Thursday, June 2, 2011

Одоо нэг секс оруулъя даа

Хуучин нийгэмд зарим зохиолчид роман бичихдээ “15 хуудас биччихлээ одоо жаахан секс оруулахгүй бол уйтгартай болчих гээд байна” хэмээдэг байсан гэгддэг. Аргагүй биз дээ хуудасныхаа тоогоор мөнгөө авдаг байсан юм чинь. Хэр зузаан ном болно, төдий чинээ мөнгө авна гэсэн үг. Дунд сургуулийн уран зохиолын багш маань 60 мөр шүлэг цээжилбэл 60%, 100 мөрийг цээжилбэл 100% гаргадаг байж билээ. Ердөөсөө цээжилсэн мөрийнх нь тоогоор л дүгнээд байна гэсэн үг. Амар ч юм шиг. Уул нь уран зохиол гэдэг хүний мэдрэмжийн асуудал баймаар. Хүн болгон уран зохиолыг мэдрэх, ойлгох чадваргүй, боломжгүй, албагүй байж болно шүү дээ. Гэтэл бид нар одоо болтол уран зохиол гэдгийг хүн бүрт ойлгогдож байх учиртай нийтийн ширээний ногоотой шөл шиг бодоод л байх юм.

Нэг найзын маань шоглож нэрлэсэнээр тоосго шиг зузаан тэр олон романаас хүний сэтгэлд ой тойн үлдсэн нь хэд бол доо.

Саяхан манай сургууль дээр “Бодит байдал ба ид шид” нэрийн дор Отгонбаяр сайд, Тэмүүжин гишүүн болон багш нарын оролцсон чөлөөт ярилцлага болов. Аа бас UB talker гэсэн нэртэй Twitter-чид бас оролцсон юм байна. Харин ярьж байгаа юм нь хөгийн байсан даа. Миний мэдэхийн өнөөгийн ерөнхийлөгчийн цусных нь ариун цэврийг тогтоож байсан нэг мундаг залуу тэд нарын дунд байна лээ. “Шинжлэх ухаан элдэв ид шид, шашин шүтлэгт дарагдаад дуусаж мөхлөө” гэж халагласан хүмүүс. Ямар судалгаагаар, ямар баримтаар монгол улсад шинжлэх ухаан ид шидэд ялагдаад, нэр хүндгүй болоод байгаа юм бол. Би лав мэдэхгүй байна. Зүгээр л хувь хүний санаа зовинол юм биш үү. Тэр зовинол харин нийт монгол улсын байдлыг төлөөлж чадах уу. Бүгд л өөр өөртөө тохиолдсон, хүчгүй, баримтгүй, зүгээр л өөрийнхөө ярианы хүчийг нэмэгдүүлэх гэсэн утгагүй “тохиолдолуудаа” урсгах юм. Хавар цагт будаатай цайны ард гэрийн авгай нар элдэвийг хаман шимэн ярьж байдаг даа. Яг л ёолкны мод чимдэг шиг өөрийнхөө яриаг бусдаас илүү үнэн, хүчтэй гэж мэдэгдүүлэх гэж улам чанга, уран тод ярьдаг шиг. Тэр хэдэн Twitter-чид шинжлэх ухааныг дүгнэчих вээ. Харин өөрсдөө шинжлэх ухаан гэж юу байдаг аа мэддэг болов уу. Бараг үгүй байхаа. “Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийг төрсөн дүү” гэж үг бий дээ.

Шинжлэх ухаан хаана ч, хэдийд ч цөөнхийн буюу оюунлагуудын өмч байсан. Миний бодлоор байсаар ч байх болов уу. Харин тэнд дүр эсгэгчид, орлон тоглогчид, чадваргүй шургалагчид дүүрэн л байсан. Байсаар ч байх болов уу. Тэдний тоог өсгөхгүй байх, тэднээс шинжлэх ухааны аврах хэрэгтэй болохоос аугаа бурхан шиг, эсвэл хэн нэгэн шүүгч шиг бусдыг шинжлэх ухаанч бус амьдарлаа гэж, амьдралыг нь заах эрх бидэнд байхгүй.

Шинжлэх ухааны төлөө цээжээ дэлдсэн бидний, хэдэн судалгааг дэлхийд, ядахдаа Азид мэдэх юм бол. Яагаад бид нар дороо л хий эргээд байдаг юм бол. Нөгөө сүрхий хамгаалах гээд байгаа шинжлэх ухааны чинь хүрээний хүмүүсээс хэд нь биднийг, бидний хийсэн ажлыг мэдэх юм бол. Энэ л харин санаа зовбол зохих жинхэнэ асуудал байх даа. Бусдыг гэгээрүүлэх гэж гажигтахаар өөрийгөө өөд нь татах гэж оролдох нь арай бодитой бас амархан, зөв гарц байхаа.

Эхлээд шинжлэх ухаан үнэхээр ид шидэд ялагдсан гэдгийг нотлох судалгаа хэрэгтэй байна. Тэрний дараа л үүнд үнэмшье. Ямар нэг философич шиг өрөөнийхөө булан, таазыг ширтэн сууж байгаад нэг онол олдог түүнийгээ амьдрал тааруулах гэж яргалал хийдэг. Энэ бол өнгөрсөн зууны бидний мэдэх түүх. Ямар нэгэн онол, үзэл санаа, таамаглал амьдралаас урган гарч, хүмүүсийн арьс маханд нийцэх байх учиртай. Үүнийг товчоор шинжлэх ухаан гэж болох байхаа. Түүнээс бус өөрт тохиолдсон элдэв явдалаар нийгмийг тайлбарлах гэх нь хэтэрхий мунаг хэрэг байх аа. Мөн шинжлэх ухаан ч бус байх аа.

Хүний сэтгэлд, оюунд, ер нь хаана ч орон зай, эзэлхүүнгүй болсон тоосго шиг тоосго шиг олон роман бий. Бидний хийж буй ажил тийм биш л байгаа даа та минь.

1 comment:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...