Thursday, November 24, 2016

Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил номын тухай

Зохиогчийн тухай

Тус бүтээлийг зохиогч Кэмбрижийн Их Сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг нь Өвөр монголын Ордос Баруун отог хошуунд төрсөн. Их зуу аймагт дунд сургууль, улмаар 1986 онд Өвөр монголын Багшийн Их сургуулийн Гадаад хэлний сургуулийн Англи хэлний ангийг төгссөн. 1990 онд Английн Кэмбрижийн их сургуульд нийгмийн антропологийн магистр, 1993 онд докторын зэрэг тус тус хамгаалсан ажээ. 1993-1998 онд Кэмбрижийн их сургуульд судлаач, 1998-2007 он хүртэл АНУ-ын Нью-Йорк их сургуульд багш, 2007 оноос Кэмбрижийн их сургуульд багшаар ажиллаж байна. 
Тэрээр Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил (1998), Хятадын хязгаар дахь Монголчууд: Үндэсний нэгдлийн түүх болон улс төр (2002), Монгол-Төвөдийн уулзвар: Дотоод Азийн судалгааны шинэ талбарууд (хамтран эмхтгэгч, 2007), Хамтач үндэсний үзэл: Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын бодлого (2010), Тив дамнасан хөршүүд: Монгол-Нэгдсэн Вант Улсын харилцааны түүхэн баримт (хамтран эмхтгэгч, 2013), XIII Далай Лам замд 1904-1906 (хамтран эмхтгэгч, 2013), Олон соёлт Хятад: Жил тутмын статистикийн ном (хамтран эмхтгэгч, 2015) зэрэг бүтээл туурвисан. Мөн Брилл хэвлэлийн газрын “Дотоод Азийн архив” номын цуврал, “Дотоод Ази” номын болоод сэтгүүлийн цувралын ерөнхий редактор, Asian Ethnicity, Critical Asian Studies, Modern Asian Studies, The Mongolian Journal of International Affairs, Studia Ethnologica, Human Ecology, American Anthropologist болон Хятад Улсын Journal of Ethnology сэтгүүлүүдийн редакторын зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй билээ. Зүүн Ази, Дотоод Ази, түүний дотор Хятад, Монголын асуудлыг сонирхон судалдаг.

Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил бүтээлийн тухай

Кэмбрижийн их сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг нь дэлхийн тэргүүлэх их сургуульд багшилж буй цөөхөн монгол хүний нэг билээ. Түүний багшилж буй Кэмбрижийн их сургууль нь 2016 онд дэлхийн их сургуулиудыг 4-т эрэмбэлэгдэж буй бол тэнхим нь Англи улсдаа тэргүүн зэрэгт, дэлхийд 3-т жагсаж буй билээ. Тэрбээр 1993 онд тус сургуульд докторын зэрэг хамгаалсан бүтээл дээрээ тулгуурлан уг номыг бичсэн юм. Тус номыг 1998 онд “А” түвшиний буюу дэлхийн тэргүүн дэсийн хэвлэлийн газар болох Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхэлэн хэвлүүлсэн нь уг бүтээлийн чанар чансааг хэр зэрэг болохыг илэрхийлж байна. Тухайн бүтээл хэвлэгдсэн даруйдаа олон улсад зөвхөн антропологи гэлтгүй эрдэм судлалын хүрээнд томоохон шуугиан тарьж, өнөө ч уг дуулиан дарагдаагүй байгаа юм. Ийм ч учраас өнөөдөр уг бүтээл олдохуяа бэрх болсоныг онлайн худалдааны аварга www.amazon.com дээр 2,051 Англи фунт буюу 6,153,000 (зургаан сая нэг зуун тавин гурван мянган) төгрөгөөр зарагдаж байгаагаас харж болно. Тус ном Монголын үндэсний үзлийн тухай антропологийн анхны судалгаа гэдэг нь маргаангүй. Өнөөг хүртэл уг бүтээлийг даван гарсан чанартай судалгаа хараахан гараагүй байна. Хэрвээ та монголчуудын үндэсний үзлийн тухай сонирхож явдаг бол нэн тэргүүнээ унших ёстой бүтээл энэ болой. Булаг багш номдоо Хятадын Өвөр монголоос ирсэн олон монголчууд болон өөрийнхөө хичээл зүтгэл, монгол гэдэг хангалттай олон шинжтэй, “нотолгоотой” ч Монгол Улсад байнга гадуурхагдаж байсан тухай бичсэн юм. Түүний үзсэнээр Монгол Улсын хилийн гаднах монголчууд Монгол Улсад амьдрахад тулгардаг бэрхшээл бол Монголын түүхэн нийгмийн болоод аймгийн зохион байгуулалт болох бүлгийн нэрийг “ястан” гэж буруу орчуулж, үндэстэн-улсын загварт халхыг гол “ястан” гээд бусад монгол бүлгүүдийг угсаатны цөөнх, эрлийз, жинхэнэ монгол биш гэх зэргээр гоочлох болсоны үр дүн ажээ. Үнэхээр ч Булаг багшийн номоороо гаргасан онол батлагдаж байгаа юм шиг Монгол Улсад 1990 оноос хойш бохир цустан, эрлийзийг хайж олох ажил улам газар авч байна. Ихэнхдээ томоохон улс төрч, амжилттай бизнес эрхлэгч, нэртэй урлагийн зүтгэлтэн нарыг эрлийз, тэр дундаа Хятадын эрлийз хэмээн ямар ч баталгаа нотолгоогүй хий хардах нь түгээмэл. Энэ байдал эргээд нийгэмдээ хор л болохоос ач тус хүргэх нь үгүй билээ. Булаг багш бүтээлээрээ, нэрт хүн судлаач, монголч Кэмбрижийн их сургуулийн профессор Каролэйн Хамфригийн хэлсэн шиг “монголчууд цэвэр байх хүсэлтэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурсан үндэсний үзэлтэй байх уу, эсвэл илүү нээлттэй, олон соёлт байдал, цус холилдох асуудалд уян хатан хандах чадвар бүхий үндэсний үзэлтэй байх уу гэсэн хоёр сонголтын аль нэгийг сонгох зааг дээр зогсож байна гэсэн үндсэн санаа” дэвшүүлж буй юм. Ийнхүү нэр хүндтэй, чанартай бүтээлийг хямд үнээр, Монгол хэлээр унших боломж нээгдэж буй нь сайхан хэрэг билээ. Та бүхэн таалан болгооно уу. Булаг багш номоо зориг зүрхтэй, чөлөөтэй сэтгэдэг хүмүүст зориулсан юм. Гашуун эм өвчинд тустай шиг түүний номд байгаа зарим ноцтой шүүмж, ажиглалт алив нэгэн асуудалд хэрэг болох биз ээ. 




No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...