Tuesday, March 29, 2011
Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл
Saturday, March 19, 2011
Бурзайж байна уу? Нинжа нар, тэдний зохион байгуулалт хийгээд амь зуулга

Нэгэн сэдэвт бүтээл маань хэвлэгдсэнд нөхөр Г.Баттогтох ийн тайлбар хийн өөрийн блог дээр тавьжээ.
Дэлхийд бол өндөрт түвшинд гарчихсан, монголд одоо л жинхэнэ утгаараа хөгжиж яваа антропологийн шинжлэх ухаанд нэгэн шинэ ном, шинэ судлаач төрлөө. Ардчилсан монголын нийгмийн нэгэн сонин үзэгдэл болсон Нинжа нарын тухай шинжлэх ухааны түвшинд харж судалсан анхны ном бол “БУРЗАЙЖ БАЙНА УУ? Нинжа нар, тэдний зохион байгуулалт хийгээд амь зуулга” хэмээх ном юм.
Нинжа аж ахуйн үүсэл, орчин нөхцөл, тэдний зохион байгуулалт, амь зуулгыг нийгмийн бүтцийн талаас задлан тайлбарлаж онолын баттай ноттой гаргалгаа дэвшүүлж тавьсан энэ номыг ийм тийм хэмээн дүгнэж хэлэх бөх зүрх, мэдлэг чадвар надад үгүйн учир нийгэм-соёлын хүн судлалын чиглэлийн эрдэмтдийн хэлсэн үгийг дайж байна. Тэд лавтай “нэг юм” хэлсэн буй заа.
“Нинжагийн хатуу дотоод зохион байгуулалтын хүч, тогтворгүй хөдөлгөөнт шинж чанартай зэргээс болж нийгэм соёлын антропологийн оролцон ажиглах арга гэх мэт судалгааны арга зүйг хэрэглэн бодит чанарын судалгаа хийхэд үнэхээр хүнд, амаргүй гэгддэг юм. Үнэндээ, нинжагийн тухайд удаан хугацааны хээрийн судалгаан дээр тулгуурласан судалгаа бүтээл тун цөөн байгаа нь өнөөгийн бодит байдал билээ. Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн туршлага, өргөн хүрээний сүлжээ, урт удаан хугацааны хээрийн шинжилгээний үр дүнд, нарийн чухал мэдээ материал цуглуулж чадсан төдийгүй, өөрийн туршлагын байр сууринаас, судлаачийн нүдээр нинжа болох шалтгаан, нинжагийн зохион байгуулалтын онцлог, үйл ажиллагааг нийлбэр цогц байдлаар, өргөн цар хүрээнд авч үзэж чадсан хэмээн дүгнэж байна” гэж Осака Их Сургуулийн Профессор Сэцэнхүү бичжээ.
Харин МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Бум-Очир: “Онолын хувьд Мэтэ Хай малчин залуучууд нинжа болохыг эцэгчлэлийн дараасаас гарч бие дааж өөрийн гэсэн орлоготой, эрх мэдэлтэй болж амьдрах эрмэлзлэлээс үүдэлтэй гэж тайлбарласан. Харин Г.Мөнх-Эрдэнэ энэ асуудалд өөрөөр хандаж нинжа нар ч гэсэн гэр бүлээрээ эцэг эхтэйгээ алтны газар ажиллаж тэнд нь ураг удмын тогтолцоо, эцэгчлэлийн тогтолцоо хэвээр үргэлжиж байгаа баримт оруулан Хайгийн онол нинжа нарын онолыг тайлбардаж болох олон онолын нэг нь юм гэдгийг харуулсан. Цаашлаад тэрээр алтны газар гэдэг бол эмх замбараагүй, хөл толгойгүй, эх захгүй нийгмийн бүлэг биш харин туршлага дээр үндэслэн тогтсон өөрийн онцлог бүхий нийгмийн захиргаатай, зохион байгуулалттай байдаг талаар өгүүлсэн. Энэ мэтчилэн түүний энэ судалгааны бүтээл нийгмийн гүнд нь орж хийсэн угсаатны зүйн эх сурвалжтай, онолын түвшинд тайлбар өгөхийг хичээсэн, цаг үеэ олсон дорвитой ажил болсон байна гэдгийг уншигч танаа сонордуулахад таатай байна” гэж бичжээ.
Япон Улсын Засгийн газрын Какен байгууллагаас санхүүжүүлсэн, Осока Их Сургуулийн болон Монгол Улсын Их Сургуулийн багш нарын хараанд өртөөд буй бүтээлийн зохиогч Г.Мөнх-Эрдэнэдээ амжилт хүсье. Хийж бүтээх гэсэн чин хүсэл, авьяас билиг байгаа цагт “жинхэнэ” бүтээлүүд энэ мэтээр ундрах болтугай.
Номыг бүтнээр нь доорх холбоосоор орж харна уу. https://drive.google.com/file/d/0BxtK2_kGmyqUclpmNTF1bkFzaDg/view?usp=sharing
Tuesday, March 8, 2011
СЭХЭЭТНҮҮДИЙН АЖИЛ ХАЯЛТ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭГҮЙДЭЛ
Яг нэг жилийн өмнө энэ нийтлэлийг бичиж байлаа. Өөрийн блог, бас tsahimurtuu.mn дээр тавигдаж байсан юм. Нийлээд их шүүмж, бас эсэргүүцэл дагуулж байж билээ. Бидний хэлсэн санааны үнэ цэнэ одоо ч алдраагүй байгаа тул дахин нийтэлж байна.
Өөрийн гарт барьсан зул
Өрөөлийн нүдэнд гэрэл болдгийг сана.
Шастирын үг
Хүмүүс завгүй байна... Тэд ямар нэгэн юм хийгээд л завгүй байгаа даа. Аав нь хүүтэйгээ уулзах завгүй. Хүү нь ч гэсэн аавтай уулзах завгүй. “Нялхсыг угтаж, өтгөсийг үдээд өчүүхэн ч чөлөө завгүй байна” Монголчууд. Ямар нэг юм хийгээд завгүй байдаг хүмүүст, ялангуяа тэр ямар нэг юм нь ямар ч юм биш байдаг хүмүүст үүнийг зориуллаа.
Сэхээтнүүд, оюунлагууд эзгүй хойгуур дүр эсгэгчид сэхээтэн болж орлон тоглож байна. Хүний нийгмийн гэлтгүй аливаа нийгмийн байгуулалд ч цөөн хэдэн манлайлагчид байж олонхоо чирч явдаг нь жам ёсны зүйл юм. Харин өнөөгийн Монголд өнөөх чирэгдэж явдаг хэд нь манлайлагчид болж, оюунлагуудын оронд суучихаад өчүүхэн ч чөлөө завгүй орлон тоглолт үзүүлж байна.
Өнөөдөр хэн сайн орлон тоглож чадсан нь эрх мэдэл, албан тушаал, мөнгийг хүслээрээ олж, хүүхэн шуухан сольж, морь мал уралдуулсан шиг зугаацан амьдарч байна. Түүхийн будангуй салхинд үе үе ингэж “айл гэр” болж тоглосоор ирсэн нь ажиглагддаг. Харин тэр орлон тоглогчид оюуны салбарт гар хөлөө дүрж, тухалж суугаад жинхэнэ шилдгүүдийг, оюуны жинхэнэ гигантуудыг шахаж байгаа нь хэрээс хэтэрлээ.
Монголын шинжлэх ухааныг “Арлын буюу Робинзон Крузогийн шинжлэх ухаан” гэж нэгэн судлаач сануулсан нь бий. Тэр л арлын шинжлэх ухааны үхширмэл арга барилаа нэгэнт өөрчилж, салхи савир оруулах цаг хэдийнээ болчихоод байхад өнөөх л орлон тоглогчид үхэн хатан зууралдсаар байна. 1990 он хүртэл бид арлаа сайн судалсан, шинжлэх ухааны арал буй болгож чадсан. Харин одоо аль болох шинээр, аль болох өөрөөр харах цаг нэгэнт болчихжээ. Далан жил бичсэн. Далан жил бие биеэ магтан дуулсан. Ямар сайндаа л “Чойбалсангийн тавин насны ойд зориулсан шүлэг” бичээд төрийн шагнал авч байхав дээ. Хорин жил давтан бичсэн. Хорин жил мөн л бие биеэ магтан дууллаа. Энэ төөрөгдлийн хорин жилд сэхээтнүүд ажил хаяж, орлон тоглогчид сэхээтнийг дүрд тоглохыг оролдож, аль хэдийнээ орлон тоглогчдын хүчирхэг арми буй болж, ардын болон төрийн шагналтнууд гэгдэж, цаашлаад академич хүртэл болж амжжээ.
Монголд шинжлэх ухааны судалгаагаар тэргүүлдэг Монгол Улсын Их Сургуульд дөч, тавин жил багшийн дүрд тоглож, нэг ч бүтээл гаргаагүй хүн эмээд нь ярьсан үлгэрээ XXI зууны ач охинд нь ярьсаар байна. Мөн хорин жил их сургуульд багшилсан бас нэг орлон тоглогч ном нэртэй цуглуулга хийж оюутнууддаа шахаж байна. Монголын ШУА-д хорин жил ажиллахдаа гялтайх ганц өгүүлэл бичээгүй хүн доктор болж байна. Толгойтой бүхэн нь завгүй байхын тулд магистр хамгаалж, их дээд сургуулийн диплом цуглуулан тоглож байна. Ийм л үнэ цэнэ, эх адгаа алдсан завгүй хүмүүсийн хаанчлал газар авлаа. Монголын оюуны салбарт тэргүүлдэг энэ байгууллагуудад ийм хүмүүс ингэж тоглож байхад өөр бусад нь бүр нэмэргүй байгаа даа. Тэд шинжлэх ухааны нэр хүндийг шавар шалбаагт хутгаж хаясанаараа шинжлэх ухаанаас хол олон нийтийн дунд шинжлэх ухаан гэж ийм муухай юм байдаг гэсэн мэссэж тарааж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр мэссэнжэрдэж, орифлеймын бараагаа бие биедээ шахахдаа уран үгээ барж, бохь зажлахаас өөр юм хийхээ больсон тэднийг уг үндсээр нь өөрчлөх цаг нэг болсныг дахин сануулах юун. Тэд, орлон тоглогчид тэр ажилдаа завгүй, тэр ажилдаа дэндүү хайртай. Учир нь тэд өөр юм хийх чадваргүй болтлоо завгүй ажилласан юм. Хамгийн харамсалтай нь сэхээтнийг орлогчид шинэ хүмүүст боломж өгөхгүй байхыг, эсвэл яг өөр шигээ зэрэмдэг байхыг шаардаж, арал дээрээ амар жимэр завгүй мэт амьдрахыг хичээсээр байна. Тиймээс “дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг. Харин өөрийгөө бусдаас ялгаатайг мэддэг агуу их хүмүүс бол үнэнчээр зүтгэх ямар нэгэн дээд зарчим хийгээд өөрөөсөө илүү хүмүүсийг үргэлж хайж явдаг” гэж Ортега-и-Гассет хэлсэн юм.
Шинэ л байхгүй юм бол дахин давтаад юу хийнэ. Далан жил, дахиад хорин жил улиглалаа. Бидэнд өнөөдөр Цэдэнбалын ардчилсан хувилбар хэрэггүй, төрийн шагналт, яамны тэргүүний ажилтан, алдарт уран зохиолч, таван жилийн гавшгайч гэсэн одон медалдаа дарагдах шахсан хүмүүсийн муухан хуулбар ч хэрэггүй, багшийгаа хуулж өөрийнхөө нэрийг тавьдаг эрдэмтний орлон тоглогчид бүр ч хэрэггүй. Харин аугаа Фукогийн онолыг үгүйсгэсэн онол үндэслэсэн монгол залуу, аавынхаа шүлгийг дууриаж бичдэггүй Хасар шиг л хүмүүс хэрэгтэй. Шинжлэх ухааны салбар, оюуны нэр хүндийг ганцхүү жинхэнэ жүжигчид л аварна. Учир нь амьдрал бол жүжиг гэж Шекспир хэлсэн юм. Орлон тоглогчдод орон зай бүү өг, сэхээтнүүдээ.
Дахиад л улиглан, учирлан гуйя оюунлаг сэхээтнүүдээ. Айн Рэндийн “оюунлагууд ажил хаяа юу”, эсвэл Ц.Хулангийн “Сэхээтнүүд минь хаа байна” гэсэн үгсийг дахин сануулмаар санагдлаа. Уул нь сэхээтэн гэдэг хүн бусдыг сэхээрүүлж, сэнхрүүлж, гэгээрүүлж явдаг баймаарсан. Даанч манай сэхээтнүүдийн “ажил хаясаар” удаж байна даа. Х.Тэмүүжин олон өгүүлэлээрээ энэ бүхнийг дахин дахин сануулсаар атал салхи хөдөлж дарцаг дэрвэхгүй байсаар л байгаа бус уу. Шинжлэх ухаан гэсэн энэ том нэр хүнд дээр хоёр хөлөөрөө дэвсэн чарлачихаад, хэнэгчгүй алхаж байгаа олон дүр эсгэгчид байх болж. Тэдний ухаангүй марзан аяглал газар авч, тархинд хүрч байхад оюунлаг сэхээлэг хүмүүс үүний эсрэг дуугарах нь битгий хэл аялдан дагаад байх шиг. Эрдэмтэн гэхээсээ гандангийн дэнжийн төлөгч шиг загнах эдгээр хүмүүс өөрөө ч учрыг нь олоогүй үзэл санаандаа бат итгэж, дутуу иссэн айраг шиг гөлийсэн бодлуудаа хаа сайгүй тарааж байна. Харин энэ бүхнийг нь маргаантай гэсэн хүнийг тэд мангар гэж цоллож таваа хангаж байгаа нь эрүүл үнэн үг хэлсэн нь биш эргүү гөжүү зүйл ярьсан нь өндөрт гарсанаар ил байгаа шүү дээ. Эрүүл саруул ухааны өмнөөс эргүү солиорол зогсож, бүр даван гарах гээд нүүрээ улайлган нүдээ бүлтийлгэн дүлж байхад, оюунлагууд буланд зогсоод буудуулах гэж байгаа буруутан шиг дуугүй л нүдээ бүлтийлгэн гараа өргөж байх нь сонин юм.
Шинжлэх ухааны тодорхой нэгэн салбарт арав хорин жил ажилчихаад дөмөгхөн нэг өгүүлэл бичиж чадаагүй байж, бусдын хийснийг үгүйсгэж шүлсээ үсчүүлэх тэдэнд сайхан байгаа болтой. Угтаа бол энэ байр суурь нь түүнийг ядахдаа ажлаа сайн хийгээрэй, чадвал нээлт хийгээрэй гэсэн утга бас давхар агуулдагийг мэдмээрсэн. Нэмэр болохгүй бол нэрмээс болж, “гүйсэн нохойд” саад болохгүй байхыг сануулж байгааг бодмоорсон. Эрдмийн энэ том байр суурийг цалинг нь өгч, өөрийг нь тэжээдэг газар мэтээр ойлгосон энэ хөөрхийс хэзээ үнэнийг ойлгож нүүрээ улайлган буруугаа хүлээх юм бол доо. Би чадахгүй юм байна гэж хэлчих зориг тэдэнд байхгүй шиг чи болохгүй байна гээд хэлчих зориг зүрх сэхээлэг хүрээнд бас алга уу.
Энэ бүх хаягдсан орон зайн дээр сайн дурынхан гарч ирээд, таанц иргэн, толгойгоо эргэтэл хөөрцөглөж байхад, сэхээтнүүд хаа байна. Хэн дуртай нь өөрийгөө эрдэмтэн, академич хэмээн цоллон, “цагаан яс”-аараа гайхуулж байхад Бруно шатаагдсан амиараа, Галиолей шүүгдсэн нэр хүндээрээ хамгаалж байсан шинжлэх ухаан дуугүй л байх юм. Хэдэн үлгэр цээжээр хэлдэг өвгөн өөрийгөө “угсаатан судлаач”, аавынхаа мөнгөөр костюмаа авч өссөн хүүхэд хэдэн мөр юм бичээд утга зохиол шүүмжлэгч болж байхад хэн ч юу ч дуугарахгүй байгаа нь юуны учир вэ. Бидний зорьж зүтгэж байгаа зам ийм хямдхан юм уу. Энэ бүх балайрал шинжлэх ухааны нэр хүндийг унагаж байна. Хүмүүс шинжлэх ухаан ярьсан хүнийг гажигтай мэтээр ойлгож, бараг номын цагаан солио гэж хүлээн авч байхад, эсрэг талд нь харин элдэв хадуурал мэргэ төлөг газар авч дээр дооргүй түүнд итгэн хошуурах болж. Яг л дундад зууны европын харанхуй байдал манайд ноёрхож байх шиг. Шинжлэх ухааныг ойлгоход сэхээлэг гэгээлэг ухаан хэрэгтэй шиг энэ бүх тэнэглэлийг ойлгоход түүнээс тэнэг байх хэрэг гарах байх даа харамсалтай нь. Энэ бүхнийг ажлаа хаясан оюунлаг, сэхээлэг хүрээнийхэнд зориулав. Нэр зүүгчид “романтик хортон” адил ухаарах сэтгэхүйгүй билээ. Иймээс тэдэнд үг зориулах ч хайран байлаа.
Өрөөлийн нүдэнд гэрэл болдгийг сана.
Шастирын үг
Татвар төлөгчдийн мөнгөөр мэссэнжэрдэж, орифлеймын бараагаа бие биедээ шахахдаа уран үгээ барж, бохь зажлахаас өөр юм хийхээ больсон тэднийг уг үндсээр нь өөрчлөх цаг нэг болсныг дахин сануулах юун. Тэд, орлон тоглогчид тэр ажилдаа завгүй, тэр ажилдаа дэндүү хайртай. Учир нь тэд өөр юм хийх чадваргүй болтлоо завгүй ажилласан юм. Хамгийн харамсалтай нь сэхээтнийг орлогчид шинэ хүмүүст боломж өгөхгүй байхыг, эсвэл яг өөр шигээ зэрэмдэг байхыг шаардаж, арал дээрээ амар жимэр завгүй мэт амьдрахыг хичээсээр байна. Тиймээс “дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг. Харин өөрийгөө бусдаас ялгаатайг мэддэг агуу их хүмүүс бол үнэнчээр зүтгэх ямар нэгэн дээд зарчим хийгээд өөрөөсөө илүү хүмүүсийг үргэлж хайж явдаг” гэж Ортега-и-Гассет хэлсэн юм.
Friday, February 25, 2011
ЭКОЛОГИЙН АНТРОПОЛОГИ
Энэ бүх шүүмжлэлийг даван гарах хэрэгтэй гэвэл экологийн антропологи, улс төрийн экологи, хүрээлэн буй орчны антропологийн мэдлэгийг ашиглах хэрэгтэй болох байх аа. Хэдий ийм ч эл салбар судалгаа антропологийн судалгаа төдийгүй бусад судалгаанд өргөн ишлэгдэх болж, энэ салбарын судалгаа шинжилгээ хийгчдийн тоо нэмэгдсээр байгааг бас хэлэлгүй орхиж болохгүй нь ээ.
Tuesday, February 1, 2011
НИЙГМИЙН АНТРОПОЛОГИ
Thursday, January 20, 2011
УЛС ТӨРИЙН АНТРОПОЛОГИ
Wednesday, January 12, 2011
Jonathan Watts in Ogoomor, Oct 2007 The Guardian
Хэдэн жилийн өмнө Британийн Гардиан сонин дээр гарч байсан мэдээллийг орчуулсан байснаа блог дээрээ байршуулъя гэж бодлоо. Зохиогчийн зөвшөөрөл энэ тэрийг нь аваагүй тул хулгай ч болсон байж магадгүйг бас хэлэх хэрэгтэй.
Monday, January 10, 2011
ХӨГЖЛИЙН АНТРОПОЛОГИ
Нийгэм-соёлын антропологиос урган гарсан олон салбар судалгаа байдаг. Тэдгээрийн нэг болох хөгжлийн антропологи нь ерөнхий антропологи болон өөр салбар ухаанууд болох хөгжлийн судалгаануудын зааг хил дээр ажиллаж, дүгнэлт гаргадаг гэж болно. Тэгвэл хөгжлийн судалгаа гэж юу вэ, энэ бол нийгмийн олон салбарт байх байгууллагууд, хувь хүмүүс, бусад институцийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх, цаашдын хөгжилд нь гарц шийдэл бий болгодог судалгаанууд байдаг. Харин бид ерөнхий антропологийн талаар бага зэрэг гадарлах болсон. Энэ хоёр ухааны хил зааг дээр хөгжлийн антропологи бий болж, судалгаагаа хийдэг гэхээр эл салбар ухаан нь олон улсын байгууллагууд, засгийн газрийн агентлагууд, хувийн компаниуд, бизнесийн бүлэглэлүүд гээд цаашаа улам урт хөвөрч болох нийгмийн хүрээнүүдийн ямар нэг үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж энэ нь зөв тэр нь алдаатай гэх мэт бодлогын зөвлөгөө хийдэг болж таарч байгаа юм. Мөн энд тодорхой нэг улс орон тэр дундаа хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудалууд ч орох нь ойлгомжтой гэдгийн ухаарч байгаа байх.
Энэ судалгаа антропологийн бүх зүйлийг бүхэллэг, цогц байдлаар хардаг чадвар болон хөгжлийн судалгаануудын дүн шинжилгээ, зөвлөх шинжийг өөртөө шингээсэн гэж болно. Энгийн үгээр бол ямар нэг асуудал байна. Түүнийг бүх талаас нь судаллаа, үр дүнг гаргалаа, эцэст нь тэр байдлаа ингэж засаж янзал, энэ байдлаа тэгж өөрчил гэсэн бодлогын зөвлөгөө өгнө гэсэн үг юм. Судалгааны объект нь дээр дурьдсан нийгмийн байгууламжуудаас гадна олон улсын болон өөр бусад байгууллагуудын хэрэгжүүлж байдаг төсөл хөтөлбөр, тусламж түүний хэрэгжилт, үр дүн төдийгүй бүхэл бүтэн улс орны хөгжлийн асуудал ч байж болно.
Зарим судаалчдын үздэгээр хөгжлийн антропологит ямар нэг зорилго, үзэл санаа тэр байтугай бүтэлгүйдэл ч байхгүй гэдэг. Учир нь эл судалгаа бодит судалгаа байдаг. Оршин байгаа бодит асуудлыг судалдаг, үр дүн нь гарч зөвлөмж хэлдэг, үйл ажиллагаа энэ хүрээд төгсдөг гэж болох үүднээс үүнийг хэлсэн байна. Гэтэл ерөнхий антропологи нь цуглуулсан мэдээ, этнографи дээрээ тулгуурлан хүмүүний амьдрал, соёл нийгмийн тайлбарласан онол бүтээхийг зорьж байдаг гэж энэ санаагаа улам тодотгосон байдаг. Бүр зарим судлаачид хөгжлийн антропологи бол антропологи биш гэж шууд үздэг. Тэдний хэлж байгаагаар бол антропологи анх үүсэн бий болохдоо төдийгүй одоо ч ямар нэг соёлыг аль болох хөндөж нөлөө үзүүлэхгүйгээр судлах гэж хичэж ирсэн байдаг бол хөгжлийн антропологи судалсан соёл, судлагдахуундаа тэр чинь зөв энэ чинь буруу гэх мэтээр зөвлөгөө өгч уг судлагдахуунаа өөрчлөн хувиргаж байдаг гэсэн байна. Тэгвэл энэ үзэл санааны эсрэг хөгжлийн антропологичид антропологийн бүтээсэн мэдлэгийг ямар нэгэн байдлаар ашиглаж, эргэлтэнд оруулж байх ёстой. Гэтэл антропологийн бүтээлүүд, мэдлэгүүд антропологийг сонирходог хүмүүсийн хүрээнд л эргэлдээд байна. Энэ мэдлэгийг бодит амьдралд ашиглах, хэрэглэх нь зүй ёсны хэрэг болоод байгаа төдийгүй энэ л үйлсэд хөгжлийн антропологи хувь нэмэрээ оруулах гэж байна хэмээн мэтгэдэг. Энэ утгаараа хөгжлийн антропологи бол антропологийн салшгүй нэг хэсэг хэмээн тэд баталдаг байна. Өөрөөр хэлбэл уламжлалт ч гэмээр юм уу эсвэл ерөнхий антропологичид антропологи бол цэвэр соёлыг тайлбарладаг ухаан болохоос биш түүнд ингэ тэг гэж заавар өгдөг ухаан биш гэж үзсээр байгаа бол хөгжлийн антропологичид тэр соёлуудыг тайлбарласан олон мэдлэгүүдийг амьдралд, ямар нэг асуудалд ашиглах хэрэгтэй байна гэж үзэж байгаа гэсэн үг.
Мөн хөгжлийн антропологит хамаарах нэг шүүмж бол хөгжлийн антропологи нь хөгжил нэрийн дор барууны амьдралын хэв маягийг хөгжиж буй орнуудад түгээж байна гэсэн санаа. Бүр зарим судлаачид энэ үйл явцыг нь шинэ колончлол гэж ёгөөдсөн байдаг. Тэдний үзэж байгаагаар бол соёл бүр өөр өөрийн хүрээндээ хамгийн төгс зөв шийдэл, хөгжлийн чиг хандлага байдаг. Харин хөгжлийн антропологичдын хувьд бол барууны бус, “хөгжөөгүй” соёлуудыг хурдан хөгжилд хүргэхийн тулж барууны ололттой арга загварыг шууд ашиглах хэрэгтэй болдог байна. Энгийн үгээр бол өнөөгийн манай Монголд тулгарсан асуудал гэсэн үг. Нэг хэсэг хүмүүс барууны шинж загварыг үгчлэн дуурайхыг хүсэж байхад нөгөө хэсэг нь уламжлалт соёлынхоо үнэ цэнийг алдахгүйг хичээж байгаатай адил.
Ямартаа ч хөгжлийн антропологи нь антропологийн олон арван жилийн хуримтлагдсан мэдлэг, мэдээллийг бодит амьдралд ашиглах гэсэн олон оролдлогуудын нэг төдийгүй сүүлийн үед ихээхэн хөгжиж буй салбар судалгаа болоод байна. Маш олон антропологичид ч энэхүү салбар судалгаанд сэтгэл татагдаж, асуудалд уг өнцөгөөс хандах болжээ. Мөн эл судалгаа бусад нийгмийн шинжлэх ухаануудын бодлогын судалгаатай өрсөлдөн, нэлээд том зах зээлийг эзлэх болоод байгаа юм.
ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ
Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул ( Миньзу Их Сургууль, Ант...
-
Орчуулсан: Өвөр Монголын Их Сургуулийн магистрант Ч.Мөнхтуул Булаг багшийн нэгэн яриаг хүргэж байна. Уг яриандаа голлон тайлбарлаж буй М...