Friday, March 9, 2012

Ижилсэл дэх өргөн хэрэглээний барааны мөн чанар: Монголын хомсдол ба Монгол бусын илүүдэл


Д.Бум-Очир
Монгол Улсын Их Сургууль
Нийгэм, Соёлын Антропологийн тэнхим
Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн
Эрдмийн тэтгэлэгийн хөтөлбөрийн судлаач 


Удиртгал

        Хөх нуурын Дээд Монголчуудын[1] дунд арван хоёр сарын турш хийсэн хээрийн шинжилгээний ажлын минь явцад хоногшиж үлдсэн хамгийн гүн сэтгэгдэл бол тэдний үндсэрхэг үзэл юм. Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл онцгой хурц байсан нь судлаач миний гайхширлыг ихээр төрүүлж, анхаарал татсан билээ. Өөрийн эрхгүй Дээд Монголчууд миний мэдэх бусад Монголчуудаас илүү үндсэрхэг үзэлтэй мэт санагдаж байлаа. Иймээс энэхүү илтгэлд тэдний үндсэрхэг үзлийг өдөөж байгаа эх сурвалжийг судлан үзэж, тайлан тайлбарлахыг зорьсон юм. Тэр тусмаа энэ нутаг орон монгол болон монгол бус улс төрийн бүлгүүд болон хуваагдаж байх бөгөөд монгол бус гэдэгт нь Хятад, Төвд, Хотон, Салар үндэстнүүд ордог. Нэгэнт олон талаараа хавчигдмал орчинд буй монгол соёлд өсөж байгаа залуу үеийнхэн Монголоо гэх сэтгэл, хүндэтгэл ихтэй болж төлөвшдөг. Энэ утгаар авч үзвэл, тэдний үндэсний үзэл нь уугал соёлоо хадгалж үлдэх гэсэн хүсэл сэтгэл хэмээн тодорхойлж болно (Bumochir 2009: 266).   
          Монголын үндсэрхэг үзлийн нэгэн томоохон онцлог чанар бол соёл, ард түмэн минь Орос, Хятад, Америк зэрэг бусад хүчирхэг их гүрний соёл, ард түмний дотор уусан орж, хайлан үгүй болох вий гэсэн айдас байдаг (Kaplonskii 2000: 329, 357-358-г бас үзнэ үү). Дээд монголын үндсэрхэг үзэлд ч мөн ийм айдас байдаг. Дээд Монголтой харьцуулахад, Монголын үндсэрхэг үзэл дэх энэ айдас цөөхөн хүний зарим нэгэн үйл ажиллагаа юм уу хүмүүсийн аман яриа, бодол санаанд ямар нэг хэмжээгээр оршихоос биш, түүнээс илүүгээр илрэн гарч, бодтой ажил хэрэг, үйл явдал болох, эсвэл хүн бүрийн мөрдлөг болон хэвшсэн зүйлгүй байдаг. Энэхүү даяарчлалын (globalization) эрин үед Монгол соёл бусад соёлын адил хувьсан өөрчлөгдөж, гаднын олон улс үндэстний соёлтой ижилсэн адилсаж өөрийн өвөрмөц өнгө гэрээгээ тодорхой хэмжээгээр алдаж байгааг “хайлах”, “үгүй болох” гэж хүмүүс ойлгодог. Дэлхийн бүхий л үндэстэн, угсаатнуудыг энэ асуудал тойрч бус, дайрч өнгөрдөг нь соёлын хөгжлийн байдал гэж болох бөгөөд ийм байдал Дээд Монголчуудыг ч нөмрөөд байгаа юм. Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл хурцадмал байгаагийн гол шалтгааныг ажиглавал, дээр дурдсан “айдас” нь айдас төдийхнөөс хэтэрч, бодит байдал болоод байгаа явдал юм. Чухам ямар бодит байдал вэ гэхлээр, монгол гэсэн тодотголтой бүхэн цөөрч хомсдож байгаа явдал буюу өөрөөр хэлбэл, тэд бол Хятад улс дахь Төвдийн мужид аж төрж байгаа цөөн тоот үндэстэн юм гэдгээс тодорхой харагдана (үүнтэй төстэй тохиолдол дахь ижисэлд гарч байгаа өөрчлөлтийг колоничлолд үзүүлж байгаа хариу үйлдэл гэсэн утгаар Кастайл авч үзсэн байдаг, Castile 1996). Тэд ч үүнийг ухамсартайгаар ойлгож байгаа бөгөөд өөрсдийнх нь үгээр “Бид нэг хар Төвд боллоо, хоёр дахьдаа хар Хятад болж байна”[2] гэлцдэг. Хэнань хошуунд оршин суудаг, хүн амын бараг тал хувь буюу гучин таван мянга орчим Дээд Монголчууд бүхэлдээ Төвд хэлт монголчууд болон хувирчээ. Бусад Дээд Монголчуудад нүднээ илт сургамж болох энэхүү “монголын хомсдол” нь “жинхэнэ монгол” бүхэнд дурлах сэтгэлийг төрүүлж, үндсэрхэг үзэл, монгол гэдэг гэдэг ижилслээ тодорхойлох эх сурвалж болдог. Үүнээс үзвэл ижилслийг тоолж тоочиж болдог мөн чанартай болж таарна. Ийнхүү тоон чанартай хэмжээс гаргаж ирэх нь цаашлаад өөрсдийгөө болоод бусад монгол угсаатныг хэр их эсвэл хэр бага монгол болохыг тодорхойлох шалгуур үзүүлэлт болдог. Энэ шалгуураар тэд өөрсдийгөө монгол гэгдэх өнгө төрх, онцлог чанараа алдан монголын хомсдолд орж, монгол гэгдэх үндэстний ижилслээ алдаж байгаад тооцдог. Тийм ч учраас өнөөгийн Дээд Монголчууд өөрсдийгөө Хятад, Төвдийн хавчилгад байгаа, устаж үгүй болж буй монголын тасархайн сүүлчийн үе гэж тодорхойлдог. Энэ Хятад, Төвдийн нутагт Хятад юм уу Төвд байх нь албан тушаал дэвшиж, өндөр цалинтай сайн ажил олоход хэрэг болдог бөгөөд монгол байх нь хэнд ч ашигтай тустай биш, хэрэгцээгүй ижилсэл болжээ (Bumochir 2009: 263).    
         Энэхүү итгэлдээ би Дээд Монголчууд үндэстний ижилслээ хэрхэн бүртгэн тоолж, улмаар Монгол гэгдэх шинж чанарууд нь хорж хумигдсаар байгааг ухаарч, энэ ухаарал тэдний үндэстний ижилслийн мэдрэмжид хэрхэн нөлөөлж байгаа талаар өгүүлэх болно. Дээд Монголчууд хэнийг илүү Монголжуу эсвэл Монголжуу бус болохыг хэдэн зүйлээр хэмжин тодорхойлдог. Энэ шалгуур буюу тоочих шинж чанаруудаар монгол гэдэг ижилслээ бүтээж байдаг. Намайг анх очсон цагаас эхлээд л энэ хэмжүүрээрээ тодорхойлж байсан тул удаж төдөлгүй тэр шалгуурыг мэддэг боллоо. Нэлээд хэдэн зүйлээр Дээд Монголчууд намайг “жинхэнэ монгол” хэмээн тодорхойлсон. Үүний хамгийн чухал шалгуур нь би дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдэг явдал байлаа. Надтай эсрэгцүүлэн жишээд өөрсдийгөө Хятад улсад аж төрдөг тул миний хэмжээнд хүрэхүйц жинхэнэ монгол биш гэж үзэх тал бий. Хэдийгээр үнэн хэрэг дээрээ жинхэнэ монголыг хэрхэн хэмжих, жинхэнэ монгол гэж чухам хэн болохыг тодорхойлох боломжгүй ч, тэдний хувьд хамгийн чухал нь монгол цустай, монгол ястай байхаас гадна Монгол Улсын иргэн байх явдал байлаа. Үүний дараах томоохон хэмжүүр бол өдөр тутмын амьдралаа залгуулж аж төрөхийн тулд харийн хэл сурах алба байдаггүй, зөвхөн монголоороо ярихад болдог Монгол Улсын шинж бөлгөө. Харин тэд гэрийнхээ босгыг давсан л бол монголоор ярьж амьдрах аргагүй, мухардалд орно. Монголыг монгол байлгадаг дараагийн онцлогуудад нүүдлийн мал аж ахуй, шүтлэг бишрэл, дунд сургуулийн боловсрол, монгол бичгийн хэрэглээ зэргийг тоочдог. Энэ шалгуураар, хөдөөгийн малчин айл хотын монгол айлаас илүү монгол болох жишээтэй.                      
     Дээр дурдсан мөн чанарууд бол нэг ёсны ижилслийг тодорхойлох хэрэгсэл бөгөөд үүгээр хүмүүсийн жинхэнэ эсэхийг буюу хэр хэмжээгээр харьжсаныг үнэлэн хэмжиж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр бүх шинж чанарыг Монгол гэгдэх хэн бүхэн эзэмшин эрхшээж агуулж байх учиртай ажээ. Бүгдийг нь биш гэхэд ядаж заримыг нь агуулж байвал Монгол гэгдэнэ. Энэ нь ижилслийг судалсан эрдэмтэн Байроны (Byron 1996) үзсэнээс тэс эсрэг чанартай болж байгаа юм. Байрон хүмүүсийн ижилсэл гэдэг бол хүний эзэмшиж (possess) байдаг зүйл гээд, цааш нь энэхүү эзэмшиж байгаа онцлог шинж нь тухайн ижилслийн бүлгийн гишүүн болсноор бий болдог  (Byron 1996: 292) гэжээ. Харин Дээд Монголчуудын хувьд бол яг эсрэгээр буюу эзэмшиж буй онцлог шинж нь тэднийг тухайн ижилслийн бүлгийн гишүүн гэж тооцох эсэхийг шалгах хэмжүүр болж байна. Тус илтгэлийн угсаатны зүйд олонх Дээд Монголчуудын хувьд өмнө дурдсан монгол гэгдэх элементүүд хомсдож үгүй болоод байгаа талаар өгүүлнэ. Энэ бол нэг талд монгол гэгдэх зүйлс хомсдохын сацуу нөгөө талд хятад, төвд гэгдэх шинж чанар нэмэгдэн элбэгшиж буй үйл явц юм. Үүнчлэн төр засаг, нийгмийн зохион байгуулалт зэрэг олон хүчин зүйл үндэстний ижилсэлд халдаж, адилсан уусах үйл явц нүүрлэх нь эргээд ижилслийн мэдрэмж сэтгэлгээг өөрчлөх, тэр мэдрэмжийг бий болгон идэвхжүүлдэг гэдэг дүгнэлт рүү хөтөлж байна. Тус үйл явцыг хоёр жишээгээр авч үзэх бөгөөд үүний нэг нь хятадын соёлын нөлөө, нөгөө нь төвдийн нөлөө юм. Аль ч жишээ Монгол нь хэрхэн хомсдож, Монгол бус нь хэрхэн элбэгшин илүүдэж байгааг харуулах болно. Монгол хэмээн нэрлэж болох зүйлс эрс ховордоод хэцүүдэж байхад үүнтэй яг зэрэгцэн Хятад, Төвд болгох хүчин зүйлс эрс нэмэгдэж байгаа агшин тэдэнд хэрхэн нөлөөлж, тэрхүү нөлөөнөөс үүдэн төрөгдсөн сэтгэгдэл ижилслээ хэрхэн бий болгож байгаа тухай өгүүлнэ. Үүнийг эдийн засгийн ухааны түгээмэл нэгэн учир зүйн үүднээс тайлбарлах боломжтой мэт санагдаж байна. Энэ бол нийлүүлэлт ихсэх тусам хэрэгцээ багасдаг гэсэн уялдаа хамаарал. Тодруулбал, ямар нэгэн бүтээгдэхүүний ховор хомс болохыг дагалдан үнэ цэн өснө, харин хэт элбэгшвэл үнэ буурна. Энэ хуулиар Дээд Монголчуудын ижилслийг тайлбарлаж болно. Ингэж үзвэл, ижилсэл гэдэг бол хэр элбэг юм уу хомс байгаагаас шалтгаалан идэвхжин бий болж эсвэл зогсон үгүй болж байдаг эдийн засгийн мөн чанараар тайлбарлагдаж болох зүйл юм (ижилслийг өргөн хэрэглээний бараа мэт үзэж байгаа өөр жишээг Кастаелын судалгаанаас үзнэ үү, Castile 1996[3]).
    Дээд Монголын нийгэм, соёлд нүүрлээд байгаа, тэдний “гамшиг” гэж хэлдэг зүйлийг товчоор “монголын хомсдол” хэмээн тодорхойлж болох юм. Дээд Монголд Монгол хомсдож байгаа зайлшгүй шалтгаан олон бий. Юуны өмнө тэд Өвөр Монгол, Монгол Улс зэрэг бусад олон монголчуудаас газар зүйн байршлын хувьд ихэд алслагдан тасарсан олон жижиг монгол угсаатнуудын нэгэн жишээ юм. Энэ бол зөвхөн газар зүйн алслагдлаар зогсохгүй, соёлын харилцаа, мэдээллийн алслагдал мөн. Иймээс алслагдал нь хомсдолыг бий болгох олон шалтгааны нэг болохыг тодорхой харж болно.
       Зөвхөн сүүлийн хэдэн жилээс л нэг улсад харьяалагдаж байгаа шалтгаанаар  Өвөр Монголтой бага боловч соёлын харьцаатай болж Өвөр Монголын зурагт үзэх, Өвөр Монголд суралцах Дээд Монгол оюутны тоо нэмэгдэх зэрэг холбоо хэлхээ бий болж байгаа ч үүнээс нэг их хэтрэхгүй. Түүнчлэн нэгэнт бичиг үсэг (монгол бичиг) нэгтэй учир ном сонин нэвтрэлцэнэ. Харин Монголын Монголчууд Дээд Монголчууд хоёрын хооронд харилцааны ямар ч хэлбэр байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Намайг 2003 онд анх Дээд Монголд очиход, Монгол улсад ирж байсан хүний тоо нийт наян мянган хүний дотор арав ч хүрэхгүй байхад Монголд түүнээс бүр доор, Дээд Монгол гэдэг нэрийг хүмүүс огт дуулаагүй байсан нь харилцаа ямар түвшинд байсныг илтгэх биз ээ.
         Дээд Монголд хомсдол нүүрлээд байгаа өөр нэг томоохон шалтгаан бол хүн амын тоо. Хөх нуур мужид (Qing hai sheng 海省) далан таван мянга орчим, хөрш Ганьсу мужид ( Gansu) арван мянга орчим Дээд Монголчууд бий гэдэг. Энэ бол хэчнээн саяар тоологдох Хятад, Төвд, Хотонгуудтай харьцуулахад бас л нэг хомсдолын хэлбэр юм.
           
Буддын шашин ба төвдчилөл: Шашинтайгаас шашингүй үзэл хүртэл

       Хуаннань аймгийн Хэнань хошуунд (河南 Henan xian, 南州 Huangnan zhou) гучин хоёр мянга найман зуун Дээд Монгол аж төрдөг (Sarangerel, Yuki 2002: 55, 53, 58, 67) бөгөөд монголоор ярьдаггүй, зөвхөн төвдөөр ярьдаг тухай дээр өгүүлсэн билээ. Дээд Монголчуудын төвджих үйл явцын нэг гол шалтгаан нь Буддын шашин юм. Энэ талаас нь авч үзвэл, тэдний төвджих үйл явц бүр эрт, анх V Далай лам тэднийг Халхын Цогт хунтайж тэргүүтэй улааны шашинтны (rnying-ma-pa) халдлагаас шарыхныг (dge-lugs-pa) хамгаалуулахаар Хөх нуурт 1600 оны дунд үед залж аваачсанаас (Howorth 1876, Oyunbilig 1990, Mi 1996) эхэлсэн гэж хэлж болно. Түүнээс хойш Хошуудын (Дээд Монголчуудын) хүчийг сулруулах зорилгоор тэдний дотор Төвдүүдийг нүүлгэн авчирч суурьшуулж байсан Чин улсын бодлого ч төвджих үйл явцад чухал нөлөө үзүүлжээ (Bulag 2002: 39).
      Ийм учраас Дээд Монголчуудад Буддын шашныг эхнээсээ аваад эдүгээ хүртэл дэлгэрсэн “Монгол бус” Төвдийн соёлын зүйл гэдэг хүчтэй сэтгэлгээ тогтсон, ялангуяа залуучуудын дунд түгээмэл шингэсэн байдаг нь (Bumochir 2006: 12) Буддын шашныг монголын шашин гэж сэтгэн үндсэрхэг үзлийнхээ нэгэн зэвсэг болгодог бусад Монголын үндсэрхэг үзлээс (Kaplonski 2000: 350-352, 353) эрс ялгаатай. Дээд Монголчууд Монголд ирээд, Хөх нуураас ирсэн гэхэд хүмүүс Зонхов (tsong-kha-pa) Богдын мэндэлсэн “Бурханы орноос иржээ” гэж хүлээж авах нь цөөнгүй. Гэтэл миний анх Дээд Монголын Зүүн хошуунд очоод гайхсан нэг зүйл бол айлуудын олонх нь бурхан тахилгүй байсан явдал юм. Бурхан тахилгүй байх нь бүх хошуунд адилгүй бөгөөд Зүүн, Тайж нар, Хөрлөг, Хөхөт хошуунд түгээмэл байхад Ван, Банчин шан хошуу зэрэг шүтлэгтэй газар бас бий. Дээд Монголчууд хэдий шүтлэгтэй байсан ч өөрсдийгөө Төвдүүдээс сүсэг багатай гэж мэтгэх бөгөөд үүнийг бид Буддын шашингүй, тиймээс Төвдтэй адилгүй гэж нотлох сэжим болгодог. Төвдүүдийг бодвол сүсэггүй гэдгээ нотолдог нэгэн жишээ бол Хөх нуурын тахилга юм. 2004 оны хонин жил 12 жилд нэг тохиодог Нуурын тахилгын жил байв. Хүмүүс янз бүрийн байдлаар нуурыг тойрон гороолж сүсэг бишрэлээ илтгэж байлаа. Нуурыг бүрэн тойроход нийт 300 орчим километр бөгөөд нуурыг хэрхэн гороолсон нь нэг ёсондоо сүсэг бишрэлийн хэмжээ болж байсан юм. Нуурыг гороолох гурван хэлбэр байв. Зарим хүмүүс машин тэргээр, зарим нь алхаж, сүсэг бишрэл ихтэй өөр нэг хэсэг нь сунаж мөргөн гороолж байлаа. Ихэнх Дээд Монголчууд машинаар гороолсон. Энэ нь хэдхэн цагийн ажил, ихдээ миний нэг өдрийн ажил юм. Миний сонссоноор цөөхөн хэдэн Дээд Монголчууд гороолж алхсан бөгөөд үүнд долоогоос арав хоног зарцуулдаг. Харин сунаж мөргөсөөр гороолсон Дээд Монгол байгаагүй.    
        Хөх нуурын эрэг тойронд сунаж мөргөн гороолж яваа хүнтэй олон таарах бөгөөд тэд дандаа Төвд байх нь санамсаргүй хэрэг биш юм. Надад тэдний нэгтэй уулзаж ярилцах завшаан таарсан билээ. Миний ярилцсан залуу гуч орчим настай, өвдөг, тохойдоо машины дугуйнаас хайчлан авч хамгаалалт болгон зүүж, духанд нь алганы хонхорт багтам хэртэй эвэршсэн үзэгдэх нь газарт мөргөх тоолондоо үнэнхүү сүсэглэсний гэрч тэмдэг байсан юм. Түүнээс зуугаадхан метрийн цаана чирдэг тэргэн дээр ойр зуурын юм хумхан ачсан харагдах нь авч яваа хогшил, амь зуулга нь аж. Залуу хэдэн зуун метр сунаж мөргөөд буцаж, тэргээ чирч авчраад үргэлжлүүлнэ. Харсан хэнд ч үнэхээр сүсэгтэй хүн юм даа гэж эрхгүй бодогдоно. Ингэж гороолох болсон шалтгааныг нь асуувал ар гэрт нь үхэл хагацал, өвчин зовлон нүүрлэж, ядуу тарчигт тулсан тул ийнхүү нүглээ наманчлан Хөх нуурын эзэн лус, бурхан сахиусанд даатгаж аврал эрж байгаа аж. Залуу маань хөрш Ганьсу мужийн харьяат, нуурыг тойрон сунаж мөргөсөөр сар гаран болж байгаа гэсэн. Тэр замынхаа талд л орж байсан юм.
       Нэг ч Дээд Монгол ингэж сунаж мөргөхгүй гэж Дээд Монголчууд итгэлтэй хэлэх бөгөөд өөрсдийгөө Төвдүүд шиг ийм “мухар сохор” шүтлэггүй гэдэг. Энэ талаар өөрсдийгөө Төвдүүдээс ялгаж, бид тэдэн шиг Буддын шашинтан биш, тиймээс бид Төвдүүдтэй адилгүй, “Монгол” хэмээн мэтгэдэг. Төвдүүд Монголчууд шиг мөн л нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Аж ахуйн энэ хэвшлээрээ хоёр үндэстэн ижилсэж байдаг нь Дээд Монголчуудыг өөрсдийгөө тэднээс ялгахад улам амаргүй болгож байдаг. Тиймээс төвджих үйл явцаас хамгаалах цөөхөн замын нэг нь яах аргагүй Буддын шашныг үл хүлээж авах явдал болдог (Shiljilt 2004: 23-39 –г бас үзнэ үү).    
    Дээр дурдсан Төвдийн эсрэг, эсвэл Буддын шашны эсрэг үндсэрхэг үзлээс гадна Дээд Монголчуудын Буддын шашнаас татгалзах болсон өөр нэгэн шалтгаан бол шашингүй үзлийг номлодог марксист, коммунист хүмүүжил олгосон Дундад Улсын бодлого болно. Коммунист хүмүүжил Дээд Монголчуудыг сүсэг бишрэл багатай болгосон нь тэдэнд өөрсдийгөө Төвдүүдээс ялгах боломж олгосон гэж тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл, тэд Марксист үзлийг зөв ашиглаж Төвдөөс ялгарах нэгэн сэжим болгон өлгөж авчээ. Гэхдээ Дээд Монголчууд шашингүй болох үндсийг дан ганц коммунизм, марксизмтай холбон үзэж бас болохгүй юм. Дээд Монголд коммунизм хүрэхээс өмнө тэдний “сүсэг хазайж” эхэлсэн байжээ. Тухайлбал, Өвөр Монголын эрдэмтэн Н.Хурцбилиг 1981 онд Дээд Монголын Тайж хошуунд судалгаа хийж байхдаа үүнийг нотлох мэдээ баримт цуглуулжээ. Түүнийг уулзсан настайчуудаасаа яагаад бурхан тахилгүй байдгийг нь асуухад бидний сүсэг бишрэл аль эртнээс, Хасагийн (Казак) дээрэм довтлох үеэс хазайсан гэжээ. 1940-өөд онд Дээд Монголчууд удаа дараалан хасагийн дээрмийн халдлагад өртсөнийг түүхэн мэдээ баримтаас тодорхой мэдэж болно (энэ талаарх мэдээллийг дараах бүтээлээс үзнэ үү, Bumochir 2006: 163-164). Тэр үед Тайж нар хошууны хийдийн лам нар ном хурж, сор залж Хасагийн дээрмийг зайлуулах арга, аврал хийжээ. Хүмүүс ч сүсэглэн залбирч, дээрэм ирэхгүйд үнэхээр итгэцгээсэн байтал удалгүй Хасагийн дээрэм дахин довтолж, хүн амьтныг алж талан, гэр хүрээг шатааж, мал хуйг нь хөөн оджээ. Ийнхүү итгэн сүсэглэж, аврал шүтээн болгосон бурхан сахиус, сүм хийдийн тахилга гай гамшгийг зайлуулаагүйгээс Тайж нарын “сүсэг хазайсан” гэж настайчууд тайлбарладаг аж.[4] Үүнээс үзвэл, Дээд Монголчуудын шашингүй болсон нь зөвхөн коммунизм дэлгэрснээс биш, түүнээс ч  өмнө энэ мэт янз бүрийн шалтгаагаар “сүсэг хазайж” эхэлсэн байжээ.
Дээд Монголчууд мухар сүсэггүй гэдгээрээ өөрсдийгөө Төвдүүдээс илүү иргэншсэн гэж тодойрхойлдог. Энэ нь нэг талаар төвджихөөс сэргийлж байгаа хэрэг хэдий ч нөгөө талаас орчин үежих цаашлаад хятаджих үйл явц руу хандуулж байдаг[5] боловч энэ тэдний сонголт юм. Дээд Монголчууд эцэстээ Төвд болох уу эсвэл Хятад болох уу гэдэг сонголт тулаад ирвэл олонх нь Хятад болсон нь дээр, учир нь тэд ядаж л хөгжиж дэвших дуртай, харин Төвдүүд хөгжих дургүй гэдэг.
Дээд Монголчуудын сэтгэлгээгээр, Буддын шашинтан байх нь “Монгол бус” болж “Монголыг хомсдуулж” байгаа хэрэг бөгөөд харин Буддын шашинтан биш байх нь монгол бусын илүүдлийг багасгаж байгаа хэрэг болно. Ийнхүү Монгол нь хомсдоод Төвд нь ихсэж илүүдээд ирсэн орчин нөхцөл тэднийг аргагүй шашин шүтлэгээсээ татгалзахад хүргэсэн байна.

Даяарчлал ба хятадчилал: Нүүдлээс суурьшил хүртэл

            Дээд Монголчууд “баларлаг бүдүүлэг” Төвдийн соёлтой ижилсэхгүй давшиж дэвшин, дэвжин хөгжихөөр “орчин үежиж” (modernity) даяарчлалтай (globalization) мөр зэрэгцэх замыг сонгож байгаа нь буруутгах аргагүй шийдэл юм. Энэ бол Төвдөөс гадна Дээд Монголын нийгэм, соёлд хүчтэй нөлөөлж байгаа өөр нэгэн соёлын орчин бөгөөд зөвхөн Дээд Монголд ч бус, харин дэлхий дахинд тулгараад байгаа даяарчлал (globalizatoin) юм. Даяарчлал гэдэг олон оронд өргөн утгаараа өрнө дахины соёлын тархалт байж, өдгөө Америкчилал, Европчилол гэж ойлгогдох нь түгээмэл байдаг бол харин Америк, Европын соёлын нөлөөнөөс алслагдсан Хөх нуурын цайдмын Дээд Монголчуудын хувьд Хятадчилал мэт үзэгддэг (Appadurai 2003: 32-г бас үзнэ үү). Учир нь Дээд Монголын аж ахуйн өнөөгийн хэвшлийг нүүдлийн мал аж ахуйгаас суурьшмал мал аж ахуй, суурин тариалах аж ахуйд шилжиж байгаа үе гэж хэлж болно. Энэ шилжилт мөн л бидний хэлэлцэж буй гол асуудал болох Монголын хомсдол, Монгол бусын илүүдлийн бас нэгэн жишээ юм. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол Дээд Монголчуудын хувьд бусад хөршүүдээсээ, ялангуяа суурьшмал соёлтой хүмүүсээс ялгарч өөрсдийгөө Монгол болгож байдаг соёлын гол хүчин зүйл аргагүй мөн билээ. Аж ахуйн хэвшлийн шилжилт тэдэнд ямар ямар асуудал тулгаж байгааг доор өгүүлье.
            Хөх нуур мужийн төв Шинин (西 Xi ning) хотоос миний амьдарч байсан цайдмын малчин айлд очиход янз бүрийн унаа дамжсаар хоёр, гурав хонож байж хүрдэг. Хөх нуурын баруун талын цайдмын хөндийд оршин суудаг Дээд Монголчууд бусадтайгаа харьцуулахад хамгийн монголжуу, хэл соёлоо сайн хадгалсанд тооцогдоно. Түүхэндээ Хөх нуурын тойрон дахь үржил шимтэй хэсэг нь монгол малжих орон байсан гэх бөгөөд хожим Төвдийн малчид бэлчээр түрэн хөөсөөр Дээд Монголчууд цайдмын хөндийн цөлөрхөг газар нутагшжээ. Хөх нуурын эргээр өнгөрөхөд хашаалсан бэлчээр дотор өвс тарьсан байх нь суурьшиж байгаа Төвд малчид байсан юм. Анх явж байхдаа учрыг нь сайн мэдэлгүй өнгөрч байсан ч удалгүй миний амьдарч байсан цайдмын Дээд Монголчуудын дунд мөн л энэ хэрэг мандсан юм. Энэ суурьшуулах үйл явц хоёр үе шаттай бөгөөд эхнийх нь бэлчээр хувьчлал, удаах нь бэлчээр тариалах явдал байлаа.
            Хөх нуурт 1984-1985 оноос бэлчээр хуваан хувьчилж эхэлжээ. Түүнээс өмнө хамтрал нэгдлийн тогтолцоотой байсан гэдэг. Хэдий хувьчлагдсан гэх боловч бэлчээр улсын өмч хэвээр үлдэх бөгөөд малчид урт хугацаагаар түрээсэлж байгаа гэнэ (Williams 2000-г бас үзнэ үү). Намайг очиход буюу 2003, 2004 оны үед бэлчээр тариалах асуудал хараахан яригдаж эхлээгүй, харин хувьчлагдсан бэлчээрээ тойруулан хашаа татах ажил ид өрнөөд, дуусах шатандаа орж байсан юм. Ингэж хашаалаад, хувьчилчихлаар нүүх боломж эрс хомсдох боловч огт нүүдэллэхгүй гэсэн үг бас биш. Нүүх, хөдлөх үйл харьцангуй хязгаарлагдах ч бэлчээр хувьчилсан байдлаас хамаарна. Зүүн хошууны Монголчууд дөрвөн улирлын бэлчээр хувьчилж авсан. Энэ нь хувьчилж авсан бэлчээр дотроо нүүгээд байж болно гэсэн үг. Үүнийг хагас нүүдлийн хэвшил гэж хэлж болно. Миний байсан айл хоорондоо 25-30 километрийн зайтай хоёр хэсэг бэлчээртэй. Хаваржаа, зуслангийн бэлчээр хоёр нэг дор, талбайгаараа намаржаа, өвөлжөөнийхийг бодвол харьцангуй бага. Учир нь намар, зундаа ууланд оторлож, хувьчлагдсан бэлчээрт саалийн мал л үлдэнэ.
         Айлууд өвөлжөөндөө голдуу байшин, малын дулаан хашаатай, 12, 1 сараас 6 сар хүртэл байшиндаа өвөлждөг. Энэ үед мал өвөлжөө, хаваржаанд бэлчинэ. Зургаан сард айлууд малаа хоёр хувааж, төллөсөн саалийн малаа үлдээж бусдыг нь уул руу оторт авч явдаг. Нэг айл дунджаар 600 малтай, түүний 200-250 орчим нь үлдэж, бусад нь оторлоно. Ууланд хувьчлагдаагүй газар байдаг. Оторт явсан мал тэндээ ойролцоогоор 12 сар хүртэл байх ба тэр хавьдаа мөн л бэлчээр сэлгэн нүүнэ. Харин гэрт үлдсэн мал 6 сард хаваржаанаас гарч зусланд ирээд тэндээ 9 сар хүртэл байдаг. Есөн сард айлууд намаржаанд бууж, 12 сар хүрээд, уулнаас отрын мал бууж ирэхэд нийлэн өвөлжөө рүүгээ нүүдэг (Bumochir 2006: 207).    
            Бэлчээр хувьчлаагүй үеийн нөхцөлтэй харьцуулахад хашаалсан үеийн нүүдэллэх хөдөлгөөн ямар нэг хэмжээгээр хязгаарлагдах нь тодорхой юм. Ийм нүүдэл хөдөлгөөний хязгаарлал айлуудыг суурьших, байшин барих нөхцөлтэй болгоно. Нэгэнтээ нэг л буурь дээр тогтсон газар л өвөлжиж, хаваржиж, зусаж, намаржиж байгаа тул тэндээ суурин орон гэр байгуулах нөхцөл бий болно. Ялангуяа жилийн хагасыг өнгөрөөдөг өвөлжөөндөө байшин барих нь Дээд Монголчуудын хувьд энгийн хэрэг болсон байлаа. Тэр ч бүү хэл, зусландаа байшинтай, эсвэл гэр-байшинтай  айлууд ч мэр сэр нэмэгдэж байсан нь Дээд Монголчуудыг монгол болгож байдаг нэг гол зүйл болох “монгол гэрийн” аж хэрэглээ шахагдан цөөрч улмаар үгүй болох анхны алхмууд бий болж байгаа хэрэг юм.
Монгол орон сууцнаас гадна тэдний мал ч аяндаа суурьшмал нөхцөлдөө дасаж нүүдлийн хөл даахгүй болох тал ажиглагдаж байв. Өвөлжөөнд байшингаас гадна малын “саравч барих” болсон. Үнэндээ үүнийг “саравч” гэхийн оронд “малын байшин” гэж хэлж болно. Тоосгоор барьсан шилэн дээвэртэй “малын байшин” жилийн дөрвөн улиралд нар шарж байдаг цайдамд дулаанаас хэтэрсэн, дэндүү халуун тул тэнд өвөлжсөн мал яваандаа өлчир байхаа больж, хүйтэнд тэсвэргүй болох нь тодорхой. Ийм малын өвөлжөө барихад 30.000 Дундадын төгрөг (RMB). Засгийн газрын зүгээс энэ явдлыг дэмжин тэтгэж, зардлын гуравны нэг болох 10.000 төгрөгийг өгдөг. 
Малаас гадна хүн нь хүртэл нүүдлийн мал маллагаанаасаа хөндийрч байгаа байдал илхнээ мэдэгдэж байлаа. Нэгэнтээ нэг айл хоёроос илүү хүүхэд гаргаж болохгүй хуультай тул мал хариулахад хүн хүч дутдаг. Үүнийг малчин хөлсөлснөөр нөхөж болох ч үр дагавар нь тийм сайн биш. Бараг айл болгон хөлсний малчинтай[6] (энэ талаар дараах бүтээлээс үзнэ үү, Humphrey, Sneath 1999: 167-77), малчин нь дийлэнхдээ хотон, хятад, төвд хүн байхаас монгол хүн байх нь тун ховор (Bumochir 2006: 208). Монгол айлд 10 гаран жил мал малласан гаднын хүн ямар ч монгол хүнээс дутахгүй сайн малчин болдог болон ихэнх монгол залуучууд сургуульд сурч хот хүрээ газар бараадацгаасан байдаг нь мөн л зайлшгүй шахалт юм. Мал мэддэгээр нь хэмжвэл гаднын хөлсний малчин Дээд Монголын зарим залуучуудаас илүү Монгол болж таардаг нь тэднийг эмзэглүүлэх бас нэгэн шалтгаан болдог. Малаа мэдэхгүй бүхэл бүтэн үе хүмүүжиж байгаа нь мал аж ахуй эзэнгүйдэхэд хүргэж байгаа юм.      
     Дээд Монгол залуучууд сургуульд их суралцах болсон нь бэлчээр хувьчлалтай учир зүйн хамааралтай. 1985 оны үед бэлчээр хувьчлахад тэр үед байсан өрх бүрт хувааж өгсөн гэдэг. Тэр үеийн айлууд олон хүүхэдтэй байсан, улмаар хувьчилж авсан газраа хүүхдүүддээ өмчлүүлжээ. Ингэхлээр одоогийн Дээд Монгол айлын бэлчээр бол түрүү үеийн нэг айлын бэлчээрийг наад зах нь гурав хуваасны нэг болно. Тиймээс нэг айлын бэлчээрийн даац хамгийн ихдээ 700 малд хүрэлцэхүйц, тэгвэл үүнээс илүү хөрөнгөжиж баяжих боломжгүй гэсэн үг юм. Бэлчээрийн даац хэтэрвэл цөлжиж, бүр огт бэлчээргүй болох аюул нүүрлэнэ. Харин өнөө үед нэг айл хоёр хүүхэдтэй. Байгаа бэлчээрээ дахиад хоёр хувааж өвлүүлбэл ахиад хоёр ядуухан өрх гарч ирэх нь илэрхий болсон учир айлын хоёр хүүхдийн нэг нь нүүдэлчин малчин тавилангаасаа хүссэн хүсээгүй татгалзаж, амьдралын өөр хэв маягийг эрэлхийлэх хэрэгтэй болдог.
Энэ газар амьдралын өөр хэв маяг гэдэг бол эсгий гэрээр нүүдэллэн мал маллахгүй гэсэн үг бөгөөд “монгол биш” болно гэсэн агуулгатай. Тэр “монгол биш” амьдралын хэв маяг нь даяарчлалын хэв маяг юм. Өмнө дурдсанчлан Дээд Монголчуудын хувьд даяарчлал гэдэг бол “Хятад болох” гэдэгтэй ижил утгатай. Ингэж үзвэл хоёр Дээд Монголын нэгэнд өөрсдийнх нь нэрлэдгээр бол “Хятад болох” зайлшгүй шаардлага ноогдож байгаа хэрэг. Зайлшгүй гэдгийг тодруулбал, Дундад Улсад, хотод орж амьдарна гэвэл хятад хүмүүстэй хамт амьдарна, хятадын “олон нийтийн соёлд” орж амьдарна гэсэн үг юм. Оршин байгаа “олон нийтийн соёл” тэдний ижилслийг (identity) тодорхойлох гол хэмжүүр болно. Хотын амьдралд хөл тавьж хүнээс дутахгүй амьдрахын тулд өрсөлдөөнийг давах ёстой. Тухайлбал, сайн боловсрол эзэмших, Дундад Улсын албан ёсны хэл болох хятад хэлийг зохистой хэмжээнд эзэмшсэн байх хэрэгтэй. Монгол дунд сургууль төгссөн хүүхдүүд хятад хэлээр, хятад дунд сургууль төгссөн хүүхдүүдтэй уралдах боломжгүй нь тодорхой тул гарцаагүй шаардлагын эрхэнд монгол эцэг эхчүүд хүүхдээ багаас нь хятад сургуульд сургаж эхлээд байна. Хятад сургуулийн олон монгол сурагчидтай тааралдаж уулзах үед тэд монголоор бага сага ойлгохоос биш, ярьж чаддаг нь тун ховор байдаг. Үүгээр дөрөөлөөд хот хүрээ газар ажиллаж амьдарч байгаа Дээд Монголчуудын дараагийн үе удам мөн л зайлшгүй хятад сургуулиар хүмүүжинэ. Учир нь хотод монгол сургууль байхгүй.
Ингээд бэлчээр хувьчлалаас үүдсэн асуудал маань эцэстээ Дээд Монголчуудыг Монгол болгож байдаг цөөхөн соёлын онцлогийнх нь нэг болох хэл, бичиг үсгээ гээх тухай болон өндөрлөхөд хүрч байна. Энэ бүхэн Дээд Монголчуудын хувьд, Монгол гэгдэх бүхэн нь хомсдож, Монгол бус бүхэн нь илүүдээд байгаа сэтгэгдлийг төрүүлдэгийн тод жишээ болно.        
  
Дүгнэлт

Аливаа зүйл хомсдоход үнэ цэнэ нь өсөж хүмүүс түүнийг улам ихээр үгүйлдэг. Хомсдол ямар нэгэн зүйлтэй эсрэгцэж байж хомсдол гэдэг нь мэдэгдэх бөгөөд хомсдол нүүрлээд байгааг илүүдээд байгаа өөр нэгэн зүйлтэй харьцуулан жишиж байж тодорхойлдог. Хомсдолын яг эсрэг тал дахь илүүдсэн зүйл үнэ цэнээ алдаж хог новш шиг хэрэггүй зүйл болж үзэгддэг байна. Дээд Монголчуудын хувьд Монгол гэгдэх бүхэн нь хомсдоод ирэхлээр хайрлах, харамлах, нандигнан дээдлэх хамгийн дээд зүйл нь болж хувирчээ гэлтэй. Түүний зэрэгцээгээр Монгол бус гэгдэх Хятад, Төвдийн соёл тэнд илүүц болон ихээр нэвтэрч байгаа нь хор хөнөөл мэт үзэгддэг байна. Үнэндээ үүнийг аль нэг соёл, аль нэг ард түмэн сайн эсвэл муу, урхаг хөнөөлтэй эсвэл ашиг тустай байгаа хэрэг биш, харин орон зай, цаг хугацааны аль нэг үед нэг нь нөгөөдөө илүү нөлөөлж байдаг түгээмэл жам ёс гэлтэй.
Дээд Монголчуудын Монгол хэмээгчийг хэмжих соёлын хэмжүүрээр бол тэдэнд тулгараад байгаа аливаа нийгмийн өөрчлөлт тэдний соёлын мөн чанар үгүй болох үйл явц болон хувирдаг. Энэ нь тэдний хувьд моденитиг хөгжүүлэх, модерн болох арга зам, сонголтыг тэдэнд үлдээхгүй байна. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд модерн байх боломжгүй. Учир нь тэд өөрсдийнхөөрөө модерн байх гарцгүй мэт байдал бий болсон ажээ. Энэ бол тэд хувирч модерн болохгүй байгаа хэрэг биш харин тэд хувирч модерн болохыг хүсэхгүй байгаа тухай асуудал юм. Тэд малчны гэртээ үлдэн эцэг эхдээ төвөг болохыг хүсэхгүй байхын зэрэгцээ бас Хятадын хотод сууж Монгол биш болохыг хүсэхгүй байгаа бөгөөд тэдний хүсэл бол монголоороо модерн байх эрэл хайгуул юм. Тэдний ойлголтоор, энэ тохиолдолд Монгол гэдэг тусгаар тогтносон улс байх нь нийгэм, эдийн засаг, улс төрийн аль ч нөхцөлд ядаж л Монгол Улсын Иргэн гэдэг эрхэм нэрийг хадгалж хамгаалж байдаг чухал тулгуур суурь болж үзэгдэнэ. Дээд монголчуудын үндэсний үзлийг өдөөж байгаа өөр нэгэн хүчин зүйл Хятадын цөөн тоот үндэстний бодлого байдаг. Өөрөөр хэлбэл, бүх Дээд Монголчууд биш юмаа гэхэд дээд боловсролтой сэхээтэн гэгдэх Дээд Монголчуудын хүрээнд Хятадын цөөн тоот үндэстнийг хөгжүүлэх буюу модерн болгох бодлого тэр чигээрээ тэдний соёлын уугууль мөн чанарт заналхийлж байна гэж үздэг. Энэ бүхэн тэдэнд тусгаар үндэстэн улс байх ямар чухал болохыг санагдуулж байдаг.
Үндэсний үзэл гэдэг бол “үйл явц” буюу “процесс” юм. Энэ үйл явц наад зах нь гурван шатыг дамжиж байж бүрэн биеллээ олдог. Эхний шатанд хүмүүс үндэсний үзлийг зохионо. Өөрөөр  хэлбэл, хүмүүс амьдрал дээр болж байгаа бодтой явдлуудаас үндэслэн үндэсний үзлээ бий болгодог. Үүнийг энэ зохиолын өдөөгч нь гэж хэлж болно. Хэрвээ нэгэнтээ зохиолыг туурвисан бол энэ үндэсний үзэл гэдэг үйл явцын оргил хэсэг нь болох бөгөөд түүний дараа бэлэн болсон зохиолоороо бүх зүйлийг тайлбарлах, бүх зүйлд хандах, бүх зүйлд шингээж үндсэрхэг үзэлжүүлэх үйл явц явагдана. Энэ үндэсний үзэлжүүлэх үйл явц нь өмнөх хоёр үе шатаа ахиулан баталгаажуулж бодтой зүйл мэт сэтгэгдлийг бий болгож байна.   
            Энэ өгүүллийн угсаатны зүйн баримт антропологийн ижилсэлийн талаарх нэгэн чухал онолын агуулгатай зөрчилдөж байдаг. Барфийн сонгодог тодорхойлолтоор бол үндэстэн угсаатан гэх ухагдахууныг агуулж байдаг хил хязгаар (boundary) тэр хил хязгаар дотор байгаа ижилсэлийн агуулгаас илүү чухал байдаг (Barth 1982: 15) гэжээ. Өөрөөр хэлбэл, үндэстэн угсаатны ижилсэлийн хил хязгаар тухайн үндэстэн, угсаатны ижилсэлийг тодорхойлж байдаг байна. Барфийн санааг ухаж ойлговол, жишээ нь, Монгол эсвэл Төвд гэдэг мөн эсвэл биш гэх ижилсэлийн зааг ялгааг чухалчилдаг гэж үзэж байна. Харин миний энэ өгүүлэлд гарч буй угсаатны зүйн баримтаар бол Барфийн үзлээс яг эсрэг агуулга ажиглагдаж байна. Зааг ялгаанаас илүү хэр зэрэг Монгол вэ гэдэг агуулгыг нь чухалчилж байгаа юм. Нэг талд төр засгийн зүгээс, нөгөө талд Дээд Монголчууд өөрсдөө үндэстний ижилсэлээ агуулгын түвшинд зэрэглэл бий болгон бодитой тодорхой шалгуураар хэмжин хэн хэр зэрэг Монгол болохыг хэлж байна. Энэ тохиолдолд хил хязгаарыг буюу зааг ялгааг биш харин агуулгыг ихээхэн чухалчилж байгаа бөгөөд Барфийн үздэг шиг хил хязгаар нь ижилсэлийн агуулгыг тодорхойлж байгаа хэрэг биш харин үүний яг эсэргээр агуулга нь ижилсэлийн хил хязгаарыг тодорхойлж байна.       

Ном Зүй

Appadurai, A. 2003. Modernity at Large: Cultural Dimensions of Globalization. Minneapolis: University of Minnesota Press.
 
Barth, F. 1982. Introduction. In F. Barth (ed.) Ethnic Groups and Boundaries: The Social Organization of Culture Difference. Oslo: Universitetsforlaget

Bulag, U.E. 2002. The Mongols at China’s Edge: History and the Politics of National Unity. Oxford: Rowman and Littlefield Publishers, INC.

Byron, Reginald. 1996. Identity. In Encyclopedia of Social and Cultural Anthropology. Ed. Alan Barnard and Jonathan Spencer. pp. 292

Castile, George Pierre. 1996. The Commodification of Indian Identity. In American Anthropologist. Vol. 98, No. 4, pp. 743-749

Dulam, Bumochir. 2009. Respect for the State: Construction of the state on present humility and pride of the past. In Inner Asia. Vol 11, No 2. Pp.259-283.

Dulam, Bumochir. 2006. Respect and Power without Resistance: Investigation of Interpersonal Relationships among the Deed Mongols, Thesis for the degree of PhD in Social Anthropology, University of Cambridge.

Howorth, H.H. 1876. History of the Mongols: From the 9th to the 19th century (The Mongols Proper and the Kalmuks Part 1). London: Longmans Green Co.

Humphrey, C. & D. Sneath. 1999. The End of Nomadism?: Society, State and the Environment in Inner Asia. Durham, NC: Duke University Press.

Kaplonski, Christopher. 2000. Reconstructing Mongolian Nationalism: The view ten years on. In Mongolian Political and Economic Development During the Past Ten Years and Future Prospects. Publication of the International Conference of Mongolian and Tibetan Affairs Commission. pp. 328-365.

Mi, Y. 1996. Kőkenaγur-un Mongγolčuud-un Tobči Teűke (Short History of the Mongols in Kők Nuur) (trans.) C. Bűrinbayar. Chifeng (Inner Mongolia): Őbűr Mongγol-un Shinjilekű Uqaγan Tegnig Mergejil-űn Qoriy-a.

Sarangerel & K. Yuki. 2002. Degedű Mongγol-un jang soyol-un materiyal-un tailumji: Nasutan-u nayan nigen nasun-u jil alquγulqu bayar-un jišiy-e deger-e (Interpretation for the cultural materials of the Deed Mongols: On the example of eighty first anniversary of elders). Kyoto: State Ethnological Museum.

Shinjilt. 2004. The Ethnic Reality in 'Homemade Narration' Inner Asia Vol 6, pp. 23-39.

Williams, Dee Mack. 2000. Beyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia. Stanford: Stanford University Press.




[1] Дээд Монголчуудын олонх нь хошууд боловч бас цорс, торгууд, цөөн тооны халхчууд ч бий. 17-р зууны дунд үед Төвдийн бурхны шашин Гэлүгба (dge-lugs-pa) буюу бидний хэлж заншсанаар шарын шашин, Нинмаба (rnying-ma-pa) буюу улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсэж, Халхын Цогт хунтайж улааны шашинтан тул, шашнаа өмгөөлөн дэмжиж, Хөх нуурт дайлаар мордон шарын шашинтнуудыг алж талан түйвээж,  тэр үеийн шарын шашны тэргүүн V Далай ламын байр суурийг ганхуулж эхэлсэн гэдэг. Яг энэ цаг үед, шарын шашинтан Ойрд монголчууд бэлчээр нутаг хүрэлцэхгүй, өөр зуураа багтаж ядан ахуйд V Далай лам Лувсанжамц (blo-bsang rgya-mtsho) дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайхаас  Цогт хунтайжийн халдлагаас хамгаалж өгөх тус хүсэж залсан аж. Энэ нь бэлчээрийн бэрхшээлд зүдэж асан Ойрдуудад аятай боломж завшаан болсноор, төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Үүнээс хойш Төрбайх хан Далай ламын хамтаар шарын шашныг тэтгэн мандуулж, Далай лам Төрбайх ханд Шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цол шагнасан нь хожим хойчид түгсэн нэр болсон юм.  1655 онд Гүш хаан Төвд болон Хөх нуурын өндөрлөгт өөрийн Хошуудын хаант засгийг байгуулж 70-аад жил оршин тогтносон нь 1723 онд Гүш хааны ач Лувсанданзан бээр Манжийн ноёрхлын эсрэг босоод дарагдсанаар мөхжээ (Mi 1996).
[2] Энэ хэлц Дээд Монголчуудын дунд өргөн тархсан мөртөө яг хэдий үеэс хэрхэн бий болсон түүх нь тодорхойгүй. Юутай ч энд, эхлээд Төвдийн соёлд, хожим нь Хятадын соёлд уусаж буй гэсэн цаг үеийн дэс дараалал байгааг ажиглаж болно.  
[3] Кастайлын судалгаанд Америкийн уугал Индианчуудын бүтээгдэхүүн, гар урлалын зүйлс зах зээлд үнэ цэнтэй болж, түүнийг Индиан бус хүмүүс хуурамчаар хийж худалдах хэрэг гарч байгаа талаар өгүүлдэг. Энд, жинхэнэ Идианчуудын бүтээл илүү үнэ цэнтэй буюу “original”-д тооцогдох болсон тэр хэмжээгээр Индианчуудын ижилсэл зах зээлд чухал болж байгааг авч үзсэн байдаг (Castile 1996: 743, 747). Энэ нь миний Дээд Монголчуудын ижилсэл хэрхэн идэвхжиж байгааг эдийн засгийн мөн чанартай хэмээн дээр тайлбарласнаас өөр ондоо ухагдахуун юм.      
[4] Өвөр Монголын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Н.Хурцбилигтэй 2007 оны 12 сарын 20-нд Хөх хотод уулзаж ярилцах үед тэмдэглэж авав.
[5] Энэ нь XIX зуунд Англичууд Энэтхэгийг колоничлохдоо шашингүй байх байдлыг нэг зэвсгээ болгож байсантай төстэй юм. Англичууд Энэтхэгчүүдийг та нар бүдүүлэг хоцронгуй, мухар сохор гээд, өөрсөд шигээ иргэншсэн, боловсон, орчин үеийн хүн болохыг ятган итгүүлж байжээ (Peter van der Veer 1996: 484).
[6] Хөлсний малчин цайдамд байхдаа өдөрт арван төгрөг (人民 Ren min bi), Ууланд отор хийвэл өдөрт хорин тавыг авдаг. 

Monday, March 5, 2012

Эрик Волф (Eric Wolf 1923-1999)

Латин Америкийн тариачдын тухайх судалгаагаараа ихээхэн алдаршсан антропологич Э.Волф 1923 онд Австрийн Вена хотноо еврей гэр бүлд мэндэлжээ. Өөрийн төрсөн нутгаа тэрбээр “соён гэгээрүүлэгчид, Германы гайхалтай яруу найраг, шашингүй ёс суртахуун, лебирализмийн өсөлт, хийлийн аялгуу” хэмээн тодорхойлсон байдаг (Wolf 2001: 1).
Төв Европт Еврейчүүдийн эсрэг үзэл газар авч, нацист Герман Австрийг 1938 онд эзлэн авахад түүний гэр бүл эхлээд Англид эцэст нь буюу 1940 онд Америкт суурьшсан байдаг. Улмаар Нью Йоркийн Күйнс коллежид (Queens College, New York) элссэн, гэр бүлтэй болсон байсан хэдий ч цэрэгт татагдан Италид нацизмийн эсрэг байлдаж явсан ажээ (Wolf 2001: 3). Цэргээс халагдаж ирээд Колумбын Их Сургуульд антропологи судлах болжээ. Тэр үеийн Колумбын Их Сургууль нь Ф.Боас болон Р.Бенедикт нарын дэг сургуулийг хадгалсан хэв маягтай Ж.Стевард антропологийн  тэнхимийг нь удирдсан баялаг түүхтэй орчин байв. Ж.Стевард ч түүний үзэл бодолд ихээр нөлөөлж байсан учраас Э.Волфыг антропологид марксист чиг баримжааг баримталж байсан судлаач гэгддэг.  

Тэрбээр 1946 онд баклаврын зэргээ хамгаалсан бол 1951 онд Ж.Стевардын хэрэгжүүлж байсан Пуерто Рикогийн ард иргэд (People of Puerto Rico) төслийн судалгаагаар докторын зэрэг хүртсэн байдаг. Мөн 1951-1956 онд Мексикт гурван удаа хээрийн шинжилгээ хийн уг нутаг дахь угсаатны ижилсэлийн асуудлыг сонирхож  байжээ. Түүнчлэн 1960 оноос Европ, Италийн Альпын нуруу орчмын нутгаар хээрийн шинжилгээ хийсэн байдаг. Докторын зэргээ хамгаалаад тун удалгүй Мичиганийн Их Сургуульд хичээл заах болсон ч Ж.Стевардыг Колумбыг орхин Иллиноисийн Их Сургууль уруу шилжихэд нь түүний туслахаар 1952-1955 онд ажиллав. Дараа нь 1958 онд хүртэл Виржиниагийн Их Сургуульд, 1959 он хүртэл Иелд, 1960 он хүртэл Чикагогийн Их Сургуульд 1961-1971 онд Мичиганий Их Сургуулиудад тус тус ажиллаж байсан бол 1972 онд дахин шилжиж Нью Йоркийн Хотын Их Сургуульд (City University of New York) ирж тэтгэвэрт гартлаа ажиллажээ (Moore 2004: 338-339). Энд байх хугацаандаа тэрбээр ихээхэн бүтээлч байж өөрийн алдарт Европ ба түүхгүй ард түмэн (Europe and the People without History) бүтээлээ туурвисан байдаг. Түүний онолыг бичиглэлүүд угсаатны зүйн бэрхшээлтэй асуудлуудад голлон анхаарсан байдагаараа онцлогтой. Тиймээс ч тэрбээр соёлын асуудлууд, хүч болон үзэл сурталын тухайх судалгаануудыг хийж байсан юм (Moore 2004: 340).

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...