Sunday, May 8, 2011

Ураг төрлийн антропологи

Антропологит ураг төрөл гэдэг нь соёлын, түүхийн гарал угсаа, аль эсвэл биологийн үе удмын үүслийг нэрлэсэн харилцаа байдаг. Магадгүй энэ тодорхойлолт хэт ерөнхий мэт санагдах болов уу. Тэгвэл антропологит ураг төрлийн тогтолцоонд юу юуг багтааж авч үздэгийг ажиглавал энэ бүдэг байдал бага зэрэг тодрох байх. Ураг төрлийн тогтолцоонд хүмүүсийн ураг удам, бусадтай төрөл садан болсон харилцаа, гэрлэлт, биологийн “дадал”, гэр бүлийн гишүүдийн үүрэг, зэрэглэл, өв залгамжлал гэх мэт маш өргөн хүрээг хамруулан авч үздэг. Дээрх бүх харилцаа соёл нийгэм болгонд харилцан адилгүй байдаг гэж болно. Тухайлбал Монголчуудын гэр бүл болох заншилд бэр нь инжтэй, хүргэн нь сүй бэлэгтэй байдаг бол Энэтхэгт бэр болох хүн нь их хэмжээний инж өгч байх жишээтэй. Зарим нийгэмд эрэгтэйчүүд нь “гэр зуурын” ажил хийж, нүүр амаа будаж байхад эмэгтэйчүүд нь ан хийдэг. Гэтэл ихэнх нийгэмд эмэгтэйчүүд нь “гэр зуурын” ажлаа хийж, эрчүүд нь ан гөрөө, бусад “гадуурх ажлаа” хийж байдаг. Мөн соёл нийгэм бүрт гэр доторх ах дүү, ээж аавын байр суурийн зэрэглэл байдаг, түүнчлэн хүүхэдтэй эмэгтэй, хүүхэдгүй эмэгтэй хоёрын байр суурийн ялгаа, ахмадаа хүндлэх дүүмэд хүмүүсийн хүндэтгэл зэрэг нь ураг төрлийн судалгааны судлагдахуун болдог юм.

Ураг төрлийн энэхүү харилцаан дээр маш олон нийгмийн бүтэц суурьлагдаж байдаг. Тийм ч учраас аливаа нийгмийг бүхэллэг цогц байдлаар авч судлахыг зорьдог антропологийн хувьд энэ салбар нь ихээхэн чухал байдаг гэж болно. Энэ судалгааны үндсийг магадгүй Л.Х.Морган Ирокиз индаинчуудын дунд хийсэн хээрийн шинжилгээний ажлаараа тавьсан. Тэрээр Systems of Consanguinity and Affinity of the Human Family хэмээх 1871 оны бүтээлдээ ураг төрлийн зарим нэр томъёог санал болгож тэр дундаа ураг төрлийн тогтолцоо гэсэн санааг гаргаж ирэн, зарим ураг төрлийн тогтолцоог ангилах гэж оролдсон байдаг. Түүний “ураг төрлийн тогтолцоо” гэсэн санаа XX эхэн үе хүртэл антропологит нөлөөтэй хэвээр байсан юм. XX зууны дунд үеэс буюу тодорхой хэлбэл 1949 онд Ж.Мердокийн хэдэн зуун нийгэм соёлын ураг төрлийн тогтолцоог харьцуулан судалсан судалгаа гарч, түгээмэл ураг төрлийн тогтолцоог хайх санаа дэвшүүлж байв. Энэ судалгааны үр дүнд цөм гэр бүл (nuclear family), өргөтгөсөн гэр бүл (extended family) хэмээсэн ангилал гарч ирсэн гэж болно. Цөм гэр бүл нь гэр бүлийнхээ ойр төрлийн садан ураг буюу аав ээж, ах дүү гэх мэт нэгээс хоёрдугаар үеийн төрөл дээр төвлөрдөг бол өргөтгөсөн гэр бүл нь түүнээс цааших төрлүүд дээрээ бас төвлөрдөг гэсэн санаа юм. Мөн энэ үед К.Леви-Строссын ураг төрлийн анхны хэлбэр санаа нь гэрлэлтийн харилцаа нь “солилцооны төлөв” байдаг гэсэн гаргалгаанд хүрч байв.

Британы антропологит ураг төрөл нь хувь бодгалиудын харилцааны сүлжээ байдаг гэсэн санаа аль эрт Радклифф-Брауны бүтээлд ажиглагддаг. Түүнээс хойш В.Түрнер, М.Глүкман нар аливаа нийгэм, хот, хүй бүлэг, нийтлэг дэх идэвхитэй сүлжээний харилцааны талаар бичиж байсан байдаг.

Бэлэгдэлийн ураг төрлийн судалгааг эхлүүлсэн хүн бол магадгүй Д.Шнейдер байх. Ер нь түүнээс өмнөх ураг төрлийн судалгаанд ураг төрөл дэх нийгмийн болон биологийн шинж чанарыг судалж байсанг тэрээр шүүмжилсэн байдаг гэж болно. Энэ бүхний эсрэг тэрээр аливаа нийгэмд ураг төрлийн нийгмийн шинж чанар нь биологийнхоосоо их байдаг гэсэн санааг гаргаж, судлаачид одоо ураг төрлийн судалгаа хийхдээ түүнийг биологийн бус нийгмийн талаас нь харах ёстой хэмээн тодорхой баримт гаргасан байдаг. Энэ бүх ажлыг нь Ж.Карстен өндрөөр үнэлж шинэ ураг төрлийн судалгааг үндэслэгч хэмээн түүнийг магтсан байдаг төдийгүй энэ санаан дээр тулгуурлан “харилцаанууд” гэсэн санааг гаргаж иржээ. Энэ “харилцаанууд” гэсэн үг нь ураг төрөл гэсэн үгийг төлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол ураг төрөл нь төрөл бүрийн харилцаанууд болж байгаа бололтой.

Энэ бүхний эцэст дүгнэлт хийхэд ураг төрлийн судалгаа Л.Х.Морганаас эхэлж аливаа нийгэм соёл дэх ураг төрлийн тогтолцоог бүртгэх, цуглуулах хандлагатай байсанаа, XX зууны эхэн, дунд үеэс ураг төрлийн тогтолцооны гүнд нэвтрэх, онол бүтээх хандлага ноёрхож байсан нь Ж.Мердок, К.Леви-Строссын санаануудаас харагдаж байгаа болов уу. Улмаар 1970-аад оноос ураг төрлийн судалгаанд биологийн бус нийгмийн шинжийг нь голлон судлах хандлага түлхүү хөгжих болж, ураг төрлийг бүхэлд нь харилцаа гэж тодорхойлход хүргэсэн байна. Үнэхээр ч орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшил бидний биологийн гэж боддог бодлуудыг нийгмийн шинжтэй болгож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал хувилж гаргасан Долли хонь, колон хүүхдийн санаа гэх мэт нь үүнд итгэх хүчтэй шалтгаан болж байгааг ухамсартай тунгаах хэрэгтэй болж байна

Wednesday, April 27, 2011

Кэмбрижийн Их Сургуулийн Антропологийн багш Урадын Э.Булаг


Дэлхийд алдартай Кэмбрижийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалан тус сургуульдаа багшилдаг нэгэн антропологичийн танилцуулж байна. Урадын Э.Булагийн тухай http://www.socanth.cam.ac.uk/people/core-academic-staff/dr-uradyn-e-bulag/ энэ хаягаар орж үзэж болно. Түүний зохиол бүтээл ч дэлгэрэнгүй байгааг цааш нь лавшруулан үзээрэй. Английн их сургуулиудын багш нарын зэрэг нь lecturer, reader, professor гэсэн дараалалтай бөгөөд тэрбээр reader хэмээх албан тушаал хашдаг ажээ.

Monday, April 25, 2011

Харвардад антропологиор доктор цол хамгаалсан Монгол бүсгүй



Миний хамаарч буй мэргэжлээр Харвардад докторын зэрэг хамгаалсан эмэгтэйн тухай мэдээлэл нэтээр тархаад удаж байгаа билээ. Энэ сүрхий эмэгтэй антропологич юм шүү гэдгийг хүмүүст сонин болгох үүднээс тус ярилцлагыг "хулгайлчихлаа". Бүрэн эхээр нь уншина уу. Ташрамд дурдахад тэрбээр одоо Массачусетсийн технологийн институтэд ажиллаж байгааг энэ хаягаар орж харна уу. https://anthropology.mit.edu/people/faculty/manduhai-buyandelger Доор ярилцлага нь аль 2006 онд хийгдсэн тул зарим мэдээлэл нь жаахан хуучирсан байгаа болно.


Харвардын их сургуулийн Урлаг, шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мандухайтай “Алтангадас” сэтгүүл интернэтээр тун сонирхолтой ярилцлага хийлээ. Дэлхийд №1 гэж хүлээн зөвшөөрөгддөг, олон орны эрдэмтэн, судлаач, лидерүүдийн сурахсан гэж мөрөөддөг энэ сургуульд монгол хүн мастерын болон докторын зэрэг хамгаалж, үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний ажил хийж байгаа нь үнэхээр бахархмаар.

Анх Харвардад суралцах болсон тухайгаасаа ярихгүй юу? Яаж өргөдөл гаргасан, сургууль хэрхэн хүлээн авсан зэргийн талаар?
Анх Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт (Fulbright Fellowship) өргөдөл гаргасан юм. Фулбрайт бага мөнгөөр олон хүнийг сурал­цуулахыг зорьдог учир Харвард зэрэг үнэтэй сургуульд ханддаггүй. Ихэвчлэн улсын, арай хямд төл­бөртэй сургуульд өмнөөс нь өргөдөл гаргадаг юм билээ. Би 1995 онд Фулбрайтад тэнцэж, Фулбрайтын өргөдөл гаргасан хэдэн сургуулиас Arizona, New York State бас Oregon-ы их сургууль намайг авья гэсэн байсан. Би New York State-ийг сонгоод, тэр зун нь англи хэлний мэдлэг дээшлүүлэх курст Boston-ы их сургуульд ирсэн байсан. Харвард Бостонд шүү дээ. Тэгээд Манж, Монголыг сонирхдог профессор Харвардад бий гэхээр нь цаг аваад уулзсан юм. Ярьж байх хооронд тэр намайг юу ч гэсэн Харвардад өргөдөлийн маягтаа өгөөд үз, тэнцвэл шилжээрэй гээд надтай ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн юм (миний орос, төвд, бас бага зэрэг франц хэлтэй, англи хэлэндээ сайн байсныг минь олзуурхсан байх л даа). Би нэг их онц зүйл бодолгүй өргөдөлийн маягтаа Харвардад бичиж өгсөн (маш хожимдсон өргөдөл байсан). Тэд миний эссег үнэлж, тусгай нөхцөл гарган шилжүүлж авсан. (Фулбрай¬тын мөнгөн дээр өөрсдийн фондоос мөнгө гаргаж, сургалтын төлбөрийг нөхсөн)

Хэдий хугацаанд хөөцөлдсөн бэ, хүлээн авна гэдэгт итгэлтэй байсан уу?
Үнэндээ их юм бодоогүй ээ. Орохгүй бол тэр л биз, алдах юм юу байх вэ гэж бодсон. Орох, орохгүй нь миний мэдэлд биш учир санаа зовоод нэмэргүй шүү дээ. Ер нь өргөдөлөө явуулаад мартах хэрэгтэй, санаа зовоод ямар ч нэмэргүй
.
Харвардад одоо сурч, судалгааны ажил хийж байгаа өөр монгол хүн байдаг уу?
Сайн мэдэхгүй байна. Том сургууль шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нэг хүн бий гэсэн. Анагаахад бас нэг байдаг гэж дуулсан. Монгол хүн хайгаад явах зав даан ч байхгүй шүү дээ.

Харвардад зэрэг хамгаалахад их мөнгө төлдөг үү?
Сургууль болон зэргээсээ болно. Жилд ойролцоогоор 45 мянган ам.доллар байх. Докторын оюутнууд тэтгэлэг авахаар өрсөлддөг. Би хувийн мөнгөгүй учир Фулбрайтын дараа дандаа тэтгэлэгүүдэд өргөдөл гаргаж, өрсөлддөг байсан.

Тэтгэлэг авахад хэцүү юу, ямар шалгууруудыг гол болгодог вэ?
Фулбрайт дууссаны дараа би олон тэтгэлэг авч байж тэр их мөнгийг төлдөг байсан. Яаж олох вэ гэдэг нь тэтгэлэгээсээ хамаарна. Докторант болоход тухайн тэнхим тэтгэлэг олгох мэдээлэл, чиглэлээ өгдөг. Олон улсын, зөвхөн АНУ-ын, бас Харвардын гээд олон янз байдаг. Бүгдийг өөрөө л хийнэ. Олон хуудас эрдэм шинжилгээний зүйл бичнэ. Бүх тэтгэлэг өөр өөр зүйл шаардана. Зарим нь бага мөнгөтэй, зарим нь овоо их. Хэд хэдэн тэтгэлэгийг нийлүүлж байж сургалтынхаа төлбөрийг төлж дуусгана. Маш их цаг шаарддаг. Тусгай давхар ажил л гэсэн үг. Би тэтгэлэг олох гэж өргөдөл захиа бичиж олон хоног нойргүй хонодог байсан. Хичээл, судалгааны ажлын хажуугаар амжуулна шүү дээ. Хамгийн гол нь олон чадалтай хүмүүсийн дундаас, яагаад бусдад нь тэр мөнгөө өгөхгүй, харин ганцхан надад өгөх нь зөв юм бэ гэдгээ итгүүлнэ гэдэг амаргүй. Шинэ санаа гаргасан хүнийг л сонгоно. Маш өрсөлдөөнтэй, хэдэн зуун мянган хүнээс ганц нэгд нь л олддог.

Тэгэхээр хэдэн оноос Харвардад сурах болсон гэсэн үг вэ?
1995 онд Харвардын Дорно дахины судлалын тэнхимд доктор хийх гэж элссэн. Тэнд миний багш, дэлхийд нэртэй Манж болон Монгол түүхийн судлаач хүн байсан. Тэр намайг 16-р зууны Монголын түүхийг судлаач гэсэн юм. Гэвч би 16-р зууны үеийн хаад ноёдын түүхээс илүү Монгол улсад болж байгаа орчин үеийн өөрчлөлт, жирийн хүмүүсийн амьдрал, зах зээлийн хүнд хэцүү үеийг яаж даван туулж байгаа, бас шашин энэ нийгмийн өөрчлөлтөнд ямар үүрэгтэй байгааг нь илүү сонирхож байсан. Ингээд Дорно дахины тэнхимд 2 жил болоод тэндээсээ Антропологийн тэнхимд орсон. Тэнд хийе гэж мөрөөдөж байсан ажлаа хийж дуусгасан. 1999 онд магистраа хамгаалсан, дараа нь үргэлжлүүлж сураад 2004 онд Доктороо хамгаалсан. Одоо эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр дахь жилдээ Харвардад ажиллаж байна. Энэ хугацаанд номоо хэвлүүлж гаргана. Судлаач хүний судалгааны ажил дуусна гэж байдаггүй шүү дээ. Цаашид үргэлжлүүлж шинэ сэдэв рүү орно.

Магистрын болон докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
Би нийгмийн антропологич мэргэжилтэй. Гэхдээ “яс судалдаг” нь биш. Тэр бол биологийн антропологи. Миний сэдэв бол социализм задарч, шинэ нийгмийн харил­цаа үүсэж, шинэ соёл, түүхийн ойлголт бүрэл­дэн тогтоход, жирийн хүмүүс зах зээлийн нөхцөлд дасан амьдрахад Буриадын бөө мөргөл чухам ямар үүрэгтэй болохыг судалсан. Бөө мөргөл бол шашин гэхээс илүү хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь үзэл бодол, аман түүх, театрчилсан урлаг, бас нийгмийн ёс зүйн харилцааг бататгах соёлын өвөрмөц нэгэн арга, мөн нийгмийг шүүмжилсэн дуу хоолой гээд маш олон утга учиртай юм байна лээ.

Нийгмийн антропологи чухам юуг судалдаг юм бэ?
Бидний ажилладаг асуултын жишээ гэвэл, Хүн төрөлхтөн хэдийгээр сэтгэн бодохуй болон бие организмын хувьд дэлхийн хаана ч адилхан ч яагаад соёл, нийгмийн хувьд бие биенээсээ хамаагүй өөр байдаг юм бэ? Ямар түүхэн, улс төрийн болон бусад нөхцлөөс болж хүмүүсийн амьдрал ахуй өөрчлөгддөг, зовж шаналдаг, эсвэл таатай байдаг? Ямар нөхцөл байдлаас болж эрх тэгш бус байдал үүсдэг? Шинэ нийгмийн болон соёлын хэлбэр, шинэ амьдрах арга хэлбэр яаж, хаана үүсэж байна вэ, үүнд жирийн хүмүүс яаж оролцож байна? зэрэг асуудлууд юм. Өөрөөр хэлбэл антропологи бол хүний өдөр тутмын амьдралыг, түүх, улс төр, нийгэм, соёл, хүн бодож бүтээсэн бүх зүйлийг нийтэд нь судалдаг шинжлэх ухаан юм. Бас хүмүүнлэг үзлийг баримталдаг, дарлал колончлолын эсрэг, хүний эрхийг эрхэмлэсэн, либерал үзэлтэй салбар. Бидний бүтээдэг зүйл бол этнографийн ном. Энэ нь тухайн хүмүүсийн тухай судалсан эрдэм шинжилгээний хүүрнэсэн дэлгэрэнгүй нарийвчилсан зохиол гэсэн үг.

Яагаад энэ бөө мөргөлийн сэдвийг сонгох болов?
Шашин социализмын үед дарагдаж байгаад социализмын дараа эргээд дэлгэрч эхэлсэн. Яаж дарагдаж, мөн сэргэх үед нь нийгэм, хүний амьдралд ямар өөрчлөлт орж байна гэдгээс эхэлсэн юм. Антропологич хүн нэгэн хэсэг хүмүүсийг судалж байгаа бол тэр хүмүүстэй дор хаяж нэг жил дунд нь амьдрах ёстой. Амьдралд нь гүн орж, ажиглаж, оролцож байж л судалгаа хийдэг юм. Би 1996-1999 оны зуны сарууд, бас 1999-2000 онд дорнодод нэг жил амьдарч билээ. Бөө мөргөл бол зөвхөн шашин биш, энэ бол тухайн хүмүүсийн маш нарийвчилсан түүхэн дурсахуй (ялангуяа дарагдсан, мартагдсан түүх), ганц хүний тайзны урлаг, бас тухайн нийгмийг егөөдөж шүүмжилсэн, урлагжуулсан улс төрийн дуу хоолойн нэгэн хэлбэр. Буриадуудын дунд бөө мөргөл маш их дэлгэрч байсан болохоор тэрний учир утгыг нь олох гэж явсан юм.

Бөөгийн удамтай хүн онгоноо тахиж аргадаж, бөөлж байхгүй бол өвдөж зовдог гэж би дуулсан. Энэ үнэн үү?
Би сая бөө мөргөл бол түүх гэж хэллээ. Бөөгийн онгоноо тахина гэдэг бол (Мон¬голын Буриадуудын хувьд) онгоны ярьж байгаа түүх, өнгөрсөн амьдралыг нь хойч үе нь мэдэж авна гэсэн үг. Бөө нар шинэ үеийнхнийг түүх, удам судар, Оросын хаадууд Сибирийг колоничлох үед алдсан газар нутгийнх нь нэр усыг нь мэдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ соёл, түүхтэй нь холбоотой байлгаж, ямар учраас тухайн хүмүүс бусдаас ялгарч байдгийг нь мартуулахгүй байж, мэдүүлж байдаг гэж би ойлгосон. Харин тухайн хүн өөрийнхөө зовлонг яаж ч тайлбарлаж болно. Хүмүүс ихэвчлэн өөрийн итгэдэг, сайн мэддэг, аль ойр зүйлээрээ тайлбарладаг шүү дээ. Бөө нар үнэхээр тэгж тайлбарладаг. Бөө мөргөл бол өөрөө өвчнийг тайлбарлах, ухаарах, эмчлэх соёлын нэг арга юм гэж бас хэлж болно. Өөрөөр хэлбэл өвчин гэдгийг Европын шинжлэх ухааны үүднээс биш, харин тодорхой хүмүүсийн соёлын нарийн онцлогоос тайлбарлана шүү дээ. Жишээ нь Төвд эмнэлэг ханиадыг хий, бадганы тэнцвэр алдагдсанаас гэж тайлбарладаг байхад орчин үеийнх нь вируснаас болсон гэдэг. Эсвэл, унах, ухаан алдах өвчнийг Европт epilepsy (тархинд саад учирлаа) гээд химийн бодисоор эмчилдэг байхад Африкт malyaria тусаад халуурч, балайрч байна гэдэг, харин зарим нь өвөг дээдсийн сүнс дайрч гэж тайлбарладаг. Чухам алинд нь ит¬гэх вэ гэдэг нь тухайн хүний л сонголт юм.

Буддын шашин монголчуудыг номхон, хүлцэнгүй болгосон гэдэг. Хэрэв бөөгийн шашнаа тэргүүн зэрэгт тавьдаг, нийтээрээ сүсэглэдэг байсан бол манай нийгмийн нийтлэг дүр төрх ямар байх байсан бол гэж танд санагддаг вэ?
Шашин судална гэдэг маань сурталчилна гэсэн үг биш юм л даа. Би таны асуултанд хариулж мэдэхгүй юм. Түүхэнд болоогүй юманд дүгнэлт хийх боломж байхгүй шүү дээ. Бөө нар мэдээж Монгол улс бөө мөргөлтэй байсан бол дэвжих байсан юм гэж ярина. Шашин хоорондоо өрсөлддөг нь дэлхийд түгээмэл зүйл шүү дээ. Аль ч шашин аль болохоор олон сүсэгтэнг хамруулахын төлөө байдаг. Хүн ганц шашныг дагнах албагүй, ер нь дагнадаггүй болсон байна лээ. Харин бөө мөргөл болон төрийн мандал, бууралт хоёрын холбооны талаар Английн Кембрижийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, нэрт эрдэмтэн Caroline Humphrey онол гаргасныг “Алтангадас”-ын уншигчидтай хуваалцья. Монголын газар нутаг дээр түүхэнд тогтносон төр улсууд дандаа бөө мөргөлийн оролцоотойгоор гарч ирсэн боловч тухайн төр хүчтэй болонгуут бөө мөргөлийг төрөөс холдуулж, захчилж байдаг. Харин төр суларсан үед бөө мөргөл дахин шинэ хэлбэрээр мандаж, нийгмийн амьдралд илүү нөлөөтэй болдог байсан гэсэн байна лээ. Сонин судалгаа байгаа биз.

Бөөгийн шашныг судлах явцад таны сонирхлыг эрхгүй татаж, илүү шимтэн судлахад хүргэж байсан, сонирхолтой санагддаг зүйл нь юу вэ?
Би сонирхсон зүйлээ л судалж байсан л даа. Нэгэн жишээ хэлье л дээ. Монголын буриадын бөөгийн дэлхийн бусад бөөгөөс ялгагдах нэг онцлог бол эрэгтэй, эмэгтэй бөө нар адил эрх мэдэлтэй, адил чадалтай онгодтой байдаг. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн тэргүүлж байдаг улс оронд энэ дүрэм бол маш ер бусын зүйл. Гэвч дүрэм нь тэгш мөртлөө амьдрал дээр яагаад үгүй байдгийг нь би цаашлуулж судалж байсан юм.

Зарим хүмүүс яагаад гадаадын эрдэмтэн, судлаа¬чид монгол судлалын чиглэлээр ажилладаг юм бол, тэдэнд юу нь сонирхолтой юм бол гэж гайхдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
Танд гашуун үнэнийг дуулгая, уучилна биз ээ. Монголыг сонирхон судалж буй газар туйлын ховор юм шүү дээ. Монгол судлал гэдэг тэнхим юмуу мэргэжлийн хэргэм зэрэг өгдөг хөтөлбөр АНУ-д нэг ширхэг ч байхгүй, мөн Европт ч байдгийг би мэдэхгүй юм байна. Indiana-гийн их сургуулийн Еврази судлалын тэнхимд яг монгол судлаач гэх хоёр профессор бий. Chistopher Atwood, George Kara нар. Монголын талаар судалдаг мэр сэр эрдэмтэд нь түүх, антропологи, улстөр судлаач нар байдаг. Харин Японд бусад орноос илүү Монгол судлал хөгжсөн юм билээ. Гэхдээ тэр зүгийн эрдэмтэдтэй холбоо бага тул сайн мэдэхгүй юм. Өвөрмонгол эрдэмтэд гадаадад манай эрдэмтдээс илүү өндөр байр суурьтай гэдгийг дашрамд хэлье. АНУ-д бол Хятад, Энэтхэг, Солонгос, Турк зэрэг оронтой харьцуулбал Монгол судлал бараг байхгүй. АНУ бол судалгааны мөнгөө маш нарийн бодолтой зарцуулдаг орон. Эдийн засгийн (газрын тос) болон стратегийн үүднээс Казахстан, Узбекистан, Хятад улсуудыг давуу сонирхдог. Хүйтэн дайны, социализмын үед монголыг илүүтэй судалж байсан ч одоо үгүй. Дашрамд хэлэхэд, бусад орны хөрөнгө мөнгөтэй хүмүүс улсаа сурталчилах үүднээс өөрийн орныхоо судалгааны төвүүдийг байгуулдаг юм билээ. Жишээ нь, Харвардад Хятад судлал хамгийн хүчтэй. Хятад баячуудын хандив маш их үүрэг гүйцэтгэдэг. Мөн Украин судлал маш том төвтэй. Оросоос эрт тасарч дөрвөсөн Украинчууд тэтгэдэг юм билээ.

Харвардад Монгол судлалын талаар материал, ном, судалгаа зэрэг зүйл хангалттай байдаг уу?
Ном материал маш элбэг. Эртний ганжуур, данжуураас эхлээд саяын хэдэн жилд хэвлэгдсэн ном, брошюр бараг бүгд бий. Харвард алслагдсан ямар ч газраас ном хэвлэл захиалдаг гайхамшигтай системтэй юм билээ.

Харвардынханд таны сэдвийн юу нь сонирхолтой байна. Мөн та удирдагч багш нарынхаа тухай яриач?
Сонирхоогүй бол докторантурт элсүүлж, өчнөөн мөнгө болон цаг завын дэмжлэг гаргахгүй байсан болов уу. Социализмын үед шашин дарагдаж байсан, социализм бутраад ямар шинэ онол гаргаж болох вэ зэрэг миний дэвшүүлсэн асуудлыг анхнаасаа л сонирхож ирсэн. Би докторант байхдаа албан ёсны таван удирдагчтай ажилласан. Нэмж хоёр багш албан бус байдлаар миний ажлыг сонирхож, санаа оноогоо хуваалцаж ирсэн. Ер нь хамтран ажиллах сонирхолтой профессорууд олон байсан бөгөөд антропологийн тэнхим намайг бүрэн дэмжиж ирсэн юм. Гол удирдагч маань настай хүн бий. Нобелийн шагналтай дүйцэх Balzan гэдэг шагнал авсан, шашин, улс төрийн хэлмэгдэл, колоничлолын бутралын талаар 30-аад ном бичсэн хүн, Шри-Ланка, Тайланд судлаач хүн бий. Дараагийнх нь Индонезийн бөө, улс төрийн терроризм, төрийн дарангуйлал, өдөр тутмын хүчирхийлэл зэрэг сэдвүүд дээр ажилладаг, маш нэртэй настай эмэгтэй. Гурав дахь нь, Хятадын жендерийн асуудал, гэр бүлийн харьцаа, санан дурсахуй болон мартах талаар нэрд гарсан хүн. Дөрөв дэх нь, глобалчлал, зах зээл, худалдаа наймаа, эдийн засгаар ажилладаг. Тав дахь нь, Дундад азийн угийн бичиг, Осама бин Ладений гэр бүл болон бусад том гэр бүлүүдийн дэлхий нийтээр тархсан түүх, өвөг дээдсийг, санан дурсах соёлын арга гэх мэт маш сонирхолтой зүйлийг судалдаг эрдэмтэн. Эд нартай олон жил ойр дотно ажиллаж ирэхэд маш их юм сурсан. Хэлсэн, бичсэн өгүүлбэр болгон нь шинэ санаа агуулж байдаг, ёстой л бодол санааны дуусахгүй уурхай болсон гайхамшигтай эрдэмтэд.

Бөөгийн шашныг тэд ойлгох уу, тэдэнд юу нь илүү сонирхолтой байдаг вэ?

Бөө бол дэлхийд түгээмэл үзэгдэл. Харин газар газар өөр ойлголттой. Тэд бөөгийн талаар надаас ч илүү мэднэ. Харин Буриад болон Монгол бөөгийн онцлог чанар, бас монголын талаар сайн мэдэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Багш нарын оюутантай харилцах харьцаа, биеэ авч явах соёл, ёс зүй, хичээлээ явуулах, оюутныг дүгнэх, даалгавар өгөх зэргийнх нь талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
Миний удирдагч нар докторантуудтай найз нөхөд шиг л харьцдаг юм. Тун завгүй байсан ч гэртээ хоолонд урина, үдийн цайг хамт уунгаа ажлаа ярина, санал солилцоно, зөвөлгөө өгнө. Харин ажлаа орхисон докторантуудыг орхичихдог юм байна лээ. Өөрсдөө л мэрийхгүй бол тэр завгүй багш нар мартана шүү дээ. Шахаж, шаардах нь бараг үгүй. Харвардынхан илүү ажиллаад ядаргаанд орно уу гэхээс дутуу ажилладаг хүн огт байхгүй. Гэхдээ багш нар нь оюутнуудаа амарсангүй гэж загнана, кино үз, салхинд гар гэж дандаа зөвлөнө. Би багш нартайгаа одоо ч хамтран ажиллагсад. Уншсан зүйлээ хуваалцана. Бичсэн зүйлээ бие биедээ уншуулж санал солилцоно.

Олон орноос ирсэн лидерүүд сурдаг гэж ойлгодог. Тэдэнтэй харилцахад ямар вэ, тэднээс суралцана биз?
Тийм ээ. Бие биедээ сайхан найз нөхөд, хамтрагчид, зөвлөгчид болдог. Тэднээс маш их зүйл суралцсан. Олон ч найз нөхөдтэй болсон. Одоо дэлхийн өнцөг булан бүрт багшилж байгаа.

Таны хувьд ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Одоогоор номоо бичиж байна. Өглөө эрт гараад ажлынхаа өрөөнд эсвэл гэртээ очиж бичнэ, уншина, өдрийн цайны дараа номын санд сууна. Орой ямар нэгэн лекц цуглаанд явах хэрэг гардаг. Орой бас үргэлжлүүлж бичнэ. Энэ бол маш ховор бөгөөд завшаантай нөхцөл. Миний хувьд Харвард уран бүтээлийн чөлөө өгсөн учир би санаагаа боловсруулах цаг завтай байгаа нь тун завшаантай хэрэг.

Tuesday, April 12, 2011

Аюултай хишиг: Монголын албан бус алтны уурхайн эдийн засаг дахь хөрөнгө ба эцэгчлэл


Журмын нөхөр Г.Баттогтохтой хамт редакторласан нэгэн бүтээл хэвлэгдсэн байна. Өнгөрсөн оны бас нэгэн ажил маань. Энэ бол Лондонгийн Их Сургуулийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн (London School of Economics and Social Sciences) докторын дараах тэтгэлэгт судлаач Мэтэ Мэри Хайн "Аюултай хишиг: Монголын албан бус алтны уурхайн эдийн засаг дахь хөрөнгө ба эцэгчлэл" хэмээх бүтээл юм. Мэтэ Хай Өвөрхангай аймгийн Уянга суманд 20 сарын турш хээрийн судалгаа хийж, тус сумын малчид, гар аргаар алт олборлогч буюу нинжа нарын талаар судлан Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн Антропологийн тэнхимд докторын зэрэг хамгаалсан билээ. Тус бүтээлийг МУИС-ын Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч Др.Бум-Очир монгол хэлнээ хөрвүүлэн, Кембрижийн Их Сургуулийн Профессор Каролайн Хамфри, МУИС-ын профессор С.Дулам нар өмнөх үгийг бичсэн байна. Антропологийн бүтээлүүд шил шилээ даран хэвлэгдсээр байгаа нь энэ ухааныг тусгаар тогтнуулах гэж хэмжээндээ хичээж явдаг миний хувьд их сайхан байнаа. Тэгээд хэвлэгдэж буй тэр номуудад нь гар бие оролцож байгаа нь мөн нэр төрийн хэрэг байх гэж өөрийгөө хөөрхөн хөөргөдөж буй билээ. Номын хур шаагих болтугай.

Monday, April 11, 2011

ШАШНЫ АНТРОПОЛОГИ

Нийгэм-соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд, түүний харилцаа холбоог тухайн болон бусад нийгмийн байгуулал, бүтэцтэй харьцуулан соёл дамнасан судалгаа хийдэг гэж болно. Энгийн үгээр бол хүний нийгэм соёл гэдэг нь бие биенээс нь салгаж тасдаж аваад судлаад байдаг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бус харин ч бие биеэтэй нь нягт уялдаа холбоотой авч судлах ёстой бүтэцүүдтэй байдаг. Ийм тул шашны антропологи нь аль нэг нийгмийн шашинг судлахдаа уг нийгмийнх нь бусад хэсгүүдтэй ч харьцуулан судалдаг гэсэн үг. Тэгвэл эл салбар ухаан шашин судлал хэмээх ухаанаас ямар ялгаа зааг болон ижил талтай юм гэсэн асуулт хэн бүхэнд төрнө. Энэ бүхэн хариулах гэж өөрийн хэрээр хичээе. Шашны антропологи нь антропологийн үндсэн суурь зарчимын нэг болон орчин үеийн бус эгэл нийгмүүдэд анхааралаа голдуу хандуулж, эгэл шашны хэлбэрүүд болон гадны сонин гаж үзэгдэлд анхаарч ирсэн байдаг нь карго культ, дом шившлэг, анимизм, тотемизмын судалгаанаас нь харагддаг. Гэхдээ энэ нь сүүлийн үеийн юм уу, орчин үежсэн нийгмүүдийн шашинг судалдаггүй гэсэн үг билээ. Харин шашин судлал нь ихэнхдээ өнөө үеийнхээ буюу судлаач амьдарч байгаа үеийнхээ шашны үйл явцыг болон тогтсон томоохон шашнуудад анхаарсан байх нь их. Ийм ч учраас Буддын, Христын, Лалын гэх мэт тотоохон шашинг судалсан судалгаа голдуу шашин судлалд хамаарч байдаг бол Бөө болон сонин гаж, хүрээ хэмжээ жижиг шүтлэгийн талаарх судалгааг ихэнхдээ антропологичид хийсэн байдаг. Гэхдээ заавал ийм ялгаа заагтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй, антропологич хүн ч Христын шашинг судалж болохтой адил шашин судлаач ч хүрээ цар жижиг шүтлэг мөргөлийн тухай анхаарч болно. Миний хэлээд байгаа энэ санаа нь дээрх хоёр ухааны адил болон зөрөөтэй талын аль альнийх нэг жишээ юм. Мөн шашны антропологи хүмүүсийн шүтээд байгаа шашин нь нийгэм болон тухайн хүндээ ямар нөлөө үзүүлж, ямархуу хүн, нийгмийг бий болгоод байгааг нь анхаардаг, шүтэгч итгэгч хүнээр нь дамжуулан уг шашинг судалдаг билээ. Жишээлбэл намайг оюутан байхад манай ангийн Б.Удвал “Бөөгийн эдийн засгийн амьдрал” сэдэвтэй судалгаа хийж байсан бөгөөд түүндээ хэн нэгэн хүн бөө болохдоо зарцуулдаг мөнгө, хөрөнгийг задлан шинжилсэн нь эл ухааны онцлогийг харуулсан хэрэг байсан. Гэтэл шашин судлал энэ мэт судалгааг хийхээсээ илүү шашны сургаал, түүний үзэл санаанд анхаарах нь их байдаг төдийгүй хүнээс нь бус нийгмийн бүтцээс нь хүн рүү нь хандсан судалгааг хийж байдаг.

Шашны антропологийн маяг загвартай судалгаа аль эртнээс хийгдэж байсан аж. Тухайлбал, XI зууны үеийн Арабын эрдэмтэд Дундад Ази болон Газар дундын тэнгис ялангуяа Энэтхэгийн шашны тухай өнөөгийн антропологичдын адил харьцуулан нэлээд гүнзгий нарийн судалгааг тэмдэглэн үлдээжээ. Тэдний Энэтхэгийн шашин шүтлэг, ёс заншилийн талаарх нэлээд өргөн, шинжилгээ нь магадгүй шашны антропологийн шашны харьцуулсан судалгааны эхлэл байсан болов уу. Энэ тухай ч зарим эрдэмтэд эртний энэ харьцуулсан хандлага өнөө үеийг хүртэл маш ховор байсан төдийгүй шашны судалгааны арга зүйд авч ашиглах шилдэг эх сурвалж болсон юм хэмээн бичиж байв. Дээрх соёл дамнасан харьцуулсан судалгаа хожмын Исламын ертөнцөд ч уламжлан бидний сайн мэдэх Иби-Халдуний (Ibn Khaldun) үед ирсэн байдаг. Улмаар энэ арга зүй Л.Морган, Э.Тайлор, Ж.Фрейзер нарын томоохон судалгаануудын хөтөч болж бидний үед иржээ.

Магадгүй шашны антропологийн гол маргаантай асуудал бол шашныг өөрийг нь тодорхойлох байж болох юм. Олонх антропологичид бөө мөргөл болон өвөг дээдсээ шүтэх шүтлэгийн хэлбэрүүдийг анхаарч үзээд шашинд сүнс, онгод дом шившлэгийн хэрэглээ, ер бусын хүчний хяналт, үл мэдэгдэх болон ирээдүйг тайлбарлах тайлбар, ид шидийн мэдлэг, зан үйлийн тоглолт, мөргөл, тахил өргөл, ер бусын хүчний төлөөлөгч гэх мэт маш олон зүйл багтсан байдаг хэмээн итгэж байна. К.Геерцийн бичсэнээр бол шашин нь (1) бэлгэдлийн тогтолцоо (2) хүчирхэг байдлыг бий болгох үйл явц (3) оршин байхын ерөнхий дэг жаягын ойлголтыг томъёологч (4) увьдас шидийн ойлголтын нөмрөг (5) сэтгэл санаа болон дур сонирхолын ганц бодит байдал мэт санагддаг.

Өнөөгийн барууны соёлд шашин гэдэг нь нэг тэнгэрийг шүтэх үзэл болон ёс суртахууны дэг жаягтай адил утгаар ойлгогдож байна. Ёс суртахуун нь Буддизм, Хиндуизмийн давхацсан итгэл бишрэлээс нэг тэнгэрийг шүтэх үзлийг чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл өрнийхөн эртнээс олон тэнгэрт нэг зэрэг итгэх явдалыг ташааж үзэхгүй байсан бол дорно зүгт бол байдал өөр олон тэнгэрт нэг зэрэг сүслэж байсан, байсаар ч байна. Энэ бүх шашин шүтлэгийн хэлбэрийг А.Валласе дөрвөн ангилалыг санал болгосон байдаг. Эдгээр нь:

1. Хувь бодгалийн: (Individualistic) илүү суурь шинжтэй, хамгийн энгийн. Тухайлбал, Уугуул Америкчуудын соёлд байх даваа давах ёслол г.м

2. Бөөгийн: (Shamanistic) шашнаа эдгээх анагаах, эмчлэгч маягаар ашигладаг, мэргэ төлөгтэй. Онгодтой, анагаагч, алганы хээ уншигч гэсэн зэрэглэлтэй.

3. Нийтийн: (Communal) уламжлагдан ямар нэг овогт ирсэн зохион байгуулалттай хүмүүсийн бүлэг, зарим нийтлэгийн шашин, өвөг дээдсийн шүтлэг үүнд багтана.

4. Сүм хийдийн: (Ecclesiastical) дээрх гурвыгаа багтаасан, нэлээд цуглуулага, холимог маягтай.

Үнэндээ шашин гэж үүнийг хэлнэ, энэ шашин үүнд багтана, тэр нь түүнд багтана гэх мэтээр хатуу нот хуваах хэцүү байдаг. Учир нь хүний нийгэм гэдэг зүйл өөрөө маш их холигдмол, нийлмэл байдагтай холбоотой юм. Зөвхөн аль нэг нийгмийн эдийн засгийг судлахын тулд тухайн нийгмийн улс төрийн хүрээ, түүхийн онцлог, хүн амын сэтгэл зүй гэх мэтээр маш олон салбарын өнцгөөс харах хэрэг гарна. Ийм л учраас сүүлийн үед салбар ухаануудын зааг ялгаа байхгүй болж байгаа талаар судлаачид өгүүлэх болжээ. Хэн нэгэн хүн би улс төр судлаач эсвэл соёл судлаач, антропологич гэж хатуу бат хэлж болох ч түүний судалгаа өнөөгийн цаг үед аль ч салбар ухаанд хэрэглэгдэн иш татагдах болсон нь үүний тод жишээ юм. Энэ байдал ялангуяа антропологит ихээхэн хамаатай байсан төдийгүй одоо ч үүргээ хадгалсаар байна.

Tuesday, March 29, 2011

Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл

III ангийн оюутан байхдаа бичиж байсан өгүүллээ нийтлэв. Тухайн цагтаа цөөнгүй уралдаанд орж, нэлээд шагнал хүртэж байсансан. Монголоо гэсэн заримдаа хэт үндсэрхэг хүмүүсийн ярианы сэдэв болж ч явлаа.
Удиртгал
Та Монгол угсаатныхаа талаар хэр сайн мэдэх вэ? Тэгвэл...
Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр арав сая гаруй Монгол угсаатан амьдарч байна хэмээсэн албан бус мэдээ бий. Бидний төрөл садангууд маань бүлэг цөлгөөрөө БНХАУ, ОХУ, АНУ, Франц, Афганистан, бүр Киргизстан улсад ч утаагаа боргилуулсаар явна. Эдгээр улсын дотроос хамгийн олон тооны Монгол угсаатан аж төрдөг улс бол БНХАУ.
Дундад улс дахь Монголчуудаас манайхны хамгийн сайн мэддэг нь Өвөрмонголчууд. Гэтэл бидний мэддэггүй Монголчууд дундад улсад олон байдгийн нэг нь Хөх нуурын Монголчууд. Мөн цаашлаад Шинжааны Монгол, Юнаны, Ганьсугийн, Сычуаны Монгол гэх мэтээр хөвөрч өгнө. Монгол улс дахь Монголчууд энэ олон Монгол угсаатны талаар бараг юу ч мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Мэддэг хэд нь Эрээн, Хөх хотын хэдэн “дамчдаас” ялгаж хардаггүй. Магадгүй ялгахыг ч хүсдэггүй байх. Энэ нь бидний ихэрхүү, биеэ тоосон зантай холбоотой. Тусгаар тогтносон Монгол улсын хилийн доторх хүмүүсийг л Монгол гээд хилийн гаднахыг нь эрлийз хурлийз гэдэг нь манайхны итгэл үнэмшил. Гэвч энэ ялгамжийг өгч буй ёс суртахуун, оюун ухаандаа хүмүүс тэр бүр эргэлзэж байгаагүй нь сонин.



Энэ удаад би БНХАУ-ын доторх Монголчуудын нэг хэсэг болох Хөх нуурийн Монголчууд, тэр дундаа Дээд Монголчуудын талаар товчхон өгүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн зун буюу 2007 оны 6-7 сард МУИС-ын Нийгэм-Соёлын антропологийн тэнхимийн оюутан болох бид хэдэд БНХАУ-ын Хөх нуур мужид хээрийн судалгаа хийх болoмж тохиосон юм. Энэ нь угтаа Дээд Монголчуудыг товчхон боловч судлана гэсэн үг. Учир нь Хөх нуур мужид гурван өөр түүх, угсаатай Монголчууд аж төрдөг. Эдгээрийн дундаас бид Дээд Монголчуудтай нь хэл нэвтрэлцэж чадсанд байгаа юм. Нөгөө хоёр болох Цагаан Монгол болон Баоаньчуудын аялга нь арай өөр. Гэвч тэдний дунд хэсэг хугацаагаар сууж хамт амьдарвал аяндаа ойлголцоно. Харин Дээд Монголчуудын хэл яриа бидэнтэй төвөггүй нэвтрэлцэнэ. Дээд Монгол хэмээх нэрийн учир нь тэд дэлхийн сээр нуруу Хөх нуур Төвдийн өндөрлөгт далайн төвшинөөс дээш 2500-5000 метрийн өндөрт аж төрдөгтэй нь нэлээд холбоотой гэж Дээд Монголчууд тайлбарладаг.
Тэдний түүхийн хувьд гэвэл Монголчуудын мэдлэгт хамгийн ойр буух мэдээлэл бол Цогт тайж уран сайханы кино. Энэ түүхэн кино яг л Дээд Монголчуудыг Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. XYII зууны дунд үед Төвдийн бурханы шашин болон бидний хэлж заншсанаар шарын шашин, мөн бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч, халхын Цогт хунтайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөхнуурт ирэн шарын шашинтануудыг алж талан шахан гадуурхаж тэр үеийн шарын шашины тэргүүн Y далай ламын байр суурийг ганхуулж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид ойрад Монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотороо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядаж байх тэр мөчид, Y далай лам дөрвөн ойрадыын нэг Хошуудын хан Төрбайхыг залан туслан тэтгэж, Цогтын халдлагаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь бэлчээр хүрэлцэхгүй байсан ойрадуудад аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шиг Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол Төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Үүнээс хойш Төрбайх хан далай ламын шарын шашныг мандуулж, далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хан цол шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд Төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш хан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан далаад жил оршин тогтноод 1723 онд Гүш ханы ач Лувсанданзан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт Монголчуудаасаа алслагдан салсан үндэстэний мөхөлийн эрмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй (Хөх нуурын Монголчуудын түүхийн дэлгэрэнгүйг “Ч.Пүрэвбаярын хөрвүүлсэн “Хөх нуурын Монголчуудын товч түүх”-ээс харна уу).
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Хайши жэүгийн Улаан шэйн, Дэлхий хот, Давсанговь хошуу, Зүүн Көкөт хошуу, Хуудсан болон Бугатын малчид зэрэг болно. Дээд монголчуудын нийгэм, соёл, аж амьдралын олон сонирхолтой үзэгдэлүүдээс би тэдний үндсэрхэг үзлийн тухай асуудлыг сонгон авсан юм. Тэдний үндсэрхэг үзэл нь илэрч байгаа жишээ болгон газар бэлчээрийн маргаан, түүнчлэн тэдний түүх утга зохиол, болон хүүхдийн хүмүүжилд үндсэрхэг үзэл хэрхэн туссан тухай угсаатны зүйг танилцуулна. Энэ судалгааны ажлыг бичихийн тулд онолын баримжаа болгож антропологи дахь үндэсний үзлийн судалгааг иш болгон үзлээ. Антропологид үндсэрхэг үзэлийг хэрхэн томъёолсоныг Б.Андерсоны “Imagined Communities” бүтээлээс нь харвал “Үндэстэн гэдэг нь бодитой зүйл биш харин хийсвэр ойлголт юм. Яагаад гэвэл ямар ч жижиг угсаатаны бүлэгт хүмүүс бие биенээ мэддэгүй, нэг ч удаа уулзаагүй мөртлөө толгойдоо бид нэг, нэгдмэл гэж болдог. Энэ нь үнэндээ дүрслэл санаандаа төсөөлсөн нэгдэл байдаг” гэжээ. Үүнтэй төстэйгөөр Эрнэст Гелнер (Gellner) “үндсэрхэг үзэл үндэстэнг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл үндэстэн байхгүй газар үндэстэн гэсэн нэрийг бий болгогч нь үндсэрхэг үзэл юм. Үндсэрхэг үзэл нь санаанаасаа зохиосон зохион бүтээл, зохиомол, дүр үзүүлсэн show, төсөөлөлийн бүтээл байдаг” гэсэн байна.
Энэ бүхнээс харахад үндсэрхэг үзэл нь хийсвэр сэтгэхүйн ойлголт болж байна. Мэдээж бодитой илэрч гарч байгаа элемент байхыг үгүйсгэх аргагүй. Дээрх онолын ойлголтоос гадна бодитой практик ойлголтыг энд дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Дээд Монголчуудын үндэсний үзлийг мөн л тэдний хэлсэнээр тодорхойлбол “өөрийн ёс заншил хэл бичгээ мэддэг, түүнийгээ хайрладаг, мөн түүнийгээ бусдад түгээдэг сурталчилдаг, хамгаалдаг байхыг хэлнэ”. Энэ бол ганц хүний үг биш харин Дээд монголчуудын дунд өргөн тархсан сэтгэлгээ гэдэг нь олон баримтаас тодорхой байдаг. Ингээд Дээд Монголчуудын талаарх яриандаа орцгооё.
Газрын төлөөх тулаан
Хөх нуур муж нь Төвдийн өөртөө засах орон, Шинжаан, Гансу, Сычиуан гэсэн дөрвөн мужийн дунд оршдог. Дундад улс тавин зургаан үндэстэнтэй (хятадаар зү) тэдгээрийн хятад, хотон, төвд, салар, ёгор гэх мэт арваад үндэстэнтэй нь Дээд Монголчууд хаяа залган амьдардаг. Хөх нуур мужид Дээд Монголчууд 80.000, Төвдүүд 800.000, Хотонгууд мөн төдий тооны, Хятадууд (хэд билээ?) зэргээс болж тэд энэ бүс нутагтаа цөөнхийн нэг болдог. Энэ олон угсаатны бүрдэл нь газар, бэлчээрийн маргааны үндэс болдог. Бэлчээрийг нь байн байн булаах төвд, хятадуудтай тэд зодолддог. Тухайлбал, 1999 онд Хэнан шэйнд орчин үеийн автомат буугаар зэвсгэлэн хоёр талаас тавиад хүний аминд хүрсэн тохиолдолыг оюутан Ж.Цуутайхүүд нутгийнхан өгүүлсэн байсан нь үүний нэгэн жишээ. Энэ мэт мөргөлдөөн үе үе гардаг. 1991 оны 5 сард болсон нэгэн мөргөлдөөнийг уг зодоонд биеэр оролцсон хүмүүсийн ярьж өгсөнөөр сийрүүлье.
Зүүн Көкөт хошууны “Их булаг” хэмээх газар хэсэг Төвд айлууд Монгол айлын бэлчээрт орж ирээд буцаж нүүлгүй нэлээд уджээ. Ингээд л чулуу, мод, дүүгүүр, буугаар зэвсэглэн зодоон болсон. Төвдийн талаас 160-н Монголоос 40-н хэдэн хүн оролцсон гэдэг. Төвдүүд олон байсан тул Монголчууд нэгэн толгойн орой дээр гарсанд, Төвдүүд бүслэн дайрчээ. Монголын талаас 17-н хүн хүнд хөнгөн гэмтсэнээс нэгнийх нь зүүн гар таслагджээ. Гурван хүн толгойдоо сүхээр цохиулсан ч амьд гарсан аж. Төвдийн талаас гурван хүн амь насаа алджээ. Дэлхий хотоос 20 цэрэг ирж Төвд Монгол хоёрын бэлчээрийн зааг дээр арваад хоносон байна. Мужийн төвөөс шийд гарч зодоон үүссэн нутаг дээрх Монгол хийдийг нүүлгэн 3000 га газрыг Төвдүүдэд өгсөн гэнэ. Гурван хүний амийг нөхөн төлүүлэхдээ нэгийг нь хоёр түмэн зоосоор (юань) тооцжээ. Уг нөхөн төлбөрийг Зүүн Көкөт хошууны бүх иргэдээр гаргуулсанд нэг хүнд 70 зоос ноогдсон гэнэ. Монголчуудаас гурван хүнийг баривчилсан (Хунчиг г.м) ба одоо болтол сураг гардаггүй аж. Энэ зодооноос хойш Төвдүүд өс санан гурван жил дараалан Монголын талаас 300-аад бод, 900-аад бог мал хулгайлсан гэнэ.
Төвдүүд арай өөр аргаар Монголчуудын бэлчээрийг булаан авсан тохиолдолыг Улаан шэйн дээр Соёлт хэмээх залуу надад хэлж өгсөн. “Улаан шэйнээс хойш 5 км зайд Анхан дарийн хийд гэж байдаг. Энэ хийд байгаа газар угтаа Монголын бэлчээр байжээ. Гэтэл уг газар дээр хэсэг төвд лам нар сүм барьсанд, төвд айлууд уг сүмийг бараадан нүүн ирсэн байна. Улмаар Монголчууд зугуухан бэлчээрээсээ шахагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн Дээд Монголчууд бэлчээрээ алддаг нь тэдний үндсэрхэг үзлийг өдөөх шалтгаан болдог. Монголчууд төвд ламтай төвд сүмд ордогүй, мөргөдөгүй гэж тэд ярьж байлаа. Учир нь төвдийн сүм болхоор тэр гэнэ. Уул нь Төвд, Монгол адилхан нэг л шашин шүтдэг. Гэтэл төвд сүмд төвд лам байдаг, төвдүүд мөргөдөг. Бид төвдүүд шиг харанхуй бүдүүлэг хүмүүс биш гэж Дээд Монголчууд ярьдаг. Тэд шарын шашинийг шүтсэнээрээ ийм соёл дорой байгаа юм, тийм болхоор би шарын шашинг тоодоггүй гэж ярих Дээд Монголчууд надтай нэг бус удаа таарч байсан.
Түүх, утга зохиол
Дээд Монголчууд түүхээ саяхнаас л чөлөөтэй хүүрнэх болсон талаар тэд өгүүлж байлаа. 1990-ээд оноос л Чингис хааны хөргийг гэрийнхээ хойморт залах болжээ. Гэхдээ Мао даргын хөрөгтэй хамт гэнэ. Чөлөөлснөөс хойш буюу 1949 оноос хойш Хөх нуурын Монголчуудын түүхийг Монголчуудаар бичүүлээгүй аж. Харин одоо Дулаан шэйнд Жавхлан гэдэг залуу буруудсан ч бай, зөвдсөн ч бай өөрсдийнхөө түүхийг бичнэ гэж зориглосон нь үнэхээр бидний урмыг сэргээж байна хэмээн Давсанговь хошуунд Баясгал ах ярьж байлаа. Мөн тэрээр “... хэрвээ бид Лувсанданзангын бослогыг гаргалгүй тэвччихсэн л бол одоо бид хоёр сая гаруйлаа муусайн төвд, хотонгуудад дарлуулахгүй сайхан байхгүй юу... “ хэмээн халаглан өгүүлж байсан. Нээрээ л хувь хүнийхээ үүднээс бодоход тийм ч юм шиг санагдсан. Ийм л учраас Дээд Монголчууд цадиг түүхэндээ бусад монголчуудаас дутуугүй хайртай. Дэлхий хотод уулзан ярилцсан “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ах надад хүүрнэхдээ “Дээд монгол залуус өв соёл, уламжлал, заншилаа сурталчилсан ном сонин сэтгүүлийг өөрийн хөрөнгөөр эрхлэн хэвлүүлж тараадаг юм. Нэг ном хэвлүүлэхэд 10 юань хэвлүүлэх тоо нь хамгийн багадаа 1000 ширхэг болдог” гэж байсан. Ингээд бодоход нэг ном гаргахад манай төгрөгөөр 2 сая орчим төгрөг хэрэгтэй. Гэтэл миний уулзаж ярилцсан хүмүүс нэгээс дөрвөн ном гаргачихсан байдаг. Хэдий ийм ч тэдэнд нэг гомдолтой асуудал байнга тулгардаг. Засгийн газраас “буруу үзэлтэй” номыг хэвлүүлдэгүй. “Буруу үзэл” гэдэг нь өргөн утгаараа Хятадын эсрэг гэсэн үг. Тийм болхоор Дээд Монголчуудад ном болгон бичээгүй олон үзэл санаа цээжинд нь байдаг. Үүнийгээ шүлгээр л илэрхийлнэ. Шүлгийн агуулга нь:
…Эзэн богдын түүж ирээд
Эх орон хэмээн
Өрлөг төрийн тогоо нэрсэн
Тулгын гурван чулууны хоёр нь алга бид эрэлд гаръя
Эзэн тэнгэрийн зарлиг юм гээд
Өөрийн мутраасаа салгалгүй үүрд атгаж явсан
Эр хар сүлдний тань хойноос бид эрэлд гаръя
Эрхэм зуунаас солонго хараад омогшихдоо
Эх хэлээ умартсан
Энхрий бяцхан дүү нарийнхаа хойноос бид эрэлд явъя
Аюулхайдаа ерөөх нутаггүй болсондоо бид эрэлд гаръя
Амраглан золгох Монгол цөөндөө бид эрэлд гаръя
Бид бүгдээрээ эрэлд гаръя эх орныхоо төлөө
Өөрийг чинь төрүүлсэн Монголын төлөө
Бид эрэлд мордъё… гэсэн байдаг.
Энэ мэтчилэн Дээд Монголчуудын утга зохиолд дэлхийн бусад улс орнуудад байгаа төрөл нэгт монголчуудаа санагалзсан тэднийгээ гэсэн үзэл нэвт шингэсэн байх нь түгээмэл.
Хойч үеээ Монгол хүн “болгох” гэсэн тэдний тэмцэл
Энд нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа нь хүүхдүүд үндсэрхэг үзлээ илэрхийлж байгаа явдал юм. Магадгүй энэ асуудал үндсэрхэг үзлийн судалгаанд шинэлэг сэдэв байж болохоор байна. Дээд Монголд үндсэрхэг үзэл арваад настай хүүхдүүдээс ч мэдрэгдэнэ. “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ахын хүү Баян арван настай Хятад дунд сургуульд явдаг. Баян дүрэмт хувцасныхаа дотуур өмсдөг цамцныхаа зүрхэн тушаа Чингис хааны хөргийг наачихсан байсан. Хятад хүүхдүүд хэний зураг юм бэ гэж асуухад нь миний өвөг гээд хэлчихдэг гэнэ. Дэлхий хотод уулзаж ярилцсан яруу найрагч Цэлгэр эгчийн хүү Аян. Цэлгэр эгч хүүдээ зориулан бичсэн нэг шүлэгтээ Миний хар нүдэн Аян... гэх мэтээр бичсэн байдаг. Хүүгээ хар нүдэн гэж өхөөрддөг. Нэг өдөр хүү Аян нь сургаалиасаа ирээд
- Ээжээ миний нүд шар тиймээ? гэж асуужээ. Ээж нь
- Үгүй ээ миний хүү хар нүдтэй ш дээ гэсэнд
- Үгүй ээ шар, ээж нь юу гэж дээ хар нүдтэй хэн тэгж байна гэсэнд хүү нь
- Юу яриад байгаа юм бэ? Чингис хаан шар нүдтэй юм чинь би ч гэсэн шар нүдтэй л байж таараа ш дээ гэсэн гэнэ.
Цэлгэр эгч өөрөө монголд ирж байсан. Тэрээр” Монголд хотон хүн байхгүй үнэхээр сайхан байлаа гэж байв. Дээд монголчууд нийтээрээ хотон хүнд дургүй. Учир нь хотонгууд монголчуудыг даралдаг мөлждөг “хамгийн муу хүмүүс”. Тийм ч болохоор
Хотон хүний хоолыг нь идэж болохоос
Үгийг нь сонсож болохгүй гэцгээдэг.
Гэр хороолол сайхан санагдсан гэж Цэлгэр эгч ярьж байсан. Гэтэл манайд Улаанбаатарын хорт утааны гол үйлдвэрлэгч гэгдэн гэр хороолол муу хэлэгдэж байдаг. Ер нь бидний хөгжил гэж боддог бүхэн тэнд муухай. Зам, гудамж, талбайн цэцэг. Яагаад гэвэл Хятадууд хийсэн учираас тэр юм. Дэлхий хотын төв талбайд хотынх нь бэлэг тэмдэг мориний хөшөө байдаг. “…Төвдүүд сарлагын хөшөө босгох гэсэн ч Монголчууд тэмцсээр байгаад мориний хөшөө босгуулсан нь үнэхээр сайхан. Одоо Дэлхий хотыг Монгол Төвдийн шэйн гэж бичдэг. Монгол гэдэг нэрийг Төвд гэсэн нэрийн өмнө оруулсан нь бидний ялалт болсон” гэж тэд бахархаж байв.
Өөр олон үндэстэний дунд амьдарч байгаа болохоор Монгол үндэстэн гэдгээ тэд улам илүү мэдэрдэг бололтой. Монгол хүн гэж тэдний хувьд хэл, соёл зан заншил ёс суртахуунаараа цул Монгол байх ёстой. Хэдий тийм ч тэд Хэнаны Монголчуудыг Монгол л гэж боддог. (Хэйнаны Монголд, Монгол гэх зүйл нь Монгол гэр, бэлчээрийн мал аж ахуй хоёр л юм гэдэг). Яг л энэ сэтгэхүйгээрээ дунд сургуульд байхдаа дургүй учраас Хятад, Төвд хүүхэдүүдийг зодож, тэдэнтэй нөхөрлөсөн монголчуудаа гоочилж явсанаа дурсах дуртай. Мөн албан байгуулагын хятад хаягийг монгол бичгээр бичүүлэх гэж тэмцдэгээ, монгол дунд сургуульд улам олон монгол хүүхэд элсүүлэх гэж компанит ажил өрнүүлдэгээ тэд надад ярьж байсан. Хашаандаа Чингис хааны хар сүлдийг залсан айлтай нэг бус удаа таарч явсанаа энд хэлэх хэрэгтэй байх . Ингэж л тэд Монгол байхын төлөө, Монгол байх юмсан гэсэн сэтгэлээр тэмцэж байдаг. Хөдөө хаана ч очсон таныг халхаас ирсэн хүн хэмээн хоймороо залаад дал дөрвөн өндөр чанан дайлна. Намайг нэг удаа хүүхэддээ жинхэнэ Монгол нэр өгөөч гэж гуйж байсан. Учир нь ердөө л хүүхэддээ төвд нэр өгөхгүй л гэж тэр байлаа. “Та жинхэнэ халх хүн үү?” хэмээн нүдэндээ нулимастай гарыг минь атгаж байсан малчин яруу найрагч Балмадорж гуайг одоо ч би тодхон санаж байна. Манай энд хит болсон дуу тэнд ч гэсэн хит болж, манайхны тоглоом наргиа тэнд ч гэсэн хүрсэн байдаг. Уулзаж ярилцсан залуус маань халхын шүлэг уран зохиолыг надаас илүү мэднэ. Тэрийг уншсан уу? Үүнийг харсан уу? гэх нь нүүр халмаар.
Бас л бүгдээрээ л Хархорумын туурийг үзэж, тэр бууцан дээр хөрвөөхийг, Бурхан Халдунд очиж мөргөхийг мөрөөддөг. Тэд ар тавин долоон хошуу, өвөр дөчин ёсөн хошуу, Хөх нуур хорин дөрвөн хошуу хэмээн ярьж, өөрсдийгөө тулгын гурван чулууны нэг мэтээр төсөөлдөг. Гэтэл бид тэдний талаар бараг юу ч мэддэгүй. Гэлээ ч тэд үүнд огт санаа зоволгүй бидэнтэй садны холбоотойгоорооо бахархаж, энд Монгол улс байгаад сүсэглэн цайныхаа дээжийг хойд зүг бидний зүг өргөн, шөрмөс шиг болсон Туулын усыг рашаан хэмээн дээдэлж байдаг. Ийм л амьдрал ахуйтай хэсэг монголчууд байдаг чимээг тусгаар тогтносон монгол улсад дуулгаарай гэж тэд надаас хүсэж байсан. Бас Монгол улсад дахин золгохын ерөөл тавин үлдсэн билээ.
Тэд бидний талаар чамгүй сайн мэднэ. Харин бид тэдний талаар бараг юу ч мэдэхгүй. Энэ мэдлэгийн зөрөө манайхныг тун бүдүүлэг байдалд оруулдаг. Мөн энэ бүдүүлэг байдал худгийн мэлхийн үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулдаг нь гачлантай. Гэвч манайхан энэ байдалдаа өчүүхэн ч санаа зоволгүй хэн нэгэн их мэдэгчийн үгээр тэднийг янз бүрээр хочилсоор л байна. Хэзээ бидний үнэний нүд нээгдэж бодит байдлыг олж харан явцуу бодлоосоо ангижирах юм болдоо.

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...