Monday, January 10, 2011

ХӨГЖЛИЙН АНТРОПОЛОГИ

Нийгэм-соёлын антропологиос урган гарсан олон салбар судалгаа байдаг. Тэдгээрийн нэг болох хөгжлийн антропологи нь ерөнхий антропологи болон өөр салбар ухаанууд болох хөгжлийн судалгаануудын зааг хил дээр ажиллаж, дүгнэлт гаргадаг гэж болно. Тэгвэл хөгжлийн судалгаа гэж юу вэ, энэ бол нийгмийн олон салбарт байх байгууллагууд, хувь хүмүүс, бусад институцийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх, цаашдын хөгжилд нь гарц шийдэл бий болгодог судалгаанууд байдаг. Харин бид ерөнхий антропологийн талаар бага зэрэг гадарлах болсон. Энэ хоёр ухааны хил зааг дээр хөгжлийн антропологи бий болж, судалгаагаа хийдэг гэхээр эл салбар ухаан нь олон улсын байгууллагууд, засгийн газрийн агентлагууд, хувийн компаниуд, бизнесийн бүлэглэлүүд гээд цаашаа улам урт хөвөрч болох нийгмийн хүрээнүүдийн ямар нэг үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж энэ нь зөв тэр нь алдаатай гэх мэт бодлогын зөвлөгөө хийдэг болж таарч байгаа юм. Мөн энд тодорхой нэг улс орон тэр дундаа хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудалууд ч орох нь ойлгомжтой гэдгийн ухаарч байгаа байх.

Энэ судалгаа антропологийн бүх зүйлийг бүхэллэг, цогц байдлаар хардаг чадвар болон хөгжлийн судалгаануудын дүн шинжилгээ, зөвлөх шинжийг өөртөө шингээсэн гэж болно. Энгийн үгээр бол ямар нэг асуудал байна. Түүнийг бүх талаас нь судаллаа, үр дүнг гаргалаа, эцэст нь тэр байдлаа ингэж засаж янзал, энэ байдлаа тэгж өөрчил гэсэн бодлогын зөвлөгөө өгнө гэсэн үг юм. Судалгааны объект нь дээр дурьдсан нийгмийн байгууламжуудаас гадна олон улсын болон өөр бусад байгууллагуудын хэрэгжүүлж байдаг төсөл хөтөлбөр, тусламж түүний хэрэгжилт, үр дүн төдийгүй бүхэл бүтэн улс орны хөгжлийн асуудал ч байж болно.

Зарим судаалчдын үздэгээр хөгжлийн антропологит ямар нэг зорилго, үзэл санаа тэр байтугай бүтэлгүйдэл ч байхгүй гэдэг. Учир нь эл судалгаа бодит судалгаа байдаг. Оршин байгаа бодит асуудлыг судалдаг, үр дүн нь гарч зөвлөмж хэлдэг, үйл ажиллагаа энэ хүрээд төгсдөг гэж болох үүднээс үүнийг хэлсэн байна. Гэтэл ерөнхий антропологи нь цуглуулсан мэдээ, этнографи дээрээ тулгуурлан хүмүүний амьдрал, соёл нийгмийн тайлбарласан онол бүтээхийг зорьж байдаг гэж энэ санаагаа улам тодотгосон байдаг. Бүр зарим судлаачид хөгжлийн антропологи бол антропологи биш гэж шууд үздэг. Тэдний хэлж байгаагаар бол антропологи анх үүсэн бий болохдоо төдийгүй одоо ч ямар нэг соёлыг аль болох хөндөж нөлөө үзүүлэхгүйгээр судлах гэж хичэж ирсэн байдаг бол хөгжлийн антропологи судалсан соёл, судлагдахуундаа тэр чинь зөв энэ чинь буруу гэх мэтээр зөвлөгөө өгч уг судлагдахуунаа өөрчлөн хувиргаж байдаг гэсэн байна. Тэгвэл энэ үзэл санааны эсрэг хөгжлийн антропологичид антропологийн бүтээсэн мэдлэгийг ямар нэгэн байдлаар ашиглаж, эргэлтэнд оруулж байх ёстой. Гэтэл антропологийн бүтээлүүд, мэдлэгүүд антропологийг сонирходог хүмүүсийн хүрээнд л эргэлдээд байна. Энэ мэдлэгийг бодит амьдралд ашиглах, хэрэглэх нь зүй ёсны хэрэг болоод байгаа төдийгүй энэ л үйлсэд хөгжлийн антропологи хувь нэмэрээ оруулах гэж байна хэмээн мэтгэдэг. Энэ утгаараа хөгжлийн антропологи бол антропологийн салшгүй нэг хэсэг хэмээн тэд баталдаг байна. Өөрөөр хэлбэл уламжлалт ч гэмээр юм уу эсвэл ерөнхий антропологичид антропологи бол цэвэр соёлыг тайлбарладаг ухаан болохоос биш түүнд ингэ тэг гэж заавар өгдөг ухаан биш гэж үзсээр байгаа бол хөгжлийн антропологичид тэр соёлуудыг тайлбарласан олон мэдлэгүүдийг амьдралд, ямар нэг асуудалд ашиглах хэрэгтэй байна гэж үзэж байгаа гэсэн үг.

Мөн хөгжлийн антропологит хамаарах нэг шүүмж бол хөгжлийн антропологи нь хөгжил нэрийн дор барууны амьдралын хэв маягийг хөгжиж буй орнуудад түгээж байна гэсэн санаа. Бүр зарим судлаачид энэ үйл явцыг нь шинэ колончлол гэж ёгөөдсөн байдаг. Тэдний үзэж байгаагаар бол соёл бүр өөр өөрийн хүрээндээ хамгийн төгс зөв шийдэл, хөгжлийн чиг хандлага байдаг. Харин хөгжлийн антропологичдын хувьд бол барууны бус, “хөгжөөгүй” соёлуудыг хурдан хөгжилд хүргэхийн тулж барууны ололттой арга загварыг шууд ашиглах хэрэгтэй болдог байна. Энгийн үгээр бол өнөөгийн манай Монголд тулгарсан асуудал гэсэн үг. Нэг хэсэг хүмүүс барууны шинж загварыг үгчлэн дуурайхыг хүсэж байхад нөгөө хэсэг нь уламжлалт соёлынхоо үнэ цэнийг алдахгүйг хичээж байгаатай адил.

Ямартаа ч хөгжлийн антропологи нь антропологийн олон арван жилийн хуримтлагдсан мэдлэг, мэдээллийг бодит амьдралд ашиглах гэсэн олон оролдлогуудын нэг төдийгүй сүүлийн үед ихээхэн хөгжиж буй салбар судалгаа болоод байна. Маш олон антропологичид ч энэхүү салбар судалгаанд сэтгэл татагдаж, асуудалд уг өнцөгөөс хандах болжээ. Мөн эл судалгаа бусад нийгмийн шинжлэх ухаануудын бодлогын судалгаатай өрсөлдөн, нэлээд том зах зээлийг эзлэх болоод байгаа юм.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...