Friday, May 13, 2011

Угсаатан судлал, нийгэм-соёлын хүн судлалын үүсэл хөгжил ба Монголын угсаатны зүй


Бидний нэрлэж заншсан “угсаатны зүй” буюу Европ хэлний этнографи (ethnography), “угсаатан судлал” буюу этнологи (ethnology) түүнтэй төстэй нийгэм-соёлын хүн судлал” буюу “нийгэм-соёлын антропологи” (social-cultural anthropology) хэмээх нэр томьёонууд нийгмийн шинжлэх ухааны хоорондоо холбоотой, төстэй салбар ухааныг нэрлэдэг. Монголд эдний ялгаа зөрөө, адил төстэй байдал нь тодорхойгүй бүрхэг байсаар бидний үед уламжлан ирсэн. Монголын нийгмийн шинжлэх ухаанд энэ байдал асуудал болон дэвшүүлэгдээгүйн гол шалтгаан бол өдий болтол монголд “нийгэм-соёлын хүн судлал” хэмээх нэр томьёо буюу энэ судалгааны дэг сургууль нэвтрээгүй байсантай холбоотой. Харин улирал хөгжлийн зайлшгүй зарчимаар сүүлийн үед “нийгэм-соёлын хүн судлаач” гэсэн шинэ боловсон хүчин, мэргэжилтнүүд гадаадын орнуудаас төгсөн ирж байгаа нь энэ хоёр салбар ухааны ялгаа зааг, адил төстэй байдлыг авч хэлэлцэх шаардлагыг төрүүлж байна. Эдний ялгаа зөрөөг тайлбарлахын тулд эхлээд дэлхий нийтэд энэ салбар ухаанууд хэрхэн үүсч хөгжсөн түүхийг өгүүлэх нь зүйтэй.

Этнографи, этнологи, нийгэм-соёлын антропологийн үүсэл хөгжил
XIX зуунд Францын их сэтгэгч Аугусте Комте (Auguste Comte 1798-1857) хүний нийгмийг судлах шаардлага байгааг дурдаад ийм судалгааг анх социологи (sociology) буюу “нийгэм судлал” (Hendry 1999: 8) гэж нэрлэх санал тавьснаас хойш нийгмийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны адил хөгжлийн алхамаа эхэлж байдаг. XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеэс энэ санаа улам нарийвчлан салж “нийгэм судлалаас” гадна бас түүнтэй төстэй “нийгэм-соёлын антропологи(social-cultural anthropology), этнологи (ethnology), этнографи (ethnography) зэрэг бусад хүний нийгэм, соёлыг судалдаг салбар ухаанууд дор дороо Европын улс орнуудад гарч ирсэн байна. Антропологи, этнологи, этнографийн “нийгэм судлалаас” ялгарах гол онцлог нь тэдний арга зүй болон судлагдахуун байлаа. Судлагдахууны хувьдаа “нийгэм судлал” ихэвчлэн өөрийн оршин буй нийгмээ, нийгмээсээ хүнрүү чиглэсэн арга зүйгээр судлаж байсан бол антропологи, этнологи, этнографи ихэвчлэн өрөөл бусад үндэстэн угсаатнуудыг хүнээс нь нийгэмрүү чиглэсэн арга зүйгээр судалж эхэлсэн байдаг. Энэ утгаараа антропологи, этнологи хоёр “нийгэм судлалаас” эрс ялгарч бие даасан салбар ухаан болон хөгжсөн нь XX зууны эхэн үе болно.
Герман хэлтнүүдийн “ардын билиг зүй”. Германы эрдэмтэн Ханс Вермеүлен (Hans Vermeulen 1995) этнологи болон этнографи гэдэг нэр томъёоны түүхэн хөгжлийг судлаад хамгийн анх Германы түүхч, хэл шинжлээч Аугуст Лүдвиг Шлөзер (August Ludwig Schrözer) 1771 оны бүтээлдээ Словак язгуурын хэлнээс гаралтай ethnologia гэдэг үгийг[1] Герман хэлний Völkerkunde буюу “ардын билиг” гэсэн үгтэй адилхан утгаар хэрэглээд ард түмэн, үндэстнүүдийг тайлан тайлбарлах болон түүхийн судалгааг нэрлэсэн байна. Шлөзер тэр үед Оросын Цагаан хааны ивээл дор Петербург хотноо ажиллаж байсан бөгөөд үүний учир нь Оросын Цагаан хаан өөрийн захиргаанд орсон Төв Ази, Сибирийн олон үндэстнүүдийг судлан таних зайлшгүй шаардлага тулгасан байжээ (Wood 1997: 157). Үүнээс үзвэл Орос оронд энэ нэр томъёо төдийгүй энэ салбар ухаан энэ үед лавтай хөгжиж байсан бололтой.
Этнологи, этнографи гэдэг үгс Герман хэлэнд ийнхүү аль эртнээс хэрэглэгдэж байсан боловч энэ салбар шинжлэх ухааны нэлээд сүүлийн үе хүртэл Volkskunde буюу “тодорхой нэгэн үндэстэн угсаатны судлал”, Völkerkunde буюу “үндэстэн угсаатнуудын судлал” гэсэн хоёр төстэй нэр томъёогоор илэрхийлж байжээ. Энэ хоёр бол Герман хэлт орнуудын Англи, Америкийн антропологитой хамгийн ойр дүйцэх салбар ухаан гэж үздэг. Харин нэлээд хожуу үес тэд үүнийгээ этнологи (ethnologie) гэж өөрчилсөн байна. Энэ төрлийн судалгааг анх эцэг хүү Фостер (Foster) нар эхлүүлсэн гэх бөгөөд тэд Английн далайчин ахмад Күүктэй (Cook) түүний хоёр дахь аялалд нь хамт явж судалгаа хийж байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа зүүн Германд Оросын этнографийн нөлөө ихэссэн байхад, харин баруун Герман, Австри, Швецарь зэрэг орнуудад Англи маягийн “нийгмийн хүн судлаачдыг олноор бэлдэж эхэлсэн байна. Юутай ч гэсэн Герман хэлтнүүдийн энэ салбар ухааны чиг хандлага түүх, археологи голлож байдаг (Dostal, Gingrich 1996: 263-265) нь ерөнхий чигийн хувьд Монголын угсаатны зүйтэй төстэй байна.
Францын этнологи (ethnologie). Хэдий этнологи, этнографи эсвэл антропологи гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч тэдэнтэй төстэй судалгаа хийж ялангуяа тэдний арга зүйг мэр сэр дурдсан тохиолдлууд байдаг. Францын судлаачид, гүн ухаантнууд бусад үндэстэн угсаатнуудын нийгэм, соёлыг сонирхон бичиж эхэлсэн анхны баримтууд бүр XVI зууны үеийн сэргэн мандлын үед хамаардаг байна. Үүний төлөөлөгчид нь Рабелес (Rabelais) буюу түүний дундад зууныхны сэтгэлгээний хэв маягийн тухай “угсаатны зүйн” (ethnography) ажил, мөн Монтайны (Montaigne) хүний махан хүнстэнгүүдийн тухай тэмдэглэл зэрэг болно (Leavitt 1996: 243).
1799-1804 оны хооронд Францад дэлхийн үндэстэн, угсаатнуудыг судлах “Хүмүнийг ажиглан шинжих нийгэмлэг” байгуулагдаж байжээ. Дараахан нь Францын хувьсгалаас дутаан одсон санваартан Дүбуа (Dubois) өмнөд Энэтхэгт хүрч суурьшин Энэтхэгчүүдийн ёс заншилын тухай бичиж үлдээжээ. Тэрээр тэр үеийн Европын судлаачдыг бусад үндэстэн, угсаатнуудыг судлахдаа нутагт нь очиж амьдрал дээр нь үздэггүй Европосоо судламар болж судлагдахуунаа бүрэн таньж мэдэлгүй өнгөцхөн онол гаргаж байдаг гэж шүүмжилж байжээ. Харин тэрээр өөрөө Энэтхэгчүүдийг судлан ойлгохын тулд тэдний итгэл найдварыг олох хэрэгтэйг ухаарч, тэгэхийн тулд яг тэдэн шиг аж төрөн, өмсөж зүүх эдэлж хэрэглэн энэ арга нь ч амжилтанд хүрсэн гэж өгүүлжээ. Тэрээр олон зүйл дээр ой нь гутаж байсан хэдий ч тэсэн өнгөрсөнөөр тэдний дунд нэвтрэн орж аль ч давхрааныхны итгэлийг олоод ямарч эртний нууцад нь нэвтрэх боломжтой болсон тухайгаа бичиж үлдээжээ (Deliege 1992: 57-58). Энэ бол түүнээс зуугаад жилийн дараа бий болсон антропологи, этнологи, этнографийн гол судалгааны арга болох “биечлэн дагах” арга зүй байлаа. Ингээд XIX зууны дунд үеэс Францууд энэ салбар ухаанаа этнологи гэж нэрлэж хэвшсэн бөгөөд энэ нь үндэстэн угсаатнуудыг ойлгож мэдэхийн тулд тэдний хэл, соёлыг судалдаг ухаан болсон байна (Leavitt 1996: 244).
Оросын этнография. Оросын цагаан хааны үед тэд өөрсдийн мэдэлд байсан Сибирийн ард түмнүүдийг судлан, бүртгэн тоочих ажил хийж түүндээ Германы судлаачдыг оролцуулж байсан тухай өмнө өгүүлсэн билээ. Үүнийг оруулаад өнөөг хүртэл Оросын этнографийг хөгжлийн гурван үе шат болгон хуваан үздэг байна. Эхнийх нь үе дээр дурдсан хувьсгалаас өмнөх хаант засгийн харъяалалдаа буй угсаатнуудыг бүртгэн баримжуулах ажил байсан бөгөөдл энэ нь XVIII зуунд эхэлж XIX зуун гэхэд бие даасан байгууллага болон өргөжиж өөрийн гэсэг эрдэм шинжилгээний сэтгүүл, музейтэй болсон байна. Дараагийн хоёр дахь шат бол хувьсгалаас хойших үе бөгөөд энэ нь Марксист онолд тулгуурласан, Ленинист бодлого баримталсан этнографийн судалгааны үе байжээ. Гурав дахь шат нь одоо дөнгөж эхэлж байгаа бөгөөд Марксизмаас хойших буюу 1990-ээд оноос хойш Зөвлөлтийн засаглал задран нээгдэж этнологи, антропологийн олон онолын чиг баримжаа бий болон Марксист үзэл бол тэдний зөвхөн нэг нь болон үлдэж байгаа өнөө үе юм (Tishkov 1996: 493-495). Үүний тодорхой жишээ бол тэд этнографи гэдэг нэр томъёог өөрчлөн өргөжүүлэх зорилгоор этнологи, антропологи гэсэн нэр томъёонуудыг авч хэрэглэж эхэлсэн явдал юм.
Англи, Америкийн нийгэм-соёлын антропологи. Харин Англи, Америкт янз бүрийн үндэстэн угсаатны нийгэм, соёлын олон зүйлийг тэр зүйл бүр дээр нь биш харин түүнээс илүү түүн доторх хүн дээр төвлөн судална гэсэн чиг хандлага бий болгож антропологи буюу “хүн судлал” гэж нэрлэжээ. Ингэхдээ Англид “нийгмийн хүн судлал” (social anthropology) гэх болж харин Америкт “соёлын хүн судлал” (cultural anthropology) хэмээн нэрлэж заншсан байна. Америкийн хүн судлалын эцэг гэгдэх Германы Еврей цагаач Франц Боас (Franz Boas 1858-1942) 1890-ээд оноос Америкийн уугууль иргэдийн соёлыг судалсан. Ингээд өөрийн судалгаагаа соёлын судалгаа гэж тодорхойлж байсан бөгөөд соёл гэдэг бол аливаа судлагдахууны дотоод мөн чанар мэтээр үзэж байжээ (Kroeber and Kluckhohn 1952). Энэ нь цаашлаад тэдний “хүн судлалыг” “соёлын хүн судлал” хэмээн нэрийдэхэд хөтөлсөн байна. Дараахан нь Английн хүн судлалын үүсгэгчид гэгдэх Польш гаралтай эрдэмтэн Бронислав Малиновский (Bronislaw Malinowski 1884-1942) Номхон далайн Тробрианд (Trobriand) арлынхныг, Алфред Режиналд Радклиффе-Броун (Alfred Reginald Radcliffe-Brown 1881-1955) Бенгалийн тохой орчмын Андаман (Andaman) арлынхны жишээн дээр нийгмийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагааг (functionalism, structural functionalism) голлон судалсан нь (Hendry 1999: 9) тэдний “хүн судлалыг” “нийгмийн хүн судлал” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна. Түүхийн энэ шатанд хүн судлалын энэ хоёр дэг сургуулийг ихэд ялгаатай мэтээр маргаж 1930-аад онд их хурцдасан байна. Нийгмийн хүн судлаачид соёлын хүн судлаачдыг “соёл ба хүний зан төлөвийг” л судалдаг хэмээн буруу ойлгож байсан бол соёлын хүн судлаачид нийгмий хүн судлаачдыг соёлын хүн судлалын нэгэн жижигхэн хэсэг буюу бүхэл цогц зүйлийн жаахан хэсгийг тасалж аван цогц байдлыг нь алдуулан судалдаг мэтээр буруу ойлгож байжээ (Wood 1997: 18). Америкийн хүн судлаачид Английн хүн судлаачдийг нийгмийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа гэсэн өнгөц, энгийн, амар хялбар зүйл судалдаг хэмээн тохуурхаж, харин өөрсдийн “соёлын хүн судлалаа” аливаа зүйлийн гүн гүнзгий утга мөн чанарыг судалдаг мэтээр ойлгоцгоож байсан гэдэг. Харин 1970 оноос хойш тэдний хоорондын ялгаа зөрөө арилж одоо бол харин ийм далд, өнгөцийн эсвэл бүхэл, тусгайгийн ялгаагүй гэдэг нь тодорхой болон нотлогдож эвлэрсэн байна. Хэдий тийм боловч одоо хэр хэрвээ хэн нэг нь энэ хоёрыг өөр гэж үзвэл “соёлын хүн судлал” хүмүүсийн мэдлэг, зан заншил, байгууллыг бүрэн цогц байдлаар судалдаг байхад “нийгмийн хүн судлал” бол харин нийгмийн харилцааны аль нэгэн тодорхой хэсгийг тухайлбал, шашныг, улс төрийг, эдийн засгийг, ураг төрлийг ч юмуу судалдаг (Wood 1997: 17) гэж ялгадаг байна.
Ийнхүү адил төстэй антропологи, этнологи, этнографи гэхчилэн харилцан адилгүй нэршиж тогтсон салбар ухаан Орос, Англи, Герман, Францад зэрэгцэн хөгжиж эхэлсэн байна. Этнологи болон этнографи гэдэг нэр томъёо л гэхэд 1820-оод он хүртэл Франц хэлэнд орж ирээгүй байхад Англи хэлэнд өмнө энэ үг мэр сэр хэрэглэгддэг байсан ч Оксфордын толь бичигт анх 1834 оноос орсон байна (Wood 1997: 157). Ингээд XX зууны эхнээс харь улс, үндэстний нийгэм, соёлыг судалдаг ухаан маань утга хэлбэр, чиг хандлагаа тогтоож эхлэн анхны хүн судлаачид, угсаатан судлаачид төрж эхэлжээ. Хэдий нэгэн зорилго чиглэлтэй адилхан ухаан байсан боловч өөр өөрийн бие даасан үүсэл хөгжлийн жамаараа ондоо ондоогоор нэрлэгдэх болсон байна. Үүнд, Герман, Франц, Орост янз бүрийн үндэстэн угсаатны судалгаа гэдэг утгаараа этнологи буюу ялангуяа Орост этнографи гэжнэрлэгдэх болжээ. 1950-аад оноос Монголд Оросоор дамжин дэлгэрч тэднийэтнографи гэдэг нэр томьёо болон түүний Монгол орчуулга “угсаатны зүй”гэдэг үгийг бид мэдэх болсон.
“Соёлын хүн судлал”, “нийгмийн хүн судлал” хоёр өнөөгийн өндөрлөгт ялгаа зөрөө бараг үгүй болон нэгэн салбар ухаан болохыг ихэнх судлаачид зөвшөөрсөн байхад харин “хүн судлал”, “угсаатны зүй” хоёр ингэтлээ ойртон нэгдэж чадаагүй гэж үзэж болно. Англи, Америкийн хүн судлалын уламжлалаас гадна этнологи буюу “угсаатан судлал”, этнографи буюу “угсаатны зүй” бие даан зарим талаар тусгай салбар ухаан болон Франц, Герман, Орос зэрэг орнуудад түлхүү хөгжиж байлаа. Антропологи, этнологи, этнографи анх ерөнхий чиг хандлага нь янз бүрийн үндэстэн угсаатнуудын нийгэм соёлыг судлах нэгэн зорилготой, нэгэн арга зүйтэй байсан хэдий ч сүүлрүүгээ зарим оронуудын уламжлал холдон хөндийрч тус тусдаа бие даасан шинжлэх ухаанууд болон хөгжжээ. Энэ нь магадгүй хэлний ялгаа зөрөөнөөс болсон байх магадлал өндөр юм. Англи, Америкийн антропологинэгэн хэлээр зангилагдаж байхад Европын этнологи, этнографид ийм боломж байгаагүй нь тодорхой юм. Цаашилбал, Франц, Герман, Оросын этнологи, этнографи тус тусдаа өргөжин хөгжсөн бөгөөд энэ хирээр ялгаа зөрөө нь улам ихэссэн байна. Оросын этнографи, хуучин зүүн Германы “ардын билигийг” бодвол Баруун Европ болон Францын этнологи (ethnologie) Англи, Америкийн антропологитой харилцаа холбоо ихтэй нэгэн онол, арга зүйг чамгүй хуваалцаж байсан нь энэ хоёр нэгэн дэг сургуулийн түүхэн хөгжлөөс илэрхий байдаг. Хамгийн энгийн баримт жишээг дурдвал Англи хэл дээр орчуулагдаад “хүн судлалын” тулгуур сурах бичигт ордог Герман, Францын хүн судлаачдын бүтээл олон байхад харин Оросын хүн судлаачдын орчуулагдсан бүтээл гэх зүйл харьцангуй цөөн байна.
Дүгнэж үзвэл, түүхэн гарлын анхны шатандаа төстэй байгаад, аажимдаа хөгжлийн явцад бүрэн нээгдээгүй, харилцан холбогдоогүй антропологи буюу “хүн судлал”, этнологи буюу “угсаатан судлал”, этнографи буюу “угсаатны зүй” гэсэн салбар ухаанууд дэлхийн олон орнуудад хөгжсөн байна. Үүнд, нарийвчлан яг таг зааглах аргагүй нэгдэн хөгжсөн Англи, Америкийн антропологи буюу “хүн судлал”, түүнтэй нэлээдтөстэй, холбоо харьцаатай Франц болон зарим Герман хэлтнүүдийнэтнологи, үүнээс цаашлаад Англи, Америкийн “хүн судлалаас” улам бүр ялгаа нь ихсэж холбоо харьцаа нь хөндийрсөн хандлагатай Германы “ардын билиг зүй, аман зохиол” цаашлаад Оросын этнография, голдуу түүнээс уламжилсан Монголын “угсаатны зүй” гэсэн бүдүүвч ажиглагдах бөгөөд эдгээрийн ялгаа зөрөө дараагийн хэсгээс тодорхой харагдана.[2]
Монголын “угсаатны зүй” болон этнологи, этнографи, антрополгийн хоорондын уялдаа холбоо ялгаа зөрөө
Орчин үеийн олон нэвтэрхий толь, антропологи болон этнологийн тайлбар толиудад этнологи (ethnology) гэдийг “нийгэм соёлын хүн судлалтай” (social-cultural anthropology) адилхан нэг зүйл гэж тайлсан байдаг. Тухайлбал, Алан Барнард (Alan Barnard), Жонатан Спенсер (Jonathan Spencer) нар Нийгэм соёлын хүн судлалын нэвтэрхий тольдоо (Encyclopedia of Social and Cultural Anthropology) этнологи (ethnology) гэдгийг “өргөн утгаараа нийгэм-соёлын хүн судлалтай ижил” (1996: 604) нэр томъёо гэжээ. Британника нэвтэрхий тольд (Encyclopaedia Britannica 2003) “аман зохиол, ардын билиг зүй, хэл шинжлэл, археологи, этнографийн онол арга зүй, материалыг ашиглан дэлхийн үндэстнүүдийг судалдаг антропологийн нэгэн томоохон хэсэг”[3] гэж тодорхойлжээ. Сүүлийн үеийн Оросын эрдэмтэд ч үүнтэй адил саналтай байдаг ажээ. Тухайлбал, Оросын этнологич С.В. Лурье энэ хоёр нэр томъёо бие биенээ орлож явдаг бөгөөд тодорхой ялгаа зөрөө байгаа гэж бичсэн нотолсон зүйл бараг үгүй байна (Лурье 1999: 9) гэж үзжээ. Энэ мэтийн эх сурвалжаас үзвэл, түүнчлэн өмнөх хэсэгт өгүүлсэн анхны түүхэн гарлын үүднээс ч этнологи, антропологи хоёр ялгаа зөрөөгүй нэгэн зүйл мэт хэн хүнд харагдах нь ойлгомжтой. Ингэж үзвэл, нэрний хувьд ч аль нь ч байсан ямарч ялгаагүй мэт санагдаж байж болох юм. Хэдий тийм юм шиг боловч үнэн хэрэгтээ тэдний хоорондын нарийн ялгаа орон зай, цаг хугацаагаар нэмэгдсээр ирсэн бөгөөд судлаачид ч үүнийг албан бус байдлаар мэдэж, хүлээн зөвшөөрч байдаг. Барууны мэргэжилийн нэр томъёоны толь бичигт этнологи, антропологи хоёрыг адил мэт тайлбарласан байгаа нь хоёрхон гол хүчин зүйлийг үндэс болгожээ. Нэгд, энэ хоёр салбар ухаан аль аль нь янз бүрийн хүний нийгмүүдийг, соёлуудыг судалдаг гэсэн машид ерөнхий, өмнөх хэсэгт дурдсан үүсэл хөгжлийн хамгийн анхан шатанд байсан одоо ч гэсэн дэлхийн олон оронд хөгжсөн энэ хоёр салбар ухааныг нэгтгэх цорын ганц хүчин зүйл юм. Хоёрт, хүрээ царааны хувьдаа зөвхөн Евро-Америкийг, Францын этнологи Англи, Америкийн “нийгэм-соёлын хүн судлалтай” жаахан ч гэсэн холбоотой хөгжсөн дээр үндэслэн хэлж байна. Энэ бол нэг талаасаа этнологи, антропологи хоёрыг улам бүр нэг голдрилд оруулан нэгэн шинжлэх ухаан болохыг бататгах гэсэн олон орны эрдэмтэдийн хичээл зүтгэлийн үр дүн гэлтэй.
Миний гол төвлөрөх зүйл бол энэхүү нэгдсэн голдрилд бид хэрхэн хамрагдсан билээ гэдэг асуудал билээ. Ялангуяа, Англи, Америкийн “хүн судлал”, Оросоор дамжиж хөгжсөн Монголын “угсаатны зүй” хоёр нэг салбар ухааны хоёр тууль мэт бөгөөд ялгаа зөрөө нь Франц, Английнхны, эсвэл Орос, Францынхны хоорондын ялгаанаас хавьгүй гүнзгий хамгийн их ялгаатай нь бололтой.
Антропологи, этнологи хоёр болон Монголын “угсаатны зүйн” ялгаа зөрөөг тайлбарлахаас урьд эдэнд бүгдэнд нь байдаг нэгэн зүйлийн талаар задлан өгүүлэх шаардлагатай байна. Энэ бол этнографи буюу Америкийнanthropology-оос аваад Монголын “угсаатны зүй” хүртэл бүгдэнд байдаг нэгэн нэгдмэл онцлог нь юм. Америкийн хүн судлаач профессор Рожер Санжек (Roger Sanjek) антропологит этнографи гэдэг нэр томъёо хоорондоо холбоотой хоёр зүйлийг заан нэрлэдэг гэжээ. Нэгд нь, “хээрийн шинжилгээний ажил хийх үйл явц” (participant observation or fieldwork) байхад түүний хоёрдахь утга нь, тэрхүү хээрийн шинжилгээний ажлаар цуглуулсан баримт сэлтийг эмхэтгэн тайлан тайлбарлан бичсэн антропологийн зохиолуудын нэгэн хэлбэр болсон судалгааны бүтээл (product) юм (Sanjek 1996: 193). Бостоны Их Сургуулийн хүн судлаач Петер Вүүд (Peter Wood) этнологи, этнографи хоёрыг харьцуулан тайлбарласан байна. Тэрээр этнологи гэдэг бол “олон үндэстний соёлыг харьцуулан соёлын үзэгдлүүдийг шинжлэх ухаанчаар тайлбарлах оролдлого” хэмээн антропологийн онолын ажил гэсэн санаа хэлээд, харин этнографи гэдэг бол “хээрийн шинжилгээний ажил дээр үндэслэн гаргаж ирсэн нэгэн үндэстэн угсаатны соёлыг тогтолцоотойгоор тайлбарлан дүрсэлсэн бүтээл” (Wood 1997: 157) гэжээ. Ийм этнографийнбүтээл гэдэг бол антропологийн гол бүтээгдэхүүн болох онолын судалгаанаас ялгардаг өөр нэгэн зүйл юм. Энэ хоёрын гол ялгаа гэвэл этнографи нь нэгэн угсаатан хүмүүсийн нийгэм соёлыг тайлан тайлбарлахыг гол болгож байхад, удаах нь буюу антропологийн онол нь энэхүү үндэстэн, угсаатнуудын жишээг баримт болгон үндэслэж хүний нийгэм соёлын тухай ерөнхий онол гаргахыг гол зорилго болгосон байдаг. Үүний нэгэн адил Францууд ч этнологи (ethnologie) гэдгээр антропологийг илэрхийлэн түүн дотор этнографиг (ethnographie) багтаадаг. Хурайнгуйлвал, этнографийг“ тайлбарлах угсаатны зүй”, харин нөгөөг нь “онолын хүн судлал” гэж монголчилж болох юм (Мөн Белгийн хүн судлаач Robert Deliege бүтээлдээ ийм утгаар ялган үзсэн байна).
Энэ этнографи буюу “тайлбарлах угсаатны зүй” гэж нэвтэрхий толь, сурах бичигт тайлбарладаг Англи, Америкийн антропологи болон Францын этнологийн нэгэн хэсэг бусаг бие даан хөгжиж 1990-ээд он хүртэл Орос, Монголд түлхүү уламжилсан байна. Харин түүнээс өмнө этнологи гэдэг нэр томъёо 1930, 1940 оны үеэс байсан боловч дээрх өрнөдийнхний утгаар хэрэглэж байгаагүй ажээ. Сүүлийн үеэд Оросын эрдэмтэн А. П. Садохин, Т. Г. Грушевицкая нар этнология гэдгийг шинжлэх ухаан гээд харин этнографиягэдгийг энэ шинжлэх ухааны доторх нэгэн хэсэг гэж тодорхойлсон (Садохин, Грушевицкая 2000: 28-29, 298) нь тэд 1990-ээд оноос өмнө нэгэн бүхэл шинжлэх ухааныг биш харин түүний нэгэн хэсгийг буюу суурь судалгаагхөгжүүлж байснаа хүлээн зөвшөөрч эхэлсэн хэрэг. Энэ өөрчлөлт Монголыг тойролгүй дайрч манай ахмад угсаатан судаалч Г. Цэрэнханд 1995 оноос этнографи гэдэг нэрийг өргөтгөх зорилгоор этнологи буюу “угсаатан судлал” болгон өөрчилсөн нь зөв зүйтэй алхам байлаа. Нэгэнтээ ийм хувь зохиолтой явж ирсэн тул бидний өнөөгийн “угсаатны зүй” Англи, Америкийн уламжлалтай антропологиос нэлээд ялгаатай болсон байна.
Нэгд, юуны өмнө аль нэгэн шинжлэх ухааны салбар хэрвээ нэг салбар ухаан юм бол хамгийн наад зах нь нэгэн ерөнхий дэг сургуультай, уламжлалтай байдаг билээ. Өөрөөр хэлвэл, гүн ухаан гэхэд л дэлхийн аль ч оронд үзсэн бай хамаагүй хамгийн наад зах нь Аристотел, Хегел (Гегель) гэхэд хэн ч мэдэж байдаг. Иймээс эдгээр нь хэрвээ нэг салбар ухаан юм бол Монголын “угсаатны зүйн” оюутны олж авсан мэдлэгийн ядаж хэдэн хувь нь Англи, Америкийн антропологийн оюутнуудын сурсантай таарч байх учиртай. Харин ингэж таарах зүйл бараг үгүй байдаг. Монголын “угсаатны зүйн” оюутан Бронислав Малиновскийг (Bronislaw Malinowski 1884-1942), Франц Боасийг (Franz Boas 1858-1942) танихгүй төгсөж байгаа нь, эсвэл Англи “хүн судлаач” оюутан Б.Ринчен гуайг мэдэхгүй байгаа нь хэн нэг нь “тэнэг” эсвэл “буруу” байгаа хэрэг биш харин зүгээр л энэ хоёр салбар шинжлэх ухаан хоорондоо харьцаа холбоо тогтоолгүй өөр өөр салбар ухаан болон хөгжсөнийх биз ээ. Дэлхийн шинжлэх ухаан ийм хоорондын харилцаагүй үргэлжлээд байвал түүнийг шинжлэх ухаан хөгжиж байна гэж хэлэхэд бэрх юм. Миний бичсэнийг үзэхгүйгээр тэнд өөр нэг хүн адил зүйл бичсээр л байна гэсэн үг. Эсвэл аль эрт хэн нэг нь нотолчихсон тэр нь алдарт гарчихсан онолыг би мэдэхгүй бас нотлох гээд л өөрийн жижигхэн, буйд аглагтаа тэмцсээр байна гэсэн үг. Ингээд үзэхэд Монголын “угсаатны зүй” Англи, Америкийн антропологитой судалгаа шинжилгээний түүхэн хөгжлийн хувьдаа хэзээ ч нэгэн бүхэл байгаагүй мэт болж ирж байна.
Хоёрт, арга зүйн хувьдаа аль аль нь хээрийн шинжилгээний ажил хийх боловч хоёр ондоо түвшинд явагддаг. “Хүн судлалд” судлаачийг судлаж байгаа хэсэг бүлэг хүнийхээ гүнд орж наад зах нь нэг жил судалж буй газар оронд сууж, гадны хирнээ тэр нутгийн, тэр айлын хүн болох шаардлага тавьдаг бол ялангуяа сүүлийн үед эдийн засаг, улс төрийн олон шалтгаанаар “угсаатны зүйд” энэ арга зүйн зарчим алдагдаж судалж буй хүмүүсээ “би монгол чи монгол учраас бид бие биенээ сайн мэднэ” гэдэг шалтгаанаар хээрийн судалгааны ажлыг хэт богино хугацаагаар буюу сурвалжлагч ярилцлага авах төдийхнөөр хийж байх нь элбэг. Энэ нь байж болох ялгаа боловч “хүн судлалыг” “хүн судлал” болгож байдаг хамгийн чухал зүйл нь “угсаатны зүйд” алдагдахад хүрч байгаа нь энэ хоёр өөр өөр салбар ухаан мэт дүрслэлийг бий болгож байна.
Гуравт, судлагдахууны хүрээ царааны хувьдаа, антропологи мөн Европын этнологи анхнаасаа харийн соёлыг, өөрийнхөөсөө өөр нийгмийг судлах зорилготой гарч ирсэн бөгөөд энэ чанар нь одоо өөрийнхөө соёлыг судалдаг native anthropology буюу “уугууль нутгийн хүн судлал” гэж бий болсонийг эс тооцвол өнөө хэр харийг судлах чанар нь хүчтэй хадгалагдаж байдаг. Харин Монголын “угсаатны зүйд” энэ чанар бараг гээгдсэн гэхэд хэлсдэхгүй. Өөрөөр хэлбэл, бидний “угсаатны зүй” “монгол судлал” болон хувирчээ. Хэн нэг нь бид монгол дахь өөр өөр угсаатны бүлгүүдээ судлаад байгаа юм биш үү гэх бизээ. Энэ нь буруу биш боловч үүгээр хязгаарлаад орхивол учир дутагдалтай болно. Учир нь хүрээ царааны хувьдаа монгол судлалдаа л багтсаар байна гэсэн үг. Энэ бол манай “угсаатан судлал”антропологитой харьцуулвал түүний нэгэн хэсэг болох өмнө дурдсан“уугууль нутгийн хүн судлалын” хэмжээнээс халихгүй байна гэсэн үг юм. Харинхүн судлалын ёсоор бол үүнээс өргөн хүрээтэй судалгаа хийх учиртай буюу хөрш ард түмнүүдээ тухайбал, хамгийн наад зах нь Буриадыг, Өвөр Монголыг, цаашлаад, Оросыг, Хятадыг судалж байх учиртай болно.
Дөрөвт, судлагдахууны цаг үеийн хувьдаа “хүн судлал” одоог гол эх сурвалжаа болгон одоо үеийг судалдаг байхад харин манай “угсаатны зүй” уламжлалт соёлыг буюу өнгөрсөнийг голлон судлаад байдаг. Цаашилбал, судалгааны сэдвийн хувьд дандаа монголын уламжлалт нийгэм-соёлын зүйлсийг гол сэдвээ болгож байдаг. Тийм ч учраас “угсаатны зүйг” түүх судлалын нэгэн хэсэг хэлтэрхий хэмээн тодорхойлж байдаг нь түүнийг одоотой биш харин өнгөрсөнтэй хамаатуулж сэтгэдэгийн илрэл болно.
Тавд, бие даасан салбар ухаан гэдэг үүднээсээ “хүн судлал” нийгэм, соёлд хандах өөрийн гэсэн өвөрмөц чиг хандлагатай, зарчимтай байдаг. “Хүн судлал” “угсаа төвлөх үзэл” (ethnocentrism) буюу хэн нэгэн өөрийнхөө соёлыг бусдынхаас илүү дээр хэмээн сэтгэж бусдын соёлыг өөрийн нэг л соёлын хэм хэмжээ, үнэлэлтээр тодорхойлохыг учир зүйд нийцэхгүй гээд “соёлын харьцангуй байдал” (cultural relativism) буюу янз бүрийн соёл болгоныг өөрийнх соёлын хэм хэмжээ, үнэлэлтээр харвал илүү ойлгогдоно гэдгийг гол зарчмаа болгодог (Kottak 2004: 353-355). Жишээлбэл, өмнөд Хятадын иргэд өт хорхой шарж хуураад амтархан идэх соёл зөвхөн тэр соёлынхоо хэм хэмжээгээр л хичнээн сайхан амттай болох нь ойлгогдохоос биш тарган хонины мах амтархах дуртай Монгол соёлын хэмжүүрээр огт ойлгомжгүй зүйл санагдана. Харин бидний гүүний айраг ууж, адуу тэмээний мах идэх соёл, хорхой шавьж иддэг өмнөдийнхний соёл ухамсраар төсөөлөхөд бэрх байх нь ойлгомжтой. “Хүн судлалын” энэ зарчим Монголын “угсаатны зүйд” нэлээд алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, “угсаатны зүйн” “угсаа төвлөх үзлийн”шинж чанар нь давамгайлах болжээ. Бидний судалгаанд өөрийн түүх соёлоо бусдынхаас дээгүүр бодсон, түүгээрээ бахархасан, манай монгол соёл л ийм сайн сайхан, аугаа баян, гүн гүнзгий гэхчилэн шагширсан сэтгэгдэл ихээр агуулагдаж байдаг. Тиймээс бид өөрсдийн өвөг дээдсийн буюу өнгөрсөн үеийн “гайхамшигтай” гэж өргөмжилсөн түүх соёлоо магтан сайшаасан аястай судалгаа хийгээд байхаас биш харин буруутган шүүмжилсэн судалгаа маш цөөхөн байдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Ингэвэл эрдэм шинжилгээний ажил дэндүү нэг талыг барьсан туйлширсан бодит бус үр дүнтэй болно. Судалгааны сэдвүүдийг авч үзвэл ихэвчлэн уламжлалт соёл гэсэн нэгэн бүхэл агуулгад багтаж байдаг. Хамгийн наад захын жишээ дурдахад бид Хятадын их гүрэний улс төрийн хүчийг буруутгаад муулаад Монголчууд тэгдэггүй мэтээр сэтгээд байхаас биш харин үнэн хэрэгтээ энэ бол Хятад, Монголоос шалтгаалж байгаа хэрэг биш харин ямар ч их үндэстэн багаа дарамталж байдаг гэдэг үүднээс харж судалдаггүй билээ. Хятад гэлтгүй бид ч баруун монголчууд, Буриад, Казах, Тува нараа чамгүй гадуурхасан. (дэлгэрэнгүйгээр Bulag 1998-г үз) Үүнийг бичиж тайлбарласан Монгол судлаачийн бүтээл бараг үгүй байна. Яагаад гэвэл бид өөрсдийгөө магтах дуртай “угсаа төвлөх” (ethnocentrist) үзэлтэй ажээ. Энэ утгаараа “угсаатны зүй” маань монгол судлалын нэгэн хэсэг болж таарна.
Монголын “угсаатны зүй” болон Евро-Америкийн этнологи, антропологи хоёрын энэ ялгаатай байдалд хоёр хариулт өгч болно. Нэг нь, зарим хүмүүс угаасаа энэ хоёр салбар ухаан хоёр өөр салбар ухаанууд юм гэж маргаж болох юм. Тэгвэл, Монголд “нийгэм-соёлын хүн судлал” гэдэг шинжлэх ухааны энэ салбар огт байхгүй гэсэн үг бөгөөд шинээр нээвэл зохилтой гэсэн үр дүн гарна. Эсвэл, хоёртох нь, өөр нэг хэсэг нь энэ хоёр угаасаа нэг салбар ухаан байгаад нэгдэн хөгжих учир зүйтэй атлаа энэ зүй зохисоо хадгалж чадалгүй салцгаасан гэдэг дүгнэлт илүү үнэнд нийцтэй. Ингэж үзвэл энэ хоёрыг дахин нэгтгэх бодлого баримтлах шаардлагатай болж байна.
Этнологи болон антропологийн ирээдүйн чиг хандлага
Дүгнэж үзвэл, “угсаатны зүйн” цаашдийн чиг хандлагыг антропологи юмуу этнологи гэж нэрлэх нь зохимжтой гэдэг тодорхой юм. Харин эндээс алийг нь сонгож авах вэ гэдэг бол бидний дараагийн асуудал болж байна. 1995 оноос хойш этнологи гэсэн сонголт хийсэн нь зөв зүйтэй шийдэл байсан боловч бас дутагдалтай талууд нэлээд байна. Учир нь дэлхий дахиндэтнологи гэдэг нэр томъёо улам шахагдаж антропологи гэдэг нь хүчтэй түрэн орж ирж байгаа нь олон жишээн дээрээс тодорхой байдаг. Этнологи гэдэг үг антропологи гэдэг утгаар хамгийн хүчтэй хэрэглэгдсээр ирсэн Франц хэлтнүүд л гэхэд сүүлийн үед энэ хоёр нэр томъёог хосоор хэрэглэх эсвэл заримдаа дан антропологи гэж хэрэглэх тохиолдол нэлээд түгээмэл болоод байна. Тухайлбал, Францын энэ мэргэжилийн томоохон толь бичиг нь “Этнологи, антропологийн толь бичиг” (Dictionaire de l’ethnologie et de l’anthropologie 1991) гэх буюу голлон үздэг сурах бичиг нь “Нийгэм, соёлын антропологи” (Anthropologie sociale et culturelle 1992) гэсэн нэртэй байна.
Түүнчлэн хэдий энэ хоёр нэр томъёо ялгаагүй нэгэн зүйлийг нэрлэж байгаа гэж ном сурах бичиг, нэр томъёоны толиудад санал нэгтэй хүлээн зөвшөөрөх боловч аль нэрийг нь хэрэглэж байна тэр дэг сургуулийг баримталж дэмжиж байна гэсэн санаа болдог. Тодруулбал, бид монголоор “соёлын хүн судлал” англиар cultural anthropology гэдэг нэрийг авч хэрэглэвэл дэлхийн хүн судаалчид биднийг Америкийн, харин “нийгмийн хүн судлал” буюу social anthropology гэвэл Английн, этнологи (ethnology) гэвэл Францын дэг сургуулийг баримталж байгаагаа илэрхийлэхийн нэгэн хэлбэр болно.
Дээрх хоёроос гадна бас нэгэн албан бус зөрөө ажиглагдаж байдаг. Олонх нийгэм-соёлын хүн судлаачдын хувьд Оростой шинжлэх ухааны хэлхээ холбоо зузаантай тухайлбал Монголд этнологи гэдэг нэр томъёо хэрэглэхэд нэгд, Францын бус харин Оросын дэг сургуулийг дагаж байна гэж хүлээн авах магадлал өндөр бөгөөд хоёрт, Орос, Монголд нэгэнтээ олон жил этнологи биш этнографи байсан гэдгийг мэдэх тул тэр утгаараа бидний шинэчлээд өгсөн этнологийг этнографи хэмээн хандсаар байх нь түгээмэл байдаг.
Монголд өдий болтол байсан этнографи дээр суурьлан этнологи, антропологийг цэгцтэй бүрэн бүтнээр нь хөгжүүлэхэд бид аль нэгэн их соёлын дэг сургуулийг сонгон дагах нь олон оронд байгаа энэ салбар ухааныг нэгтгэн ойртуулах гэсэн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг сөрсөн хэрэг болохын сацуу дэндүү хязгаарласан, мөн манайх шиг бага улсад бодлогын хувьд ашиггүй, зөв зүйтэй сонголт биш юм. Түүнчлэн, нэгэнтээ шахагдан өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд антропологи гэдэг үгийг хамт хэрэглэхдээ хүрээд байгаа этнологи гэдэг нэр томъёог хэрэглэх нь ч туйлын зөв шийдэл биш болж таарч байна. Харин түүний оронд нэгэнтээ дэлхийн олон оронд хүчтэй дэлгэрч байгаа олон улсууд хүлээн зөвшөөрч, танин мэдэж байгаа антропологийг авч хэрэглэх нь зөв зүйтэй юм. Ингэхдээ дангаар нь антропологи гэж хэрэглэвэл антропологийн салбар ухаанаас ялгарахгүй, тухйалбал биологийн антропологиос ялгагдахгүй болох тул түүнийг тодотгож “нийгэм-соёлын” гэдэг нэмэлтийг нь хамт хэрэглэх нь зүйтэй болов уу. Энэ нэрийн давуу тал нь нэгд, биднийг этнологи ялангуяа Орос, Монголд дангаараа байсан этнографитай хольж солихгүй; хоёрт, энэ нэр нь аль нэгэн дэг сургуулийг онцлоогүй олон улсад хэрэглэгдэж байгаа тул бидний уялдаа харилцаа олон улсын түвшинд уян хатан альч улсын энэ салбарын байгууллагатай харьцах боломжийг нээж өгнө; гуравт, нэгэнт дэлхий нийтийн хэл болж байгаа англи хэлээрх бүхий л үйл ажиллага, судалгаа шинжилгээнд ойртоно гэхчилэн олон зүйлийг дурдаж болно.
Ном зүй
Бадамхатан С. 2005. Эрдэм шинжилгээний бүтээлүүд, 3-р боть, Улаанбаатар: Монголын үндэсний түүхийн музей.
Barnard A., Spencer J. 1996. Encyclopedia of Social and Cultural Anthropology (Нийгэм, соёлын хүн судлалын нэвтэрхий толь). London: Routledge.
Bonte P., Izard M. 1991. Dictionaire de l’ethnologie et de l’anthropologie(Этнологи, Антропологийн толь бичиг). Paris: Presses Universitaires de France.
Bulag, Uradyn E. 1998. Nationalism and Hybridity in Mongolia (Монгол дахь үндэсхэрхэг үзэл ба эрлийзжилт). Oxford: Clarendon.
Deliege R. 1992. Anthropologie sociale et culturelle (Нийгэм, соёлын хүн судлал). Bruxelles: De Boeck University.
Dostal, W., Gingrish, A. 1996. German and Austrian Anthropology. Barnard A., Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropologyдотор. London: Routledge.
Hendry J. 1999. An Introduction to Social Anthropology: Other People’s Worlds (Нийгмийн хүн судлалын удиртгал: Өөр хүмүүсийн ертөнц). London: Macmillan Press.
Kottak C. P. (1974) 2004. Anthropology: The Exploration of Human Diversity.Montreal: McGraw-Hill.
Leavitt, John. French Anthropology. 1996. Ethnography (Этногафи). Barnard A. Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.
Лурье С.В. 1999. Историческая Этнология. Москва: Аспент Пресс.
Sanjek R. 1996. Ethnography (Этногафи). Barnard A., Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.
Садохин А. П., Грушевицкая Т.Г. 2000. Этнология. Москва: Высшая Школа.
Tishkov, Valery. 1996. Russian Anthropology. Barnard A., Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор.London: Routledge.
Wood P. W. 1997. Ethnography and Ethnology. T. Barfield-ийн эмхэтгэсэн The Dictionary of Anthropology (Хүн судлалын толь). Oxford: Blackwell Publishing.


[1] Манай угсаатны зүйг үндэслэгч эрдэмтэн С. Бадамхатан энэ үгийн гарлыг Грекээс үүдэлтэй гэж бичсэн байдаг (Бадамхатан 2005: 3).
[2] Эдгээрээс гадна баруун Европын, Скандинавын орнуудын, Японы гэх мэтийн олон уламжлал, дэг сургууль байж болохыг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Гэхдээ энэхүү өгүүлэлд энэ салбар ухаанд гол гэгдэх, монголын Угсаатны зүйын уламжлал шинэчлэлд нөлөө бүхий дэг сургуулийг дурдлаа.
[3] Тус нэвтэрхий толийн 2003 оны digital буюу цахим хэвлэлээс ишлэн авав.

Tuesday, May 10, 2011

ЖЕЙМС ЖОРЖ ФРЭЙЗЕР (James George Frazer)

1. Энгийн ид шидийн үе

2. Шашины үе

3. Шинжлэх ухааны үе хэмээсэн байдаг ажээ.

Тэрээр Глазговийн Их Сургууль болон Кембрижийн Тринити коллежид боловсрол эзэмшсэн гэдэг. Мөн тэрээр хүн судлаачаас гадна эртний Грек, Латин хэл судлалын салбарт өндөр нэр хүндтэй эрдэмтэн байсанг “Эртний Грек, Латин хэл судлалын төв”-ийн гишүүн хэмээх хэргэм нь нотолно. “Тринити”-гийн Title Alpha ийн гишүүнээр сонгогдож байсан тэрээр 1907-1908 оныг Ливерпүүлийн Их Сургуульд өнгөрүүлсэн аж.

“Тринити”-г төгссөнийхөө дараа хууль зүй судалж байсанч хэзээ ч уг салбарт ажиллаагүй гэдэг. Мөн эртний түүхийн талаар сонирхон судалж байсан ч Э.Тайлорийн “Эгэл соёлууд” бүтээлийг шимтэн судалсанаар нийгмийн хүн судлалыг сонирхох болжээ. Ийнхүү сонирхох болсон нь түүний найз библи судлаач Вильям Смиттэй нэлээд холбоотой байсан гэгддэг. Энэ бүхний дараагаас

тэрээр зан үйл болон домогуудын хоорондын харилцаа холбоог нарийвчлан судалж байв. Алдарт “Алтан мөчир” бүтээлдээ ч Дарвиний хувьсалийн онолын маягаар хүн төрөлхтний шашин шүтлэгийн хөгжлийг гурав ангилж үзсэн байдаг.
Уг бүтээл нь ч хожмийн судлаачдад гүнзгий нөлөө үзүүлсэн гэж болно. Т.С.Элиот (T. S.Eliot) “Алтан мөчир”-ийг уншаад ихэд сэтгэл татагдан өөрийн “Эзгүйрсэн нутаг” (The Waste Land) хэмээх бүтээлээ бичсэн бол, Ф.Ф. Коппола “Өнөөгийн Апокалипсе” киногоо мөн л “Алтан мөчир”-ийн өгүүлэмжээр бүтээсэн байдаг.

Уг номын анхны хэвлэл нь хоёр хэсэгтэйгээр 1890 онд хэвлэгдэж байсан бол, гуравдахь нь 1915 онд 12 хэсэгтэйгээр хэвлэгдэж, нэмэлт хавсралт болох 13-р хэсэг нь 1936 онд нэмэгджээ. Мөн энэ алдартай бүтээлийн хураангуйг 1922 онд эхнэр нь эмхэтгэн хэвлүүлсэн байдаг.








Sunday, May 8, 2011

Ураг төрлийн антропологи

Антропологит ураг төрөл гэдэг нь соёлын, түүхийн гарал угсаа, аль эсвэл биологийн үе удмын үүслийг нэрлэсэн харилцаа байдаг. Магадгүй энэ тодорхойлолт хэт ерөнхий мэт санагдах болов уу. Тэгвэл антропологит ураг төрлийн тогтолцоонд юу юуг багтааж авч үздэгийг ажиглавал энэ бүдэг байдал бага зэрэг тодрох байх. Ураг төрлийн тогтолцоонд хүмүүсийн ураг удам, бусадтай төрөл садан болсон харилцаа, гэрлэлт, биологийн “дадал”, гэр бүлийн гишүүдийн үүрэг, зэрэглэл, өв залгамжлал гэх мэт маш өргөн хүрээг хамруулан авч үздэг. Дээрх бүх харилцаа соёл нийгэм болгонд харилцан адилгүй байдаг гэж болно. Тухайлбал Монголчуудын гэр бүл болох заншилд бэр нь инжтэй, хүргэн нь сүй бэлэгтэй байдаг бол Энэтхэгт бэр болох хүн нь их хэмжээний инж өгч байх жишээтэй. Зарим нийгэмд эрэгтэйчүүд нь “гэр зуурын” ажил хийж, нүүр амаа будаж байхад эмэгтэйчүүд нь ан хийдэг. Гэтэл ихэнх нийгэмд эмэгтэйчүүд нь “гэр зуурын” ажлаа хийж, эрчүүд нь ан гөрөө, бусад “гадуурх ажлаа” хийж байдаг. Мөн соёл нийгэм бүрт гэр доторх ах дүү, ээж аавын байр суурийн зэрэглэл байдаг, түүнчлэн хүүхэдтэй эмэгтэй, хүүхэдгүй эмэгтэй хоёрын байр суурийн ялгаа, ахмадаа хүндлэх дүүмэд хүмүүсийн хүндэтгэл зэрэг нь ураг төрлийн судалгааны судлагдахуун болдог юм.

Ураг төрлийн энэхүү харилцаан дээр маш олон нийгмийн бүтэц суурьлагдаж байдаг. Тийм ч учраас аливаа нийгмийг бүхэллэг цогц байдлаар авч судлахыг зорьдог антропологийн хувьд энэ салбар нь ихээхэн чухал байдаг гэж болно. Энэ судалгааны үндсийг магадгүй Л.Х.Морган Ирокиз индаинчуудын дунд хийсэн хээрийн шинжилгээний ажлаараа тавьсан. Тэрээр Systems of Consanguinity and Affinity of the Human Family хэмээх 1871 оны бүтээлдээ ураг төрлийн зарим нэр томъёог санал болгож тэр дундаа ураг төрлийн тогтолцоо гэсэн санааг гаргаж ирэн, зарим ураг төрлийн тогтолцоог ангилах гэж оролдсон байдаг. Түүний “ураг төрлийн тогтолцоо” гэсэн санаа XX эхэн үе хүртэл антропологит нөлөөтэй хэвээр байсан юм. XX зууны дунд үеэс буюу тодорхой хэлбэл 1949 онд Ж.Мердокийн хэдэн зуун нийгэм соёлын ураг төрлийн тогтолцоог харьцуулан судалсан судалгаа гарч, түгээмэл ураг төрлийн тогтолцоог хайх санаа дэвшүүлж байв. Энэ судалгааны үр дүнд цөм гэр бүл (nuclear family), өргөтгөсөн гэр бүл (extended family) хэмээсэн ангилал гарч ирсэн гэж болно. Цөм гэр бүл нь гэр бүлийнхээ ойр төрлийн садан ураг буюу аав ээж, ах дүү гэх мэт нэгээс хоёрдугаар үеийн төрөл дээр төвлөрдөг бол өргөтгөсөн гэр бүл нь түүнээс цааших төрлүүд дээрээ бас төвлөрдөг гэсэн санаа юм. Мөн энэ үед К.Леви-Строссын ураг төрлийн анхны хэлбэр санаа нь гэрлэлтийн харилцаа нь “солилцооны төлөв” байдаг гэсэн гаргалгаанд хүрч байв.

Британы антропологит ураг төрөл нь хувь бодгалиудын харилцааны сүлжээ байдаг гэсэн санаа аль эрт Радклифф-Брауны бүтээлд ажиглагддаг. Түүнээс хойш В.Түрнер, М.Глүкман нар аливаа нийгэм, хот, хүй бүлэг, нийтлэг дэх идэвхитэй сүлжээний харилцааны талаар бичиж байсан байдаг.

Бэлэгдэлийн ураг төрлийн судалгааг эхлүүлсэн хүн бол магадгүй Д.Шнейдер байх. Ер нь түүнээс өмнөх ураг төрлийн судалгаанд ураг төрөл дэх нийгмийн болон биологийн шинж чанарыг судалж байсанг тэрээр шүүмжилсэн байдаг гэж болно. Энэ бүхний эсрэг тэрээр аливаа нийгэмд ураг төрлийн нийгмийн шинж чанар нь биологийнхоосоо их байдаг гэсэн санааг гаргаж, судлаачид одоо ураг төрлийн судалгаа хийхдээ түүнийг биологийн бус нийгмийн талаас нь харах ёстой хэмээн тодорхой баримт гаргасан байдаг. Энэ бүх ажлыг нь Ж.Карстен өндрөөр үнэлж шинэ ураг төрлийн судалгааг үндэслэгч хэмээн түүнийг магтсан байдаг төдийгүй энэ санаан дээр тулгуурлан “харилцаанууд” гэсэн санааг гаргаж иржээ. Энэ “харилцаанууд” гэсэн үг нь ураг төрөл гэсэн үгийг төлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол ураг төрөл нь төрөл бүрийн харилцаанууд болж байгаа бололтой.

Энэ бүхний эцэст дүгнэлт хийхэд ураг төрлийн судалгаа Л.Х.Морганаас эхэлж аливаа нийгэм соёл дэх ураг төрлийн тогтолцоог бүртгэх, цуглуулах хандлагатай байсанаа, XX зууны эхэн, дунд үеэс ураг төрлийн тогтолцооны гүнд нэвтрэх, онол бүтээх хандлага ноёрхож байсан нь Ж.Мердок, К.Леви-Строссын санаануудаас харагдаж байгаа болов уу. Улмаар 1970-аад оноос ураг төрлийн судалгаанд биологийн бус нийгмийн шинжийг нь голлон судлах хандлага түлхүү хөгжих болж, ураг төрлийг бүхэлд нь харилцаа гэж тодорхойлход хүргэсэн байна. Үнэхээр ч орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшил бидний биологийн гэж боддог бодлуудыг нийгмийн шинжтэй болгож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал хувилж гаргасан Долли хонь, колон хүүхдийн санаа гэх мэт нь үүнд итгэх хүчтэй шалтгаан болж байгааг ухамсартай тунгаах хэрэгтэй болж байна

Wednesday, April 27, 2011

Кэмбрижийн Их Сургуулийн Антропологийн багш Урадын Э.Булаг


Дэлхийд алдартай Кэмбрижийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалан тус сургуульдаа багшилдаг нэгэн антропологичийн танилцуулж байна. Урадын Э.Булагийн тухай http://www.socanth.cam.ac.uk/people/core-academic-staff/dr-uradyn-e-bulag/ энэ хаягаар орж үзэж болно. Түүний зохиол бүтээл ч дэлгэрэнгүй байгааг цааш нь лавшруулан үзээрэй. Английн их сургуулиудын багш нарын зэрэг нь lecturer, reader, professor гэсэн дараалалтай бөгөөд тэрбээр reader хэмээх албан тушаал хашдаг ажээ.

Monday, April 25, 2011

Харвардад антропологиор доктор цол хамгаалсан Монгол бүсгүй



Миний хамаарч буй мэргэжлээр Харвардад докторын зэрэг хамгаалсан эмэгтэйн тухай мэдээлэл нэтээр тархаад удаж байгаа билээ. Энэ сүрхий эмэгтэй антропологич юм шүү гэдгийг хүмүүст сонин болгох үүднээс тус ярилцлагыг "хулгайлчихлаа". Бүрэн эхээр нь уншина уу. Ташрамд дурдахад тэрбээр одоо Массачусетсийн технологийн институтэд ажиллаж байгааг энэ хаягаар орж харна уу. https://anthropology.mit.edu/people/faculty/manduhai-buyandelger Доор ярилцлага нь аль 2006 онд хийгдсэн тул зарим мэдээлэл нь жаахан хуучирсан байгаа болно.


Харвардын их сургуулийн Урлаг, шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мандухайтай “Алтангадас” сэтгүүл интернэтээр тун сонирхолтой ярилцлага хийлээ. Дэлхийд №1 гэж хүлээн зөвшөөрөгддөг, олон орны эрдэмтэн, судлаач, лидерүүдийн сурахсан гэж мөрөөддөг энэ сургуульд монгол хүн мастерын болон докторын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа нь үнэхээр бахархмаар.

Анх Харвардад суралцах болсон тухайгаасаа ярихгүй юу? Яаж өргөдөл гаргасан, сургууль хэрхэн хүлээн авсан зэргийн талаар?
Анх Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт (Fulbright Fellowship) өргөдөл гаргасан юм. Фулбрайт бага мөнгөөр олон хүнийг сурал­цуулахыг зорьдог учир Харвард зэрэг үнэтэй сургуульд ханддаггүй. Ихэвчлэн улсын, арай хямд төл­бөртэй сургуульд өмнөөс нь өргөдөл гаргадаг юм билээ. Би 1995 онд Фулбрайтад тэнцэж, Фулбрайтын өргөдөл гаргасан хэдэн сургуулиас Arizona, New York State бас Oregon-ы их сургууль намайг авья гэсэн байсан. Би New York State-ийг сонгоод, тэр зун нь англи хэлний мэдлэг дээшлүүлэх курст Boston-ы их сургуульд ирсэн байсан. Харвард Бостонд шүү дээ. Тэгээд Манж, Монголыг сонирхдог профессор Харвардад бий гэхээр нь цаг аваад уулзсан юм. Ярьж байх хооронд тэр намайг юу ч гэсэн Харвардад өргөдөлийн маягтаа өгөөд үз, тэнцвэл шилжээрэй гээд надтай ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн юм (миний орос, төвд, бас бага зэрэг франц хэлтэй, англи хэлэндээ сайн байсныг минь олзуурхсан байх л даа). Би нэг их онц зүйл бодолгүй өргөдөлийн маягтаа Харвардад бичиж өгсөн (маш хожимдсон өргөдөл байсан). Тэд миний эссег үнэлж, тусгай нөхцөл гарган шилжүүлж авсан. (Фулбрай¬тын мөнгөн дээр өөрсдийн фондоос мөнгө гаргаж, сургалтын төлбөрийг нөхсөн)

Хэдий хугацаанд хөөцөлдсөн бэ, хүлээн авна гэдэгт итгэлтэй байсан уу?
Үнэндээ их юм бодоогүй ээ. Орохгүй бол тэр л биз, алдах юм юу байх вэ гэж бодсон. Орох, орохгүй нь миний мэдэлд биш учир санаа зовоод нэмэргүй шүү дээ. Ер нь өргөдөлөө явуулаад мартах хэрэгтэй, санаа зовоод ямар ч нэмэргүй
.
Харвардад одоо сурч, судалгааны ажил хийж байгаа өөр монгол хүн байдаг уу?
Сайн мэдэхгүй байна. Том сургууль шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нэг хүн бий гэсэн. Анагаахад бас нэг байдаг гэж дуулсан. Монгол хүн хайгаад явах зав даан ч байхгүй шүү дээ.

Харвардад зэрэг хамгаалахад их мөнгө төлдөг үү?
Сургууль болон зэргээсээ болно. Жилд ойролцоогоор 45 мянган ам.доллар байх. Докторын оюутнууд тэтгэлэг авахаар өрсөлддөг. Би хувийн мөнгөгүй учир Фулбрайтын дараа дандаа тэтгэлэгүүдэд өргөдөл гаргаж, өрсөлддөг байсан.

Тэтгэлэг авахад хэцүү юу, ямар шалгууруудыг гол болгодог вэ?
Фулбрайт дууссаны дараа би олон тэтгэлэг авч байж тэр их мөнгийг төлдөг байсан. Яаж олох вэ гэдэг нь тэтгэлэгээсээ хамаарна. Докторант болоход тухайн тэнхим тэтгэлэг олгох мэдээлэл, чиглэлээ өгдөг. Олон улсын, зөвхөн АНУ-ын, бас Харвардын гээд олон янз байдаг. Бүгдийг өөрөө л хийнэ. Олон хуудас эрдэм шинжилгээний зүйл бичнэ. Бүх тэтгэлэг өөр өөр зүйл шаардана. Зарим нь бага мөнгөтэй, зарим нь овоо их. Хэд хэдэн тэтгэлэгийг нийлүүлж байж сургалтынхаа төлбөрийг төлж дуусгана. Маш их цаг шаарддаг. Тусгай давхар ажил л гэсэн үг. Би тэтгэлэг олох гэж өргөдөл захиа бичиж олон хоног нойргүй хонодог байсан. Хичээл, судалгааны ажлын хажуугаар амжуулна шүү дээ. Хамгийн гол нь олон чадалтай хүмүүсийн дундаас, яагаад бусдад нь тэр мөнгөө өгөхгүй, харин ганцхан надад өгөх нь зөв юм бэ гэдгээ итгүүлнэ гэдэг амаргүй. Шинэ санаа гаргасан хүнийг л сонгоно. Маш өрсөлдөөнтэй, хэдэн зуун мянган хүнээс ганц нэгд нь л олддог.

Тэгэхээр хэдэн оноос Харвардад сурах болсон гэсэн үг вэ?
1995 онд Харвардын Дорно дахины судлалын тэнхимд доктор хийх гэж элссэн. Тэнд миний багш, дэлхийд нэртэй Манж болон Монгол түүхийн судлаач хүн байсан. Тэр намайг 16-р зууны Монголын түүхийг судлаач гэсэн юм. Гэвч би 16-р зууны үеийн хаад ноёдын түүхээс илүү Монгол улсад болж байгаа орчин үеийн өөрчлөлт, жирийн хүмүүсийн амьдрал, зах зээлийн хүнд хэцүү үеийг яаж даван туулж байгаа, бас шашин энэ нийгмийн өөрчлөлтөнд ямар үүрэгтэй байгааг нь илүү сонирхож байсан. Ингээд Дорно дахины тэнхимд 2 жил болоод тэндээсээ Антропологийн тэнхимд орсон. Тэнд хийе гэж мөрөөдөж байсан ажлаа хийж дуусгасан. 1999 онд магистраа хамгаалсан, дараа нь үргэлжлүүлж сураад 2004 онд Доктороо хамгаалсан. Одоо эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр дахь жилдээ Харвардад ажиллаж байна. Энэ хугацаанд номоо хэвлүүлж гаргана. Судлаач хүний судалгааны ажил дуусна гэж байдаггүй шүү дээ. Цаашид үргэлжлүүлж шинэ сэдэв рүү орно.

Магистрын болон докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
Би нийгмийн антропологич мэргэжилтэй. Гэхдээ “яс судалдаг” нь биш. Тэр бол биологийн антропологи. Миний сэдэв бол социализм задарч, шинэ нийгмийн харил­цаа үүсэж, шинэ соёл, түүхийн ойлголт бүрэл­дэн тогтоход, жирийн хүмүүс зах зээлийн нөхцөлд дасан амьдрахад Буриадын бөө мөргөл чухам ямар үүрэгтэй болохыг судалсан. Бөө мөргөл бол шашин гэхээс илүү хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь үзэл бодол, аман түүх, театрчилсан урлаг, бас нийгмийн ёс зүйн харилцааг бататгах соёлын өвөрмөц нэгэн арга, мөн нийгмийг шүүмжилсэн дуу хоолой гээд маш олон утга учиртай юм байна лээ.

Нийгмийн антропологи чухам юуг судалдаг юм бэ?
Бидний ажилладаг асуултын жишээ гэвэл, Хүн төрөлхтөн хэдийгээр сэтгэн бодохуй болон бие организмын хувьд дэлхийн хаана ч адилхан ч яагаад соёл, нийгмийн хувьд бие биенээсээ хамаагүй өөр байдаг юм бэ? Ямар түүхэн, улс төрийн болон бусад нөхцлөөс болж хүмүүсийн амьдрал ахуй өөрчлөгддөг, зовж шаналдаг, эсвэл таатай байдаг? Ямар нөхцөл байдлаас болж эрх тэгш бус байдал үүсдэг? Шинэ нийгмийн болон соёлын хэлбэр, шинэ амьдрах арга хэлбэр яаж, хаана үүсэж байна вэ, үүнд жирийн хүмүүс яаж оролцож байна? зэрэг асуудлууд юм. Өөрөөр хэлбэл антропологи бол хүний өдөр тутмын амьдралыг, түүх, улс төр, нийгэм, соёл, хүн бодож бүтээсэн бүх зүйлийг нийтэд нь судалдаг шинжлэх ухаан юм. Бас хүмүүнлэг үзлийг баримталдаг, дарлал колончлолын эсрэг, хүний эрхийг эрхэмлэсэн, либерал үзэлтэй салбар. Бидний бүтээдэг зүйл бол этнографийн ном. Энэ нь тухайн хүмүүсийн тухай судалсан эрдэм шинжилгээний хүүрнэсэн дэлгэрэнгүй нарийвчилсан зохиол гэсэн үг.

Яагаад энэ бөө мөргөлийн сэдвийг сонгох болов?
Шашин социализмын үед дарагдаж байгаад социализмын дараа эргээд дэлгэрч эхэлсэн. Яаж дарагдаж, мөн сэргэх үед нь нийгэм, хүний амьдралд ямар өөрчлөлт орж байна гэдгээс эхэлсэн юм. Антропологич хүн нэгэн хэсэг хүмүүсийг судалж байгаа бол тэр хүмүүстэй дор хаяж нэг жил дунд нь амьдрах ёстой. Амьдралд нь гүн орж, ажиглаж, оролцож байж л судалгаа хийдэг юм. Би 1996-1999 оны зуны сарууд, бас 1999-2000 онд дорнодод нэг жил амьдарч билээ. Бөө мөргөл бол зөвхөн шашин биш, энэ бол тухайн хүмүүсийн маш нарийвчилсан түүхэн дурсахуй (ялангуяа дарагдсан, мартагдсан түүх), ганц хүний тайзны урлаг, бас тухайн нийгмийг егөөдөж шүүмжилсэн, урлагжуулсан улс төрийн дуу хоолойн нэгэн хэлбэр. Буриадуудын дунд бөө мөргөл маш их дэлгэрч байсан болохоор тэрний учир утгыг нь олох гэж явсан юм.

Бөөгийн удамтай хүн онгоноо тахиж аргадаж, бөөлж байхгүй бол өвдөж зовдог гэж би дуулсан. Энэ үнэн үү?
Би сая бөө мөргөл бол түүх гэж хэллээ. Бөөгийн онгоноо тахина гэдэг бол (Мон¬голын Буриадуудын хувьд) онгоны ярьж байгаа түүх, өнгөрсөн амьдралыг нь хойч үе нь мэдэж авна гэсэн үг. Бөө нар шинэ үеийнхнийг түүх, удам судар, Оросын хаадууд Сибирийг колоничлох үед алдсан газар нутгийнх нь нэр усыг нь мэдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ соёл, түүхтэй нь холбоотой байлгаж, ямар учраас тухайн хүмүүс бусдаас ялгарч байдгийг нь мартуулахгүй байж, мэдүүлж байдаг гэж би ойлгосон. Харин тухайн хүн өөрийнхөө зовлонг яаж ч тайлбарлаж болно. Хүмүүс ихэвчлэн өөрийн итгэдэг, сайн мэддэг, аль ойр зүйлээрээ тайлбарладаг шүү дээ. Бөө нар үнэхээр тэгж тайлбарладаг. Бөө мөргөл бол өөрөө өвчнийг тайлбарлах, ухаарах, эмчлэх соёлын нэг арга юм гэж бас хэлж болно. Өөрөөр хэлбэл өвчин гэдгийг Европын шинжлэх ухааны үүднээс биш, харин тодорхой хүмүүсийн соёлын нарийн онцлогоос тайлбарлана шүү дээ. Жишээ нь Төвд эмнэлэг ханиадыг хий, бадганы тэнцвэр алдагдсанаас гэж тайлбарладаг байхад орчин үеийнх нь вируснаас болсон гэдэг. Эсвэл, унах, ухаан алдах өвчнийг Европт epilepsy (тархинд саад учирлаа) гээд химийн бодисоор эмчилдэг байхад Африкт malyaria тусаад халуурч, балайрч байна гэдэг, харин зарим нь өвөг дээдсийн сүнс дайрч гэж тайлбарладаг. Чухам алинд нь ит¬гэх вэ гэдэг нь тухайн хүний л сонголт юм.

Буддын шашин монголчуудыг номхон, хүлцэнгүй болгосон гэдэг. Хэрэв бөөгийн шашнаа тэргүүн зэрэгт тавьдаг, нийтээрээ сүсэглэдэг байсан бол манай нийгмийн нийтлэг дүр төрх ямар байх байсан бол гэж танд санагддаг вэ?
Шашин судална гэдэг маань сурталчилна гэсэн үг биш юм л даа. Би таны асуултанд хариулж мэдэхгүй юм. Түүхэнд болоогүй юманд дүгнэлт хийх боломж байхгүй шүү дээ. Бөө нар мэдээж Монгол улс бөө мөргөлтэй байсан бол дэвжих байсан юм гэж ярина. Шашин хоорондоо өрсөлддөг нь дэлхийд түгээмэл зүйл шүү дээ. Аль ч шашин аль болохоор олон сүсэгтэнг хамруулахын төлөө байдаг. Хүн ганц шашныг дагнах албагүй, ер нь дагнадаггүй болсон байна лээ. Харин бөө мөргөл болон төрийн мандал, бууралт хоёрын холбооны талаар Английн Кембрижийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, нэрт эрдэмтэн Caroline Humphrey онол гаргасныг “Алтангадас”-ын уншигчидтай хуваалцья. Монголын газар нутаг дээр түүхэнд тогтносон төр улсууд дандаа бөө мөргөлийн оролцоотойгоор гарч ирсэн боловч тухайн төр хүчтэй болонгуут бөө мөргөлийг төрөөс холдуулж, захчилж байдаг. Харин төр суларсан үед бөө мөргөл дахин шинэ хэлбэрээр мандаж, нийгмийн амьдралд илүү нөлөөтэй болдог байсан гэсэн байна лээ. Сонин судалгаа байгаа биз.

Бөөгийн шашныг судлах явцад таны сонирхлыг эрхгүй татаж, илүү шимтэн судлахад хүргэж байсан, сонирхолтой санагддаг зүйл нь юу вэ?
Би сонирхсон зүйлээ л судалж байсан л даа. Нэгэн жишээ хэлье л дээ. Монголын буриадын бөөгийн дэлхийн бусад бөөгөөс ялгагдах нэг онцлог бол эрэгтэй, эмэгтэй бөө нар адил эрх мэдэлтэй, адил чадалтай онгодтой байдаг. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн тэргүүлж байдаг улс оронд энэ дүрэм бол маш ер бусын зүйл. Гэвч дүрэм нь тэгш мөртлөө амьдрал дээр яагаад үгүй байдгийг нь би цаашлуулж судалж байсан юм.

Зарим хүмүүс яагаад гадаадын эрдэмтэн, судлаа¬чид монгол судлалын чиглэлээр ажилладаг юм бол, тэдэнд юу нь сонирхолтой юм бол гэж гайхдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
Танд гашуун үнэнийг дуулгая, уучилна биз ээ. Монголыг сонирхон судалж буй газар туйлын ховор юм шүү дээ. Монгол судлал гэдэг тэнхим юмуу мэргэжлийн хэргэм зэрэг өгдөг хөтөлбөр АНУ-д нэг ширхэг ч байхгүй, мөн Европт ч байдгийг би мэдэхгүй юм байна. Indiana-гийн их сургуулийн Еврази судлалын тэнхимд яг монгол судлаач гэх хоёр профессор бий. Chistopher Atwood, George Kara нар. Монголын талаар судалдаг мэр сэр эрдэмтэд нь түүх, антропологи, улстөр судлаач нар байдаг. Харин Японд бусад орноос илүү Монгол судлал хөгжсөн юм билээ. Гэхдээ тэр зүгийн эрдэмтэдтэй холбоо бага тул сайн мэдэхгүй юм. Өвөрмонгол эрдэмтэд гадаадад манай эрдэмтдээс илүү өндөр байр суурьтай гэдгийг дашрамд хэлье. АНУ-д бол Хятад, Энэтхэг, Солонгос, Турк зэрэг оронтой харьцуулбал Монгол судлал бараг байхгүй. АНУ бол судалгааны мөнгөө маш нарийн бодолтой зарцуулдаг орон. Эдийн засгийн (газрын тос) болон стратегийн үүднээс Казахстан, Узбекистан, Хятад улсуудыг давуу сонирхдог. Хүйтэн дайны, социализмын үед монголыг илүүтэй судалж байсан ч одоо үгүй. Дашрамд хэлэхэд, бусад орны хөрөнгө мөнгөтэй хүмүүс улсаа сурталчилах үүднээс өөрийн орныхоо судалгааны төвүүдийг байгуулдаг юм билээ. Жишээ нь, Харвардад Хятад судлал хамгийн хүчтэй. Хятад баячуудын хандив маш их үүрэг гүйцэтгэдэг. Мөн Украин судлал маш том төвтэй. Оросоос эрт тасарч дөрвөсөн Украинчууд тэтгэдэг юм билээ.

Харвардад Монгол судлалын талаар материал, ном, судалгаа зэрэг зүйл хангалттай байдаг уу?
Ном материал маш элбэг. Эртний ганжуур, данжуураас эхлээд саяын хэдэн жилд хэвлэгдсэн ном, брошюр бараг бүгд бий. Харвард алслагдсан ямар ч газраас ном хэвлэл захиалдаг гайхамшигтай системтэй юм билээ.

Харвардынханд таны сэдвийн юу нь сонирхолтой байна. Мөн та удирдагч багш нарынхаа тухай яриач?
Сонирхоогүй бол докторантурт элсүүлж, өчнөөн мөнгө болон цаг завын дэмжлэг гаргахгүй байсан болов уу. Социализмын үед шашин дарагдаж байсан, социализм бутраад ямар шинэ онол гаргаж болох вэ зэрэг миний дэвшүүлсэн асуудлыг анхнаасаа л сонирхож ирсэн. Би докторант байхдаа албан ёсны таван удирдагчтай ажилласан. Нэмж хоёр багш албан бус байдлаар миний ажлыг сонирхож, санаа оноогоо хуваалцаж ирсэн. Ер нь хамтран ажиллах сонирхолтой профессорууд олон байсан бөгөөд антропологийн тэнхим намайг бүрэн дэмжиж ирсэн юм. Гол удирдагч маань настай хүн бий. Нобелийн шагналтай дүйцэх Balzan гэдэг шагнал авсан, шашин, улс төрийн хэлмэгдэл, колоничлолын бутралын талаар 30-аад ном бичсэн хүн, Шри-Ланка, Тайланд судлаач хүн бий. Дараагийнх нь Индонезийн бөө, улс төрийн терроризм, төрийн дарангуйлал, өдөр тутмын хүчирхийлэл зэрэг сэдвүүд дээр ажилладаг, маш нэртэй настай эмэгтэй. Гурав дахь нь, Хятадын жендерийн асуудал, гэр бүлийн харьцаа, санан дурсахуй болон мартах талаар нэрд гарсан хүн. Дөрөв дэх нь, глобалчлал, зах зээл, худалдаа наймаа, эдийн засгаар ажилладаг. Тав дахь нь, Дундад азийн угийн бичиг, Осама бин Ладений гэр бүл болон бусад том гэр бүлүүдийн дэлхий нийтээр тархсан түүх, өвөг дээдсийг, санан дурсах соёлын арга гэх мэт маш сонирхолтой зүйлийг судалдаг эрдэмтэн. Эд нартай олон жил ойр дотно ажиллаж ирэхэд маш их юм сурсан. Хэлсэн, бичсэн өгүүлбэр болгон нь шинэ санаа агуулж байдаг, ёстой л бодол санааны дуусахгүй уурхай болсон гайхамшигтай эрдэмтэд.

Бөөгийн шашныг тэд ойлгох уу, тэдэнд юу нь илүү сонирхолтой байдаг вэ?

Бөө бол дэлхийд түгээмэл үзэгдэл. Харин газар газар өөр ойлголттой. Тэд бөөгийн талаар надаас ч илүү мэднэ. Харин Буриад болон Монгол бөөгийн онцлог чанар, бас монголын талаар сайн мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Багш нарын оюутантай харилцах харьцаа, биеэ авч явах соёл, ёс зүй, хичээлээ явуулах, оюутныг дүгнэх, даалгавар өгөх зэргийнх нь талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
Миний удирдагч нар докторантуудтай найз нөхөд шиг л харьцдаг юм. Тун завгүй байсан ч гэртээ хоолонд урина, үдийн цайг хамт уунгаа ажлаа ярина, санал солилцоно, зөвөлгөө өгнө. Харин ажлаа орхисон докторантуудыг орхичихдог юм байна лээ. Өөрсдөө л мэрийхгүй бол тэр завгүй багш нар мартана шүү дээ. Шахаж, шаардах нь бараг үгүй. Харвардынхан илүү ажиллаад ядаргаанд орно уу гэхээс дутуу ажилладаг хүн огт байхгүй. Гэхдээ багш нар нь оюутнуудаа амарсангүй гэж загнана, кино үз, салхинд гар гэж дандаа зөвлөнө. Би багш нартайгаа одоо ч хамтран ажиллагсад. Уншсан зүйлээ хуваалцана. Бичсэн зүйлээ бие биедээ уншуулж санал солилцоно.

Олон орноос ирсэн лидерүүд сурдаг гэж ойлгодог. Тэдэнтэй харилцахад ямар вэ, тэднээс суралцана биз?
Тийм ээ. Бие биедээ сайхан найз нөхөд, хамтрагчид, зөвлөгчид болдог. Тэднээс маш их зүйл суралцсан. Олон ч найз нөхөдтэй болсон. Одоо дэлхийн өнцөг булан бүрт багшилж байгаа.

Таны хувьд ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Одоогоор номоо бичиж байна. Өглөө эрт гараад ажлынхаа өрөөнд эсвэл гэртээ очиж бичнэ, уншина, өдрийн цайны дараа номын санд сууна. Орой ямар нэгэн лекц цуглаанд явах хэрэг гардаг. Орой бас үргэлжлүүлж бичнэ. Энэ бол маш ховор бөгөөд завшаантай нөхцөл. Миний хувьд Харвард уран бүтээлийн чөлөө өгсөн учир би санаагаа боловсруулах цаг завтай байгаа нь тун завшаантай хэрэг.

Tuesday, April 12, 2011

Аюултай хишиг: Монголын албан бус алтны уурхайн эдийн засаг дахь хөрөнгө ба эцэгчлэл


Журмын нөхөр Г.Баттогтохтой хамт редакторласан нэгэн бүтээл хэвлэгдсэн байна. Өнгөрсөн оны бас нэгэн ажил маань. Энэ бол Лондонгийн Их Сургуулийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн (London School of Economics and Social Sciences) докторын дараах тэтгэлэгт судлаач Мэтэ Мэри Хайн "Аюултай хишиг: Монголын албан бус алтны уурхайн эдийн засаг дахь хөрөнгө ба эцэгчлэл" хэмээх бүтээл юм. Мэтэ Хай Өвөрхангай аймгийн Уянга суманд 20 сарын турш хээрийн судалгаа хийж, тус сумын малчид, гар аргаар алт олборлогч буюу нинжа нарын талаар судлан Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн Антропологийн тэнхимд докторын зэрэг хамгаалсан билээ. Тус бүтээлийг МУИС-ын Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч Др.Бум-Очир монгол хэлнээ хөрвүүлэн, Кембрижийн Их Сургуулийн Профессор Каролайн Хамфри, МУИС-ын профессор С.Дулам нар өмнөх үгийг бичсэн байна. Антропологийн бүтээлүүд шил шилээ даран хэвлэгдсээр байгаа нь энэ ухааныг тусгаар тогтнуулах гэж хэмжээндээ хичээж явдаг миний хувьд их сайхан байнаа. Тэгээд хэвлэгдэж буй тэр номуудад нь гар бие оролцож байгаа нь мөн нэр төрийн хэрэг байх гэж өөрийгөө хөөрхөн хөөргөдөж буй билээ. Номын хур шаагих болтугай.

Monday, April 11, 2011

ШАШНЫ АНТРОПОЛОГИ

Нийгэм-соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд, түүний харилцаа холбоог тухайн болон бусад нийгмийн байгуулал, бүтэцтэй харьцуулан соёл дамнасан судалгаа хийдэг гэж болно. Энгийн үгээр бол хүний нийгэм соёл гэдэг нь бие биенээс нь салгаж тасдаж аваад судлаад байдаг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бус харин ч бие биеэтэй нь нягт уялдаа холбоотой авч судлах ёстой бүтэцүүдтэй байдаг. Ийм тул шашны антропологи нь аль нэг нийгмийн шашинг судлахдаа уг нийгмийнх нь бусад хэсгүүдтэй ч харьцуулан судалдаг гэсэн үг. Тэгвэл эл салбар ухаан шашин судлал хэмээх ухаанаас ямар ялгаа зааг болон ижил талтай юм гэсэн асуулт хэн бүхэнд төрнө. Энэ бүхэн хариулах гэж өөрийн хэрээр хичээе. Шашны антропологи нь антропологийн үндсэн суурь зарчимын нэг болон орчин үеийн бус эгэл нийгмүүдэд анхааралаа голдуу хандуулж, эгэл шашны хэлбэрүүд болон гадны сонин гаж үзэгдэлд анхаарч ирсэн байдаг нь карго культ, дом шившлэг, анимизм, тотемизмын судалгаанаас нь харагддаг. Гэхдээ энэ нь сүүлийн үеийн юм уу, орчин үежсэн нийгмүүдийн шашинг судалдаггүй гэсэн үг билээ. Харин шашин судлал нь ихэнхдээ өнөө үеийнхээ буюу судлаач амьдарч байгаа үеийнхээ шашны үйл явцыг болон тогтсон томоохон шашнуудад анхаарсан байх нь их. Ийм ч учраас Буддын, Христын, Лалын гэх мэт тотоохон шашинг судалсан судалгаа голдуу шашин судлалд хамаарч байдаг бол Бөө болон сонин гаж, хүрээ хэмжээ жижиг шүтлэгийн талаарх судалгааг ихэнхдээ антропологичид хийсэн байдаг. Гэхдээ заавал ийм ялгаа заагтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй, антропологич хүн ч Христын шашинг судалж болохтой адил шашин судлаач ч хүрээ цар жижиг шүтлэг мөргөлийн тухай анхаарч болно. Миний хэлээд байгаа энэ санаа нь дээрх хоёр ухааны адил болон зөрөөтэй талын аль альнийх нэг жишээ юм. Мөн шашны антропологи хүмүүсийн шүтээд байгаа шашин нь нийгэм болон тухайн хүндээ ямар нөлөө үзүүлж, ямархуу хүн, нийгмийг бий болгоод байгааг нь анхаардаг, шүтэгч итгэгч хүнээр нь дамжуулан уг шашинг судалдаг билээ. Жишээлбэл намайг оюутан байхад манай ангийн Б.Удвал “Бөөгийн эдийн засгийн амьдрал” сэдэвтэй судалгаа хийж байсан бөгөөд түүндээ хэн нэгэн хүн бөө болохдоо зарцуулдаг мөнгө, хөрөнгийг задлан шинжилсэн нь эл ухааны онцлогийг харуулсан хэрэг байсан. Гэтэл шашин судлал энэ мэт судалгааг хийхээсээ илүү шашны сургаал, түүний үзэл санаанд анхаарах нь их байдаг төдийгүй хүнээс нь бус нийгмийн бүтцээс нь хүн рүү нь хандсан судалгааг хийж байдаг.

Шашны антропологийн маяг загвартай судалгаа аль эртнээс хийгдэж байсан аж. Тухайлбал, XI зууны үеийн Арабын эрдэмтэд Дундад Ази болон Газар дундын тэнгис ялангуяа Энэтхэгийн шашны тухай өнөөгийн антропологичдын адил харьцуулан нэлээд гүнзгий нарийн судалгааг тэмдэглэн үлдээжээ. Тэдний Энэтхэгийн шашин шүтлэг, ёс заншилийн талаарх нэлээд өргөн, шинжилгээ нь магадгүй шашны антропологийн шашны харьцуулсан судалгааны эхлэл байсан болов уу. Энэ тухай ч зарим эрдэмтэд эртний энэ харьцуулсан хандлага өнөө үеийг хүртэл маш ховор байсан төдийгүй шашны судалгааны арга зүйд авч ашиглах шилдэг эх сурвалж болсон юм хэмээн бичиж байв. Дээрх соёл дамнасан харьцуулсан судалгаа хожмын Исламын ертөнцөд ч уламжлан бидний сайн мэдэх Иби-Халдуний (Ibn Khaldun) үед ирсэн байдаг. Улмаар энэ арга зүй Л.Морган, Э.Тайлор, Ж.Фрейзер нарын томоохон судалгаануудын хөтөч болж бидний үед иржээ.

Магадгүй шашны антропологийн гол маргаантай асуудал бол шашныг өөрийг нь тодорхойлох байж болох юм. Олонх антропологичид бөө мөргөл болон өвөг дээдсээ шүтэх шүтлэгийн хэлбэрүүдийг анхаарч үзээд шашинд сүнс, онгод дом шившлэгийн хэрэглээ, ер бусын хүчний хяналт, үл мэдэгдэх болон ирээдүйг тайлбарлах тайлбар, ид шидийн мэдлэг, зан үйлийн тоглолт, мөргөл, тахил өргөл, ер бусын хүчний төлөөлөгч гэх мэт маш олон зүйл багтсан байдаг хэмээн итгэж байна. К.Геерцийн бичсэнээр бол шашин нь (1) бэлгэдлийн тогтолцоо (2) хүчирхэг байдлыг бий болгох үйл явц (3) оршин байхын ерөнхий дэг жаягын ойлголтыг томъёологч (4) увьдас шидийн ойлголтын нөмрөг (5) сэтгэл санаа болон дур сонирхолын ганц бодит байдал мэт санагддаг.

Өнөөгийн барууны соёлд шашин гэдэг нь нэг тэнгэрийг шүтэх үзэл болон ёс суртахууны дэг жаягтай адил утгаар ойлгогдож байна. Ёс суртахуун нь Буддизм, Хиндуизмийн давхацсан итгэл бишрэлээс нэг тэнгэрийг шүтэх үзлийг чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл өрнийхөн эртнээс олон тэнгэрт нэг зэрэг итгэх явдалыг ташааж үзэхгүй байсан бол дорно зүгт бол байдал өөр олон тэнгэрт нэг зэрэг сүслэж байсан, байсаар ч байна. Энэ бүх шашин шүтлэгийн хэлбэрийг А.Валласе дөрвөн ангилалыг санал болгосон байдаг. Эдгээр нь:

1. Хувь бодгалийн: (Individualistic) илүү суурь шинжтэй, хамгийн энгийн. Тухайлбал, Уугуул Америкчуудын соёлд байх даваа давах ёслол г.м

2. Бөөгийн: (Shamanistic) шашнаа эдгээх анагаах, эмчлэгч маягаар ашигладаг, мэргэ төлөгтэй. Онгодтой, анагаагч, алганы хээ уншигч гэсэн зэрэглэлтэй.

3. Нийтийн: (Communal) уламжлагдан ямар нэг овогт ирсэн зохион байгуулалттай хүмүүсийн бүлэг, зарим нийтлэгийн шашин, өвөг дээдсийн шүтлэг үүнд багтана.

4. Сүм хийдийн: (Ecclesiastical) дээрх гурвыгаа багтаасан, нэлээд цуглуулага, холимог маягтай.

Үнэндээ шашин гэж үүнийг хэлнэ, энэ шашин үүнд багтана, тэр нь түүнд багтана гэх мэтээр хатуу нот хуваах хэцүү байдаг. Учир нь хүний нийгэм гэдэг зүйл өөрөө маш их холигдмол, нийлмэл байдагтай холбоотой юм. Зөвхөн аль нэг нийгмийн эдийн засгийг судлахын тулд тухайн нийгмийн улс төрийн хүрээ, түүхийн онцлог, хүн амын сэтгэл зүй гэх мэтээр маш олон салбарын өнцгөөс харах хэрэг гарна. Ийм л учраас сүүлийн үед салбар ухаануудын зааг ялгаа байхгүй болж байгаа талаар судлаачид өгүүлэх болжээ. Хэн нэгэн хүн би улс төр судлаач эсвэл соёл судлаач, антропологич гэж хатуу бат хэлж болох ч түүний судалгаа өнөөгийн цаг үед аль ч салбар ухаанд хэрэглэгдэн иш татагдах болсон нь үүний тод жишээ юм. Энэ байдал ялангуяа антропологит ихээхэн хамаатай байсан төдийгүй одоо ч үүргээ хадгалсаар байна.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...