан болдог. Монголчууд төвд ламтай төвд сүмд ордогүй, мөргөдөгүй гэж тэд ярьж байлаа. Учир нь төвдийн сүм болхоор тэр гэнэ. Уул нь Төвд, Монгол адилхан нэг л шашин шүтдэг. Гэтэл төвд сүмд төвд лам байдаг, төвдүүд мөргөдөг. Бид төвдүүд шиг харанхуй бүдүүлэг хүмүүс биш гэж Дээд Монголчууд ярьдаг. Тэд шарын шашинийг шүтсэнээрээ ийм соёл дорой байгаа юм, тийм болхоор би шарын шашинг тоодоггүй гэж ярих Дээд Монголчууд надтай нэг бус удаа таарч байсан.
Түүх, утга зохиол
Дээд Монголчууд түүхээ саяхнаас л чөлөөтэй хүүрнэх болсон талаар тэд өгүүлж байлаа. 1990-ээд оноос л Чингис хааны хөргийг гэрийнхээ хойморт залах болжээ. Гэхдээ Мао даргын хөрөгтэй хамт гэнэ. Чөлөөлснөөс хойш буюу 1949 оноос хойш Хөх нуурын Монголчуудын түүхийг Монголчуудаар бичүүлээгүй аж. Харин одоо Дулаан шэйнд Жавхлан гэдэг залуу буруудсан ч бай, зөвдсөн ч бай өөрсдийнхөө түүхийг бичнэ гэж зориглосон нь үнэхээр бидний урмыг сэргээж байна хэмээн Давсанговь хошуунд Баясгал ах ярьж байлаа. Мөн тэрээр “... хэрвээ бид Лувсанданзангын бослогыг гаргалгүй тэвччихсэн л бол одоо бид хоёр сая гаруйлаа муусайн төвд, хотонгуудад дарлуулахгүй сайхан байхгүй юу... “ хэмээн халаглан өгүүлж байсан. Нээрээ л хувь хүнийхээ үүднээс бодоход тийм ч юм шиг санагдсан. Ийм л учраас Дээд Монголчууд цадиг түүхэндээ бусад монголчуудаас дутуугүй хайртай. Дэлхий хотод уулзан ярилцсан “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ах надад хүүрнэхдээ “Дээд монгол залуус өв соёл, уламжлал, заншилаа сурталчилсан ном сонин сэтгүүлийг өөрийн хөрөнгөөр эрхлэн хэвлүүлж тараадаг юм. Нэг ном хэвлүүлэхэд 10 юань хэвлүүлэх тоо нь хамгийн багадаа 1000 ширхэг болдог” гэж байсан. Ингээд бодоход нэг ном гаргахад манай төгрөгөөр 2 сая орчим төгрөг хэрэгтэй. Гэтэл миний уулзаж ярилцсан хүмүүс нэгээс дөрвөн ном гаргачихсан байдаг. Хэдий ийм ч тэдэнд нэг гомдолтой асуудал байнга тулгардаг. Засгийн газраас “буруу үзэлтэй” номыг хэвлүүлдэгүй. “Буруу үзэл” гэдэг нь өргөн утгаараа Хятадын эсрэг гэсэн үг. Тийм болхоор Дээд Монголчуудад ном болгон бичээгүй олон үзэл санаа цээжинд нь байдаг. Үүнийгээ шүлгээр л илэрхийлнэ. Шүлгийн агуулга нь:
…Эзэн богдын түүж ирээд
Эх орон хэмээн
Өрлөг төрийн тогоо нэрсэн
Тулгын гурван чулууны хоёр нь алга бид эрэлд гаръя
Эзэн тэнгэрийн зарлиг юм гээд
Өөрийн мутраасаа салгалгүй үүрд атгаж явсан
Эр хар сүлдний тань хойноос бид эрэлд гаръя
Эрхэм зуунаас солонго хараад омогшихдоо
Эх хэлээ умартсан
Энхрий бяцхан дүү нарийнхаа хойноос бид эрэлд явъя
Аюулхайдаа ерөөх нутаггүй болсондоо бид эрэлд гаръя
Амраглан золгох Монгол цөөндөө бид эрэлд гаръя
Бид бүгдээрээ эрэлд гаръя эх орныхоо төлөө
Өөрийг чинь төрүүлсэн Монголын төлөө
Бид эрэлд мордъё… гэсэн байдаг.
Энэ мэтчилэн Дээд Монголчуудын утга зохиолд дэлхийн бусад улс орнуудад байгаа төрөл нэгт монголчуудаа санагалзсан тэднийгээ гэсэн үзэл нэвт шингэсэн байх нь түгээмэл.
Хойч үеээ Монгол хүн “болгох” гэсэн тэдний тэмцэл
Энд нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа нь хүүхдүүд үндсэрхэг үзлээ илэрхийлж байгаа явдал юм. Магадгүй энэ асуудал үндсэрхэг үзлийн судалгаанд шинэлэг сэдэв байж болохоор байна. Дээд Монголд үндсэрхэг үзэл арваад настай хүүхдүүдээс ч мэдрэгдэнэ. “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ахын хүү Баян арван настай Хятад дунд сургуульд явдаг. Баян дүрэмт хувцасныхаа дотуур өмсдөг цамцныхаа зүрхэн тушаа Чингис хааны хөргийг наачихсан байсан. Хятад хүүхдүүд хэний зураг юм бэ гэж асуухад нь миний өвөг гээд хэлчихдэг гэнэ. Дэлхий хотод уулзаж ярилцсан яруу найрагч Цэлгэр эгчийн хүү Аян. Цэлгэр эгч хүүдээ зориулан бичсэн нэг шүлэгтээ Миний хар нүдэн Аян... гэх мэтээр бичсэн байдаг. Хүүгээ хар нүдэн гэж өхөөрддөг. Нэг өдөр хүү Аян нь сургаалиасаа ирээд
- Ээжээ миний нүд шар тиймээ? гэж асуужээ. Ээж нь
- Үгүй ээ миний хүү хар нүдтэй ш дээ гэсэнд
- Үгүй ээ шар, ээж нь юу гэж дээ хар нүдтэй хэн тэгж байна гэсэнд хүү нь
- Юу яриад байгаа юм бэ? Чингис хаан шар нүдтэй юм чинь би ч гэсэн шар нүдтэй л байж таараа ш дээ гэсэн гэнэ.
Цэлгэр эгч өөрөө монголд ирж байсан. Тэрээр” Монголд хотон хүн байхгүй үнэхээр сайхан байлаа гэж байв. Дээд монголчууд нийтээрээ хотон хүнд дургүй. Учир нь хотонгууд монголчуудыг даралдаг мөлждөг “хамгийн муу хүмүүс”. Тийм ч болохоор
Хотон хүний хоолыг нь идэж болохоос
Үгийг нь сонсож болохгүй гэцгээдэг.
Гэр хороолол сайхан санагдсан гэж Цэлгэр эгч ярьж байсан. Гэтэл манайд Улаанбаатарын хорт утааны гол үйлдвэрлэгч гэгдэн гэр хороолол муу хэлэгдэж байдаг. Ер нь бидний хөгжил гэж боддог бүхэн тэнд муухай. Зам, гудамж, талбайн цэцэг. Яагаад гэвэл Хятадууд хийсэн учираас тэр юм. Дэлхий хотын төв талбайд хотынх нь бэлэг тэмдэг мориний хөшөө байдаг. “…Төвдүүд сарлагын хөшөө босгох гэсэн ч Монголчууд тэмцсээр байгаад мориний хөшөө босгуулсан нь үнэхээр сайхан. Одоо Дэлхий хотыг Монгол Төвдийн шэйн гэж бичдэг. Монгол гэдэг нэрийг Төвд гэсэн нэрийн өмнө оруулсан нь бидний ялалт болсон” гэж тэд бахархаж байв.
Өөр олон үндэстэний дунд амьдарч байгаа болохоор Монгол үндэстэн гэдгээ тэд улам илүү мэдэрдэг бололтой. Монгол хүн гэж тэдний хувьд хэл, соёл зан заншил ёс суртахуунаараа цул Монгол байх ёстой. Хэдий тийм ч тэд Хэнаны Монголчуудыг Монгол л гэж боддог. (Хэйнаны Монголд, Монгол гэх зүйл нь Монгол гэр, бэлчээрийн мал аж ахуй хоёр л юм гэдэг). Яг л энэ сэтгэхүйгээрээ дунд сургуульд байхдаа дургүй учраас Хятад, Төвд хүүхэдүүдийг зодож, тэдэнтэй нөхөрлөсөн монголчуудаа гоочилж явсанаа дурсах дуртай. Мөн албан байгуулагын хятад хаягийг монгол бичгээр бичүүлэх гэж тэмцдэгээ, монгол дунд сургуульд улам олон монгол хүүхэд элсүүлэх гэж компанит ажил өрнүүлдэгээ тэд надад ярьж байсан. Хашаандаа Чингис хааны хар сүлдийг залсан айлтай нэг бус удаа таарч явсанаа энд хэлэх хэрэгтэй байх . Ингэж л тэд Монгол байхын төлөө, Монгол байх юмсан гэсэн сэтгэлээр тэмцэж байдаг. Хөдөө хаана ч очсон таныг халхаас ирсэн хүн хэмээн хоймороо залаад дал дөрвөн өндөр чанан дайлна. Намайг нэг удаа хүүхэддээ жинхэнэ Монгол нэр өгөөч гэж гуйж байсан. Учир нь ердөө л хүүхэддээ төвд нэр өгөхгүй л гэж тэр байлаа. “Та жинхэнэ халх хүн үү?” хэмээн нүдэндээ нулимастай гарыг минь атгаж байсан малчин яруу найрагч Балмадорж гуайг одоо ч би тодхон санаж байна. Манай энд хит болсон дуу тэнд ч гэсэн хит болж, манайхны тоглоом наргиа тэнд ч гэсэн хүрсэн байдаг. Уулзаж ярилцсан залуус маань халхын шүлэг уран зохиолыг надаас илүү мэднэ. Тэрийг уншсан уу? Үүнийг харсан уу? гэх нь нүүр халмаар.
Бас л бүгдээрээ л Хархорумын туурийг үзэж, тэр бууцан дээр хөрвөөхийг, Бурхан Халдунд очиж мөргөхийг мөрөөддөг. Тэд ар тавин долоон хошуу, өвөр дөчин ёсөн хошуу, Хөх нуур хорин дөрвөн хошуу хэмээн ярьж, өөрсдийгөө тулгын гурван чулууны нэг мэтээр төсөөлдөг. Гэтэл бид тэдний талаар бараг юу ч мэддэгүй. Гэлээ ч тэд үүнд огт санаа зоволгүй бидэнтэй садны холбоотойгоорооо бахархаж, энд Монгол улс байгаад сүсэглэн цайныхаа дээжийг хойд зүг бидний зүг өргөн, шөрмөс шиг болсон Туулын усыг рашаан хэмээн дээдэлж байдаг. Ийм л амьдрал ахуйтай хэсэг монголчууд байдаг чимээг тусгаар тогтносон монгол улсад дуулгаарай гэж тэд надаас хүсэж байсан. Бас Монгол улсад дахин золгохын ерөөл тавин үлдсэн билээ.
Тэд бидний талаар чамгүй сайн мэднэ. Харин бид тэдний талаар бараг юу ч мэдэхгүй. Энэ мэдлэгийн зөрөө манайхныг тун бүдүүлэг байдалд оруулдаг. Мөн энэ бүдүүлэг байдал худгийн мэлхийн үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулдаг нь гачлантай. Гэвч манайхан энэ байдалдаа өчүүхэн ч санаа зоволгүй хэн нэгэн их мэдэгчийн үгээр тэднийг янз бүрээр хочилсоор л байна. Хэзээ бидний үнэний нүд нээгдэж бодит байдлыг олж харан явцуу бодлоосоо ангижирах юм болдоо.

Saturday, March 19, 2011

Бурзайж байна уу? Нинжа нар, тэдний зохион байгуулалт хийгээд амь зуулга


Нэгэн сэдэвт бүтээл маань хэвлэгдсэнд нөхөр Г.Баттогтох ийн тайлбар хийн өөрийн блог дээр тавьжээ.

Дэлхийд бол өндөрт түвшинд гарчихсан, монголд одоо л жинхэнэ утгаараа хөгжиж яваа антропологийн шинжлэх ухаанд нэгэн шинэ ном, шинэ судлаач төрлөө. Ардчилсан монголын нийгмийн нэгэн сонин үзэгдэл болсон Нинжа нарын тухай шинжлэх ухааны түвшинд харж судалсан анхны ном бол “БУРЗАЙЖ БАЙНА УУ
? Нинжа нар, тэдний зохион байгуулалт хийгээд амь зуулга” хэмээх ном юм.

Нинжа аж ахуйн үүсэл, орчин нөхцөл, тэдний зохион байгуулалт, амь зуулгыг нийгмийн бүтцийн талаас задлан тайлбарлаж онолын баттай ноттой гаргалгаа дэвшүүлж тавьсан энэ номыг ийм тийм хэмээн дүгнэж хэлэх бөх зүрх, мэдлэг чадвар надад үгүйн учир нийгэм-соёлын хүн судлалын чиглэлийн эрдэмтдийн хэлсэн үгийг дайж байна. Тэд лавтай “нэг юм” хэлсэн буй заа.

Нинжагийн хатуу дотоод зохион байгуулалтын хүч, тогтворгүй хөдөлгөөнт шинж чанартай зэргээс болж нийгэм соёлын антропологийн оролцон ажиглах арга гэх мэт судалгааны арга зүйг хэрэглэн бодит чанарын судалгаа хийхэд үнэхээр хүнд, амаргүй гэгддэг юм. Үнэндээ, нинжагийн тухайд удаан хугацааны хээрийн судалгаан дээр тулгуурласан судалгаа бүтээл тун цөөн байгаа нь өнөөгийн бодит байдал билээ. Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн туршлага, өргөн хүрээний сүлжээ, урт удаан хугацааны хээрийн шинжилгээний үр дүнд, нарийн чухал мэдээ материал цуглуулж чадсан төдийгүй, өөрийн туршлагын байр сууринаас, судлаачийн нүдээр нинжа болох шалтгаан, нинжагийн зохион байгуулалтын онцлог, үйл ажиллагааг нийлбэр цогц байдлаар, өргөн цар хүрээнд авч үзэж чадсан хэмээн дүгнэж байна” гэж Осака Их Сургуулийн Профессор Сэцэнхүү бичжээ.

Харин МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Бум-Очир: “Онолын хувьд Мэтэ Хай малчин залуучууд нинжа болохыг эцэгчлэлийн дараасаас гарч бие дааж өөрийн гэсэн орлоготой, эрх мэдэлтэй болж амьдрах эрмэлзлэлээс үүдэлтэй гэж тайлбарласан. Харин Г.Мөнх-Эрдэнэ энэ асуудалд өөрөөр хандаж нинжа нар ч гэсэн гэр бүлээрээ эцэг эхтэйгээ алтны газар ажиллаж тэнд нь ураг удмын тогтолцоо, эцэгчлэлийн тогтолцоо хэвээр үргэлжиж байгаа баримт оруулан Хайгийн онол нинжа нарын онолыг тайлбардаж болох олон онолын нэг нь юм гэдгийг харуулсан. Цаашлаад тэрээр алтны газар гэдэг бол эмх замбараагүй, хөл толгойгүй, эх захгүй нийгмийн бүлэг биш харин туршлага дээр үндэслэн тогтсон өөрийн онцлог бүхий нийгмийн захиргаатай, зохион байгуулалттай байдаг талаар өгүүлсэн. Энэ мэтчилэн түүний энэ судалгааны бүтээл нийгмийн гүнд нь орж хийсэн угсаатны зүйн эх сурвалжтай, онолын түвшинд тайлбар өгөхийг хичээсэн, цаг үеэ олсон дорвитой ажил болсон байна гэдгийг уншигч танаа сонордуулахад таатай байна” гэж бичжээ.

Япон Улсын Засгийн газрын Какен байгууллагаас санхүүжүүлсэн, Осока Их Сургуулийн болон Монгол Улсын Их Сургуулийн багш нарын хараанд өртөөд буй бүтээлийн зохиогч Г.Мөнх-Эрдэнэдээ амжилт хүсье. Хийж бүтээх гэсэн чин хүсэл, авьяас билиг байгаа цагт “жинхэнэ” бүтээлүүд энэ мэтээр ундрах болтугай.

Номыг бүтнээр нь доорх холбоосоор орж харна уу. https://drive.google.com/file/d/0BxtK2_kGmyqUclpmNTF1bkFzaDg/view?usp=sharing

Tuesday, March 8, 2011

СЭХЭЭТНҮҮДИЙН АЖИЛ ХАЯЛТ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭГҮЙДЭЛ

Яг нэг жилийн өмнө энэ нийтлэлийг бичиж байлаа. Өөрийн блог, бас tsahimurtuu.mn дээр тавигдаж байсан юм. Нийлээд их шүүмж, бас эсэргүүцэл дагуулж байж билээ. Бидний хэлсэн санааны үнэ цэнэ одоо ч алдраагүй байгаа тул дахин нийтэлж байна.


Өөрийн гарт барьсан зул
Өрөөлийн нүдэнд гэрэл болдгийг сана.
Шастирын үг
Хүмүүс завгүй байна... Тэд ямар нэгэн юм хийгээд л завгүй байгаа даа. Аав нь хүүтэйгээ уулзах завгүй. Хүү нь ч гэсэн аавтай уулзах завгүй. “Нялхсыг угтаж, өтгөсийг үдээд өчүүхэн ч чөлөө завгүй байна” Монголчууд. Ямар нэг юм хийгээд завгүй байдаг хүмүүст, ялангуяа тэр ямар нэг юм нь ямар ч юм биш байдаг хүмүүст үүнийг зориуллаа.
Сэхээтнүүд, оюунлагууд эзгүй хойгуур дүр эсгэгчид сэхээтэн болж орлон тоглож байна. Хүний нийгмийн гэлтгүй аливаа нийгмийн байгуулалд ч цөөн хэдэн манлайлагчид байж олонхоо чирч явдаг нь жам ёсны зүйл юм. Харин өнөөгийн Монголд өнөөх чирэгдэж явдаг хэд нь манлайлагчид болж, оюунлагуудын оронд суучихаад өчүүхэн ч чөлөө завгүй орлон тоглолт үзүүлж байна.
Өнөөдөр хэн сайн орлон тоглож чадсан нь эрх мэдэл, албан тушаал, мөнгийг хүслээрээ олж, хүүхэн шуухан сольж, морь мал уралдуулсан шиг зугаацан амьдарч байна. Түүхийн будангуй салхинд үе үе ингэж “айл гэр” болж тоглосоор ирсэн нь ажиглагддаг. Харин тэр орлон тоглогчид оюуны салбарт гар хөлөө дүрж, тухалж суугаад жинхэнэ шилдгүүдийг, оюуны жинхэнэ гигантуудыг шахаж байгаа нь хэрээс хэтэрлээ.
Монголын шинжлэх ухааныг “Арлын буюу Робинзон Крузогийн шинжлэх ухаан” гэж нэгэн судлаач сануулсан нь бий. Тэр л арлын шинжлэх ухааны үхширмэл арга барилаа нэгэнт өөрчилж, салхи савир оруулах цаг хэдийнээ болчихоод байхад өнөөх л орлон тоглогчид үхэн хатан зууралдсаар байна. 1990 он хүртэл бид арлаа сайн судалсан, шинжлэх ухааны арал буй болгож чадсан. Харин одоо аль болох шинээр, аль болох өөрөөр харах цаг нэгэнт болчихжээ. Далан жил бичсэн. Далан жил бие биеэ магтан дуулсан. Ямар сайндаа л “Чойбалсангийн тавин насны ойд зориулсан шүлэг” бичээд төрийн шагнал авч байхав дээ. Хорин жил давтан бичсэн. Хорин жил мөн л бие биеэ магтан дууллаа. Энэ төөрөгдлийн хорин жилд сэхээтнүүд ажил хаяж, орлон тоглогчид сэхээтнийг дүрд тоглохыг оролдож, аль хэдийнээ орлон тоглогчдын хүчирхэг арми буй болж, ардын болон төрийн шагналтнууд гэгдэж, цаашлаад академич хүртэл болж амжжээ.
Монголд шинжлэх ухааны судалгаагаар тэргүүлдэг Монгол Улсын Их Сургуульд дөч, тавин жил багшийн дүрд тоглож, нэг ч бүтээл гаргаагүй хүн эмээд нь ярьсан үлгэрээ XXI зууны ач охинд нь ярьсаар байна. Мөн хорин жил их сургуульд багшилсан бас нэг орлон тоглогч ном нэртэй цуглуулга хийж оюутнууддаа шахаж байна. Монголын ШУА-д хорин жил ажиллахдаа гялтайх ганц өгүүлэл бичээгүй хүн доктор болж байна. Толгойтой бүхэн нь завгүй байхын тулд магистр хамгаалж, их дээд сургуулийн диплом цуглуулан тоглож байна. Ийм л үнэ цэнэ, эх адгаа алдсан завгүй хүмүүсийн хаанчлал газар авлаа. Монголын оюуны салбарт тэргүүлдэг энэ байгууллагуудад ийм хүмүүс ингэж тоглож байхад өөр бусад нь бүр нэмэргүй байгаа даа. Тэд шинжлэх ухааны нэр хүндийг шавар шалбаагт хутгаж хаясанаараа шинжлэх ухаанаас хол олон нийтийн дунд шинжлэх ухаан гэж ийм муухай юм байдаг гэсэн мэссэж тарааж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр мэссэнжэрдэж, орифлеймын бараагаа бие биедээ шахахдаа уран үгээ барж, бохь зажлахаас өөр юм хийхээ больсон тэднийг уг үндсээр нь өөрчлөх цаг нэг болсныг дахин сануулах юун. Тэд, орлон тоглогчид тэр ажилдаа завгүй, тэр ажилдаа дэндүү хайртай. Учир нь тэд өөр юм хийх чадваргүй болтлоо завгүй ажилласан юм. Хамгийн харамсалтай нь сэхээтнийг орлогчид шинэ хүмүүст боломж өгөхгүй байхыг, эсвэл яг өөр шигээ зэрэмдэг байхыг шаардаж, арал дээрээ амар жимэр завгүй мэт амьдрахыг хичээсээр байна. Тиймээс “дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг. Харин өөрийгөө бусдаас ялгаатайг мэддэг агуу их хүмүүс бол үнэнчээр зүтгэх ямар нэгэн дээд зарчим хийгээд өөрөөсөө илүү хүмүүсийг үргэлж хайж явдаг” гэж Ортега-и-Гассет хэлсэн юм.
Шинэ л байхгүй юм бол дахин давтаад юу хийнэ. Далан жил, дахиад хорин жил улиглалаа. Бидэнд өнөөдөр Цэдэнбалын ардчилсан хувилбар хэрэггүй, төрийн шагналт, яамны тэргүүний ажилтан, алдарт уран зохиолч, таван жилийн гавшгайч гэсэн одон медалдаа дарагдах шахсан хүмүүсийн муухан хуулбар ч хэрэггүй, багшийгаа хуулж өөрийнхөө нэрийг тавьдаг эрдэмтний орлон тоглогчид бүр ч хэрэггүй. Харин аугаа Фукогийн онолыг үгүйсгэсэн онол үндэслэсэн монгол залуу, аавынхаа шүлгийг дууриаж бичдэггүй Хасар шиг л хүмүүс хэрэгтэй. Шинжлэх ухааны салбар, оюуны нэр хүндийг ганцхүү жинхэнэ жүжигчид л аварна. Учир нь амьдрал бол жүжиг гэж Шекспир хэлсэн юм. Орлон тоглогчдод орон зай бүү өг, сэхээтнүүдээ.
Дахиад л улиглан, учирлан гуйя оюунлаг сэхээтнүүдээ. Айн Рэндийн “оюунлагууд ажил хаяа юу”, эсвэл Ц.Хулангийн “Сэхээтнүүд минь хаа байна” гэсэн үгсийг дахин сануулмаар санагдлаа. Уул нь сэхээтэн гэдэг хүн бусдыг сэхээрүүлж, сэнхрүүлж, гэгээрүүлж явдаг баймаарсан. Даанч манай сэхээтнүүдийн “ажил хаясаар” удаж байна даа. Х.Тэмүүжин олон өгүүлэлээрээ энэ бүхнийг дахин дахин сануулсаар атал салхи хөдөлж дарцаг дэрвэхгүй байсаар л байгаа бус уу. Шинжлэх ухаан гэсэн энэ том нэр хүнд дээр хоёр хөлөөрөө дэвсэн чарлачихаад, хэнэгчгүй алхаж байгаа олон дүр эсгэгчид байх болж. Тэдний ухаангүй марзан аяглал газар авч, тархинд хүрч байхад оюунлаг сэхээлэг хүмүүс үүний эсрэг дуугарах нь битгий хэл аялдан дагаад байх шиг. Эрдэмтэн гэхээсээ гандангийн дэнжийн төлөгч шиг загнах эдгээр хүмүүс өөрөө ч учрыг нь олоогүй үзэл санаандаа бат итгэж, дутуу иссэн айраг шиг гөлийсэн бодлуудаа хаа сайгүй тарааж байна. Харин энэ бүхнийг нь маргаантай гэсэн хүнийг тэд мангар гэж цоллож таваа хангаж байгаа нь эрүүл үнэн үг хэлсэн нь биш эргүү гөжүү зүйл ярьсан нь өндөрт гарсанаар ил байгаа шүү дээ. Эрүүл саруул ухааны өмнөөс эргүү солиорол зогсож, бүр даван гарах гээд нүүрээ улайлган нүдээ бүлтийлгэн дүлж байхад, оюунлагууд буланд зогсоод буудуулах гэж байгаа буруутан шиг дуугүй л нүдээ бүлтийлгэн гараа өргөж байх нь сонин юм.
Шинжлэх ухааны тодорхой нэгэн салбарт арав хорин жил ажилчихаад дөмөгхөн нэг өгүүлэл бичиж чадаагүй байж, бусдын хийснийг үгүйсгэж шүлсээ үсчүүлэх тэдэнд сайхан байгаа болтой. Угтаа бол энэ байр суурь нь түүнийг ядахдаа ажлаа сайн хийгээрэй, чадвал нээлт хийгээрэй гэсэн утга бас давхар агуулдагийг мэдмээрсэн. Нэмэр болохгүй бол нэрмээс болж, “гүйсэн нохойд” саад болохгүй байхыг сануулж байгааг бодмоорсон. Эрдмийн энэ том байр суурийг цалинг нь өгч, өөрийг нь тэжээдэг газар мэтээр ойлгосон энэ хөөрхийс хэзээ үнэнийг ойлгож нүүрээ улайлган буруугаа хүлээх юм бол доо. Би чадахгүй юм байна гэж хэлчих зориг тэдэнд байхгүй шиг чи болохгүй байна гээд хэлчих зориг зүрх сэхээлэг хүрээнд бас алга уу.
Энэ бүх хаягдсан орон зайн дээр сайн дурынхан гарч ирээд, таанц иргэн, толгойгоо эргэтэл хөөрцөглөж байхад, сэхээтнүүд хаа байна. Хэн дуртай нь өөрийгөө эрдэмтэн, академич хэмээн цоллон, “цагаан яс”-аараа гайхуулж байхад Бруно шатаагдсан амиараа, Галиолей шүүгдсэн нэр хүндээрээ хамгаалж байсан шинжлэх ухаан дуугүй л байх юм. Хэдэн үлгэр цээжээр хэлдэг өвгөн өөрийгөө “угсаатан судлаач”, аавынхаа мөнгөөр костюмаа авч өссөн хүүхэд хэдэн мөр юм бичээд утга зохиол шүүмжлэгч болж байхад хэн ч юу ч дуугарахгүй байгаа нь юуны учир вэ. Бидний зорьж зүтгэж байгаа зам ийм хямдхан юм уу. Энэ бүх балайрал шинжлэх ухааны нэр хүндийг унагаж байна. Хүмүүс шинжлэх ухаан ярьсан хүнийг гажигтай мэтээр ойлгож, бараг номын цагаан солио гэж хүлээн авч байхад, эсрэг талд нь харин элдэв хадуурал мэргэ төлөг газар авч дээр дооргүй түүнд итгэн хошуурах болж. Яг л дундад зууны европын харанхуй байдал манайд ноёрхож байх шиг. Шинжлэх ухааныг ойлгоход сэхээлэг гэгээлэг ухаан хэрэгтэй шиг энэ бүх тэнэглэлийг ойлгоход түүнээс тэнэг байх хэрэг гарах байх даа харамсалтай нь. Энэ бүхнийг ажлаа хаясан оюунлаг, сэхээлэг хүрээнийхэнд зориулав. Нэр зүүгчид “романтик хортон” адил ухаарах сэтгэхүйгүй билээ. Иймээс тэдэнд үг зориулах ч хайран байлаа.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...