Monday, October 14, 2019

“АР АЗИ”-Д НЭВТРЭХ “ӨВӨР АЗИ”-Н ЗАМ


“АР АЗИ”-Д НЭВТРЭХ “ӨВӨР АЗИ”-Н ЗАМ: 
“НЭГ БҮС НЭГ ЗАМ” БА 
ДУНДАД УЛСЫН АЗИ ТИВИЙН ШИНЭ ДЭГЛЭМИЙН БАЙГУУЛАЛ

Урадын Э. Булаг
(Kэмбрижийн их сургуулийн нийгмийн антропологийн тэнхим)

      Ази тив нь нэрийдлийн хувьд Европоос үүссэн авч хэзээ ч газар зүйн хувьд нэгдсэн бодит бие байгаагүй. Ази нь Өвөр Ази, Дундад Ази, Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Ази гэх мэтээр хэсэгчлэн хуваагддаг. Бодит байдал дээр маш олон хүн Ойрх Дорнод нь Ази тивийн нэг хэсэгт тооцогдох эсэхт тодорхой ойлголт үгүй. Түүнчлэн эдгээрийн аль хэсэг нь Азийн уугуул эсвэл төв нь юм бэ гэдгийг ч мэдэх хүн цөөн. Эдгээр хэсгүүдийн хооронд бараг л харилцаа байхгүй мэт, бүгд л бие даасан соёл ба улс төрийн бүс нутагтай байдаг нь Европын бүрэлдлээс тэс өөр онцлогтой. 
Гэсэн атлаа Ази тивийг нэгэн хамтын нийтлэг болгох хичээл зүтгэл, практик нь Европоос эрт. XIX зууны эцсээр Японд “Азийг Азид” нь гэх үзэл гарч эхэлсэн. 1924 онд Сун Ятсен “Их Азийн үзэл” гэгчийг мөн гаргаж ирэв. Дэлхийн II-р дайны үед Япон тухайн үзэл санаанд суурилж “Их зүүн Азийн нэгдлийн тойрог”-ийг байгуулахыг оролдож байсан. Гэвч энэ оролдлого нь Зүүн Ази болон Зүүн өмнөд Ази дахь өрнөдийн их гүрнүүдийг үлдэн хөөхийн төлөөх зүйл байсан ч гэлээ эцэстээ хүн төрөлхтөнд гай гамшгийг дагуулсан. Хүйтэн дайны үед Мао Зедун “Гурван дэлхийн онол” даруй Ази, Африк болон Латин Америк нь гуравдагч ертөнцийг бүрдүүлэх гэгчийг дурдан гаргаж үүний зэрэгцээ бүгдийн удирдагч болох гэж оролдож байлаа. Гэвч энэ нь ч мөн талаар болов. Эцэс сүүлдээ Дундад улс нь өөрийн эдийн засагтаа анхаарал тавихад хүрч, гадаад дэлхийг тэдний дотоод улс төрд битгий гар дүрээч ээ гэдгийг л хүсэх болсон. Гэтэл Дундад улс сүүлийн жилүүдэд сэрэн босож байгаа нь, ялангуяа “Нэг бүс нэг зам”(yi dai yi lu) гэгч бодлогыг зоригтойгоор гаргаж ирсэн нь, мөн Америкийн удирдан буй даяарчлал өдөр ирэх бүрд эрчээ алдан буй байдлын дагууд сөрж гарч ирж буй нь биднийг дахин Дундад улс болон түүний хил залгасан зэргэлдээх бүс нутгийн харилцааг шинээр эргэн харахад хүргэж байгаа юм.
Хэрвээ “Нэг бүс нэг зам”-аар Дундад улс зөвхөн дотоод хэрэгтээ анхаардаг улсаас бүхий л Ази тивийн манлайлагч болгон өөрийгөө өөрчилж, улмаар дэлхийн шинэ дэглэмийг тогтоохын төлөө байна гэх юм бол Дундад улс тэгээд Азитай хэрхэн холбогдох арга замыг эрж хайж буй талаар бид бас бодож тунгаах ёстой болж таарна. Бидний өмнө тулгарч буй маргаантай асуудал бол зөвхөн Азийн хавтангийн хэдэн хэсэг тарж бутарсан байдал, нэгдсэн биш иргэншил, шашин эсвэл үнэлэмжийн үндэс дээрх бодит байдлууд дээр оршоод үл барам илүү их чухал нь Дундад улс өөрөө ерөнхийдөө Азийн гадна талд оршиж буй гэдгээс үүдэж байна. Энэ нь мөн л “Соёлын бүтэн хараас” (Wenhua Zongheng) сэтгүүлийн энэ удаагийн хэлэлцүүлгийн дундах бидний бодолхийлж буй асуудлыг илүү нарийсгаж, даруй бид хэрхэн “Ази тивийн Дундад улс” гэж байхаас “Ази тивийн гаднах Дундад улс” гэж байхгүйг төсөөлөхөөс үүдэн Европын холбооны туршлагатай адилгүй оршин буйг гаргаж ирнэ. Хэрвээ Европын холбоо нь дайны дараа Европ тивийн бүхий л улсын энх тайвныг хүсэн эрмэлзэлсний бүтээгдэхүүн болсон зүйл бөгөөд тэр нь христосын иргэншил болон орчин үеийн ардчиллын үндсэн тулгын чулуун дээр байгуулагдсан зүйл гэх юм бол илүү их эд зүйлийн ашиг тусын суурин дээр хамтын эдийн засгийн орчин тойрны байгууллаас гадна ямар юм ер нь Дундад улсыг Ази тивийн “хувь заяаны хамтын цогцыг” (mingyun gongtongti) хэрэгжүүлэх цаашлаад удирдах хөдөлгөгч үндсэн хүч болон үнэт зүйлийн дэвсгэр болж байгаа юм бэ?
Цөлийн тэмээтэй худалдаачдын жин нь “нэг бүс нэг зам”-ын сонгодог хэлбэрийн Дундад Ази, Өвөр Азийн өнгө төрхийн дүрийг бүтээж байна
Дундад улсын “нэг бүс нэг зам”-ыг төсөөлөн бэлгэдэж байгаа илэрхийлэл болох сэрээ бөхт тэмээн жингийн худалдаачдын цуваа хөвөө хязгаар үл харагдах их элсэн дундуур сунаж хөвөрч буйгаар харагдах нь эргэлзээгүйгээр Дундад Ази хийгээд Дундад улсын дотоодод нэрлэгддэг “Өвөр Азийн фронт” (Inner Asian frontiers)-ын дүр байдлыг харуулж байна. Энэ байдлаас улбаалж тус өгүүлэлд Дундад улсын дотоодын “Ѳвѳр Ази” (neiya) гэх энэ шинэ ухагдахууныг авч үзэх байдлаар “Ази тивийн Дундад улс” гэгчийг ойлгох болно. Энэ нь угсаа гарал болон газар нутгийн хил дээр бүгд Дундад улсыг Дундад улс болон Өвөр Азийн нэгдлийн бие бөгөөд дан ганц цэвэр Хан Хятад үндэстнээр байгуулагдсан биш гэдгээр түүнийг дахин тодорхойлох хэрэгтэй. 
Яг энэ байдлаас миний гарган ирж буй нэг шинэ улс төрийн газар зүйн ойлголт бол “Aр Ази” (waiya) юм. Энэ нь даруй Дундад улсаас гаднах Ази тив бөгөөд энэ нь Дундад улсын дотоодын “Өвөр Aзи” (neiya)-тай харгалзсан уялдаатай. Ингэх нь Дундад улсын доторх ялгах шинж болон төвлөсөн шинжийн тусгай ойлголтыг болоод тэд хийгээд “Өвөр Ази”-ийн хооронд гинжин холбоо байгааг хадгалах юм. Мөн Дундад улс нь шинэ дэлхийн дэглэмийн бүтэц дундаа Азийн бусад бүс нутагтай нягт харилцан холбооны хамтарсан эрмэлзэл болон хүчин чармайлттай байгааг ч илрүүлэх болно. Хуудасны хэмжээ хязгаартайгаас энд зөвхөн ерөнхийд нь л дүрсэлж байна. Гэвч бүхэл зорилго “Өвөр Aзи”-ийг илүү дэлгэн харуулахын зэрэгцээ тэр Дундад улс болон Aр Азийн гүүр бологдож, “нэг бүс нэг зам”-д ач тусыг бүтээх магадлалтай, харин одоогийнх шиг хязгаарлах хэрэгтэй аюул занал болгохгүйг өгүүлэх болно.

Бид ер нь Дундад улсыг Зүүн Азийн улс гэдэг. Түүнчлэн Дундад, Япон, Солонгос нь нягт түүх, соёлын харилцаатай нь маргаангүй үнэн, хэдийгээр гурван улсын харилцаа нь ойрын үеэс энэ шалтгаанаар огт илүү нягтарсан юм байхгүй ч гэсэн. Зүүн Азийн нэгдмэл гэдэгтэй хамаатай хэлэлцүүлэг маргаан маш их. Гурван талын эрдэмтэд ч маргааныг даван туулaхын төлөө Зүүн Азийн нэгдлийн түүх бичихийг оролддог. Гэвч би тус өгүүлэлдээ Зүүн азийн цөм болох Дундад улс хийгээд түүний Дундад Ази болоод Өвөр Азийн харилцааг анхаарахыг зорьсон юм. Учир нь тэдний харилцаа нь өнө эртнийх бөгөөд тус орон мөн “нэг бүс нэг зам”-ын цөм нутаг. 
Өнөөдрийг болтол эрдэм шинжилгээний хүрээнд бид Зүүн Азийн Дундад Ази, хийгээд Өвөр Азитай байх харилцааг үзвэл яг л дээд хэмжээний гэрлийн хугарлаар үүссэн балархай шиг л юм. Зүүн Ази нь Дундад Ази болон Өвөр Азийн судалгаанд энэ маягаар хугарах нь нэг ёсондоо нийгмийн шинжлэх ухаанд “метагазарзүйн” ойлголтоор төсөөлөгдөн шилэн сонгон ангилагдсаны үр дүн магад[1]. 
Хэдийгээр зохиомлоор бүтээж цогцлоосон төрийн заагийг даван туулах (transcending)-д тусалж байгаа ч энэ төрлийн “метагазарзүйн” сэтгэмж нь хязгаарлалттай байсаар. Харагддаг эсвэл харагддаггүй хязгаар нь бидний зорьсон газар орныг танин мэдэхийг мөн ч сониучирхлалыг ч хязгаарласаар байна. Иймээс ажиглагч бүс нутгийн заагийн далд орших эд зүйлс, сэтгэлгээ болон хүчний нүүдэл болон нэвчилтийг харах боломжгүй. 
Европ, Хойд Америкаас харахад, Дундад Ази (ер нь Казахстан, Узбекстан, Киргистан, Туркменистан, Тажикстан, Афганыг багтаах бөгөөд зарим үед Монголыг ч багтаадаг)-г Зүүн Ази (Дундад, Япон болон Солонгос)-тай холбоотой гэж төсөөлөхөд маш хэцүү, хэдийгээр хоёулангийнх нь хоорондын дотоодын харилцаа нь маш эртний, гүн, бүх талын харилцан үйлдэлцэл байлаа ч гэсэн. Харин эсрэгээрээ хүмүүс байнга Исламын шашин, Орос, Туркээс үүний зэрэгцээ улам бүр л Америкийн хараагаар Дундад Азийг хумьж, хайрцаглаж хардаг. Түүнтэй адилаар Өвөр Ази (Өвөр Монгол, Манж, Шинжаан болон Төвөд зарим үед тусгаар тогтнохоос өмнөх үеийн Монголыг багтааж байна) нь мөн байнга Дундад улсын хязгаараар тодорхойлогддог. Тэр дундаа Чин (1644-1911)-гийн судалгааны түүхчдийн төсөөлөлд маш өргөн бүс нутаг болж харагддаг. Гэвч Өвөр Азийн Дундад Ази, Дундад Зүүн, Европ болоод бусад газартай холбоотой байдал нь эс хайхрагдах байдалд чиглэгдэж байдаг. Чин гүрнээс хойш ялангуяа одоогийн Дундад улсад байдал яг ийм л дээ.
Гэвч яг энэ тухай дэлхийн системийн онолч асан Андре Г. Франк (Andre G. Frank)[2] аль 1992 онд бичсэн нэртэй бүтээлдээ Дундад Ази эсвэл Өвөр Азийн Хүннү гүрэн болон Монголын эзэнт гүрний байгуулагдсан нь түүхэнд хоёр удаагийн гэнэтийн ширүүн хүчирхэгжлийг бүрдүүлж, тэдний тэлэлтэд дэлхий дахин байгуулагдлаа гэж бичсэн. XX зууны сүүл үеийн Дундад Ази болон Өвөр Ази нь дахин нэг удаа дэлхийн “төв” болох завшаан тохиов. Мэдээжийн хэрэг XXI зууны эхэн үеийн өнөөдөрт дэлхийн бусад бүс нутгийг аргацаах уугуул цэргийн хүч байхгүй ч Дундад Ази нь аль хэдийн нэгэн чухал бүс нутаг болж, лут ярих хувиралттай болсон байна. Яагаад гэвэл тэр зөвхөн Америкийн явагдуулж байгаа Oйрх Дорнод болон Афганы дайны дундах газрын гол байрлал болоод үл барам бүс нутаг хийгээд хүрээлэх орчиндоо томоохон байгалийн нөөц болж байна. Үүнийг чиглүүлж байгаа нь Хойд Америк болон Европын дээд судалгааны байгуулалд шинээр байрлуулсан олонх ажлын байр болон эрдэм шинжилгээний төсөл болоод томоохон хурлын хэлэлцүүлэг, судалгааны хурал зэрэгт харагдаж байна. Эдгээр шинэ боловсрол болон судалгааны үйл ажиллагаа нь нэгэн шинэ “метагазарзүйн” ижилсэлтийг өгч буй нь: Евроази (Eurasia) эсвэл зарим үед Төв Евроази (Central Eurasia) гэж тодорхойлж байна. 
Төв Евроазийн эх газар нь Европ тив болон Зүүн Азийн цөм бүс нутгийг холбож байдаг

Мөн бусад “метагазарзүй”-н сэтгэмжтэй адилаар Евроазийн эх газар эсвэл Төв Евроазийн эх газар огт тодорхой, олон нийтэд зөвшөөрөгдсөн хязгаар байхгүй. Евроазийн ойлголт нь 1920-иод оны Баруун Европын Оросын цагаачдын дундах угсаатны зүйчид, газарзүйчид болон хэл шинжлэлийнхнээс эхтэй. Монголын эзэнт гүрэн хийгээд түүний өвийг Оросын түүх соёлд төвд байрлуулж, эртний Оросын Евроазийн судлаачид нь Орост адилгүй ижилсэлтийг бүтээхийг оролдож байсан нь дариу нэгэн Евроазийн хоорондох “Гуравдугаар их тив”[3]. Энэ ойлголт нь 1980-аад оноос хойшоо дахин гарч ирсэн бөгөөд Зөвлөлт задарсны дараагаар илүү тархсан. Өнөөдөр энэ “метагазарзүй” -н ойлголт нь адилгүй улсад шинэ ухамсрын байдалд хүрсэн нь Орост гэхэд зөвхөн нэгэн төрлийн шинэ эзэнт гүрний ухамсрын байдал биш, мөн ч нэгэн төрлийн Ази тивийн өв санг авах стратегийн хичээл зүтгэлийн зүйл болдог билээ. Казахстан мөн “Евроазийн үзэл”-ийг бататган хамгаалж улсаа Евроазийн гол холбогч гэдгээ илэрхийлсээр ирсэн[4]. Энэ бүх талын шинэ “метагазарзүй”-н сэтгэмжийн дунд Зүүн Ази нь өргөн түвшиндээ хилийн гадна гарагдсан юм. Тэр бол өөр дэлхий болсон. Мөн ч бас өөр судалгааны хүрээ хөвөө болсон. 

Евроазийн эх газар эсвэл төв Евроазийн эх газрын “метагазарзүй”-н ойлголтын гарч ирсэн болоод үүгээр Орос болон Казакстан нь өөрийн газар нутгийн байршлыг тогтоосон нь Ази тивийн нэгдлийн нэг чухал арга зам болсныг харуулсан нь даруй өргөн уудам Төв Евроазийн хуурай газар нэгэнт фронт биш болсон, харин Европ тив болон Зүүн Азийн төв нутгийг залгадаг гол бүс орон эсвэл Хэлфорд Маккиндер (Halford Mackinder)-ийн хэлсэн дэлхийн арлын “зүрхний чухал хэсэг” болсон байна[5]. Дундад улсын байгуулан буй шинэ дэлхийн дэглэм “нэг бүс нэг зам”-ын цөм нутаг бол мөн л энэ нутаг билээ. Тиймээс бид ойрхи үеэс нааших Дундад улсын энэ бүс нутагтай хэрхэн харилцан оршин буйг ажиглах хэрэгтэй. 
Уламжлалт Дундад улсын национализмын түүх судлал Цагаан хэрмээр хил болгосон Дундад улс болоод нэгэн баатарлаг зоригтой Дундадын үндэстэн (zhonghua minzu)-г дүрсэлдэг. Мөн тэд түүхэнд Өвөр Азийн түрэмгий зэрлэг үндэстэнг хөөж явууллаа гэж дуулж, ойрын үед бас Барууны болон Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцсэнээ ч мөн дуулж байхыг хэн хүнгүй мэднэ. “Үлдэн хөөх” бол энэ төрлийн национализмын зангилаа шинжтэй бэлгэдлийн авир. Энэ нь Эмил Мартин (Emily Martin)-гийн Дархлааны онолын дүрслэлтэй тун адилхан[6] бөгөөд бүгд “би”, “чи”-ийн зөрчлийг төсөөлсөн. Яг “Дархлааны онол”-ын дискурстай адилхан хятад хүний “би” нь өөрөө тод хязгаартай байх бөгөөд бусадтай тууштай зөрчилдөөнд нь бусдыг “би биш” (non-self) гэж бодолхийлдэг. Мөн би өөрөө зөвхөн гаднаас орж ирэгчийг хороох байдлаар өөрөө сая амьдарч чаддаг. Дархлаа судлалын дискурс дотор “би”-гийн “өөрөө” нь цэвэр, хэврэг бөгөөд гаднаас ирж буй органик бол би биш. Би-гийн өөрт оршин тогтноход аюул учруулдаг. Тиймээс дархлааны дискурсын дунд Дундад улсын хувь бие өөрөө бол нэгэн “цагдаа улс” (police state) бөгөөд биеийн доторх хууль бус харь этгээдийг хянаж, ялгаж, тодолж суудаг. Түүнтэй адилаар бид националист Дундад улс бол A. Гидэннсийн “үндэстэн-улс”-ын тодорхойлолтын шилдэг жишээ гэж хэлж болно. Даруй “хязгаартай хүчний сав” (bordered power-container)[7].
Дундад улсын ийм янзтай национализмын ойлголт нь байнга л зөрчилд хүрч, тэр дундаа хамгийн хүчтэй зөрчил нь төр засгийн дотроос үүсдэг. Ойрын үед Дундад улсын үндсэн хуулийн засаглал судлаачид 1911 оны хувьсгалын тухай дурсах хэлэлцүүлэгтээ национализмын уриа лоозон Татаарыг үлдэн хөөж, Дундадыг сэргээх” хийгээд дараагаар нь Дундад Иргэн улсын “5 үндэстний нэгдсэн” гэж тодорхойлсны хоорондын мөргөлдөөнийг арилгах гэж оролдсон[8]. Тэдний харж байгаагаар шинэ Дундад улсын бүрэлдэл бол Юань Шикайгаас Манжийн хааныг албадаж байгаад “Яруу Алдарын Хувьсгал” (Glorious Revolution) хийлгэсэн бөгөөд Өвөр Азийн хөрөнгийг Дундад Иргэн улсад шилжүүлсэн байна. Үүний дараагаар нь Чин гүрний “залгамжлагч” болж Өвөр Азийг эзлэн захирах “хууль ёсны” бүрэн эрхтэй болоод, түүнчлэн Өвөр Азийн олон үндэстнүүд Иргэн улсад оршин амьдрах эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн аж. 
Ийнхүү хуулийг чухалчлах түүх судлал нь Дундад улсыг дахин шинээр бодолхийлж, нэгэн адилгүй “би” өөрөө болон “бусад”-ын харилцааг төсөөлсөн. Харилцаа нь дахиж дархлааны дискурсын доторх шиг тийм хороох хүчтэй байх биш, харин Вильям Коннол (William Connolly)-ын 1991 онд хэлэлцүүлэг хийж байсан постструктурализмын “inter-subjectivity”-ийн онолыг харуулах болсон. Түүний үзэж байгаагаар үндэстний эсвэл төрийн ижилсэлтийн аль нь байлаа ч бүгд “би”-гийн өөрийн хийгээд “бусад”-ын адилгүй хамтын бий болсон харилцаанаас шалтгаалж байдаг. Тэрбээр “ижилсэлт адилгүй байдлаас бүтсэн байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ тэр мөн адилгүй шилжилтээс ‘бусад’-д ‘би’-гийн өөрийн ижилсэлтээ хамгаалах байдал болж чадна”[9] хэмээн диалектикаар заасан. “Inter-subjectivity”-ийн арга замын онол нь ижилсэлтийн улс төр лүү хандах боломжийг гарган ирсэн. Өөрөөр хэлбэл, ижилсэлтийн улс төрийн дунд “бусад” эсвэл “адилгүй” нь хэрэгцээтэй болсонд ижилсэлтийн доторх багтаамж болон хүндэтгэлийг үүсгэн гарганa, түүнээс болж “өөрөө өрсөлдөгч адилгүй ижилсэгчдэд үнэ цэнэ өгдөг.”[10] 
1939-1940 оны хооронд Дундад улсын эрдэм шинжилгээнд “Дундадын үндэстэн” (zhonghua minzu)-г байгуулах тухай маргаан байсан. Нэг эшт эсвэл олон эшт аль нь байлаа ч бүгд дээрх хоёр төрлийн ойлголтын дотоод зөрчилд хариулсан. Энэ маргаан нь Японы түүхчдийн хүрээнд Манж, Монгол, Шинжаан, Төвөдийг багтаасан Өвөр Ази нь Дундадын нэг хэсэг биш гэх санаaгaас үүссэн. Дундадын Өвөр Азийн хязгаарыг Японд булаалгахгүйн төлөө өрнүүлсэн тус маргаан тэмцэл нь Дундадын эрдэм шинжилгээний хүрээнд (болоод улс төр дээр) “Дундадын үндэстэн”-ийг хэрхэн тодорхойлох талаар зөрчилтэй байсныг харуулсан. Aлдарт түүхч Фу Синян болон Гу Жэган гэх мэт эрдэмтэд Өвөр Азийнхан бол үнэнч бус учраас бүрмөсөн адилслаар тэдгээрийн Хятад биш ижилсэлийг нь арилгах хэрэгтэй гэсэн юм. Өөр нэг үзэл бодлын төлөөлөл нь Хунань мужийн харьяат уйгур гаралтай түүхч Жянь Бозань, болон Английн хүн судлалын нөлөөг хүртсэн Фэй Шяотүн нар бөгөөд тэд адилгүй эсвэл ондоо шинжийн үнэ цэнийг олж харaaд Өвөр Азийнхныг ашиглан Дундад улсаа дахин хөгжүүлэхийг дурдсан[11]. Энэ удаагийн эрдэм шинжилгээний маргаан хийгээд 1911 оны Дундадын төрийн байгуулалтай холбоотой улс төрийн маргаан нь харилцан төсөөтэй оршиж байна. Гэвч яг энэ үед төрийн эрхийг атгаж байсан Гоминданы нам нь аль хэдийн “5 үндэстний улс” гэгчийг нь устгаж, харин ч Манж, Монгол, Төвөд болон Исламын адилгүй уг гарлыг үгүйсгэн тодорхойлж, тэдний удмын түүхийг засаж бичиж, тэднийг Хан Хятад үндэстний удам нэгт ах дүү болгох болсон. Энэ нь яг Гоминданы засгийн газрын тэргүүлэгч Жан Жяошигийн 1943 онд хэвлүүлсэн “Дундад улсын хувь заяа”-д бий. Гэвч Юань Шикай, Жянь Бозань, Фэй Шяотүн нарын цөөн тоот үндэстнийг дэмжих байр суурь нь 1949 оноос хойш зонхилж, тэр тусмаа ХКН-ын удирдсан Бүгд Найрамдах Дундад Ард Улс нь цөөн тоот үндэстний хууль ёсны уг гарлыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэдэнд улс төр болон өөрийн нутаг дээрээ өөртөө засах эрхийн олгосон юм. 
Дундад улсын энэхүү эрдэм шинжилгээ болон улс төрийн оролцоотой маргаан нь яг John Fitzgerald-ийн өгүүлсэн “үндэстэнгүй төр” (nationless state)-ийн яаравчлан үндэстэн хайх байдлыг утгажуулж байдаг[12]. Гэвч XX зууны эхний хагаст Дундад улс нь тогтсон төрийн хэлбэрт байгаагүй. Мөн тогтсон үндэстэн ч байгаагүй. 1949 онд байгуулагдсан БНХАУ нь нэг төрлийн төрийн хэлбэрийг олж авсан. Гэвч энэ төрд нэгдсэн “дундадын үндэстэн” гэх мэтийн ойлгогдохуун байсангүй. Яагаад гэвэл 1954 оны анхны үндсэн хуульд “Бүгд Найрамдах Дундад Ард Улс нь олон үндэстний нэгдсэн улс” хэмээн заасан. Яг энд Эрнест Геллнерийн (Ernest Gellner)[13] хэлсэнчлэн национализмын төр ба үндэстний нэгдмэл шинж дээрх тэмцэл нь социализмын үе шатанд хүртэл үргэлжилж, тэр нь шинэ Дундадын национализмыг бүрдүүлсэн, даруй Дундад улсын 56 үндэстнийг багтаасан нэгдмэл “үндэстэн” гэх ойлголтыг хайх болсон. Энэ компанит ажил нь Лү Жэнюй, Жянь Бозань, Ү Хань, Фань Вэнлан гэх мэт түүхчдийн маргааны бүхий л саналын агуулга болно. 1950-аад оноос 1962 он хүртэл тэд олон үндэстний Дундад улсын түүхийн замаар явахыг оролдож байсан. Мөн хэрхэн Өвөр Ази Дундадын тал нутгийг байлдан дагуулсанд хэрхэн хандах болоод Хан Хятад үндэстний эсэргүүцэл гэх мэтийг яаж өгүүлэх тухай бодолхийлж байсан. Гэвч эцэстээ эртний судлал болон хүн судлал нь энэ нэг нэгдмэл шинжтэй асуудлыг шийдвэрлэв. 
1921 онд Шведийн археологич Джон Гуннар Андерсон (John Gunnar Anderson) хамгийн анх Яншяогийн соёл хийгээд түүний судалгааг нээснээр орчин үеийн Дундад улсын археологийн хаалга нээсэн гэгддэг. Түүнчлэн мөн Дундад улсын сэхээтний национализмыг өдөөж, “Дундадын үндэстэн” (zhonghua minzu)-ий соёлын эх сурвалж хийгээд хязгаар дээрх Өвөр Азийн нүүдэлчин үндэстний уг сурвалжийг багтаасан хэлэлцүүлгийг дэлгэрүүлэв. 1970-аад оны үед Дундадын археологич, эрх мэдэлтэн Сү Бинчи Яншяогийн соёлын судалгаанд үндэслэн “одooр дүүрсэн тэнгэр” (mantian xingdou) гэдэг ойлголтыг гаргаж, үүгээрээ Дундад улсын адилгүй соёлын болон үндэстний ангилал, тархалтыг гарган илэрхийлсэн. Энэ нь Хан Хятадын иргэншилээр төвлөх болон зэрлэгүүд хязгаарт оршдог гэх Дундадын уламжлалт түүхийн ойлголтыг зөрчилд хүргэв[14]. Яншяогийн соёлын судалгаа нь Дундадын угсаатаны зүйг археологижуулж, хүрлийн үе болон дараа үеийн Дундадын олон үндэстэнтэй байдлыг холбоход хүргэсэн. Энэ хөгжил нь яриангүй L. J. Hartley-гийн “өнгөрсөн цаг үе бол гадаад улс, ажил үйлсийг өөрөөр хийдэг” хэмээн өгүүлсэн алдарт цэцэн үгтэй зөрчилдөв[15]. 
Сү Бинчигийн ойлголт нь бараг хүрлийн үеийн дэлхийн системийн онол болсон[16] бөгөөд энэ онол нь адилгүй үндэстэн болон соёлын угсаатны бүлэг хоорондоо харилцан үйлдэлцэлтэй оршин буйг хүлээн зөвшөөрдөг. Энэ онол мөн хүн судлаач Фэй Шяотүнгийн 1988 онд гаргасан одоо үед зонхилох байр эзэлж байгаа “Дундадын үндэстний олон эшт нэг бие” гэдэг ойлголтод шууд нөлөөлсөн байдаг[17]. Дээр эш татсанчлан “Дундадын үндэстэн”-ий ойлголт нь 1930-аад оны сүүлээр хэлэлцэгдэх болсон бөгөөд Фэй Шяотүн бол түүний идэвхтэй оролцогч байсан. Энэ ойлголтын дахин сэргэлт нь лав Дундадын эрдэмтдийн нэгдсэн үндэстний хэлбэрийн мөрөөдөл ба эрэлхийллийн үргэлжлэл байсан. Яагаад гэвэл 1982 оны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Дундад Ард Улс нь “бүх улсын олон үндэстнүүдийн ард түмний хамтаараа цогцлон байгуулсан олон үндэстэн бүхий нэгдсэн улс болно” гэж заагдсан. Хэрхэн олон үндэстнийг нэг бие болгох гэдэг бол Соёлын Хувьсгалын (1966-1976) дараа үеийн Дундад улсын национализмыг ашиглан улсаа бататгахад нь тулгарч буй хамгийн том асуудал. 
Сү Бинчи Яншяогийн соёлын судалгааны үндэс дээр “одooр дүүрсэн тэнгэр”-ийн ойлголтыг гарган ирж, дундадын адилгүй соёл болон угсаатны бүлгийн тархалтыг илэрхийлсэн юм.

“Дундадын үндэстэн” гэх энэхүү үндсэн хуулийн бус ойлголт[18]-оор Фэй Шяотүн Английн хүн судлалаас сурсан функционализмын арга зүй болон Марксизмын үзэл суртлыг нэгтгэж Өвөр Азийн байлдан дагуулагчийг Дундад улсад ижилсүүлэхийг оролдож байсан. Фэй Шяотүн Дундад улс болон Өвөр Азийн хоорондын дайн байлдаан болон худалдааг харилцан хоорондын нөлөөлөл хийгээд солилцооны хэлбэр гэж харж байсан бөгөөд ямар ч ухамсаргүй орчин дор Дундадын үндэстэн болж бүрэлдэж “ѳѳрѳѳ буй” (zizai) үндэстний бодит бие болсон хэмээн өгүүлсэн. 1840 онд Дундад улс Барууны хагас колони болсны дараагаар урт хугацаанд тааралцахгүй үндэстнүүд нь өөрийгөө Дундадын хүн (zhongguo ren) болохыг “мэдэрч”, “өөрийн ухамсраар” (zijue) “Дундадын үндэстэн” (zhonghua minzu)-д өөрийгөө хамааруулах болсон гэсэн санааг гаргасан юм. Бид үүнээс Фэй Шяотүн байлдан дагуулал эсвэл эзлэгдэгчийн нэрийдлээр Өвөр Азийн хүнийг Дундадын үндэстэнд oруулсан биш, харин Өвөр Азийнхны өөрийн ухамсар үйлдлийг дэлгэн харуулах аргаар хийснийг харж болно. Дундадын үндэстний органик хэсэг болсон уугуул Өвөр Азийн байлдан дагуулагч дахиж Хан Хятадыг дайсан гэхгүй, улмаар гадаад дэлхийтэй хязгаарлалтаа тодотгосон хэмээн үзэж байна.

Өвөр Ази байхгүй бол Дундад улс байхгүй

Өвөр Азийнхан нь Дундад улстай “өөрийн ухамсраар” ижилссэн гэх энэхүү томьёололд Дундадын хүний ойлголцчих төсөөллийн дунд сонгодог хэлбэрийн парадигмын өөрчлөлт болж, Дундадын уламжлалт “Татаарыг хөөж, Дундадаа сэргээх”-д зөрчил тарьж байна. Эсвэл Карл Виттфогель (Karl Wittfogel) болон Фөн Цзя Шөн (Feng Chia-sheng)[19] нарын өгүүлж байсан “байлдан дагуулагч вант улсын” (conquest dynasty) дүрслэлийн дундах зөрчлийн парадигмд ч мөн адил. Ойрын үед зарим Дундад улсын эрдэмтэд Америкийн Шинэ Чингийн түүх (New Qing History) судлаачдын бүтээлийн дундах Манжууд өөрийнхөө байгуулсан нэгтгэсэн эзэнт гүрний дунд Хан Хятад бус эзний ухамсартайг хүлээн зөвшөөрсөнд болон мөн адилгүй Өвөр Азийн засаглалын хэлбэртэй гэдгийг хатуу шүүмжилж, Шинэ Чингийн түүхийг барууны Дундадад чиглэх ов мэх гэж нээлттэй буруушаасан юм[20]. Хэдийгээр ийм ч гэсэн эдгээр шүүмжлэгчид нь огт Өвөр Ази орчин үеийн Дундад улсын бүрэлдэлд хувь нэмэргүй гээгүй. Зөвхөн Өвөр Азийнхан өөрийн байр суурьтай гэдгийг л хүлээн зөвшөөрөхгүй байгаа төдий л хэрэг. 
Овен Латимор (Owen Latitimore)-ийн “Дотоод Азийн хязгаарын” (Inner Asian frontiers) тухай алдартай бүтээл нь ойрын үеийн Дундадын эрдэм шинжилгээнд их талархал хүртэж байна. Тэр бээр Цагаан хэрмийн хоёр талаар хэсэглэсэн “Дотоод Азийнхан” болон Дундадын тал газрын Хан Хятадтай хамтлаг харилцааг гарган ирсэн гэв. Энэхүү хязгаарын тухай онол нь “inter subjectivity”-гийн арга зүйн онолын урьтал болсон юм шиг. Дундад улсад энэ төрлийн онолын гол үнэлэмж нь үндэстэн хоорондын дотно нөхөрлөлийг дэмждэг[21]. Дундад улсын эрдэм шинжилгээний хүрээнд нэгэн шинэ парадигм мандаж байгаа нь маш илэрхий байна. Би үүнийг “Гүрэн улсад тэмүүлэх эргэлтийн чиглэл” гэж нэгэнтээ хэлж байсан[22]. Энэ эргэлтэн дунд Манж-Чингийн эзэнт гүрний нүүдлийн өв сан, улмаар Монгол-Юань, цаад зах нь Хүннү бүгд Дундадын үндэстнийг байгуулах болон бататгахад зайлшгүй их өв хөрөнгө болж байна. Өвөр Азийнхан хийгээд түүний газар нутаг нь бүгд Дундад улс болон Дундадын үндэстний “салшгүй нэг хэсэг” болсон. Эсрэгээрээ энэ бүх байдлыг харвал Дундад улс хэрхэн бий болсныг, зөвхөн Өвөр Азиас л харж ойлгож чадна гэдгийг илэрхийлж хэлж байгаа юм. 
Хэрвээ Өвөр Азийн нүүдэлчин үндэстний байлдан дагуулал болон түүний доторх бүхий л байгуулсан “байлдан дагуулагч вант улс”-үүд нь Дундадын түүхэнд “хүлээн зөвшөөрөгдөхгүй” эсвэл ташуурдлагын золиос байсан юм бол өнөөдөр тэр нь нэгэнтээ Дундадын хамгийн их төсөөлөн бодох авьяастай улс төрийн философич Жао Тинянгийн гарт идэвхтэй болон бүтэмжтэй эерэг энерги болж хувирсан. Түүний шинэ ном болох “Адислагдсан Дундад улс: Бурханлаг ойлголт болох Дундад улс (Huici Zhongguo: Zuowei yige shengxing gainian de Zhongguo)-даа[23] Жяо Тинян Өвөр Азийн нүүдэлчин үндэстэнд Дундад улс хийгээд түүний соёлын үндэслэгч өвөг дээдсийн байр суурьт өргөж даруй анхны ханы нэг болсон Хуаньди нүүдэлчин гаралтай байхыг зөвшөөрч, түүнчлэн Дундад улсын улс төрийн шашны номлол теологиг байгуулахын оролдсон. Энэ илэрхийллийн дунд Дундад улс бол нээгч, их арвин баялгийн нөөцтэй бөгөөд oгт ялгаварлан ангилaхгүй, орж ирж буй харь үндэстнүүдийг баярлаж угтсан дэлхийн шинжтэй улс болж байгаа юм. Тэр “Дундадын талд буга авлах” (zhulu zhongyuan) гэх ойлголтоос эртний Дундадын тал нутаг бол буга агнадаг газар мөн, хэдэн мянган жилээс нааш зэрлэг нүүдэлчдийн байлдан дагуулагчид ирж эд баялгийг дээрэмдэн авч байсан ч тэд бага багаар тэдний соёлд уусаж буцаж явалгүй Дундад хүн болсон байна гэсэн санаа авав. Жяо Тинянгийн Дундад улсын улс төрийн домог нь Өвөр Азийнхан ёс суртахуунгүй, зэрлэг байлдан дагуулал гэдэг ойлголтыг “Дундад улсын зүүд мөрөөдөл”-ийн эрэлхийлэл болж өөрчилж хувируулсан байна.
Өнөөдөр Дундад улсын Өвөр Азид хандсан хүсэл эрмэлзэл нь өргөжин тэлж, Монголчуудын үндэслэн байгуулсан дэлхийн эзэнт гүрэнд хүрсэн юм. Томоохон Дундадын түүхчдийн бичсэн бүтээлүүдээс гадна бид Японы нэрт түүхчид болох Сугуяама Масаки (Sugiyama Masaki) болон Окада Хидэхиро (Okada Hidehiro) нарын Монголын эзэнт гүрний холбоотой алдартай бүтээлүүдийн орчуулга ч номын дэлгүүрүүдэд голлох газарт тавьж байна[24]. Хэрэв тэдний Монгол болон Өвөр Азийн нүүдэлчин үндэстнээр төвлөсөн дэлхийн түүхийг бичихийн зорилго нь Дундад (болон Европ)-ын төвийн үзлийн няцах гэсэн бол, егөөтэйгөөр эдгээр ном нь Дундадад хамгийн их талархлыг хүлээх болсныг яана! Энэ үзэгдэл зөвхөн Дундад улс аль хэдийн өөрийгөө Өвөр Азийн эзэнт гүрэн хэмээн төсөөлөл хийгээд хамгийн наад зах нь л Өвөр Ази бол түүхэн дээр хийгээд өнөөгийн Дундад улсын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэгийг илэрхийлж байна. Зөвхөн ингэж сая л бид Монголын дэлхийн түүх таатай хүлээн авагдах болсон бөгөөд Дундад улсын дэлхийн түүх болгон өөрчлөгдөж байгаагийн шалтгааныг тайлбарлаж чадна[25]. 
Монголчуудын үндэслэн байгуулсан дэлхийн эзэнт гүрний түүх Дундад улсын түүх болон өөрчлөгдөн хувирав

Өвөр Азийн энэ нэг бүс нутгийн Дундад улсын ойрын 100 жилийн түүхэнд чирэгдэн орж байгаа зүйл нь бидэнд их сонирхолтой төсөөллийг өгч байна. Тэр урдаар дарлагдаж, дараа нь илэрхий магтагдах хачирхалтай үйл явц болсон. Дундад улс ч мөн Өвөр Азийн нүүдэлчин үндэстэнтэй чанга хязгаараа тогтоох ба занан хѳѳх зогсолтоос ухарч санаачилгатайгаар Өвөр Азийн түүх соёлын өвийг тэврэх боллоо. Өнөөдөр маш олон Дундад улсын эрдэмтэд Күнзийн “дасан зохицож хамтаараа орших” (he er bu tong) ойлголтыг үндэслэн Дундад улс эртнээс нааш “иргэншсэний дотор зэрлэг, зэрлэгийн доторх иргэншсэн байна” (xia zhong you yi, yi zhong you xia) гэх олон эшт нэг бүтэн цогц байсаар ирсэн гэж ярьж байна[26]. Энэ нь мөн хэдийгээр маргаан шүүмжлэлтэй ч Дундад улсын эрдэм шинжилгээнд өнгөрсөнд, одоо, ирээдүйд ч гэсэн Өвөр Ази байхгүй бол Дундад улс байхгүй гэсэн үзэл нь улам бүр л нийтийн болж буй юм.

Дундад улсын “Aр Ази”-д нэвтрэх “Өвөр Ази”-н зам

Би энэхүү өгүүлэлдээ “Өвөр Ази” гэх ойлголтыг Дундад улсын цөөн тоот үндэстний бүс нутгийг тайлбарлахад хэрэглэсэн нь Дундадын дотоодын Өвөр Азийн фронтоор Дундад улс нэгэнтээ “Ази” хэмээх энэ газарзүйн улс төрийн бодит хэрэг болохыг тайлбарлахыг хүссэн хэрэг. Зорилго нь Дундад улсын “Ази тив”-ийн түгшүүрийг багасгах. Дундадын “нэг бүс нэг зам”-ын стратеги амжилттай байя гэвэл Ази бол Дундад улсын гадна, түүнтэй хоёр эшт эсрэг тэсрэг байх ёсгүй. 
“Өвөр Ази” хэмээх ойлголт түгэгдсэн нь 1940 онд хэвлэгдсэн Овен Латиморын “Дундадын фронт дэх Дотоод Ази” (Inner Asian Frontiers of China) -ийн санаануудтай холбоотой. Хэдийгээр тэр үүгээрээ Хан Хятад бус фронтыг тодорхойлж байсан авч “Дотоод Ази”-ийн “Дотоод”-ийг огт тайлбарлаагүй. Миний бодлоор тэр зүгээр л шууд Дундадын тэнгэрийн доорх (tianxia) тогтолцооны “дотоод гадаад” (neiwai) гэх ойлголтыг ашигласан. Tус ойлголт нь геополитикийн давхаргын адилгүй байдлыг үндэслэн засаглалын арга бүтээдэг бөгөөд энэ давхарга нь зах хязгаарын хүмүүсийн үнэнч эсэх, үндэстэн болон соёлын ялгаа зөрөө болоод эзэнт гүрний дотоод нийгмийн байр суурьтай холбоотой байдаг. Яг Тан улсын төр Гадаад Харь (И) болон Дотоод Харь (И) хэмээн хувааж байсантай адилхнaaр, Чингийн төр нь Монголыг Гадаад МонголДотоод Монгол гэх хоёр төрөлд хуваасан юм. Гадаад Монгол нь улмаар Дотоод Засаг Монгол болон Гадаад Засаг Монгол гэж хуваагдаж байгаад, дараагаар Өвөр Монгол болон Ар Монгол гэж хувирсан. Тэр дундаа Ар Монголын ихэнх хэсэг нь одоо тусгаар тогтносон Монгол улс болсон. 
Өнөөдрийн Өвөр Ази Дундад улсын хязгаарт багтаж, зөвхөн Дундадын цөөн тоот үндэстний хязгаарын бүс нутaг, дариу Өвөр Монгол болон Шинжаан, Төвөдийг заадаг. Түүнээс биш Дундадын уламжлалт 5 ёсны тогтолцооны (wufu) адил тийм олон дэсийн юм биш. Яг эндээс миний гаргаж ирж буй нэг шинэ санаа бол “Aр Ази”-г “Өвөр Ази”-н нөгөө тал болгож, Зүүн Хойт Ази, Дундад Ази болон Зүүн Урд Ази даруй түүхэнд Дундадын эзэн хаанд алба барих харилцаатай, гэвч одоо бүгд тусдаа бие даасан бүрэн эрхт улсуудыг заах билээ. Миний гарган буй энэхүү “метагазарзүй” нь ойлголтын зорилго бол огт хязгаарыг Дундад улсын тэнгэрийн доорх тогтолцоонд оруулах тухай биш, харин Дундад улсыг өөрийн “Өвөр Ази”–аар дамжуулан Ази тивтэй холбох тухай юм. Энд байгаа “ѳвѳр” хийгээд “ар” нь Дундад төвлөсөн улс төрийн харилцааны хол ойр дээр хуваарилагдсан биш, харин Өвөр Ази болон Дундад Азийн уугуул хөрсний “газрын бие”(geobody)-ээр тогтоно[27]. Тухайлбал, Nei Menggu (Inner Mongolia), Wai Menggu (Outer Mongolia)-д хоёр янзын дуудлагын арга байна. Нэг нь тэнгэрийн доорх тогтолцооны дотоод гадаад гэж харьцуулагдан орчуулагддаг. Даруй “Дотоод Монгол”, “Гадаад Монгол”. Нөгөө нэг нь Монголчууд уул хангай эсвэл говийн байцаар эсвэл биеийн байрлалын хоёр талаар нэрлэдэг “Өвөр Монгол”, “Ар Монгол” болно. Бидний мэддэг Monan Menggu (Говийн урдах Монгол), Mobei Menggu (Говийн хойдох Монгол) эсвэл Lingnan Menggu (Давааны урдах Mongol), Lingbei Menggu (Давааны арын Монгол) нь даруй газрын орчны ангиллын тохиолдол билээ. Сүүлчийнх нь утга дээр Өвөр Aзи, Aр Aзи хийгээд түүний дотно харилцаа нь амьд оршиж байдаг. Maргашгүй үнэн бодит байдал бол Өвөр Азийн хүн ам болон соёл ихэнх нь хил дамнаж, Aр Азитай ураг төрөл эсвэл соёл, шашны харилцаатай байдаг.
Тухайлбал, зүүн талаас Хармөрөн муж, Жилин болон Ляонин мужид Солонгос үндэстэн байна. Тэд хийгээд хоёр Солонгостой нэг л үндэстэн. Орчон болон Эвэнк үндэстэн нь Оросын Сибир болон Алс Дорнодын хязгаарт мөн нэг үндэстний хамаатан садан байдаг. Өвөр Монгол болон Ар Монгол нь угаасаа нэг улс байгаад зөвхөн XX зууны эхээр салсан. Шинжаанд байгаа Ойрадууд мөн л Монгол болон Оросын Xалимагт ах дүүс нь байна. Казак нь Монголын баруун хэсэгт болон Казакстанд өөрийн ах дүүс үндэстэн нь байна. Киргиз, Узбек, Тажикууд мөн Киргистан, Узбекистан болон Тажикстанд адил үндэстэнүүд нь байна. Тэрчлэн Уйгур нь Шинжаанаас гадна өөр улсад ах дүүс байхгүй авч муслимын хувьд Дундад Ази, Дундад Зүүн, Өмнөд Ази, Зүүн Урд Азийн бүхий л Исламын улсуудад шашны холбоо байна. Төвөд нь шашин дээр болон үндэстний хувьд Энэтхэг, Ладак, Непал/Балба, Бутан гэх мэттэй холбоо харилцаатай байна. Баруун урдын Гүйжөү болон Юньнаны олон үндэстэн бүгд Тай улс болон Мьянмар улсад ижил үндэстэн нь байна. 
Оросын Орчон үндэстэн

Эдгээр Өвөр Ази болон Aр Азийн хоорондох өргөн тархсан үндэстэн, шашин, газар нутгийн улс дамнасан холбоо нь байнга Дундад улсын төрийн эрхийн сахигчийг түгшээж, тэд нь улс төр, мөн бас эрдэм шинжилгээний талаас улсыг хагацуулах аюулаас зовниж байдаг. Зарим цөөн тоот үндэстний нэрийдэл хийгээд хилийн гаднах ижил үндэстний нэрийдэл адилгүй Хятад бичгээр илэрхийлэгдэж байгаа нь магадгүй энэ зовнилын нэг илэрхийлэл буй за. Тухайлбал, Эвэнкийг Дундадад “Ewenke” гэж, Оросод байгааг “Aiwenji” гэдэг; Kиргизийн хувьд, Дундадад “Ke’erkezi”, хилийн гаднахыг “Jierjisi” гэж байгаа бол Узбекийн хувьд улсын дотор байгааг “Wuzibieke” гэдэг бол гаднахыг “Wucibieke” гэх мэт. 
Хэрвээ энэ айдас болон итгэлгүй байдал нь ойрын үед улсынхаа хаалгыг түгжиж дотогшоо хумих үндэсний үзлээс эштэй гэвэл өнөөдрийн Дундад улс нээлттэй хараатай улс болж өөрчлөгдөж “нэг бүс нэг зам”-аар дамжуулж хөрш улсуудыг дагуулан Aзийн хувь заяаны нэгдмэл цогц болгохоор чармайж байгаа энэ цаг үед Өвөр Азийнхан рүү сөрөг зан гаргах нь хууль ёс, ёс суртахууны үндсээ алдсан хэрэгт тооцогдоно. Шуудхан хэлбэл “нэг бүс нэг зам”-ын стратеги амжилттай болох эсэх болон түүний хүссэн үр дүн — Дундадын зүүд мөрөөдөл — биеллээ олох эсэх нь, Дундад улс хэрхэн өөрийнхөө Өвөр Азийн иргэдэд хандах вэ гэдэг дээрээ бий. Даруй өөрийн Өвөр Азийн иргэндээ итгэх зориг сүжиг итгэл байгаа эсэх ба тэднээр Aр Азитай харилцах гүүрийг байгуулах эсэхэд бий. Өнөөгийн Дундад улсын Дундад Ази дахь гадаад бодлого тухайлбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулсан нь “холтой нь харилцаж ойрхыг цохих” уламжлалт арга ухаан байлаа. Өөрөөр хэлбэл Дундад улс Дундад Азийн улсуудад чихэр өгч буй нь Өвөр Азийн тусгаар байхын эрмэлзлэлийг хяхаж байгаа зүйл гэж хэлж болно. Гэвч “нэг бүс нэг зам” бол Дундад улсын Өвөр Азийн хязгаар болон Aр Азитай харилцах геополитикийн бодлогыг өөрчлөхийг шаардаж байна. Хоёрыг салгах биш, харин тэднийг холбох.
Америкийн олон эшт соёл Дундадын төрийн бодлогын эрдэмтдийн анхаарлыг татсан. Бид тэндээс Дундад улсын цөөн тоот үндэстнүүдэд хандах бодлогыг өөрчлөх жишээг эрж хайж болно. 1960-аад он хүртэл тэр чигтээ Америк нь англи хэлнээс гадна соёлыг багтаахгүй, харин “хайлуурын тогоо”-ны бодлогыг хэрэгжүүлж цагаачдыг Америкийн нийтийн соёлд оруулахыг санаархаж байсан. Энэ бодлого нь англи хэлгүй цагаачдын соёлыг Америкийн соёлд аюул занал болж байна гэж үзэж байсан. 1960–аад оны иргэний эрхийн хөдөлгөөний дараагаар угсаатны бүлгийн олон янз байдал нь зөвхөн хүлээн зөвшөөрөгдөөд үл барам Америкийн гол үнэ цэнийг дахин шинээр тодорхойлогдоход хүрсэн. Энэ нь даруй мультикультурализм. Үүнээс хойш адилгүй соёл болон хэлний хүн бүгд Америк үндэстний баялаг болж харагдаж Америк хүний хувьд тэд нарыг олон салбарт өөрийн уугуул улстай хамаатай ажил хийхийг дэмжсэн, гадаад харилцааны талаар ч адил. Гэри Фэй Лок (Gary Faye Locke)-ийн ажил бол нэг жишээ. Тэр 21 дэх Вашингтон мужийн засаг дарга байсан (1997-2005), мөн Америкийн худалдааны сайд (2009-2001) байсан бөгөөд 2011-2014 онд Дундад улс дахь Америкийн элчин сайд болсон. Тайвань гаралтай Жяо Шаолан бол Америкийн шинэ олон соёлын бодлогын бас нэг ашиг тусыг хүртэгч. Тэр өмнө нь Америкийн хөдөлмөрийн сайдыг 2001-2009 онд хийж байгаад 2017 оны 1 сарын 31 нээс эхлэн Америкийн зам тээврийн сайд болсон. Эдгээр жишээнүүд нь Америкийн бодлого болон ойлголт нь цагаан бүсийн цагаачдыг аюул гэж үзэж байснаас итгэмжтэй Америкийн иргэн гэж үзэх болж хувирсныг харуулсан. 
Үнэндээ бид ойрыг орхиж алс холын Америкийн бодлогоос манай цөөн тоот үндэстнүүдтэй харилцах шинэ улс төрийн хэлбэрийг хайх хэрэг алга. Бүгд Найрамдах Дундад Ард Улс байгуулагдсан эхний 15 жилийн түүхэнд Өвөр Азийн цөөн тоот үндэстнүүдэд маш өндөр улс төрийн итгэлтэй байсан. Өвөр Монголын Улаанхүү бол үүний жишээ. Тэр бээр Өвөр Монголын Өөртөө Засах Орныг байгуулсан, түүнчлэн мөн Дундад улс болон БНМАУ-ын хоорондын гол холбогч байсан, үргэлж Зөвлөлт болон бусад социалист лагерийн улст Дундад улсын албаны төлөөлөгчдийн бүлгэм дагуулж айлчилж байв. Дундадын анхны БНМАУ-д суугаа элчин сайд бол Заяатай, 1950-1954 онд үүрэг хашиж байсан. Tэр бас л Монгол хүн. Гэвч Дундад улс болон Зөвлөлт ба Монгол улсын хагарал нь Өвөр Монголчуудыг үндэстний ижилслээс болж тэдний улс төрийн үнэнч эсэхийг шалган хилсдүүлж үндэстний эмгэнэлтэй нөхцөл байдалд оруулсан билээ. 
Тиймээс Өвөр Азийг Дундад улс болон Ар Азийн гүүр болгоход бид Өвөр Азийнханы Дундад улс дахь байр суурь болон үндсэн хууль дахь байр суурийг маш нарийн эргэн бодож үзэх хэрэгтэй. Тэд нарыг аюул гэж үзэж тэдэнд “аюулгүйжүүлэлт” хийхийн oронд өмнө дурдсан түүхчдийн шинэ нийтлэг мэдлэгээр Өвөр Азийнхны соёл болон газар нутаг нэн цаашилбал генийн талаар Дундад улсын бүрэлдэлд ач тусаа өгснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнчлэн тэдний соёл болон өөртөө засах хууль ёсны эрхийг хамгаалж, тэднийг баялаг гэж харах ёстой, харин улс төрийн садаа гэж үзэж болохгүй. Ингэвэл биедээ итгэлтэй, улсынхаа Өвөр Азийн үндэстнүүдийн соёлыг хүндэтгэдэг, мөн тэдний улс төрөөр итгэдэг ийм нэг Дундад улс нь Ар Азийн хүндэтгэлийг лавтай олох болно. Өвөр Монголоор жишээлэх юм бол бид санаж байх ёстой зүйл нь 1945 оны эцэст БНМАУ нь Дундад Иргэн улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсний дараагаар Өвөр Монголыг Дундадын Коммунист Намд даалгаж өгсөн. Яг энэ улс төрийн итгэлцэл нь БНМАУ болон шинэ Дундад улсын хоорондын нөхөрлөлийн замыг дэвсэж өгсөн юм. Тэр чигтээ явсаар 1962 онд социалист лагерьт ан цав үүсэхэд хүрсэн. 
Эргэлзээгүйгээр хэлэхэд Дундад улсын “нэг бүс нэг зам”-ын их бодлого хэрэгжиж байгаа өнөөдөрт хязгаараар байршдаг хийгээд Ар Азитай холбогдсон Дундадын Өвөр Азийн иргэд нь Дундад улсын “өөртөө итгэх итгэл”-ийг хэнээс ч илүү хүсэж байдаг. Тэд Дундад улсыг том гүрний авиртай байж, тэдэнд нэн илүү улс төрийн итгэл өгч, тэдэнд Дундад улсын Азийн шинэ дэглэмийг дагуулан тогтоох үйлст нь oролцуулж хувь нийлүүлэх боломжийг өгөхийг хүсдэг—энэ бол тэдний “Дундад улсын зүүд мөрөөдөл” билээ. Тэдний үндэстний уг гарлын дундах онцлог шинж нь Дундад улсад том нэмэр оруулсан, мөн Дундад улсын үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдөж хамгаалагдаж байна. Тиймээс Дундад улсын иргэн болох Өвөр Азийнханы Дундад улсын мөрөөдөл нь бүхий л Дундад улсын зүүд мөрөөдөлтэй баталгаатай нэгдмэл ашиг тустай билээ. 

Миний тус өгүүлэлд дурдан гаргасан Дундад улсын “Өвөр Ази” хийгээд “Aр Ази”-ийн холбоогоор дамжин Ази тивийн шинэ дэглэм эсвэл дэлхийн тогтолцоог байгуулах шинэ хараа нь өнөөдрийн зарим Дундад улсын эрдэмтдийн тэнгэрийн доорх тогтолцоог сэргээх саналтай зарим талаар төсөөтэй байж магад. Ван Минминь (Wang Mingming) ойрын үед “Гурван тойргын онол” —цөм тойрог, дунд тойрог хийгээд гадаад тойрог—гэх зүйлийг гарган ирж, үүгээрээ зориуд Барууны дэлхийн тогтолцоогоос ондоо Дундад улсын тэнгэрийн доорх иргэншлийг суурилсан “уугуул нутгийн дэлхийн тогтолцоо”-г бүтээхийг оролдож байна. Гурван тойргийн дундах бүхий л тойрог бүгд нийгмээс хэтэрсэн, харилцан хоорондоо давхацсан байна[28]. Түүний энэ санаатай нийлэхгүй тал юу гэвэл, миний энэ санал бол уламжлалт тэнгэрийн доорх тогтолцоо болон түүний дараа үеийн Вэстфайлагийн дэглэм нь харилцан нэгдэх ёстой, харин ээлж халаа хийх биш. Түүнчлэн миний дэвшүүлсэн шинэ дэглэм эсвэл тогтолцоо нь зөвхөн соёл, эдийн засгийн харилцан нэвчилт байж болохгүй, бас ёс суртахууны тогтолцоо байх ёстой. Тухайлбал, үүнтэй адил “Зүүн Өмнөд Ази” -ийн “галактикийн улс төрийн дэглэм” (galactic polity) шиг төвд тэмүүлэх систем байх ёстой[29]. “Галактикийн улс төрийн дэглэм” нь нэгэн төв болон тойрон эргэлдсэн дагуул одны улс эсвэл харьяаны улсын бүрэлдэхүүнтэй. Арынх нь магадгүй бусад төвд мөн л хавсралтын харилцаатай. Галактикийн улс төрийн дэглэм хүч хүчирхийлэлээр хязгаарын бүсээ удирддаггүй, харин ёс суртахууны нэр хүнд болон бахархлаар удирдлага болгож байдаг. 
“Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодит хэрэгжилт хийгээд түүний амжилт нь нэгэн бүх талын шинэ Ази тивийн дэглэм эсвэл дэлхийн тогтолцооны шинэ байгуулал байхыг шаардаж байна.

Ерөнхийдөө Дундад улсын “нэг бүс нэг зам”-ын стратегийн бодит хэрэгжилт хийгээд түүний амжилт нь нэгэн бүх талын шинэ Ази тивийн дэглэм эсвэл дэлхийн тогтолцооны шинэ байгуулал байхыг шаардаж байна. Би тус өгүүлэлд Дундад улс хийгээд Ази тивийн хоёр эшт харилцааг өөрчлөн Дундад, Дундадын Өвөр Ази болон Aр Азийн 3 эшт бүтэц байх санал дэвшүүлж байна.Энэ шинэ дэглэмийн дундах миний өгөх зөвлөгөө бол “Өвөр Aзи”-ийг Дундадын Aр Ази руу нэвтрэх “гүүр” болгох тухай юм. “Aр Ази”-ийн энэ метагазарзүйн ойлголтын гаргаж буй нь огт түүнийг Дундад улсын фронт гэж үзэж, алба барих тогтолцооны уламжлалыг сэргээх гэсэн биш. Эсрэгээрээ миний өгсөн нэрийдэл бол Дундад Ази эсвэл Өвөр Aзийн уламжлалт “газар зүйн бие”-ийн хэлнээс эхтэй бөгөөд дотоод гадаад хооронд хязгаарлалтaй харин төвтэй эсвэл дээр доор гэж давхраажуулсан юм биш. Гэвч би хязгаарын Өвөр Азид илүү их уламжлалт агуулгыг өгч буй бөгөөд түүнийг төвтэйгөө нийлж Дундад улсын дотоод “тэнгэрийн доорх” тогтолцоо болoхыг найдаж байна. Энэ хоёр нь бусдын зовлонгоор жаргасан харилцаатай биш, харин “inter-subjectivity”-ийн харилцан үйлдэлцлийн хүлээн зөвшөөрсөн, итгэлийн харилцаатай болно. Дундад улс өөрийнхөө Өвөр Азийн хязгаарт улс төрийн итгэл өгөх нь түүний “subjectivity”-ийг баталгаажуулах үйлдэл юм. Энэ нь эргэж Өвөр Азийн итгэлийг олж, түүгээрээ төвийн “subjectivity” нь хүлээн зөвшөөрөгдөх болон баталгаажуулагдана. Улам цааш хэлвэл Өвөр Азийн хийгээд Aр Азийн органик харилцаанаас болж Дундад улсын төв нь Өвөр Азийн хязгаарын “subjectivity”-г хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ улс төрийн итгэлийг түүнд олгосон тохиолдолд Aр Азийн олон улс хийгээд ард олон дахиж өөрийн нутгаа Дундадад улсад алдах эсвэл Дундадад алба барих тогтолцоонд чирэгдэн орох, бөгөөд өөрийн ижилслээ алдах гэх мэт “Хятадаас айх” (konghua) шалтгаан арилах болно. Өөрөөр хэлбэл Дундадын дотооддоо болон гадаадад чиглүүлсэн нийтлэг хүч, зөөлөн эсвэл хатуу аль нь байлаа ч Өвөр Азийн үндэстнүүдийн шинж болон соёлыг устгах биш, харин хүндэтгэж үзэхийн сууринд оршино. Харилцан “интер-субьектив” хооронд байгуулалцсан үнэ цэнийн тогтолцооны эрэлхийлж байгаа бөгөөд хүрэх зүйл нь заавал жинхэнэ энх тайван болно. Ингэж гэмээнэ Дундад улс жинхэнэ төв болж Aр Aзид хүндлэгдэж тэр тусмаа өөрийнхөө мөрөөдсөн “дөрвөн далайгаар захгүй” -н байдлыг бүтээж чадах болно. 

Эх сурвалж
··宝力格 (Uradyn E. Bulag) 通向外亚内亚之路:一带一路与中国亚洲新秩序的构建 《文化纵横》20174(Соёлын бүтэн хараас), 2017 оны 4-р улиралд хэвлэгдсэнийг зохиогчийн зөвшөөрлөөр монгол хэлэнд орчуулав. Ч. Мөнхтуул (Миньзу их сургуулийн антропологийн тэнхим)

Taлархал болон тодорхойлолт
Тус өгүүллийг Монгол хэлээр орчуулж, нийтэлсэн залуучууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье
Өгүүллийн дотор би Хятад улсыг Дундад улс, Хан үндэстнийг Хан Хятад үндэстэн хэмээн орчуулахыг зөвлөсөн. Учрыг нь Монгол Улсын уншигчид ойлгох байхаа гэж найдаж байна. 

Эшлэлүүд
[1] Martin W. Lewis, Karen E. Wigen, The Myth of Continents: A Critique of Metageography. Berkeley: University of California Press, 1997. 
[2] Andre Gunder Frank, The Centrality of Central Asia. Amsterdam: VU University Press, 1992.
[3] Orlando Figes, Natasha’s Dance: A Cultural History of Russia. New York: Metropolitan Books, 2002.
[4] Sally N. Cummings, “Eurasian Bridge or Murky Waters between East and West? Ideas, Identity and Output in Kazakhstan’s Foreign Policy.” Journal of Communist Studies and Transition Politics, Vol.19 (2003). 
[5] H. J. Mackinder, “The Geographical Pivot of History.” The Geographical Journal, No. 4 (1904).
[6] Emily Martin, “Toward an Anthropology of Immunology: The Body as Nation State.” Medical Anthropology Quarterly, Vol.4 (1990). 
[7] Anthony Giddens, The Nation-State and Violence. London: Routledge, 1985. 
[8] 高全喜:《立宪时刻:论清帝逊位诏书》,广西师范大学出版社2001年版。章永乐:《旧邦新造:1911-1917》,北京大学出版社2011年版。20119月《环球法律评论》特刊主题清帝逊位诏书的法律意义
[9] [10] William Connolly, Identity/Difference: Democratic Negotiations of Political Paradox. Ithaca: Cornell University Press, 1991. p.64, p.167. 
[11]黄克武:《民族主义的再发现:抗战时期中国朝野对中华民族的讨论》,载《近代史研究》2016年第4期。
[12] John Fitzgerald, “The Nationless State: The Search for a Nation in Modern Chinese Nationalism”. The Australian Journal of Chinese Affairs, No. 33 (1995). 
[13] Ernest Gellner, Nations and Nationalism. Ithaca: Cornell University Press, 1983. 
[14] 苏秉琦:《满天星斗:苏秉琦论远古中国》,赵汀阳,王星编,中信出版社2016版。
[15] David Lowenthal, The Past is a Foreign Country—Revisited. Cambridge: Cambridge University Press, 2015. 
[16] 易华,《青铜时代世界体系中的中国》,载《全球史评论》第五辑,中国社会科学出版社2012年版。
[17]费孝通:《中华民族的多元一体格局》,载《费孝通全集》(第十三卷),内蒙古人民出版社2009年版。
[18] 中华民族到了最危险的时候词句的《义勇军进行曲》晚至2004年才在十届全国人大二次会议全体代表审议通过的宪法修正案中被首次正式定为国歌,赋予与国旗,国微同样的宪法地位。但是现行法律中还没有与对应的统一民族概念。
[19] Karl A. Wittfogel and Feng Chia-sheng, History of Chinese Society, Liao (907-1125). New York: Macmillan, 1949. 
[20] 汪荣祖主编:《清帝国性的再商榷:回应新清史》,远流出版社2014年版。
[21] 黄达远:《边疆,民族与国家:对拉特魔尔 “中国边疆观的思想》,《中国边疆史地研究》2011年第4期。袁剑:《边疆的背影:拉铁魔尔与中国学术》,社会科学文献出版社2015年版。
[22]  宝力格:《拉铁魔尔,中国人类学与其帝国转向》,载《中国人类学评论》2011年第19辑。
[23] 赵汀阳:《惠此中国:作为一个神性的中国》,中信出版社2016年版。
[24] Жишээлбэл: 杉山正明《忽必烈的挑战:蒙古帝国与世界历史的大转向》(2013),《疾驰的草原征服者:辽西夏金元》(2014),《游牧民世界史》(2016,《蒙古颠覆世界史》(2016) 冈田英弘 《世界史的诞生:蒙古帝国的文明意义》(2016)。
[25] Эдгээр Монголын дэлхийн эзэнт гүрэнтэй хамаатай Япон эрдэмтэдийн хэлэлцүүлэгийг У. Э. Булаг, “‘Бодит оршин буй’ ба ‘бодит оршихуйн үзлийн’ Монголын түүх”, “Ду шу” сэтгэлийн 2017 оны гуравдугаар улиралд хэвлэгдснээс үзнэ үү.
[26] Үүнтэй хамаатай хамгийн хүчтэй авч үзсэн зүйлийг 杨圣敏:《多元一体:中国民族关系的历史传统》,载《光明日报》,2017022607-д бий. http://news.gmw.cn/2017-02/26content_23824227.htm.
[27] Thongchai Winichakui, Siam Mapped: A History of the Geo-Body of a Nation. Honolulu: University of Hawaii Press, 1994. 
[28] 王铭铭:《三卷说:另一种世界观,另一种社会科学》,载《西北民族研究》2013年第1
[29] Stanley J. Tambiah, “The galactic polity in Southeast Asia.” In Culture, Thought, and Social Action. Cambridge, Ma: Harvard University Press, 1973. 






ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...