Латин Америкийн тариачдын тухайх судалгаагаараа ихээхэн алдаршсан
антропологич Э.Волф 1923 онд Австрийн Вена хотноо еврей гэр бүлд мэндэлжээ. Өөрийн
төрсөн нутгаа тэрбээр “соён гэгээрүүлэгчид, Германы гайхалтай яруу найраг, шашингүй
ёс суртахуун, лебирализмийн өсөлт, хийлийн аялгуу” хэмээн тодорхойлсон байдаг (Wolf
2001: 1).
Төв Европт Еврейчүүдийн эсрэг үзэл газар авч, нацист Герман
Австрийг 1938 онд эзлэн авахад түүний гэр бүл эхлээд Англид эцэст нь буюу 1940
онд Америкт суурьшсан байдаг. Улмаар Нью Йоркийн Күйнс коллежид (Queens
College, New York) элссэн, гэр бүлтэй болсон байсан хэдий ч цэрэгт
татагдан Италид нацизмийн эсрэг
байлдаж явсан ажээ (Wolf 2001: 3). Цэргээс халагдаж ирээд Колумбын Их Сургуульд антропологи судлах болжээ.
Тэр үеийн Колумбын Их Сургууль нь Ф.Боас болон Р.Бенедикт нарын дэг сургуулийг
хадгалсан хэв маягтай Ж.Стевард антропологийн
тэнхимийг нь удирдсан баялаг түүхтэй орчин байв. Ж.Стевард ч түүний үзэл
бодолд ихээр нөлөөлж байсан учраас Э.Волфыг антропологид марксист чиг баримжааг
баримталж байсан судлаач гэгддэг.
Тэрбээр 1946 онд баклаврын зэргээ хамгаалсан бол
1951 онд Ж.Стевардын хэрэгжүүлж байсан Пуерто
Рикогийн ард иргэд (People of Puerto Rico) төслийн судалгаагаар докторын зэрэг хүртсэн байдаг.
Мөн 1951-1956 онд Мексикт гурван удаа хээрийн шинжилгээ хийн уг нутаг дахь
угсаатны ижилсэлийн асуудлыг сонирхож
байжээ. Түүнчлэн 1960 оноос Европ, Италийн Альпын нуруу орчмын нутгаар
хээрийн шинжилгээ хийсэн байдаг. Докторын зэргээ хамгаалаад тун удалгүй Мичиганийн
Их Сургуульд хичээл заах болсон ч Ж.Стевардыг Колумбыг орхин Иллиноисийн Их
Сургууль уруу шилжихэд нь түүний туслахаар 1952-1955 онд ажиллав. Дараа нь 1958
онд хүртэл Виржиниагийн Их Сургуульд, 1959 он хүртэл Иелд, 1960 он хүртэл
Чикагогийн Их Сургуульд 1961-1971 онд Мичиганий Их Сургуулиудад тус тус ажиллаж
байсан бол 1972 онд дахин шилжиж Нью Йоркийн Хотын Их Сургуульд (City University of New York) ирж тэтгэвэрт гартлаа ажиллажээ (Moore 2004: 338-339). Энд байх
хугацаандаа тэрбээр ихээхэн бүтээлч байж өөрийн алдарт Европ ба түүхгүй ард түмэн (Europe and the People
without History) бүтээлээ туурвисан байдаг. Түүний онолыг бичиглэлүүд угсаатны зүйн бэрхшээлтэй асуудлуудад голлон
анхаарсан байдагаараа онцлогтой. Тиймээс ч тэрбээр соёлын асуудлууд, хүч болон
үзэл сурталын тухайх судалгаануудыг хийж байсан юм (Moore 2004: 340).
No comments:
Post a Comment