Sunday, May 22, 2011

Экологийн антропологи[1]

Канадын антропологчид болох Филип Карл Залцман (Philip Carl Salzman), Доналд В. Аттвүүд (Donald W. Attwood) нар маш ерөнхий утгаараа экологийн антропологи хүн болон хүний хүрээлэн буй орчин хоёрын харилцааг судалдаг гэж тодорхойлсон байна. Хүрээлэн буй орчин гэдэг ойлголтыг цааш нь задалвал хүмүүс тодорхой нэгэн бүлэг болж нэгэн соёлд хэлхэгдэн нийгэмших бөгөөд ингэхдээ газар, цаг агаар, ургаал, амьтны зүйл, хөрш зэргэлдэх бусад нийгэм, соёл зэрэгтэй бие биедээ харилцан нөлөөлөх холбоотой байдаг энэ харилцаа холбоог экологийн антропологи судалдаг. Энэ харилцааг Залцман, Аттвүүд нар хоёр талтай гэж тайлбарласны нэг нь хүмүүс орчин тойрноо мэдэж эсвэл өөрсдөө мэдэхгүйгээр өөрчлөн хувиргаж ямар нэгэн хэлбэр дүрс, хэв шинжид оруулж байдаг бол үүний эсрэг нөгөө талаас хүрээлэн буй орчин нь хүний мэдэх, мэдэхгүй янз бүрийн арга замаар хүний нийгэм, соёлд нөлөөлөн бүрэлдэн тогтнох, өөрийн хэв намбаа бий болгоход нь оролцож, улс төр, эздийн засаг нийгмийн бүхий л хэсэгт нь хамаатай болж байдаг ажээ.

Экологийн антропологичдын санал нэгдэж байдаг хэдэн зүйл санаа байдгийг Залцман, Аттвүүд нар тоочин тайлбарласан байна. Аль нэгэн нийгэм, соёл орчин тойронтойгоо бүхэлд нь биш харин тодорхой нэгэн сонгогдсон хэсэг бусагтай харилцаатай байх бөгөөд энэ харилцааг датхал буюу habitat гэдэг бол байна. Энэхүү дадал зуршил нь цаашлаад “таатай нөхцлийг” бүрдүүлдэг бөгөөд үүнийг нь niche гэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, хүний нийгэм хүрээлэн буй орчныхоо аль нэг талтай удаан харилцах үйл явц нь дадал зуршил болох бөгөөд үүний үр дүнд хүн, хүрээлэн буй орчин хоёрын харилцаанд таатай нөхцөл (niche) бий болдог гэсэн үг юм. Энэ мэтчилэн тодорхой чиглэл бүрээр дасан зохицол (adaptation) бий болох бөгөөд энэ нь тухайн соёлд, тэр дундаа аливаа зүйлийг хийж гүйцэтгэх арга ухаан (technology) дотор зохион байгуулагдсан (institutionalised) байдаг байна. Гүйцэтгэх арга ухаан дотор зохион байгуулагдсан (institutionalised in the technology) байна гэдэг нь ургамал, амьтан, цаг агаар, эрдэс бодис зэргийн тухай мэдлэг, хоол хүнс олох, орон сууц барих, хувцаслах мэтийн туршлага хуримтлуулсан байна гэсэн үг юм. Дээрхийг хураангуйлан үзвэл, “дасан зохицол” (adaptation) гэдэг бол (1) зохион байгуулалтай үйл ажиллагааны (institutionalized) (2) олон давтагдах үйл явцын үр дүнд бий болсон датхал (habitat) бөгөөд (3) энэ нь юуг хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг арга ухаан болон хүрээлэн буй орчны тухай мэдлэг туршлагыг агуулж байдаг (4) эв дүйгээ олсон таатай нөхцөл (niche) юм байна.

Хүрээлэн буй орчны тухай судалгаа бүр антропологиос өмнө анх гүн ухаан болон газар зүйд хөндөгдөж байсан бөгөөд харин антропологит бол нэлээд сүүл үед судалгааны сэдэв болон гарч ирсэн байна. Анхны антропологичид болох Британы Б.Малиновски (B.Malinowski), Радклиффе-Браун (Radcliffe-Brown), Америкийн Ф.Боас (F. Boas) нарын бүтээлд хүрээлэн буй орчны тухай асуудал шууд бус сэдлээр дурдагдаж байжээ. Харин 1960-аад оноос бие даасан антропологийн нэгэн салбар ухаан болон хөгжих үндэс сууриа тавьсан байна. Энэ үед судлаачид хүээлэн буй орчны нөлөөг судалснаар нийгмийн зан заншил, зохион байгуулалтыг тайлбарлаж болох хариулт олно гэж найдаж байсан ажээ. Энэ үеэс антропологийн янз бүрийн онолын дэг сургуулиуд хүрээлэн буй орчин хүний нийгэм хоёрын харилцааны тухай өөр өөрсдийн санааг дэвшүүлж эхэлсэн байна. Тухайлбал, (1) бүтцийн марксистууд[2] (structural Marxists) экологийн судалгааг функционализмаас (functionalism) жаахан л илүү буюу функционализмийн онол дээр хүрээлэн буй орчин, хүн хоёрын харилцааны тухай жаахан зүйл нэмснээс өөр юуч биш хэмээн үл ойшоож байсан байна. (2) Гэтэл бэлгэдлийн антропологичид (symbolic anthropologists) дасан зохицол (adaptation) гэдэг бол байгаллиг зүйл ч мөн, бас соёлын зүйл ч мөн юм гэж үзжээ. Түүнчлэн хүрээлэн буй орчноос таатай зохимжтой нөхцөл байдлыг сонгон авч дасан зохицолоо бэлгэдэлээр нийгэмшүүлж энэ хоёр нь цаашдаа тухайн нийгмийн экосистем (ecosystem) буюу экологи, нийгэм хоёрын харилцааны тогтолцоог бүрэлдүүлэн бий болгодог гэж үзсэн байна. Залцман (Salzman), Аттвүүд (Attwood) нарын ишлэн авсан энэ онолоо цаашид нарийн тайлбарлалгүй хураангуй чигээр нь орхисон нь түүний утга санааг бүрхэг хэвээр үлдээжээ. Миний санахад бэлдэлийн антропологичдын (symbolic anthropologists) ерөнхий онолоос мөшгин тайлбарлаж болохоор байна. Тэд соёлыг бэлгэдэл хэмээн тодорхойлдгоос ургуулан бодвол дээр дурдсан дасан зохицолыг соёл гэж үзэж байгаа нь дасан зохицолыг бас бэлгэдэл гэж үзэж байгаа хэрэг болно. Хэрвээ ингэж үзэж байгаа бол учир зүйн хувьдаа дасан зохиоцол нь бэлгэдэлийг бий болгож байна уу эсвэл бэлгэдэл нь дасан зохицолыг бий болгож байна уу гэсэн асуулт мөн л хариултгүй үлдээд байна. (3) Харин дэлхийн тогтолцооны (world system) болон эдийн засгийн улс төрийн (political economy) онолчид экосистемийг зөвхөн орон нутгийн хэмжээнд анхааран судлаад дэлхийн хэмжээнд авч үзэгүй байгааг шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, аль нэгэн тодорхой нэгэн нийгэм, соёл дахь хүн түүний хүрээлэн буй орчныг судлаад түүнийгээ дэлхийн хэмжээнд байгаа бусад төстэй тохиолдлуудтай нь харьцуулсан өргөн хэмжээний судалгаа хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл юм. Экологи гэдэг нь нэгэнт байгальтай ихээхэн холбоотой учир түүний тухай судалгааг дэлхийн энд тохиолдох төстэй нөхцөл байдлудтай нь харьцуулан судлах нь илүү үнэмшилтэй бас зөв зүйтэй шийдэл гэдэг нь тодорхой юм.

Экологийн угсаатны зүй (Ecogical Ethnography)

Энэ хэсэгтээ Залцман, Аттвүүд нар янз бүрийн аж ахуйн хэвшилтэй нийгмүүд янд бүрийн экологийн нөхцөлд хэрхэн дасан зохицож цаашлаад энэ нь тэдний нийгэм, улс төрийн тогтолцоонд хэрхэн нөлөлж байгаа тухай өгүүлжээ. Экологийн дасан зохицолын (adaptation) хамгийн томоохон амьдралын хэвшил нь нүүдэллэх ёс юм. Нүүж аж төрнө гэдэг энгийн утгаасаа байгаль, газар зүй, цаг агаарын онцлог зэргээс хамааран ая тухтай нутаг сэлгэн нүүдэллэдэг нь илэрхий юм. Анчин-түүвэрчин (hunter-gatherer), малчин (pastoral) аль ч нийгэмд, ан гөрөө, ус ургамал, бэлчээр эрэлхийлэн нүүж дассан байхын сацуу багаж хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа, орон сууц зэрэг нь ч энэ байдалдаа зоцсон байдаг. Хүмүүсийн бүлэглэлийн зохион байгуулалт ч мөн энэ байдалдаа зохицсон энгийн, чөлөөтэй салж, нийлж болохуйц жижиг жижиг бүлгүүд болдог байна. Энэхүү бүлэг болох талаасаа ч, нүүдэллэдэг талаасаа ч хөдөлгөөнт байдаг нь тэдний улс төрийн (politics) хэв шинжийг нь тодорхойлж өгөх сэжим нь болдог ажээ. Хөдөлгөөнтэй байдал нь ус, бэлчээр, ан агнуурын эх сурвалжийг монополчилон захирах болон бусад албадлагын (coercion) зүйлсийн боломжийг, бас удирдагч сонгох, шийдвэр гаргах зэрэгт харилцан зөвшилцөлийн (consensual) зарчмийг бий болгодог байна. Улс төр (politics) төдийгүй нийгмийн бусад тал тухайлбал, хүн ам зүйд (demography) ч мөн нөлөөтэй ажээ. Хойд мөсөн далайн Инүитүүд (Inuit) охин хүүхдийг хөнөх (infanticide) заншилтай байдаг нь хүйсийн тэнцвэрийг адгалах зорилготой байдаг байна. Тэнд ан гөрөө хийдэг эрчүүд нь ихээхэн эрсдэж амь алдаж тохиолдол их байдаг бөгөөд энэ нь анчин цөөн тэжээлгэгч олон болох цаашлаад хүнс тэжээл хомсдох аюул дагуулдаг учир охин хүхдийг хөнөөж энэ тоог тэнцвэржүүлдэг гэж тайлбарлажээ. Энэ мэтийн жишээ баримт ураг төрлийн антропологит ч их байдаг бөгөөд өөр олон соёлд энэ тохиолдлын өөр нэгэн зохицуулалт нь олон эхнэр авах, эсвэл нөхөр авах байдаг.

Түүнчлэн шашин шүтлэгт ч мөн адил экологийн нөлөө байдаг гээд Энэтхэгийн үхэр шүтэх ёсыг жишээ болгон авсан байна. Энэтхэгчүүд үхрийг дээдлэн шүтдэг тул үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэггүй. Үүнийг Харрис (Harris 1979: 242-253)[3] тэдний үхрийн мах хүнсэндээ хэрэглэхгүй байна гэдэг бол үхрийн хүчийг бусад зүйлд ашиглах боломжийг нээж өгдөг тухайлбал, тэд газар тарилан хөгжүүлэх, сүү цагаан идээний ашиг шимийг дээшлүүлдэг гэж тайлбарлажээ.

Залцман (Salzman), Атвүүд (Attwood) нарын дэвшүүлсэн нэгэн шүүмж бол анчин, түүвэрчин, малчин гэсэн ерөнхий нэр томъёонууд болон энэ нэр томъёоны дор ерөнхийлөн анчин бол хаа ч адилхан мэт хандах байдал юм. Харин тэднийүзэж байгаагаар бол экологийн нөхцөл байдал бүрэс хамааран анчин л гэхэд зөвхөн анчн байдаггүй өөр бас юуч байж болох бөгөөд ингэж үзвэл эдний зөвхөн анчин хэмээн хязгаарлах нь бодтой бус хандлага гэж шүүмжилжээ. Гэтэл бодит байдал дээрээ анчин бол зөвхөн анчин байдаггүй бас түүвэрчин (gatherer), тариачин, ашигт малтмал малтагч (mining), худалдаачин байх жишээтэй. Энэхүү олонлогит байдал нь зүгээр нэг нийгмийн байдал төдийхөн биш экологийн зохицолдолгоо байдаг байна. Ингэж үзвэл хүмүүс хүрээлэн буй орчныхоо ганц онцлогоос биш харин бусад бүх л боломжит нөхцлөөс аж амьдралаа өрнүүлэн авч явдаг байна.



[1] Энэ хэсгийг доорх бүтээлээс тоймлон бичив.

Salzman, Philip Carl. & Attwood, Donald W. 1996. Ecologocal Anthropology. In Alan Barnard and Jonathan Spencer (eds.) Encyclopedia of Social and Cultural Anthropology. London: Routledge. pp.169-172

[2] Бүтцийн онолыг баримталдаг марксист үзэлтнүүд.

[3] Harris, M. 1979. Cultural Materialism: Struggle for a Science of Culture. New-York: Random House.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...