Friday, February 25, 2011

ЭКОЛОГИЙН АНТРОПОЛОГИ

Экологийн антропологи гэдэг нь хүмүүний амьдрал хүрээлэн буй орчины хоорондын харилцаа холбоо шүтэлцээг цаг хугацаа, орон зайн хувьд судалдаг гэж хэлвэл хүмүүс ойлгомжтой болох байх аа. Энгийнээр бол аливаа нэг соёл болон хүрээлэн буй орчин хоёрын хоорондох бие биендээ нөлөө хүртээж байдаг тэр харилцааг судална гэсэн үг юм. Жишээ нь манай зарим судлаачид Монголчууд мал аж ахуй эрхлэх болсон нь бидний өвөг дээдсийн их нарийн ухаан, гүн философи, байгальдаа хайртай сэтгэлгээ байсан мэтээр бичдэг гэтэл үнэндээ Монгол орны хойд хилээр Орос улс руу гарахад мод нь хүртэл өндөр ургаж мал бэлчихэд таарамж муутай нутаг болдог бол өмнө зүг Хятад улсын цагаан хэрэмнээс урагш бол мал тогтох аргагүй халуун болдог. Мөн Монгол нутагт тариа тарих гэхээр цаг агаарын эрс тэрс байдал нь нэлээд хүндрэл учруулдаг билээ. Энэ газар зүй, экологийн нөхцөл байдал биднийг мал маллахаас өөр сонголтгүй болгосон байдагтай адил дэлхийн өөр олон улс түмнүүдийн аж ахуй, соёл нь тухайн газар орон экологийнхоо нөхцөл байдлаас хамааран өвөрмөц шинжтэй болсон байдгийг экологийн антропологи сонирхон анзаарч байдаг гэсэн үг.

Экологийн антропологийн анхны мэргэжлийн гэж хэлж болохуйц судалгаанууд нь Америкийн антропологич Жулиан Стевардын соёлыг судлах дэг сургууль, санаа бодлоос улбаалан 1960-аад оноос соёлын экологи хэмээсэн судалгааны дэд салбарт бий болсон гэж болох биз ээ. Ж.Стевард амь зуух өөр өөр хэв маяг болон тэд бусад соёлын ойлголтыг хэрхэн задлан шинжилж, шийдвэрлэж байдаг асуудлыг сонирхон анхаарч байсан байдаг. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол соёл нь аливаа зүйлсийг задлан шинжилсэн тэр шинжилгээний нэгдэл юм. Мөн энэ үзэл санаагаар бол уг шинжилгээний нэгдэл нь адил төстэй хүрээлэн буй байгаль экологитой эсэхээсээ хамааран адил төстэй элементүүд болон эрс ялгаатай элементүүдийг агуулж байдаг болж байгаа юм. Анхны экологийн антропологичид энэ санаан дээр анхааран ажиллаж урьд өмнөх Ф.Боас болон түүний дагалдагч нарын түүхэн өвөрмөц байдлын онолын алдааг засаж, улам хөгжүүлж байсан байна.

Мэдээж энэ салбар судалгааг шүүмжилсэн олон санаа оноо гарсанг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдгээр шүүмжлэгчдийнхээр бол экологийн антропологичид тогтвортой, хөдөлгөөнгүй байдлыг хэт анхаарч өөрчлөлт, хөдөлгөөнт байдлыг үл ойшоосон байна. Мөн өнөөгийн орчин үеийн гэж хэлж болохуйц амьдралын явцад аливаа нэг соёлд зөвхөн хүрээлэн буй орчин бус өөр олон зүйл нөлөө үзүүлж байгаа гэдэг. Бүр тэдгээр нөлөө үзүүлэгч нь ихэнхдээ хүрээлэн буй орчин, экологиос илүү хүчирхэг болж байгаа аж. Жишээ нь: мэдээллийн хэрэгсэл, засгийн газар, төрийн бус байгууллага, бизнесийнхэн гэх мэт.


Энэ бүх шүүмжлэлийг даван гарах хэрэгтэй гэвэл экологийн антропологи, улс төрийн экологи, хүрээлэн буй орчны антропологийн мэдлэгийг ашиглах хэрэгтэй болох байх аа. Хэдий ийм ч эл салбар судалгаа антропологийн судалгаа төдийгүй бусад судалгаанд өргөн ишлэгдэх болж, энэ салбарын судалгаа шинжилгээ хийгчдийн тоо нэмэгдсээр байгааг бас хэлэлгүй орхиж болохгүй нь ээ.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...