Sunday, June 12, 2011

Девид Шнайдер (David Murray Schneider)

1918 онд Нью-Йорк хотод төржээ. Америкийн соёлын хүн судлаач. Түүнийг алдаршуулсан судалгааны чиглэл нь ураг төрөл, бэлэгдэлийн хүн судлал байсан гэж болно. 1940-өөд оны эхээр Корнелийн Их Сургуульд суралцаад, 1949 онд Харвардаас соёлын хүн судлалын доктор (PhD)-ын зэрэг авчээ. Хээрийн шинжилгээний ажлаа Мекронекзийн Яап (Yap) аралд хийсэн.

Төгсөлтийнхөө ажлыг дуусгасаныхаа дараа Калифорниагийн Их Сургуульд хэсэг хугацаанд багшилж байв. 1960 онд Чикагогийн Их Сургуульд өөрийн гэсэн байр суурьтай болжээ. Энд байх үедээ тэрээр “Хүний Хөгжлийн Хороо”-ны ажил болон, хүн судлалаар багшилж байсан аж. Мөн энэ үедээ Д.Шнайдер “Үндэсний Шинжлэх Ухааны Сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэй “Ураг төрөл” төслийн удирдагч байсан байна. Уг төсөл нь Их Британи болон АНУ-ын дунд давхрагын гэр бүлүүд, тэдгээрийн ураг төрлийн харилцааг судалж байжээ. Уг судалгаагаар гарч ирсэн дүгнэлтүүд нь Англо-Америкийн соёлд байсан “ураг төрөл”-ийн тухайх ойлголтыг эрүүл саруул ухаанаар тунгаан үзэхэд уриалан дуудсан шинжтэй байв. Тэр үед ураг төрлийг биологийн хамаатан саданаа хүлээн зөвшөөрч, танин мэдэж буй үйл явц хэмээн ойлгож байж. Мөн уг судалгаагаараа АНУ болон Их Британий соёл болоод нийгэм, ураг төрлийн тогтолцоонд ихээхэн чухал үүрэгтэй ойлголт болж байдаг “цус” хэмээгчийг сайтар нягтлан шинжилсэн байна. Үүнийхээ үр дүнд өөрт нь алдар нэр авчирсан “Америкийн ураг төрөл: соёлын тайлбар” бүтээлээ хэвлүүлжээ. Уг бүтээл нь хүн судлал дахь ураг төрлийн судалгааны өнгө төрхийг үндэсээр нь өөрчилсөн төдийгүй, феминист хүн судлал, жендерийн судалгаа, лесби, гей харилцааны талаарх судалгаанд нэлээн том онолын түлхэц болсон аж. Уламжлалт бус сэдвүүдийг судалдаг хүмүүсийн судалгаанд үлгэр жишээ болсоор ирсэн энэ эрхэм 1986 онд Чикаго Их Сургуулиас тэтгэвэрт гарсан бөгөөд 1995 онд нас барах хүртлээ Калифорниа Их Сургуулийн Санта Круз коллежийн хүн судлалын тэнхимд ажиллаж байв.

УРАГ ТӨРЛИЙН ТАЛААРХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Девид М. Шнайдерийн ураг төрлийн талаарх үзэл баримтлал нь Чикаго Их Сургуульд ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн “Америкийн ураг төрөл” судалгааны төсөлтэй нь нягт холбоотой байдаг. Уг төсөл дээр 1958-1959 оны хооронд Д.Шнайдер Раймонд Фөрф (Raymond Firth)-тэй хамтран ажилласан бөгөөд “эгэл” нийгмүүдээс өгсүүлэн орчин үеийн, үйлдвэржсэн, хотын хүн амыг хамруулахыг хүсэж байв. Тэд Лондон, Чикаго дахь дунд давхрагын хүмүүсийн ураг төрлийн харилцааг харьцуулан судалсан аж. Судалгааныхаа явцад тэд Евро-Америкийн соёлд байдаг “ураг төрөл” гэхлээр л биологи, цус, ген, байгалийн хэмээн ойлгодог ухамсарыг ул суурьтай нягтлан үзэж, өөрсдийн дүгнэлтээ сөргүүлэн тавьсан байна. Д.Шнайдер энэ бүх санаа бодолуудаа нэгтгэн “Америкийн ураг төрөл” хэмээх бүтээлээ 1968 онд хэвлүүлжээ. Уг бүтээлдээ тэрээр 1970-аад оноос өмнө судлаачдын дунд, тэр бүү хэл Морганаас өгсүүлээд Радклифф-Броун, Леви-Стросс нар хүртэл “ураг төрөл гэдэг бол биологийн холбоогоо танин мэдэж байгаа нийгмийн танин мэдэхүй” юм хэмээн үздэг байсан гэжээ. Тэд яагаад ийнхүү боддог байсан Д.Шнайдер тайлбарлахдаа: “хүмүүс биологийн холбоог нийгэм, соёл дээр хүлээн зөвшөөрч танин мэдсэн тэр үедээ л нийгэмд ураг төрөл гэж нэг юм байна хэмээн үзэж түүнийг бий болгодог. Энэ нь хүмүүс биологийн холбоог ойлгож ухааран түүнийг бий болгон чухалд үзэж байгаа ухамсар нь өөрөө нийгмийн үзэгдэл гэсэн үг юм. Жишээ нь эцэг хүүхдийн хоорондын холбоог нийгэм соёл нь л та хоёр эцэг хүүхэд хэмээн таниулж байдаг учраас л хүүхэд эцэг хоёр холбоотой байдаг. Харин эх хүүхдийн харилцаа нь харьцангуй нийгэм соёлын нөлөө бага байх бөгөөд учир нь хүүхэд эхээсээ төрдөг эх нь хүүхэдээ хөхүүлдэг гэх мэт шууд нүдэнд харагдах, гарт мэдрэгдэхээр байдагтай холбоотой гэж тэрээр үзсэн. Энгийнээр хэлбэл Д. Шнайдер үүнийг тайлбарлахдаа соёл гэдэг зүйлийг хүмүүс биологийнхоо холбоонд таацуулан засаж байна. Угтаа энэ сэтгэлгээ нь хүн нийгэм соёлдоо бурханыг ямарч бодит үндэслэлгүйгээр зохиодогтой адил хэмээн хурц шүүмжилжээ.

Энэ үүднээсээ тэрээр “ураг төрөл гэдэг бол соёлын тогтолцоо” гэж хэлсэн. Соёлын тогтолцоо гэсэн нэр томъёо нь америкчуудын ураг төрлийн холбоог байгалийн гэж үзээд байгаа соёлын сэтгэлгээг тэмдэглэсэн санаа юм. Үүнийгээ тайлбарлахдаа бэлгийн харилцаа, нөхөн үржихүй гэдэг үгсийг хүмүүс сонсоод шууд биологийн зүйлс гэж ойлгодог гэтэл энэ нь үнэн хэрэг дээрээ нэг талаараа байгаллаг байх ч нөгөө талаараа хууль дэг журам байх нь харагддаг гэжээ. Өөрөөр хэлбэл бэлгийн харилцаа нөхөн үржихүй гэдэг зүйлсийг биологийн гэж бодож байгаа нь өөрөө эргээд соёлоос олж авсан хүмүүжил, соёлоос суралцсан дадал байдаг гэсэн үг болтой.

Эцэстээ Д.Шнайдер ураг төрөл гэдэг бол тэр чигээрээ нийгмийн хүчин зүйл, харин түүнийг биологийн гэж бодож байгаа бодол бол үнэндээ барууныхны өөрсдийнх нь бодол юм. Энэ нь бусад нийгэм, соёлуудыг судалж үзээгүй өнгөц мөчид хуумгай хандсаны үр дүн болсон хязгаарлагдмал орон нутгийн сэтгэлгээ юм гэжээ.

Мөн тэрээр хүмүүс ураг төрөл гэхлээр л шууд биологитой холбон сэтгэдэг, хүмүүсийн энэ зуршил нь зохиомол олон нийтийн дунд гүнзгий тогтсон буруу бодол юм. Тийм ч учраас энэ бодол нь ураг төрөл гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанар биш. Гэтэл судлаачид дээрх буруу бодолд итгэн ген, цус, биологи гэх мэт олон нийтэд уламжлагдан ирсэн үнэн бус судлагдаагүй зүйлээр судалгааныхаа үндсийг хийсээр л байна хэмээн донгодсон байна.

Д.Шнайдерийн “ураг төрөл гэдэг бол тэр чигээрээ нийгмийн үзэгдэл” хэмээсэн энэ үзэл нь ураг төрлийн судалгаанд томоохон эргэлт авчирсан хэмээн олон судлаачид үнэлдэг байна. Өөрөөр хэлбэл Д.Шнайдерээс өмнөх судлаачид нэг хэвийн үзэлтэйгээ зууралдсаар л байсан бол тэрээр огт өөр өнцгөөс асуудлыг олж харахыг хичээснээрээ ураг төрлийн судалгаанд томоохон хувь нэмэр оруулж өөрийн нэрээ үлдээжээ.

No comments:

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...