Monday, October 29, 2012

Судлаач нэртэй популистууд

Популист улс төрчийг бол харж байнаа. Бас тийм маягтай мөртлөө судлаач нэртэй хүмүүс харагдах боллоо. Судалгаа хийх гэдгийг "од" болох ажил гэж боддог, судалж буй сэдвээ гүн гүнзгий сурталчилдаг, нутаг нугадаа тахин шүтэгдэх гэдэг нэгэн бодлын "өвчтэй" хүмүүс олширч байгаа юм шиг ээ. Аль нэг сургууль эсвэл судалгааны байгууллагад ажилладаг гээд "ухаантай, эрдэмтэй" хүн биш шүү дээ. Бүх насаараа "эрдэм шинжилгээний ажил" хийчихээд хүнд ишлэгдэх нэг сайхан өгүүлэлгүй хүмүүс зөндөө л байна. Нэг л их "манай монголчууд мундаг, бид бол аймаар улсууд, манай соёл, түүх аугаа, дэлхийд хосгүй" эсвэл "бидний сайхан соёл түүх устаж дууслаа элий минь халаг минь" гэсэн хүмүүс. Бараг судалгаа болгоноо ийм үгээр, уриагаар дүгнэж төгсгөдөг моод дэлгэрээд байгаа юм биш үү.  

Ний нуугүй хэлэхэд зарим сургуулийн багш нарын лекц "Интерном"-д хамгийн сайн зарагдаж байгаа номын агуулга байсаар удаж байна шүү дээ. Барууны олон нийтэд зориулсан, хялбаршуулсан номуудыг манайхан судалгааны, эрдэм шинжилгээний гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Тэрнээсээ ч одоо сийхгүй иш татаж ярьдаг боллоо доо. 

Судалгаа хийж, хүнтэй уулзаж явсан гэдэг нь бичсэн илтгэлээ нь харагдахгүй юм, магадгүй компьютернийхаа ард сууж байгаад нэг санаа бодож олдог, тэрэнтэйгээ холбоотой мэдээллийг google.com-оос хайж олоод эвтэйхэн сайхан янзлаад өрчихдөг. Тэр нь ядаж байхад их сайндаа 7 хоногийн ажил болох нь яанаа (оролцох эрдэм шинжилгээний хурлынхаа өмнөх шөнө ч мэндэлдэг илтгэл цөөнгүй бий). Тэгээд эрдэм шинжилгээний хурлын илтгэл гараад ирж байгаа юм. Ийм маягаар шинжлэх ухааныг бид хөгжүүлж байна даа. 

Хүний хийсэн судалгааг хамтарч бичсэн гээд нэрээ хамт тавиад гаргачихдаг хүмүүс харагдаад байх юм. Бодвол залуу шингэн настай, зардал мөнгө байхгүй болохоор нь "би хэвлүүлээд өгье" гэдэг юм шиг бололтой. Залуу яах вэ дээ "за" л гэдэг бололтой. "Үгүй" гэвэл бас янз бүрээр энд тэнд хэлээд яваад байна гэж төвөгшөөдөг биз, бид ч нэрэлхүү улс даа яахуу. 

 

ДУНДАД УЛС ДАХЬ МОНГОЛ УГСАА БОЛОН ХЭЛНИЙ АСУУДАЛ

Кэмбрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг Англи хэлнээс орчуулсан: Ч.Мөнхтуул  ( Миньзу Их Сургууль, Ант...