Monday, April 13, 2015

Төр овгийг үүсгэх нь: Антропологийн хийсвэрлэл хийгээд Дотоод Ази дахь “тэргүүн үгүй” төр

Кэмбрижийн Их Сургууль
Дэвид Снийт

Хураангуй

XIX зууны нийгмийн хувьсалын онол (evolutionist social theory) ураг төрөл нь төргүй нийгмийг (nonstate society) зохион байгуулагч гол зарчим юм хэмээн үзсэн байдаг. Ураг төрөлд тулгуурласан тэгш эрхт нийгэм нь (egalitarian kinship society) хувь хүнтэй хамааралгүй ангийн нийгмээр (impersonal class society) солигддог хэмээн үзэх энэхүү онолын өөрчлөлт нь овог аймгийн тухай (clan/tribe) антропологийн ухааны ойлголт бүрэлдэн тогтох үндсэн суурь болсон билээ. Гэвч XX зууны сүүлээс барууны антропологийн ухаанд  уг хувьслын онол болон ураг төрлийн, овог аймгийн (clan/tribe) нийгмийн тухай антропологийн сонгодог онолыг хэрэглэхээ болсон юм. Энэхүү өгүүлэлд Дотоод Азийн “овог аймгийн” (clan/tribe) нийгмийн тухай ойлголтыг дахин шинжлэх төдийгүй “төрт” болон “төргүй” нийгмийн ангилалыг тухай авч үзэх болно. Язгууртны (aristocracy) нийгмийн  нэгэн хэв шинж нь тухайн нийгмийн улс төрийн харилцаанд ураг төрлийн зарчим үйлчилдэг явдал бөгөөд уг харилцааны дотор төрийн хүчний нэжгээд аргууд (power technologies) байдаг. Судлаачид төрт нийгэм, “овог аймгийн” (clan/tribe) нийгэм нь хоорондоо ялгаатай хоёр өөр нийгэм хэмээн авч үзэхээс илүүтэй тухайн нийгмүүдэд байх удирдлага, эрх мэдлийн төвлөрөл болон засаглалын хэлбэрүүдийг харьцуулан харах нь чухал юм. Орон нутгийн хүчний харилцаа нь бүгдийг захирсан төвлөрсөн “тэргүүн”-тэй эсвэл “тэргүүн”-үгүй байхаас үл хамааран Дотоод Азийн төрийг тогтоох тулгуур болсон байна. Төвлөрсөн захиргааны эрх мэдлээс эс хамааран орон нутгийн түвшинд төрийн хүчний ихэнхи үйл ажиллагаа явагдаж байдаг энэхүү улс төрийн тогтолцоог “тэргүүн үгүй төр” хэмээн тодорхойлон томьёолж байгаа юм.

Хувьслын онол хийгээд ураг төрөлд тулгуурласан нийгэм хэмээх ойлголт

         Эдүгээ барууны нийгмийн шинжлэх ухаанд онолын хувьд хувьслын онолыг хэрэглэхгүй болсон боловч уг онолын нөлөө байсаар байна. Барууны нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэдийн хэрэглэж буй нийгэм, түүх болон антропологийн нэр томьёонд уг онолын нэр томьёонууд байсаар байгаа нь үүний нотолгоо болно. Нэн ялангуяа “овог”, “аймаг” болон “ураг төрлийн бүтэц” (clan, tribe and kinship society) хэмээх утга агууллага үүний тодорхой жишээ юм. Нийгмийн конструктивист онол (social constructivist theory) хөгжсөнөөр далд нуугдмал байсан хувьслын онол болон түүнээс ч бат үндэс суурьтай бодол санаа буюу миний томьёолсоноор “үндэсний популист” (‘national populist’) бодол санааг дахин нэг эргэн харж асуулга тавих хэрэгтэй болж байна.         
         XIX зууны нийгмийн хувьслын онолд ураг төрөл нь төргүй нийгмийг зохион байгуулагч гол хүчин хэмээн үздэг. Уг онолын дагуу ураг төрлийн хамаарал бүхий хүмүүс нийгмийн бүлэг болон зохион байгуулалтанд ордог ажээ. Морган, Майнэ, Маркс болон МкЛеннан ураг төрлийн өргөжин тэлэх хэлхээ хамаарал нь төрт нийгмийн өмнөх нийгмийн үндсэн тулгуур зарчим бөгөөд улмаар газар нутаг тухайн иргэншилийн нийгмийн зохион байгуулалтын суурь болсон хэмээн үзсэн. Ураг төрөлд тулгуурласан тэгш эрхт нийгэм нь (egalitarian kinship society) хувь хүнтэй хамааралгүй ангийн нийгмээр (impersonal class society) солигддог хэмээн үзэх энэхүү онолын өөрчлөлт нь овог аймгийн тухай (clan/tribe) антропологийн ухааны ойлголт бүрэлдэн тогтоход үндсэн суурь болсон юм.
         Грек нэн ялангуяа Ромын сонгодог эх сурвалжийн судалгаагаар эртний  нийгмийг (primitive society) судалсан Майне “Ураг төрлийн цусан холбоо нь бүлэг хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжит хөрс болно хэмээн үзсэнээс эхлэн улс төрийн үзэл бодолын түүх эхэлдэг” (1861: 106) хэмээн бичжээ. Ийхүү нэгэн цусан төрлийн холбоотой байх нь улс төрийн эв нэгдэлийг үүсгэнэ хэмээх үздэг үзэл нь үндсэрхэх үзлийн гол тунхаглал болохыг (Anderson) Андерсон (1991) Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism хэмээх номондоо тэмдэглэсэн байдаг. 
         Сонгодог нийгмийн шинжлэх ухаанд ураг төрөл болон газар нутаг дээр тулгуурласан нийгмүүдийг хоорондоо адилгүй, ялгаатай хэмээн үздэг. Уг ялгааг Маркс “цус” болон “газар шороо” хэмээн нэрлэсэн байдаг. Түүнчлэн энэхүү ураг төрөл болон газар нутгийн хамааралын ялгаагаар хүй нэгдлийн болон иргэншсэн нийгэм төдийгүй төрт нийгмийн өмнөх болон төрт нийгэм хэмээн ангилалаа бий болгосон байдаг. Фортес (Fortes) болон Эванс Причард нар Африкийн улс төрийн систем дэхь хуваагдалын ураг төрлийн (segmentary kinship) бүтцийн функционал загварыг (structural functionalist model) тодорхойлон дэвшүүлсэнээр уг ойлголт XX зуунд ихээхэн өргөн дэлгэр хэрэглэгдэх болсон аж.
         Дотоод Азийг судлах Зөвлөлтийн угсаатны зүйн судалгаанд Морганы үзэл бодол үлэмж нөлөөлсөн байдаг. XX зууны барууны болон Зөвлөлтийн нийгмийн шинжлэх ухаанд “төрийн” нэгэн гол шинж төрх бол улс төрийн төвлөрөл юм хэмээн үзэх үзэл ноёрхосон бөгөөд ийм төвлөрөл байхгүй нийгмийг төрт нийгмээс чанх эсрэгээр авч үзэн, “төргүй” хэмээн тодорхойлж байсан байдаг. Ийм төртгүй нийгмийг овог, аймгийн нэгдэл болон тэдгээрийн холбоодоос тогтсон ураг төрөл дээр үндэслэсэн нийгэм гэж дүрслэн тодорхойлсон юм. Энэ онолын үзэл баримтлалаас болж Дотоод Азийн уугуул нийгэм нь овог аймгийн бүтэцтэй, нүүдэлчин ахуйтай бөгөөд ураг төрлийн зохион байгуулалтай гэсэн загвар үүсэж, үнэмлэхүй нөлөөтэй ойлголт болон тогтсон байдаг. Энэ хандлагыг баримтлагчид Дотоод Азийн өөрийн гэсэн уугуул төртэй нийгмийн тухай түүхийн маргашгүй чухал баримтыг үл тоон Монгол нь овог аймгаас (“tribal society”) тогтсон “овог аймгийн” нийгэмтэй байсан хэмээн бичиж тэмдэглэсээр байна. Түүнчлэн уг онолын үзэл баримтлалын нөлөөгөөр эдүгээ Монголд овгийн нэрээ “сэргээх” үйл явц өрнөсөн нь илт харагддаг.

Монгол овгийн нэр үүсгэх нь  

Иргэний үнэмлэх дээр зайлшгүй овгийн нэртэй байхыг заасан дүрэм журам 1990 оноос хойш гарсан тул Монголчууд өөрсдөдөө шинэ нэр буюу овгийн нэр олж авах аянд мордоцгоосон юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уг овгийн нэртэй болох үйл явцыг Монголчууд уламжлалаа сэргээж байна хэмээн бичих болсон. Лос Анжелес Таймс сонинд Марк Магниер “овгийн нэр хэрэглэхийг хорьсон” коммунист дарангуйлал үгүй болсоноор Монголчууд уламжлалт Монгол “овог”-оо сэргээж байна хэмээн бичжээ. Ийнхүү бичсэн нь үнэндээ ихээхэн эндүүрсэн хэрэг байлаа. Ихэнхи Монголчууд эцэг, эхийн нэрээр овоглож байсан бөгөөд зөвхөн засаг захиргааны байгууллагаас шаардсаны дагуу “овгийн нэр”-ээ сонгох хэрэгтэй болсон юм. Уг үйл явдалтай төстэй үйл явц 1925 онд болсон байдаг. 1925 оны хүн амын тооллого хийх журамд овгийн нэрээ мэдэхгүй хүмүүс эцэг эсвэл эхийн нэрээр овоглож болно хэмээн заажээ. Өмнө нь эцэг, эхийн нэрээр овоглох явдал түгээмэл байсан тул ийнхүү эцэг, эхийн нэрээр овоглох байдал улам нийтлэг жишиг болсон байна. Боржигин овгийн язгууртанууд угийн бичгээ хөтөлж ирсэн байх боловч энэ нь нийт хүн амын хувьд цөөнх байсан юм.
Эдүгээгийн овог тогтоох үйл ажиллагаа нь засаг захиргаанаас санаачлан өрнүүлсэн ажил билээ. Уг ажлыг зохион байгуулах болсон буюу овог нэр өгөх гэсэний гол шалтгаан нь “орчин үе”-тэй нийцэх гэсэн оролдлогоос гадна үндэсний генийн санг хамгаалах зорилго бүхий төрийн бодлого байж болох юм. Төрөөс ураг төрлийн холбоог тодорхойлох оролдлогыг Монголд урьд өмнө басхүү хийж байсан байдаг. Манж Чин улсын үед Манжийн захиргаанаас овгийн нэр болоход тохиромжтой нэр томьёо хэрэглэн Монголчуудын ураг төрлийн хэлхээ холбоог тодорхойлсон систем тогтоохыг оролдсон жишээ бий. Хүн амын тооллого дахь ихэнхи бүлэг хүмүүсийг нийтлэг шинжээр нь ангилсан болохыг тухайн хүмүүст оноосон: Тайж нар, Хятад, Ачит Ламынхан (Ачит Ламын хүмүүс) зэрэг нэрсээс нь харж болно (Очир, Сэржээ 1998: 269). Ихэнх овгийн нэрийг нягтлан үзэхэд тэдгээр нь эртний тэгш эрхт нийгмээс “ирсэн”, үлдсэн нэр байх магадлал тун бага байдаг.     

Цаг хугацаанаас үл хамаарах “уламжлалт нийгэм” бус
харин түүхэн үйл явц болох нь

Монголын ураг төрлийн холбоо нь эртнээс уламжлан ирсэн улбаа гэхээсээ илүүтэй тухайн түүхэн цаг үеийнхээ бүтээгдэхүүн болох нь харагддаг. Удам угсаа, ураг төрлийн холбооны талаар Манжууд эцгийн талын удмыг үндэс болгон удирдан засаглах засаг захиргааны тогтолцоо буюу  Күнзийн уламжлалт засаг захиргааны уламжлалыг дагасан болох нь илэрхий байдаг. Сүн (Sung) гүрний (960-1279) үеэс үүсэн хөгжсөн шинэ Күнзийн  Чэн Жу (Cheng Zhu) урсгалын үзэл сургаал нь Хятадын засаглалын зонхилох үзэл баримтлал болон Манж Чин улсын төгсгөл хүртэл үргэлжсэн нь илэрхий байна. Уг сургаалийн дагуу удам угсаа нь зохистой, зөв засаглал тогтоон явуулах үндсэн тулгуур юм. Эцгийн талыг дагасан ураг төрлийн холбоо нь нийгмийг бүрэлдүүлэн тогтоох, улс төрийн үйл явцыг тасралтгүй үргэлжлүүлэх институц хэмээн үзэгдэж, төрөөс дэмжлэгтэй байсан юм. Тус ураг төрлийн тогтолцоо нь үнэндээ төрийн бодлого байсан тул Хятадын хууль цааз, засаглалын практик хэв хэмжээг бүрэлдүүлэн өгсөн байдаг.
Улмаар энэхүү тогтолцоо нь Дардессийн (Dardess) хэлсэнээр язгууртаны эрэмбэ дараа буюу “корпорэйт ураг төрөл дээр үндэслэсэн дээд анги”-ийг үүсгэсэн (Dardess 1996: 137) бөгөөд улмаар доод ангид хүчтэй нөлөөлөх эрэмбэ дарааг тогтоосон байна. Энэхүү жишээ нь төрт нийгмээс өмнө ураг төрөл дээр үндэслэсэн нийгэм оршиж тогтнож байсан. Улмаар уг нийгмийн хэлбэр засаг захиргааны эрэмбэ дараалал бүхий нийгмээр өөрчлөгдсөн хэмээн үзэх сонгодог нийгмийн хувьслын онолтой эсрэгцэж байгаа юм. Үүнийг Сзони (Szonyi) “төр байхгүй биш харин төрөөс Мин болон Манж Чин улсад ураг төрөл дээр тулгуурласан тогтолцоог бүтээн зохиожээ” (2002: 57) хэмээн тэмдэглэжээ.
Хятадын удам угсааны тогтолцоо нь Солонгосын Чосон улсад (1392-1910) гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байдаг. Деучлер (Deuchler) “сүүл үеийн Чосон улс (1910 хүртэл) дахь Солонгосын нийгмийн онцлох шинж нь эцгийн талыг дагасан ураг төрлийн холбоо дээр тогтсон ураг төрлийн тогтолцоо байв” (1992: 6) хэмээн тэмдэглэсэн байна.    Чингэхдээ Солонгосын удам угсаа, ураг төрлийн  тогтолцоо нь нийт хүн амын арван хувиас дээшгүй хувийг эзлэх угсаа залгамжлах язгууртан нарт л хамааралтай (Deuchler 1992: 12) байв. Ийм маягаар Деучлер эцгийн талыг дагасан язгууртаны удам угсаа бүхий тогтоолцоог Чосон улс цогцлоосон болохыг нотолж байна. Хятадын хувьд ч удам угсаа, овгийн тогтолцоо нь анхлан нийгмийн дээд хэсгийн хүмүүс бий болгон нийгэмд дээрээс тогтоосон үйл явц болохоос доороос буюу анх байсан тогтолцоо биш болох нь харагдаж буй юм. Улмаар уг тогтолцоо улам өргөжин тэлж эгэл ардууд ч хамрагдах болсон байна.

Ураг төрлийн нийгмийн тухай ухагдахууныг ухахуй

Дээр яригдсан Ази дахь ураг төрлийн тогтолцоо эргэлзээтэй санагдаж буй бол дахин сонгодог антропологийн ухагдахууныг эргэн харья. Миний бодлоор дээрхтэй адил зүйл Монгол тохиолдсон юм. Ураг төрлийн нийгмийн тухай ухагдахууны нэгэн онцлох зүйл нь тухайн ураг төрөл дээр тулгуурласан нийгмийг  ямар нэгэн эрх мэдэл бүхий хүчин тогтоосон бус харин “доороос дээш” буюу өөрийн жам ёсоор бүрэлдэн тогтсон нийгэм хэмээн үздэгт оршдог. Энэ үзэл бодлын томоохон төлөөлөгч нь Левис Хенри Морган (Lewis Henry Morgan) юм. Тухайн үеийн хувьслын онолыг төлөөлж байсан Морганы бүтээлүүд нь хүчтэй үзэл суртлын шинжтэй байсан байдаг. Морган хувь хүнийхээ хувьд популист ардчилсан улс төрийн үзэл санаанд баттай итгэдэг байсан тул хамгийн эртний хүний нийгэм буюу ураг төрлийн нийгэм нь овгийн тогтолцоотой төдийгүй уг нийгэмд эрх чөлөө, тэгш эрх болон ах дүүсийн холбоо цогцлон бүрэлдэж байсан дүгнэлт хийхэд хүргэсэн юм.
Түүний уг үзэл бодлыг шинжлэн харахуйд (эртний Грекийг авч үзэхнээ ч) батлагдах зүйл үгүй байна. Учир нь нэгд “овог” нь төрт нийгмээс өмнө байгаагүй харин ч түүний дараа гарсан байх талтай. Хожим үеийн Ромын gentes (“овог”) нь ерөнхийдөө элит хүмүүсийн институт байсан. Старр “Грекийн улс төрийн амьдралд язгууртанууд ихээхэн үүрэг гүйцэтгэх болсноос эхлэн genos (овог) чухал болж ирсэн” (Starr 1961: 134)  хэмээн дүгнэсэн байна. Хоёрдугаарт, phyle ([tribe] аймаг) гэдэг нь хараахан ураг төрлийн холбоо бус харин орон нутгийн иргэний болон цэргийн засаг захиргаанд бүртгэгдэх засаг захиргааны холбоо байж болохоор харагдаж байна.       
Хэдийгээр овог, аймаг нь чухамдаа дээр өгүүлсэнтэй адил байсан боловч Морганы үзэл бодол нь тухайн үеийн буюу XIX зууны чөлөөт социалист үзэл санаатай яв цав тохирч байсан юм. Төр үгүйгээр хүмүүс ураг төрлийн холбоо бүхий тогтолцоог өөрсдөө тогтоож уг тогтолцоо нь шатлан захирах харилцаагүй байсан гэх үзэл санаа барууны нийгмийн шинжлэх ухаанд гүн гүнзгий суух үндэс болсон ажээ. Уг үзэл санаа нь улмаар “овог аймгийн нийгэм”-ийн тухай ойлголтонд туссан байна. Үнэндээ уг онол эхнээсээ л олон шүүмжлэл дагуулж байсанч аймаг нь ураг төрөл дээр тулгуурласан эртний нийгмийн улбаа хэмээх үзэл бодол хэвээр хадгалагдан иржээ. Чухамхүү нотлон баталгаажуулах баримт эс байвч нийгмийн шинжлэх ухаанд хувьсалын онолыг хэрэглэсээр байна. Иймээс ч Коури болон Костинер (Khoury and Kostiner) “жишиг хэв шинжийн хувьд (tribe) аймаг гэдэг нь цусан холбоо эсвэл гэр бүлийн удам угсааны дагуу тогтнон зохицуулагдаж байх томоохон ураг төрлийн бүлгүүдийг хэлэх бөгөөд харин төр гэдэг нь үүнээс эсрэг буюу тухайн газар нутагт дангаар ноёлох бүтэцийг хэлнэ” (Khoury and Kostiner 1990: 4) гэж тодорхойлжээ.
XX зууны антропологийн ухаанд ураг төрлийн харилцаа хэрхэн төрт бус нийгмийг удирдан зохицуулдаг тухай тун ч итгэж болохуйц загварыг боловсруулсан байдаг. Уг загвараар бол нэг удам угсаа бүхий бүлэг хүмүүс овгийг үүсгэдэг бөгөөд овог нь тухайн нийгмийг “бүтээн байгуулах үндсэн хэсгүүд” болдог аж. Эванс Причардийн (Evans Pritchard) хуваагдалын ураг төрлийн тогтолцооны дагуу ураг төрлийн бүлгүүд улс төрийн бүлэглэлийг үүсгэдэг. Хуваагдалын ураг төрлийн загварыг батлах этнографийн баримт хомс бөгөөд баталгаа болж байсан баримтууд сүүлийн үеийн шүүмж судалгаагаар хангалттай нотлолгоо биш болох нь тогтоогдсон билээ. (Gough 1971, Verdon 1983, Southall 1988, McKinnon 2000 зэргийг үз).       
Орон нутгийн хүмүүсийн хэрэглэдэг хүмүүсийн ангилал нь ураг төрлийн онолтой огтхон ч нийцэхгүй байгааг Купер (Kuper 1988: 190-209) онцлон тэмдэглэжээ (Jackson 1989: 1011; Gottlieb 1992: 46-71). Чухамдаа Нуерчүүдийн (Nuer) үгийн санд “овог” гэсэн үг (Evans Pritchard 1933–5:28) түүнчлэн Талленси (Talensi) хэлэнд “удам угсаа” эсвэл удам угсааг бүрэлдүүлж буй талууд гэсэн үг (Fortes 1949: 9–10) мөн Лугбара (Lugbara) хэлэнд “удам угсаа”, “тал” эсвэл “хэсэг” гэсэн үгс (Middleton 1965: 36) байдаггүй. Хэрэв овог, удам угсаа нь тухайн нийгмийг “бүтээн байгуулах үндсэн хэсгүүд” юм бол адаглаад овог, удам угсаа гэсэн нэр томьёо зайлшгүй байх хэрэгтэй. Купер “үнэндээ Нуер, Тив болон Талисчууд “жинхэнэ хуваагдалын ураг төрөл”-ийн тогтолцоотой гэж хэлж болохгүй юм” хэмээн бичжээ. Тэрээр “удам угсааны загвар нь антропологийн дүн шинжилгээ хийхэд ямар ч үнэ цэнэгүй... Нэгдүгээрт, уг загвар нь хүмүүс өөрийгөө тодорхойлон хэлж байдаг орон нутгийн загвартай огт биш. Хоёрдугаарт ураг төрлийн хэлхээ холбоо бүхий давтагдсан бүлэг хүмүүс улс төр эсвэл эдийн засгийн чухал үйл ажиллагааг тухайлан гүйцэтгэж ирсэн ямар нэгэн нийгэм байхгүй” хэмээн дүгнэсэн байна.          

Бэлчээрийн мал аж ахуй бүхий нүүдэлчдийн нийгэм нь жишиг төрөл болох нь

Хуваагдалын ураг төрлийн тогтолцоо нь ихээхэн сэтгэл булаам загвар бөгөөд түүний нөлөө өнөөг хүртэл байж л байна. Учир нь уг загвар нь “төр үгүй нийгэм”-ийг төсөөлөн бодоход ихээхэн таардаг билээ. Иймээс “нүүдэлчдийн нийгэм”-ийг тайлбарлахад уг загвар нэн тохиромжтой хэмээн үзсэн байна. Учир нь “нүүдэлчдийн нийгэм” нь тухайлсан газар нутагт тулгуурласан төрт нийгэм бус бөгөөд “хуваагдмал эсрэг байдал” (‘segmentary opposition’) нь тухайн нийгэм хэрхэн зохион байгуулагдаж улс төрийн бүлгийг үүсгэж буйг харуулж чадах боломжит загвар байсанд оршино. Бедоуин Арабчуудыг (Bedouin Arabs) судалсан судалгаагаар уг хуваагдалын загвар нь тэдгээр нийгмийг ойлгоход бүрэн дүүрэн биш юм гэхэд ямартаа ч тус дэмтэй мэт харагдаж байлаа. Энэхүү амжилтанд өөр нэгэн учир шалтгаан ч байлаа. Эванс Причард  “Робертсон Смитийн (Robertson Smith) бичвэрийг уншсанаар Нилотик Нуерчүүдийн (Nilotoc Nuer) ураг төрөл, улс төрийн тогтолцоо анх удаа надад илүү тодорхой боллоо” (Evans Pritchard 1938: 123, cited Dresch 1988: 63)  хэмээн хэлжээ. Робертсон Смит нь эртний Арабын нийгмийн бүтцийг тогтоох оролдлого хийсэн түүхч юм. Тэрээр эцгийн талыг дагасан удам угсаа нь тухайн нийгэм хийгээд улс төрийн бүлгийг тодорхойлох бөгөөд тухайн бүлгэм нь удам угсааны хуваагдмал байдлаар холбогдож байна хэмээн үзсэн. Улмаар уг удам угсааны хуваагдмал байдал нь дараа үеийн томоохон нийгэм, улс төрийн нэгдэлүүдийг үүсгэх зарчим болсон гэж мэтгэжээ. Смит мөн цусан өшөө хонзон нь тус тусын ураг төрлийн бүлгүүдийг нэгтгэх болон хуваах үүрэгтэй хэмээн тэмдэглэсэн.       
Эванс Причард урьд байсан загварт өөрийн этнографийг тохируулах оролдлого хийсэн байдаг. Дрешч Смитийн тодорхойлсон Арабын удам угсааны бүлгүүд нь VIII зууны дунд үед өрнүүлсэн улс төрийн төслийн бүтээгдэхүүн юм (Dresch 1988: 53) гэж тэмдэглэжээ. Смит (1885: 5–6) бичихдээ:

Энэхүү удам угсааны тогтолцоог улмаар хөгжүүлсэн нь магадгүй (Caliph Omar) Халиф Умар I-ийн зүгээс буруу номтноос хураан авсан эд хөрөнгийг бишрэн шүтэгчидэд хувиарлан тараах тэтгэмж,  шан хөлсийг хянах бүртгэлийн системтэй холбоотой байж магад (Dresch 1988: 53) хэмээн бичсэн.

Энэ нь төрийн зүгээс хэн ямар эрх мэдэлтэй байхыг тогтоосон систем байсан бөгөөд эдүгээ удам угсааны зарчимыг ашиглан зохион байгуулагдсан гэж Пол Дрешч тэмдэглэсэн. Төргүй” нийгмийн жишиг хэлбэр болгон үзэж байсан удам угсааны тогтолцоо нь өсөн дэвжиж буй төрийн бүтээгдэхүүн байсан” (Dresch 1988: 53) ажээ.  Иймийн тул эртний Грек, Хятад, Манж болон Солонгосын жишээн дээр үзэхэд нэгэн үе язгуурын “уламжлалт” улс төрийн хэлбэр хэмээн тооцогдож байсан ураг төрлийн бүтэц нь тухайн түүхийн нөхцөлт тохиолдолын бүтээгдэхүүн болох нь харагдаж байгаа бөгөөд
өргөжин тэлж буй төртэй уялдаа холбоотой байна.

Үндэсний популист үзлийн дагуу нийгмийг хэрхэн үздэг болох

Миний томьёолон хэлж буй үндэсний популист (national populist) үзэл нь үлэмжхэн нөлөөтэй. Мартин Томын (Martin Thoms) тэмдэглэснээр үндэстэн хэмээх ойлголт нь XIX зууны үед анхлан гарсан юм. Уг ойлголт гарахад V зуун болон VI зууны үед Ромын эзэнт гүрний баруун хэсгийг довтлон эзэлсэн Германы “tribes” овгийн талаархи мэтгэлцээн ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Үндэсний үзлийн онолын томоохон онолч Ренан 1882 онд илтгэсэн “Үндэстэн гэж юу вэ?” хэмээх алдарт илтгэлдээ “Чухамдаа Германы довтолгоо нь сүүлд үндэстэн оршин тогтнох үндэс суурь болох зарчмыг танилцуулсан” (Renan 1990 [1882]: 9)хэмээн тунхаглан зарласан байдаг. Ренаний үед буюу VIII зууны үеийн Францийн түүхч Комте де Монтлозиер (Comte de Montlosier) тэргүүтэн хүмүүсийн консерватив байр суурийн үүднээс үндэстэн гэдгийг захиран удирдагч нартай адилтган үзэж байсан бөгөөд нэн ялангуяа Германы довтолгооноос улбаалан гарсан язгууртаны удам судартай холбон үзэж байв.        
Францийн хувьсгалтай хамтад үүдэн гарсан үндэстэний талаархи популист үзэл санаагаар өдөөгдөн Романтизмийг баримтлагч түүхчид жишээ нь Тиерри (Tierrie) энэхүү хандлагыг няцаан Франц “үндэстэн” гэдэг нь уугуул оршин суугчид буюу  Галло-Ромчууд (Gallo-Roman)юм” (Thom 1990: 28) хэмээжээ. Ренаний үндэстний тухай онол нь хаант төрийг дэмжигчидийн үзэл бодлыг няцаан үндэстэн нь удирдан захирагчидаас бус харин иргэдээс тогтдог хэмээх популист үзлийг хөхөөн дэмжих иргэний сэхээтнүүдийн хариу үйлдэлийн нэгэн хэсэг байсан. Уг уламжлал нь Фюстель де Куланж (Fustel de Coulanges) болон түүний шавь Эмиль Дюркгеймийн (Emile Durkheim) бүтээл туурвилд үргэлжлэн хадгалагдсан байдаг. XX зууны нийгмийн шинжлэх ухаанд бүрэлдэн тогтсон үндэстэн болон нийгмийн тухай ойлголт нь энэхүү популист улс төр “эртний режим”-ийг ялан давсан болохыг харуулдаг.
“Бусад” буюу язгууртан бус овог аймгийг хайн олох хүсэл зорилго нийгмийн шинжлэх ухаан бүрэлдэн тогтох үеэс гүн гүнзгий баттай суурьтай болсон байв. Ренаний үндэсний үзлийн тухай үзэл санааг нэн ялангуяа эв санааны нэгдэл болон нийтийн ухамсарын талыг нь Дюркгейм уламтай тодруулан, чухалчлан судалсан. Ренаний үндэстэний тухай ойлголт нь Дюркгеймийн зохиол бүтээлд үлэмж нөлөөлөн, түүнийг нь Дюркгейм олон ялгаатай хүмүүсийн тухай тайлан тайлбарлах ерөнхий онол болгон хэрэглэсэнг бид мэднэ. Ренан “Үндэстэн гэдэг нь үлэмж хэмжээний эв санааны нэгдэл” (1990[1882]: 19), төдийгүй “хүмүүсийн олонлог байдал нь ёс суртахууны ухамсар буюу бидний нэрлэдэгээр үндэстэнг үүсгэдэг” хэмээн бичжээ (Renan 1990: 20). Үүнтэй адилаар Дюркгейм “нэгэн адил нийгмийн ердийн иргэд бүгдэд нийтлэг итгэл үнэмшил, ухамсар нь нийтийн буюу олны ухамсарыг төлөвшүүлдэг” (Durkheim 1964 [1893]: 79) хэмээн бичсэн байна.
Үндэстэний адилаар нийгэм нь өөрийн нийтлэг соёл, уламжлалтай нийт “хүмүүс” хэмээн үзсээр иржээ. Энэ популист хийсвэрлэхүйн үүднээс хүмүүсийн олонлог цогцос гэдэг нь захиран удирдагчидын харьяат байхаас гадна тэдгээр хүмүүс нь зайлшгүй нийгэм хийгээд соёлын нэгдмэл нийтлэг байдлыг бий болгоно хэмээн үзсэн. Энэхүү үзэл нь язгуур ардын элдэв төрлийн судалгаа үүсэн гарахад нөлөөлсөн юм. Социологи нэн ялангуяа этнологийн ухаанд соёл, нийгмийг олон нийтийн хүрээнд авч үзэх болсон нь популист хэлбэрээр харах хандлага тул энэ нь өмнөх үеийн хаант төрийг дэмжигч түүхчидээс нэн ялгардаг.   
Харин Хобсбаумын (Hobsbawm 1990) хувьд нэгэн гарал угсаатай хэмээх (shared kinship) ойлголт нь популист үндэсний улс төрд олныг нийтээр дайчлан хөдөлгөх шинэ үзэл бодлын нэгэн чухал хэсэг болсон хэмээн үзжээ. Нэгэн гэр бүлийн, ахан дүүсийн барилдлага нь үндэстний “гэр бүл” хэмээх ойлголтын “бүл хэсэг” болон тусаж зонхилох сэдэв болсон байна. Энэхүү түүхийн хийсвэрлэхүй дор аймаг хэмээх нь анхдагч үндэстний бүлэг бөгөөд (ard tumen)-ийн (volk) унаган нэгж эс бөгөөс дэд нэгж юм. 

Язгуурын үндэстэний тухай хийсвэрлэхүй

Нэжгээд судалгаагаар Франк эсвэл Саксончууд зэрэг “аймгууд” (tribes) нь өргөн хүрээг хамарсан ихэнхи тохиолдолд их, бага язгууртанууд тэдгээрийн албатуудыг оруулсан гарал үүсэл ондоо хүмүүсийн олонлогыг багтаах улс төрийн төсөл болохыг  судлан гаргасан байна (Yorke 1990). Энэ талаар популист түүхчид ч тэмдэглэсэн байдаг. Гэвч хуучин загварыг халан солих нь үгүй тул, тэдгээр түүхчид өөрийн үзэл бодлыг дахин давтахаас өөр аргагүй болсон. Ард түмэн хэмээх ухагдахууныг тодорхойлоход учрах бэрхшээлийг Волфрам (Wolfram) “Францын хувьсгалын үед үүсэн гарсан үндэстэн хэмээх ойлголтоос гажсан нэр томьёог бид зохиох ямар ч арга байхгүй” (Wolfram 1988: 5) хэмээн хэлсэн байдаг. Өөр нэгэн бэрхшээлтэй зүйл бол “аймаг” гэдэг нь хараахан иргэншээгүй нийгэм юм гэсэн колончилолын үеийн ойлголт нөлөөтэй байгаад юм. 
“Овог аймгийн тогтолцоотой нийгэм” (tribal society) хэмээх ойлголт нь Грек, Ромын сонгодог бичлэг дэх “бүдүүлэгчүүд”-ийн тухай бичвэрийн нөлөө тусгалд орон түүнээс их зүйл авсан нь харагддаг. Чухамдаа тэдгээр түүхийн бичвэрүүд нь нэг талаар колончилолын үеийн “овог аймаг” (tribe/clan) гэсэн ойлголтонд колончилогдсон юм. Энэ нь нэр томьёог орчуулсан байдлаас илэрхий харагдана. Герман болон Галлчуудын тухай Ромын гол эх сурвалжуудад жишээ нь Тацит (Tacitus), Цезар (Ceasar) нарын бичвэрт Галл болон бусад Европийн төрийг сивитас (civitas) хэмээн нэрлэж байсан бөгөөд энэхүү үгийг бүдүүлэг бус харьяатад хэрэглэн орчуулахдаа “төр” гэх бөгөөд харин Галл эсвэл Германчуудад хэрэглэхдээ “овог аймаг” (tribal) хэмээн орчуулж байжээ (Rives 1999: 153). Германы “овог аймаг” нь нэг удам угсаатай бүлэг, бүлэг хамаатан саднуудаас тогтсон бус харин язгууртануудын улс төрийн тойрон бараа бологчид байсан юм. Тухайн цаг үед бүхий л төрлийн хүмүүс Германчуудийн улс төрийн нэгдэлд шинээр элсэн орж байсан. Ихэнхи тохиолдолд Ромын харьяатууд шинэ эзнийг хуучин эзнээс илүүтэй үзэж байв. “Ромын доод ангийн хүмүүс III зуунаас эхлэн “Готууд болохыг” хүсэж байсан”. Иймээс Ромын үеийн бусад “овог аймгийн” нийгмүүд ч XIX, XX зууны ураг төрлийн нийгмийн тухай бодол санаатай адилхан байх албагүй юм. 
Америкийн нөлөө бүхий антропологч Маршал Сахлин (Marshal Sahlins) өөрийн хожим туурвисан бүтээлдээ Тацитын үеийн Германчуудыг Фижи [Fiji] болон Зулучуудтай харьцуулан үзэхэд ураг төрөл дээр тулгуурласан загвар тохирохгүй байгааг (Sahlins 1983: 520-521) тэмдэглэжээ. Тэрээр  тэдгээр нийгмүүдийг “баатарлаг нийгэм” хэмээх Чадвикийн (Chadwick) 1926 онд ашигласан нэр томьёог даган баатарлаг удирдан захирагчидын тухай хүүрнэн өгүүлэх нийгмийн дээд ангийн тухай түүхийг, түүхийн ухаанд сүүлийн үед голлох хандлага болсон ард түмний амьдралыг судлан өгүүлэх түүхтэй харьцуулан үзсэн байдаг. Баатарлаг түүх нь нийгмийн гол зонхилох харилцааг тухайн захиран удирдагч хувь хүнээр төлөөлүүлэн гаргадаг соёлын ерөнхий практик юм хэмээн Сахлин тэмдэглэжээ. Иймээс Полинезия (Polynesia), Африкийн Нгуни (African Nguni) нар болон орчин үежилтээс өмнөх Европийн “баатарлаг нийгэмүүд”-ийн нийгмийн тогтолцоо нь “дээрээс доош” чиглэлтэй байснаас бус “доороос дээш” чиглэлгүй байжээ хэмээн Сахлин тодорхойлжээ.

Дюркгеймийн механик (буюу ураг төрөл дээр үндэслэсэн эв нэгдэл) болон органик (буюу төрт нийгмийн үеийн эв нэгдэл) нэгдэлээс гадна “шатласан эв нэгдэл” хэмээх ойлголт байх нь зүйтэй. Баатарлаг нийгмүүдэд дэд бүлгийн хүмүүс хоорондоо ураг төрлийн хувьд нэгэн байх механик нэгдэл болон бие биенээ орлон нөхөж байдаг органик эв нэгдэлтэй байхаас гадна нэгэн удирдагчидад дагаар орсоноороо хоорондоо эв нэгдэлтэй байдаг. Шатласан эв нэгдэлтэй байгаа тул бидний мэддэг овог аймгаар байх тухай ойлголт чухал биш. Учир нь хоорондоо нийтлэг нэгдэлтэй байх нь бусдаас содон онцгой соёлын шинж төрхөөр  бус харин тухайн удирдагч, хаанд харьяалагдах байдлаар тодорхойлогдоноЕвропийн баатарлаг нийгмийн үед “үндэсний”  ухамсар эс бөгөөс сонирхол гэсэн ойлголт байгаагүй харин төрийг “хувь хүний эд хөрөнгийн чинээ” (1926: 336) үзэж байсан хэмээн Чадвик тэмдэглэжээ. Мөн Баруун Европийг эс тооцвол Энэтхэг-Европийн институцийн сонгодог үгсийн санд нийгэм гэсэн нэр томьёо байхгүй болохыг Бенвенистэ (Benveinste) ажиглажээ. Харин уг санааг өөр хэлбэрээр илэрхийлж байсан байна. Хааны засаглал (realm [royaume]) гэсэн нэрийн дор энэхүү санааг ойлгож байв. Нийгмийн хязгаар гэдэг нь тухайлсан эрх мэдэл буюу хааны эрх мэдэлтэй давхцаж байсан” (1969 vol. 2: 9) (Sahlins 1983: 522).

“Шаталсан эв нэгдэл” хэмээх нь Дюркгеймийн нэгдэлийн тухай ойлголттой адил үндэсний нэгдлийн тухай популист үзэлтэй уялдан холбогдсон нэгэн төрлийн нийгмийг эвцэлдүүлэн баригч цавуу адилын ойлголт юм. Шака Зулучууд (Shaka Zulu) эсвэл Аларих Готчуудын (Alaric the Goth) нэгэн харьяатууд нөгөө бүлэг харьяат хүмүүстэй нэгдэлтэй байсан эсэхийг бид мэдэхгүй бас байсан эсэхийг төсөөлөх ч хэрэггүй. Үндэсний үзэл их нөлөөтэй байсан цаг үед гарсан нийгмийн нэр томьёонуудад тулгуурлан эзэнт гүрэн/хаант засаглалыг ойлгоход бэрхшээлтэй хэмээн Андерсон (1983) үзжээ.

Эдүгээ ихэнхи хүмүүст эзэнт гүрэн/хаант засаглал нь төсөөлж болох ганц “улс төрийн” систем байсан хэмээн харагддаг. “Жинхэнэ” хаант засаглалын улс төр нь орчин үеийн улс төрийн амьдралд байх ойлголтуудаас үнэндээ өөр байсан. Хааны засаглал нь өндөр дээд төвтэй холбогдон байдаг. Тэдгээрийн хууль ёсны байдал нь дээд тэнгэрээс эрхшээсэн байхаас бус нийтийн дундаас буюу иргэн бус харьяат албатаас гарах нь үгүй билээ.      
 
Нийгэм нь Лийчийн (Leach) тэмдэглэсэнчилэн улс төрийн нэгж бөгөөд чухам үнэндээ удирдан захирагчийн бүтээгдэхүүн болохоос нийтлэг соёлийн бүтээгдэхүүн биш (Leach 1982: 41)  болох нь тодорхой. Хүмүүс хамтын нийтлэг соёлоор холбогдон нийгмийн нэгжид амьдарна гэсэн үзэл нь нэлээн сүүлийн үеийн үзэл бодол юм хэмээн Геллнер (Gellner 1983(b): 55) хэлжээ. “Олонлог соёлтой нийгэм урьд ихээхэн амжилттай байсан. Заримдаа соёлын олонлог байдал дутагдах үед зориудаар соёлын олонлог байдлыг бүтээн гаргаж байсан.” Антропологийн нийгмийн улс төрийн конструкци нь ихэнхидээ сонгодог этнологийн уламжлалд суурилсан байдаг. Сонгодог этнологийн судалгаанд соёлын болон нийгмийг их бага ямар нэгэн хэмжээгээр нэгэн төрлийн (homogenous) хэмээн үзэж  ард түмнийг соёлын хувьд нэгэн цөм бүлэг хэмээн үзэх хандлагатай байсан. Энэ нь үндэсний популист улс төрийн эрэмбэ дараалалын тухай үзэл санаатай төстэй харагдаж байна. Уг үзэл санааны дагуу бол “ард түмэн” өөрсдийгөө бусад “ард түмнээс” тусдаа болохыг сэтгэж өөрсдийн үндэсний (эсвэл овог аймгийн) удирдагчаа бий болгож, төрүүлсэн гаргадаг аж. Ингэснээр тухайн удирдагч нь хүн бүрийн төлөөлөл болон сонирхолыг төлөөлнө хэмээн үзсэн юм. Эзэнт улс/хаант улсын үед захиран удирдагчид ард түмнийг бүтээн туурвиж харин язгууртаны удам угсааг албан тушаал, эрх мэдэл болон эд хөрөнгөтэй хүмүүс үүсгэсэн байдаг. Би төрийн олон хэлбэр загварыг энд илүү дэлгэрэнгүй өгүүлэхгүй харин зарим төрлийг жишээ болгон авна. 

Ураг төрөл дээр тулгуурласан нийгмээс хүчний харилцаанд

Турк дэхь Оттоманий үлдэгдэлийн тухай судалсан Меекерийн (Meeker) судалгаа нь зонхилох сонгодог онолоос улбаалан гарч буй бэрхшээлийг тодруулан гаргасан жишээ болох юм. Уг судалгаа нь зөвхөн хэрхэн удам угсаа залгамжилсан дээд давхаргын элитүүд төрийн хүчний тулгуур болж байсныг харуулсанаас гадна ураг төрөл дээр тулгуурласан нийгмийн тухай антропологийн ойлголт нь танил бус нийгмийг судлан мэдэхэд хэрхэн алдаа гажуудлын үүсвэр болж байгааг үзүүлж байна. 2002 онд бичсэн A Nation of Empire хэмээх номондоо Меекер 1960 онд Трабзон (Trabizon) хэмээх бүс нутагт судалгаа хийж байх үедээ тухайн бүс нутагт Сэлимоглу (Selimoglu) болон Мурадоглу (Muradoglu) хэмээх орон нутгийн эртний хоёр гэр бүлийнхэн хүчтэй нөлөөтэй болохыг танин мэдсэн тухайгаа тайлбарлан бичжээ. Антропологийн онолд тулгуурлан тэрээр тухайн бүс нутаг дахь нийгмийг эцгийн удам угсаан дээр тулгуурласан “овгийн нийгэм” юм гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэдийгээр ийнхүү дүн шинжилгээ хийсэн боловч уг дүгнэлт нь эргэлзээтэй байв. Учир нь тухайн бүс нутагт овгийн гишүүд хуран цуглардаг хурал чуулган гэж байсангүй мөн тэдгээрийн нийтийн эд хөрөнгө ч гэж байхгүй байв. Үүний дээр бие биений өмнө хүлээсэн үүрэг эсвэл тодорхой гэр бүл болох тухайх хорио цээр ч байхгүй байсан. Меекерийн “овог” хэмээн нэрлэсэн хүмүүс нь өөрсдийгөө нэг өвөг дээдсээс гаралтай хэмээн хэлэхээс өөр зүйлгүй толгойлогч, тэргүүн үгүй бүлэг хүмүүс байсан болохоос бус нийтээр хамтран ажилладаг бүлэг бус байв.  Меекер бичихдээ:

Тухайн дүүргийн олон нийтийн амьдралд Сэлимоглу болон Мурадоглу яагаад нөлөөтэй  байгааг би олж чадахгүй байсан... Би антропологийн дахин конструкц хийх аргыг хэрэглэсэн. Эдүгээнх эцгийн удам угсааг дагасан хүмүүс нь зайлшгүй хуучин оршин тогтнож байсан илүү удам угсааны тогтолцоотой, институцийн хэлбэртэй, овгийн нийгмийн сулхан тусгал юм. Эрт цагт төв засгийн газрын хүч сул эсвэл огт байхгүй байх үед зүүн эргийн дүүргүүдэд овгийн нийгэм оршин тогтнож байсан байна. Уг нийгмийн сүүдэр тусгал нь эдүгээ хүртэл төр үндэстэний (nationstate) институцтэй тэмцэлдэн байх аж. Ураг төрөл дээр тулгуурласан нийгэм нь төрт нийгмээс тусдаа хэмээн үзэж байсан нь миний том алдаа байсан. Иймэрхүү түүхийн судалгаа хийснээр чухам юуг нь буруу ойлгосон болохыг нэн даруйд нь гаргаж ирнэ хэмээн хэн нэгэн бодож болох юм. Харин ч эсрэгээр түүхийн эх сурвалжуудыг үзэх тусам миний алдаа лавширсан” (Meeker 2002: 29) хэмээжээ.     

Овгийн ахлагч хэмээн үзсэн хүмүүсийн тухай илүүтэй авч үзэх тусам Меекер төд удалгүй өөрийн дээрхи үзэл санааг дахин харж эхэлсэн. Меекер ага хэмээх цол бүхий орон нутгийн “нутаг нугийн эзэд” (‘valley lords’)-ийн тухай хөндөн бичсэн байдаг. Тэдгээр ага нар нь саяханыг хүртэл цайз хамгаалалтай орд харштай байсан, төрийн тогтолцоонд байр суурь эзэлсэн орон нутгийн дээд ангийн элитүүд байсан бөгөөд тэд нар өөрсдийн удам угсааг залгамжлуулах боломжтой хүмүүс байжээ хэмээн Меекер дүгнэлт хийжээ. “Тийм учир шалтгаанаар хэн нэгний үр сад хэмээн өөрийгөө зарлан тунхаглах нь эзэнт гүрний үед байр суурьтай байсан хүний удам гэдгээ зарлаж байгаа хэрэг юм... Ага нар томоохон овгийг үүсгэсэн, харин том овгууд хэзээ ч ага нарыг төрүүлэн гаргаагүй. Өөрийн судалгааны тэмдэглэлээ эргэн харахуйд миний мэдэх томоохон гэр бүлийн өвөг дээдэс нь төрийн ямар нэгэн албан тушаалтай байсан болохыг би нээж мэдсэн” (Meeker 2002: 36) хэмээн бичсэн байна.
Төртэй барьцалдан байх “овгийн нийгэм” бус харин төрийн эрх мэдэл хүчээр бүрэлдэн тогтсон өөр нэгэн нийгмийг Меекер харж байв. “Ага нар, орд харш, овог болон бүлгүүд нь орон нутгийн ураг төрлийн систем дээр тулгуурлан гараагүй. Тэдгээр нь харин эзэнт гүрний цэрэг, засаг захиргааны тогтолцооны тэлэлт байсан. “Овог” гэдэг нь өөрийн бүрэн дүүрэн орон нутгийн тогтолцоо гэсэн утга санааг гаргаж буй тул би “овог” хэмээх нэр томьёо хэрэглэхээ орхиж байна” хэмээн тэр бичжээ. Орон нутгийн дээд давхаргын элитүүд нь төв захиргааны захирагчид “төрийн эсрэг зогсох овгийн нийгмээс илүүтэй аюултай байсан боловч мөнхүү тэдгээр орон нутгийн элитүүд нь төрийн тогтолцоонд хамаарах нийгмийн бүрдэл байсан тул тэр чинээгээр басхүү тустай байсан” (Ibid 2002: 43)
           
Өөрийн дүгнэлтийг хураангуйлваас: орон нутгийн эвслийн дэмжлэгийг авсан орон нутгийн элитүүд төвлөрсөн засгийн газрын дээд албан тушаалтануудын гүйцэтгэж чадах бүхий л үйл ажиллагааг хийж чадах чадвартай... учир нь зохистой эзэнт гүрний систем гүйцэтгэж чадах үйлийг хийх чадвартай байсанд оршино. Жишээ нь хувь хүмүүсийн холбоонд тулгуурлан өөрийн удам угсааны бүрэн эрх мэдлийг хэрэгжүүлэх... Үр дүнд нь төрийн системийн төвлөрлийг задласан... (Meeker 2002: 11)

Төргүй нийгэм эсвэл төрт нийгмийн өмнөх нийгэм гэхээс илүүтэй  тэдгээр оршин тогтнож байсан ураг төрлийн бүлэг хүмүүс нь орон нутгийн төрийн үйл ажиллагааны бүтээгдэхүүн байсан юм. Кластресийг (Clastres) дурьдан Меекер (2002: 37) “төрийн эсрэг нийгэм бус харин төрийн доторхи нийгмийн тухай онол” хэрэгтэй байгааг тэмдэглэжээ.
Энэ үзэл санаа нь Монголын түүхтэй ихээхэн адилхан байгаа юм. Монголын түүхэнд орон нутгийн язгууртанууд хүчтэй төвлөрсөн төрийн тогтолцоонд нэгдэн орсон эс орсоноос үл хамааран эрх мэдлийн хэрэгжилтийг орон нутагт явуулж байсан. Тэнд төр бий болох улс төрийн бүх харилцаа байсан. Нийгмийн ухааны онолоос зөрөн захиргааны төвлөрөлт үгүйгээр энэ бүхэн боломжтой байжээ. 

Төвлөрөл үгүй язгууртан

Төвлөрөл үгүй язгууртаны талаар баримт жишээг бид холоос хайх шаардлагагүй, ойрхоны түүхийн жишээ баримтаас бид харж болно. “Овог аймгийн хууль цааз” хэмээн тодорхойлогдох Монгол Ойрадын цаазыг бид мэднэ. Евро-Азийн тал нутгийн томоохон язгууртанууд 1640 онд нэгэн шинэ төрийг байгуулсан юм. Энэхүү улс төрийн нэгдлийг үүсгэн байгуулагчид нь өөрсдөө нэн тодорхойгоор “төр” хэмээн тодорхойлсон байдаг. Уг улс төрийн нэгдлийг Веберийн (Weber) жишиг засаг захиргааны төрийн загвараар харах юм бол төр биш юм. Учир нь уг улс төрийн нэгдэлд өөрийн хууль, албан татвар, цэрэг татлага болон харьяат албад байсан боловч нийслэл хот, төв болон хамгийг захирагч хэн нэгэн байсангүй. Өрнө тийш 3,000 километр сунасан Халимагийн хаант улсын нутгийг оруулсан газар нутаг нь хоорондоо газар нутгын хувьд шууд холбогдохгүй байв. Бусдаас эс хамаарах язгууртануудын байгуулсан уг улс төрийн нэгдэл нь нийтээр даган мөрдөх өөрийн хууль цаазтай, олноор хүлээн зөвшөөрсөн язгууртаны нийгмийн эрэмбэ дараалалтай тархмал, тэргүүн үгүй төр байжээ. 
XIX зууны үеийн нийгмийн шинжлэх ухааны үүднээс төрд байх гол, гол шинж төрхүүд уг төрд байсан байна. Үүнд нийтээр даган мөрдөх хууль цааз, улс төрийн байгууллагын шаталсан захиргаа, эрэмбэ дараалал, байгалийн ашигт малтмал болон харьяат албадыг өмчлөн эзэмших хууль ёсны эрх орох юм. Энэхүү дүрэм журам нь нийгмийн бүхий л амьдралд нэвчин орж бүр хувь хүний биеэ авч явах байдалд хүртэл хамаарч байсан байна. Хулгайчийн талаар эс мэдүүлсэн, шүүхийн төлбөр эс төлөх, түшмэл бус байж түшмэл болон аяглах, нийгмийн шатлалын хувьд өөрөөс дээгүүр хүнийг доромжлох болон айл гэрийн галд зохисгүй байдлаар мод нэмэх зэрэгт торгууль ногдуулж байжээ. Уг дүрэм журамд бас өөр дэв зэрэгтэй хүмүүсийн өгөх инж, хийх хуримын цар хэмжээ, охидын гэрлэж болох нас, дөчин өрхтэй засаг захиргааны нэгжид жилдээ хэдэн удаа гэрлэлт хийж болох зэргийг тодорхойлон заасан байдаг.
Тогтоосон хууль цааз, дүрэм журам нь хэний эрхшээл засаглалыг  төлөөлж байсан нь бүрэн дүүрэн тодорхой биш боловч ямартаа ч Манжуурын талаас Волга мөрөн хүртэлх газар нутаг нь түүнийг эрхшээх тал нутгийн язгууртануудын нийтийн бүрэн эрх мэдэлд байсан юм. 18-р заалтанд “Эзэдийн засаг захиргаа, хууль дүрэм журмын төлөө албан тушаалтан хэн нэгнийг залхаан цээрлүүлсэн, бүр амийг гартал нь шийтгэсэн байсан ч гэм буруу хүлээхгүй” хэмээн заасан байна. Засаглагч нарыг эзэд хэмээн нэрлэх бөгөөд тэдгээр нь өөрсдийн багахан ванлигыг захирч байв. Тэдгээр эзэд нь албан татвар ногдуулж, албан тушаалтануудыг томилон цэргийн алба ногдуулж байлаа. Манж Чин улсын захиргаанд Монгол улс нэгдэн орсон үед тэдгээр ванлигууд нь хошууны засаг захиргааны нэгж болсон бөгөөд 1911 онд Манж Чин улс задарсанаас хойш хошуу нь Монгол, Хятадын коммунист болон Японы засаг захиргаа дахин засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийхийг хүртэл Ар, Өвөр Монголд байсаар байсан билээ.  

Дүгнэх нь

            Дүгнэлт хийхэд миний бодлоор нийгмийн шинжлэх ухаан нийгэм нь нийтийн соёлоор нэгдсэн нэгэн нэгдмэл зүйл юм гэсэн улс төрийн үзэл санааг өвлөн авсан байна. Уг нөлөө нь этнографийн болон антропологийн судалгааны “угсаатан” гэсэн судалгааны сэдвийг гаргаж ирэх эхлэл болжээ. Улмаар төрт болон төргүй нийгэм хийгээд тэдгээрийн хоорондын ялгааг тодорхойлон гаргаж төргүй нийгмийн овог аймаг нь үндэстэн гарахаас өмнөх нэгж байсан бөгөөд энэ нь төрийн засаг захиргааны оронд ураг төрлийн холбоон дээр тулгуурладаг байжээ хэмээх үзэл санааг бүрэлдүүлэн тогтоожээ.
            Харин олон тооны баримт нотолгоо наад захын нийт олноор мэдэх баримт жишээн дээр тулгуурлан харахад төрийн засаг захиргааны зүгээс улс төрийн нөлөө бүхий ураг төрлийн бүлэг хүмүүсийг үүсгэн төрүүлж улмаар төрт нийгмийн өмнөх нийгмийг бүрэлдүүлэн тогтоогч хэсгүүд хэмээн үздэг ураг төрлийн тогтолцоог хөгжүүлсэн байна.  Би ямар нэгэн улс төрийн нэгжийн тогтолцооны талаар судлан танин мэдэхээс өмнө Ренан, Дюркгейм болон Сахлин нарын томьёолон хэлж буй нийт нийгэмд тархан байх “эв нэгдэл” хэмээх ойлголтыг нэн даруйд хүлээн авалгүй чухамдаа тухайн нийгэмд ямар үзэл санаа илүүтэй чухал болохыг харгалзан үзэх нь чухал хэмээн бодож байна.   
            “Овог аймгийн” гэгдэх Евро-Азийн тал нутаг дахь нийгмийн тухай авч үзэхэд тухайн нийгмийн улс төрийн тогтолцоонд хууль ёсны захиран удирдах дээд давхаргын элит буюу язгууртан байхын тухайдад удам угсаа гэсэн үзэл санааг авч хэрэглэсэн байна.     “Ураг төрөл дээр тулгуурласан нийгэм” хэмээх мадагтай сонгодог онол нь бусад антропологийн бичвэрүүд  нэгэн адил төөрөгдөлд орох үүдийг нээжээ.  
        XX зуун мөн XIX зуунд дэлхийд зонхилох болсон миний томьёолон хэлж байгаа үндэсний популист үзэл бодол нь аливаа улс төрийн тогтолцооны гол шинж төрх нь угсаатан үндэстний нэгдэл хэмээн тунхаглалыг гаргасан байдаг. Харин Африк дахь “овог аймгийн” байдал дээр тулгуурлан Вали угсаатан хэмээх нь өнөө цагт яригдаж буй яриа болохоос бус цаг хугацаа хамаарахгүй “уламжлал”-ын тухай ойлголт биш юм.
            Миний дэвшүүлж буй санаа дараах асуултыг асуухад хүргэж буй юм. Хэрэв ураг төрөл нь “овог аймгийн” хэмээгдэх нийгмийн тогтолцоог үүсгээгүй юм бол ямар зүйл тухайн нийгмийн тогтолцоог үүдэн гаргасан юм бэ? Уг асуултын хариуг Евро-Азийн тал нутагт оршин тогтнож байсан нэжгээд нийгмийн жишээн дээр хариулахад тэдгээр нийгэм нь хэдийгээр төвлөрсөн засаг захиргаатай байгаагүй боловч олон талаараа төрт нийгэмтэй адил хүчний харилцааны дагуу зохион байгуулагдсан байжээ. Талын язгууртанууд улс төрийн элдэв байдалтай, төвлөрлөлтэй, өргөн цар хүрээг хамарсан засаг захиргааг байгуулж чадсан болохыг бид харж болно. Төвлөрсөн эзэнт гүрнээс эхлээд миний томьёолон хэлж буй “тэргүүнгүй төрийг” хүртэл байгуулж ирсэн байна. 
            Хэдийгээр их, бага зэргийн төвлөрлөлтэй улс төрийн засаглал хэмээн тодорхой тодорхойлж болох боловч төр тогтолцоотой болон төргүй нийгэм хэмээн ангилах нь утга үгүй юм. Төгсгөлд нь тэмдэглэхэд нэн нөлөөтэй ураг төрлийн загварт хөтлөгдөн бид язгууртаны бусад төрлийн засаглалыг харалгүй зөвхөн төвлөрсөн “төр” хэмээх нэгэн улс төрийн тогтолцоог харсаар байна.

Ном зүй:

Chadwick, H. 1926. The Heroic Age. Cambridge: Cambridge University Press.

Kuper, A. 1988. The invention of primitive society: Transformations of an illusion. London: Routledge.

Dardess, J. W. 1996. A Ming society: T ’ai-ho county, Kiangsi, fourteenth to seventeenth centuries. Berkeley: University of California Press.

Deuchler, M. 1992. The Confucian transformation of Korea: A study o f society and ideology. Cambridge, Mass.: Harvard University Press.

Dresch, P. 1988. Segmentation: Its roots in Arabia and its flowering elsewhere. Cultural Anthropology 3, no. 1: 50-67.

Durkheim, E. 1964 [1893]. The division of labor in society. New York: MacMillan.

Evans-Pritchard, E. 1933-1935. The Nuer: tribe and clan. Sudan Notes and Records 16: 1-53; 17: 51-57; 18: 37-87.

Evans Pritchard, E. 1938. Review o f G. W Murray's Sons of Ishmael. Africa 11, no. 1:123.

Fortes, M. 1949. The web of kinship among the Tallensi. Oxford: Oxford University Press.

Gellner, Ernest. 1983(b). Nations and nationalism. Oxford: Blackwell.

Gottlieb, A. 1992. Under the Kapok tree: Identity and difference in Beng thought. Bloomington: Indiana University Press.

Gough, K. 1971. Nuer kinship: A reexamination. In The translation of culture: Essays to E. E. Evans-Pritchard, ed. T. Beidelman. London: Tavistock.

Hobsbawm, E., and T. Ranger, eds. 1983. The invention of tradition. Cambridge: Cambridge University Press.

Jackson, M. 1989. Paths toward a clearing: Radical empiricism and ethnographical inquiry. Bloomington: Indiana University Press.

Leach, Edmond. 1982. Social anthropology. London: Fontana Press.

Maine, H. 1861. Ancient law: Its connection with the early history o f society and its relation to modern ideas. London: John Murray.

McKinnon, S. 2000. Domestic exceptions: Evans-Pritchard and the creation of Nuer patrilineality and equality. Cultural Anthropology 15, no. 1: 35-83.

Meeker, E. 2002. A nation of empire: The Ottoman legacy of Turkish modernity. Berkeley: University o f California Press.

Middleton, J. 1965. The Lugbara of Uganda. New York: Holt, Rineheart and Winston.

Ochir, T. A., and B. J. Serjee. 1998. Mongolchuudyn obgiin lavlakh [Directory of Mongolians’ obogs]. Ulaanbaatar: Mongolian Academy of Sciences.

Renan, E. 1990 [1882]. What is a nation? In Nation and Narration, ed. H. Bhabha, 8-22. London: Routledge.

Rives, J. 1999. Tacitus: Germania. Oxford: Clarendon Press.

Sahlins, M. 1983. Other times, other customs: The anthropology o f history. American Anthropologist 85: 517-543.

Southall, A.1988. The segmentary state in Africa and Asia. Comparative Studies in Society and History 30, no. r. 52-82.

Starr, C. 1961. The origins of Greek civilisation, 1100-650 b.c. London: Jonathan Cape.

Szonyi, M. 2002. Practicing kinship: Lineage and descent in late imperial China. Stanford, Calif.: Stanford University Press.

Thom, M. 1990. Tribes within nations: The ancient Germans and the history of modern France. In Nation and narration, ed. H. Bhabha, 23-43. London: Routledge.

Verdon, M. 1983. The Abutia Ewe of West Africa: A chiefdom that never was. Berlin: Mouton.

Wolfram, H. 1988. History of the Goths. Berkeley: University o f California Press.

Yorke, B. 1990. Kings and kingdoms of early Anglo-Saxon England. London: Routledge.


1 comment:

Unknown said...

Эдгээр материалууд их хэрэг боллоо. Баярлалаа.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...