Sunday, July 31, 2011

Дэврүүн, үйл гүйцэлдэх үзэлтэй залуу болохгүй юмсан даа

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэгэн удаагийн ярилцлага дээрээ “өнөөдөр хоёр төрлийн залуус байна. Нэг хэсэг нь их амбицтай, нийгмийн идэвхи сайтай юм шиг харагддаг хэрнээ хувийн үзэл бодол байр суурь байхгүй. Костюм өмсөж, үсээ гельдээд хавтас сугавчилсан эдгээр залуус “Энэ ахад сайн туслаад үгэнд нь ороод явах юм бол би хожим төрийн албан хаагч, том дарга болж болох юм байна” гэдэг итгэл үнэмшилтэй. Хоёр дахь хэсгийн залуус нь их мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүгээрээ биеэ тоосон, бүх зүйлийг хөндлөнгөөс хардаг. Эхний хэсгийн залуустай харьцуулахад нийгэмд маш их зүйл бүтээдэг боловч тэр нь үнэлэгддэггүй. Дарга нарт туслаад гүйгээд байгаа хэсэг нь бол үнэлэгдээд байгаа шүү дээ. Тийм учраас хоёр дахь хэсгийн залуусыг илүү амбицтай болгох шаардлага байгаа” гэсэн байдаг.
Ерөнхий тойм байдлаараа их аятайхан ангилал байгаа юм. Гэхдээ миний бодоход энэ байтугай байдлаар залуусыг ангилж болмоор юм шиг санагдаад байдаг юм. Жишээ нь мэдлэг чадвар, хэл ус сайтай хирнээ зүгээр л байгаад байдаг ямар ч амбицгүй залуус байна. Их сайндаа УИХ-ын гишүүний туслах, нэг захиралын цай зөөгч хийнэ. Тэгээд л болоо. Том дарга, сайд ах эгчийн дүү залуус байна. Ажил дээрээ янз бүрийн онигоо яриад л кофе уугаад л суугаад байна. Мөн нэг ажилтай болсон бол болоо гэж бодоод л зүгээр л байгаад байдаг тоглоом тоглож, facebook, e-mail-ээ шалгахаас өөр юм хийдэггүй залуус бас байна. Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, нэг л их сүрхий царайтай явж байдаг над шиг нөхдүүд ч бас байна. Өө бүр мундаг ажиллаж байгаа салбартаа цахиур хагалж яваа залуус ч бас буй.
Гэхдээ энэ олон залуусын дийлэнх олонд нь “улс эх орноо хөгжүүлэх” гэсэн дэврүүн, үл гүйцэлдэх үзэл байдаг юм шиг санагдаад байдын. Зүгээр л санагддаг юм шүү. Янз бүрийн судалгаагаар баталгаажаагүй мэдээлэл шүү. Оюутнуудаар “Бидний бахархал” гэсэн эссе бичүүлэхэд “би түүхээрээ бахархаж байна. Эх орноороо бахархаж байна. Улс эх орноо хөгжүүлнэ ээ” гэх мэтээр авч өгсөн л байдаг юм. Үнэндээ энэ “эх орноо хөгжүүлэх” гэсэн бодол бол социализмийн үеийн л хий хоосон лоозон юм шиг байгаа юм. Тэр нь одоо болтол арилаагүй байгаа байх. Залуус юугаараа яаж эх ороноо хөгжүүлэх юм. Өөрсдөө солиод өмсчих оймсоо ч авч чадахгүй байж. Цэнддоогийн хэлсээр” залуус эрдэм сурч байгаа гэж жигтэйхээн. Аавынхаа өгсөн мөнгөөр костюмаа авч өсчихөөд мөнгө олох ямар амархан тухай лекц уншиж байх юм” бишүү. Ахмад хүмүүс ч гэсэн дээ “залуу хүн хийх хэрэгтэй, залуу насандаа хий, залуу хүн байж, чам шиг залуу байсан бол...”. Энэ үгэнд нь ч гэсэн залуус итгэдэг юм шиг байгаа юм. Баабарын хэлсэн шиг “оймсныхоо цоорхойг нөхөж чадахгүй байж озоны цоорхой нөхөх тухай яриад” байгаа бус уу.
Зүгээр л хийдэг ажлаа хариуцлагтай сайхан хийвэл болоод л явчих юм шиг санагдах юм. Өөрөө л сайн сайхан, амжилтанд хүрчихвэл тэгээд л болоо юм биш үү. Нэг хүн, нэг хэсэг хүн за гоц биш л бол улс их орны хөгжилд, түүхэнд сүрхий үүрэг гүйцэтгэсэн нь ховор л байдаг юм. Эсвэл манай Монголын залуус бүгд гоц юм болов уу.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...