Thursday, April 2, 2015

АЛЬ СОЁЛ СУДЛАЛ ВЭ: ТАЛБАРАА ТОДОРХОЙЛОХ ШААРДЛАГА

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
Хүмүүнлэгийн ухааны тэнхим
Г.Мөнх-Эрдэнэ

Хураангуй

Уг өгүүлэл нь Монгол Улсын их дээд сургуулиудад зааж буй соёл судлалын ухаан болон түүний судлагдахууны талаар товч өгүүлж буй болно. Бид уг өгүүллийн судалгааг хийх явцад өөр хоорондоо ялгаатай гурван “соёл судлал” байгааг тогтоосон юм. Бид өгүүллээрээ чухам аль соёл судлал Монгол Улсын их дээд сургуульд зааж буй соёл судлалтай ойр, төстэй вэ? гэсэн суурь шинжтэй асуултанд хариулахыг зорьж байгаа болно. Дээрх гурван “соёл судлал” нь нэгт, Хаант Оросоос эхлэн ЗХУ-д хөгжсөн культурология, хоёрт, АНУ-ын антропологич Лесли Вайтын (Leslie White) culturology хэмээх аливаа соёлыг судлах судалгааны нэгэн хандлага, гуравт, Англиас эхлэн дэлхийн бусад оронд өргөн тархсан cultural studies зэрэг болно. Харин судалгааны явцад Монгол Улсын их дээд сургуульд зааж буй соёл судлал нь культурология хэмээх ухаантай илүү төстэй байгаа төдийгүй зарим судлаачид түүнийг Лесли Вайтын culturology төдийгүй cultural studies-тай хольж хутган, андуу ташаа ойлгож буй нь тогтоогдсон болно.

Түлхүүр үг: Культурология, culturology, cultural studies, соёл судлал, Лесли Вайт

Удиртгал

Монгол Улсын хэмжээнд соёл судлалын ухаан бууриа засан хөгжиж чамгүй хугацааг өнгөрүүлжээ. Гэвч бидний ярьж, судалж, зааж буй соёл судлал яг ямар соёл судлал вэ? Онолын болоод арга зүйн эх сурвалж хаанаас вэ? Судлагдахуунаа харах өнцөг, судалгааны онцлог маань юу вэ? гэх мэт асуудал одоо ч хангалттай сайн тодорхойлогдоогүй байна. Нэн тэргүүнээ соёл хэмээх ойлголтыг судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухаанууд болон соёл судлал хэмээх ухаан хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Соёлыг судалдаг социологи, антропологи, урлаг судлал гэх мэт нийгэм, хүмүүнлэгийн ухаан цөөнгүй бий. Дээрх ухаанууд яг хэзээнээс соёл хэмээх ойлголтыг судлах болсныг хэлэхэд төвөгтэй. Мөн соёлыг судалж байсан энэ оролдого нь соёл судлалын үүсэл гэж хэлэхэд ч бэрхшээлтэй юм. Энэ бүх асуултаас үүдэн судалгаа хийж үзэхэд Монгол Улсын хэмжээнд гурван өөр төрлийн соёл судлал гэж ойлгож болмоор ухааны талаар ярилцаж, судалж, зааж, бичиж байна. Үүнд; нэгдүгээрт, Хаант Оросоос эхтэй, улмаар ЗХУ-д өнөө ОХУ-д хөгжиж буй культурология буюу бидний соёл судлал хэмээн орчуулж буй ухаан орно. Судлаачид ихэнх тохиолдолд культурология-г шинжлэх ухаан гэж орчуулж байна (Радугин 1999, Төмөрбаатар, Төмөрхуяг 2001, Гуревич 2004 болон Дорждагва 2010-ээс үзнэ үү). Хоёрдугаарт, АНУ-ын антропологич Лесли Вайтын (Leslie White) culturology хэмээх аливаа соёлыг судлах тухай номлосон антропологийн судалгааны нэгэн хандлага, онол орно. Түүний 1949 онд хэвлүүлсэн Соёлын Шинжлэх Ухаан: Хүмүүний болон Соёл иргэншлийн судалгаа (The Science of Culture: A Study of Man and Civilization) бүтээлийг уншиж үзэхэд тэрбээр ямар нэгэн соёл судлалын шинжлэх ухааны бий болгож, үндэслэж байна гэж дурдаагүй байгаа юм. Түүнийхээр culturology гэх нэршил нь соёлыг судалж болох антропологийн ухааны нэг төрлийн арга зүй, онол хандлага байсан (илүү дэлгэрэнгүйг White 1949-оос харна уу) байна. Гуравдугаарт, Англид үүсэн улмаар дэлхийн бусад улсуудад өргөн тархсан cultural studies болно. Уг ухааны үүслийг 1964 онд Английн Бирминхамын Их Сургууль (University of Birmingham) дээр Орчин үеийн соёлын судалгааны төв (Center for Contemporary Cultural Studies) байгуулагдсан үеэс тоолдог. Сүүлийн үед зарим судлаачид өөрсдийн мэргэжил, судалгааныхаа чиглэлийг англи хэлрүү орчуулахдаа culturology гэхээс гадна уг нэршлийг ашиглах явдал түгээмэл боллоо. 
Дээрх ухаанууд нь үүсэл түүх, онол, арга зүй, судлагдахуун, асуудлыг олж харах өнцөг гэх мэт олон зүйлээрээ хоорондоо илт ялгаатайг хангалттай ялгаж салгаж ойлгож байгаа гэсэн баримт бидэнд хараахан олдсонгүй. Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр болон судлаачдын судалгааны агуулга Оросын культурология-тай харьцангуй адил байгаа мөртлөө cultural studies хэмээх өөр ухааны нэршлийг ч ашиглаж байна. Мөн үүсэл гарлын хувьд хоорондоо холбоогүй АНУ-ын антропологич Лесли Вайтын (Leslie White) culturology хэмээх аливаа соёлыг судлах судалгааны чиг хандлагыг Оросын культурология-ийн үүсэл болсон зүйл мэт, шинжлэх ухааны суурийг тавьсан үндэс гэж үзэж байгаа нь ч харагдана (дэлгэрүүлж Төмөрбаатар, Төмөрхуяг 2001, Гуревич 2004 болон Дорждагва 2010-ээс харна уу). Бидэнд байгаа дээрх гурван соёл судлалын алийг нь бид их дээд сургуулийн оюутнуудад зааж байна вэ? Аль чиглэлийн судалгааг бид хийж байна вэ? Чухам аль чиглэлийг баривал дэлхийн жишигт илүү ойртох вэ? гэсэн асуултанд хариулах үүднээс уг өгүүллийг бичлээ. Тус өгүүлэлд энэ ухаан нь сайн, энэ нь муу гэх юм уу эсвэл энэ нь зөв, энэ нь буруу гэсэн нийгмийн хувьслын онолын арга зүйг баримтлан аливаа зүйлд “шүүгч, заагчийн” үүднээс хандахаасаа илүү бодит байдал ямар байна вэ? Алдаа дутагдал юу байна вэ? Гарц юу байж болох вэ? гэсэн дүрслэх, тайлбарлах (interpretation) арга зүйг баримталж байгаа болно. Дээр дурдсан гурван соёл судлалыг тус тусад нь доор тайлбарлавал:        

            Соёл судлал буюу kультурология

Культурология буюу манай зарим эрдэмтний соёл судлал хэмээн орчуулсан энэ ухаан нь соёлын олон янз байдал болон хэлбэр, үүргийг нь судалдаг. Ийн судлахдаа философи, түүх, социологи, уран зохиол болон урлаг судлалаас өөр, ялгаатай хандлагаар судлах зорилготой, соёлыг Германы сонгодог философичдын адил нэгдмэл организм гэж үзэж (Berry болон Epstein 1999: 15) байв. Хаант Орос болон ЗХУ-ын үед өрнөн түгэж байсан эл ухааны хөгжилд “Н.А.Данилевский (1822-1885), Н.А.Бердяев (1874-1948), А.Лосев, түүнчлэн Д.С.Лихачев,  М.Бахтинь А.Мень, С.С.Аверинцев, Ю.М.Лотман, Э.Ю.Соловьев ... нарын зохиол бүтээл гол суурь” (Радугин 1999: 18-19) эзэлдэг аж. Николай Данилевскийн үзэж байсанаар соёл нь нэгдүгээрт шашин, хоёрдугаарт улс төр, гуравдугаарт нийгэм-эдийн засаг, дөрөвдүгээрт соёл (урлаг, шинжлэх ухаан, технологи) гэсэн дөрвөн хэсгийг багтаасан ойлголт (Berry болон Epstein 1999: 16) ажээ. Судалгааны энэхүү хандлагаасаа болж соёл судлал (культурология) нь Оросын шашны философи улмаар философийн нөлөөнд автсан судалгааны чиглэл болжээ.
Харин Зөвлөлт засаг, Сталины үед зөвлөлт маягийн хүнийг бий болгох, хүмүүжлийг төлөвшүүлэх болон нийгэмшлийг бүтээхийн төлөө судалгаагаа зориулах болж үзэл сурталжсан байдаг. Энэ нь шууд утгаараа эрдэм шинжилгээний судалгаа гэхээсээ илүү улс төржсөн үйлдэл байсан учраас төрийн төлөө, төрийн зорилгын төлөө үйлчилж байв. Төрөөс л зарласан зүйл албан ёсны, үнэн, түүнийг судлах ёстой болсон учир тэрхүү зүйл зөв, төрөөс тунхаглаагүй, “зөв” гэж үзээгүй нийгмийн үзэгдлийг судлах нь нь албан ёсны бус буюу “сөрөг” “дайсан” соёл болж байв. Тиймээс ч судлаачид соёлыг сайн муу, сөрөг, эерэг гэх мэтээр шинжлэх ухаанч бус хувийн үзэл бодлоор, ангич, намч байдлаар үнэлж дүгнэж байсан байдаг. Түүнчлэн соёл бол бүхэл (whole) зүйл тул дэлхийн хаана ч бүх хүн төрөлхтөнд түгээмэл үйлчлэх нэг л онол байх ёстой хэмээн үзсэнээрээ зарим талаар байгалийн ухаан шиг нэг хууль хайж, нийгэм-хүмүүнлэгийн ухаан гэсэн шинжээсээ гажиж байсан тохиолдол бий. Гэвч энэ нь тэр үеийн үзэл суртал, улс төрийн шийдвэрээс болж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр судалгааны хандлага нь ийм байсан ч соёл судлалыг шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны нэг салбар хэмээн сурталдаж байжээ.
1960-аад оноос уг соёл судлалд Марксизмаас гадна структурализм нэвтэрч онолын чиг хандлагад тодорхой өөрчлөлт авчирсан байдаг. Ингэснээр улс төрийн үзэл суртлаар тодорхой хүрээнд салж шинжлэх ухаан болон технологийн талын судалгааг анхаарах (илүү дэргэлэнгүйг Berry болон Epstein 1999 үзнэ үү) болжээ. Өөрөөр хэлбэл соёл судлал судалгааны салбарынхаа хувьд энэ үеэс л зохион байгуулагдан үүссэн гэж болмоор байна. Учир нь Хаант Оросын болон Сталины үеийн соёл судлал нь хангалттай сайн зохион байгуулагдаж, институтчилэгдээгүй, улс төрийн үзэл сурталд хэт автсан, шинжлэх ухаанч бус шинжтэй байсан юм.
Дээрх соёл судлал манай улсад ЗХУ болон ОХУ-ын судлаачдын бүтээлээр дамжин нэвтэрсэн бөгөөд өнөөг хүртэл орос хэлээр хөлөглөсөн хэвээрээ байгаа гэхэд хилсдэхгүй. Нэгэнт Монгол дахь соёл судлалын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээлүүд хангалттай бий тул энд уг ухааны тухай дэлгэрэнгүй дурдахаас түтгэлзлээ (жишээ нь Дорждагва, Сарантуяа, Долгорсүрэн 1998, Төмөрбаатар, Төмөрхуяг 2001 болон Дорждагва 2010-аас үзэж болно). 1990-ээд оны өөрчлөлтийн дараа Орос улсын соёл судлал онол, арга зүйн тодорхой хэмжээний гацаанд орсон нь манайд ч адилхан байж, түүнээс гарах гэсэн оролдлого идэвхтэй өрнөж байна. Энэ гацаанаас гарах боломжийн гарц нь магадгүй зөвхөн Англи хэлт ертөнцөд гэлтгүй Европ, Африк, Ази тивийн улсуудад хүчтэй хөгжиж байгаа cultural studies хэмээх салбар хоорондын ухаан байж болох юм. Энэ талаар дүгнэлт хэсэгт дэлгэрүүлж өгүүлэх болно. Энд бид cultural studies нь сайн, зөв, дэвшилтэт культурология нь хуучин, муу, бүдүүлэг гэж хэлж буй биш гэдгээ сануулахад илүүдэхгүй болов уу. Гэвч өмнө хэлсэн шиг культурология нь хувьслын онол болон Марксизмд тулгуурлаж, үзэл сурталд ихэд автсан байсан тул орчин үеийн нийгэм дэх соёлын асуудлыг судлахад онол, арга зүйн хувьд хоцрогдолтой, шинэлэг бус гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  

            Соёл судлал буюу culturology

Энэхүү нэршил хоёр салаа утгатай байна. Нэгдүгээрт, Хаант Орос болон ЗХУ-ын үеийн культурология-г англи хэлрүү хөрвүүлсэн утга байна. “Хүйтэн дайны” үед социалист, капиталист гэгдэн эсрэгцэж байсан ЗХУ болон АНУ-ын шинжлэх ухааны зарим мэдлэг тэр дундаа нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон мэдлэг ондоошиж, нэг нэгэнтэйгээ өрсөлдөн, бие биедээ нэр хоч өгч байсан байдаг. Гэвч “хүйтэн дайн” дууссаны дараа тус хоёр улсын хооронд мэдээллийн урсгал чөлөөтэй болж, бие биеийхээ мэдлэг, ухааныг хүлээн авах болсноор ЗХУ-д байсан соёлыг судлах эрмэлзэлтэй культурология хэмээх ухааныг англи хэлэнд culturology гэж орчуулсан байна (Berry болон Epstein 1999-өөс дэлгэрүүлж харна уу).
Уг нэршлийн хоёрдугаар утга нь АНУ-ын антропологич Лесли Вайтын (Leslie White) 1949 онд хэвлүүлсэн The Science of Culture: A Study of Man and Civilization гэх бүтээлтэй холбоотой бөгөөд түүний соёл судлал (culturology) хэмээх ойлголт нь Хаант Орос, ЗХУ үеийн соёл судлалтай (культурология) огт хамаагүй байсан нь түүнийг бүтээлийг уншихад тодорхой байдаг (White 1949 болон Бум-Очир, Мөнх-Эрдэнэ 2012-ийг үзнэ үү). Зарим судлаачид дээрх culturology хэмээх нэршлийн хоёр утгыг ойлгоогүйгээс уг ялгааг нь анзаараагүй байна. Адилхан нэртэй байна гэдэг яг адилхан утгатай, адилхан судалгаа хийдэг гэсэн бүрэн нотолгоо биш тул бид культурология-ийн үүслийг Лесли Вайтын culturology-той холбохоо больж аль алийг нь яг ямар утгатай судалгаа хийж байсан бэ? Судалгааны гол онцлог, судлагдахуунаа харах ялгаа нь юу байсан бэ? гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Учир нь культурология ч, Лесли Вайтын culturology ч тэр аль аль нь онолын хөгжлийн хувьд хуучирсан, орчин үеийн онол, хандлагуудад хүчтэй шүүмжлүүлсэн буюу одоогоор судалгааны идэвхтэй арга зүй биш болчихоод байгаа билээ.     
Гэтэл энэ байдлыг манай зарим эрдэмтэн ойлгохдоо “профессор Л.О.Уайт /1900-1975/ анх Мичиганы их сурууль дээр 1931 оноос эхлэн соёл судлалын лекц уншиж эхэлсэн байдаг. Тэрээр “Соёлын тухай шинжлэх ухаан” /1949/, “Соёлын эволюци” /1959/, “Соёлын тухай ойлголт” /1973/ бүтээлүүдээрээ соёл судлалыг бие даасан шинжлэх ухаан болохынх нь хувьд тууштай үндэслэж, улмаар үе үеийн эрдэмтэн судлаачид соёл судлалын судлах зүй, бүтэц, онцлог, судалгааны арга зүйг нарийвчлан тодотгосоор байна” (Дорждагва 2010: 18) хэмээн ташаарсан нь цөөнгүй бий. Учир нь culturology хэмээх нэршлийг ашигласан АНУ-ын антропологич Лесли Вайтын гол онол нь соёлыг шинжлэх ухаанч арга зүйгээр судлах зорилготой соёлын хувьслын онол юм. Уг онол хэд хэдэн чиг баримжаатай байжээ. Нэгдүгээрт, тэрээр 1881 онд Тайлорын хэрэглэж байсан соёлын хувьслын онолыг (cultural evolutionism) баримталж байсан бөгөөд энэ нь Тайлорын тухайн цагт үзэж байснаас онцын ялгаагүй  байсан юм. Хоёрдугаарт, соёлыг олон тоон дээр бус харин соёл гэдэг нэгэн ерөнхий зүйл төдийгүй тодорхой тооны хөгжлийн шаттай байдаг хүн төрөлхтөнд нэг л байдаг, түгээмэл зүйл гэж үзэж (White 1949: ix) байв. Улмаар энэхүү хүн төрөлхтөн даяар нэг л байдаг ганц соёлыг ерөнхийлж нэгтгэн судлах арга зүйг буюу өөрийнх нь нэрлэсэн culturology нь тухайн үеийн Ф.Боас болон түүний шавь нарын түүхэн өвөрмөц байдлыг онолыг (historical particularism) шүүмжилсэн (Service 1976: 613) утга агуулгатай байсан юм.
Тэрээр антропологийн гол судлагдахуун нь соёл учраас антропологи бол соёлын шинжлэх ухаан буюу science of culture гэж үзэж байсан бөгөөд товчилбол culturology гэж нэрийдсэн байдаг. Соёлын шинжлэх ухаан нь соёлын үзэгдэл дэх харилцааг тодорхойлж байдаг хүчин зүйлүүдийг судалдаг байна. Вайтын тодорхойлсоноор culturology нь янз бүрийн соёлын өвөрмөц чанарыг сонирхдоггүй харин соёл гэдэг бүхэл зүйлийн ерөнхий хэв шинжийг ойлгоход чиглэх (Moore 2009: 180) ажээ. Өөрөөр хэлбэл Вайтын үзлээр аливаа ард түмний соёл нэг нэгнээсээ ялгаатай, ондоо биш харин ч нэг л хэв маягтай гэж үзэж байгаа гэсэн үг. Ингэж үзвэл Хятадын соёл, Монголын соёл, Америкийн соёл гэдэг тус тусдаа ялгаатай зүйлүүд биш юм. Харин дэлхийн бөмбөрцөг дээр амьдран байгаа хүмүүс, улс түмнүүд өөр өөр соёлын үе шатанд байгаа гэсэн хувьслын онолын санаа гарч ирж байна. Бид түүний энэ баримтлалаас магадгүй Амазоны уугуул иргэд хамгийн доод шатны соёлтой бол АНУ хамгийн дээд шатны соёлтой гэсэн утга гарч ирж байгааг анхаарах ёстой. Гэтэл өнөөгийн нийгэм, хүмүүнлэгийн ухаан нийгмийн хувьслын онолын аливаа улс үндэстний соёлыг дээр доор гэж ялгасан энэхүү үндэслэлийг ихэд шүүмжлэн няцааж, өнөө бараг хэрэглээ больсон байгааг бодож үзүүштэй.[1]
Вайт өөрийн соёл судлалаа (culturology) нэгдүгээрт шинжлэх ухаан байх ёстой, хоёрдугаарт соёлыг судалж байх ёстой, гуравдугаарт учир зүй, шалтгаанцлалтай (deterministic) байх ёстой (White 1949: ix) гэсэн нь хувь бодгаль, эсвэл аль нэгэн соёлын өвөрмөц байдлыг чөлөөтэй илэрхийлж байдаггүй харин соёлын ерөнхий түгээмэл хуулийг үндэслэж байх ёстой гэсэн үг юм. Тэрээр culturology гэх нэршлээ байнга science of culture  хэмээт нэршилтэй хамт хэрэглэж байсан бөгөөд энэхүү нэр томъёоны гол агуулга нь өмнө хэлсэн шиг Хаант Орос, ЗХУ үеийн философи, шашин, урлагийг голчлон анхаарсан хожмын социалист хүнийг бий болгох зорилготой байсан соёл судлалтай (культурология) огт хамаагүй байгаа нь түүний бүтээлийг уншихад илт харагдаж байна. Мөн Вайт ЗХУ-ын соёл судлалын (культурология) талаар ямар нэгэн байдлаар мэдэж байсан гэх баримт бидэнд олдсонгүй. Магадгүй хожмийн судлаачид культурология-д тулгарсан онол арга зүйн асуудлыг шийдэх гэхдээ англи хэлт судалгааны бүтээлүүдийг шүүн үзэж, улмаар Вайтын culturology-той танилцан түүнтэй холбох гэж зүтгэсэн хувь хүний төсөөлөл, уран сэтгэмж байсан болов уу гэсэн дүр зураг өөрийн эрхгүй буулаа. Харин түүний соёл судлал болон ЗХУ-ын соёл судлал (культурология) хоёр хоёулаа материалист, хувьслын хандлагаар соёлыг судлах гэж оролдож байсанаараа төстэй юм.
Иймээс Монгол Улсын зарим сурах бичиг, бүтээлүүдэд дурдаж байгаа шиг Лесли Вайтын антропологи дахь соёлыг судлах гэсэн хандлага болох science of culture  буюу culturology-г ЗХУ-н соёл судлалтай (культурология) хольж хутгах нь “нэр нь ижил юм чинь агуулга нь ч адилхан байх” гэсэн маягтай бүдүүлэг харьцуулалт болж байна. Түүнчлэн нэг зүйлийг тодруулахад Вайтыг нас барсаны дараа түүний соёл судлал (culturology) гэх судалгааны хандлага нь Их Британид 1964 оноос бий болон хөгжсөн соёл судлал (cultural studies) хэмээх салбарын судалгааны давалгаанд дарагдан англи хэлт орнуудын судалгаанд хэрэглэгдэх нь улам бүр багассаар өнөө бараг ач холбогдол, хэрэглээгүй болсныг дурдах хэрэгтэй болов.
Гэвч энд Л.Вайт ЗХУ-н соёл судлал (культурология) гэх ухааныг эсвэл өөр соёл судлалын ухааныг үндэслэсэн үү, үгүй юу? гэдэг чухал биш юм. Харин өнөөгийн Монголд байгаа соёл судлалыг түүний culturology-той холбож үзэх хангалттай баримт байхгүй төдийгүй түүний онолыг өнөөгийн судалгаанд ашиглах нь учир дутагдалтай юм гэдгийг ойлгох хэрэгтэй болчихоод байна. Учир нь түүний энэхүү хандлага өмнө хэлсэн шиг XIX зууны үеийн нийгмийн хувьслын онолыг дахин сэргээн баримталсан шинэ хувьслын онол (neo-evolutionism) бөгөөд өнөө тус онол ихээхэн шүүмжлүүлж, хэрэглээ нь илт хумигдсан билээ. Дараа дараагийн онол өмнөх онолоо үгүйсгэн шүүмжилж, бие биеийхээ дутууг нөхөж, хөгждөг зарчим байдаг тул одоогоос хагас зуун жилийн өмнөх энэ онол, хандлагын нөлөө илт суларсан нь бодит байдал юм. Нэгэнт ийнхүү эрч хүч, бүтээлч байдлаа алдан шүүмжлэлд өртөн, хэрэглээ нь багассан онолыг Монголд шинэ тутам хөгжүүлэх гэж буй соёл судлалын ухаанд авч ашиглах нь эргээд гацаа, эргэлзээнд оруулах аюултай билээ. Бид Вайтын culturology нь шинжлэх ухаан юм уу аль эсвэл нийгэм хүмүүнлэгийн ухааны бие даасан нэг салбар биш, Оросын культурология-тай хамааралгүй харин антропологийн ухааны гол судлагдахуун болсон соёл гэдэг ойлголтыг Вайт хэмээх хувь судлаач ингэж судалбал яасан юм бэ? гэсэн санал буюу судалгааны онол, арга зүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

            Соёл судлал буюу cultural studies

Их Британид 1964 онд Бирминхамын Их Сургууль (University of Birmingham) дээр Орчин үеийн соёлын судалгааны төв (Center for Contemporary Cultural Studies) байгуулагдсан нь уг соёл судлалын үүсэл (Barker 2008: 6) болжээ. Энэ төв байгуулагдан анхны судалгаагаа хийж эхэлсэн үеэс л бусад тив, улсуудад соёл судлалын ухаан түгэн дэлгэрч, нийгэм, хүмүүнлэгийн ухаанууд дунд өөрийн байр сууриа олсон гэж болно. Гэвч энэ үед их сургуульд хараахан уг ухаанаар хичээл заадаг болоогүй байлаа. Уг ухаан судалгаа, номын дэлгүүрийн тавиур дээрх ном төдий л байсан юм. Их сургуульд, оюутанд л хичээл зааж байж өндийж буй ухаан түгэн дэлгэрч, ухаан болох билээ. Уг ухааны анхдагчид болсон олон хүн эхнээсээ л энэ бол манай салбарын судалгаа, харин харин энэ бол биш гэж гэх мэтээр уг ухааны хил хязгаарыг тогтоохыг хүсэхгүй байсан юм. Энэ байдал нь ахисан түвшний сургалтанд асуудал үүсгэхгүй ч бакалаврын түвшний оюутанд бие даасан зэрэг хамгаалах боломж өгөхгүй байв. Гэвч соёл судлал нь ямар нэгэн тодорхойлолтонд багтахгүй, хаа хамаагүй ухаан гэсэн үг биш. Беннеттийн үзэж буйгаар бол “соёл судлал нь ялгаатай салбар ухаануудыг үзэл баримтлалаас сонгон авч хүч болон соёлын харилцааг судалдаг салбар хоорондын ухаан” (Bennett 1998: 28) юм. Мөн Жон Сторэй “хэдийгээр зэрэг олгох хөтөлбөр, эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн сэтгүүл, холбоо цөөнгүй бий ч яг соёл судлал гэж юу вэ? гэдэгт өгөх энгийн хариулт алга байна” (Storey 1996: 1) гэж хүртэл бичсэн байдаг. Энэ бүхнээс гадна “ихэнх соёл судлаачид судалгааныхаа талбарыг бүрэн гүйцэд тодорхойлсон зүйлгүй байдаг. Учир нь соёл гэдэг өргөн утга агуулгатай тул хамрахгүй сэдэв гэж тун бага” (Sardar and Loon 1998: 6) хэмээн үзсэн судлаачид ч бий.   
Орчин үеийн соёлын судалгааны төвийн анхны захирал Ричард Хоггарт (Richard Hoggart) байсан бөгөөд английн утга зохиолын судалгаагаар дагнасан салбар хоорондын судалгааны чиглэлтэй байв. Хоггарт анхнаасаа соёл судлалыг гурван хэсгээс бүрдсэн гээд нэгдүгээрт түүх болон философиос, хоёрдугаарт социологиос, гуравдугаарт хамгийн чухал болох утга зохиолын шүүмж (Hoggart 1970: 255) гэж үзэж байв.  Тус төвийн ажилчид болох Раямонд Вилламс (Raymond Williams), Стюарт Холл (Stuart Hall) зэрэг хүмүүс нь бүгдээрээ ажилчин ангиас гаралтай, зүүний үзэлтэй хүмүүс байсан байдаг. Тэдний энэхүү гарал үүсэл, үзэл бодлоос үүдэн тухайн үеийн соёл судлал Марксист шинж чанартай, зүүний буюу социалист улс төрийн баримжаатай нийгмийн шинжлэх ухааны салбар гэгдэж байв. Ингэснээрээ Английн ангийн ялгаа, төрийн бүтэц тогтолцоонд ихээхэн шүүмжлэлтэй хандаж арьс өнгө, жендер, бэлгийн асуудлыг судалж олон нийтэд хандсан улс төр болоод арилжааны шинжтэй сэдвүүдийг хөндөж байжээ (Sardar and Loon 1998: 26). Өөрөөр хэлбэл уг судалгааны сонирхолд үндэслэгчдийнх нь хувийн үзэл бодол ихээр нөлөөлж байсан гэсэн үг.
Гэвч 1970-аад оноос Марксист чиг хандлагаа орхиж, судалгааны сэдэв нь ч илүү өргөн хүрээтэй болж иржээ. Учир нь тэр үеийн ЗХУ-ын гадаад бодлого нь Зөвлөлийн тогтолцоог бий болгож, түүнийг нь эсэргүүцсэн Зүүн Европын зарим улсад цэрэг оруулсан зэрэг нь Английн зүүний үзэлтнүүдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Мөн Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчер (Margaret Thatcher) ч Үйлдвэрчний Эвлэл, ажилчдын үймээнийг дарж, эрс либерал бодлого баримтлах болсон нь ажилчин ангийн хүчийг ихэд сулруулжээ. Улмаар соёл судлал нь 1990-ээс оноос ажилчин ангийн гэхээсээ илүү хэл, нийтийн соёл, арьстан угсаатан, нийгмийн давхраажил, жендэр, феминизм, соёлын бодлого, дайн, даяаршил, медиа, дижитал үйл явц, виртуал соёл, урлаг, уран зохиол, технологи зэрэг асуудалд илүү анхаарах болжээ.[2]
Судалгааны аргын хувьд соёл судлаачид өөрсдийн гэсэн бие даасан арга зүй байхгүй ч бусад нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааны аргуудаас чөлөөтэй авч ашигладгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бүхнээсээ үүдэн соёл судлал (cultural studies) нь бие даасан шинжлэх ухаан эсвэл салбар ухаан гэж үзэлгүй салбар ухааны эсрэг (anti-discipline) гэж үзсэн (Sardar and Loon 1998: 6-8) байна. Түүнчлэн Британника тайлбар тольд ч уг ухааны салбар хоорондын (interdisciplinary) гэж тодорхойлжээ.[3] Соёл судлалын судалгааны талбар нь өнөөгийн аж үйлдвэржсэн нийгэм  болохоос уламжлалт нийгэм биш юм. Иймээс өмнө хэлсэн соёл болоод хүчний харилцааг судалдаг ухаан маань хэн соёлын бүтээгдэхүүнийг эзэмшиж, хянаж байдаг вэ? соёлын бүтээгдэхүүн түгэх механизм юу вэ? зэрэг асуудалд анхаарлаа хандуулдаг. Хүч гэдэг нь нийгэмд үйлчилж буй бүхий л хөндлөнгийн нөлөөг хэлж буй ерөнхий утгатай үг. Нийгмийн аливаа харилцаа улс төрийн болоод ямар нэгэн гадны оролцоо, хувь нэмэргүй явагддаггүй. Эндээс соёл судлал нь соёл гэж юу гэдгийг тодорхойлох гэж оролддог ухаан гэхээсээ илүү аливаа бүлэг, хүмүүсийн амьдралын өвөрмөц замналыг судалдаг ухаан болох нь харагдана.  
Өнөөгийн байдлаар уг соёл судлалын судалгааны хөгжил өмнө дурдсан хоёр соёл судлалтай харьцуулбал өндөр хэмжээнд байгаа бөгөөд цөөнгүй их сургууль ийм хөтөлбөр, ажлын байртай болоод байна. Энэ салбар ухаан зөвхөн англи хэлт улсуудад буй биш Франц, Итали (Sardar and Loon 1998: 66), Герман (Burns 1995: 1-8) гэх мэт Европын тэргүүлэх улс Африк, Азийн цөөнгүй оронд (Sardar and Loon 1998: 74) нэвтэрч хөгжиж байна. Гэвч уг мэргэжлээс төгссөн хүн яг соёл судлаач гэсэн нэртэй биш байгаа бололтой. Уг өгүүллийг бичих явцад уг мэргэжлээр төгссөн хүний мэргэжлийн нэр юу вэ? гэдэг хангалттай сайн тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл философиор их сургууль төгссөн хүн философич гэсэн нэртэй мэргэжилтэн болдог бол дээрх соёл судлалаар мэргэшсэн хүн яг ямар нэртэй мэргэжилтэй вэ? гэсэн үг. Магадгүй энэ байдал дээр дурсан уг ухааныг салбар хоорондын судалгаа гэж тодорхойлж байгаагаас болсон болов уу. Жишээ нь бидний сайн мэдэх феминизм судлалаар их сурууль төгссөн хүн феминизмийн тухай судалдаг хүн болохоос антропологич, социологич зэрэг шиг шууд мэргэжлийн нэршил авдаггүй. Учир нь уг судалгаа салбар хоорондын шинжтэй юм. Гэвч энэ байдал нь муу, муухай гэсэн үг биш харин ч судалгаа хийх явцад салбар хоорондын судалгаанууд аль нэг том салбар ухааны судалгааны чиглэлд баригдалгүй, “хайрцагнаас” гарч, чөлөөтэй сэтгэж, аль олон салбарын мэдлэгийг ашиглан харин ч үр дүнтэй дүгнэлтэнд хүрч байдаг. Тиймээс сүүлийн үеийн шинжлэх ухааны хандлага нь “энэ судлагдахуун бол манай судлагдахуун, тэр нь бол биш, энэ нь танайх” гэх мэтээр ангилан ялгаж, бие биеэсээ ондоошсон хэтэрхий ялгаатай болсон судалгааг хөгжүүлэхээсээ илүү хамтарсан, нэгдсэн судалгаа хийх буюу салбар хоорондын чиглэлийг ихэд хөхиүлэн дэмжиж байгаа билээ.   

Соёл судлал Монголын их дээд сургуульд

Өгүүллийн эхэнд Монгол Улсын их дээд сургуульд зааж буй соёл судлал хичээл болон зарим судлаачийн бүтээл нь соёл судлал хэмээх ухаанаа гүйцэд тодорхойлоогүй байгаа тухай өгүүлсэн. Ийнхүү гүйцэд тодорхойлоогүй байгаа хэмээн зоригтой хэлж буйгаа нотлохын тулд их дээд сургуулийн соёл судлал хичээлийн голлох сурах бичиг болсон профессор Т.Дорждагвын зохиосон Соёл судлал хэмээх бүтээлээс иш татвал “... ийм чиглэлийн хичээлийг англи хэлт орнуудад “Anthropology”, “Cultural anthropology”, “Social anthropology, “Ethnology”... гэж нэрлэх нь бий. Бид харин “Соёл судлал” гэж нэрлэсэн билээ...” (Дорждагва 2010: 12) хэмээсэн янзтай байна. Гэвч үнэндээ дээрх нэршлүүд нь яаж ч орчуулсан соёл судлал гэж монгол хэлэнд буухгүй. Тухайлбал anthropology гэдэг нь хүн судлал гэсэн үг бол cultural anthropology нь соёлын антропологи гэсэн үг, харин ethnology нь угсаатан судлал гэсэн үг юм. Дээрх шинжлэх ухааны нэршлүүд бүгд энэ маягаар орчуулагдан нэгэнт хэвшин тогтсон ойлголт юм.  Хэрэв бид соёлыг судалдаг ухаан болгоныг соёл судлалтай (культурология) адилхан гэх эсвэл нэг салбар нь гэж үзэх юм бол магадгүй нийгмийн ухааны салбарууд бүгд соёл судлал юм уу эсвэл соёл судлалын салбар ухаанууд болж таарах болов уу. Нийгэм-соёлын антропологийн хувьд соёл хэмээх ойлголтыг судалдаг ч ЗХУ-ын эсвэл ОХУ-ын соёл судлал (культурология), англи хэлт ертөнцөд байгаа соёл судлал (cultural studies) аль алинтай нь адилхан гэхээсээ илүү ондоо зүйл, эрс ялгаа ихтэй ухаан билээ. Антропологи аль болох өөрийнхөө гэхээсээ илүү бусдын соёлыг судалдаг бол өмнөх хоёр соёл судлал өөрийнхөө төдийгүй орчин үеийн аж үйлдвэржсэн нийгмийг судалдаг зарчимтай. Антропологийн судалгааны арга зүй нь оролцон ажиглах (participant observation) буюу судалж буй соёлынхоо дунд хамгийн багадаа нэг жил амьдардаг бол өмнөх хоёр соёл судлал өөрийн гэсэн бие даасан арга зүй гэхээсээ илүү бусад нийгэм-хүмүүнлэгийн ухаануудын арга зүйг ашигладаг гэх мэт онол арга зүй хийгээд судлагдахууны их ялгааг хэлж болно.
Магадгүй профессор Дорждагва өнөөгийн монголын соёл судлалд тулгараад буй онол арга зүйн асуудлыг шийдэх гарц хайн түүнийгээ нийгэм-соёлын антропологи гэж үзэж байгаа юм болов уу. Гэвч товчоор хэлбэл нийгэм-соёлын антропологи нь түүх, судалгааны арга барил, онол, үзэл хандлага, судлагдахуун, бусад нийгэм-хүмүүнлэгийн ухаанд эзлэх байр суурь, дарах жингээрээ культурология төдийгүй cultural studies хоёрын аль алинаас нь ялгаатай, харьцангүй бие даасан салбар ухаан (discipline) юм. Тиймээс бид өнөө монголд байгаа соёл судлал гэх ухааныг нийгэм-соёлын антропологитой адил эсвэл түүний дэд салбар ухаан нь гэх мэтээр зүтгэж байхаар англи хэлт ертөнцөд буй cultural studies-тай холбон уг ухааны судалгааны арга зүй, судлагдахуунаас суралцаж, зохиол бүтээлтэй нь танилцвал илүү үр дүнтэй юм. Чухам яагаад ингэх учиртай вэ? Үүнийг Монгол Улсын их дээд сургуульд зааж буй соёл судлал хэмээх хичээлийн сургалтын хөтөлбөрийг Канадын Викториагийн Их Сургуулийн (University of Victoria) соёл судлал хичээлийн хөтөлбөртэй харьцуулан тайлбарлая.

Монголын их сургуулиуд
Викториагийн Их Сургууль
I лекц: Соёлын тухай ойлголт, ойлголтын хөгжил
I лекц: Удиртгал (Introduction)
II лекц: Соёлыг авч үзэх хандлага, соёлын загвар, соёлын функцууд
II лекц: Соёлыг бүтээх (Making Culture)
III лекц: Нийтийн (The Popular)
III лекц: Балар эртний үеийн соёл, сүсэг бишрэлийн эртний хэлбэрүүд
IV лекц: Марксизм (Marxism)
V лекц: Феминизм (Feminism)
IV лекц: Дундад зууны үеийн Мезоамерикийн соёл: Ольмекууд, Тольтекууд, Маячууд, Ацтекуудын соёл
VI лекц: Психоанализ болон Пост-структурализм (Psychoanalysis and Post-Structuralism)
VII лекц: Үргэлжлэл (Continued…)
V лекц: XVIII зууны үеийн баруун европын нийгэм        улс төр, шашны амьдрал, шинэ үзэл санаа: Соён гэгээрүүлэгчид
VIII лекц: Постмодернизм (Postmodernism)
IX лекц: Арьстан (Race)
X лекц: Загвар (Fashion)
XI лекц: Хөгжим (Music)
VI лекц: Византийн соёл
XII лекц: Дижитал (Digital)
VII лекц: ХХ зууны Баруун европын соёлын хямрал          ба соёл судлаачдын дунд үүссэн онолын маргаан
XIII лекц: Киборг (Cyborg)
XIV лекц: Худалдаа хийх (Shopping)
VIII лекц: ХХ зууны Монголын соёл
XV лекц: Дэд соёл (Subcultures)

Монгол улсын их дээд сургуулиуд болон соёл судлал хичээл заадаг багш нар хичээлийн хөтөлбөрөө нэг жишигт оруулах, агуулгаа зөрүү ялгаагүй болгож жигдлэх талаар идэвхитэй ажиллаж буй тул дээрх хүснэгтэнд харуулсан 8 лекцийн сэдэв монголын бүх сургуулийг төлөөлөх боломжтой. Хүснэгтийн нөгөө талд буй Викториагийн Их Сургуулийн 15 лекцийн сэдэв зөвхөн тус сургуульд хамаарахгүй Канад, АНУ, Английн сургуулиудтай ч зарим талаар давхацсан агуулагатай байгааг энд цохон тэмдэглэе. Гэвч сургуулиудын лекцийн сэдэв хоорондоо зөрүүтэй байдаг. Их сургуулийн гол үйлчлүүлэгч оюутан чанартай хичээлийг сайн багшаар заалгах ёстой учраас хичээлийн сэдэв, ном сурах бичиг зөрүүтэй ч байх учиртай. Нэгэнтээ их сургуулийн хичээл гэдэг тухайн хичээлийг зааж буй багшийн өмч байдаг тул багш аль болох бусад багшаас ялгаатай, сонирхолтой хөтөлбөр оюутанд санал болгож, түүгээр адилхан хичээл заадаг бусад багштайгаа өрсөлддөг. Гэвч энэ нь хэн дуртай нь юу дуртайгаа заадаг гэсэн үг биш бөгөөд нэгэнт хэвлэгдсэн, судлагдсан сэдвийн хүрээнд хичээлээ заах ёстой гэсэн үг болно.  
 Гол асуудал маань монгол улсын их дээд сургуульд зааж буй хичээлийн агуулга барууны сургуулиудын агуулгатай нийцэхгүй байна. Яагаад үүнийг нийцүүлэх ёстой вэ? Шинжлэх ухааны түгээмэл чанар гэж хэлж болмоор ойлголт нийт дэлхийн их сургууль, судалгаа шинжилгээний байгууллага, шинжлэх ухаанд үйлчилж байх ёстой. И.Ньютоныг, түүний бүтээлийг физикээр мэргэшиж буй оюутан, хичээл заадаг багш, судлаач бүгд мэднэ. Үүнтэй адилаар Амазоны ширэнгийн хажуухад байх их сургуульд юм уу эсвэл Монголд бүр эсвэл Европын аль нэг оронд философи үзэж буй ямар ч оюутан, хичээл зааж буй ямар ч багш Сократ, Платон, Локкын бүтээлийг мэдэж, зааж байдаг. Орост байна уу, Хятадад байна уу, эсвэл АНУ-д байна уу хаана ч ялгаагүй нийгэм-соёлын антропологиор суралцаж байгаа ямар ч оюутан Б.Тайлор, Б.Малиновски, К.Леви-Стросс нарын бүтээл туурвил, онол сэтгэлгээг мэдэж байдаг зарчимтай. Харин Монголд соёл судлалаар суралцаж буй оюутан Ричард Хоггарт (Richard Hoggart), Раямонд Вилламс (Raymond Williams), Стюарт Холл (Stuart Hall) нарын бүтээл туурвилыг хэр мэдэх бол. Тэдний үндэслэсэн соёл судлалын (cultural studies) талаар хэр мэдэх бол. Зарим багш нар маань эдгээр судлаачдын талаар сонсоогүй яваа байж ч мэднэ. Энгийн жишээ гэхэд монголын аль нэгэн их дээд сургуульд соёл судлалын мэргэжлээр суралцаж байгаа оюутан гадаадын аль нэг сургуульд уг мэргэжлээрээ шилжин суралцах болоход тухайн оюутны үзсэн хичээлүүдээс хэд нь хүлээн зөвшөөрөгдөж, кредит нь тооцогдох бол. Мөн яг эсрэгээрээ европын аль нэг сургуулиас уг мэргэжлээр суралцаж байсан оюутан монголд ирэхэд юу болох вэ? Тиймээс бид Монголд буй соёл судлал культурология юу? culturology юу? эсвэл cultural studies уу? аль соёл судлал вэ? гэж асууж байгаа болно.
Өмнө дурдсан шиг бидний бодоход Монгол Улсад нэгэнт нэвтэрсэн культурология-ийн онол арга зүйн мухардлын гарцыг cultural studies-аас хайвал ямар вэ? Учир нь нөгөө соёл судлал болох Вайтын culturology нь нийгмийн хувьслын онолын хандлагатай бөгөөд уг байдлыг нь шүүмжилсэн, ямар алдаа дутагдалтай болох талаар нь олон судалгааны бүтээл хэвлэгдсэн, нэгэнт уг онол хэрэглэгдэхээ больсон тул өнөө үеийн нийгэм, хүмүүнлэгийн судалгаанд төдий л ач холбогдолгүй болчихсон байна. Зүүн Европын улсууд ч зөвлөлтийн маягийн культурология-г барууны cultural studies-аар сэлгэж ололттой талаа сайжруулж, дутагдалтай талаа нөхөж байна. Бид ч энэ жишгийг даган өөрсдийн судалгааны хандлага, онол арга зүйгээ сайжруулж, хамгийн гол нь нэгэнт судалгааны төв болсон англи хэлт мэдлэг, мэдээллийн баазад нэвтэрч болохгүй гэх газаргүй юм.         


Ном зүй

Barker, Chris. 2008. Cultural Studies: Theory and Practice. London: Sage Publishing.

Bennett, Tony. 1998. Culture: A Reformer’s Science. London: Sage Publishing.

Berry, Ellen E. and Epstein, Mikhail N. 1999. Transcultural Experiments: Russian and American Models of Creative Communication. New York: St. Martin's Press.

Burns, Rob. 1995. German Cultural Studies: An Introduction. Oxford: Oxford University Press.

Hoggart, Richard. 1970. Schools of English and contemporary society. Speaking to each other (Vol. 2). London: Chatto & Windus.

Moore, Jerry. 2009. Vision of Culture: an Introduction to Anthropological Theories and Theorists. Oxford: AltaMira Press.

Sardar, Ziauddin and Loon, Borin Van. 1998. Introducing Cultural Studies. New York: Totem Books.

Service, Elman. 1976.  Leslie Alvin White, 1900–1975. American Anthropologist 78:612–617.

Sneath, David. 2007. The Headless State: Aristocratic Orders, Kinship Society, and Misrepresentations of Nomadic Inner Asia. New York: Columbia University Press.

Storey, John. 1996. What is Cultural Studies: A Reader. London: Arnold.  

White, Leslie A. 1949. The Science of Culture: A Study of Man and Civilization. New York: Farrar, Straus and Cudahy.

А.А.Радугин. (орч. Х.Лхамдорж, П.Чойжил). 1999. Соёл судлал. Улаанбаатар: Соёл Урлагийн Их Сургууль.

Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ. 2012. Нийгэм соёлын хүн судлалын онолын үүд. Улаанбаатар: Admon. 

Ж.Төмөрбаатар, Н.Төмөрхуяг. 2001. Соёл судлалын үндэс. Улаанбаатар: Бит Сервис.

П.С. Гуревич. 2004. Соёл судлал. Улаанбаатар: Admon.

Т.Дорждагва, Н.Сарантуяа, Ж.Долгорсүрэн. 1998. Соёл судлалын үндэс. Улаанбаатар: МУИС-ийн хэвлэх үйлдвэр.
Т.Дорждагва. 2010. Соёл судлал. Улаанбаатар: Admon.



[1] Нийгмийн хувьслын онолын энэхүү хандлага монголын жишээн дээр хэрхэн хэрэгжсэнг Дэвид Снийтийн (David Sneath) Тэргүүнгүй төр: Нүүдэлчин Дотоод Азийн талаарх Буруу Тайлбар болон Язгууртны Дэг журам, Ураг төрөл, Нийгэм (The Headless State: Aristocratic Orders, Kinship Society, and Misrepresentations of Nomadic Inner Asia) бүтээлээс лавлан харах боломжтой.

Monday, January 26, 2015

Хүндэтгэл ба Эсэргүүцэлгүй Хүч: Дээд Монголчуудын дундах хүмүүсийн хоорондын харилцааны судалгаа (Respect and Power without Resistance Investigations of Interpersonal Relations among the Deed Mongols)

Д.Бум-Очир багшийн Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн хүн судлалын тэнхимд бичиж хамгаалсан "Хүндэтгэл ба Эсэргүүцэлгүй Хүч: Дээд Монголчуудын дундах хүмүүсийн хоорондын харилцааны судалгаа" докторын бүтээлийг толилуулж байна. 






Уг бүтээлийг дэлгэрэнгүйгээр Кэмбрижийн Их Сургуулийн өөрийнх нь сайтаас буюу https://www.repository.cam.ac.uk/handle/1810/244933?show=full линкээр татаж авч үзнэ үү.

Monday, December 22, 2014

Монгол бөөгийн зан үйл шашин, мөргөл болсон түүх

Д.Бум-Очир багшийн Монгол бөөгийн зан үйл шашин, мөргөл болсон түүх өгүүллийг оруулж байна.

1. “Бөөгүй бөө судлал” буюу судлагдахууны онцлог, арга зүй

Аливаа эрдэм шинжилгээний ажилд судлагдахуунаа тодорхой болгосон, мөн чанарыг нь сайтар мэдсэн байх нь цаашдын гарах үр дүн, дэвшүүлэх санаанд хамгийн чухал нөлөөтэй тул бөө болон бөө судлалын тухай өгүүлэхдээ энэ асуудлыг нэн тэргүүнээ хөндөх нь зүйтэй гэж үзлээ. Нэгэнтээ судлагдахуун, хэрэглэхүүнийхээ шинж чанарыг эцсийн байдлаар бүрэн тодорхой болгох боломжгүй ч гэлээ мөн чанарыг нь чухалчлан анхаарч түүнд тохирсон ямар арга зүй, бодол бодлого баримтлан, хэрхэн судлахаа судлаач гүнээ ухамсарлаж байх учиртай. Тодруулбал. бөөгийн хувьд бөө хүнийг бүрэн дүүрэн эцэслэн тодорхойлдоггүй юм аа гэхэд анхдагч ба хоёрдогч хэрэглэгдэхүүн, баримт сэлт нь юу байхыг, ямар мөн чанартай болохыг, нийгэм түүхийн ямар үед ямар үзэл сурталд нэрвэгдэж. хөндлөнгнйн нөлөө хүртэж байсан зэрэг олон учрыг тусгайлан авч үзэж судлаач бидэнд ямар судалгааны баримт сэлт, хэрэглэхүүн байгааг нэг бүрчлэн урьдаас тоочиж тодорхойлох хэрэгтэй. үргэлжлэлийг эндээс үзнэ үү.





Wednesday, November 26, 2014

Монголын угсаатны зүйн үндэс

Булаг багшийн бичсэн тус өгүүллийг нэтээс оллоо.


Сүүлийн хэдхэн жилд Монголд нийгэм, соёлын антропологийн судалгааны хоёр байгууллага бий болсон нь Монгол улсын их сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим (2006), Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлал, нийгэм-соёлын антропологийн салбар (2010) хоёр юм. Эдгээр нь хуучин "Угсаатны зүй"-н тэнхим, тасагт суурилсан тул шинээр үүссэн байгууллага биш юм. Ийнхүү "нэрээ шинэчилсэн" нь 1992 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг Монгол Улс хэмээн өөрчилсөн шиг нийгмийн "дэг журмын өөрчлөлт"-ийг илтгэнэ. Улс нэрээ сольж, социалист үзэл суртал, Зөвлөлтийн нөлөөнөөс салах гэсэнтэй адил зөвлөлтийн загвартай угсаатны зүйгээс илүүтэй Өрнөдийн нийгэм, соёлын антропологид шилжих гэсэн оролдлого болжээ. Энэ явцад өмнөх үеийн угсаатны зүйчдийн нөлөө суларч, Европ, Америк, Японд бэлтгэгдсэн шинэ антропологичдоор хүчээ сэлбэж байна.
Ингэж шинэ чиг хандлага бий болсноор 1920-иод онд үүсч, 1950, 60-аад онд институтчлэгдэж, 1970-1980-аад онд хөгжин цэцэглэж ирсэн Монголын угсаатны зүйн бүхий л үйл явцыг эргэн харах шаардлагатай болж байна. 1990-ээд оны эхээр Монгол Улсын Төв номын сан олон тооны хуучин номоо хэт коммунист, үзэл сурталжсан нэрийдлээр гаргаж хаясан шиг энэ урт хугацаанд туурвисан бүтээлээ түүхийн тоосонд дарах гэж үү? Эсвэл өвөрмөц соёлыг сонирхдог цөөн хэдэн хүнд зориулан нуун дарагдуулсаар байх уу? Харин XX зууны монголын сэхээтнүүдийн хосгүй өвийг бүтээх ажил гэж үзээд олон нийтэд хүргэх хэрэгтэй юү? Энэ бол тулгарч буй гол асуудал юм.
Шүүмжлэлт байр суурьтай Өрнөдийн нийгэм, соёлын антропологид ч үзэл баримтлал, практикийн алдаа дутагдал байсныг колоничлолын дараах үеийн судалгаанд ихээхэн шүүмжилсэн байдаг. Сүүлийн үеийн "Өрнөдийн" антропологийг "колоничлолоос салгах", "дэлхийн антропологи"-ийг дэмжих оролдлого нь Өрнөдийн антропологи дэлхийд тэргүүлж байгаа ч гэлээ монополь биш, тийм байх ч ёсгүй гэдгийг харуулах гэсэн нээлттэй илрэл мөн. Өрнөдийн антропологид олон нийтийн дуу хоолой дутмаг байдаг нь судлаж буй нийгэм, соёлынхоо үйл явцад ихээр "нөлөөлөх" үү, эс бөгөөс "шүүмжлэлт зайгаа" барих уу гэж маргаж ирсэнтэй нь холбоотой. Харин Монголын угсаатны зүй, монголын түүх, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, судалгаа сургалтанд голлон оролцох эрхтэй байснаараа ялгаатай юм. Монголын угсаатны зүйчид "нутгийн антропологчид"-ын хувьд түүхч, хэл шинжлэлч болон бусад эрдэмтэдтэй хамтран монгол үндэсний соёлын хил хязгаар, агуулгыг тогтоон тодорхойлж иржээ. Сайнтай ч муутай ч тэд бүтээлээрээ Монголын үндэстэн ястны тухай ойлголтод шууд нөлөөлж, одоо ургийн овог болгон хэрэглэж байгаа "овгийг сэргээн" нэвтрүүлсэн байна. үргэлжлэлийг эндээс үзнэ үү

Tuesday, November 25, 2014

Америкийн Антропологийн Холбооны Ёс Зүйн Дүрэм

Гурван А буюу Америкийн Антропологийн Холбооны ёс зүйн дүрмийг Чулуунбат багшийн орчуулсанаар оруулж байна. Аливаа судалгаа хийхэд уг дүрмийг баримталж ёс зүйн зөрчил гаргахгүй байцгаая.

Антропологийн ёс зүй долоон зарчимаас бүрдэнэ.
  1. Хор хөнөөл бүү учруул
  2. Өөрийнхөө ажилын талаар нээлттэй бас шударга бай
  3. Бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр шаардлагатай зөвшөөрөл авах
  4. Хамтран ажиллагсад болон бусад талуудтай харьцахдаа хөндөгдөж буй зөрчилдөх ёс зүйн үүргүүдийг бодолцож үзэх
  5. Судалгааны үр дүнгээ бусдад хүртээмжтэй байлгах
  6. Тэмдэглэлүүдээ хамгаалж, хадгалах
  7. Бусадтай хүндэтгэлтэй, ёс зүйтэй мэргэжилийн харилцааг хадгалах
I. Оршил

Антропологийн судлаач, багш, энэ салбарт ажиллагсад олон янзын хамт олонд (community) хамаарагддаг бөгөөд бүгд өөрсдийн ёс зүйн дүрэмтэй журамтай байдаг. Антропологичид гэр бүл, шашин, хамт олон болон мэргэжлийнхээ өмнө хүлээсэн ёс зүйн үүрэгтэй байдаг. Мөн түүнчлэн тэд эрдэм шинжилгээний салбарынхаа, нийгэм, соёл, хүн төрлөхтөн, бусад төрөл зүйл болон хүрээлэн буй орчныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй байдаг. Мөн цаашлаад хээрийн судалгааны үедээ хамт ажилладаг хүмүүс болон амьтадтай ойр дотно харьцаа үүсгэж болзошгүй бөгөөд тэр нь бодолцож үзэх ёс зүйн нэмэлт асуудлуудыг үүсгэдэг.          

Маш олон талууд оролцсон, олон янзын үүрэг хүлээсэн төвөгтэй энэ салбарт үл ойлголцох асуудлууд, мөргөлдөөнүүд, хоорондоо тохиромжгүй мэт үнэт зүйлсээс сонголт хийх шаардлага бий болдог 

Антропологичид дээрх бэрхшээлүүдтэй тулгардаг бөгөөд тэдэндээ энд дурдагдсан зарчмуудын дагуу хандаж шийдэх үүрэг хүлээдэг.

Энэ Дүрмийн зорилго бол хэлэлцүүлэг болон боловсролыг дэмжих явдал юм. Америкийн Антропологийн Холбоо (AAA) ёс зүйгүй авирласан гэсэн нэхэмжлэлүүдийг шүүхээр шийдвэрлэдэггүй.

Энэ Дүрмийн зарчимууд болон удирдамжууд нь антропологичдод антропологтой холбоотой бүх ажилдаа хэрэглэх ёс зүйн суурийг хөгжүүлж хэрэглэхэд хэрэгсэл болж өгдөг.  

II. Удиртгал

Антропологи бол шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний олон салбарыг өөртөө агуулсан салбар бөгөөд үүнд хүн төрлөхтөнтэй холбоотой археологийн, биологийн, хэлний, нийгэм-соёлын зэрэг бүх талуудыг судлана. Антропологи нь байгалийн, нийгмийн болон хүмүүнлэгийн ухаануудад суурилсан бөгөөд хүрээ нь энгийнээс авхуулаад хэрэглээний судалгаа болон эрдэм шинжилгээний тайлбарыг хамрана.

Антропологийг өргөн хүрээгээр далайцтай төлөөлдөг гол байгууллагын хувьд Америкийн Антропологийн Холбоо (AAA) дэлхийн хүмүүс болон тэдний өнгөрсөн ирээдүйн тухай мэдлэгийг бий болгож түүнийгээ зөв зохистой ашиглах нь (хэвлэн нийтлэх, зааж сургах, хөтөлбөр зохиох болон мэдээллэх бодлого) хүндтэй зорилго гэдэг байр суурьнаас ханддаг. Мөн антропологийн мэдлэгийг бий болгох нь олон янзын байнга хувьсаж байдаг хандлагуудыг хэрэглэдэг идэвхтэй үйл явц ба ёс зүйн болон хэрэглээнээс шалтгаалан мэдлэгийг бий болгож ашиглахдаа ёс зүйтэй хандах ёстой гэж үздэг.  

Америкийн Антропологийн Холбооны эрхэм зорилго бол антропологийн судалгааны бүх талыг хөгжүүлж антропологийн мэдлэгийг хэвлэн нийтлэж, зааж сургаж, олон нийтийн боловсрол болон хэрэглээгээр дамжуулан түгээх явдал юм. Энэ эрхэм зорилгын чухал хэсэг нь AAA-н гишүүдээ антропологийн мэдлэгийг бий болгож, тархаан түгээж, хэрэглэх үед үүсдэг ёс зүйн үүргүүд болон тулгарах сорилтуудын талаар боловсрол олж авхад туслах явдал юм.       

Энэхүү Дүрмийн зорилго бол AAA-н гишүүд болон бусад сонирхсон хүмүүст антропологийн ажилаа хийж байхдаа ёс зүйтэй сонголтууд хийхэд нь чиглэл удирдамж өгөх явдал юм. Учир нь антропологичид төвөгтэй нөхцөл байдалд орж түүнийг нь нэгээс илүү ёс зүйн дүрмээр зохицуулах хэрэг гарч болзошгүй бөгөөд AAA-ны Ёс Зүйн Дүрэм нь шийдвэр гаргахад нь ерөнхий суурь өгөхөөс биш яс баримтлах хөдлөшгүй томьёо өгдөггүй. Дүрмийг ёс зүйн сонголтууд болон хичээл заахдаа удирдамж болгон ашиглаж байгаа хүмүүсийг бодит жишээнүүд болон тохиромжтой кейс судалгаануудыг олж ашиглан өөрсдийн мэдлэгийн сууриа баяжуулхыг дэмждэг.   

Антропологичид өөрсдийн ажилд нь хамаатай ёс зүйн дүрмүүдийг мэдсэн байх үүрэгтэй байдаг бөгөөд үе үе орчин цагийн судалгааны үйл ажиллагаа ба ёс зүйн асуудлын талаар сургалтанд хамрагдаж байх нь зүйтэй. Түүнчлэн антропологийн эрдмийн зэрэг олгодог тэнхмүүд хичээлийн хөтөлбөртөө ёс зүйн сургалтыг оруулсан буюу шаардсан байвал зүйтэй. Онцгой нөхцлүүдэд болон тодорхой нөхцөл байдлуудад хэрхэн хандахыг ямар ч дүрэм эсвэл цогц удирдамжууд урьдчилан тааварлах аргагүй. Тухайн антропологич сайн бодож тунгаасны үндсэн дээр ёс зүйн сонголтууд хийхэд бэлэн байх ёстой бөгөөд тухайн сонголтууд нь суурилсан тодорхой таамаглалууд, баримтууд болон асуудлуудыг гаргаж ирсэн байх ёстой. Эдгээр удирдамжууд нь антропологийн ажилдаа ёс зүйн шийдвэр гаргахад бодолцож үзвэл зохистой ерөнхий агуулга, ач холбогдолтой асуудлууд болон харилцаануудыг анхаардаг.     

III. Судалгаа

Судалгаа төлөвлөх болон хийхдээ антропологийн судлаачид зорилго, болзошгүй нөлөөнүүд, судалгааг дэмжиж байгаа судалгааны төслүүдийн эх сурвалжуудын талаар санхүүжүүлэгчид, хамтран ажиллагсад, судлагдаж байгаа хүмүүс болон мэдээлэл өгч байгаа хүмүүстэйгээ болон судалгаанаас болж нөлөөлөгдөх талуудтай нээлттэй байх ёстой. Судлаачид ажилынхаа үр дүнг зохистой байдлаар ашиглах, судалгааныхаа үр дүнгүүдээ зохистой , цаг үеээ олсон арга хэмжээнүүдээр тараах хэрэгтэй. Эдгээр хүлээлтүүдэд хүрсэн судалгаанууд санхүүгийн эх (олон нийтийн эсвэл хувийн) үүсвэр эсвэл зорилгоос (“хэрэглээний”, ”энгийн”, ”цэвэр” эсвэл ”эзэмшлийн”) хамаарахгүйгээр ёс зүйтэй гэж тооцогдоно.

Антропологийн судлаачид судалгаа хийх нөхцөл нь антропологийн ёс зүйг зөрчих аюулд хүргэх, мөн иргэний үүрэг эсвэл эзэн-зочны харилцаануудын талаар сонор сэрэмжтэй байвал зохилтой. 

Олон нийтийн болон хувийн арга хэмжээнүүд болон бодлогуудыг боловсруулхад хувь нэмэр оруулах болон манлайлах нь, дэвхгүй байх, хөндий байх, хамтран ажиллахаас татгалзах нь нөхцөл байдлуудаасаа шалтгаалан ёс зүйн хувьд зөвтгөгдөх боломжтой.
Антропологийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагууд эсвэл хувийн аж ахуйнуудад ажиллаж буй антропологийн судлаачдад дээрх зарчмууд мөн хамааралтай.

А. Антропологийн судлаачидын амьдрал болон соёлыг нь судалдаг хүмүүс ба амьтдын өмнө хүлээсэн хариуцлага.  
  1. Антропологийн судлаачид судлаж буй хүмүүс, төрөл зүйлс болон материалууд мөн  хамт ажиллаж буй хүмүүсийн өмнө гол ёс зүйн үүрэг хүлээнэ. Эдгээр үүргүүд нь шинэ мэдлэг эрэлхийлэх зорилгоос давуу байж болох бөгөөд гол үүргүүд бусад хариуцлагуудтай зөрчилдөх үед, ивээн тэтгэгчид болон үйлчлүүлэгчидийн өмнө хүлээсэн хариуцлага гэх мэт, судалгаагааны төслөө явуулахгүй байх, эсвэл үргэлжлүүлэхээ болих шийдвэрт хүргэж болзошгүй. Эдгээр ёс зүйн үүргүүд нь:
  •   Хор хөнөөл эсвэл буруугаас зайлсхийх, мэдлэгийг хөгжүүлснээр ажиллаж байгаа эсвэл судлаж байгаа хүмүүс эсвэл амьтдад эерэг эсвэл сөрөг өөрчлөлтүүдэд ирж болхыг ойлгох
  •    Хүмүүс болон хүн дүрст мичнүүдийн сайн сайхан байдлыг хүндлэх
  •  Археологийн, чулуужсан үлдэгдлүүд ба түүхийн баримт сэлтийн урт хугацааны хадгалалтын төлөө ажиллах      
  •   Нөлөөнд орсон хувь хүмүүс болон бүлгүүдтэй идэвхтэйгээр зөвлөлдөн оролцож буй бүх талуудад ач тустай хамтран ажиллах сайн харилцааг бий болгохыг зорих
  1. Судалгаа хийх ба хэвлүүлэхдээ, эсвэл судалгааныхаа үр дүнг түгээхдээ антропологийн судлаачид хамт ажилласан, судалсан эсвэл бусад мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан эсвэл судалгааны үр дүнд нөлөөлөгдөж болзошгүй гэж үзсэн хүмүүсийнхээ аюулгүй байдал, нэр хүнд, хувийн нууцыг хадгалаж хор хөнөөл учруулахгүй байх ёстой. Амьтадтай ажилладаг антропологийн судлаачдын судалгаа нь ажилладаг амьтад эсвэл төрөл зүйлийн аюлгүй байдал, сэтгэл зүйн амгалан тайван байдал эсвэл амьд үлдэх байдалд хор хөнөөл учруулахгүйн төлөө байдаг чадлаараа ажиллах ёстой.
  2. Антропологийн судлаачид хүлээн авч байгаа эзэд/мэдээлэл өгөгчид нэрээ нууцлаж үлдэхийг эсвэл нэрээ гаргахыг хүсэж байгааг урьдчилж мэдэх шаардлагатай бөгөөд тэр хүсэлтийг нь ёсоор болгохын төлөө чармайх хэрэгтэй. Судлаачид судалгаанд оролцогчиддоо дээрх сонголтуудаас үүдэн гарч мэдэх нөлөөнүүдийн талаар хэлэх ёстой бөгөөд судлаачийн хүчин чармайлтаас шалтгаалахгүйгээр нэрээ нууц хэвээр нь хадгалан үлдэх хүсэлт зөрчигдөх эсвэл нэр гарахгүй танигдахгүй байх боломжтойг тодруулж хэлж өгөх ёстой.   
  3. Антропологийн судлаачид судлаж буй хүмүүсээсээ мэдээлэл өгөх, судалгааны материалыг эзэмших эсвэл хэн үзэж болхыг хянах эсвэл судалгааны үр дүнд нөлөөлөлд автаж болзошгүй ашиг сонирхлуудыг тодорхойлсон бүрэн хэмжээний мэдээлэлтэй зөвшөөрөл авах хэрэгтэй. Бүрэн хэмжээний мэдээлэлтэй зөвшөөрлийн хэм хэмжээ болон хүрээ нь төслийн мөн чанараас хамаарах бөгөөд бусад дүрмүүд, хуулиуд болон судалгаа хийгдэж буй улс эсвэл хамт олны шаардлагаас хамааралтай гэж ойлгогдоно. Цаашлаад бүрэн хэмжээний мэдээлэл нь хөдөлгөөнт, үргэлжилсэн үйл явц бөгөөд төслөө зохиож байхад санаачлагдах ёстой бөгөөд судлаж байгаа хүмүүстэй харилцан ярилцан, хэлэлцэн үргэлжлэх учиртай. Судлаачид төслүүдэдэ нь нөлөөлөх олон янзын бүрэн хэмжээний мэдээлэллийн тухай дүрмүүд, хуулиуд ба журмуудыг олж мэдэж дагах үүрэгтэй. Бүрэн хэмжээний мэдээлэл нь, энэ дүрмийн зорилгын тулд, бичсэн эсвэл гарын үсэг зурсан маягт хэрэтэй гэсэн үг биш юм. Зөвшөөрлийн чанар нь чухал болхоос хэлбэр нь биш юм.
  4. Мэдээлэл өгч буй хувь хүмүүс эсвэл хүлээн авч буй эзэдтэй ойр дотно, урт хугацааны (гэрээн дээр үндсэлсэн харилцаа (covenant relationship) гэх мэт) харилцаа тогтоосон антропологийн судлаачид харилцах харилцааны хил хязгаарыг болгоомжтой, хүндэтгэлтэйгээр олж тогтоох явцдаа нээлттэй байх ба бүрэн хэмжээний мэдээллийн зөвшөөрөлийг дагах үүрэгтэй.
  5. Өөрийн ажилаасаа хувийн олз үр ашиг хүртэж болох ч антропологичид хувь хүмүүс, бүлгүүд, амьтад эсвэл соёлын, биологийн материалыг шулж болохгүй. Тэд ажиллаж байгаа нийгмүүдийнхээ өмнө өртэйгөө, судлаж байгаа хүмүүстээ зохих арга замаар хариу тус хүргэх үүрэгтэйгээ ухаарах хэрэгтэй.  
В. Эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны өмнө хүлээсэн хариуцлага.   
  1. Антропологийн судлаачид ажилынхаа бүх үе шатанд ёс зүйн төвөгтэй байдалд орно гэдэг хүлээлттэй байх ёстой бөгөөд судалгаа төлөлөвлөх, мөн тулгарч болзошгүй ёс зүйн нэхэмжлэлүүд, мөргөлдөөнүүдийг шударгаар олж тогтоохыг оролдох хэрэгтэй. Судалгааны төлөвлөгөө болгонд гарч болзошгүй ёс зүйн асуудлыг хөндөн, хариулсан хэсгийг заавал оруулж өгөх хэрэгтэй.
  2. Антропологийн судлаачид өөрсдийн мэргэжлийн салбар, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны бүрэн бүтэн байдал, нэр хүндийн өмнө хариуцлага хүлээдэг. Иймд антропологийн судлаачид шинжлэх ухааны, эрдмийн ёс зүйн ерөнхий удирдлагад захирагдана: тэд хууран мэхлэх эсвэл санаатайгаар гуйвуулах (нотолгоог хуурамчаар үйлдэх, үнэнийг гажуудуулах, бусдаас зөвшөөрөлгүй хуулбарлах), эсвэл сахилгын зөрчил гаргасан тухай мэдээллийг зохих газарт нь хүргүүлхийг зогсоох гэж оролдох, эсвэл бусдын шинжлэх ухааны/эрдмийн судалгаанд саад хийж болохгүй.
  3. Антропологийн судлаачид дараачийн үеийн судлаачдад ирээдүйд тухайн газар хээрийн судалгаа хийх боломжийг хадгалж үлдэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй.
  4. Антропологичид судалгааныхаа мөн чанар, зорилгын талаар бүх оролцогч талуудтай шударга нээлттэй байх үүрэгтэй. Судалгааны зорилгууд, санхүүгийн эх үүсвэр, үйл ажиллагаанууд, олдворуудаа гуйвуулж болохгүй. Антропологичид судалж байгаа хүмүүсээ ивээн тэтгэгч, зорилго, арга зүй, бүтээгдэхүүн эсвэл ажилаас нь гарч болзошгүй нөлөөний тал дээр хэзээ ч хууран мэхлэж болохгүй. Судалгааны зорилго ба судлагдаж байгаа хүмүүсд учрах нөлөөг санаатайгаар гуйвуулах нь судалгааны ёс зүйг зөрчиж байгаа тодорхой жишээ бөгөөд үүнд нууцаар судалгаа хийх ч мөн багтана.    
  5. Антропологийн судлаачид ажилынхаа үр дүнг зөв зохистой хэрэглэж боломжоороо эрдэм шинжилгээний, эрдмийн хүрээнийхэнд түгээж байх ёстой.    
  6. Антропологийн судлаачид баримт мэдээлэл, судалгааны бусад материалыг нь судалгааны зорилгоор нэвтэрч үзэх гэсэн бүх боломжийн үндэслэлтэй хүсэлтүүдийг нухацтай бодолцож үзэх хэрэгтэй. Мөн тэд хээрийн судалгааныхаа баримт сэлтийг хадгалж дараагийн үеийнхэнд өвлүүлэн хэрэглэх боломжийг хангаж өгөхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй.
C. Олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг
  1. Антропологийн судлаачид судалгааныхаа үр дүнг ивээн тэтгэгчид, оюутнууд, шийдвэр гаргагчид болон антропологич бус хүмүүст дөхөм болгох хэрэгтэй. Ингэхдээ тэд шударга байх хэрэгтэй: тэд мэдэгдлийнхээ үнэн бодит байдлыг хариуцаад зогсохгүй тарааж буй мэдээллийнхээ нийгэм, соёлын үр нөлөөг сайн бодож үзэх ёстой. Энэхүү мэдээллийг бүрэн гүйцэд ойлгож, утга санааг нь сэдэвтэйгээ зөв холбож, хариуцлагатайгаар ашиглах боломжийг бүх хүчээ дайчлан хангах ёстой. Тэд өөрсдийн тайлангийн эмпирик үндэслэл юун дээр тогтож байгааг, өөрсдийн мэргэшил, үзэл баримтлал эсвэл улс төрийн хандлагыг тодорхой байлгах, антропологийн мэдлэгийн хэмжээ хязгаарыг таньж тодруулах хэрэгтэй. Мөн түүнчлэн мэдээлэл нь судалж байгаа болон хамт ажиллаж хүмүүст нь хор хөнөөл учруулж болзошгүйг анхаарах ёстой.    
  2. Өөрийн улсын засгийн газар, хүлээж авч буй улсын засгийн газар, судалгааны ивээн тэтгэгчидтэй харилцахдаа антропологичид шударга, илэн далангүй байх хэрэгтэй. Антропологичид мэргэжлийн хариуцлага, ёс зүйгээ эрсдэлд оруулж болохгүй бөгөөд судалгааны зорилго, гол чиг эсвэл гарах үр дүнг гажуудуулах нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй.
  3. Антропологичид судалгааныхаа үр дүнг тархаах ажилаас хальж өмгөөлөх байр сууринд очиж болно. Энэ нь хувь хүний шийдвэр байх бөгөөд ёс зүйн хариуцлага биш. 
IV. Багшлах

Оюутнууд ба дадлагжигчдын өмнө хүлээсэн хариуцлага

Багш/удирдагч ба оюутан/дадлагажигч нарын хоорондын харилцааг зохицуулдаг ёс зүйн болон хууль журмуудыг боловсролын байгууллагууд эсвэл харьяалагддаг байгууллагуудын гишүүний хувьд дагаж мөрдөхдөө, антропологийн багш нар эдгээр журмууд өөрсдийн салбарт нь хэрхэн хэрэглэгддэг тал дээр онцгой анхаарах хэрэгтэй (жишээ нь багшлах явцад хээрийн судалгааны нөхцөлд оюутан/дадлагажигч нартай ойрын зайнаас харилцах тохиолдолд). Бусад багш/удирдагч нарын адил антропологийн багш нар дагах ёстой  нийтлэг журам нь:
  1. Багш/удирдагч нар хичээлийн хөтөлбөрөө мөрдхөд хүйс, гэр бүлийн байдал, “арьс өнгө”, нийгмийн анги, улс төрийн үзэл, хөгжлийн бэрхшээл, шашин, угсаатны байдал, үндэстний үүсэл, бэлгийн чиг хандлага, нас болон сурлагын амжилтад нөлөөлөхгүй бусад үзүүлэлтүүд саад тотгор болох ёсгүй.  
  2. Багш/удирдагч нарын үүрэг бол багшлах/сургах арга барилаа байнга сайжруулахыг хичээх, оюутан/дадлагажигч нартаа болон тэдний ашиг сонирхолд хүртээлтэй, уриалгахан байх; ажлын байрны боломжуудын талаар оюутан/дадлагажигч нартаа бодитоор зөвлөх; оюутан/дадлагажигч нарын сурлагыг ухамсартайгаар удирдаж, урамшуулан, дэмжих; дүгнэхдээ шударга, шуурхай, найдвартай байх; оюутан/дадлагажигч нараа судалгааны санхүүжилт олж авхад нь туслах болон тэднийг мэргэжлийн дадлагын газар хайх явцад нь туслах.
  3. Багш/удирдагч нар антропологийн ажилын үе шат бүхэнд гарч ирэх ёс зүйн сорилтуудын талаар оюутан/дадлагажигч нартаа хэлж өгөх; тэдэнд энэ болон бусад журмын талаар сануулж байх; хамтран ажиллагсадтайгаа ёс зүйн асуудлаар харилцан яриа үүсгэхэд дэмжих; мөн ёс зүйн хувьд учир дутагдалтай төслүүдэд ороцохоос ятган татгалзуулах.
  4. Багш/удирдагч нар оюутан/дадлагажигч нараа судалгаанд нь болон ажилын бэлтгэл явцад тусалсан бол олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрөх; хамтран бүтээл бичсэн бол хамтран зохиогч гэдгийг нь зүй ёсоор нь үнэлэх; чадварлаг оюутан/дадлагажигч нарынхаа бүтээлийг хэвлэн нийтлүүлэхэд нь дэмжих; мөн мэргэжилийн үйл ажиллагаанд оролцсон оюутан/дадлагажигч нартаа шударгаар нөхөн төлбөр олгох.
  5. Хэрэв оюутан/дадлагажигч нартайгаа бэлгийн харилцаанд орвол ашигласан гэсэн, ашиг сонирхлын зөрчил үүсэхийг багш/удирдагч нар анхаарах ёстой. Боловсрол болон мэргэжлийн дадлагыг нь хариуцаж байгаа оюутан/дадлагажигч нартайгаа бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх ёстой.   
V. Хэрэглээнд нэвтрүүлэх нь
  1. Нийтлэг ёс зүйн удирдамж антропологийн бүх ажилд хамаатай. Судалгааны төсөл өргөн барих болон ажилаа явуулахдаа антропологичид санхүүжүүлэгчид, хамтран ажиллагчид, судалж буй болон мэдээлэл өгч буй хүмүүс болон ажлын үр дүнд нөлөөлөгдөх хүмүүстэй зорилго, болзошгүй нөлөө, ажлын санхүүжилтийн эх үүсвэрийн талаар нээлттэй байх ёстой. Хэрэглээний антропологичид өөрсдийн ажлын үр дүнгүүдийг боломжийн хугацааны дотор зохистойгоор (өөрөөр хэлбэл хэвлэн нийтлэх, хичээл, хөтөлбөр ба бодлого боловсруулхад) ашиглах зорилгоор, ашиглахаар төлөвлөх хэрэгтэй. Антропологийн мэдлэг хэрэглэгдэх нөхцөлд антропологичид өөрсдийн чадварууд, зорилгуудын талаар нээлттэй, илэн далангуй байх хариуцлагыг хүлээх бөгөөд ажлын үр дүн нь хамрагдсан бүх хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг хянах үүрэгтэй. Антропологичид олон янзын ажилд оролцох нь бий, ихэвчлэн өөр өөр болон заримдаа ашиг сонирхлын зөрчилтэй хувь хүмүүс болон бүлгүүдэд нөлөө үзүүлдэг. Антропологич хүн ёс зүйн сонголтуудаа маш сайн бодож байж хийх ёстой бөгөөд тэдгээр сонголтууд дээрээ тулгуурлаад тодорхой таамаглалууд, баримтууд, асуудлуудыг гаргаж ирхэд бэлэн байх ёстой.
  2. Ажил олгогчидтой бүх талаар харилцахдаа антропологийн судалгаа хийхээр, антропологийн мэдлэг хэрэглэхээр хөлслөгдсөн хүмүүс өөрсдийн мэргэшил, чадвар, зорилгуудын талаар шударга байх хэрэгтэй. Мэргэжлийн үүрэг хүлээхээсээ өмнө ажил олгогч болох гэж буй талынхаа зорилго, өнгөрсөн үеийн үйл ажиллагаа болон ирээдүйн зорилгыг нягтлан үзэх ёстой. Засгийн газрын агентлагууд эсвэл хувийн хэвшилд ажиллахдаа мэргэжлийн ёс зүйн нөхцөл байдалд эсвэл харшлах зүйлд амлалт өгөх эсвэл хүлээн зөвшөөрч байгаа гэсэн ойлголт төрүүлэхгүй болгоомжлох хэрэгтэй.    
  3. Хэрэглээний антропологичид ч гэсэн бусад антропологичдын адил судалгаа эсвэл үйл ажиллагаа явуулах нөхцөл нь антропологийн ёс зүйг алдахад хүргэж болзошгүй аюулаас сэрэмжлэх хэрэгтэй. Тэд зочлох ёс, сайн иргэн байх болон зочин гэсэн статусын албан шаардлагуудыг мэдэх хэрэгтэй. Нийтийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа болон бодлолгуудыг боловсруулах явцад идэвхтэй хувь нэмэр оруулах ба манлайлах нь ёс зүйн хувьд нөхцөл байдлаас шалтгаалаад ямар нэгэн үйлдэл хийхгүй байх, хөндий байх, хамтран ажиллахгүй байх явдлууд шиг зөвтгүүштэй байх боломжтой. 
VI. Үр дүнгүүдийг түгээх
  1. Антропологийн судалгааны үр дүн нь ээдрээтэй ба олон янзаар тайлбарлах боломжтой байдаг бөгөөд урьдчилан тооцоолоогүй байдлаар ашиглагдаж болзошгүй байдаг. Антропологичид судалгаагаа болон судалгааных нь үр дүн хэрхэн дамжигдаж, түгээгдэж байгаа нь шууд болон шууд бус оролцож буй хүмүүст хэрхэн нөлөөлж болзошгүй тухай бодолцож үзэх ёс зүйн үүрэгтэй.
  2. Антропологичид судалгааныхаа үр дүнг бусадтай хуваалцахдаа судалгаанд хамрагдсан хүмүүсээсээ нууж болохгүй. Үр дүнг задлахгүй, хуваалцахгүй байхад тохирох онцгой болон хязгаарлагдмал нөхцөлүүд байдаг. Тэр нь оролцогчдын аюулгүй байдал, нэр төр, хувийн нууцыг хамгаалах, соёлын өв эсвэл биет ба биет бус соёлын эсвэл оюуны эрхийг хамгаалахад хамааралтай. 
  3. Антропологичид өөрсдийн ажлын зориулалт, юунд хэрэглэгдэж болзошгүй мөн түгээгдсэнээр ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг цэгнэж үзээд тухайн нөхцөлд үр дүнг үзэх боломжийг хязгаарлах болон ёс зүйд нийцэж байгаа эсэхээ шийдэх ёстой.     
VII. Төгсгөл

Антропологийн судалгаа, сургалт, хэрэглээ нь хүмүүсийн бусад үйлдэл шиг антропологичид хувиараа болон бүгд ёс зүйн хариуцлага хүлээх сонголтод хүргэдэг.
Aнтропологичид олон янзын бүлгүүдийн гишүүд байдаг бөгөөд олон төрлийн ёс зүйн дүрэмд захирагддаг, тийм учраас тэд заримдаа энэ дүрмэнд дурдагдаж байгаа олон үүргүүд болон өөр албан тушаалд ажиллаж байхдаа дагаж мөрдөх үүргүүд хоёрын хооронд сонголт хийх шаардлагатай тулгардаг.

Энэ дүрэм сонголт тулгаж байгаа эсвэл хориг арга хэмжээ санал болгож байгаа хэрэг биш. Харин хэлэлцүүлэг өрнүүлж, ёс зүйн хариуцлагатай шийдвэр гаргахад ерөнхий удирдамж өгөх зорилгоор зохиосон.


Monday, November 11, 2013

Их сургуулийн засаглалын шилдэг загвар: Корпорэт болон меритийн засаглал

Др. Л. Мөнх-Эрдэнэ

МУИС-ийн 2013 оны 6 сарын 7-ны 08:00-13:00 цагт зохион байгуулагдсан ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ: ИХ СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД сэдэвт нээлттэй семинар, хэлэлцүүлэгт

Монголын “төрийн өмчийн” хэмээх их сургуулиудын өмнө зайлшгүй шийдвэл зохих нэг асуудал тулгараад буй нь эдгээр сургуулиуд бие даасан засаглалтай болох уу эсвэл улс төрөөс хараат хэвээр үлдэх үү гэдэг асуудал юм. УИХ, засгийн газар, эсвэл бүр боловсролын асуудал эрхэлсэн сайд солигдох тутамд удирдлага нь даган халагддаг эдүгээгийн засаглалын тогтолцоог хадгалсаар байх уу? Өөрөөр хэлбэл, их сургуулиудыг ялсан нам, улс төрийн хүчин, албан тушаалтны хуваалцдаг “бялууны хэсэг” байлгасаар байх уу эсвэл улс төрөөс хараат бус, өөрийн асуудлаа түүний дотор, жишээлбэл, удирдлага, санхүүжилт, сургалтын төлбөрөө өөрөө мэдэн шийдвэрлэх чадвартай бие даасан засаглалтай болох уу гэдэг асуудал тулгараад байгаа юм.
Миний бие Нээлттэй Нийгэм Форумын Бодлогын судлагааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судлагаа хийж “Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл: Олон нийтийн статус, Хамтын удирдлага” гэсэн бодлогын зөвлөмжийг 2008 онд хэвлүүлж байсны дээр өнгөрсөн 5 жилд Стэнфордын их сургууль, Австрийн Шинжлэх Ухааны Академи, Принстон дахь Тэргүүлэх судалгааны хүрээлэн (Institute for Advanced Study) зэрэг сургууль, хүрээлэнгүүдэд ажиллах хугацаандаа дэлхийн тэргүүний их сургуулиуд гэж юу болох, тэдний ажиллах зарчим, байгууллагын соёл, улмаар удирдлага, засаглалын систем нь тэдний амжилтанд ямар учир холбогдолтой байсныг анхааран ажиглаж, сонирхон судласаар ирсэн билээ.
Тиймээс, нэг талаас, эл дэвшүүлсэн асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх, нөгөө талаас, их сургуулийн удирдлагын албан тушаалтнуудыг томилоход эдүгээ хэрэглэж буй зохистой бус практикуудыг хэрхэн залруулах талаар өөрийн байр суурийг та бүхэнтэй хуваалцаж байна. Ингэхдээ эдгээр байдал хамгийн хурц илэрч буй МУИС-ийг жишээ болгон авч үзлээ.
Дээр дурдсан 2008 онд хэвлүүлсэн бодлогын судалгааг хийж байхад сонирхогч талууд их сургуулийн бие даасан байдлыг хангах зайлшгүй шаардлагатайг онцолж, 1) тусгай хууль тогтоомжоор төрийн өмчийн хэмээх их сургуулиудад нийтийн статус олгох, 2) их сургуулийн удирдлагыг бүхэлд нь багш нарын мэдэлд шилжүүлэх, 3) менежментийн хувьчлалаар менежментийн багт шилжүүлэх зэрэг замаар их сургуулиудын бие даасан байдлыг хангах хувилбаруудыг санал болгож байсан билээ. 
МУИС-ийн тухайн үеийн зарим нэг удирдах албан тушаалтны илэрхийлж байсан гуравдахь хувилбар хамгийн боломжгүй хувилбар болох нь ойлгомжтой байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тэр санаа өмнөх удирдлагын хамт алга болсон байна. Харин амьдралаа эрдмийн хэрэгт зориулж, их сургуультай хувь заяагаа холбосон учир өөрсдийгөө их сургуулийн эрх ашгийг хамгийн тууштай хамгаалагчид гэж үздэг МУИС-ийн багш нарын тодорхой хэсэг бүлэглэлүүд их сургуулийн удирдлагыг бүхэлд нь багш нарын мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан нь өнгөрсөн хугацаанд МУИС-ийн захиралыг томилохтой холбогдсон удаа дараагийн улс төрийн шийдлүүдийн улмаас МУИС-д ихээхэн газар авсан байна.
Үүний улмаас МУИС-д аливаа зүйлийг доороос гарсан санаачлага, ардчилал, олонхийн саналаар шийдвэрлэх хандлага давамгайлах болсон төдийгүй нөгөө талаар МУИС-ийн дунд шатны удирдлага буюу салбар сургуулийн захирал, деканууд байр сууриа хамгаалах, бэхжүүлэхийн тулд хамт олны санал хураах буюу сонгуулийн үндсэн дээр захирал, декануудыг томилдог болох санааг хүчтэй дэвшүүлж, хамгаалснаар тэнхимийн эрхлэгч, декануудыг сонгуулийн үндсэн дээр тодорхой хугацаатайгаар томилдог болсон байна. Дээрх албан тушаалтнуудыг томилоход багш нар өөрсдөө өөрсдийнхөө нэрсийг дэвшүүлэн өрсөлдөж, хамт олны санал хураалт зохион байгуулж, олонхийн саналаар томилдог байхаар шийдвэрлэсэн байна. Түүгээр ч барахгүй багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, хөхүүлэх зорилгоор шинээр байгуулж байгаа профессорын багийн ахлагчдыг ч мөн дээрх зарчимаар нэр дэвшигчийн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг хэлэлцэж, олонхийн саналаар, нээлттэйгээр сонгон шалгаруулах аж. Мөн тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийг ч, Удирдах зөвлөл дэхь багш нарын төлөөллийг ч мөн ардчилал, сонгуулийн замаар шийддэг гэдгийг дурдах хэрэгтэй.
Мөн МУИС-ийн Эрдмийн зөвлөлийг сонгуулийн журмаар байгуулхын дээр салбар сургууль бүр дээр байсан эрдмийн зөвлөлийг өргөтгөхийн хамт эдгээр зөвлөлүүдийн эрх мэдэл, дуу хоолойг мэдэгдэхүйц өргөтгөсөн байна. Эдгээр эрдмийн хамт олны шинжтэй зөвлөлүүдээс гадна Хамт олны зөвлөл хэмээх багш, ажилчдийн нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалах байгууллагыг байгуулсны дээр мөн дахиад л тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой Үйлдвэрчний эвлэл ихээхэн эрч хүчтэй үйл ажиллагаа явуулж, сургуулийн захиргаатай гэрээ байгуулж ажилдаг аж. Нөгөө талаар МУИС-ийн захиргаа нь шат шатандаа үргэлж захиргааны зөвлөлөөр ажлаа явуулж ирсэн билээ. Эдгээр бүх зөвлөлүүд нь хамт олны оролцоо, эрх ашиг, доороос гарах санал, санаачлагыг шийдвэрт тусгах явдлыг хангахад чиглэгдсэн төдийгүй үйл ажиллагаагаа ардчилалын буюу санал хурааж, олонхийн саналаар шийдэx замаар явуулдаг болно.  Энэ нь МУИС-д үндсэндээ Зөвлөлтийн эрин үеийн маягийн зөвлөлүүдийн засаглал ноёлдог болсон гэсэн хэрэг бөгөөд МУИС-ийн багш, ажилчид өөрсдийн эрх ашигаа хамгаалахын тулд маш сайтар зэвсэглэсэн гэсэн хэрэг юм.
Түүнчлэн, нэг талаас, МУИС-ийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, сургалт, судалгааны чанар, ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг эрмэлзсэн, нөгөө талаас, тухайн үеийн удирдлага, зарим албан тушаалтнуудын зүй бус гэж үзэгдсэн үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэж хууль, зүй ёсыг сахиулах үүргийг өөрсдөө өөрсддөө авсан “Багш нарын холбоо”, “Реформ” баг зэрэг бүлэглэлүүд “шүгэлдэгчийн” (whistleblower) болон “цагдан сэргийлэхийн” (vigilante) үйл ажиллагаа эрчимтэй явуулж байсан нь газар авч МУИС-ийн захирал, удирдлагыг томилох гэх мэт хэрэгт “оролцдог” тал болсон төдийгүй эдүгээ тэд МУИС-ийн удирдлага, шийдвэр гаргах төвшиний эрх мэдэлд ч очсон байна.
Энэ бүхний үр дүнд МУИС-д ардчилал, сонгууль, олонхи-зөвлөлүүдийн засаглал дэлгэрч, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, улс төржилт хурцдаж, энэ нь МУИС-ийн эрдмийн хамт олныг улс төржсөн, дайсагналцсан, туйлширсан, хэсэг бүлгүүдэд хуваагдан дайчлагдахад хүргэсэн байна.
Харин их сургуулийн бие даасан байдлыг хангахын тулд түүнд нийтийн статус олгох хувилбарын тухайд хуулийн хүрээнд ямар нэг мэдэгдэхүйц өөрчлөлт хийгдээгүй боловч эдүгээгийн яамны удирдлага, мөн улс төрийн хүрээнийхэн их сургуулийг бие даасан болгох байр суурийг баримталж буй нь Боловсролын яамны тунхаглаж буй бодлого, Улсын Их Хурлын гишүүд, сайд нарыг их сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй байхаар шийдсэн зэргээс харагдаж байна. Нөгөө талаар МУИС-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багш нарын төлөөлөлийг нэмэгдүүлсэн нь боловсролын яам, улс төрийн хүрээнийхэн ч доороос гарах санал санаачлагад найр тавих, ардчилсан зарчимыг баримтлах хандлагатай байгаа мэт.
Хэдий тийм боловч их сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилдог, захирал нь сайдын өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоо нь их сургуулийн засаглалыг намын улс төрд шууд уяж өгсөн хэвээр байгаа төдийгүй захиралуудыг томилохдоо хэрэглэж буй сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь тухайн албан тушаалын төлөө хүмүүс зөвхөн өөрөө өөрийгөө дэвшүүлэн, хөтөлбөр боловсруулан өрсөлдөхөөр зохицуулагдсан, улмаар өрсөлдөгчдийн нэрсийг нийтэд ил болгодог зэрэг нь тун зохистой бус шийдэл юм.
Их сургуулийн захирал нь тодорхой мэргэжлийн, эсвэл техникийн чадвар шаарддаг ажил биш харин олон талтай, тун цогц байгууллагыг залах лидершип, тэр тусмаа шилдэг эрдэмтдийг эгнээндээ багтаасан эрдмийн хамт олныг хөтлөн удирдах лидершип юм. Тиймээс тодорхой мэргэжлийн ажил хийлгэх мэргэжилтнийг шалгаруулан авах процедурийг хэрэглэж байгаа нь оновчтой хэрэг биш. Нөгөө талаар нэрээ дэвшүүлэгчдийг албан тушаалын төлөө илэрхий өрсөлдөх, “дайсагналцах” харилцаанд түлхэх, хэвлэл мэдээлэлийн бай болгох, их сургуулийн эрдмийн хамт олныг тэднийг дэмжсэн хэсэг бүлгүүдэд талцан хуваагдахад хүргэх, улс төржсөн, дайчлагдсан байдлыг улам бүр дэвэргэх, өрсөлдөөнд ялагдагсад нэр хүнд, ёс суртахууны хувьд мэдэгдэхүйц хохирол хүлээхүйц байдалд хүргэхээр байгаа юм. Харин яамнаас их сургуулийн захиралыг сонгон шалгаруулахдаа багш нараас санал хураадаг явдлыг зогсоосон нь тун эрүүл алхам болжээ.
Энэ бүх процедурууд буюу доороос гарсан санаачлагыг эрхэмлэх, сонгууль, сонгон шалгаруулах, нээлттэй өрсөлдүүлэх зэрэг ардчилалын зарчимууд нь их сургууль, эрдмийн хамт олон, эрдмийн хүний үндсэн төрх, мөн чанарыг тун эрүүл бус байдлаар өөрчлөгдөхөд хүргэж байна. Их сургууль эрдмийн байгууллага, хамт олон гэхээсээ улс төрийн байгууллага, нийгэмлэг, багш нар нь эрдмийн, номын, мэргэжлийн хүн гэхээсээ илүү улс төрчид, эрх мэдэл албан тушаалын төлөө санаархагчид болж хувирах хандлагатай болсон байна.
Тиймээс их сургуулийн засаглалын асуудал нь үнэн хэрэгтээ багш нараа захирал, декан, тэнхимийн эрхлэгч болон бусад албан тушаалын төлөө өөрийн нэрээ өөрөө дэвшүүлэн өрсөлдөн тэмцэлдүүлэхэд түлхдэг, тэгснээрээ эрдмийн хамт олноо талцуулан тэмцэлдүүлэхэд хүргэдэг, санал авахын тулд “хор найруулахад” хүргэдэг, ялахын тулд их сургуулийн ханыг давж улс төрийн нам, хүчин, албан тушаалтны ивээл дэмжлэгийг хайн “сүлбэлдэж” ингэснээрээ их сургууль руу намын улс төрийг татан оруулж, их сургуулийг улс төрөөс улам бүр хараат болгоход түлхдэг, улмаар ялагч нь өрсөлдөгчтэйгөө “улс төрийн тооцоо бодож хавчин гадуурхахад” хүргэдэг тогтолцоотой байх уу, үгүй юу гэдэг асуудал болж хувираад байна.
Өөрөөр хэлбэл, ардчилалын зарчимыг хэт нугалан эрдэм номын орон, мэргэжлийн хамт олны дунд ухаангүй харалганаар хэрэглэснээр их сургуулиудаа албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний талбар, улс төржсөн бүлэглэлүүдийн нийлбэр болгох уу эсвэл эрдэм, мэдлэг, чадвар, туршлага засагладаг эрдмийн байгууллага, мэргэжлийн хамт олон байлгах уу гэдэг сонголтыг хийх цаг тулгараад байна. Мэдээж эрүүл ухаантай хэн бүхэн их сургуулийг эрдэм, мэдлэг, чадвар, туршлага засагладаг байгууллага, “эрдмийн хамт олон” гэж хардаг төдийгүй мөн тийм байлгахыг ч эрхэмлэж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.
Чухам ийм учраас эл эрүүл бус байдлыг яаралтай залруулж нэг талаас улс төрөөс хараат бус, бие даасан, өөрийн хэргээ өөрөө бие даан шийдвэрлэх чадвартай их сургуулийг байгуулахуйц, нөгөө талаас эрдэм, мэдлэг, чадвар, туршлага засагласан орчин, эрдмийн хамт олныг төлөвшүүлэхүйц засаглалын тогтолцоог урлах хэрэгтэй байгаа юм.
Тийм засаглалыг хэрхэн байгуулах вэ? Өөрөө хэлбэл хэрхэн их сургуулийн бие даасан байдлыг хангаж улс төрөөс хараат бус болгох вэ? Хэрхэн их сургуулийн доторх улс төржилтийг намжаах вэ? Эл асуудлуудыг шийдэхэд та бидэнд их сургуулийн засаглалын эдүгээ оршин байгаа хамгийн шилдэг загвар болох Америкийн их сургуулиудын засаглалын систем үлгэр болно гэдэгт итгэлтэй байна. 
Америкийн их сургуулиудын засаглалын систем Америкийн соёлын хоёр том элементээс бүрэлдэн тогтсон байдаг нь нэг талаас корпорэт засаглалын соёл, нөгөө талаас сүм хийд, эрдэм номын орноос улбаатай академик меритийн засаглалын систем юм. Маш энгийнээр хэлбэл корпорэт засаглал нь илүү их эрх мэдэлтэй нь буюу дээдэх албан тушаалтан нь удаах эрх мэдэлтнээ буюу доодох албан тушаалтнаа томилож, доодох нь дээдэхийнхээ өмнө хариуцлага хүлээдэг зарчим дээр суурилдаг бол меритийн зарчим нь илүү их эрдэм чадвартай нь удаахаа эрдэм чадвараар нь шалгаж зохих шалгуурыг давбал эрдмийн зэрэг, цол шагнаж эгнээндээ элсүүлдэг, өөрөөр хэлбэл дээдэх нь доодохоо эрдэм чадварын шалгуураар дэвшүүлдэг систем билээ. Энэ хоёр тогтолцоо нь хоёулаа шаталбарт (hierarchical) (корпорэт нь эрх мэдлийн шаталбар, мерит нь эрдэм, мэдлэг, чадварын шаталбар) тогтолцоо юм.
Корпорэт засаглалын соёлоос түүний биелэл болсон удирдах зөвлөл (Board) урган гарч ирж их сургуулийг нийтийн хөрөнгийнх нь хувьд эзэмшиж, удирддаг бол эрдэм номын орных нь учир их сургуулийн эрдэм номын асуудлыг өөрөөр хэлбэл хэнийг элсүүлэх, сургах, юу заах, судлах, хэн заах, судлахтай холбогдсон асуудлыг эрдмийн, мэргэжлийн хамт олон мэддэг бөгөөд энд зөвхөн меритийн зарчим засагладаг болно. Тиймээс их сургуулийн засаглал хоёр өөр уламжлалаас, хоёр өөр эхээс урган гарч ирдэг бөгөөд их сургуулийн захиргаа (захирал, декан, тэнхимийн эрхлэгч гэсэн шатлал) нь энэ хоёрын уулзвар нь байдаг юм. Тиймээс захиргаа нь корпорэт засаглалын дээдэх нь доодохоо томилдог, доодох нь дээдэхийнхээ өмнө хариуцлага хүлээдэг зарчимыг, меритийн зарчимтай хослуулсан байдаг. Тиймээс тухайлбал их сургуулийн захирал нь энэ хоёр уламжлалыг тэнцүүхэн шингээсэн, нэг талаас корпорацийн гүйцэтгэх захирал нөгөө талаас хамгийн шилдэг эрдэмтдийн нэг байх ёстой болдог төдийгүй корпораци, эрдмийн хамт олон хоёрын эрх ашгийг тэнцвэртэй авч явж чадахуйц нэгэн байх ёстой байдаг.
Америкт нийтийн (манайхаар бол “төрийн өмчийн” гэгч) их сургуулиудыг итгэмжлэгдэгчдийн зөвлөлөөр (Board of Trustees, Board of Regents, Board of Directors) удирдуулдаг бөгөөд итгэмжлэгдэгчдийн зөвлөлөөр удирдуулдаг нь хэд хэдэн учир холбогдолтой юм.
Үзэл санааны хувьд Америкийн нийтийн их сургуулиуд нь тухайн муж улсын нийт ард түмний өмч хөрөнгө учир тухайн муж улсын ард түмэн муж улсынхаа хууль тогтоомжоор дамжуулан их сургуулиа нийтийн траст, эсвэл нийтийн корпораци байдлаар зохион байгуулж өөрсдийн итгэмжлэгдэгчдийг томилж корпорациа захируулж, их сургуулийг өөрсдийн эрх ашгийн тулд засаглуулдаг юм. Тиймээс итгэмжлэгдэгчдийн зөвлөл нь муж улсын ард түмний хөрөнгийг тэдний өмнөөс харж, хянаж, хамгаалж байдаг юм. Тиймээс их сургуулийг төр юм уу, төрийн захиргааны байгууллага бус харин ард түмний өмнөөс тэдний итгэлээ өгсөн итгэмжлэгдэгчид захирдаг юм. Чухам ийм учир их сургуулийг итгэмжлэгдэгчдийн зөвлөлд захируулдаг, тэдний хараа, хяналтанд даатгадаг байна.
Аливаа муж улсын ард түмэн их сургуулийг байгуулахдаа өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэхийн тулд байгуулдаг. Гэтэл аливаа байгууллага тухайн байгууллагадаа ажиллаж буй хүмүүстээ, тухайлбал их сургууль өөрийн багш нартаа үйлчлэх байгууллага болж хувирах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл ард түмэн их сургуулийг эрдэм номын мөр хөөсөн хэсэг хүмүүс явцуу сонирхол, зугаагаа гаргахад нь зориулж бус харин тэдний эрдэм, чадвар, чадавхийг улс орныхоо эрх ашигт илүү оновчтой хэрэглэхийн тулд байгуулсан байдаг юм. Их сургууль их сургуулийн багш нарынх биш, тэдний эрх ашигт үйлчлэх биш, харин их сургууль ард түмний өмч, тэдний эрх ашигт үйлчлэх ёстой юм. Тиймээс их сургуулиа ямагт муж улсынхаа ард түмний эрх ашигт үйлчлэх явдлыг баталгаажуулахын тулд итгэмжлэгдэгчдээрээ захируулдаг байна.
Үзэл санааны хувьд их сургуулийн аливаа үйл ажиллагаа, бодлого, шийдвэр муж улсын ард түмний нийтийн эрх ашигт нийцэж, түүнд тэгш, оновчтой үйлчилж байх учиртай тул итгэмжлэгдэгчдийн зөвлөл нь их сургуулийг улс төр, шашин, нийгмийн тодорхой анги давхраа, бизнесийн болон бусад хэсэг бүлэг, бүлэглэлийн нөлөөнд орохоос сэргийлж зөвхөн муж улсын ард түмний нийтлэг эрх ашигт үйлчлүүлэх явдлыг баталгаажуулах үүргийг хүлээдэг.  Өөрөөр хэлбэл их сургууль нь үзэл санааны хувьд нийгмийн аль нэг хэсэг бүлэгт бус нийт нийгмийн нийтийн эрх ашигт тэгш үйлчилж байх учиртай юм.
Ялангуяа аливаа ардчилсан, өрсөлдөөнт сонгуультай улс төрийн системтэй оронд намын үзэл сурталыг баримталсан улс төр маш эрчимтэй явагдаж байдаг төдийгүй, төр засгийг бүх ард түмний гэхээсээ тэдний тодорхой хэсгийн ашиг сонирхолыг төлөөлсөн улс төрийн нам хянаж байдаг. Тиймээс ардчилсан улс орон болгоны өмнө аливаа нийтийн байгууллагыг намын улс төрийн нөлөөнөөс хэрхэн ангид байлгах вэ гэдэг асуудал байнга тулгарч байдаг. Энэ нь их сургуулийн хувьд тун эмзэг асуудал бөгөөд хэрвээ их сургуулийг улс төрийн нөлөөнөөс жийрэглэхгүй бол их сургууль нь мэдлэг үйлдвэрлэдэг, түгээдэг газар учир улс төрийн аль нэг нам, үзэл суртлын индэр, “улаан булан” болж хувирах бодит аюул тулгарч байдаг. Тиймээс их сургуулийг хэсэг, бүлгийн түүний дотор улс төрийн нам, хүчний нөлөөнөөс ангид байж нийтийн эрх ашигт үйлчлүүлж байхын тулд итгэмжлэгдэгчдийн зөвлөлөөр захируулдаг байна.
Улмаар их сургуулийн үндсэн чиг үүрэг нь шинэ мэдлэг бүтээх, түгээх явдал. Шинэ мэдлэг бүтээх үйл явц нь шинэ санаа, ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, мэдлэгийн системтэй зөрчилдсөн шинэ санааг эрж хайх, мөшгиж улмаар оршин буй мэдлэгийн уламжлалыг шүүж, сорьж, асуудалд оруулж, шүүмжилж, засварлах үйл явц байдаг. Энэ нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж итгэл үнэмшил болсон үнэт зүйлс, уламжлал, зан үйл, улс төрийн байгуулал, үзэл санаа, тогтолцоог шүүнэ, сорино, шүүмжилнэ, засварлана гэсэн хэрэг юм. Хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийг сорих, шүүмжлэх нь түүнийг төлөөлж буй аливаа субьект, байгууламжид хэзээ ч таатай байдаггүй тул багш, судлаачдад байнгын эрсдлийг авчирч байдаг. Их сургууль шинэ мэдлэг үйлдвэрлэх зорилтоо биелүүлье гэвэл энэ эрсдлээс багш, судлаачид, оюутнаа хамгаалах төдийгүй харин ч багш, судлаачид нь чухамдаа ямагт шинэ санаа, шинэ сорилтийг чөлөөтэй эрж хайж, туршиж байхуйц аюулгүй орчин байх учиртай. Тиймээс их сургууль нь байгууллагын хувьд эрдмийн эрх чөлөөг хангахуйц орчин байх учиртай юм. Тиймээс итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг их сургуулийн эрдмийн эрх чөлөөг хамгаалахын тулд бусдын нөлөөнөөс ангид, бие даасан байлгахын тулд байгуулдаг юм. Энэ нь итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг байгуулахын нэг үндсэн учир юм.
Тиймээс үзэл санааны хувьд итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг тухайн муж улсын ард түмэн өөрсдийн өмчөө захиран зарцуулахын тулд, их сургуулийг их сургуулийн багш нарын эрх ашигт бус нийтийн эрх ашигт үйлчлүүлэхийн тулд, нийгмийн аль нэг хэсэг бүлэгт бус харин нийтийн эрх ашигт тэгш үйлчлүүлэх, ингэхдээ ялангуяа улс төрийн нөлөөнөөс ангид байлгахын тулд, эцэст нь их сургууль шинэ мэдлэг үйлдвэрлэх, түгээх үндсэн үүргээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой байлгахын тулд байгуулдаг байна. Иймээс итгэмжлэгдэгчдийн зөвлөл нь их сургуулийн бие даасан засаглалын институци, бие даасан байдлын биелэл юм.
Харин итгэмжлэгдэгчдийн зөвлөл дээрх үзэл санаануудыг баталгаажуулж их сургуулийн бие даасан засаглалын институци, бие даасан байдлын биелэл болж чадах эсэх нь түүнийг хэрхэн байгуулах, ямар эрх мэдэл өгөхөөс шууд шалтгаална. Жинхэнэ утгаараа аливаа байгууллагын Удирдах зөвлөл нь тухайн байгууллагын гүйцэтгэх захиралыг томилох, үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх, огцруулах эрх мэдэлтэй байж л засаглалын, эсвэл удирдлагын байгууллага байж чадна. Нөгөө талаар итгэмжлэгдэгчдийн зөвлөл нь эл эрх мэдлээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Чухам энэ хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд нь итгэмжлэгдэгчдийн зөвлөл сая их сургуулийн бие даасан байдлын биелэл, бие даасан засаглалын институци болж чадна.
Чухам энэ асуудал дээр манайд оршин байгаа тогтолцоо тун гажуудалтай байгаа тул Монголын төрийн өмчийн хэмээх их сургуулиудын Удирдах зөвлөл нь их сургуулийн бие даасан байдлын биелэл, их сургуулийн өөрийн бие даасан засаглалын институци бус харин Боловсролын яамны “нудрага” болж хувираад байгаа юм.
Хэдийгээр Боловсролын тухай хуульд 1998 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр их сургуулийн захирлыг томилох, огцруулах эрхийг Удирдах зөвлөлд олгож Удирдах зөвлөлийг жинхэнэ утгаар нь их сургуулийн өөрийн бие даасан засаглалын институци болгох зүгт тун чухал алхам хийсэн боловч харамсалтай нь байгуулсан Удирах зөвлөлөө нийтийн болгох замаар улс төрөөс хараат бус болгож түүний бие даасан байдлыг бэжжүүлж, их сургуулийн өөрийн бие даасан удирдлагын институци болгохын оронд 2002 оны нэмэлт өөрчлөлтөөр захирлыг томилох, огцруулах эрх мэдлийг боловсролын асуудал эрхэлсэн сайдад шилжүүлснээр үндсэндээ Удирдах зөвлөлийг үндсэн утгаар нь үгүйсгэсэн байна. Их сургуулийн захирлыг яамны сайд томилдог, огцруулдаг болсноор их сургуулийн бие даасан байдал үгүйсгэгдэж, их сургуулийн удирдлага улс төрөөс шууд хараат болсон байна. Энэ нь их сургуулийг өөрийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэлгүй болгожээ.
Тиймээс эл байдлыг залруулж Удирдах зөвлөлд түүний үндсэн эрх мэдэл болох их сургуулийн захирлыг томилох, огцруулах эрх мэдлийг олгохын хамт Удирдах зөвлөлийг төрийн агент, нудрага бус харин Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн өмнөөс тэдний өмч хөрөнгийг харан хамгаалж, захирдаг нийтийн итгэмжлэгдэгчдийн зөвлөл, их сургуулийн өөрийн бие даасан засаглалын институци болгон төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм. Нийтийн итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг хэрхэн байгуулдаг болохыг бид Америкийн нийтийн их сургуулиудын засаглалын хамгийн шилдэг систем болох Калифорнийн их сургуулийн итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг хэрхэн байгуулснаас үлгэр авч болох юм.
Калифорнийн их сургуулийн итгэмжлэгдэгчдийн зөвлөлийг (Board of Regents буюу Захирагчдын зөвлөл гэдэг) байгуулахдаа түүний бие даасан байдлыг тусгайлан хуульчилсан байдаг төдийгүй, гишүүдийг нь томилохдоо томилсон эрх мэдэлтнээс нь, улмаар улс төрөөс хараат бус байж нийтийн буюу нийт ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг нь хангахын тулд тун их анхаарал тавьж маш нарийн зохицуулалттай урласан байдаг.
Калифорнийн их сургуулийн Захирагчдын зөвлөл нь 26 гишүүнээс бүрэлдэх бөгөөд түүний 18 нь тус бүр 12 жилийн хугацаатайгаар томилогддог Калифорни мужийн нэр хүнд, нөлөө бүхий иргэд байдаг бөгөөд чухам тэд Захирагчдын зөвлөлийн гол цөм болдог. Эдүгээ Шерри Лансинг, Ричард Блум, Рассел Гүүд, Жорж Киеффэр нарын том коропораци, банк, санхүү, хуулийн пүүс, эмнэлэгийн захирал, боловсролын зүтгэлтэн зэрэг 18 нэр нөлөөтэй эрхэм зөвлөлийг бүрдүүлж байна.
Зөвлөлийн 7 гишүүн нь албан тушаалын гишүүн байдаг нь мужийн захирагч, дэд захирагч, хууль тогтоох хурлын спикер, муж улсын боловсролын эрхлэгч, Калифорнийн их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, их сургуулийн захирал нар болно. Мөн Захирагчдын зөвлөл нь нэгэн оюутныг 1 жилийн хугацаатайгаар гишүүнээр томилдог байна. Захирагчдын зөвлөл нь зөвхөн Калифорнийн ард түмнийг бүхэлд нь төлөөлж байх учиртай тиймээс тэд зөвхөн Калифорнийн ард түмэн гэсэн ганцхан талыг төлөөлж байдаг. Нөгөө талаар зөвлөл нь корпорацийн зөвлөл учир хэзээ ч өөр өөр тал, эрх ашгийг төлөөлсөн төлөөллийн байгууллага байх ёсгүй юм. Хэрвээ зөвлөл нь өөр өөр тал, эрх ашгийн төлөөлөл болвол энэ нь корпорацийн удирдах зөвлөл бус харин тодорхой тал, эрх ашгиудыг төлөөлсөн парламент шиг улс төрийн байгууллага болж хувирах юм.
Калифорнийн иргэдийн буюу олон нийтийн итгэмжлэгдэгчид болох 18 гишүүнийг мужийн захирагч томилдог бөгөөд томилох хүнээ сонгохын тулд тусгайлан байгуулсан Зөвлөлдөх зөвлөлтэй (Advisory Board) зөвөлдөг бөгөөд уг зөвлөл нь муж улсын хууль тогтоох хурлын спикер, спикерийн томилсон 2 иргэн, муж улсын сенатын орлогч тэргүүн, сенатын дүрмийн хорооноос томилсон 2 иргэн, Калифорнийн их сургуулийн Захирагчдын зөвлөлийн дарга, төгсөгчдийн холбооноос сонгосон нэг төгсөгч, сургуулийн оюутны холбооноос сонгосон нэг оюутан, сургуулийн багш нарын сенатаас сонгосон нэг багш нийт 10 гишүүнээс бүрэлддэг аж. Ингээд Зөвлөлдөх зөвлөлтэй зөвлөсний дараа томилох гишүүний нэрийг муж улсын сенатад өргөн барьж, хэлэлцүүлэн сенатын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан эрхэмийг томилдог байна.
Эдгээр 18 гишүүнийг томилсон захирагчаас нь, улмаар улс төрөөс хараат бусаар үүргээ биелүүлэх нөхцөлөөр бүрдүүлэхийн тулд боломжит бүх л арга хэмжээг авсан байдаг. Тухайлбал тэднийг 12 жилийн хугацаатайгаар томилдог нь юуны түрүүнд тэднийг томилсон захирагчаасаа хараат бусаар үүргээ биелүүлэх боломжтой байлгахад оршиж байгаа юм. Калифорнийн захирагчийн бүрэн эрхийн хугацаа хамгийн дээд тал нь 8 жил (4 жилээр 2 удаа) тул 12 жилийн хугацаагаар томилогдсон итгэмжлэгдэгчид томилсон захирагч нь нөлөөлөх боломж багатай нь ойлгомжтой хэрэг юм. Нөгөө талаар Калифорнийн аливаа захирагч сонгогдсон жилдээ буюу бүрэн эрхийнхээ эхний жилд ямар ч итгэмжлэгдэгчдийг томилох боломжгүй байхаар хугацааг тохируулсан байдаг.  Мөн итгэмжлэгдэгчдийг улс төр болон аливаа бүлэглэлийн нөлөөнд оруулахгүйн тулд аливаа нөлөөнд автах магадлал тун багатай институциуд болох мужийн захирагч нэрлэн, мужийн сенатын гишүүдийн олонхийн саналаар томилдог байна.
Тиймээс МУИС гэх мэт төрийн өмчийн их сургуулиудын удирдах зөвлөлийг энэ мэт жишээнээс үлгэр аван байгуулж, 2008 онд хэвлүүлсэн бодлогын зөвлөмжинд санал болгосны дагуу Удирдах зөвлөлийг институцичилж, байгууллагын зохих соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм. Эдгээр нь их сургуулиудын бие даасан байдлыг бэхжүүлэх, тэднийг улс төрөөс ангид болгох, өөрсдөө өөрсдийнхөө асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхүйц засаглалтай болгон төлөвшүүлэхэд шийдвэрлэх алхам байх болно.
Улмаар их сургуулиудыг улс төрөөс ангид болгож, үр дүнтэй засаглалыг төлөвшүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой дараагийн алхам бол их сургуулийн захиргааг байгуулахдаа дээр өгүүлсэн корпорэт бол меритийн засаглалын зарчимийг чанд хослуулан баримтлах явдал юм.
Үүний тулд их сургуулийн захирал, декан, тэнхимийн эрхлэгчдийг дээд шатных нь субьектууд томилдог, огцруулдаг, доод шатных нь субьектууд дээд шатныхаа субьектын өмнө хариуцлага хүлээдэг байхаар шийдвэрлэх хэрэгтэй. Удирдах зөвлөл их сургуулийн захиралыг, захирал нь дэд захирал болон декануудыг, деканууд нь тэнхимийн эрхлэгчдийг томилдог шатласан корпорэт засаглалын тогтолцоо, зарчимыг тууштай нэвтрүүлэх хэрэгтэй. Их сургуулийн захирал деканыг томилохоос бус тэнхимийн эрхлэгчийг томилох ёсгүй. Тэнхимийн эрхлэгчийг декан л томилох ёстой. Энэ нь эрх мэдлийг хэт төвлөрүүлэхгүйн дээр, шат шатандаа эрх мэдлийг хуваарилахын хамт, шатласан хариуцлагын тогтолцоог бий болгож байгаа хэрэг юм.
Хэн нэгэн этгээдийг албан тушаалд томилоход санаачлагыг зөвхөн томилох этгээд эдлэхээс бус эдүгээ түгээмэл хэрэглэгдэж буй өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэх, хамт олны саналыг хураах, сонгууль явуулах явдлыг бүрмөсөн халах хэрэгтэй. Энэ нь их сургуулийн эрдмийн хамт олны дунд эдүгээ газар аваад буй албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэх, улс төржих зэрэг эрүүл бус гажуудалыг таслан зогсоох төдийгүй их сургуулийн хана даван улс төрийн ивээл дэмжлэг хайх явдалыг ч мөн хазаарлах юм. Улмаар их сургуулийн дотор албан тушаал, эрх мэдлийн төлөө хөөцөлдөх явдалыг буруушаан хардаг, түүний оронд эрдэм, мэдлэг, чадварыг хөхүүлдэг, урамшуулдаг соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар, Удирдах зөвлөл нь захиралыг, захирал нь дэд захиралууд, болон декануудыг, декан нь тэнхимийн эрхлэгчдийг томилохдоо шилдэг багш, эрдэмтэдийн оролцоо, зөвлөгөөг хангасан байх хэрэгтэй. Үүний тулд шилдэг багш, эрдэмтэдийх эгнээндээ нэгтгэсэн хайгуулын хороо байгуулах, шилдэг эртэмтэд, багш, мэргэжилтэнүүдтэй зөвлөлддөг байх зэрэг соёлыг суулгах, төлөвшүүлэх хэрэгтэй юм.
Ялангуяа их сургуулийн захиралыг томилохдоо эдүгээ хэрэглэж буй сонгон шалгаруулалт хэмээх үйл ажиллагааг эрс өөрчлөх шаардлагатай. Нэгдүгээрт, зөвхөн өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэн, өрсөлддөг процедураас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хоёрдугаарт, захиралд томилогдож болзошгүйгээр хэлэцэгдэж буй эрдэмтэдийн нэрсийг хэзээ ч нийтэд илчлэх ёсгүй. Захиралд томилож болохуйц эрдэмтэдийг олж, хэлэлцэж, шүүн тунгааж, томилож байгаа субьектууд хэлэлцэгдэж буй эрдэмтдийн нэр төрийг хамгаалах, тэдний хоорондын харилцааг сэвтүүлэхгүй байх ёс суртахууны үүрэг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшэгсэд хэн болох, тэдний талаарх мэдээ, мэдээлэл, мөн шилэн шалгаруулах үйл ажиллагаа эл үйл ажиллагааг зохион байгуулахаар итгэмжлэгдсэн хүмүүсийн хүрээнээс гадагш халих ёсгүй юм.
Америкийн аливаа их сургуулиудын удирдах зөвлөлүүд сургуулийнхаа захиралыг томилохдоо тусгайлан хайгуулын хороо байгуулж хамгийн шилдэг лидерийг эрж, хайж, олох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Зарим тохиолдолд аливаа гүйцэтгэх захиралыг олж хайх талаар мэргэшсэн тусгай пүүсүүдийг хөлслөн хайгуулын хороондоо туслуулах явдал ч байдаг. Үнэндээ Америкийн аливаа корпорациудын, түүний дотор их сургуулиудын корпорэт зөвлөлийн хувьд сургуулийнхаа лидершипийг шилэн сонгохдоо зөвхөн тухайн албан тушаалд “санаархагчдын” хүрээгээр эрэл, хайгуулаа хязгаарлаж, тэдний дундаас хэн нэгнийг сонгон тавьж сургуулийнхаа хувь заяаг даатгана гэдэг нь тун ч бодлогогүй, гэнэн тэнэг хэрэг болох бизээ. Нөгөө талаар өрнөдийн их сургуулийн эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил, нэр хүндээ засаг, захиргааны ажлиас дээгүүрт үздэг төдийгүй, эрх мэдэл албан тушаалын төлөө илэрхий санаархах, хөөцөлдөх нь битгий хэл тийм санаархал цухуйлгахыг буруушаах хандлагатай байдаг тул өөрсдөө өөрсдийнхөө нэрийг дэвшүүлэх нь маш ховор тохиолдох үзэгдэл төдийгүй захиралыг томилох үйл ажиллагаанд тийм боломж тусгагдсан байх нь ч тун ховор. Тиймээс хамгийн шилдэг лидершипийг олохын тулд хайгуулийн хороо нь тун өргөн хүрээтэй, эрэл идэвхтэй эрэл хайгуулыг нухацтай зохион байгуулдаг юм.
Мэдээж их сургуулийг удирдах үйл ажиллагаа нь удирдан зохион байгуулах авьяас, чадвараас гадна их сургуулийн цогц үйл ажиллагааг бүхэлд нь сайн мэддэг, эрдэм шинжилгээ, сургалтын хэрэгт гаршсан байхыг төдийгүй, их сургуулийн шилдэг эрдэмтэд, судлаачдыг араасаа дагуулахуйц, тэдний хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц, шилдэг эрдэмтэн судлаач байхыг шаарддаг юм. Тиймээс их сургуулийн захиралыг тодруулах үйл ажиллагаа нь шилдэг эрдэмтдийн дундаас авьяас, чадвартай удирдагчийг илрүүлэх хэрэг болдог юм.
Хайгуулын хороо нь түр хороо байх бөгөөд ихэвчлэн тухайн сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, шилдэг эрдэмтэдийн төлөөлөл, оюутны төлөөллөөс бүрэлдсэн байдаг бөгөөд хороо нь өөрөө идэвхтэй, эрэл хайгуул хийж боломжит эрдэмтэдийг олж тогтоохын дээр, эрэл хайгуулаа аль болох өргөн хүрээтэй, нухацтай, зохион байгуулах үүднээс тухайн их сургуулийн багш, оюутнууд, болон олон нийтийг ч чадвартай эрдэмтдийн нэрсийг дэвшүүлэхийг урьдаг.
Хайгуулын хороо ул суурьтай хайж, шүүж, хэлэлцсэний эцэст ихэвчлэн гурван эрдэмтнийг шилж тэдний нэрсийг Удирдах зөвлөлд санал болгодог байна. Ингэснээр хайгуулын хорооны бүрэн эрх дуусах бөгөөд хайгуулын хороо нь мөн авч үзсэн хүмүүсийнхээ нэрсийг хэзээ ч илчлэх ёсгүй юм. Удирдах зөвлөл дэвшүүлсэн гурван эрдэмтэдийг хэлэлцээд тэднийг эрэмблээд хамгийн шилдэг сонголтдоо захиралын албан тушаалыг санал болгодог байна. Хэрвээ тухайн эрдэмтэн саналыг хүлээж авбал сая нийтэд зарладаг ажээ. Энэ хүртэл бүх үйл явц зөвхөн итгэмжлэгдсэн хүрээнд л явагддаг буюу нууц байдаг.
Энэ бүх арга зам нь нэгэнт туршигдсан, шалгарсан арга замууд юм. Зорилготой, тэмүүлэлтэй, чадалтай шилдэг эрдэмтдээс цэрвэн болгоомжилж, хувийн байр сууриа хамгаалахын тулд эрх ашигтаа заналхийлдэггүй, чадваргүй, сул, дорой удирдлагыг сонгох хандлагатай байдаг багш нарын сонгуулийг бодвол энэ арга зам нь чадварлаг лидерийг тодруулдаг төдийгүй, их сургуулийн эрдмийн хамт олныг эрх мэдэл, албан тушаалын төлөө улс төржүүлдэггүй зэрэг олон давуу талтай юм.
Тиймээс Монголын төрийн өмчийн хэмээх их сургуулиудыг үнэхээр улс төрөөс ангид болгож, өөрөө өөрсдийнхөө хэргийг үр дүнтэй шийдэхүйц засаглалтай болгохыг сонирхогч талууд эрхэмлэж буй бол одоогийн гажуудалыг яаравчлан засаж эрдэм номын орноос сонгууль, ардчилал, улс төрийг жийрэглэж, корпорэт болон меритийн засаглалын зарчимыг тууштай баримталсан засаглалын тогтолцоог урлах хэрэгтэй байгаа юм.


ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...