Friday, August 12, 2011

Тодорхойлох дон

Ер нь манай салбарынхан аливаа юмыг тодорхойлох гээд байдаг талтай. Илтгэл өгүүлэл энэ тэрийх нь нэр “тэр бол тийм юм мөөн” гэсэн байх жишээнтэй. Оюутнуудад ч гэсэн хичээл заахдаа “тийм юмыг тэр гэнээ” гээд заагаад байдаг. Шалгалтаараа тэр хэлсэн тодорхойлолтонд нь дөхүүлж байж л гайгүй гарна.

Аливаа нэг зүйлийг ганц өгүүлбэрээр, эсвэл хэдэн үгээр тодорхойлох нь логикийн хувьд боломжтой ч амьдрал дээр харин боломж муутай юм. Яагаад гэвэл хүний амьдрал, нийгэм, хэл гэдэг зүйлс маань өөрсдөө маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг шинж чанартай эд. Манай зарим судлаачид “соёл гэж юу вэ? гэдгийг тодорхойлсон бараг 1000-аад тодорхойлолт байна гээд л толгой сэгсэрээд байдаг. Уул нь эндээс соёл гэдэг зүйлийг тодорхойлох боломж маш хомс гэдгийг ойлгочвол болох юмсан. Тэгэхгүй дахиад л нэг өөрийнхөө тодорхойлолтыг нэмэх гэж оролдон судалгаа нь явж өгөхгүй суугаад л байна. Цагаан сар болоход манайхан яг яаж тэмдэглэхээ бараг мэдэхээ байчихдаг. Тэгээд хуучин хийж болоод байсан одоо яаж хийх юм, яадаг юм гээд интернет ухаж эхэлнэ. Телевиз, сонингууд ч “цагаан сар тэмдэглэх тухай” гээд сайхан сайхан юм ярьж өгнө. Гэхдээ залхуу чинь хүрэхгүй бол ажиглаад үзээрэй. Яг нарийндаа нутаг болгон, аймгийн төвийн хороолол болгон бараг гудамж, айл бүр өөр өөрөөр цагаан сар хийж байх вий. Бидний хамгийн сайн мэддэг хурим байна. Тэр нутгийнхан тэгдэг гэнэ. Тэр нь тэгдэг гэнэ. Хэн зохиосон юм мэдэхгүй баахан “зохиолууд” амилдаг биш бил үү. Настайхан эсвэл сургууль соёл төгссөн болгон “тэрийг тэгдэг номтой, энийг ингэдэг номтой” гээд баахан “өөрийнхөөрөө” залж өгнө. Ингэж л хүний нийгэм, соёл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг юм даа. Тэглээ гээд бид яах юм бэ? Ресторанд хийдэг цагаан сар, хуримын ордонд ордог хурим хоёроо болих уу аан. Монгол биш гэх үү. Монгол л соёл ш дээ. Зүгээр л өөрчлөгдөн хөгжиж байгаа юм тэр чинь. Тэгсэн одоо их л уламжлалт соёл ярьсан хүмүүс. Уламжлат гэдэгээ юугаар хэмжээд, “жинхэнэ” гэж батлах гээд байгаа юм. Нэгэнт тэр эрт үед нь хамт амьдарч байсан биш.

Аливаа юмыг тодорхойлох гээд байдаг энэ “дон” маань хувьсалын буюу эволюцонист онолын уг сурвалжтай юм шиг санагддаг юм. Нэг “их мэдэгчийн” ажиглаж харч чадаагүй, амжаагүй эсвэл харахыг ч хүсээгүй зүйл тэр мундаг тодорхойлолтынх нь гадна үлчихсэн бол яана. Тэгвэл “тэр” биш гэсэн үг үү. Нийгмийн ухааны хамгийн том алдаануудын нэг бол энэ тодорхойлох донтой холбоотой. Хүний амьдралыг, нийгмийн, соёлыг судалдаг байж хэдэн хэсэг болгон салгаж зааглаж, хувааж, тодорхойлж эрэмдэглэсэн. Улс төр, Шашин, Түүх, Эдийн засаг, Хууль гэх мэт. Гэтэл хүн амьдрал дээр ганц улс төр дотор амьдардаггүй шашинтай, эдийн засагтай, хуультай гээд дээрх бүгд нийлсэн орчинд амьдарч байдаг нь нийгэм юм. Харин судлахдаа тэр бүхнийг нь салгаад, тасчаад судлаад байдагийн учир юу юм бол оо.

Нийгмийн ухаанд мета ч билүү юу билээ нэг нэгдсэн онол бүтээх гэсэн Марксист сэтгэлгээ өнөө ч бидний дунд хүчтэй хэвээрэй. Даанч хурим, цагаан сар олон янз тэмдэглэж байгаа шиг, хэзээ нэг ижил тэмдэглэхгүй шиг тэр бол бүтэхгүй зүйл.

Баруунд зааг ялгаагүй салбар ухаанууд гэх юм уу салбар хоорондын судалгаа гэсэн хэв маяг байдаг бололтой. Бүгдийг цогцоор нь харах гэсэн санаа. Их зүгээр судалгаанууд хийдэг бололтой юм. Харин бид “ясаа харамлах банхар” шиг хонхор хонхортоо “начин” байх гэж үзсээр. Хөөрхий “овооны наадамд” түрүүлсэн бөх өөр газар олигтой барилдах тухай бодохгүй юм бол түүнд “овоо нь” л үлдэнэ дээ.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...