Friday, February 10, 2017

Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал бүтээл хэвлэгдэн гарлаа

Монголын Антропологийн Холбооны "Антропологийн бүтээлийн цуврал" болон Нийгэм-соёлын хүн судлалын удиртгал бүтээл хэвлэгдлээ. ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш П.Чулуунбат нар тус бүтээлийг бичиж, МУИС Пресс Хэвлэлийн Газар хэвлэжээ. Ингээд уг бүтээлийн танилцуулга болгон өмнөх үгийг оруулж байна.    


МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн (өнөө Антропологи археологийн тэнхим болсон) оюутнуудын хувьд антропологийн талаар эх хэлээрээ унших боломж хомс, ихэнхдээ англи хэлээрх номыг чадан ядан унших нь бэрхшээмээр ажил байдаг. Одоогоор ийн чадан ядан түгдчих нь хэцүү санагдаж болох ч хожим бодвол антропологийн ухаан, англи хэл аль алинд давхар суралцсан ашигтай зүйл байж болох юм. Оюутнууд маань ч энэ “бэрхшээлтэй” тулсаар, давж гарсаар, антропологийн мэдлэг хийгээд хэлний чадвар нь илт дээшилсээр байгаа нь сайн хэрэг. Бидэнд энэ бэрхшээлээс үүдэн “антропологийн сурах бичиг байвал зүгээр биш үү” гэсэн бодол битүүдээ байсан боловч бичих дээрээ тулахаар зориг хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн юм. Үнэндээ хэн бүхний санаанд нийцсэн сайн сурах бичиг хэвлэгдэхийг хүлээвэл олон жил болох биз ээ. Магадгүй дахин хүлээж болох ч хэчнээн жил өнгөрч, хэдэн оюутан сурах бичиг гараасай гэж хүсэж байгааг мэдэхгүй тул бүдүүн зориг гарган энэхүү удиртгалыг бичих гэж оролдлоо. Цөөнгүй ч ном ашиглав, их ч зүйл сурав. Алдсан зүйл байгаагийн адилаар оносон юмс ч бий л байх. Хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ гээнэ биз ээ. Монголчуудын хэлдгээр “сайн муу хоёр нийлэн байж сав дүүрдэг” билээ.
Антропологи хэмээн энэ ухаантай хүзүү сээр холбон хэдэн жил болсоных уг ухааныг “тодорхойлолтод дургүй ухаан” гэж товч “тодорхойлмоор” байна. Алив асуудлыг хатуу тодорхойлж, нэгэн хүрээ цараанд оруулж байж судалдаг хандлагын үүднээс харвал антропологи “эсэргүү” ухаан болох болов уу. Учир нь уг ухаан салбар дундын шинжтэй тул олон судалгааны салбарын харах өнцөг, нүдний шилийг ашигладаг. Иймээс судалж буй асуудлаа аль болох цогц, бүхэллэг байдлаар нь хардаг учраас хэсэглэж харах боломж үгүй юм. Гэтэл аливааг тодорхойлно гэдэг тэрхүү бүхэллэг, цогц шинжийг үгүйсгэж, нэг талыг барих дутагдалтай байдаг. Гэтэл өнөөх судалж буй асуудлын тодорхойлолтод багтаагүй хэсгийг яах вэ? Тэрхүү асуудал биш гэж үзэх үү? Эсвэл судлах цаг болоогүй гэх үү? Өөр зүйл гэж дахин тодорхойлох уу? Иймээс аливааг тодорхойлох нь давуу талтайгаа адилхан сул талтай юм. Ихэнх тодорхойлолт алив асуудлын ерөнхий, дийлэнх шинжид тулгуурласан байдаг. Гэтэл ерөнхийд багтаагүй энгийн “цөөнх” хэсгийн яах вэ? гэдэг нь чухал асуулт юм. Хүний нийгэм-соёлын алив асуудал нэг хоёр, эсвэл хэдэн тодорхойлолтод багтдаг, шийдэгддэг байсан бол өнөө бид бүхэн ийм олон “асуудал” дунд амьдрахгүй амар ч байх байсан юм бил үү. Тиймээс антропологи судалж буй асуудлынхаа тухай тодорхойлолтуудыг тоймлон бичдэг биш харин тэдгээрийн тухай шүүмж бүтээдэг. Энэ үүднээс үзвэл аливаа зүйлийг судлана гэдэг тухайн асуудлын талаар олон шүүмжийг унших, тэр шүүмж бодитой эсэхийг өөрийн судалгааны эх хэрэглэгдэхүүнээр хянан нягтлах гэж болно.
Гэвч антропологи бүх тодорхойлолтыг үгүйсгэн, утга учир, тодорхой дэглэмгүй “философиддог” биш. Уг ухаан аливаа асуудлыг олж харах өөрийн хүрээ цараа, тодорхой дүрэм байгааг уг бүтээлээс үзэж болно. Мэдээж олон хүрээ цараа, дүрэм журам дурдаж болох ч хамгийн гол нь антропологи аливаа соёлыг “буурай”, “давуу”, “хөгжингүй”, “хоцрогдсон” гэх мэтээр ялган ангилж, хатуу нот хуваадаггүй. Харин “өөр”, “ялгаатай” гэсэн үгсийг ашиглаж, төвийг сахидаг.
Тус бүтээлд антропологийн сурах бичгүүдэд дурдаж буй, чухал гэж үзсэн арван зургаан ерөнхий сэдвийг сонгон багтаалаа. Арван зургаан бүлэг бүр дотор дэд сэдэв буй. Дэд сэдэв бүрт тохирох “монгол” жишээ олж багтаахыг хичээсэн төдийгүй хажууд нь дэлхийн хаа нэгтэй, аль нэг соёлыг судалсан антропологийн судалгааны жишээ ч мөн бий. Антропологич хүний хамгийн үнэтэй, бусад судлаачдаас ялгарах зүйл нь өөрөө оролцон ажиглаж байж олж авсан судалгааны баримт байдаг. Тэрхүү баримтыг энд жишээ болгон оруулсан болно.   

Уг ном олон хүний хувьд “мэддэг антропологиос” нь өөр антропологийн тухай байж мэдэх юм. Учир нь Монгол Улсад антропологийн судалгааны сэдэв, хандлага харьцангуй шинэхэн байгаа төдийгүй олон янзын давхар утга илэрхийлж байх шиг байна. Мөн монголын нийгмийн ухаанд нэгэнт хэвшин тогтсон цөөнгүй ойлголтыг дахин нягталж үзсэн хэсгүүд бий. Тэрхүү хэсэг бүрийн мэдээллийн эх сурвалжаа эшлэл, зүүлттэй оруулсан тул илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл тухайн эх бүтээлээс нь лавлан харна уу. 






Номын агуулга


Өмнөх үг        
Талархал          
Зургийн тайлбар        
Хүснэгт           

Нэгдүгээр хэсэг: ХҮН СуДЛАЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ
                       
1   Хүн судлал гэж юу вэ? 
Биологийн антропологи 
Хэл шинжлэлийн антропологи 
Археологи
Нийгэм-соёлын антропологи 
Хэрэглээний антропологи 
Антропологийн товч түүх 
2  Соёл хэмээх ойлголт 
Соёлыг тодорхойлох гэсэн оролдлогууд 
Биологи болон соёл 
Соёлыг ойлгох хандлага
Соёл өөрчлөгдөх
3  Хүн судлалын судалгааны арга зүй 
Судалгааны арга зүйн товч түүх 
Судалгааны бэлтгэл болон явц 
Судалгааны аргууд 

Хоёрдугаар хэсэг: ЭДИЙН ЗАСАГ БОЛОН уРАГ ТӨРЛИЙН ТОГТОЛЦОО

4  Амь зуух арга 
Амьжиргааны аж ахуй 
Цэцэрлэгийн аж ахуй 
Тариалангийн аж ахуй 
Мал аж ахуй 
Үйлдвэржилт 
5  Эдийн засгийн тогтолцоо 
              Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс 
              Хэрэглээ 
              Түгээлт болон солилцоо 
             Дэлхийн эдийн засаг
6  Гэрлэлт, гэр бүл 
                   Гэрлэх ёс 
                   Гэрлэлтийн цээр 
                   Эндогами ёс 
                   Гэрлэлтийн хэлбэр 
                   Гэр бүл 
                   Гэр бүлийн хэлбэр 
       7 ураг төрөл, удам угсаа 
                   ураг төрөл
                   удам угсаа 
                   Зохиомол ураг удам 

Гуравдугаар хэсэг: НИЙГМИЙН ЗОХИОН БАЙГууЛАЛТ БОЛОН ХҮЧНИЙ ТОГТОЛЦОО

8  улс төрийн тогтолцоо 
улс төрийн зохион байгуулалтын хэлбэр 
Овог 
Аймаг 
Ханлиг 
Төр 
Нийгмийн хяналт 
9  Нийгмийн тэгш бус байдал, давхраажил
            Нийгмийн бүлэг 
            Нийгмийн давхраажлын хэлбэр 
            угсаатны болон арьстны давхраажил 
            Давхраажлыг тайлбарласан онол 
10  Арьстан, угсаатан, үндэсний үзэл 
Арьстан хэмээх ойлголт түгэн дэлгэрсэн нь 
Арьсны үзэл 
угсаатан 
Үндэсний үзэл 
11  Хүйс болон жендэр 
                     Бэлгийн зан үйлийн олон янз байдал
                     Бэлгийн чиг хандлага 
                     Жендэрийн үүрэг 
                     Жендэрийн тэгш байдал 

Дөрөвдүгээр хэсэг: БЭЛГЭДЛИЙН ТОГТОЛЦОО
           
12  Хэл болон харилцаа
Бичний харилцааны хэлбэр 
Үгэн бус харилцаа 
Хэл өөрчлөгдөх 
Хэлийг судлах антропологийн хандлагууд 
13  Шашин шүтлэг 
Шашны үүсэл, тодорхойлолтын тухай 
Шашны үүрэг 
Шашны зохион байгуулалт 
Шашны өөрчлөлт 
14  урлаг 
урлагийг судлах антропологийн хандлага
урлагийн хэлбэр 
Нийгэм дэх урлагийн үүрэг 

Тавдугаар хэсэг: ХҮН СуДЛАЛЫН  ХЭРЭГЛЭЭ, ЁС ЗҮЙ

15  Нийгэм-соёлын хүн судлалын зарим салбар
улс төрийн хүн судлал 
Эдийн засгийн хүн судлал 
Шашны хүн судлал
Хэрэглээний хүн судлал
Хөгжлийн хүн судлал 
Экологийн хүн судлал
16  Антропологийн ёс зүй
Америкийн Антропологийн Холбооны ёс зүйн
Дүрэм 

Ном зүй                       
Нэрийн хэлхээ 

   

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...