Wednesday, September 28, 2011

Гажиг зүүд


Өөрийгөө дөч тавь, жар дал, хоёр гурван зуугаар нь өгүүлэл биччихсэн гэхдээ тэр өгүүлэлүүдийн ихэнх маань шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр багатай, тэгээд тэрэндээ шаналж байгаа настай судлаач болчиж гэж зүүдэллээ. Бас болоогүй өөрийнхөө ажлыг хэнд юм дээ тайлагнаад байх шиг. Арай Эрлэг номун хаан биш байгаа даа. Нөгөө тайлан сонсож байгаа хүнээсээ би асууж байна “би зөндөө өгүүлэл бичсэн” нөгөөх нь харин “тэр өгүүлэлүүдийн чинь ихэнх нь яг судалгаа хийсэн биш, нэг хурал болох гэж байна гээд тэр хуралд зориулж бичсэн халтуурны хоёр гуравхан хоногт бичсэн ямар ч хэрэггүй эд байна лээ” гэж байхын. Би хариуд нь “судалгаа хийж байсан” гэсэн чинь чамд ямар ч суурь судалгаа алга. Чи бараг бүх сэдвээр юм бичсэн байна. Эсвэл чи тийм мундаг юм уу. Чи бүгдийг мэддэг юм уу” гэх аж. Үнэн тэнэг зүүд ийм зүйлийг хүртэл зүүдэлж байдаг төрийн төлөө огтоно боож үхдэг гэдэг байгаа даа.
Бодохнээ магадгүй хичээхгүй бол би ингэж шүүгдэх ч юм шиг. Эрлэгт нь ч хаашаа юм хожим хойч үеийн судлаачдад. Өөдтэй хийсэн суурь судалгаагүй, тэгсэн мөртлөө хаа хамаагүй эсэн бусын сэдвээр бүхнийг мэддэг юм шиг бичсэн баахан өгүүлэлтэй. Өгүүлэлийнхээ чанараас бус тоогоор нь бахархасан тийм “нэгэн” болчуул яана даа. Шинжлэх ухаан уул нь судалгаа хийхийх шаарддаг. Харин зарим нэг хүмүүс судалгаа хийх гэдгийг интернетээс хэдэн тоо олж тавих гэж ойлгодог бололтой. Уул нь шинжлэх ухаан жинхэнэ эрдэм шинжилгээний бүтээл хийхийн шаарддаг. Харин зарим нэг хүмүүс нутаг нугаа бичсэн номоо эрдэм шинжилгээ гэж боддог. Задлан шинжилгээ, онол шүүмжгүй баахан баримт бидэнд цугласан. Хэн хэзээ тэр бүгдийг задлан шинжилж, энгийн баримтаас эрдэм шинжилгээний бүтээл болгох юм бол.

Friday, September 9, 2011

Өрнөдөд үнэлэгдэж буй антропологич Л.Мөнх-Эрдэнэ

Энэ удаад Л.Мөнх-Эрдэнэ багшийн тухай товч өгүүлье гэж бодлоо. МУИС-ийн түүхийн ангийг төгсөн хожим Япон улсын Хоккайда Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан судлаач юм. 2004-2008 онд МУИС-ийн Угсаатан судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус тэнхимийг Нийгэм-соёлын антропологийн тэнхим болгон шинэчлэн зохион байгуулсан. Судалгааны чиглэл нь үндэстэн, угсаатны ижилсэл, үндэсний үзэл, Монгол, дотоод Азийн түүх, соёл, пост-социалист шилжилт зэрэг болно. "Түүхийн философи", "Атилла" зэрэг нэгэн сэдэвт бүтээл, " П.Рачневскийн "Чингис хаан" бүтээлийг орчуулсан бөгөөд өгүүлэлүүд нь Inner Asia, Central Asian Survey, Asian Survey зэрэг сэтгүүл хэвлэгдсэн билээ. Түүний бүтээлүүдийн санаа, үзэл хандлагын тухай тусгайд нь өгүүлэх шаардлагатай тул энд дурдсангүй. Мөн Л.Мөнх-Эрдэнэ багшийн судалгаа өрнөдөд үнэлэгдэн Стайнфордын Их Сургуульд зочин судлаач (http://fsi.stanford.edu/people/munkherdenelkhamsuren), Австрийн Шинжлэх Ухааны Академид (http://www.oeaw.ac.at/sozant/files/Mitarbeiter/munkh-erdene_cv.pdf) судлаач, Принсэтоны Ахисан Түвшний Судалгааны Хүрээлэнд судлаач (School of Historical Studies, Institute Advanced Study, Princeton) одоогоор Германы Макс Планк Хүрээлэнд (http://www.eth.mpg.de/lkhamsuren) судлаачаар  ажиллаж байна. 

Sunday, August 28, 2011

Намар ч уйтгартай юм дөө

Намар ч уйтгартай юм дөө

Б.Явуухулан

Айлууд нүүгээд л

Амрагууд холдоод л

Аяа нүүдэлчний намраа... гэж сайхан хэлж байжээ. Явуугийн үед намар хөнгөхөн хайр дурлалын гунигтай сайхан байжээ. Сайхан гэдэг нь холдсон амраг уруугаа явна гэдэг гоё ш дээ. Санах л гэж холдсон юм шиг. Явах замдаа амрагаа бодоод алс ирээдүйг зөгнөөд л.

Одооны намар ч дээ. Хэдэн жилийн өмнө оюутан болоод хотод ирж байхад аав минь намайг 175 000 төгрөгтэй үлдээгээд явж билээ. Тэр нь МУИС-ийн жилийн төлбөрийн тал нь байлаа. Хөөрхий хамаг байдгаа л барж тэр мөнгийг олсон санагдана.

Гадуур явах юм. Хүүхдээ сургуульд оруулах гэж байгаа ах эгч нарыг хараад өрөвдөх л юм. Хамаг байдагаа барж, үрж хүүхэддээ зориулан сургуульд оруулж байгаа нөгөө нэг юм нь “юм” сурахгүй төвөг болно. Царайдаа гэрэлтэй хүүхэддээ төлбөрийн мөнгөтэй, хоолонд орох эцэг эх уйтгартай юм даа намар цаг. 800 оноо авахаас 400 авсан за бүр 600 авсан хүүхэд ч хэцүү сурлагатай гэж хэлэхэд буруутахгүй л байхдаа. Эцэг эхийнхээ мөнгийн үрэх бас шоуныхаа мөнгийг нэхэх баахан ангайсан амьтадыг бэлтгэх энэ “аян” хэдэн жил үргэлжлэх юм болдоо.

Намар ч уйтгартай даа. Хамаг байдгаа суралгагүй, дэггүй, замбраагүй хүүхдийнхээ төлөө тавьж туух эцэг эхийн царай баяр жаргалтай харагдах ч гэртээ хариад орондоо орохын цагт уйтгартай. Энэ царай хэнд ч харагдахгүй юм даа. Учир нь хүмүүс гэрлээ унтрааж орондоо ордог.

Tuesday, August 23, 2011

Хорин есхөн насандаа хоёр мастер, хоёр доктор хамгаалсан антропологич


Энэ удаад багшийнхаа тухай жаахан бичье гэж бодлоо. Багш 19-н настайдаа их сургууль төгссөн. Тэрхүү төгссөн сургууль нь өөрийнх нь хэлдэгээр “нас барчихсан” аж. Хувийн сургууль байж л дээ. 21-н настайдаа МУИС-д мастер хамгаалж, 23-н настайдаа ШУА-д доктор цол хамгаалсан нь 2000 он байлаа. 2000-2002 онд Анлийн Кембрижийн Их Сургуульд антропологийн мастер хамгаалсан бол 2002-2006 онд тус суруульдаа докторын зэрэг хамгаалсан хүн юм. Миний мэдэхийн Кембрижид доктор цол хамгаалсан гуравхан монгол улсын иргэн байдгийн нэг нь багш билээ. Өөр монгол угсаатай хүн Кембрижид цол хамгаалсан л даа. Гэхдээ монгол улсын иргэн гуравхан хүн байдаг. Тэнд цол хамгаална гэдэг тийм ч амархан биш байх аа.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр гэвэл алдарт М.Фукогийн (Michel Foucault) хүчний (power) онолд няцаалт өгсөн судалгаа нь юм. Ихээхэн бүдүүлэг байдлаар тайлбарлавал Фукогоос хойш Өрнөдийн нийгмийн ухаанд “хүч хэрэглэнэ, үзүүлнэ гэдэг заавал хариу эсэргүүцэл үүсгэж байдаг зүйл” гэсэн санаа хүчтэй байжээ. Энгийнээр бол хэн нэгэн хүчийг эрхшээгээд нөгөө нэг хүнд түүнийгээ хэрэглэвэл хариуд нь их бага ямар нэгэн хэмжээний хариу эсэргүүцэлтэй тулгарна гэсэн санаа. Тиймээс ч Өрнөдийн нийгмийн ухаанд “хүч гэдэг зүйл заавал эсэргүүцэлтэй тулгардаг” гэсэн үзэл хэвшчихсэн байж. Харин багш Хөх нуурын Дээд Монголчуудыг 12 сарын турш судалж үзээд (ийм удаан өөр улс оронд хээрийн судалгаа хийж байсан хүн манайд байдаг юм болов уу) “хүч заавал эсэргүүцэл үүсгэхгүй байж болно” гэсэн санааг буюу яг Фукогийн эсрэг зүйлийг хэлсэн юм. Яагаад хүч эсэргүүцэл үзүүлэхгүй байж болох вэ. Дээд Монголчууд ахмад настай юм уу нэр төртэй хэн нэгнээ хүндэлж харьцдаг. Хүндлэнэ гэдэг хүчтэй болгож байна гэсэн үг. Гэтэл хамгийн сонин нь Дээд Монголчуудын дунд хүндэлж буй хүн нь ч хүндлэгдэж буй хүн нь ч гэсэн нэг нэгэнтэйгээ их эвсэг сайхан харилцаатай байж таараад байдаг. Хүндэлж буй хүн ямар ч эсэргүүцэл үүсгэхгүй байгаа мөртлөө нөгөө хүнээ хүндлээд байдаг. Нөгөө хүндлэгдэж буй хүн ч ямар ч хариу эсэргүүцэлтэй тулгарахгүй хүндлэгдээд хүчээ эрхшээгээд байгаад байдаг аж. Энэ л байдлаас багш “хүч заавал эсэргүүцэл үүсгэж, бий болгож байх албагүй” гэсэн санаагаа баталж М.Фукогийн үндэслэлийг үгүйсгэсэн юм. Англиар уншдаг бас улс төрийн антропологи сонирходог бол докторын бүтээлийг нь уншиж болно байх. Үгүй бол яахав дээ миний бүдүүлэг тайлбараас л ойлгож авлаа гэж бодохоос.

Багшийн өгүүлэлүүд Inner Asia, Shaman, Asian Studies зэрэг сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн байгаа нетээр хайж үзвэл гарч ирэх байх. Тиймэрхүү мэргэжилийн сэтгүүлд юм хэвлүүлнэ гэдэг манай эндэх шиг “миний өгүүлэл байгаа юм, хамгаалах гээд байна хэвлэчих хө” гэсэн журмаар хэвлүүлдэг “ёс зүй” үгүй болохоор бас л өндөр босго давж байж л гарсан байх. Энэ мэтээр яриад байвал өөр олон юм байна даа. Даанч багшаа магтлаа гэж бодох байх. Уул нь нэг ч хуурай үггүй үнэн л үгс байгаа юм. Товчдоо ийм л хүн байгаа юм даа. Хүмүүс коммент үлдээвэл саналынх нь дагуу дэлгэрүүлж болох л юм.

Monday, August 22, 2011

Хүсэл хясал



















Сомалид гурван сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ гэсэн гарчигтай нийтлэл http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=27884 сайт дээр гарчээ. Хөөрхийдөө өрөвдмөөр л юм. Зургийг нь хараад" манайхан энд яадаг билээ. Тэнд гэтэл ингэж байдаг... надаас өгсүүлэн тарган нөхөдүүд зөндөө... ойрд таргалаад байнаа яахуу гэхээр нь өдөр сайн хоол идчээд орой битгий хоол ид гэсэн танилуудын зөвлөгөө (хоол битгий ид гэж байна хөөе)... гэтэл тэнд олдвол юу ч хамаагүй идэхэд бэлэн байгаа даа" гэж бариад л их сүрхий "утопи" юм бодов. Тэгсэнээ өөрийгөө ч шоолох шиг. Хөөрхийсийн зовлонгоор инээд хийдэг би ч муухай л хүн юм даа.
Өнгөрсөн наадмаар Номын сангийн автобусны буудалаас 120-ын буудал орох гэж Энхтайваны гүүрэн дээр түгжирч явахдаа "илүүдэл жинтэй" хүмүүсийг тоолсон юм. 47 эмэгтэй хүн тоолсоны 34 нь илт "илүүдэл жинтэй" байж билээ. Сомали, Монгол хоёр ядуугаа ярьвал адилхан л ядуу байх. Гол ялгаа тэнд тэнд "дандаа л" дайнтай байсан юм. Эгч, ээж, бэр эгч, ажлын газрын хүүхнүүд за миний мэдэх олон л хүүхнүүд турах "хөдөлгөөн" өрнүүлээд удаж байна. Гэтэл тэнд... хахаха. Мэдэхгүй дээ хүсэл хясал юм шиг.




Tuesday, August 16, 2011

Хурдан баяжих хүсэл тачаал

Манай сургуулийн урд байх Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын хажууханд шоо орхиулаад нийлбэрийг нь тоолж үзээд мөнгө “өгдөг” хэдэн хүн байдаг юм. Цагтаа би ч гэсэн 2000 төгрөг алдаж л байлаа тиймэрхүү хүмүүст. 2001 оны 2000 төгрөг их мөнгө л дөө. 25 кг гурил 5500 төгрөг байсан гэж бодохоор. Харин өчигдөр орой МТҮП-ын хажуугаар гарч явтал нөгөө хэдэн хүн байж л байна. Нэг настай эгч “би маргааш мөнгөгүй яах юм бэ, мөнгөө авья л даа” гээд уйлаад байх юм. Мөнгөө л тэдэнт алдсан бололтой. Харин шоо тоглуулж буй эмэгтэй “эгчээ би танд 10 000-ийг нь өгье л дөө” гэх жаахан охин дагуулсан настай эгч “юу яриад байгаа юм би 20 000 төгрөгөөр тоглоо биз дээ” гэж байх юм. Би ч хажуугаар нь өнгөрч алхаад “Интерном” орж явтал ард “хүүе бариад аваарай хүний мөнгө аваад зугтаачихлаа бариад аваарай наадхаа” гэсэн дуу хадаад, эргэж хартал шоо тоглуулдаг хүмүүс зам хөндлөн гараад зугтаачих юм. Настай эгч жаахан охиноо дагуулаад араас нь хөөж байх юм. Эцэстээ Залуучуудын Холбооны тийшээ л яваад алга болсон.

Энэ эгч ч гэлтгүй манайхан хурдан амжилтанд хүрэх, хурдан англи хэл сурах, хурдан баяжих гэх мэт аль л хурдан байна тэр бүхнийг хийх “шуналтай” болчихсон юм шиг. Тэр хүсэл дээр нь тоглож элдэв сургалт, академи байгуулж хөөрхөн хэдэн төгрөг олдог нөхөдүүд ч байх. Гэхдээ манайхан тэгж сургалт дамжаа, төв байгуулж байгаа хүмүүсээ л муулах, гоочлох маягтай юм. Тэр жаахан гажигтай ч гэж байх шиг. Уул нь өөрсдийнхөө тэр “мухайрдуу шуналаа” бодож үзэх хэрэгтэй баймаар. Өөрсдөө харин гажигтай байгаагаа мэдэхгүй. Хүн болгон өөрийнх нь боддог стандарт, хэмжүүрт нийцэхгүй байж болно ш дээ. Тэглээ гээд тэр хүн “гажиг” нь ч хаашаа юм. Би лав сэргэлэн нөхөр л гэж тэднийг хардаг. Арго багш лав нэг ярилцлага дээрээ “би сард телевиз сурталчилгаа гээд 2-3 сая төгрөг төлдөг. Тэгээд өөрөө амьдраад байх мөнгө олчоод л байдаг юм” гэсэн байна лээ. Болж л байна ш дээ. Хулгай хийсэн биш, авилга авсан биш. Өөрийнхөө ам панаалаар сайхан л байна. Аргод буруу байгаа биш тэрэнд нь итгэдэг “цагаан цааснуудад” буруу байгаа биш үү. Ямар хүмүүс байна тэдэнд тааруулсан арга, реклам, бизнес байна шүү дээ.

Хүн хэзээ ч өөрийгөө буруутгадаггүй “гажигтай”. Үүнийг антропологич Эванс Причард “шалтгааны хууль” гэсэн нэршилээр тайлбарласан байдаг. Утга нь хэн нэгний алив нэг юм болохоо байхад хүн өөрийгөө бус өрөөлийг буруутгаж сэтгэд ханадаг гэсэн санаа. Жишээ нь: Америкийн аль мужид билээ би нэрийг нь мартаж өмнө зүгийн л муж байсан санагдана. Тэнд кофег зарахдаа аяган дээр нь энэ кофе халуун гэж бичээгүй байвал торгуулдаг аж. Ямар учиртай дүрэм бэ гэхээр нэг сэргэлэн нөхөр кофенд түлэгдчихээд “аяган дээр нь халуун гэж бичээгүй байсан тул би түлэгдсэн” гэж заргалдсаар байгаад заргаа авчихсан гэж байгаа. Тэгээд л тийм хууль тус мужид төржээ. Кофе гэдэг цай гэдэг шиг халуун хэмээсэн утгыг ихээр л агуулдаг баймаар.

Сэргэлэн нөхөдүүдийн золиос болж байгаагаа өөрийнхөө "..." холбож ойлгохгүй. Тэдний "..." холбож ойлгодог бид мөн "..." юм байна даа.

Friday, August 12, 2011

Тодорхойлох дон

Ер нь манай салбарынхан аливаа юмыг тодорхойлох гээд байдаг талтай. Илтгэл өгүүлэл энэ тэрийх нь нэр “тэр бол тийм юм мөөн” гэсэн байх жишээнтэй. Оюутнуудад ч гэсэн хичээл заахдаа “тийм юмыг тэр гэнээ” гээд заагаад байдаг. Шалгалтаараа тэр хэлсэн тодорхойлолтонд нь дөхүүлж байж л гайгүй гарна.

Аливаа нэг зүйлийг ганц өгүүлбэрээр, эсвэл хэдэн үгээр тодорхойлох нь логикийн хувьд боломжтой ч амьдрал дээр харин боломж муутай юм. Яагаад гэвэл хүний амьдрал, нийгэм, хэл гэдэг зүйлс маань өөрсдөө маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг шинж чанартай эд. Манай зарим судлаачид “соёл гэж юу вэ? гэдгийг тодорхойлсон бараг 1000-аад тодорхойлолт байна гээд л толгой сэгсэрээд байдаг. Уул нь эндээс соёл гэдэг зүйлийг тодорхойлох боломж маш хомс гэдгийг ойлгочвол болох юмсан. Тэгэхгүй дахиад л нэг өөрийнхөө тодорхойлолтыг нэмэх гэж оролдон судалгаа нь явж өгөхгүй суугаад л байна. Цагаан сар болоход манайхан яг яаж тэмдэглэхээ бараг мэдэхээ байчихдаг. Тэгээд хуучин хийж болоод байсан одоо яаж хийх юм, яадаг юм гээд интернет ухаж эхэлнэ. Телевиз, сонингууд ч “цагаан сар тэмдэглэх тухай” гээд сайхан сайхан юм ярьж өгнө. Гэхдээ залхуу чинь хүрэхгүй бол ажиглаад үзээрэй. Яг нарийндаа нутаг болгон, аймгийн төвийн хороолол болгон бараг гудамж, айл бүр өөр өөрөөр цагаан сар хийж байх вий. Бидний хамгийн сайн мэддэг хурим байна. Тэр нутгийнхан тэгдэг гэнэ. Тэр нь тэгдэг гэнэ. Хэн зохиосон юм мэдэхгүй баахан “зохиолууд” амилдаг биш бил үү. Настайхан эсвэл сургууль соёл төгссөн болгон “тэрийг тэгдэг номтой, энийг ингэдэг номтой” гээд баахан “өөрийнхөөрөө” залж өгнө. Ингэж л хүний нийгэм, соёл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг юм даа. Тэглээ гээд бид яах юм бэ? Ресторанд хийдэг цагаан сар, хуримын ордонд ордог хурим хоёроо болих уу аан. Монгол биш гэх үү. Монгол л соёл ш дээ. Зүгээр л өөрчлөгдөн хөгжиж байгаа юм тэр чинь. Тэгсэн одоо их л уламжлалт соёл ярьсан хүмүүс. Уламжлат гэдэгээ юугаар хэмжээд, “жинхэнэ” гэж батлах гээд байгаа юм. Нэгэнт тэр эрт үед нь хамт амьдарч байсан биш.

Аливаа юмыг тодорхойлох гээд байдаг энэ “дон” маань хувьсалын буюу эволюцонист онолын уг сурвалжтай юм шиг санагддаг юм. Нэг “их мэдэгчийн” ажиглаж харч чадаагүй, амжаагүй эсвэл харахыг ч хүсээгүй зүйл тэр мундаг тодорхойлолтынх нь гадна үлчихсэн бол яана. Тэгвэл “тэр” биш гэсэн үг үү. Нийгмийн ухааны хамгийн том алдаануудын нэг бол энэ тодорхойлох донтой холбоотой. Хүний амьдралыг, нийгмийн, соёлыг судалдаг байж хэдэн хэсэг болгон салгаж зааглаж, хувааж, тодорхойлж эрэмдэглэсэн. Улс төр, Шашин, Түүх, Эдийн засаг, Хууль гэх мэт. Гэтэл хүн амьдрал дээр ганц улс төр дотор амьдардаггүй шашинтай, эдийн засагтай, хуультай гээд дээрх бүгд нийлсэн орчинд амьдарч байдаг нь нийгэм юм. Харин судлахдаа тэр бүхнийг нь салгаад, тасчаад судлаад байдагийн учир юу юм бол оо.

Нийгмийн ухаанд мета ч билүү юу билээ нэг нэгдсэн онол бүтээх гэсэн Марксист сэтгэлгээ өнөө ч бидний дунд хүчтэй хэвээрэй. Даанч хурим, цагаан сар олон янз тэмдэглэж байгаа шиг, хэзээ нэг ижил тэмдэглэхгүй шиг тэр бол бүтэхгүй зүйл.

Баруунд зааг ялгаагүй салбар ухаанууд гэх юм уу салбар хоорондын судалгаа гэсэн хэв маяг байдаг бололтой. Бүгдийг цогцоор нь харах гэсэн санаа. Их зүгээр судалгаанууд хийдэг бололтой юм. Харин бид “ясаа харамлах банхар” шиг хонхор хонхортоо “начин” байх гэж үзсээр. Хөөрхий “овооны наадамд” түрүүлсэн бөх өөр газар олигтой барилдах тухай бодохгүй юм бол түүнд “овоо нь” л үлдэнэ дээ.

Thursday, August 4, 2011

Хотынх болох гэсэн уралдаан

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Орон нутгаас оюутан болох гэж олон мянган хүүхдүүд хотод орж ирдэг цаг. Хэдэн жилийн өмнө би ч бас оюутан болж хөдөөнөөс хотод ирж билээ. Ангийн маань ”хотын” нэг охин “чи өмнө нь хотод ирж байсан уу? Төөрчмөөр байна уу?” гэж асуун намайг “доромжилж” байсан нь санагдаж байна. Уул нь би хотод амьдарч байсан, хөдөө амьдардаг болоод ч хотод ирж байсан л хүн л дээ. Гэхдээ бас төөрдөг, арга эвээ олдоггүй оюутнууд байдаг болохоор дээрх асуултыг зүй ёсны ч гэмээр юм уу. Хотод төөрөх нь тэр хүний тэнэг мангарынх биш зүгээр л мэдэхгүй газраа хэн ч төөрдөг, будилдаг “жамтай” холбож ойлговол зохих байхаа. Гэхдээ бас “сайхан гарууд” байнаа. Нийгэм соёлын антропологийн ангийн хуваарь авчихан мөртлөө түүхийн ангид суралцаад сар гаруй болчихсон нөхөр байдаг л юм. Хүсэл нь гэх үү, төөрчихсөн нь тэр гэх үү.

За тэр оюутнуудын дуусахгүй онигоо яах вэ. Намар хичээл ороход ангийн оюутнууд “хот” “хөдөө” гээд ялгарах хандлагатай сууж байдагсан. “Хотын” гэсэн хүүхдүүд хэл ам сайтай, багштай уралдаад л яриад байна. “Хөдөөний” хүүхдүүд чимээгүй л сууна. Харин сар, хоёр сар за түүнээс хойш бол “хөдөөний” хүүхдүүд “хотын” хүүхэд болох гэж нэг ёсны уралдаанд оролцож байгаа юм даа. Өмсөж зүүх нь, будаж шунхадах нь шал өөр болно шүү дээ. Бааранд бас орж эхэлнэ. Ер нь нүүрээ сайхан будаад, “гала” хувцас өмсөөд, бааранд ордог болчихвол “хотын” хүн болно гэж боддог юм шиг нөхөдүүд зөндөө бий болчихно. Намайг оюутан болоод ирж байхад “хотын хүүхдүүд аймаар, замбраагүй, баар саванд ордог, танхай...” өөр юу юу ч билээ гэж ярилцдаг байв. Одоо харин оюутнуудыг харж байхад “хотынхон” нь учиртай болчихсон юм шиг. Бааранд уух гэж биш бүжиглэх гэж ордог бололтой. Уулаа ч учраа олохтойгоо уудаг юм шиг. Нүүр ам, үс зүсээ өөртөө болоод хувцсандаа тааруулаад будчихдаг аятай харагдах юм. Харин нөгөө “хөдөөний” оюутнууд маань “хотын” хэдээ дуурайдаг юм уу яадаг юм янз янзын юм өмсөж, үс энэ тэрээ арай л үлгэрийн баатар биш байлтай болгочих юм. Хоёр жил уулзаагүй хамаатныхаа охинтой уулзсан ээ бүү үзэгд би лав хараагүй стилийн үстэй, нүүрний будагтай байж байнаа. “Яадаг стиль юм бэ” гэсэн чинь “Японы ямар...” юу гэнэ вэ мэдэхгүй дээ нэрийг нь ч дуулаагүй юм байна. Гэхдээ монголд хамаатны маань охиноос өөр тийм стилтэй хүн байхгүй гэж мөрийцхөд ч бэлэн байна санж.

“Хөдөөний бүрэг ичэмтгий монгол эмэгтэй” энэ тэр бол харин хотод утгаа алддаг бололтой. Харин ч хотын хүмүүжилтэй айлын “өглөө гараад, орой гэртээ” очдог охидууд л тэр “цэвэр ичимтгий” энэ тэрд нь таацах гээд байх шиг.

Гадуур дотуур янз бүрийн газар орно ихэнх нь эмэгтэй хүн байх юм. Энийг эрэгтэйчүүд нь Солонгос яваад тэгсэн юм гэж мухайраар тайлбарлаж боломгүй л юм шиг санагдах юм. Би заримдаа “эхнэр аваач” гэж сургасан нэгэнд нь “гадуур дүүрэн нөхөр хайсан хягтнасан хүүхнүүд байж л байна нэг нь олдох байлгүй” гэдэг юм. Яг авах дээрээ тулахаар жаахан айдас төрөөд л байгаа юм даа. “Хотынх” болох уралдаанд орж байсан хүн сэтгэлд сэвтэй л юм даа тэ.

Sunday, July 31, 2011

Дэврүүн, үйл гүйцэлдэх үзэлтэй залуу болохгүй юмсан даа

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэгэн удаагийн ярилцлага дээрээ “өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа” гэсэн байдаг.
Ерөнхий тойм байдлаараа их аятайхан ангилал байгаа юм. Гэхдээ миний бодоход энэ байтугай байдлаар залуусыг ангилж болмоор юм шиг санагдаад байдаг юм. Жишээ нь мэдлэг чадвар, хэл ус сайтай хирнээ зүгээр л байгаад байдаг ямар ч амбицгүй залуус байна. Их сайндаа УИХ-ын гишүүний туслах, нэг захиралын цай зөөгч хийнэ. Тэгээд л болоо. Том дарга, сайд ах эгчийн дүү залуус байна. Ажил дээрээ янз бүрийн онигоо яриад л кофе уугаад л суугаад байна. Мөн нэг ажилтай болсон бол болоо гэж бодоод л зүгээр л байгаад байдаг тоглоом тоглож, facebook, e-mail-ээ шалгахаас өөр юм хийдэггүй залуус бас байна. Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, нэг л их сүрхий царайтай явж байдаг над шиг нөхдүүд ч бас байна. Өө бүр мундаг ажиллаж байгаа салбартаа цахиур хагалж яваа залуус ч бас буй.
Гэхдээ энэ олон залуусын дийлэнх олонд нь “улс эх орноо хөгжүүлэх” гэсэн дэврүүн, үл гүйцэлдэх үзэл байдаг юм шиг санагдаад байдын. Зүгээр л санагддаг юм шүү. Янз бүрийн судалгаагаар баталгаажаагүй мэдээлэл шүү. Оюутнуудаар “Бидний бахархал” гэсэн эссе бичүүлэхэд “би түүхээрээ бахархаж байна. Эх орноороо бахархаж байна. Улс эх орноо хөгжүүлнэ ээ” гэх мэтээр авч өгсөн л байдаг юм. Үнэндээ энэ “эх орноо хөгжүүлэх” гэсэн бодол бол социализмийн үеийн л хий хоосон лоозон юм шиг байгаа юм. Тэр нь одоо болтол арилаагүй байгаа байх. Залуус юугаараа яаж эх ороноо хөгжүүлэх юм. Өөрсдөө солиод өмсчих оймсоо ч авч чадахгүй байж. Цэнддоогийн хэлсээр” залуус эрдэм сурч байгаа гэж жигтэйхээн. Аавынхаа өгсөн мөнгөөр костюмаа авч өсчихөөд мөнгө олох ямар амархан тухай лекц уншиж байх юм” бишүү. Ахмад хүмүүс ч гэсэн дээ “залуу хүн хийх хэрэгтэй, залуу насандаа хий, залуу хүн байж, чам шиг залуу байсан бол...”. Энэ үгэнд нь ч гэсэн залуус итгэдэг юм шиг байгаа юм. Баабарын хэлсэн шиг “оймсныхоо цоорхойг нөхөж чадахгүй байж озоны цоорхой нөхөх тухай яриад” байгаа бус уу.
Зүгээр л хийдэг ажлаа хариуцлагтай сайхан хийвэл болоод л явчих юм шиг санагдах юм. Өөрөө л сайн сайхан, амжилтанд хүрчихвэл тэгээд л болоо юм биш үү. Нэг хүн, нэг хэсэг хүн за гоц биш л бол улс их орны хөгжилд, түүхэнд сүрхий үүрэг гүйцэтгэсэн нь ховор л байдаг юм. Эсвэл манай Монголын залуус бүгд гоц юм болов уу.

Wednesday, July 27, 2011

Англи хэл сурсаны минь гай

Аливаа юмыг сурах хэцүү ч сурсан байхад бас хэцүү юм шиг ээ. Тэнхимийн багш нар маань овоо хэдэн гадаад хэлтэй, төгссөн сургууль нь ч гадаадынх. Нэг багш маань лав 7, 8 хэл мэдэх юм байна. Хамгийн багадаа л 2 гадаад хэлийг мэдээд байгаа юм. Судалгаа хийж буй салбартаа цөөнгүй юм хийсэн, танигдаж яваа, мэдлэг чадвар өндөртэй хүмүүс. Ер нь сүрхий багш нар л даа.

Ийм хүмүүс чинь яг л судалгаагаа хийгээд сууж байдаг болохоос биш элдэв шалдавын дэл сул яриаг нэг их тоодоггүй юм шиг ээ. Харин манай зарим нэг хүмүүс ажлаа хийх биш тийм элдэв шалдав яриаг л хөөцөлдөхөө ажил гэж боддог юм шиг санагдах боллоо. Яг сайхан ажлаа хийгээд байж байхад нь хэн нэгэн нь орж ирээд л энэ юу юм, тэр яаж байгаа юм гээд асуугаад зогсчихно. Зүгээр зогсдог бол бас яах вэ. Компьютер уруу яг ширтчих юм. Хажууд нь сууж байгаа би хүртэл дургүй хүрээд байхад. Асууж байгаа юм нь тэгээд нэг их чухал биш байх нь их, голдуу л хувийн шинжтэй зүйлс. Нөгөө хүн чинь ажлаа хиймээр байгаа ш дээ. Тэрийг нь ч бодолцохгүй өөрийгөө бодоод л хэрэгтэй хэрэггүй юм асуугаад хэдэн арван минут болно. Уучлаарай би жаахан ажилтай байнаа гэж хэлбэл бараг “ямар сүртэй гар вэ. Лаг юм шиг” энэ тэр гэх нь ээ. Бас юм орчуулаад өг гэнэ. Яасан сайхан... бүр юу гэх вэ энийг. Миний CV байгаа юм орчуулаад өгч тус болооч гэнээ. Яагаад орчуулагын товчоо явж болохгүй гэж. Хүн тэртэй тэргүй, тэрний CV-тэй CV-гүй хангалттай ажилтай байхад. Хүмүүс өөрсдөө ажилтай, завгүй байж үзээгүй болохоор ажилтай, завгүй хүний учир явдалыг ойлгодоггүй юм шиг ээ.

Би амьхандаа хийх ажил энэ тэрээ мартахгүй гэж тэмдэглэж, цаг нарыг нь бичиж байдаг юм. Тэр дэвтэрийг минь харсан танил маань “чи яасан сүртэй гар вэ. Ийм аймаар ажил хэрэгч болций муу. НҮБ-ийн дарга шиг амьтан бэ” гэж авдийн. Нэг удаа танилынхаа гуйлтанд би чадахгүй ээ тэр цагт чинь өөр юм хийхээр төлөвлөчихсөн гэсэн чинь. “яасан маягтай юм, тэрийгээ дараа л хийчээч дээ. Нэг тус бол” гээд шалаад салдаггүй дээ. “Үгүй ээ, тэр цагтаа л хийхгүй бол болохгүй” гэсэн чинь. “Их зантай, сүртэй амьтан бэ. Тэгж яваад их юманд хүрээрэй” ч гэх шиг сүрдүүлэх маягтай. Би яагаад ажилаа төлөвлөж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдарч болдоггүй юм бэ. Эсвэл залуу хүн болохоор болдоггүй юм уу. Ихэнх хүний нүдээр бол залуу, шинэ хүн ажил байхгүй, хүнд зарагдаж байх ёстой юм шиг байгаан. Ахмад настай хэн боловч алба юм шиг “залуу хүн байна. Энийг хийгээд өг” гээд суучихна.

Хөөрхий багш маань нэг удаа англи хэл сурсаны минь гай юм байхдаа, хүмүүс юм орчуулаад өг гээд байх юм. Үгүй гэх хэцүү, тэгий гэхээр ажилтай байдаг гэчихсэн сууж байж билээ. Юм сурах нэг хэцүү, сурчихсан байхад бусдын хэрэггүй гуйлтыг хийж өгөх хэцүү. Уул нь бид боловсрол олж авах гэж хичээж байгаа маань сайн сайхан амьдралд хүрэх гэсэн хүсэлээс минь болсон болохоос, бусдын “боол” болох гэсэн дураас минь болоогүй байлтай.

Багш шавь нэр зүүсэн мөртлөө шавиараа өөрийнхөө гараараа бичсэнг компьютерт шийвүүлэхээс өөр юм заадаггүй багш нарыг мэдэх л юм. Ажилгүй, хариуцлагагүй, чадваргүй хүмүүс бусдыг бас өөрсөд шигээ боддог бололтой.

Яагаад хүмүүс бусдаас хүндлэл, тусламжийг өөрийн хүссэн хэмжээгээрээ шаарддаг мөртлөө эргээд бусдад тэгдэггүй юм бол. Бусдыг өөрийнх нь ажил хэргийг бүтээж өгч байх ёстой нэгэн мэтээр боддог хүмүүс ихэнхдээ хариуцлагагүй байдаг юм шиг санагддаг. Хийх юмаа олж ядсан, ажил байхгүй тийм сонин хүмүүс л хийх ажилтай бусдыгаа ойлгохгүй үймүүлж, тус гуйж, тэр тусыг нь биелүүлэхгүй бол элдвээр хэлж явдаг юм шиг ээ.

Thursday, July 21, 2011

Дээд монголчуудын хотжилт буюу хятаджилт


Б.Удвал /Монголын Угсаатны Холбоо ТББ/
Дэлхийн монголчуудын тухай бидний ойлголт
Хэдхэн сарын өмнө тархан суурьшсан монголчуудын тухай энэ сэдэв маш шинэ содон соргог зүйл байлаа. Харин одоо “моодонд” орсон танил сэдэв болсон нь урьд өмнө төдийлөн яригддаггүй байсан хилийн чинад дахь монголчуудад судалгаа хийн танилцуулсан цөөн хүмүүсийн ажлын үр дүн. Монгол үндэстэн нийт хэдүүлээ вэ гэх асуултын хариуд бидний ихэнх нь улсын хүн амын тооллогын дүн болох хоёр сая 700 мянга хэмээх тоог санана. Зарим нь буриад болон өвөрмонголчуудыг нэгтгэн арай ахиу тоо хэлнэ. Энэ нь тэднийг монгол хэвээрээ гэж тооцсоных. Өнгөрсөн он жилүүд үнэндээ “Бид дэлхийн бөмбөрцөг дээр чухам хэдүүлээ хорвоогийн тоос хөдөлгөнө вэ?” гэх асуултыг өөрсөддөө тавихтай мантай өнгөрсөн биз ээ.
Харин сүүлийн үеэс монгол үндэстэн найман саяулаа гэх тоо үзэгдэх, сонстох болжээ. Гэхдээ хэн тэднийг юугаар нь монгол мөн гэж тогтоогоод тийнхүү зарлаж байгаа нь одоогоор тодорхойгүй буюу албан ёсны бус байна. Иймээс Монгол Улсын хүн ам дээр нэмэгдэн нийт найман саяд хүрч буй тэдгээр таван сая гаруй хүмүүс үнэхээр монгол мөн үү гэж эргэлзэх хүн олон бөгөөд энэхүү шүүмжлэл ч зүйн хэрэг юм. Улмаар “Тэд монгол мөн”, “Тэд монгол биш”, “Тэд монгол биш болсон” хэмээх маргаан манай нийгэмд тархжээ. БНХАУ-д аж төрж буй монголчуудыг зөвхөн Өвөрмонголын өөртөө засах мужийн монголчуудаар л төлөөлүүлэн эндүү ташаа ойлгож байгааг засах хэрэгтэй. ӨМӨЗО-оос гадна Хятад Улсын Шинжаань, Чинхай мужуудын нутаг дэвсгэрт Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан Монгол, Дээд Монгол гэхчилэн олон монгол угсаатан амьдарч байна. Тэднийг Өвөрмонголчууд гэж ойлгож болохгүй. Тэдний засаг захиргаа, оршин суух нутаг дэвсгэр нь өөр, Хятад Улсад багтсан түүх нь ч ялгаатай улс.
Тэднийг заавал таних шаардлагатай юу?

Өвөг дээдэс минь ургийн бичгээ хичээнгүйлэн хөтөлдөг байсан нь дэмий хэрэг бишсэн. Удам угсаа, ахан дүүсээ мэдэхгүй хүн нэгэн талаар сохор мэт байх шиг санагдана. Бид хоёрхон саяулаа хэмээх итгэл үнэмшил, бид найман саяулаа хэмээх итгэл үнэмшлийн аль нь илүү хүчтэй байх вэ? Эх түүхээ танин мэдэж, үндэстний онцлогоо ухан ойлгосноор үндэсний үзэл төлөвшиж, ард түмний өөрсдийгөө ухамсарлах сэтгэлгээ хөгждөг билээ.
Монгол цусаа, монгол ёс заншлаа, монгол уламжлалаа, монгол аж ахуйгаа, монгол хэлээ авч үлдэж, монголоороо байхын төлөө тэмцэж, тэр тэмцэлдээ хөлөө, гараа өгөн, би монгол хэмээх омоглолоо дарж ядан шүлэг найраг бичиж түүнийхээ улмаас эрх чөлөөгөө хасуулан монголоороо байхын төлөө ил, далдаар тэмцэж буй тэдгээр монголчуудыг Та хэн гэх вэ? Монгол Улсын монгол хүн ирсэн сургаар хэлэх ярихыг нь сонсож, хийх хөдлөхийг нь харах гэж яаран, бүр аз байвал найз нөхөр болон гэртээ дайлж цайлахыг хүсдэг тэдгээр монголчуудыг Та юу гэх вэ? Угсаатан судлалын шинжлэх ухаанд тухайн ард түмэн өөрсдийгөө хэн гэж ухамсарлах нь тэднийг аль үндэстэнд хамаарагдах буюу ямар үндэстэн болохыг нь тогтоох гол үзүүлэлт гэж үздэг. Энд өгүүлэгдэж буй монголчууд өөрсдийгөө “БИД МОНГОЛЧУУД” хэмээн цуурайтуулан тунхаглаж байхад бид юу гэх вэ? “Тэд монгол биш” гэж жишим ч үгүй хэлчихээд тэдний тухай ахин зурвас ч бодолгүй амьдрах бидний энэ байдлыг тэд мэдвэл туйлын гомдолтой, даанч харамсалтай биш үү? Сэтгэл, цус нэгт тэдгээр төрөл садныхаа биднийг гэх халуун сэтгэлийг нь мэдэрч, бодит үнэнийг ухааран зөв итгэл үнэмшилтэй алхахыг Та эрмэлзэх үү?
Дээд монголчууд гэж хэн бэ?

Түүхийн хуудаснаа. Энэ нутаг нь 1235 онд Өгөдэй хаан өөрийн хүү Хүдэндээ Хөх нуур орчмыг хувь болгон өгсөн тухай мэдээнээс эхлэн Эвэр тайш, Бүрх тайш, Түмэдийн Алтан хаан мөн Цогт тайж нарын түүхт хүмүүстэй холбогдох ажээ.
Газар нутаг. БНХАУ-ын баруун хойд бүс нутгаар Гансу, Сичуантай хил залган орших нуурынхаа нэрээр овоглосон Хөх нуур буюу Чинхай /Qinghai/ муж гэж бий. Өгүүлэн буй Дээд монголчууд нь энэхүү Хөх нуурын орчмоор нутагладаг ажгуу.
Нэрийн учир. Дээд Монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Дээд монголчууд Хөх нуур Түвдийн өндөрлөгт нутаглах тул газар нутгийн өндөрлөг байдлаар өөрсдийгөө овоглон дээр, дээд газрын хүмүүс гэдэг утгаар Дээд Монгол хэмээн нэрлэсэн гэсэн хувилбар бий.
Дээд монголчуудын хотжилт

Ерөнхийдөө БНХАУ-ын монголчуудад хотжилт нэлээд явагдсан, Хүн амын шилжих хөдөлгөөн нь хүн ам зүйн жирийн л үзэгдэл боловч Дээд монголчуудын хувьд хотын иргэн болно гэдэг жирийн явдал биш. Гэсэн ч эрхгүй тулгарч буй хотжилтын учир шалтгаан хийгээд хотжилт нь юунд хүргэж буй тухай одоо өгүүлье.
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Улаан /Vulan/ хошуу болон хориотой хот болох Дэлхий хот юм. Хошуу хэмээх засаг захиргааны нэгжийг дүйцүүлбэл манай улсын сумтай дүйнэ. Улаан нь төв газарт шилжин суурьших хүн амын шилжих хөдөлгөөн маш эрчимтэй явагдаж байгаа нутгуудын нэг. Нийт хүн амийн тоо 37783. Эдгээрийн 4811 хүн буюу 1085 айл нь малчин өрх. Үндэстний бүрэлдэхүүний хувьд 22586 Хятад, 6538 Монгол тоогоороо толгойлж 2424 Түвд, 3478 Хотон, 1490 Цагаан Монгол, 1150 Салар, 39 Манж гээд цааш Дуншаан, Боань, Ёгор, Ли, Мио, Иүгү, Солонгос, Тужа гэх үндэстэн угсаатнуудаас бүрдэнэ.

Улаанд явагдаж буй хотжилт нь дараахь шалтгаануудтай. Хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ буюу дунд сургуулийн шалтгаан. Улаан хошууны төвд хүн ам ихээр суурьшиж эхэлсэн нь 1993 он. Тэр цагаас өмнө хошууны тосгодод (манай улсын засаг захиргааны нэгжээр багтай дүйцүүлж ойлгож болно) бага, дунд сургуулиуд гэгээрэл боловсролын үйлсээ явуулдаг байж. Энэ үед малчдын хүүхдүүд гэрээс хол явалгүй сургуульдаа сурч чаддаг байсан байна. Харин 1993 онд тэдгээр сургуулиудыг татан буулгаж хошууны төвд төвлөрүүлснээр малчдын хүүхдүүд сургуулиа даган суурьших болжээ. Учир нь хошууны төв дэх монгол үндэстний дунд сургууль нь дотуур байргүйгээс сурагчид эмээ, өвөөтэйгээ шилжин ирж айл болон амьдарч эхэлсэн. Ингээд жилээс жилд мал дээрээс нүүн ирэх суурьшигчдын тоо нэмэгдсээр хошууны төвийн хүн ам нэмэгдэж байгаа нь энгийн нүдэнд ч илт мэдэгдэхүйц болсон байна. Энэ нь Улаанбаатарын хүн ам эрчимтэй өсөж байгаатай адил боловч Монгол Улсын иргэд нийслэлдээ төвлөрлөө гээд дундад улсын монголчуудад тулгарах хятаджих аюул үгүй. Ингээд урьд нь мал дээр монгол ахуйтайгаа ойрхон байсан хүүхдүүд төв газарт шилжиж эхэлжээ.
Малын бэлчээр хүрэлцэхгүй. 1994-1996 онд малчдад бэлчээр хуваан өгөхдөө тухайн үеийнх нь ам бүлийн тоог харгалзан нэг хүнд хэдэн ми газар тооцон хувьчилсан байна (нэг метртэй тэнцэнэ). Энэ үеэс хойш төрсөн хүүхдүүд газаргүй тул малгүй, малгүй тул хотод амьдарна. Тэгээд тэр “хотын хүн”. Тухайн үед төрчихсөн байсан хүүхдүүдэд ч бэлчээр нь хүрэлцэхгүй явдал их бий. Зааглан өгсөн нутаг бэлчээрт маллах малын тоо буюу бэлчээрийн даац хязгаартай тул хүссэн зоргоороо малаа өсгөх аргагүй. Ингээд 3-5 хүүхэдтэй малчин айлын хэн нь мал дээрээ үлдэх вэ, хэн нь хотын хүн болох вэ гэдгийг сонгон шийдэж хотод амьдрах арга хайн эсвэл анхнаасаа хотод суух төлөвлөгөөтэйгөөр боловсролоо эзэмшин “хотын хүн” болно. Ийм замаар нэлээд хүмүүс төв газарт шилжин суурьшиж байна.
Өндрийн өвчин. Хөх нуур Түвдийн өндөрлөг гэгдэх далайн түвшинээс дээш гурван мянга хэдэн зуун метр өндөрт амьдрах нас дээр гарсан буурлуудад өндрийн өвчин гэх аюул тулгардаг. Улаан хошууны төв нь хөдөө малчны бэлчээр нутгаас арайхан нам газар юм. Тиймээс нас дээр гарч мал дагахад хүнд болсон хийгээд өндрийн өвчнөөс зугтсан настангууд хошууныхаа төвд суурьшина. Өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэрэг зүрх, судасны өвчнүүд тулгардаг байна.

Байгаль хамгааллын зорилгоор улсаас малчдыг хот, суурин газар амьдрахыг ил, далдаар дэмждэг тухай учир мэдэх хүмүүс өгүүлнэ. Голмуд хотын Тангула сумын малчдаас газрыг нь 5-10 жилийн хугацаагаар улс зээлдэн авчээ. Энэ хугацаанд улсын газар нутгийн бэлчээрийг амраагаад гэрээт хугацаа дуусмагц эздэд нь буцаан өгөх учиртай. Анх бэлчээрийг авахдаа малыг нь үнэлэн түүнтэй дүйцэхүйц төлбөрийг өгсөн бөгөөд мөн сар бүр тэдэнд мөнгө өгдөг гэнэ. Байгаль хамгаалах энэхүү бодлогын улмаас 5-10 жилийн дараахь малчин ахмадууд нас өндөрт гарч бие гүйцэхээ больсон, залуус нь малд дөргүй аль хэдийнэ хотын иргэн байх сонирхолтой эсвэл хэдийн хотын хүн болсон байх болно. Ингээд л мал маллах хүнгүй болсон тул эргээд малчин дээрээ гарах нь тун цөөн л болов уу? Энэ бол малчин ахуйгаас хотын амьдралд шилжиж буй бас нэгэн шалтгаан.
Мөн үйлдвэрлэлийн зорилготой үйл ажиллагааны улмаас малчид хотод суурьшиж буйн жишээ нь Ван (Томпу гэж нэрлэх нь ч бий) хошуу. 2005-2006 онд 11 айл Ван хошуунаас Улаан хошуунд шилжин суурьшжээ. Тэдгээр айлуудыг ийн шилжихийг шаардсан байна. Учир нь тус хошууны тэр хэсэг нутагт Чинхуа гэх өвөрмонголын компани нүүрсний хүүршүүлэх газар болгон ашиглах болсон ажээ. Ингээд л газрыг нь албан хүчээр худалдан авсан байна. Тэднийг Улаанд нэг дор орон сууцанд суулгажээ. Энэ нь улсын үйлдвэрлэл, эдийн засагтай холбоотой санамсаргүй гэмээр хотжилтын нэгэн шалтгаан болж байгаа юм.
Хотын дээд Монголчууд
Хятад Улс дахь монгол гаралтай хүүхэд залууст хоёр янзын сонголт, түүнийгээ дагаад хоёр янзын хувь заяа бий. Нэг нь монгол үндэстний сургуулиар замнах, нөгөө нь хятад сургуулийг сонгон суралцах явдал. Хотод ажиллаж амьдрах монголчуудад тулгарч буй зайлшгүй нэгэн зүйл бол хүүхдүүдээ хятад сургуульд суралцуулах хэрэгцээ юм. Их, дээд сургууль дүүргэсэн боловсон хүчин ажилтай болоход монгол үндэстний сургууль дүүргэсэн нэгэн, хятад сургууль дүүргэсэн хүн хоёрын байр суурь, боломж ялгаатай буюу хятад сургууль дүүргэсэн боловсон хүчин ажил албан тушаалтай болох илүү бололцоотой байдаг. Улаан хошуун дахь дүр зургаар монгол сургууль дүүргэсэн хүнд монгол үндэстний дунд сургуульд багшлах, соёл урлагийн клубт соёлын ажилтан болох мөн азтай цөөхөн зарим нь захиргаанд ажилд орох боломжтой. Тэдний сонголт энэ хүрээд хязгаарлагдана. Учир нь бусад байгууллагууд ихэвчлэн хятад албан газрууд байх тул тэнд хятад хэлийг төгс эзэмшсэн мэргэжилтэн авахыг эрмэлзэнэ. Улмаар хятад сургууль төгсөгчид ялагдана гэсэн үг.
Хятад сургууль сонгож, хүүхдүүдээ хятад сургуульд сургавал олон боломж нээгдэж, өндөр цалинтай, хүссэн ажил, мэргэжлээ эзэмших боломжтой болно. Ингээд монгол дунд сургууль төгссөн хүүхэд хятад их, дээд сургуульд элсэх гэтэл энэ нь бас л туйлын хүнд даваа буюу бараг л үлгэр ажээ. Монгол үндэстний дунд сургууль дүүргэсэн сурагчид мөн л хэлний бэрхшээлтэй тулгарна. Бас монгол сургуулийн сургалтын байдал ч тохирдоггүй аж. Нэгэнт байдал ийм болохоор хүүхдээ багаас нь хятад бага, дунд сургуульд сургах нь л тэднийхээ ирээдүйн амьдралын сайн сайхны төлөө хийж байгаа том сонголт, шийдэл юм.
Хятад хэл, хятадын соёлд суралцах хэрэгцээ, шаардлага, хүсэл, зорилгоо тэд ийнхүү тайлбарлаж байна. “Наад зах нь хятад хүнтэй хэрэлдэж муудалцахад ядаж адилхан харааж байх хэрэгтэй. Хятад хэл сурсан цагт доромжлол амсахгүй. Нэгэнт бид Хятад Улсад амьдарч байгаа тул хятад хэл сурахгүй бол сайн амьдарч чадахгүй. Ажилд орж чадахгүй. Ажилд орж амьдрахын тулд бидхятад хэл сурах хэрэгтэй. Ядахдаа доромжлол амсахгүй” хэмээсэн нь аргагүй үнэн билээ.
Хятад сургуулиар боловсорсон хүүхэд хэн болох вэ?

Энэ асуултын хариуг Дэлхий хотын хүүхэд, залуусын байдлаар хариулъя. Дэлхий хот бол хөдөөнөөс хотод шилжин суурьших хөдөлгөөн бүрэн явагдаж бараг дууссан гэж хэлж болох газар. Улсаас хот орчмын нутаг бэлчээрийг амраах зорилгоор малчдаас бэлчээр, малыг нь худалдан авч иргэдийг хотод суурьшуулсан байна.
Наранхуар бол 23 настай бүжигчин бүсгүй. Уулзаж танилцаад хэдхэн цаг болсон харь улсын эмэгтэйг (холдуулж бодвол харь улс ч тэдний сэтгэлд Монгол Улсын монгол хүн) гэр гэртээ хонуулах гэж хоорондоо булаацалдан муудалцаж эцэст нь нэг нь гомдсондоо юмуу түрүүлээд гүйж одсон. Наранхуар бүсгүйнд очих болсонд тэрбээр их л баяртай элдэв юм ярилцах гэж хичээнэ. Гэвч бид хоёр ойлголцож чадахгүй байсан нь сэтгэл өвдмөөр байлаа. Тэрбээр хэзээний хуучин найзууд шиг дотночилж түүний оронд хамт унтахаар хэвтсэн ч хэн хэний нь нойр хүрсэнгүй монгол, англи, хятад үг холин ярилцах гэж хичээсээр. Урьд нь хамт явсан залуугаар орчуулуулж байсан ч одоо түүнийг байхгүйд өөрсдөө ойлголцохоос өөр аргагүй. Нэг хоёр үг зөөсөөр, дохио зангаа хэрэглэсээр намайг ихэд баярлуулсан явдал болж үүр цайх үест тэр монголоор овоо зэгсэн ярих болж нэг мэдсэн бид хоёр их зүйлийг ярилцсан байлаа.
Хотжилт буюу хятаджилт
Хөдөөгөөс хот төв газарт шилжих, хотоос хотын зах, хөдөө рүү шилжих нь хүн амын шилжих хөдөлгөөн, нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл. Гэвч Хятад дахь монголчуудын хотжилт нь жир бус явдал болж хятаджилтад хүргэж буй нь гашуудалтай. Малын бэлчээрийн даац хүрэлцэхгүй, өндөрлөг уулсын нутагт аж төрөх тэдэнд өндрийн өвчний аюул тулгарна, үр хүүхдээ хүний зэрэгтэй амьдралд хүргэх гэсэн хүсэл, улсын удирдлагаас малчдын хүсэлтийг үл харгалзан бэлчээр, газрыг нь авч байгаа зэрэг явдлууд нь тэднийг зайлшгүй хотжилтод хүргэж буй юм. Улмаар хотын иргэн хотод сайн сайхан амьдрахын тулд яалт ч үгүй хятад үндэстэний замаар замнахыг сонгоно. Хятад үндэстний зам хэмээсэн нь цэцэрлэгээс эхлэн хятад сургуулиар хүмүүжиж улмаар хятадын их дээд сургуульд суралцах, төгсөөд ч хятад албан газар ажиллах буюу хятад хотод хятад хүмүүстэй ижил амьдрахыг нэрлэж буй. Үүний улмаас монгол хэл, соёл, уламжлал алдагдана. Энэ бол Хятад Улс дахь монголчуудын хотжилт. Тэд бидний идэж байгааг идэж, өмсөж буйг өмсөж, үзэж буйг үзэх буюу хүний зэрэгтээ амьдрахыг л эрмэлзэж, харамсалтай нь хүн заяатны хүсэл нь эх хэлээ мартагнахад хүргэж буй ард түмэн. Тэдэнд Монголоо гэх эрмэлзэл, хүсэл сэтгэл, “БИ МОНГОЛ ХҮН” гэх ухамсар нь байгаа цагт тэднийг “монгол биш” гэх эрх хэнд ч үгүй.
Тэрбумаар тоологдох их үндэстний дунд цөөн тоот үндэстэн болон амьдрахдаа угсаа гарлаа хадгалан, Монголоороо оршихын төлөө байгаа бүх боломжоороо тэмцдэг, зарим нь амьдралаараа дэнчин тавьж, тэр их гүрэнд яах ч аргагүй байдалд өөрийн эрхгүй орж байгаа цус нэгт ахан дүүсээ ойлгож үзээсэй хэмээн хүсмээр байна. “Тэдний оронд би байсан бол?” гэж бодож үзээд, муучлан дуугарахаа хойш тавиасай, Монгол Улсын монголчууд.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...