Monday, September 3, 2018

ЯАГААД МОНГОЛЫН НИЙГЭМ-ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУДАЛГАА ЧАНАРГҮЙ БАЙГАА ВЭ?

Яагаад гэвэл, нийгэм-хүмүүнлэгийн ухааны суурь ойлголт, онолын тухай монгол хэл дээрх материал хомс.
Яагаад гэвэл, ийм суурь ойлголт, аргазүй, онолын сайн мэдлэггүйгээр чанартай судалгаа хийх боломжгүй.
Яагаад гэвэл, бид Монголоос өөр хэлээр уншдаггүй тул ийм л мэдлэгтэй их сургууль төгсдөг.
Яагаад гэвэл, дөнгөж сургууль төгссөн, юу хийх нь тодорхойгүй биднийг шууд насан туршийн 100%-ийн ажилд авчихдаг.
Яагаад гэвэл, бид хэн нэгний шавь, танил, хамаатан, гуйлга нь байдаг.
Яагаад гэвэл, өнөөх суурь муутай судлаач, багш болсон бид нь ажлаа хийсэн ч хийгээгүй ч, архиа уусан ч уугаагүй ч, оюутнаа “оролдсон” ч оролдоогүй ч цалингаа аваад ажлаа хийгээд л байдаг.
Яагаад гэвэл, бидэнтэй хариуцлага тооцож, халж солих бараг боломжгүй.
Яагаад гэвэл, гурван жилд нэг болдог аттестатчлалаар бид гэнэт хамгийн багадаа гурван гадаад хэл мэддэг, асар их судалгаа хийдэг болчихдог.
Яагаад гэвэл, хэн ч тэрийг нь үнэн эсэхийг шалгадаггүй. 
Яагаад гэвэл, бид аттестатчлалаар муу оноо авсан ч халагддаггүй.
Яагаад гэвэл, бид нэг америк докторын оюутны судалгаанд тусалснаа “АНУ, Монголын хамтарсан экспедиц” гэж цоллодог.
Яагаад гэвэл, бид эрдэм шинжилгээний ажлаасаа илүү Шинжлэх ухаан технологийн сангийн төсөлд санаа зовдог. 
Яагаад гэвэл, бид улс төрөөс хараат бус судалгааны сан, санхүүжилтийн (endowment funds) тухай мэддэггүй.
Яагаад гэвэл, бид  төслийн үр дүн гэж социализмын үед хэвлэгдсэн номыг дахин сканердаад өгсөн ч болдог.
Яагаад гэвэл, бид нэг буриад, нэг өвөр монгол авчирч хуралдаад тэрийгээ “Олон улсын эрдэм шинжилгээний хурал” гэж сүржигнэдэг.
Яагаад гэвэл, бид тэр хуралдаа зориулж хэдхэн хоногт бичсэн юм аа “Эрдэм шинжилгээний өгүүлэл” гэж өргөмжлөн, ямар ч хяналт шүүлтүүргүй хэвлэдэг.
Яагаад гэвэл, бид тэр хурлын эмхтгэлээ “Эрдэм шинжилгээний сэтгүүл” гэж хөөрөгдөн 300 хувь хэвлэж өөрсдөө хувааж аваад, үлдсэнийг нь агуулахдаа хадгалдаг.
Яагаад гэвэл, бидний “Эрдэм шинжилгээний сэтгүүлийг” өөрсдөөс маань өөр хүн уншдаггүй.
Яагаад гэвэл, бид их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэл зиндааг (ranking) тоодоггүй.
Яагаад гэвэл, бид импакт фактортой (impact factor), хөндлөнгийн үнэлгээтэй (peer review) сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийг ойшоодоггүй.
Яагаад гэвэл, бид Буриад, Өвөр монголын ямар ч хамаагүй сэтгүүлд юм хэвлүүлчхээд гадаадад өгүүлэл хэвлүүлсэн гэж хөөрцгөөдөг.
Яагаад гэвэл, бид хулхи сэтгүүл (fake open access), ангууч хэвлэлийн (predator) газрын тухай мэдэхгүй.
Яагаад гэвэл, бид өөрсдөө мөнгөө өгөөд Улаанбаатарын хаана ч байх дурын нэг хэвлэлийн газраар юм хэвлүүлчихдэг.
Яагаад гэвэл, бид ингэж л хэн ч уншихгүй баахан юм үйлдвэрлээд, насны бөгсөнд 300, 400 өгүүлэлтэй, номтой гэж нэг нэгнээ хөөрөгддөг.
 Яагаад гэвэл, бидний судалгааг хэн ч шүүдэггүй, хэн ч уншдаггүй, хэн ч эшлэдэггүй тул бидний судалгаа чанаргүй.
Яагаад гэвэл, бидний их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг толгойлж байгаа улс нь эрдэм шинжилгээ гэдэг юм аа мэддэггүй.
Яагаад гэвэл, тэрхүү удирдлага нь намын томилгоо байдаг. 
Яавал дээр вэ гэж үү?

Яг эсрэгээр нь бүгдийг нь хийвэл л чанартай судалгаа хийх боломж байна даа.

1 comment:

Билгээ said...

БИ таны бичсэнтэй санал нэгдэж байна. 2 өдрийн өмнө өөрийн уншихыг хүссэн материалыг МУИС-ын төв номын сангаас олоогүй. Сонирхолтой Антропологийн тухай ном хомс байдаг монгол хэлээр. Жишээлбэ, сурах бичиг. Англи сурах бичгүүд оюутнуудад маш сайн ойлгомжтой ичигдсэн байдаг. Мөн семестер болгон хүн бүр өөрийн номыг авч унших ёстой байдаг. Харамсалтай нь Антропологийг сонгон судлаж буй оюутнууд ихэнхидээ зөвхөн семинараас өмнө л уншиж бэлддэг.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...