Г. Нармандах
Хэл ... хэл яагаад хүн төрөлхтөнд чухал юм бэ? Хэл бол соёлын амин сүнс гэж ярьдаг. Хэлээр дамжин аливаа соёл түгэн дэлгэрч байдаг. Тухайн хэлэн доторх аялга гэдэг зүйл бол нэгэн ард түмнийг хооронд нь зан заншил, уламжлал, соёл, ёс суртахуунаар нь зааглаж байдгаас гадна өөрийн төрөлх аялгаараа өөрийн өвөрмөц соёлоо илүү ойлгодог. Би өнгөрсөн зун “гадаад” явсан юм. Гадаад явсан гэдэг нь БНХАУ-ын Хөхнуур муж, Хайши Жуугийн Тайжнар Монгол ахан дүүстэйгээ учран золгосоноо хэлж байгаа хэрэг. Тэнд тэдгээр хүмүүс нийт Монгол хүн бүртэй элэг нэгт ахан дүүс боловч гагцхүү тэд надад, би тэдэнд илүү ойр дотно мэт санагдаж байв. Учир нь би Ойрад Монголын Дөрвөд аймгийн хүн, тэд Ойрад Монголын Хошууд аймгийн хүмүүс. Гэвч аливаа зүйл үргэлж хамт байдаггүйн зохиолоор тэртээ 1637 онд ах дүүс бие биеэсээ хагацсан юм (Цэрэнбал: “Тайж нар хошууны ойлолго”, 2005 он ху-1). Харин бүхэл бүтэн 370 жил өнгөрсний дараа эгэл оюутан миний бие харь нутагт ахан дүүсийн маань тасархай өнөөг болтол амьдарч байгааг олж мэдсэн тэр цагаас хойш тэдэнтэй очиж золгохыг хичнээн их хүссэнийг үгээр хэлж үл болмоор...
Гэтэл энэ сургууль амарч эхлэх үед ангийн багш доктор Бум-Очир намайг дуудан хэсэг оюутны хамт Хөхнуур явах болсон тухай хэлэв. Тэгээд л бид 6 сарын 10-аас 7 сарын 6-ыг хүртэл нэг сар орчим хугацаанд Хөхнуур муж дах Монголчуудын дунд хээрийн шинжилгээний ажил хийсэн юм.
Бид Хөхнуур мужийн нийслэл Шининд байрлах Хөхнуур мужийн үндэсний их сургуулийн багш Цэрэнбалтай явах маршрут, хийвэл зохих судалгааны сэдвүүдээр нэмэлт зөвөлгөө авахаар зорин очиж уулзсан юм. Тэгэхэд намайг бусдаасаа хэлний аялгаар ялгарч буйг анзааран бусад нөхдөөс маань илүү ойр төрөл мэт санагдсан бололтой “ оо энэ чинь Манай хүн байна” гээд миний тухай асууж мэдээд хамгийн түрүүнд зөвлөгөө өгч, өөрийн төрсөн нутаг болох Цайдмын хотгорт оршдог Тайжнар хошууны Уртмөрөн суманд явуулахаар болов.
Төд удалгүй нэгэн оюутанг утсаар дуудан ирүүлсэн нь миний очих айлын бага охин болох Заяа байв. Заяа гэрлүүгээ утасдаж Монгол улсаас хүн очиж суух болсныг хэлж тосч авах арга хэмжээг зохиов. Маргааш өглөө нь би галт тэргэнд сууж Тайжнар хошууны төв Голмууд хотод очиход Заяагийн том ах Багана намайг тосч авав. Багана ахтай анх уулзахад аялга нь Цэрэнбал багш, Заяа хоёрынхтой адил байв. Өөрөөр хэлбэл тэдний ярианд орж буй Төвд, Хятад үг хэллэгийг эс тооцвоос яг л манай Дөрвөд хүн ярьж байгаа юм шиг санагдаж байв. Тэгээд бид хоёрын аялга ерөнхий агуулгаараа нийлж байгаа болохоор тэр оройжингоо ярьж суулаа. Маргааш нь 12 цагийн орчим намайг Уртмөрөн явах машинд суулгаж өгөв. Бид өдөржингөө явсаар орой 10 цагийн үед Уртмөрөнд хүрч Заяагийн хөгшин аав Падамба дэдээгийн (Дэдээ гэдэг нь Ойрад аялгуунд хамаатны настан хүнийг авгайлан дууддаг хүндэтгэлийн нэр) гэрт хонов. Намайг очиход хоол хийгээд, мах чанаад тавьчихсан хүлээгээд сууж байж. Хоол цай болсны дараа дэдээ бид хоёр өнөөгийн Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, хүний хөгжил, түүх соёл гэх мэт маш олон сэдвээр өөрийн өчүүхэн мэдлэгийн хүрээнд ярилцаж хонов. Маргааш өглөө нь бас нэг унаа олж Дэдээ намайг хүү болох Заяагийн аав Зундуй ахынд хүргэж ирэв (намайг очих үес нэлээд сэрүүвтэр байсан юм). Зундуй ахын зуны сууцанд явж ороход гадаа байсан хүмүүс цөм гэрт цугларч над дээр ирэн хүндэтгэлтэйгээр гар барьж мэндлэн цай аягалахаас эхлээд урьд шөнө Дэдээгийн надаас асууж байсан асуултуудыг тавьж, хамгийн түрүүнд тусгаар тогтносон Монгол улсаараа бахархаж явдгаа хэлцгээж байхын зэрэгцээ даанч бид хүссэнүедээ ирж очиж чадахгүй нь харамсалтай гэсэн гунигийн харц нүднээс нь илт мэдэгдэж байсныг хэлэхэд илүүдэхгүй. Мөн миний аялга тэднийхтэй таарч байгааг цөм гайхаж, улмаар эрт цагт нэгэн цаазын дор амьдарч байсан ард түмний үр хойчийн нэг гэдгийг маань тэд мэдэв. Удалгүй орой болж хоолны цаг болоход Нутгийн дүү бас бидний нагац Наранмандахдаа гээд хонь төхөөрч, мах чанаад надад далыг нь өгч “Даага сарвай дал хүрэг, Дал хуваасан нагац минь дандаа энэ нутагт ирж байг” гэж ерөөсөн юм. Тэгэхэд надад харь нутагт хээрийн шинжилгээний ажил хийхээр ирсэн оюутаны хувиар биш, харин хол нутагт суугаа, олон жил уулзаагүй ойрын хамаатныдаа очсон мэт сайхан сэтгэгдэл төрж байлаа. (би яагаад тэдний нагац нь болчихвоо гэхээр Зундуй ахын хөгшин Дашдондов эгчийн аав ээж нь ах дүү нарын хамт Монголд “ардын хувьсгал” ялсны дараа Хөхнуурт дүрвэн очиж суурьшжээ).
Ер нь, би тэнд хагас сарыг өнгрүүлэх хугацаандаа уулзсан хүн бүртэйгээ ярилцаж байхдаа тэдний хэл аялга бидний Дөрвөд хүнийхтэй юугаараа ялгаатай, юугаараа адил болохыг аль болохоор мэдэхийг хүсч, ерөнхий сэдвийн хүрээнд тэмдэглэж авсан юм. Тухайлбал, тэндхийн Монголчуудын ургийн овог, эцэг эхийн талыг нэрлэх нэршил, хүндэтгэлийн нэр, хоол ундны нэр, мал амьтны нэр, зүс, хувцас хунар, бие эрхтний нэр гэх мэт аль болох их мэдээлэл цуглуулахыг хүссэн юм. Зарим нэг нэрийг уг аялгаар бичээд Дөрвөд аялгатай харьцуулан бичвэл, ерөнхийдөө гэр бүл, ах дүүгийн нэр, малын нэр нь Дөрвөд болон Халх хэллэг нэршилтэй гол төлөв адил байна. Зарим нэг үйл байдлыг тэр аялгаар бичвэл “Маануус сагадаа лавшигаан үмсчгаад гэртаасн цаклаад гараад иртэл одаак көвүүн гоо болжоч, хаар одсон болваа?”. Энэ өгүүлбэрийг зарим нэг эрдэмтэн судлаачдыг эс тооцвол Халх аялгуутан үл ойлгох бөгөөд “орчин цагийн” Монгол хэлнээ хөрвүүлж, харьцуулахад дөхөм болох үүднээс хөрвүүлсэн нь: “Бид нар дөнгөж сая дээлээ өмсчихөөд гэрээс гүйгээд гартал нөгөө хүүхэд (эрэгтэй) алга болчихож, хаашаа явсан юм бол?”гэсэн хэлбэртэй болно.
Аливаа хэлийг соёл буюу хэлний шинжлэлийн антропологийн үүднээс судлахдаа гол төлөв ярианы талаас нь судалдаг энэ зарчмыг баримтлан тэдний хэл аялгыг өөрийн Дөрвөд аялгатай харьцуулан чагнаж байв. Гэхдээ энэ харьцуулаад байгаа Дөрвөд аялга нь яг өнөөдөр, жинхэнэ ёсоороо хэрэглэгдэж байна уу гэдэг нь тун эргэлзээтэй. Ямарч байсан өөрийн өвөрмөц аялгыг алдалгүй, үндсийг нь хадгалсаар байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас би тэдгээр хүмүүстэй төвөггүй ойлголцож ах дүү гэдгээ мэдэлцсэн байх гэж бодож байна. Мөн намайг тэнд очоод удаагүй байхад “танай Монгол улсад” гэж байгаад ямар нэг асуулт тавьдаг байсан бол хэсэг хоносоны дараа “манай Монгол улсад” гэж асуултаа эхэлдэг болсон. Энэ нь юуг өгүүлж байна вэ гэвэл: Тэд урьд нь бидний хэл Монгол хүнийхээс өөр болохоор бид Монгол биш болчихож гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр Монгол улсаас ирсэн хүн яг бид нар шиг ярьж байна, тийм болохоор бид чинь Монгол хэвээрээ байгаа юм байна шүү дээ гэсэн өөртөө итгэх итгэлийг тэдэнд төрүүлсэн бололтой.
Би тэнд өөрийн үндсэн аялгаар ярихад хэн ч гайхахгүй, хэн ч шоолж инээхгүй. Учир нь би тэнд яг гэртээ байгаа мэт санагдаж байсан болохоор. Харин Улаанбаатарт бол шал өөр. Яагаад гэвэл өнөөгийн Монгол улсын хүн амын 90 орчим хувь нь халх угсаатан эзэлдэг. Тэр ч утгаараа Улаанбаатарт халх угсаатан дийлэнх хувийг эзэлдэг. Үүнээс үндэслээд манай багш Доктор Д.Бум-Очирын хэлснээр “бидний Монголчуудын маш бүдүүлэг нэгэн алдаа бол биднийхээс жаахан л ондоо аялгатай ярьж байвал Монгол биш” гэсэн ойлголт юм. Тийм болохоор энэ ойлголтоос болж хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн үр хүүхэд, оюутан залуус хотод ирээд уулзсан хүн бүртэйгээ өөрийн төрөлх аялгаар яриад байх нь маш ховор. Учир юу вэ гэвэл өөрийн аялгаар ярьж буйг сонссон үе тэнгийн залуус шоолж инээх, маш их гайхсан янз гаргадаг. Энэ байдлаас болоод уг аялгаараа ярихаас ичиж “Халхжих” процесс явагддаг. Мөн энэ байдалд (халжих явц) орохыг байгаа орчин буюу хотын соёл тийнхүү шаарддаг. Ийнхүү тэд үндсэн аялгаа ихээхэн орхигдуулдаг байна. Энэ бол миний дээр дурьдсан шиг тухайн өвөрмөц зан заншил, хэл соёлоороо ижил төстэй овогтон ястнаас ялгарч байдаг тэр нэг шинж нь үгүй болох нэгэн үндэс юм. Энэ явдал бол ганц Дөрвөд ч биш бусад ястан, угсаатаас бүрдсэн нэгэн үндэстэн доторхи хэл аялга, соёлын өвөрмөц ялгаа үгүй болоход нөлөөлж байна. Энэ бол зөвхөн эхний хүчин зүйл. Удаах нь Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон кирилл монгол бичиг нь халх аялгуун дээр тулгуурлан зохиогдсон. Үүнээс болж монгол орны өнцөг булан бүрт суугаа хүн бүрийн яс үндэс, угсаа гарлыг үл хамааран гагцхүү нэг л аялгуун дээр тулгуурласан кирилл бичигтэй болгосон нь энэ үр дүнд хүргэж байна. Үүнийг бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Би ингэж хэлснээрээ хэн нэг эрдэмтнийг шууд утгаар буруутгах гэсэнгүй ээ. Магадгүй энэ хүчин зүйлийг нэгдүгээрт тавих нь зүйтэй байсан байх аа.
Энэхүү хоёр хүчин зүйлийг орхигдуулах нь Хүн судлал, Угсаатны зүйн үүднээс тун хариуцлагагүй хэрэг мөн бөгөөд Залуус бид хэнээс ч үл ичиж,“Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэсэн ухаант хүний мэргэн үгийг санаж явбаас бидний “нэрийн хуудас” болсон төрөлх хэл аялгаа хэзээ ч үл орхиж, үр ачдаа өвлүүлж явах нь дамжиггүй биз ээ.... Тэгээд ч хүн гэдэг амьтан эх орноосоо алс хол явахад огт танихгүй хэл нэгт, үндэс нэт хүн тааралдвал хэнээс ч илүү дотно санагдаж, элэг дэвтэх шиг болдог. Үүнд л үг хэлний хэзээ ч хувиршгүй нандин чанар оршин буй.
Би илтгэлээ эхлэхдээ “би гадаадад очоод...” гэж эхэлсэн. Гэтэл би яг үнэн хэрэгтээ гадаадад яваагүй юм байна лээ.
Үүнд би дүгнэлт өгөхийг хүсээгүй бөгөөд уншигч та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Та бүхэн өөр өөрсдийн оюундаа тунгаана биз ээ?...
2 comments:
Нараа амжилт хүсье.
бид нар нэг төгсөлт НШУС-ын Нараа хаана байгаа бол
Хятад , Монгол , Орсод 638 мянга гаруй Ойрад хүмүүс байдаг. Тэдний 58% нь Ойрад хэлээр ярьдаг Ойрад хэл нь Монгол хэлний бүлгийн Баруун салаа юм. Уг хэлээр Монгол , Хятад , Орос , Киргизед ярьдаг. Бүүр тодорхой бичвэл Ховд , Увс , Баян-Өлгий , Халимаг , Шинжаан , Ганьсү муж , Хөхнүүр гэх мэт газрууд орно.
Post a Comment