Saturday, January 1, 2011

НИЙГЭМ СОЁЛЫН АНТРОПОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: ОРОЛЦОН АЖИГЛАЛТ

www.wikipedia.com нээлттэй нэвтэрхий толийн зарим мэдээллийг ашигласан болно.
Оролцон ажиглах (participant observation) арга зүй нь нийгэм, соёлын антропологийн ухааны судалгааны гол арга зүй гэж болно. Тус арга зүйг энгийн үгээр тайлбарлах гэж оролдвол судлаач судалж буй тухайн судлагдахууныхаа дунд хамгийн багадаа арван хоёр сар суурин сууж, хамт амьдран, тэр нийгэмд уусан орсоны үндсэн дээр мэдээлэл цуглуулах юм. Яагаад заавал тийм урт хугацаагаар суух хэрэгтэй гэж, судалгааг анкет бэлтгээд номын санд сууж байгаа оюутануудаар бөглүүлээд үр дүнг нь гаргаж болох биш үү гэж хүмүүс асууж болох юм. Мэдээж зүгээр бодож үзэхэд тийм ч байх. Гэхдээ антропологит хүний соёл амьдрал гэдэг зүйл ямар нэгэн “тойрог” (манай соёлд бол 2 сард цагаан сар, хавар мал төллөх, сургууль төгсөх, зун бол хүмүүсийн амрах улирал, намар хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөл бол дулаан хувцас, ес эхлэх, зулын хорин таван гэх мэт) байдаг тул тэр тойргийг бүрэн таньж мэдэх, уг соёлын мөн чанарт нэвтрэхийн тулд их хугацаа хэрэгтэй гэж үздэг. Мөн уг соёлд анх очиж судлах хүн эхэн үедээ ямар нэгэн байдлаар “зочин” байж тухайн соёл түүнээс өөрийн үнэн бодит амьдралын хэвшилийг далдалж байдаг байна. Харин энэ мэт удаан хугацаа зарцуулснаараа судлаач уг соёлын гүнд орж тэр соёлын “нэг хэсэг” болдог аж. Ийнхүү бий болсон мэдээлэл нь илүү үнэнд ойр байж, бусад өнгөц оюун дүгнэлтээс ялгардаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Оролцон ажиглах арга зүйг Польш гаралт Английн антропологич Бронислав Малиновский (Bronisław Malinowski) түүний шавь нар, АНУ-ын Франц Боас (Franz Boas) болон түүний шавь нарын антропологийн судалгаанд үр хөврөл нь байсан гэж үздэг. Зарим судлаачид эдгээр алдартай антропологичдоос өмнө уг арга зүйн эх сурвалж XIX зууны үед Франк Хамилтон Кашинг (Frank Hamilton Cushing) Зуни (Zuni) индианчуудыг судлах судалгаанд байсан ч гэдэг. Гэвч Бронислав Малиновский (Bronisław Malinowski), Эдвард Эванс-Притчард (Edward Evans-Pritchard), Маргарет Мийд (Margaret Mead) нарын судалгааны дараагаар тус арга зүйг илүү өргөн дэлгэр ашиглах болсон бололтой. Энэ нь судалж буй хүмүүсийнхээ дунд удаан хугацаагаар суух, тэдний ахуй амьдралыг хажуугаас нь бодитоор харах, амьдралд нь өөрийн биеэр оролцох, бүхий л мэдээлэлээ анхдагч эх сурвалжаас авах арга зүй болсон юм. Өөрөөр хэлбэл антропологийн тулгуурь зарчимуудын нэг болох “ямар нэгэн онол бодож олоод, тэр онолдоо таарсан нийгэм соёлыг хайх бус, харин ч аливаа нийгэм соёлыг ул суурьтай судлаад тэрхүү судалгаанаасаа онол гарган ирэх” гэсэн санаа энэ үеэс биелэлээ олсон юм. Антропологит судлаач хүн амьдрал дундаас амьдралыг тайлбарласан онол гаргах ёстой гэж үздэгээс бус, алив нэгэн сэтгэгчийн хэлсэн, бодит амьдралд төдий л таарахгүй байх нь олонтаа, жирийн хүний арьс маханд мэдрэгдэхгүй “сансарын” гэмээр үзэл санаанд таарсан амьдрал хайж явдаггүй билээ. 
1970-аад оны Барууны нийгмийн шинжлэх ухаанд шинэ онол үзэл санаа ихээхэн хүчтэй тархаж байлаа. Тэдгээр шинэ онолууд болох постмодернизм, дисконстракшин зэрэг нь оролцон ажиглах арга зүйн дутуу талуудыг шүүмжлэн өөрийгөө хянан засварлах сануулга өгсөн гэж болно. Тухайлбал судлаачид оролцон ажиглах арга зүйг ашиглан судалгаа хийхдээ үнэхээр хөндлөнгийн хоёрдогч байдлаас хандаж чадаж байна уу. Цуглуулсан баримт сэлт нь үнэхээр үнэн үү, аль эсвэл судлаачийн харсан л өнцөг үү, судлагдсан соёлын дуу хоолой хэр зэрэг түвшинд байна гэх мэтээр асуудал өрнүүлж байжээ. Үнэхээр ч антропологийн шинэ шинэ судалгааны талбарт судалгаа хийхэд оролцон ажиглах арга зүй дутагдалтай тал гаргаж байлаа. Жишээ нь: эхэн үеийн хүн судлаачид судалж буй хүмүүсийнхээ хэл, ёс заншлын мэдэхгүй, тэр бүхэнд суралцахад их цаг зарцуулж байжээ.
Олон нийт судалгаа хийх гэдгийг ямар нэг анкет бөглүүлэх мэтээр хялбарчлан ойлгох гээд байдаг талтай. Гэтэл антропологи дахь оролцон ажиглах арга зүйг ашиглан судалгаа хийнэ гэдэг энгийн үгээр бол судалж байгаа хүмүүстэйгээ удаан хугацаанд хамт амьдрах хэрэгтэй болдог. Ийм маягаар олж авсан мэдээлэл илүү анхдагч шинж чанартай, судлаачийн өөрийн мэдлэг болдог. Судлаачийн хамгийн гол үүргүүдийн нэг бол тухайн соёлыг хөндөхгүй байх юм. Судлаач урт хугацаагаар уг соёлд сууна гэхдээ гадны нүдээр тухайн соёлоо харж байхаа хэзээ ч мартаж болохгүй. Мөн өөрийн соёлын хэмжүүрээр судалж буй соёлоо шүүж болохгүй. Энэ мэт байдлаас тус соёлдоо бүрэн оролцох гэж хичээх хэрэгтэй. Энэ бүхний дараа цуглуулсан мэдээлэл дээрээ аль болох уян хатан дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. Хэтэрхий тууштай дүгнэлт нь тэр бүр үнэнд ойр байдаггүй учир нь хүний амьдрал гэдэг өөрөө ихээхэн хөдөлгөөнтэй хаанаас нь харж байгаагаараа дүгнэлт хэлж болдог зүйл. Уг арга зүйг ашиглан судалгаа хийх явцад хамгийн том ажил бол магадгүй хээрийн шинжилгээний тэмдэглэл хөтлөх болох байх. Тэмдэглэл нь хоёр янз байж болно. Нэг нь илүү өөрийн хувийн дүгнэлт сэтгэл хөдлөл орсон, нөгөө нь илүү эрдэм шинжилгээний байж болох юм. Гэхдээ хувь хүний онцлогоосоо болоод нэг дэвтрийг хоёр хуваагаад бичиж ч болох байх. Мэдээж гол зарчим бол аль болох дэлгэрэнгүй тэмдэглэл хийх, учир нь хүний оюун ухаан мартдагийнхаа хүчинд л санаж байдаг юм. Мэдээж онцгой содон санагдсан санаагаа бусад онол саналтай харьцуулж үзэх хэрэгтэй. Мөн өөрийн тэрхүү санаагаа судалж буй соёлд чинь хамаатай байна уу, аль эсвэл соёл бүхэнд хамаатай түгээмэл шинжтэй байна уу гэдгийг анхаарч болно. Тэгээд бүх мэдээллийнхээ уялдаа холбоог сайтар нягтлах хэрэгтэй болов уу.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...