Tuesday, October 1, 2013

Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Л.Мөнх-Эрдэнэ багшийн нэг өгүүлэл нэтэд байхаар нь энд хууллаа. 

Редакторын тайлбар: Монголын тэргүүлэх эрдэмтдийн нэг, хүн судлалын ухааны доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ өнөөгийн Монголын нийгэм-улс төрийн болон эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй байр суурьнаас ханджээ. Тэрээр Монгол улс Зөвлөлтийн коммунизмаас хараат байсан байдлаа Өрнөдийн чөлөөт зах зээлийн неолиберализмаас хараат байдлаар сольсон гэж үзэж, үүнийгээ капитализм, неолиберализмын нийгмийн болон шүүмжлэлт онолуудтай холбон тайлбарласан байна. Монголын чөлөөт зах зээл, эдийн засгийн өсөлт, ардчилсан улс төрийг сайшаасан өрнөдийн магтаалтай зэрэгцэн Монголын хүн амыг дэмжих социалист эдийн засгийн систем, хүнд үйлдвэрлэлийн чамгүй сайн хөгжил уруудан доройтсон гэж дүгнэсэн байна. Мөн тэрээр гадаадын хөрөнгө, зах зээлийн хүчин, институциудад уягдан дөнгөлөгдөж, тэдгээрээс мултрахаар хичээн зүтгэж байгаа Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хөндсөн асуудлыг дэвшүүлсэн байна. Хуралдааны үеэр доктор Л.Мөнх-Эрдэнийн үзэл санаа оролцогчдын дунд, ялангуяа төрийн зарим албан хаагч, иргэний манлайлагчдын дэмжлэгийг хүлээн, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байсан юм.

Карл Полани “эдийн засгийн онолд эдийн засаг нь бие даасан, хараат бус байна гэдэг боловч үнэндээ энэ нь ташаа зүйл бөгөөд эдийн засаг нь улс төр, шашин шүтлэг, нийгмийн харилцаанаас хамааралтай оршдог” хэмээн үзэхийн сацуу “эдийн засгийн тогтолцоог зах зээлээр хянах нь нийгмийн бүхий л байгууллагуудад маш хүчтэй үр дагавар авчирна. Энэ нь нийгмийг зах зээлээс хамааралтайгаар удирдан зохицуулна гэсэн үг юм” гэдэгт итгэдэг аж. [2001:60]. Тэрээр мөн “бүхэлдээ өөрөө өөрийгөө зохицуулах зах зээлийн эдийн засаг гэдэг бол байж болшгүй үл гүйцэлдэх зүйл” [Block 2001: xxv] гэсэн байр суурин дээр хатуу зогсдог. 

1980-аад оноос, тодруулбал “Хүйтэн дайн” дуусгавар болсон 1990-ээд оны эхэн үеэс Тэтчеризм, Рэйгенизм, неолиберализм, “Вашингтоны зөвшилцөл” зэрэг үгсээр олонд танигдсан зах зээлийн либералчлалын онол дэлхийн бодлогод ноёрхох болсон юм. Энэ онол “улс орнуудын нийгэм, дэлхийн эдийн засгийн аль аль нь өөрөө өөрийгөө зохицуулах зах зээлийн хуулиар зохицуулагдах ёстой” гэдгийг хүчтэй дэмжээд зогсохгүй “бүтцийн өөрчлөлт” хэмээх бодлогын удирдамж болон боловсруулагдсан байна. [Block 2001: xviii]. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хөгжиж буй олон оронд хэрэгжүүлсэн юм. Их хямралын дараах эдийн засгийн номлолын хариу болж “Вашинтоны зөвшилцөл” гарч ирсэн юм. Их хямралын дараах эдийн засгийн номлол нь “өмнө буй цорын ганц зөв зам бол зөв зохистой улс, зах зээл, ардчилсан институцийг байгуулснаар энх тайван, сайн сайхан, бүх нийтийг хамарсан, тогтвортой байдлын баталгааг хангах”, мөн “төр иргэдээ ажлын байраар хангах, тэдний нийгмийн хамгаалал, эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулах ёстой бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд төр оролцох эсвэл зах зээлийн үйл явцыг орлож болно” [Harvey 2005: 10] гэсэн байр суурийг хамгаалдаг байна. “Зах зээлийн үйл явц, аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагааг нийгэм, улс төрийн сүлжилдсэн саад бэрхшээл, зохицуулалтын орчин хүрээлж байдаг агаад эдгээр нь дээрх үйл явцуудыг хязгаарлах боловч эдийн засаг, үйлдвэрлэлийн стратегийг чиглүүлж байдаг”-гийг сануулах тул Их хямралын дараах энэхүү тогтолцоог embedded liberalism буюу “хязгаарлагдмал либерализм” хэмээн нэрлэжээ. [Harvey 2005: 11]

Неолиберал сэдэв, тэр дундаа “Вашингтоны зөвшилцөл” нь энэ тогтолцоог эвдэж, хөрөнгө, аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагааг мөнөөх эдийн засгийг нийгмээс хамааралт болгодог “нийгэм, улс төрийн сүлжилдсэн саад, зохицуулалтын орчин”-оос чөлөөлөхийг зорьдог. Үүнээс үзвэл “Вашингтоны зөвшилцөл” нь эдийн засгийг улс төр, нийгмийн ноёрхлоос чөлөөлж, түүнийг зах зээл, хөрөнгө, хөрөнгөтнүүдийн ноёрхолд шилжүүлэхэд чиглэдэг байна. БНМАУ коммунист улс байсан. Энэ үед тус улс нийгэм, эдийн засгийн хэт зүүний үзэл баримтлалтай байсан бол чөлөөт зах зээл бүхий капитализм түүний эсрэг талд, харин embedded liberalism буюу “хязгаарлагдмал либерализм” эдгээрийн дунд оршдог [Embedded liberalism-ийн тухай Harvey-гийн өгүүлснийг (2005) үзнэ үү]. Зөвлөлт засаг нурах үед Монгол болон Зүүн Европын бусад орнууд Өрнөдийн чөлөөт ардчиллын замыг сонгосны зэрэгцээ зах зээлийн эдийн засгийг цогцлоож эхэлсэн юм. Иймээс Монголын шилжилт нь хэт зүүнээс хэт барууныг чиглэж байлаа. 

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч улсаа богино хугацаанд “Азийн бар” болгоно хэмээн өөдрөгөөр амлаж байсан ч Монгол Улс Азийн баруудын загвар, тэдний хөгжлийн замаар замнаагүй билээ. Үүний оронд чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны удирдлага дор Монголын туршлага багатай шинэхэн чөлөөт зах зээлчид эрс либералчлал (shock therapy) буюу бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1991 оноос итгэлтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч 1992 онд төрийн эрхийг авсан МАХН энэ хөтөлбөрийн хурдыг сааруулжээ. 1996 онд төрийн эрхийг авч чадсан чөлөөт зах зээлчид бүтцийн өөрчлөлтийн хурдыг дахин нэмэгдүүлж, өмч хувьчлалын хөтөлбөрийг шинээр эхлүүлсэн байна [Rossabi 2005]. Намууд эдийн засгийн найдвартай суурийг бий болгохоор уралдаж байх үед хувьчлал нь өөрийн дотоод “улс төрийн хүч”-ийг олж авсан байна. Үүний дүнд ээлжит сонгуулиар төрийн эрхийг авсан МАХН газрыг иргэдэд өмчлүүлэх зорилгоор хувьчлалыг алгуурхнаар урагшлуулах болсон юм. 2004 он гэхэд Монголд зах зээлийн эдийн засаг бэхжиж, Монголын томоохон компаниудыг үндсэндээ бүрэн хувьчилж чадсанаар 20 хүрэхгүй жилийн хугацаанд Монголын нийгэм зах зээлээсээ хамааралтай орон болсон байна. 

Эдийн засгийн томоохон хэсэг нь олон нийтийн/улс төрийн ноёрхлоос хувийн/зах зээлийн ноёрхолд шилжсэн байна. Түүнчлэн хувьчлал болон эдийн засгийг чөлөөлөх үйл явц нь авилгал, буруу менежментийн хамт үндэсний баялгийг цөөхөн хүний гарт төвлөрөхөд хүргэснээр хүн амын ихэнх хэсгийг өмчгүйдүүлж, хэвийн аж амьдралыг нь өөрчлөн эвдсэн байна. Мөн социалист нийгмийн халамжийн тогтолцоот улсыг нурааснаар төрөөс тодорхой иргэдэд олгодог санхүүгийн дэмжлэг үгүй болоход хүргэсэн. Иймд бүтцийн өөрчлөлт нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийг олноор нь ядууралд нэрвүүлж, нийгмийг хуваагдахад хүргэсэн [Rossabi 2005]. Үүгээр зогсохгүй эрс либералчлал нь Монголын үйлдвэрлэлд “Моргентаугийн төлөвлөгөө”-ний нөлөөг үзүүлсэн юм. Нэгэн ажиглагчийн тэмдэглэснээр, анх Германд хэрэгжүүлэхээр зорьж байсантай [Reinert 2004:158] нь адил де-факто Моргентаугийн төлөвлөгөө нь Монголын үйлдвэржилтийг зогсоон амжилттайгаар хэрэгжиж нотлогдсон байна. “Бүтэн 50 жилийн турш бүтээн байгуулсан аж үйлдвэржилт дөрөвхөн жилийн хугацаанд буюу 1991-1995 оны хооронд дахин сэргэх боломжгүйгээр нуран унасан” [Reinert 2004: 158, мөн Rossabi 2005]. Мөн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр нь Монголыг байгалийн баялга олборлох талбар болгож чадсан байна.

Олон улсын валютын сан гэх мэт олон улсын байгууллагуудын бодлого, зөвлөгөөнүүд нь Засгийн газарт бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломж бараг үлдээсэнгүй. Мөн төрийн оролцоо, мэдэл багасч, төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн агентлаг зэрэг төрийн бус институциуд байгуулагдсанаар төрийн оролцоог улам хумиад зогсохгүй Засгийн газрын эрх мэдэл, үйл ажиллагаа тэдгээр байгууллагад шилжихэд хүргэжээ [Rossabi 2005]. Засгийн газрын эрх мэдэл, үйл ажиллагаа нийгмийн доод шатны төдийгүй дээрх үндэстэн дамнасан байгууллагуудад шилжээд зогсохгүй төрийн бүрэн эрхт байдал ноцтой сорилттой тулгарсан. Монголын төр засаглалын цорын ганц сонгуульт институцитэй болсонтой адил болов. Үүний үр дүнд Монголд “үндэстэн дамнасан засаглал” амжилттайгаар байгуулагдсан байна [Үндэстэн дамнасан засаглалын тухай Ferguson, Gupta (2002)-г үзнэ үү]. Төрийг сулруулснаар Монголын төрийн мөн чанар, цар хүрээ өөрчлөгдсөн. Монголын төр нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэгч байхаа больж, зөвхөн иргэдийг гэмт халдлага, аюул ослоос хамгаалж, хууль сахиулах төдий үүрэг бүхий төр буюу “шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэгч төр” болон хувирсан байна [Nozick 1999]. Монголд хийгдсэн эрс либералчлал нь нийгмийг “зах зээлээс хамааралтай” болгоод зогсохгүй байгалийн баялаг нь дэлхийн зах зээлээс хамааралтай орон болгосон юм. Үүний зэрэгцээ коммунист дэглэм нь иргэдийг гэмт халдлага, аюул ослоос хамгаалж, хууль сахиулах үүрэг бүхий неолиберал “шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэгч төр” байдлаар дахин сэргэсэн бол коммунист номенклатур нь олигархиудын эрх мэдэлт засаг болон хувирч дүрээ өөрчилсөн байна. Түүнчлэн Монголын социалист аж үйлдвэржилт нь нийгмийн халамж үйлчилгээний социалист тогтолцооны хамтаар замхран алга болсон. Мөн үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө нь олон улсын үндэстэн дамнасан неолиберал засаглалын нөлөөн дор орсноор Монгол нэг хэлбэрийн хамаарлыг нөгөөгөөр солисон явдал болсон.

Ашигласан хэрэглэхүүн:

1. Block, P. 2001. “Introduction” in Polanyi, K. The Great Transformation: The Political and Economic
Origins of Our Time. Boston: Beacon Press. pp. xviii-xxxviii.
2. Harvey, D. 2005. A Brief History of Neoliberalism. Oxford University Press.
3. Ferguson, J. and Gupta, A. 2002. “Spatializing States: toward an ethnography of neoliberal governmentality” in American Ethnologist 29 (4):981-1002.
4. Nozick, R. 1999 (1974). Anarchy, State, and Utopia, Blackwell
5. Polanyi, K. 2001 [1944]. The Great Transformation: The Political and Economic Origins of Our Time.
Boston: Beacon Press.
6. Reinert, E. 2004. Globalization in the periphery as a Morgenthau Plan: the underdevelopment of Mongolia in the 1990s. In Globalization, Economic Development and Inequality: An Alternative Perspective. Edited by E. Reinert, pp. 157-214. Cheltenham, UK: Edward Elgar.
7. Rossabi, M. 2005. Modern Mongolia: From Khans to Commissars to Capitalists. Berkeley: University of
California Press.
8. Wade, R. 1990. Governing the Market: Economic Theory and the Role of Government in East Asian Industrialization, Princeton University Press.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...