Tuesday, July 2, 2019
Tuesday, November 25, 2014
Америкийн Антропологийн Холбооны Ёс Зүйн Дүрэм
- Хор хөнөөл бүү учруул
- Өөрийнхөө ажилын талаар нээлттэй бас шударга бай
- Бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр шаардлагатай зөвшөөрөл
авах
- Хамтран ажиллагсад болон бусад талуудтай харьцахдаа
хөндөгдөж буй зөрчилдөх ёс зүйн үүргүүдийг бодолцож үзэх
- Судалгааны үр дүнгээ бусдад хүртээмжтэй байлгах
- Тэмдэглэлүүдээ хамгаалж, хадгалах
- Бусадтай хүндэтгэлтэй, ёс зүйтэй мэргэжилийн харилцааг
хадгалах
- Антропологийн судлаачид судлаж
буй хүмүүс, төрөл зүйлс болон материалууд мөн хамт ажиллаж буй
хүмүүсийн өмнө гол ёс зүйн үүрэг хүлээнэ. Эдгээр үүргүүд нь шинэ мэдлэг
эрэлхийлэх зорилгоос давуу байж болох бөгөөд гол үүргүүд бусад хариуцлагуудтай
зөрчилдөх үед, ивээн тэтгэгчид болон үйлчлүүлэгчидийн өмнө хүлээсэн
хариуцлага гэх мэт, судалгаагааны төслөө явуулахгүй байх, эсвэл
үргэлжлүүлэхээ болих шийдвэрт хүргэж болзошгүй. Эдгээр ёс зүйн үүргүүд нь:
- Хор хөнөөл эсвэл
буруугаас зайлсхийх, мэдлэгийг хөгжүүлснээр ажиллаж байгаа эсвэл судлаж
байгаа хүмүүс эсвэл амьтдад эерэг эсвэл сөрөг өөрчлөлтүүдэд ирж болхыг
ойлгох
- Хүмүүс болон хүн
дүрст мичнүүдийн сайн сайхан байдлыг хүндлэх
- Археологийн, чулуужсан
үлдэгдлүүд ба түүхийн баримт сэлтийн урт хугацааны хадгалалтын төлөө
ажиллах
- Нөлөөнд орсон хувь
хүмүүс болон бүлгүүдтэй идэвхтэйгээр зөвлөлдөн оролцож буй бүх талуудад ач
тустай хамтран ажиллах сайн харилцааг бий болгохыг зорих
- Судалгаа хийх ба хэвлүүлэхдээ,
эсвэл судалгааныхаа үр дүнг түгээхдээ антропологийн судлаачид хамт
ажилласан, судалсан эсвэл бусад мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан эсвэл
судалгааны үр дүнд нөлөөлөгдөж болзошгүй гэж үзсэн хүмүүсийнхээ аюулгүй
байдал, нэр хүнд, хувийн нууцыг хадгалаж хор хөнөөл учруулахгүй байх ёстой.
Амьтадтай ажилладаг антропологийн судлаачдын судалгаа нь ажилладаг амьтад
эсвэл төрөл зүйлийн аюлгүй байдал, сэтгэл зүйн амгалан тайван байдал эсвэл
амьд үлдэх байдалд хор хөнөөл учруулахгүйн төлөө байдаг чадлаараа ажиллах
ёстой.
- Антропологийн судлаачид хүлээн
авч байгаа эзэд/мэдээлэл өгөгчид нэрээ нууцлаж үлдэхийг эсвэл нэрээ
гаргахыг хүсэж байгааг урьдчилж мэдэх шаардлагатай бөгөөд тэр хүсэлтийг нь
ёсоор болгохын төлөө чармайх хэрэгтэй. Судлаачид судалгаанд оролцогчиддоо
дээрх сонголтуудаас үүдэн гарч мэдэх нөлөөнүүдийн талаар хэлэх ёстой
бөгөөд судлаачийн хүчин чармайлтаас шалтгаалахгүйгээр нэрээ нууц хэвээр нь
хадгалан үлдэх хүсэлт зөрчигдөх эсвэл нэр гарахгүй танигдахгүй байх
боломжтойг тодруулж хэлж өгөх ёстой.
- Антропологийн судлаачид судлаж
буй хүмүүсээсээ мэдээлэл өгөх, судалгааны материалыг эзэмших эсвэл хэн
үзэж болхыг хянах эсвэл судалгааны үр дүнд нөлөөлөлд автаж болзошгүй ашиг
сонирхлуудыг тодорхойлсон бүрэн хэмжээний мэдээлэлтэй зөвшөөрөл авах
хэрэгтэй. Бүрэн хэмжээний мэдээлэлтэй зөвшөөрлийн хэм хэмжээ болон хүрээ
нь төслийн мөн чанараас хамаарах бөгөөд бусад дүрмүүд, хуулиуд болон
судалгаа хийгдэж буй улс эсвэл хамт олны шаардлагаас хамааралтай гэж
ойлгогдоно. Цаашлаад бүрэн хэмжээний мэдээлэл нь хөдөлгөөнт, үргэлжилсэн
үйл явц бөгөөд төслөө зохиож байхад санаачлагдах ёстой бөгөөд судлаж
байгаа хүмүүстэй харилцан ярилцан, хэлэлцэн үргэлжлэх учиртай. Судлаачид
төслүүдэдэ нь нөлөөлөх олон янзын бүрэн хэмжээний мэдээлэллийн тухай
дүрмүүд, хуулиуд ба журмуудыг олж мэдэж дагах үүрэгтэй. Бүрэн хэмжээний
мэдээлэл нь, энэ дүрмийн зорилгын тулд, бичсэн эсвэл гарын үсэг зурсан
маягт хэрэтэй гэсэн үг биш юм. Зөвшөөрлийн чанар нь чухал болхоос хэлбэр
нь биш юм.
- Мэдээлэл өгч буй хувь хүмүүс
эсвэл хүлээн авч буй эзэдтэй ойр дотно, урт хугацааны (гэрээн дээр
үндсэлсэн харилцаа (covenant relationship) гэх мэт) харилцаа тогтоосон
антропологийн судлаачид харилцах харилцааны хил хязгаарыг болгоомжтой,
хүндэтгэлтэйгээр олж тогтоох явцдаа нээлттэй байх ба бүрэн хэмжээний
мэдээллийн зөвшөөрөлийг дагах үүрэгтэй.
- Өөрийн ажилаасаа хувийн олз үр
ашиг хүртэж болох ч антропологичид хувь хүмүүс, бүлгүүд, амьтад эсвэл
соёлын, биологийн материалыг шулж болохгүй. Тэд ажиллаж байгаа
нийгмүүдийнхээ өмнө өртэйгөө, судлаж байгаа хүмүүстээ зохих арга замаар
хариу тус хүргэх үүрэгтэйгээ ухаарах хэрэгтэй.
- Антропологийн судлаачид
ажилынхаа бүх үе шатанд ёс зүйн төвөгтэй байдалд орно гэдэг хүлээлттэй
байх ёстой бөгөөд судалгаа төлөлөвлөх, мөн тулгарч болзошгүй ёс зүйн
нэхэмжлэлүүд, мөргөлдөөнүүдийг шударгаар олж тогтоохыг оролдох
хэрэгтэй. Судалгааны төлөвлөгөө болгонд гарч болзошгүй ёс зүйн
асуудлыг хөндөн, хариулсан хэсгийг заавал оруулж өгөх хэрэгтэй.
- Антропологийн судлаачид
өөрсдийн мэргэжлийн салбар, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны бүрэн бүтэн
байдал, нэр хүндийн өмнө хариуцлага хүлээдэг. Иймд антропологийн
судлаачид шинжлэх ухааны, эрдмийн ёс зүйн ерөнхий удирдлагад захирагдана:
тэд хууран мэхлэх эсвэл санаатайгаар гуйвуулах (нотолгоог хуурамчаар
үйлдэх, үнэнийг гажуудуулах, бусдаас зөвшөөрөлгүй хуулбарлах), эсвэл
сахилгын зөрчил гаргасан тухай мэдээллийг зохих газарт нь хүргүүлхийг
зогсоох гэж оролдох, эсвэл бусдын шинжлэх ухааны/эрдмийн судалгаанд саад
хийж болохгүй.
- Антропологийн судлаачид дараачийн
үеийн судлаачдад ирээдүйд тухайн газар хээрийн судалгаа хийх боломжийг
хадгалж үлдэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй.
- Антропологичид судалгааныхаа
мөн чанар, зорилгын талаар бүх оролцогч талуудтай шударга нээлттэй байх
үүрэгтэй. Судалгааны зорилгууд, санхүүгийн эх үүсвэр, үйл ажиллагаанууд,
олдворуудаа гуйвуулж болохгүй. Антропологичид судалж байгаа хүмүүсээ ивээн
тэтгэгч, зорилго, арга зүй, бүтээгдэхүүн эсвэл ажилаас нь гарч болзошгүй
нөлөөний тал дээр хэзээ ч хууран мэхлэж болохгүй. Судалгааны зорилго ба
судлагдаж байгаа хүмүүсд учрах нөлөөг санаатайгаар гуйвуулах нь судалгааны
ёс зүйг зөрчиж байгаа тодорхой жишээ бөгөөд үүнд нууцаар судалгаа хийх ч
мөн багтана.
- Антропологийн судлаачид
ажилынхаа үр дүнг зөв зохистой хэрэглэж боломжоороо эрдэм шинжилгээний,
эрдмийн хүрээнийхэнд түгээж байх ёстой.
- Антропологийн судлаачид баримт
мэдээлэл, судалгааны бусад материалыг нь судалгааны зорилгоор нэвтэрч үзэх
гэсэн бүх боломжийн үндэслэлтэй хүсэлтүүдийг нухацтай бодолцож үзэх
хэрэгтэй. Мөн тэд хээрийн судалгааныхаа баримт сэлтийг хадгалж дараагийн
үеийнхэнд өвлүүлэн хэрэглэх боломжийг хангаж өгөхийн төлөө чармайн ажиллах
хэрэгтэй.
- Антропологийн судлаачид
судалгааныхаа үр дүнг ивээн тэтгэгчид, оюутнууд, шийдвэр гаргагчид болон
антропологич бус хүмүүст дөхөм болгох хэрэгтэй. Ингэхдээ тэд шударга байх
хэрэгтэй: тэд мэдэгдлийнхээ үнэн бодит байдлыг хариуцаад зогсохгүй тарааж
буй мэдээллийнхээ нийгэм, соёлын үр нөлөөг сайн бодож үзэх ёстой. Энэхүү
мэдээллийг бүрэн гүйцэд ойлгож, утга санааг нь сэдэвтэйгээ зөв холбож,
хариуцлагатайгаар ашиглах боломжийг бүх хүчээ дайчлан хангах ёстой. Тэд
өөрсдийн тайлангийн эмпирик үндэслэл юун дээр тогтож байгааг, өөрсдийн
мэргэшил, үзэл баримтлал эсвэл улс төрийн хандлагыг тодорхой байлгах,
антропологийн мэдлэгийн хэмжээ хязгаарыг таньж тодруулах хэрэгтэй. Мөн
түүнчлэн мэдээлэл нь судалж байгаа болон хамт ажиллаж хүмүүст нь хор
хөнөөл учруулж болзошгүйг анхаарах ёстой.
- Өөрийн улсын засгийн газар,
хүлээж авч буй улсын засгийн газар, судалгааны ивээн тэтгэгчидтэй
харилцахдаа антропологичид шударга, илэн далангүй байх хэрэгтэй.
Антропологичид мэргэжлийн хариуцлага, ёс зүйгээ эрсдэлд оруулж болохгүй
бөгөөд судалгааны зорилго, гол чиг эсвэл гарах үр дүнг гажуудуулах нөхцөл
байдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
- Антропологичид судалгааныхаа үр
дүнг тархаах ажилаас хальж өмгөөлөх байр сууринд очиж болно. Энэ нь хувь
хүний шийдвэр байх бөгөөд ёс зүйн хариуцлага биш.
- Багш/удирдагч нар хичээлийн
хөтөлбөрөө мөрдхөд хүйс, гэр бүлийн байдал, “арьс өнгө”, нийгмийн анги,
улс төрийн үзэл, хөгжлийн бэрхшээл, шашин, угсаатны байдал, үндэстний
үүсэл, бэлгийн чиг хандлага, нас болон сурлагын амжилтад нөлөөлөхгүй бусад
үзүүлэлтүүд саад тотгор болох ёсгүй.
- Багш/удирдагч нарын үүрэг бол
багшлах/сургах арга барилаа байнга сайжруулахыг хичээх, оюутан/дадлагажигч
нартаа болон тэдний ашиг сонирхолд хүртээлтэй, уриалгахан байх; ажлын
байрны боломжуудын талаар оюутан/дадлагажигч нартаа бодитоор зөвлөх;
оюутан/дадлагажигч нарын сурлагыг ухамсартайгаар удирдаж, урамшуулан,
дэмжих; дүгнэхдээ шударга, шуурхай, найдвартай байх; оюутан/дадлагажигч
нараа судалгааны санхүүжилт олж авхад нь туслах болон тэднийг мэргэжлийн
дадлагын газар хайх явцад нь туслах.
- Багш/удирдагч нар антропологийн
ажилын үе шат бүхэнд гарч ирэх ёс зүйн сорилтуудын талаар
оюутан/дадлагажигч нартаа хэлж өгөх; тэдэнд энэ болон бусад журмын талаар
сануулж байх; хамтран ажиллагсадтайгаа ёс зүйн асуудлаар харилцан яриа
үүсгэхэд дэмжих; мөн ёс зүйн хувьд учир дутагдалтай төслүүдэд ороцохоос
ятган татгалзуулах.
- Багш/удирдагч нар
оюутан/дадлагажигч нараа судалгаанд нь болон ажилын бэлтгэл явцад тусалсан
бол олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрөх; хамтран бүтээл бичсэн бол хамтран
зохиогч гэдгийг нь зүй ёсоор нь үнэлэх; чадварлаг оюутан/дадлагажигч
нарынхаа бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд нь дэмжих; мөн мэргэжилийн үйл
ажиллагаанд оролцсон оюутан/дадлагажигч нартаа шударгаар нөхөн төлбөр
олгох.
- Хэрэв оюутан/дадлагажигч
нартайгаа бэлгийн харилцаанд орвол ашигласан гэсэн, ашиг сонирхлын зөрчил
үүсэхийг багш/удирдагч нар анхаарах ёстой. Боловсрол болон мэргэжлийн
дадлагыг нь хариуцаж байгаа оюутан/дадлагажигч нартайгаа бэлгийн
харилцаанд орохоос зайлсхийх ёстой.
- Нийтлэг ёс зүйн удирдамж антропологийн
бүх ажилд хамаатай. Судалгааны төсөл өргөн барих болон ажилаа явуулахдаа
антропологичид санхүүжүүлэгчид, хамтран ажиллагчид, судалж буй болон
мэдээлэл өгч буй хүмүүс болон ажлын үр дүнд нөлөөлөгдөх хүмүүстэй зорилго,
болзошгүй нөлөө, ажлын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар нээлттэй байх
ёстой. Хэрэглээний антропологичид өөрсдийн ажлын үр дүнгүүдийг боломжийн
хугацааны дотор зохистойгоор (өөрөөр хэлбэл хэвлэн нийтлэх, хичээл,
хөтөлбөр ба бодлого боловсруулхад) ашиглах зорилгоор, ашиглахаар төлөвлөх
хэрэгтэй. Антропологийн мэдлэг хэрэглэгдэх нөхцөлд антропологичид өөрсдийн
чадварууд, зорилгуудын талаар нээлттэй, илэн далангуй байх хариуцлагыг
хүлээх бөгөөд ажлын үр дүн нь хамрагдсан бүх хүмүүст хэрхэн нөлөөлж
байгааг хянах үүрэгтэй. Антропологичид олон янзын ажилд оролцох нь бий,
ихэвчлэн өөр өөр болон заримдаа ашиг сонирхлын зөрчилтэй хувь хүмүүс болон
бүлгүүдэд нөлөө үзүүлдэг. Антропологич хүн ёс зүйн сонголтуудаа маш сайн
бодож байж хийх ёстой бөгөөд тэдгээр сонголтууд дээрээ тулгуурлаад
тодорхой таамаглалууд, баримтууд, асуудлуудыг гаргаж ирхэд бэлэн байх
ёстой.
- Ажил олгогчидтой бүх талаар
харилцахдаа антропологийн судалгаа хийхээр, антропологийн мэдлэг
хэрэглэхээр хөлслөгдсөн хүмүүс өөрсдийн мэргэшил, чадвар, зорилгуудын
талаар шударга байх хэрэгтэй. Мэргэжлийн үүрэг хүлээхээсээ өмнө ажил
олгогч болох гэж буй талынхаа зорилго, өнгөрсөн үеийн үйл ажиллагаа болон
ирээдүйн зорилгыг нягтлан үзэх ёстой. Засгийн газрын агентлагууд эсвэл
хувийн хэвшилд ажиллахдаа мэргэжлийн ёс зүйн нөхцөл байдалд эсвэл харшлах
зүйлд амлалт өгөх эсвэл хүлээн зөвшөөрч байгаа гэсэн ойлголт төрүүлэхгүй
болгоомжлох хэрэгтэй.
- Хэрэглээний антропологичид ч
гэсэн бусад антропологичдын адил судалгаа эсвэл үйл ажиллагаа явуулах
нөхцөл нь антропологийн ёс зүйг алдахад хүргэж болзошгүй аюулаас сэрэмжлэх
хэрэгтэй. Тэд зочлох ёс, сайн иргэн байх болон зочин гэсэн статусын албан
шаардлагуудыг мэдэх хэрэгтэй. Нийтийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа
болон бодлолгуудыг боловсруулах явцад идэвхтэй хувь нэмэр оруулах ба
манлайлах нь ёс зүйн хувьд нөхцөл байдлаас шалтгаалаад ямар нэгэн үйлдэл
хийхгүй байх, хөндий байх, хамтран ажиллахгүй байх явдлууд шиг зөвтгүүштэй
байх боломжтой.
- Антропологийн судалгааны үр дүн
нь ээдрээтэй ба олон янзаар тайлбарлах боломжтой байдаг бөгөөд урьдчилан
тооцоолоогүй байдлаар ашиглагдаж болзошгүй байдаг. Антропологичид
судалгаагаа болон судалгааных нь үр дүн хэрхэн дамжигдаж, түгээгдэж байгаа
нь шууд болон шууд бус оролцож буй хүмүүст хэрхэн нөлөөлж болзошгүй тухай
бодолцож үзэх ёс зүйн үүрэгтэй.
- Антропологичид судалгааныхаа үр
дүнг бусадтай хуваалцахдаа судалгаанд хамрагдсан хүмүүсээсээ нууж
болохгүй. Үр дүнг задлахгүй, хуваалцахгүй байхад тохирох онцгой болон
хязгаарлагдмал нөхцөлүүд байдаг. Тэр нь оролцогчдын аюулгүй байдал, нэр
төр, хувийн нууцыг хамгаалах, соёлын өв эсвэл биет ба биет бус соёлын
эсвэл оюуны эрхийг хамгаалахад хамааралтай.
- Антропологичид өөрсдийн ажлын
зориулалт, юунд хэрэглэгдэж болзошгүй мөн түгээгдсэнээр ямар нөлөө үзүүлэх
вэ гэдгийг цэгнэж үзээд тухайн нөхцөлд үр дүнг үзэх боломжийг хязгаарлах
болон ёс зүйд нийцэж байгаа эсэхээ шийдэх ёстой.
Sunday, May 22, 2011
Экологийн антропологи[1]
Канадын антропологчид болох Филип Карл Залцман (Philip Carl Salzman), Доналд В. Аттвүүд (Donald W. Attwood) нар маш ерөнхий утгаараа экологийн антропологи хүн болон хүний хүрээлэн буй орчин хоёрын харилцааг судалдаг гэж тодорхойлсон байна. Хүрээлэн буй орчин гэдэг ойлголтыг цааш нь задалвал хүмүүс тодорхой нэгэн бүлэг болж нэгэн соёлд хэлхэгдэн нийгэмших бөгөөд ингэхдээ газар, цаг агаар, ургаал, амьтны зүйл, хөрш зэргэлдэх бусад нийгэм, соёл зэрэгтэй бие биедээ харилцан нөлөөлөх холбоотой байдаг энэ харилцаа холбоог экологийн антропологи судалдаг. Энэ харилцааг Залцман, Аттвүүд нар хоёр талтай гэж тайлбарласны нэг нь хүмүүс орчин тойрноо мэдэж эсвэл өөрсдөө мэдэхгүйгээр өөрчлөн хувиргаж ямар нэгэн хэлбэр дүрс, хэв шинжид оруулж байдаг бол үүний эсрэг нөгөө талаас хүрээлэн буй орчин нь хүний мэдэх, мэдэхгүй янз бүрийн арга замаар хүний нийгэм, соёлд нөлөөлөн бүрэлдэн тогтнох, өөрийн хэв намбаа бий болгоход нь оролцож, улс төр, эздийн засаг нийгмийн бүхий л хэсэгт нь хамаатай болж байдаг ажээ.
Экологийн антропологичдын санал нэгдэж байдаг хэдэн зүйл санаа байдгийг Залцман, Аттвүүд нар тоочин тайлбарласан байна. Аль нэгэн нийгэм, соёл орчин тойронтойгоо бүхэлд нь биш харин тодорхой нэгэн сонгогдсон хэсэг бусагтай харилцаатай байх бөгөөд энэ харилцааг датхал буюу habitat гэдэг бол байна. Энэхүү дадал зуршил нь цаашлаад “таатай нөхцлийг” бүрдүүлдэг бөгөөд үүнийг нь niche гэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, хүний нийгэм хүрээлэн буй орчныхоо аль нэг талтай удаан харилцах үйл явц нь дадал зуршил болох бөгөөд үүний үр дүнд хүн, хүрээлэн буй орчин хоёрын харилцаанд таатай нөхцөл (niche) бий болдог гэсэн үг юм. Энэ мэтчилэн тодорхой чиглэл бүрээр дасан зохицол (adaptation) бий болох бөгөөд энэ нь тухайн соёлд, тэр дундаа аливаа зүйлийг хийж гүйцэтгэх арга ухаан (technology) дотор зохион байгуулагдсан (institutionalised) байдаг байна. Гүйцэтгэх арга ухаан дотор зохион байгуулагдсан (institutionalised in the technology) байна гэдэг нь ургамал, амьтан, цаг агаар, эрдэс бодис зэргийн тухай мэдлэг, хоол хүнс олох, орон сууц барих, хувцаслах мэтийн туршлага хуримтлуулсан байна гэсэн үг юм. Дээрхийг хураангуйлан үзвэл, “дасан зохицол” (adaptation) гэдэг бол (1) зохион байгуулалтай үйл ажиллагааны (institutionalized) (2) олон давтагдах үйл явцын үр дүнд бий болсон датхал (habitat) бөгөөд (3) энэ нь юуг хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг арга ухаан болон хүрээлэн буй орчны тухай мэдлэг туршлагыг агуулж байдаг (4) эв дүйгээ олсон таатай нөхцөл (niche) юм байна.
Хүрээлэн буй орчны тухай судалгаа бүр антропологиос өмнө анх гүн ухаан болон газар зүйд хөндөгдөж байсан бөгөөд харин антропологит бол нэлээд сүүл үед судалгааны сэдэв болон гарч ирсэн байна. Анхны антропологичид болох Британы Б.Малиновски (B.Malinowski), Радклиффе-Браун (Radcliffe-Brown), Америкийн Ф.Боас (F. Boas) нарын бүтээлд хүрээлэн буй орчны тухай асуудал шууд бус сэдлээр дурдагдаж байжээ. Харин 1960-аад оноос бие даасан антропологийн нэгэн салбар ухаан болон хөгжих үндэс сууриа тавьсан байна. Энэ үед судлаачид хүээлэн буй орчны нөлөөг судалснаар нийгмийн зан заншил, зохион байгуулалтыг тайлбарлаж болох хариулт олно гэж найдаж байсан ажээ. Энэ үеэс антропологийн янз бүрийн онолын дэг сургуулиуд хүрээлэн буй орчин хүний нийгэм хоёрын харилцааны тухай өөр өөрсдийн санааг дэвшүүлж эхэлсэн байна. Тухайлбал, (1) бүтцийн марксистууд[2] (structural Marxists) экологийн судалгааг функционализмаас (functionalism) жаахан л илүү буюу функционализмийн онол дээр хүрээлэн буй орчин, хүн хоёрын харилцааны тухай жаахан зүйл нэмснээс өөр юуч биш хэмээн үл ойшоож байсан байна. (2) Гэтэл бэлгэдлийн антропологичид (symbolic anthropologists) дасан зохицол (adaptation) гэдэг бол байгаллиг зүйл ч мөн, бас соёлын зүйл ч мөн юм гэж үзжээ. Түүнчлэн хүрээлэн буй орчноос таатай зохимжтой нөхцөл байдлыг сонгон авч дасан зохицолоо бэлгэдэлээр нийгэмшүүлж энэ хоёр нь цаашдаа тухайн нийгмийн экосистем (ecosystem) буюу экологи, нийгэм хоёрын харилцааны тогтолцоог бүрэлдүүлэн бий болгодог гэж үзсэн байна. Залцман (Salzman), Аттвүүд (Attwood) нарын ишлэн авсан энэ онолоо цаашид нарийн тайлбарлалгүй хураангуй чигээр нь орхисон нь түүний утга санааг бүрхэг хэвээр үлдээжээ. Миний санахад бэлдэлийн антропологичдын (symbolic anthropologists) ерөнхий онолоос мөшгин тайлбарлаж болохоор байна. Тэд соёлыг бэлгэдэл хэмээн тодорхойлдгоос ургуулан бодвол дээр дурдсан дасан зохицолыг соёл гэж үзэж байгаа нь дасан зохицолыг бас бэлгэдэл гэж үзэж байгаа хэрэг болно. Хэрвээ ингэж үзэж байгаа бол учир зүйн хувьдаа дасан зохиоцол нь бэлгэдэлийг бий болгож байна уу эсвэл бэлгэдэл нь дасан зохицолыг бий болгож байна уу гэсэн асуулт мөн л хариултгүй үлдээд байна. (3) Харин дэлхийн тогтолцооны (world system) болон эдийн засгийн улс төрийн (political economy) онолчид экосистемийг зөвхөн орон нутгийн хэмжээнд анхааран судлаад дэлхийн хэмжээнд авч үзэгүй байгааг шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, аль нэгэн тодорхой нэгэн нийгэм, соёл дахь хүн түүний хүрээлэн буй орчныг судлаад түүнийгээ дэлхийн хэмжээнд байгаа бусад төстэй тохиолдлуудтай нь харьцуулсан өргөн хэмжээний судалгаа хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл юм. Экологи гэдэг нь нэгэнт байгальтай ихээхэн холбоотой учир түүний тухай судалгааг дэлхийн энд тохиолдох төстэй нөхцөл байдлудтай нь харьцуулан судлах нь илүү үнэмшилтэй бас зөв зүйтэй шийдэл гэдэг нь тодорхой юм.
Экологийн угсаатны зүй (Ecogical Ethnography)
Энэ хэсэгтээ Залцман, Аттвүүд нар янз бүрийн аж ахуйн хэвшилтэй нийгмүүд янд бүрийн экологийн нөхцөлд хэрхэн дасан зохицож цаашлаад энэ нь тэдний нийгэм, улс төрийн тогтолцоонд хэрхэн нөлөлж байгаа тухай өгүүлжээ. Экологийн дасан зохицолын (adaptation) хамгийн томоохон амьдралын хэвшил нь нүүдэллэх ёс юм. Нүүж аж төрнө гэдэг энгийн утгаасаа байгаль, газар зүй, цаг агаарын онцлог зэргээс хамааран ая тухтай нутаг сэлгэн нүүдэллэдэг нь илэрхий юм. Анчин-түүвэрчин (hunter-gatherer), малчин (pastoral) аль ч нийгэмд, ан гөрөө, ус ургамал, бэлчээр эрэлхийлэн нүүж дассан байхын сацуу багаж хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа, орон сууц зэрэг нь ч энэ байдалдаа зоцсон байдаг. Хүмүүсийн бүлэглэлийн зохион байгуулалт ч мөн энэ байдалдаа зохицсон энгийн, чөлөөтэй салж, нийлж болохуйц жижиг жижиг бүлгүүд болдог байна. Энэхүү бүлэг болох талаасаа ч, нүүдэллэдэг талаасаа ч хөдөлгөөнт байдаг нь тэдний улс төрийн (politics) хэв шинжийг нь тодорхойлж өгөх сэжим нь болдог ажээ. Хөдөлгөөнтэй байдал нь ус, бэлчээр, ан агнуурын эх сурвалжийг монополчилон захирах болон бусад албадлагын (coercion) зүйлсийн боломжийг, бас удирдагч сонгох, шийдвэр гаргах зэрэгт харилцан зөвшилцөлийн (consensual) зарчмийг бий болгодог байна. Улс төр (politics) төдийгүй нийгмийн бусад тал тухайлбал, хүн ам зүйд (demography) ч мөн нөлөөтэй ажээ. Хойд мөсөн далайн Инүитүүд (Inuit) охин хүүхдийг хөнөх (infanticide) заншилтай байдаг нь хүйсийн тэнцвэрийг адгалах зорилготой байдаг байна. Тэнд ан гөрөө хийдэг эрчүүд нь ихээхэн эрсдэж амь алдаж тохиолдол их байдаг бөгөөд энэ нь анчин цөөн тэжээлгэгч олон болох цаашлаад хүнс тэжээл хомсдох аюул дагуулдаг учир охин хүхдийг хөнөөж энэ тоог тэнцвэржүүлдэг гэж тайлбарлажээ. Энэ мэтийн жишээ баримт ураг төрлийн антропологит ч их байдаг бөгөөд өөр олон соёлд энэ тохиолдлын өөр нэгэн зохицуулалт нь олон эхнэр авах, эсвэл нөхөр авах байдаг.
Түүнчлэн шашин шүтлэгт ч мөн адил экологийн нөлөө байдаг гээд Энэтхэгийн үхэр шүтэх ёсыг жишээ болгон авсан байна. Энэтхэгчүүд үхрийг дээдлэн шүтдэг тул үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэггүй. Үүнийг Харрис (Harris 1979: 242-253)[3] тэдний үхрийн мах хүнсэндээ хэрэглэхгүй байна гэдэг бол үхрийн хүчийг бусад зүйлд ашиглах боломжийг нээж өгдөг тухайлбал, тэд газар тарилан хөгжүүлэх, сүү цагаан идээний ашиг шимийг дээшлүүлдэг гэж тайлбарлажээ.
Залцман (Salzman), Атвүүд (Attwood) нарын дэвшүүлсэн нэгэн шүүмж бол анчин, түүвэрчин, малчин гэсэн ерөнхий нэр томъёонууд болон энэ нэр томъёоны дор ерөнхийлөн анчин бол хаа ч адилхан мэт хандах байдал юм. Харин тэднийүзэж байгаагаар бол экологийн нөхцөл байдал бүрэс хамааран анчин л гэхэд зөвхөн анчн байдаггүй өөр бас юуч байж болох бөгөөд ингэж үзвэл эдний зөвхөн анчин хэмээн хязгаарлах нь бодтой бус хандлага гэж шүүмжилжээ. Гэтэл бодит байдал дээрээ анчин бол зөвхөн анчин байдаггүй бас түүвэрчин (gatherer), тариачин, ашигт малтмал малтагч (mining), худалдаачин байх жишээтэй. Энэхүү олонлогит байдал нь зүгээр нэг нийгмийн байдал төдийхөн биш экологийн зохицолдолгоо байдаг байна. Ингэж үзвэл хүмүүс хүрээлэн буй орчныхоо ганц онцлогоос биш харин бусад бүх л боломжит нөхцлөөс аж амьдралаа өрнүүлэн авч явдаг байна.
[1] Энэ хэсгийг доорх бүтээлээс тоймлон бичив.
Salzman, Philip Carl. & Attwood, Donald W. 1996. Ecologocal Anthropology. In Alan Barnard and Jonathan Spencer (eds.) Encyclopedia of Social and Cultural Anthropology.
[2] Бүтцийн онолыг баримталдаг марксист үзэлтнүүд.
[3] Harris, M. 1979. Cultural Materialism: Struggle for a Science of Culture. New-York: Random House.
Sunday, May 15, 2011
Эдийн засгийн антропологийн тодорхойлолт, түүхэн тойм
Америкийн антропологич Стуарт Платтнерийн (Stuart Plattner) эмхэтгэн найруулсан Эдийн засгийн антропологи (Economic Anthropology) хэмээх бүтээл анх 1989 онд хэвлэгдсэнээсээ хойш олон улсын их дээд сургуулиудын эдийн засгийн антропологийн тулгуур гарын авлага болж 1994 оноос 2000 оныг хүртэл жил бүр дарааллан дахин хэвлэгджээ. Платтнер энэ бүтээлдээ 1950-аад оноос хойш эдийн засгийн антропологи эхлэн хөгжсөн гэж үзвэл тэр цагаас хойш тулгуур бүтээлүүд болон орчин үеийн асуудлуудынх нь хамт эмхэтгэн бүтээлдээ хамруулахыг оролдсон байна.
Судалгааны хүрээ. Судлагдахууны хүрээ царааг нь Платтнер Африкийн Бушмен (Bushman) овгийн ан гөрөөөөс эхлээд том хотын зах зээл, олон улсын зах зээл дээрх ханшийн өөрчлөлт Мексикийн тариачдын аж амьдралд ямар өөрчлөлт ав ирдэг, том хотын зах зээлд хүнсний ногоо хаанаас авч хэрхэн худалдаалах гэхчилэн олон зүйлийн асуудлыг хамардаг гэж тодорхойлсон нь товчоор хэлбэл эдийн засгийн антропологи хүний нийгэм соёл дахь хүнсээ олж авах хамгийн энгийнээс хамгийн нарийн төвөгтэй олон улсын эдийн засаг хүртэлх өргөн агуулгыг судалдаг гэсэн үг юм.
Түүхэн үүсвэр. Эдийн засгийн антропологийн үүсэл гарлыг бүр эртний аялагчид, колоничлогдчид, эрдэмтэдийн европын бус хүмүүсийн эдийн засаг аж ахуйн тухай бичиж үлдээсэн зүйлсийг эдийн засгийн антропологийн анхны эх үндэс болсон гэж үзжээ. Харин 1950-1960-аад оноос дүр төрхөө олж бие даасан антропологийн доторх нэгэн салбар ухаан болон төлөвшиж эхэлжээ.
Тодорхойлолт. Платтнер эдийн засгийн антропологийг нэлээд хялбар, ойлгомжтой тодорхойлжээ. Тэрээр эдийн засгийн антропологийн түлхүүр үг болох эдийн засаг, антропологи, угсаатны зүй (ethnography) гэсэн гурван үгийн холбоог ашиглажээ. Ингээд “эдийн засгийн байгууламжийг (institution) угсаатны зүйн хэв маягаар антропологит судлахыг эдийн засгийн антропологи” (Plattner 2000: 1) гэж тодорхойлсон байна. Цааш нь тэрээр энэ гурван түлхүүр үгээ ямар утгатай олохыг задлан тайлбарлажээ.
Түүний тодорхойлолт ёсоор бол эдийн засгийн антропологи бол нэгд антропологи юм гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, антропологи гэдэг хүний нийгэм, соёлыг бүхэл цогц (holistic) байдлаар нь судалдаг ухаан бөгөөд энэ утгаараа эдийн засаг гэдэг энэ цогцын салшгүй нэгэн хэсэг тул антропологийн нэгэн салбар болох нь тодорхой юм. Нэгэнтээ эдийн засгийн антропологи антропологийн салшгүй хэсэг юм бол энэ учир зүйн хэлхээгээрэй бас угсаатны зүй (ethnography) болж таарна. Антропологийн судалгааны гол арга зарчим нь нэгэн нийгэм, соёлд урт хугацаагаар биечлэн судалгаа хийж тайлан тайлбарласан эрдэм шинжилгээний ажил бичдэг нь угсаатны зүй болдог. Эдийн засийн судалгаа ч мөн л энэ жишгээр бий болдог тул түүний бас нэгэн онцлог шинж нь угсаатны зүй (ethnography) болох нь зүйн хэрэг юм. Эдийн засгийн антропологийн Платтнерийн (Plattner) дурдсан дараагийн онцлог нь “эдийн засгийн шинж чанар” юм.
Эдийн засаг ба Эдийн засгийн антропологи
Эдийн засгийн антропологоос гадна эдийн засгийн ухаанд эдийн засаг (economics) гэдэг ойлголтыг олон янзаар тодорхойлсон байх боловч мөрдлөгө болсон ерөнхий зүйл байдаг байна. Платтнерийн эмхэтгэн цомносноор бол эдийн засаг судлал гэдэг нь [нэгд], солилцооны үйл явц, [хоёрт], өргөн хэрэглээний бараа бүээгдэхүүн боловсруулж түүнийг хэрэгцээнийх нь дагуу олон нийтийн хүртээл болгох, [гуравт], хүмүүс аж амьдралынхаа хэрэгцээг хэрхэн хангадаг, дөрөвт, эд хөрөнгө (wealth) зэрэг олон салаа салбар ухагдахуунуудыг судалдаг ухааныг хэлдэг гэжээ. Энэ тодорхойлолт эдийн засгийн антропологит хэрхэн тохиромжтой эсвэл тохиромжгүй талаар Платтнер юм дурдаагүй өнгөрсөн нь магадгүй эдийн засаг хэмээгчийн тодорхойлолт энэ түвшинд энэ хоёр салбар ухаанд зөрчилдөх зүйлгүй гэж үзсэнийх бололтой. Харин үүнэс цаашлаад ирэхлээр эдийн засгийн ухааны, эдийн засгийн антропологи хоёр хэрхэн зөрчилдөж байгааг тоочин тайлбарласан байна.
Нэн тэргүүнээ тэрээр норматив онол (normative theory) болон дүслэлийн онол (descriptive theory) хоёрын ялгаан дээр үндэслэн эдийн засгийн ухаан эдийн засгийн антропологи хоёрын ялгааг тайлбарлажээ. Платтнерийн тайлбарласнаарбол микро эдийн засагт хүний үйл ажилагааг эийн засгийн аль нэг тогтсон онлоор тайлбарлах буюу эдийн засгийн ашигтай алхам хийхэд яах ёстойг тэдгээр онол зааж өгч байдаг байна. Үүнийг норматив буюу урьдчилан заасан (prescriptive) онол гэдэг ажээ. Энэ бол товчхондоо онолоор практик нь удирдуулж, замчлуулж явна гэсэн санаа юм. Харин үүний яг эсэргээр эдийн засгийн антропологит дүрслэлийн онол (descriptive theory) хэрэглэдэг байна. Энэ бол хүний үйл ажиллагааг задлан шинжилж тэндээсээ онол гаргаж авахыг хэлдэг (Plattner 2000: 6). Энэ мэтчилэн эдийн засгийн онол сэтгэлгээг эдийн засгийн антропологит өрвүүлэн авч хэрэглэхэд нэлээд бэрхшээл тулгардаг гэж Платтнер жишээлэн үзсэн нь түүний эдийн засаг болон эдийн засгийн антропологийн гол ялгаануудыг тайлбарлах нэгэн ёсны индэр болсон байна. Түүний үзлээр бол энэ хоёр салбар ухааны гол ялгаа нь эдийн засгийн ухаан капиталист, аж үйлдвэржсэн нийгмийг тайлбарлахад гол анхаарлаа төвлөрүүлсэнээс болсон байна. Энэ утгаараа эдийн засгийн ухааныг зөвхөн капиталист, аж үйлдвэрийн нийгмийн эдийн засгийн ухаан болон төлөвшсөн байна. Ингэж үзвэл, эдийн засгийн ухааны олонх онол арга зүй, чиг баримжаа аж үйлдвэржээгүй, капиталист бус нийгэм соёлыг тайлбарлахад зохимжгүй болж таарна. Үүний яг эсэргэр антропологи анхнаасаа аж үйлдвэржээгүй, капиталист бус нийгмийг судалсан нь эдин засгийн ухаанаас ялгарах гол онцлог шинж нь болно. Платтнерийн авсан жишээнүүдийг эмхлэн цомнож энэ ялгааг тодруулвал эдийн засгийн ухаанд цэвэр эдийн засаг гэдэг ойлголт нь давамгайлж нийгмийн бусад хүчин зүйлүүдийг чухалчлан үзэхгүй байх тал ажиглагддаг байна. Ингээд Платтнер Маяа индианчуудын газар тариалан түүнтэй холбоотой эдийн засгийн асуудал шашны асудалтайгаа нягт холбоотой байдгийг жишээ болгон тайлбарлажээ. Тэдний хувьд газар тариалангийн мэргэжилтэн авч ирэн ургацаа хэрхэн нэмэгдүүлэхэд мөнгө зарснаас илүү онгон шүтээндээ “ном уншуулж” (prayer) засал хийлгэх нь илүү утга төгөлдөр эдийн засгийн бодит зардал болдог байна. Энэ мэтчилэн эдийн засагт ажилчин, ажилчин хөлслөгч хоёрын харьцааг зөвхөн энэ утгаар нь л харах бөгөөд ажилчин, ажилчин хөлслөгч хоёрроос өөр юу ч биш юм шигээр “зөвхөн цэвэр эдийн засгийн” гэж хязгаарладаг гэж Платтнер шүүмжилжээ. Гэтэл антропологит авч үзэж байгаагаар бол тэдний харилцаа улс төрийн, ураг төрлийн, нөхөр-дайсан эсвэл ах-дүүс гэсэн ямарч дам харилцаа холбоо байж болно гэж үздэг төдийгүй ийм байх нь зөвхөн эдийн засгийн антропологит байгаа үэл суртал төдийхөн биш харин хүний нийгэм, соёлын мөн чанар, бодот амьдрал мөн болохыг антропологи нотолдог.
[1] Энэхүү хэсгийг доорх бүтээлээс тоймлон бичив.
Plattner, Stuart. 2000 [1989]. Introduction. In Economic Anthropology.
Sunday, May 8, 2011
Ураг төрлийн антропологи
Антропологит ураг төрөл гэдэг нь соёлын, түүхийн гарал угсаа, аль эсвэл биологийн үе удмын үүслийг нэрлэсэн харилцаа байдаг. Магадгүй энэ тодорхойлолт хэт ерөнхий мэт санагдах болов уу. Тэгвэл антропологит ураг төрлийн тогтолцоонд юу юуг багтааж авч үздэгийг ажиглавал энэ бүдэг байдал бага зэрэг тодрох байх. Ураг төрлийн тогтолцоонд хүмүүсийн ураг удам, бусадтай төрөл садан болсон харилцаа, гэрлэлт, биологийн “дадал”, гэр бүлийн гишүүдийн үүрэг, зэрэглэл, өв залгамжлал гэх мэт маш өргөн хүрээг хамруулан авч үздэг. Дээрх бүх харилцаа соёл нийгэм болгонд харилцан адилгүй байдаг гэж болно. Тухайлбал Монголчуудын гэр бүл болох заншилд бэр нь инжтэй, хүргэн нь сүй бэлэгтэй байдаг бол Энэтхэгт бэр болох хүн нь их хэмжээний инж өгч байх жишээтэй. Зарим нийгэмд эрэгтэйчүүд нь “гэр зуурын” ажил хийж, нүүр амаа будаж байхад эмэгтэйчүүд нь ан хийдэг. Гэтэл ихэнх нийгэмд эмэгтэйчүүд нь “гэр зуурын” ажлаа хийж, эрчүүд нь ан гөрөө, бусад “гадуурх ажлаа” хийж байдаг. Мөн соёл нийгэм бүрт гэр доторх ах дүү, ээж аавын байр суурийн зэрэглэл байдаг, түүнчлэн хүүхэдтэй эмэгтэй, хүүхэдгүй эмэгтэй хоёрын байр суурийн ялгаа, ахмадаа хүндлэх дүүмэд хүмүүсийн хүндэтгэл зэрэг нь ураг төрлийн судалгааны судлагдахуун болдог юм.
Ураг төрлийн энэхүү харилцаан дээр маш олон нийгмийн бүтэц суурьлагдаж байдаг. Тийм ч учраас аливаа нийгмийг бүхэллэг цогц байдлаар авч судлахыг зорьдог антропологийн хувьд энэ салбар нь ихээхэн чухал байдаг гэж болно. Энэ судалгааны үндсийг магадгүй Л.Х.Морган Ирокиз индаинчуудын дунд хийсэн хээрийн шинжилгээний ажлаараа тавьсан. Тэрээр Systems of Consanguinity and Affinity of the Human Family хэмээх 1871 оны бүтээлдээ ураг төрлийн зарим нэр томъёог санал болгож тэр дундаа ураг төрлийн тогтолцоо гэсэн санааг гаргаж ирэн, зарим ураг төрлийн тогтолцоог ангилах гэж оролдсон байдаг. Түүний “ураг төрлийн тогтолцоо” гэсэн санаа XX эхэн үе хүртэл антропологит нөлөөтэй хэвээр байсан юм. XX зууны дунд үеэс буюу тодорхой хэлбэл 1949 онд Ж.Мердокийн хэдэн зуун нийгэм соёлын ураг төрлийн тогтолцоог харьцуулан судалсан судалгаа гарч, түгээмэл ураг төрлийн тогтолцоог хайх санаа дэвшүүлж байв. Энэ судалгааны үр дүнд цөм гэр бүл (nuclear family), өргөтгөсөн гэр бүл (extended family) хэмээсэн ангилал гарч ирсэн гэж болно. Цөм гэр бүл нь гэр бүлийнхээ ойр төрлийн садан ураг буюу аав ээж, ах дүү гэх мэт нэгээс хоёрдугаар үеийн төрөл дээр төвлөрдөг бол өргөтгөсөн гэр бүл нь түүнээс цааших төрлүүд дээрээ бас төвлөрдөг гэсэн санаа юм. Мөн энэ үед К.Леви-Строссын ураг төрлийн анхны хэлбэр санаа нь гэрлэлтийн харилцаа нь “солилцооны төлөв” байдаг гэсэн гаргалгаанд хүрч байв.
Британы антропологит ураг төрөл нь хувь бодгалиудын харилцааны сүлжээ байдаг гэсэн санаа аль эрт Радклифф-Брауны бүтээлд ажиглагддаг. Түүнээс хойш В.Түрнер, М.Глүкман нар аливаа нийгэм, хот, хүй бүлэг, нийтлэг дэх идэвхитэй сүлжээний харилцааны талаар бичиж байсан байдаг.
Бэлэгдэлийн ураг төрлийн судалгааг эхлүүлсэн хүн бол магадгүй Д.Шнейдер байх. Ер нь түүнээс өмнөх ураг төрлийн судалгаанд ураг төрөл дэх нийгмийн болон биологийн шинж чанарыг судалж байсанг тэрээр шүүмжилсэн байдаг гэж болно. Энэ бүхний эсрэг тэрээр аливаа нийгэмд ураг төрлийн нийгмийн шинж чанар нь биологийнхоосоо их байдаг гэсэн санааг гаргаж, судлаачид одоо ураг төрлийн судалгаа хийхдээ түүнийг биологийн бус нийгмийн талаас нь харах ёстой хэмээн тодорхой баримт гаргасан байдаг. Энэ бүх ажлыг нь Ж.Карстен өндрөөр үнэлж шинэ ураг төрлийн судалгааг үндэслэгч хэмээн түүнийг магтсан байдаг төдийгүй энэ санаан дээр тулгуурлан “харилцаанууд” гэсэн санааг гаргаж иржээ. Энэ “харилцаанууд” гэсэн үг нь ураг төрөл гэсэн үгийг төлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол ураг төрөл нь төрөл бүрийн харилцаанууд болж байгаа бололтой.
Энэ бүхний эцэст дүгнэлт хийхэд ураг төрлийн судалгаа Л.Х.Морганаас эхэлж аливаа нийгэм соёл дэх ураг төрлийн тогтолцоог бүртгэх, цуглуулах хандлагатай байсанаа, XX зууны эхэн, дунд үеэс ураг төрлийн тогтолцооны гүнд нэвтрэх, онол бүтээх хандлага ноёрхож байсан нь Ж.Мердок, К.Леви-Строссын санаануудаас харагдаж байгаа болов уу. Улмаар 1970-аад оноос ураг төрлийн судалгаанд биологийн бус нийгмийн шинжийг нь голлон судлах хандлага түлхүү хөгжих болж, ураг төрлийг бүхэлд нь харилцаа гэж тодорхойлход хүргэсэн байна. Үнэхээр ч орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшил бидний биологийн гэж боддог бодлуудыг нийгмийн шинжтэй болгож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал хувилж гаргасан Долли хонь, колон хүүхдийн санаа гэх мэт нь үүнд итгэх хүчтэй шалтгаан болж байгааг ухамсартай тунгаах хэрэгтэй болж байна
Monday, April 11, 2011
ШАШНЫ АНТРОПОЛОГИ
Нийгэм-соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд, түүний харилцаа холбоог тухайн болон бусад нийгмийн байгуулал, бүтэцтэй харьцуулан соёл дамнасан судалгаа хийдэг гэж болно. Энгийн үгээр бол хүний нийгэм соёл гэдэг нь бие биенээс нь салгаж тасдаж аваад судлаад байдаг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бус харин ч бие биеэтэй нь нягт уялдаа холбоотой авч судлах ёстой бүтэцүүдтэй байдаг. Ийм тул шашны антропологи нь аль нэг нийгмийн шашинг судлахдаа уг нийгмийнх нь бусад хэсгүүдтэй ч харьцуулан судалдаг гэсэн үг. Тэгвэл эл салбар ухаан шашин судлал хэмээх ухаанаас ямар ялгаа зааг болон ижил талтай юм гэсэн асуулт хэн бүхэнд төрнө. Энэ бүхэн хариулах гэж өөрийн хэрээр хичээе. Шашны антропологи нь антропологийн үндсэн суурь зарчимын нэг болон орчин үеийн бус эгэл нийгмүүдэд анхааралаа голдуу хандуулж, эгэл шашны хэлбэрүүд болон гадны сонин гаж үзэгдэлд анхаарч ирсэн байдаг нь карго культ, дом шившлэг, анимизм, тотемизмын судалгаанаас нь харагддаг. Гэхдээ энэ нь сүүлийн үеийн юм уу, орчин үежсэн нийгмүүдийн шашинг судалдаггүй гэсэн үг билээ. Харин шашин судлал нь ихэнхдээ өнөө үеийнхээ буюу судлаач амьдарч байгаа үеийнхээ шашны үйл явцыг болон тогтсон томоохон шашнуудад анхаарсан байх нь их. Ийм ч учраас Буддын, Христын, Лалын гэх мэт тотоохон шашинг судалсан судалгаа голдуу шашин судлалд хамаарч байдаг бол Бөө болон сонин гаж, хүрээ хэмжээ жижиг шүтлэгийн талаарх судалгааг ихэнхдээ антропологичид хийсэн байдаг. Гэхдээ заавал ийм ялгаа заагтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй, антропологич хүн ч Христын шашинг судалж болохтой адил шашин судлаач ч хүрээ цар жижиг шүтлэг мөргөлийн тухай анхаарч болно. Миний хэлээд байгаа энэ санаа нь дээрх хоёр ухааны адил болон зөрөөтэй талын аль альнийх нэг жишээ юм. Мөн шашны антропологи хүмүүсийн шүтээд байгаа шашин нь нийгэм болон тухайн хүндээ ямар нөлөө үзүүлж, ямархуу хүн, нийгмийг бий болгоод байгааг нь анхаардаг, шүтэгч итгэгч хүнээр нь дамжуулан уг шашинг судалдаг билээ. Жишээлбэл намайг оюутан байхад манай ангийн Б.Удвал “Бөөгийн эдийн засгийн амьдрал” сэдэвтэй судалгаа хийж байсан бөгөөд түүндээ хэн нэгэн хүн бөө болохдоо зарцуулдаг мөнгө, хөрөнгийг задлан шинжилсэн нь эл ухааны онцлогийг харуулсан хэрэг байсан. Гэтэл шашин судлал энэ мэт судалгааг хийхээсээ илүү шашны сургаал, түүний үзэл санаанд анхаарах нь их байдаг төдийгүй хүнээс нь бус нийгмийн бүтцээс нь хүн рүү нь хандсан судалгааг хийж байдаг.
Шашны антропологийн маяг загвартай судалгаа аль эртнээс хийгдэж байсан аж. Тухайлбал, XI зууны үеийн Арабын эрдэмтэд Дундад Ази болон Газар дундын тэнгис ялангуяа Энэтхэгийн шашны тухай өнөөгийн антропологичдын адил харьцуулан нэлээд гүнзгий нарийн судалгааг тэмдэглэн үлдээжээ. Тэдний Энэтхэгийн шашин шүтлэг, ёс заншилийн талаарх нэлээд өргөн, шинжилгээ нь магадгүй шашны антропологийн шашны харьцуулсан судалгааны эхлэл байсан болов уу. Энэ тухай ч зарим эрдэмтэд эртний энэ харьцуулсан хандлага өнөө үеийг хүртэл маш ховор байсан төдийгүй шашны судалгааны арга зүйд авч ашиглах шилдэг эх сурвалж болсон юм хэмээн бичиж байв. Дээрх соёл дамнасан харьцуулсан судалгаа хожмын Исламын ертөнцөд ч уламжлан бидний сайн мэдэх Иби-Халдуний (Ibn Khaldun) үед ирсэн байдаг. Улмаар энэ арга зүй Л.Морган, Э.Тайлор, Ж.Фрейзер нарын томоохон судалгаануудын хөтөч болж бидний үед иржээ.
Магадгүй шашны антропологийн гол маргаантай асуудал бол шашныг өөрийг нь тодорхойлох байж болох юм. Олонх антропологичид бөө мөргөл болон өвөг дээдсээ шүтэх шүтлэгийн хэлбэрүүдийг анхаарч үзээд шашинд сүнс, онгод дом шившлэгийн хэрэглээ, ер бусын хүчний хяналт, үл мэдэгдэх болон ирээдүйг тайлбарлах тайлбар, ид шидийн мэдлэг, зан үйлийн тоглолт, мөргөл, тахил өргөл, ер бусын хүчний төлөөлөгч гэх мэт маш олон зүйл багтсан байдаг хэмээн итгэж байна. К.Геерцийн бичсэнээр бол шашин нь (1) бэлгэдлийн тогтолцоо (2) хүчирхэг байдлыг бий болгох үйл явц (3) оршин байхын ерөнхий дэг жаягын ойлголтыг томъёологч (4) увьдас шидийн ойлголтын нөмрөг (5) сэтгэл санаа болон дур сонирхолын ганц бодит байдал мэт санагддаг.
Өнөөгийн барууны соёлд шашин гэдэг нь нэг тэнгэрийг шүтэх үзэл болон ёс суртахууны дэг жаягтай адил утгаар ойлгогдож байна. Ёс суртахуун нь Буддизм, Хиндуизмийн давхацсан итгэл бишрэлээс нэг тэнгэрийг шүтэх үзлийг чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл өрнийхөн эртнээс олон тэнгэрт нэг зэрэг итгэх явдалыг ташааж үзэхгүй байсан бол дорно зүгт бол байдал өөр олон тэнгэрт нэг зэрэг сүслэж байсан, байсаар ч байна. Энэ бүх шашин шүтлэгийн хэлбэрийг А.Валласе дөрвөн ангилалыг санал болгосон байдаг. Эдгээр нь:
1. Хувь бодгалийн: (Individualistic) илүү суурь шинжтэй, хамгийн энгийн. Тухайлбал, Уугуул Америкчуудын соёлд байх даваа давах ёслол г.м
2. Бөөгийн: (Shamanistic) шашнаа эдгээх анагаах, эмчлэгч маягаар ашигладаг, мэргэ төлөгтэй. Онгодтой, анагаагч, алганы хээ уншигч гэсэн зэрэглэлтэй.
3. Нийтийн: (Communal) уламжлагдан ямар нэг овогт ирсэн зохион байгуулалттай хүмүүсийн бүлэг, зарим нийтлэгийн шашин, өвөг дээдсийн шүтлэг үүнд багтана.
4. Сүм хийдийн: (Ecclesiastical) дээрх гурвыгаа багтаасан, нэлээд цуглуулага, холимог маягтай.
Friday, February 25, 2011
ЭКОЛОГИЙН АНТРОПОЛОГИ
Энэ бүх шүүмжлэлийг даван гарах хэрэгтэй гэвэл экологийн антропологи, улс төрийн экологи, хүрээлэн буй орчны антропологийн мэдлэгийг ашиглах хэрэгтэй болох байх аа. Хэдий ийм ч эл салбар судалгаа антропологийн судалгаа төдийгүй бусад судалгаанд өргөн ишлэгдэх болж, энэ салбарын судалгаа шинжилгээ хийгчдийн тоо нэмэгдсээр байгааг бас хэлэлгүй орхиж болохгүй нь ээ.
Tuesday, February 1, 2011
НИЙГМИЙН АНТРОПОЛОГИ
Thursday, January 20, 2011
УЛС ТӨРИЙН АНТРОПОЛОГИ
ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ
Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул ( Миньзу Их Сургууль, Ант...
-
Орчуулсан: Өвөр Монголын Их Сургуулийн магистрант Ч.Мөнхтуул Булаг багшийн нэгэн яриаг хүргэж байна. Уг яриандаа голлон тайлбарлаж буй М...