Энэ удаад багшийнхаа тухай жаахан бичье гэж бодлоо. Багш 19-н настайдаа их сургууль төгссөн. Тэрхүү төгссөн сургууль нь өөрийнх нь хэлдэгээр “нас барчихсан” аж. Хувийн сургууль байж л дээ. 21-н настайдаа МУИС-д мастер хамгаалж, 23-н настайдаа ШУА-д доктор цол хамгаалсан нь 2000 он байлаа. 2000-2002 онд Анлийн Кембрижийн Их Сургуульд антропологийн мастер хамгаалсан бол 2002-2006 онд тус суруульдаа докторын зэрэг хамгаалсан хүн юм. Миний мэдэхийн Кембрижид доктор цол хамгаалсан гуравхан монгол улсын иргэн байдгийн нэг нь багш билээ. Өөр монгол угсаатай хүн Кембрижид цол хамгаалсан л даа. Гэхдээ монгол улсын иргэн гуравхан хүн байдаг. Тэнд цол хамгаална гэдэг тийм ч амархан биш байх аа.
Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр гэвэл алдарт М.Фукогийн (Michel Foucault) хүчний (power) онолд няцаалт өгсөн судалгаа нь юм. Ихээхэн бүдүүлэг байдлаар тайлбарлавал Фукогоос хойш Өрнөдийн нийгмийн ухаанд “хүч хэрэглэнэ, үзүүлнэ гэдэг заавал хариу эсэргүүцэл үүсгэж байдаг зүйл” гэсэн санаа хүчтэй байжээ. Энгийнээр бол хэн нэгэн хүчийг эрхшээгээд нөгөө нэг хүнд түүнийгээ хэрэглэвэл хариуд нь их бага ямар нэгэн хэмжээний хариу эсэргүүцэлтэй тулгарна гэсэн санаа. Тиймээс ч Өрнөдийн нийгмийн ухаанд “хүч гэдэг зүйл заавал эсэргүүцэлтэй тулгардаг” гэсэн үзэл хэвшчихсэн байж. Харин багш Хөх нуурын Дээд Монголчуудыг 12 сарын турш судалж үзээд (ийм удаан өөр улс оронд хээрийн судалгаа хийж байсан хүн манайд байдаг юм болов уу) “хүч заавал эсэргүүцэл үүсгэхгүй байж болно” гэсэн санааг буюу яг Фукогийн эсрэг зүйлийг хэлсэн юм. Яагаад хүч эсэргүүцэл үзүүлэхгүй байж болох вэ. Дээд Монголчууд ахмад настай юм уу нэр төртэй хэн нэгнээ хүндэлж харьцдаг. Хүндлэнэ гэдэг хүчтэй болгож байна гэсэн үг. Гэтэл хамгийн сонин нь Дээд Монголчуудын дунд хүндэлж буй хүн нь ч хүндлэгдэж буй хүн нь ч гэсэн нэг нэгэнтэйгээ их эвсэг сайхан харилцаатай байж таараад байдаг. Хүндэлж буй хүн ямар ч эсэргүүцэл үүсгэхгүй байгаа мөртлөө нөгөө хүнээ хүндлээд байдаг. Нөгөө хүндлэгдэж буй хүн ч ямар ч хариу эсэргүүцэлтэй тулгарахгүй хүндлэгдээд хүчээ эрхшээгээд байгаад байдаг аж. Энэ л байдлаас багш “хүч заавал эсэргүүцэл үүсгэж, бий болгож байх албагүй” гэсэн санаагаа баталж М.Фукогийн үндэслэлийг үгүйсгэсэн юм. Англиар уншдаг бас улс төрийн антропологи сонирходог бол докторын бүтээлийг нь уншиж болно байх. Үгүй бол яахав дээ миний бүдүүлэг тайлбараас л ойлгож авлаа гэж бодохоос.
Багшийн өгүүлэлүүд Inner Asia, Shaman, Asian Studies зэрэг сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн байгаа нетээр хайж үзвэл гарч ирэх байх. Тиймэрхүү мэргэжилийн сэтгүүлд юм хэвлүүлнэ гэдэг манай эндэх шиг “миний өгүүлэл байгаа юм, хамгаалах гээд байна хэвлэчих хө” гэсэн журмаар хэвлүүлдэг “ёс зүй” үгүй болохоор бас л өндөр босго давж байж л гарсан байх. Энэ мэтээр яриад байвал өөр олон юм байна даа. Даанч багшаа магтлаа гэж бодох байх. Уул нь нэг ч хуурай үггүй үнэн л үгс байгаа юм. Товчдоо ийм л хүн байгаа юм даа. Хүмүүс коммент үлдээвэл саналынх нь дагуу дэлгэрүүлж болох л юм.